Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 908

 

Н.А, Б.Н, Л.А, М.А,

Д.А, Н.Б, С.Гнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Т.Оргил-Очир,

шүүгдэгч Н.Аийн өмгөөлөгч М.Х,

шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Х.О,

шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Н.Ө, Г.Б,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Д,

шүүгдэгч С.С.Г, түүний өмгөөлөгч О.Ц,

шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч Ч.Ө,

шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч К.М,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 251 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.А, Н.Б, Н.А, шүүгдэгч С.С.Г, түүний өмгөөлөгч О.Ц, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Г.Б, Н.Ө, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ч.Ө нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.А, Б.Н, Л.А, М.А, Д.А, Н.Б, С.Гнарт холбогдох 201625022453 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Та овгийн  Н.А, 1971 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хишиг арвин” ХХК-д барилгын даамал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................. тоотод оршин суух,

- Улаанбаатар хотын шүүхийн 1989 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 20 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг нутгаас зайлуулахгүйгээр 2 жилийн хорих ял шийтгэж, 1990 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Улаанбаатар хотын Октябрийн районы шүүхийн 1991 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 276 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 1992 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Нийслэлийн шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 198 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 23 жил хорих ялаар шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 400 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийг журамлан уг 3 жилийн хорих ялыг өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 23 жилийн хугацаагаар хорих ялд багтааж, биечлэн эдлэх ялыг 23 жил хорих ялаар тогтоосон,

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 144 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 3 жил хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 18 жил 12 сар 13 хоногийн хорих ялаас 18 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг бүгд 21 жилийн хорих ялаар тогтоосон,

- Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 748 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил, 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 5 жилийн хорих ял  оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд багтааж, жинхэнэ оногдуулах ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 20 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 16 жил 5 сар 16 хоног хорих ялын зарим болох 15 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 20 жил хорихоор тогтоосон,

- Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 14 жил 3 сар 26 хоногийн хорих ялаар шийтгүүлж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон,

- Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 51а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 14 жил 3 сар 26 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 жил 8 сар 9 хоногийн ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг бүгд 9 жил 9 хоногийн хорих ялаар тогтоож, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: ....................../;

2. Х овгийн  Л.А, 1987 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бэх Очир” ХХК-д хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл 4, хадам эх, эхнэр, хүүхдийн хамт ................... тоотод оршин суух,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 09 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: .............../,

3. Но овгийн Б.Н, 1986 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Чингис” ХХК-д аж ахуйн албаны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........... тоотод оршин суух,

- Нийслэлийн шүүхийн 2002 оны 4 дүгээр 22-ны өдрийн 40 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2003 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 8 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2009 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 55 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд багтааж, биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоож, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: ........................../,

            4. Б овгийн  М.А, 1988 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Визард” ХХК-д Аюулгүй байдлын албаны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..................../,

            5.  Х овгийн  Д.А, 1990 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Альфа Лайт” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт .................. тоотод оршин суух, /РД: ............./,

            6. Б овгийн Н.Б, 1991 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт .................... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......................../,

            7. Б овгийн С.Г, 1984 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт ................тоотод оршин суух,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ......................./;

- Н.А, Л.А, М.А, Н.Б, С.С.Г, Б.Н нар нь бүлэглэн, шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Элит хотхоны 12 дугаар байрны 18 тоот орон сууцанд нэвтэрч, Я.Ц, Б.Г, А.М, Ж.Н, В.Э, М.Э, Ж.П, А.Ч, П.Т, Д.Лнарыг “газар хэвт”, “бүгдийг чинь ална”, “мөнгөө гаргаж өг” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, “буу, хутга” зэрэг зэвсэг хэрэглэн, дээрх 10 хохирогчийг хүч хэрэглэн зодож, Б.Г, А.М, Ж.Н, М.Э, Ж.П, А.Ч, П.Т, Д.Лнарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан бэлэн мөнгө болон эд зүйлсийг нь дээрэмдэж, бусдад 57.496.120 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

- Л.А нь байлдааны зориулалттай галт хэрэгсэл буюу 7.62х39 мм калибртай, 11 ширхэг сумыг хууль бусаар 2015 оноос хойш 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл өөрийн гэр болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80а байрны 38 тоотод хадгалсан, 2016 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө дээрх сумнуудыг 49-20 УБӨ улсын дугаартай, “Toyota crown” загварын автомашинаар хууль бусаар тээвэрлэсэн,

