Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 03737

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Ц-н нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: “Ц.г” ХХК-д холбогдох,

36,753,775 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.  

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Ц нь “Ц.Г” ХХКзахирал Г.Надмидцэрэнд компаний үйл ажиллагаанд мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Ц.Г” ХХКХас банк дахь 6001026400 тоот дансанд 18,450,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр мөн Хас банкны 6001026400 тоот дансанд 10,000,000 төгрөг нийт 28,450,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлдүүлсэн юм. Зээлийн гэрээ байгуулаагүй ч мөнгө шилжүүлсэн банкны баримт болон захирал Надмидцэрэнгийн өгнө удахгүй гэсэн нь дээрх мөнгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зээлсэн мөнгөний 18,000,000 төгрөгийг Д.Ц өөрийн Худалдаа хөгжлийн банкин дахь хугацаатай хадгаламжаас гарган авсан. Хэрэв уг мөнгө өнөөдрийг хүртэл банкиндаа байсан бол 6,545,735 төгрөгийн хүү бодогдох байсан.

2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зээлсэн 10,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг мөн хадгаламжаас гаргасан ба 1,758,040 төгрөгийн хүү бодогдох байсан.

Иймд зээлийн 28,450,000 төгрөг, банкинд хадгалж байсан бол бодогдох байсан хүү буюу учруулсан хохирол 8,303,775 төгрөг нийт 36,753,775 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “Ц.Г” ХХК-нд 28,450,000 төгрөг зээлүүлсэн талаарх баримт байхгүй бөгөөд дээрх 28,450,000 төгрөг нь компани өөрийн кассанд бэлэн байсан мөнгийг Д.Цаар дамжуулан компаний дансанд хийсэн болохыг дээрх гүйлгээ хийсэн баримтаас харж болохоор байна.

Иймд нэхэмжлэгчтэй ямар нэг зээлийн гэрээ хэлцэл байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч “Ц.Г” ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,450,000 төгрөг, гэрээний үүргээ зөрчсний улмаас учруулсан хохиролд 8,303,775 төгрөг, нийт 36,753,775 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... компанид мөнгөний хэрэг байна түр зээлдүүлээч гэснийх нь дагуу хоёр удаагийн гүйлгээгээр нийт  28,450,000 төгрөгийг зээлдүүлсэн тул уг зээлийн гэрээний үүргийг хангуулна” гэжээ.

Хариуцагч тал татгалзалын үндэслэлээ “... компани өөрийн кассанд байсан бэлэн мөнгийг Д.Цаар дамжуулан компаний дансанд шилжүүлсэн нэхэмжлэгчээс ямар нэг байдлаар мөнгө зээлж байгаагүй, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч тал хэргийн 7 болон 8 дахь талд авагдсан 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 18,450,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн төлбөрийн баримтуудаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон тул энэ харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан тус гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийж үзэхэд дараах үндэслэл тодорхойлогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.

Хуульд зааснаар тус гэрээний гол нөхцөлийн тохиролцоог “зээлдүүлэгч нь  зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх”, “зээлдэгч нь  шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг” харилцан үүсгэхээр тохиролцсон  байх агуулгаар зохицуулсан байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “зохигч”-ийн тайлбар хэргийн нотлох баримтад хамаарах боловч нэхэмжлэгчийн зээлийн гэрээ байгуулагдсан гэх тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй учир “зохигчдын тайлбар”-аар гэрээ байгуулагдсан эсэхийг тодорхойлох боломжгүй тул хэрэгт цугларсан бусад баримтуудад дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримтыг хариуцагчийн дансанд 28,450,000 төгрөгийг шилжүүлсэн орлогын баримт болон нэхэмжлэгчийн банкны хадгаламжийн дансын дэлгэрэнгүй баримтаар тогтоогдоно гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлсэн баримтуудын гүйлгээний утгад “касс”-с болон “касснаас орлго” гэсэн утгаар тус тус шилжүүлсэн байх бөгөөд уг баримтуудаар нэхэмжлэгч нь харицагчид 28,450,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг нотлох боловч зээлийн гэрээ байгуулахаар зээлдүүлэгч тал 28,450,000 төгрөгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн, зээлдэгч тал тухайн мөнгийг тодорхой хугацааны дараа буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн хүсэл зориг харилцан илэрхийлсэн гэдгийг тодорхойлохгүй.

Өөрөөр хэлбэл, нэг талын мөнгө шилжүүлсэн баримт нь зээлийн гэрээний гол нөхцөлийг нөгөө тал хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн, харилцан үүрэг хүлээсэн болохыг нотлох боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч банкны хадгаламжийн данснаасаа зарлагын гүйлгээ хийсэн баримтаар тус мөнгийг хариуцагчид зээлдүүлэх зорилгоор авсан гэдгийг эргэлзээгүй шууд нотлохгүй юм.

Мөнгө шилжүүлсэн буюу нэг талын хүсэл зориг бүхий баримтаар хоёр тал тохиролцсон гэж үзэх боломжгүй тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 хэсэгт “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” үндэслэлээр амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “касс”-с 18,450,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийг “касснаас орлого” гэсэн утгатайгаар шилжүүлсэн баримтуудаар талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний гол нөхцөлийг тохиролцон гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй байх тул хариуцагчаас уг мөнгийг буцаан гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэдийгээр, хариуцагч 28,450,000 төгрөгийг хүлээн авсан гэдэгтэй маргахгүй, өөрийн компаний бэлэн мөнгийг дансандаа хийлгэсэн гэх түүний тайлбар баримтаар бүрэн тогтоогдохгүй боловч энэ нь түүнийг зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлсэн байна гэж үзэх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч 28,450,000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн дагуу гаргуулна гэж тодорхойлсон тул нэхэмжлэгчийн тодорхойлсон үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч 28,450,000 төгрөгийг зээлдэгчийн хувиар бус бусад ямар үндэслэлээр эсхүл үндэслэлгүйгээр олж авсан эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Учир нь талууд зээлийн гэрээний үүргээс бусад үндэслэлээр мэтгэлцэж, нотлох үүрэг хүлээгээгүй болно.

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж шүүх дүгнэсэн тул гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой учирсан хохиролд 8,303,775 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Цы хариуцагч “Ц.Г” ХХК-иас 36,753,775 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ц.Г” ХХК-иас 36,753,775 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Цы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Цаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341,720 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ЭНХЖАРГАЛ