- М.А, Д.А нар нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 79 дүгээр байрны 03 тоотод Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.П, төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Г, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч М.М, ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Цнарыг албан үүргээ гүйцэтгэж байх үедээ өөрсдийн албаны үнэмлэхийг ашиглан гэрт нэвтрэх үед нь гартаа 2 ширхэг заазуур, 2 ширхэг хутга тус тус барьж, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

- Н.Б нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх Монгол” ХХК-ийн хашаан дотор, 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр О.Тамирыг хутгалж буюу зэвсэг хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газар: Н.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар,

Б.Н, С.Гнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар,

Л.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

М.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар,

Д.Аын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар,

Н.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.А, Л.А нарыг бусадтай бүлэглэн зэвсэг хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулж үйлдсэн гэм буруутайд,

          М.А, Н.Б, С.С.Г, Б.Н нарыг бусадтай бүлэглэж, зэвсэг хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          М.А, Д.А нарыг бүлэглэн цагдаагийн алба хаагчийг үүргээ гүйцэтгэж байхад нь зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          Л.Аийг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          Н.Быг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

          2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар Н.Аийг 8 жилийн хугацаагаар, Л.Аийг 7 жилийн хугацаагаар тус тус хорих ялаар,

          2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар Б.Нийг 6 жилийн хугацаагаар, С.С.Гыг 6 жилийн хугацаагаар, М.Аг 6 жилийн хугацаагаар, Н.Быг 6 жилийн хугацаагаар тус тус хорих ялаар,

          2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Аийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

          2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар М.А, Д.А нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

          2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Н.Быг 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Ат 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 8 жилийн хугацаагаар хорих ялаар,

          М.Ад 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 7 жилийн хугацаагаар хорих ялаар,

          Н.Бт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 11 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Аийн 8 жилийн, Л.Аийн 7 жилийн, М.Агийн 7 жилийн, Н.Бын 11 жил 2 сарын, Б.Нийн 6 жилийн, С.С.Гын 6 жилийн хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад, Д.Аын 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон Н.Аийн 389 хоног, Б.Нийн 311 хоног, С.С.Гын 358 хоног, М.Агийн 365 хоног, Л.Аийн 365 хоног, Н.Бын 356 хоног, Д.Аын 3 хоногийг тус тус эдлэх ялын хугацаанд нь оруулан тоолох,

          2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Д.Ат мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт хураагдаж ирсэн “Вепрь” загварын буу 1 ширхэг, шаргал өнгийн гэрний хамт, магазин 1 ширхэг, байлдааны зориулалттай сум 5 ширхэг, галт зэвсгийн үнэмлэх, сумны хошуу, хонгио зэргийг Цагдаагийн Ерөнхий газарт, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бэлэн мөнгө 15.905.100 төгрөг, 851 ам.долларыг тус тус улсын орлогод оруулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус шилжүүлж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан М.Агийн эзэмшлийн 64-02 УНА улсын дугаартай, “Toyota Estima” загварын, Б.Бодьцэцэгийн эзэмшлийн 49-20 УБӨ улсын дугаартай, “Toyota crown” загварын тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолуудыг, М.Агийн ХААН банк дахь 5175008083 тоот төгрөгийн харилцах дансны захиран зарцуулах эрх хязгаарласныг, Б.Нийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байрны 103 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2205011611 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож,

          Н.А, Б.Н, С.С.Г, Л.А, М.А, Н.Б, Д.А нар нь энэ хэрэгт төлөх хохирол төлбөргүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Н.А гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би гэм буруутай учраас гэм буруугаа хүлээж, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Энэ хэргийг анх шалгаж эхлэхдээ дээрэмдэж, хүн зодсон гэдгийг тогтоохыг урьтал болгосон болохоос энэ гэмт хэрэг ямар учраас болсон гэдгийг тодруулаагүй. Нийтийн орон сууцыг олон нийтийн тоглоомын газар болгож тохижуулсан, хүмүүс байнга орж мөнгө төгрөгөө алддаг, луйвардуулдаг, хориотой газар байсан.

          Тухайн хэрэг болдог өдөр хамт хэрэг хийсэн Батбаяр гэдэг залууд байцаагч, прокурор нар санал тавьж, хэргийг нь хэрэгсэхгүй болгож, бидний эсрэг мэдүүлэг өгүүлсэн. Бүгд хэрэг болдог өдөр хамт орсон гэж ярьсан байдаг. Ингэж болсон явдлыг өөрт ашигтайгаар худлаа хэлснээс болж, тэр хүний өгсөн мэдүүлгээр шахаж байцаан, зарим нэг шүүгдэгч нарт батлан даалтад гаргаж, хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө гэж мэдүүлэг авснаас болж нотлох, гэрчлэх зүйл хангалтгүй байхад хохирогч нараар таниулах ажиллагаа хийсэн ба хэт нэг талыг барьж хэргийг шийдсэн. Энэ хэрэг болсон өдөр тоглоомын газарт 10 орчим хүн байсан байдаг. Яг үнэндээ дотор ороход 15-16 орчим хүн байсан. Энэ хүмүүс яаж яваад мөрдөн байцаалт, прокурорын шатнаас алга болсныг ойлгохгүй байгаа. Энэ бүгдийг үнэн зөвөөр шалгуулах хүсэлт гаргаснаас болж байцаагч, прокурор 2 миний эсрэг мэдүүлэг гаргуулах, миний алдаж эндэж явсан муу нэрийг минь улам тодруулах ажиллагаа хийсэн билээ.

          Хохирогч нар нь дээрэм хийсэн хүмүүс бүгд хутга, масктай байсан, надаас өөр хэнийг ч танихгүй, зүсийг нь хараагүй гэхчихээд таниулах ажиллагааны үед бүгдийг нь таньж хэлсэн байдаг. Мөн тоглоомын рулетын ширээнд мөнгө авч, чтон олгодог залуу хэрэг болоход байсан хэрнээ мөрдөн байцаалтын шатанд алга болсон. Хохирогч нар энэ бүгдийг худлаа хэлж, нууснаас болж хохирлын хэмжээ үнэн зөвөөр тогтоогдоогүй. Иймд мөрдөн байцаалтын ажиллагааг дахин хийлгүүлэх, нийтийн хэв журам зөрчсөн олон нийтийн газар үйлдэгдсэн эсэхийг давхар шалгуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл, 16.2 дугаар зүйл, 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон зүйлчлэлийг өөрчлүүлэх хүсэлтэй байна.

          Мөн миний эхнэр Болормаагийн биеийн эрүүл мэндийн байдал маш хүнд, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдарын 4 дүгээр үедээ орж, бүх эрхтэндээ нөлөөлсөн, өдөр хоногоо хүлээж байгаа зэргийг харгалзан үзнэ үү. Миний хувьд сэтгэл санааны гүн хямралтай байна. Би амьдралдаа олон удаа алдаж, эндэж байсан боловч энэ удаагийн үйлдэл эцсийнх нь болог. Би цаашид гэмт хэрэг үйлдэхгүйгээр шударгаар амьдрах болно.  ...” гэжээ.

          Шүүгдэгч Б.Н гаргасан давж заалдах гомдолдоо: “... Энэ гэмт хэрэгт миний буруу байгаа хэдий ч өөрийн биед эд хөрөнгийн ашиг сонирхолтой үйлдээгүй, хохирогч нарын хэнд ч гар хүрч гэмтэл учруулаагүй. Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон болсон явдалд туйлын ихээр харамсаж, гэмшиж байгаагаа дахин дахин хэлмээр байна. Тийм ч учраас би өөрийн биеэр гэмт хэргээ илчлэн байцаан шийтгэх ажиллагааны бүх шатанд үнэн зөв, тогтвортой мэдүүлж, ямар нэгэн хүндрэл учруулаагүй билээ.

          Мөн гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн барагдуулж, хохирогч нарын зүгээс хохирол, гомдолгүй гэдгээ илэрхийлсэн болохыг харгалзан үзэж эхнэр, бага насны хоёр хүүхдийг минь бодож, надад оногдуулсан ял шийтгэлийг ганц ч гэсэн хоногоор хөнгөрүүлж, надад дахин нэг удаа хүн шиг амьдрах боломж олгоно гэдэгт итгэж байна. ...” гэжээ.

          Шүүгдэгч Л.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би дээрмийн гэмт хэрэг гарсны маргааш өдрөөс эхлэн гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан бөгөөд өөрийн биеэр хэргээ илчилж Цагдаагийн газарт очсон билээ. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн гэмт хэргүүддээ дүгнэлт хийж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, таслан сэргийлэх арга хэмжээг огт зөрчиж байгаагүй билээ.

          Тиймээс анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнд дараах хүсэлтийг гаргаж байна.

          1. 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө болсон дээрмийн гэмт хэргийг миний бие санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, хамтран оролцогч нарын үйлдлийг хувиарласан зүйл огт байхгүй бөгөөд бусад оролцогчдын нэгэн адил Н.Аийн үгэнд орж өөрийн гэрээсээ буугаа авч, түүнийг дагаж энэхүү гэмт хэргийг үйлдэхэд оролцсон нь үнэн. Намайг энэ хэргийг зохион байгуулаагүй гэдгийг шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой тайлбарласан. Гэтэл шүүхээс намайг энэ гэмт хэргийг Н.Аийн хамт санаачилсан, удирдсан, төлөвлөсөн зохион байгуулагч мэтээр дүгнэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн эзэмшлийн бууг айлган сүрдүүлэх байдлаар ашигласан буруутай хэдий ч буутай дээрэм хийх санаачилгыг гаргаагүй. Намайг зохион байгуулагчаар шийтгэж байгаа нь надад ногдуулах ялыг хүндрүүлж байгаа учир хэргийнхээ бодит байдалд нийцүүлэн дүгнүүлэх хүсэлтэй байна.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хууль бус галт хэрэгсэл хадгалсан, тээвэрлэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлаж байна. Тухайн сумнуудыг 2015 онд “Вепрь” загварын буунд таардаг сум гэхээр нь авсан бөгөөд байлдааны зориулалттай гэдгийг мэдээгүй юм. Гэхдээ нэгэнт захаас, гар дээрээс худалдан авч, хууль бус галт хэрэгсэл хадгалж байсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, өөртөө маш ихээр дүгнэлт хийж байгаа бөгөөд хийж бүтээх залуу насандаа гэр бүлээ халамжлах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үнэт цаг хугацаагаа шоронд хоригдож өнгөрөөх болсон тул дээрх байдлыг харгалзан үзэж, энэ гэмт хэрэгт торгох ял оногдуулж өгнө үү.

          Би дээрмийн гэмт хэрэгт оролцсондоо маш ихээр харамсаж, өөрийн гэм буруугаа ухамсарлаж, хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулахад өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авч хохиролгүй болгосон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх боломжийг хэрэглэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. ...” гэв.

          Шүүгдэгч М.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, уг гэмт хэрэгт нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсны улмаас оролцсон билээ. Анх дээрмийн гэмт хэрэг үйлдэнэ гэж мэдсэн бол татгалзаж, огт оролцохгүй байх байсан. Мөн цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн хэргийн хувьд энгийн хувцастай хүмүүсийг цагдаагийн албан хаагч биш, халдлага хийх гэж байгаа хүмүүс гэж буруугаар төсөөлж андуурсан, эдгээр хэрэгт холбогдсон цагаасаа анхнаасаа бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлж, гэм хорыг ухамсарлан буруугаа хүлээж, бүх хохирлоо бүрэн төлж барагдуулан хохирогч нартайгаа биечлэн уулзаж, албан ёсоор уучлалт гуйсан билээ. Би уг хэрэгт холбогдох хүртлээ ажил хөдөлмөр эрхэлж, ариун цагаан хөдөлмөрөөрөө гэр бүлээ тэжээн, элэг бүтэн амьдарч байсан.

Миний биеийн эрүүл мэндийн байдал муу, 2008 оноос хойш бөөрний дутагдал, түүдгэнцэрийн хурц үеийн эмгэг гэсэн оноштой, өвчний улмаас 3 дугаар эмнэлгийн байнгын хяналтад байж эмчлүүлдэг байсан ба одоо хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Би хэргээ анхнаас нь үнэн зөвөөр мэдүүлж хүлээсэн, гэм буруу, хор уршгийг ухаарч гаргасан үйлдэлдээ гэмшиж хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бага насны хүүхдүүдтэй болон миний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6 дахь заалтуудад зааснаар хөнгөрүүлж, хорих ялаас багасгаж, хаалттай дэглэмийг нээлттэй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр мөрийтэй тоглоомын газар болсон өөрийн үйлдсэн гэмт үйлдэл, оролцоогоо маш сайн ухамсарлаж гэмт хэргээ хүлээж байна. Тоглоомын газар байсан хохирогч нарт хохирлоо төлөхдөө уучлалт гуйж эвлэрсэн бөгөөд өөрийн үйлдсэн гэмт үйлдлээ маш их ухамсарлан ойлгож, алдаагаа тунгаан бодож, бусдад гэм хүргэсэндээ гэмшиж байна. Тухайн үед ийм гэмт хэрэг болно гэж огт бодоогүй бөгөөд хууль зүйн мэдлэггүй, тэнэг байжээ гэж өөрийгөө дүгнэж байна. Би гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч Цагаагийн байгууллага дээр өөрийн биеэр очиж хэргээ хүлээж байсан.

Цаашид би алдсан алдаагаа ухаарч, сайтар эргэцүүлэн бодож, тохиолдох саад бэрхшээлээр амьдралаа сүйрүүлэхгүйгээр, өөрийн настай эцэг, эх, гэр бүлийнхэн болон найз нөхөд, нийгмийнхээ төлөө чадах бүхнээ хийж амьдарна гэж бодож байна.

Иймд намайг анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан үзэж итгэл хүлээлгэн, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.

Мөн миний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5 дахь заалтад заасан зүйлээр зүйлчилж болох эсэхийг шалгуулахыг хүсэж байна. Н.А нь мөнгө өгөөд тоглоомын газрыг хамтарч ажиллуулж, хувь авдаг, хүмүүст мөнгө зээлж тоглуулдаг гэж хэлж байсан. Тухайн хэрэг болдог өдөр Н.А “... ах нь эндээс мөнгө, хувиа аваадхъя” гэж хэлээд хамт орсон, түүнээс биш надад дээрэм хийе гэсэн санаа зорилго байгаагүй.

Дээрэмдэх гэмт хэргийн хувьд намайг хутга болон ямар нэгэн зэвсэг хэрэглэсэн гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, уг хэргийн хохирогч нарын хэн нь ч намайг танихгүй байхад хохирогч нарын мэдүүлгээр намайг хутгатай байсан гэсэн нь үндэслэлгүй. Мөн хохирогч нар 2017 оны 4 дүгээр сард мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хавтас хэрэгтэй танилцах үедээ бид нарын зургийг харснаар тухайн үед ямар хүмүүс байсан, ямар царай зүстэй болох талаар анх олж мэдсэн байдаг. Гэтэл ийнхүү хавтас хэрэгтэй танилцуулснаас хойш ойролцоогоор 1 сарын дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зургаар таньж олуулах ажиллагаа хийж, улмаар хохирогч Б.Г намайг таньж, хохирогчоор өгсөн мэдүүлгүүддээ үндэслэлгүйгээр миний огт хийгээгүй үйлдлүүдийг хийсэн мэтээр буруутгаж үр дагаварт хүргэсэн.

Тодруулбал, би Б.Г гэх хүний түрийвчийг авах үйлдэл огт хийгээгүй, мөн тухайн үед хутга мэс хэрэглэх, гартаа барих үйлдэл хийгээгүй. Намайг хутгатай байсан гэж нотлох ямар ч нотлох баримт байхгүй.

Гэтэл анхан шатны шүүх намайг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 буюу “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэж зүйлчилж, ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусдаар өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.

2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр О.Тамирыг хутгалсан хэргийг би үйлдээгүй, ямар нэгэн гэм буруу байхгүй болно. Шүүх хуралдаан дээр хохирогч О.Тамир намайг өөрт нь гэмтэл учруулаагүй гэдгийг өөрөө мэдүүлсэн ба үнэн зөв мэдүүлэг өгөөгүй, түүнийг согтуу байсан гэдгийг гэрч Д.Нямдорж нотолдог. Гэрч Х.Даржаа нь шоронгоос тухайн үед гарч ирээд удаагүй байсан ба намайг хутга барьсан байсан гэж худал мэдүүлдэг.

Иймд миний холбогдсон хэргийг хянаж үзээд дээрэмдэх гэмт хэрэгт холбогдох үедээ хутга мэс хэрэглээгүй болохыг тогтоож, зүйлчлэлийг хөнгөрүүлж, мөн О.Тамирыг хутгалсан хэрэгт гэм буруугүй болохыг тогтоож, уг хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Гдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би тухайн гэмт хэрэгт оролцоогүй тул зүйлчлэл болон оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэргийг үйлдээгүй, оролцоогүй гэдгээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд үнэн зөвөөр удаа дараа мэдүүлсэн.

2016 оны 10 дугаар сарын 9-ний орой найз Н.Б Төмөр замд хүрээд ир гэсний дагуу очиход Б.Н, Батбаяр гэх 2 залуу миний унаж явсан машинд сууж, харин Н.Б өөр машинд сууж, Улаан загалмайн нийгэмлэгийн ард талын орон сууцны байранд очсон. Би машинд үлдэж, бусад нь тухайн байр луу орцгоосон, би ороогүй. Н.Баас бусад хүмүүсийг би танихгүй, тэнд тоглоомын газар байсныг мэдээгүй. Хохирогч А.Мын ам зургаар намайг таньсан гэх мэдүүлэг нь миний царай зүс, биеийн өндөр болон бодит байдлаас тэс өөр байдаг, надтай биш, Батбаяртай төстэй хүнийг дүрсэлж хэлсэн байдаг. Нөхцөл байдал ийм байхад намайг хилсээр гэмт хэрэгт холбогдуулан ялласанд гомдолтой байна.

Би өндөр настай эцэг, эхийнхээ хамтаар хөдөө мал дээр амьдарч, айлын отгон хүүгийн хувьд ижий ааваа асарч тэтгэн халамжилдаг билээ. Надад 1 жил 2 сарын хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхад ээжийн маань сэтгэл санаа цочирдож, биеийн эрүүл мэндийн байдал нь муудаж, элэгний хатууралтай болсон байна.

Иймд та бүхэн шударга, энэрэнгүй хуулийн хүрээнд хэргийн үнэн зөв бодит байдлыг тогтоон, үнэн зөв шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна. Би шударга хөдөлмөрлөж амьдрахаа хуулийн өмнө амлаж байна. ...” гэв.

Шүүгдэгч С.С.Гын өмгөөлөгч О.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч С.Гнь бусадтай бүлэглэж, зэвсэг хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэх ямар нэгэн идэвхитэй үйлдэл хийгээгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар, тухайн цаг хугацаанд объектын гадаа бусдыг хүлээж, гадаа зогсож байсан, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх орон байранд нэвтэрч ороогүй, болсон үйл явдлын талаар ямар нэгэн ойлголт байхгүй байсан.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэсэн хуулийн заалтад хамаарагдахгүй юм.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно.

Мөн хуулийн 1.6 дугаар зүйлд заасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн зүйл, заалтуудыг зөрчиж, мөрдөгч мэдүүлэг авахдаа нийт яллагдагч нараас гэмт хэрэг үйлдсэн талаар өөрийгөө болон бусад яллагдагч нарыг үйлдсэн талаар нотлох үүргийг хүлээлгэж, дээрх байдлаар мэдүүлэг өгвөл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, гадуур байлгана гэх мэтээр хуурч мэхлэх арга хэрэглэсэн. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн ба прокуророос шүүгдэгч С.С.Гад хууль зөрчиж авсан яллагдагч нарын мэдүүлгийг уншиж сонсгож, шүүх дээрх нотлох баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлэн ял халдаасан нь огт үндэслэлгүй байна.

Мөрдөх ажиллагаа дуусч хавтаст хэргийн материалыг танилцуулсаны дараа тодорхой ажиллагаа явуулж, хохирогч А.Маар таньж олуулах ажиллагаа хийлгэсэн нь процессийн ажиллагааг ноцтой зөрчсөнөөс гадна хохирогч А.М нь яллагдагч С.С.Гыг өтгөн үстэй, шар булцгар залуу байсан гэж мэдүүлсэн нь бодит байдлаас зөрсөнийг нь нотлож чадаагүйгээс гаднаас “хүмүүс орж ирэх үед сандараад доошоо хараад хэвтсэн хэн орж ирснийг мэдээгүй, Н.Аийн дууг л таньсан” гэж мэдүүлснээс дүгнэж үзэхэд яллагдагч С.С.Гын гэмт хэрэг үйлдсэн байдлыг нотолж чадаагүй байхад шүүхээс дээрх нотлох баримтуудыг үнэлж ял халдаасан нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч С.Гнь гэмт хэрэг үйлдэхэд ямар нэгэн идэвхитэй үйлдэл хийгээгүй, хамтран үйлдэх санаа зорилго байгаагүй, тухайн гэмт хэрэг гарсан талаар ямар ч ойлголт мэдээлэл байхгүй байхад шүүхээс гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгдсэн гэж үнэлж дүгнэсэн нь буруу.

Харин хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаар мөрдөгч болон прокуророос мөрдөх ажилагааны явцад цугларсан нотлох баримт хэт нэг талын буюу яллах талын нотлох баримтыг цуглуулж, түүнийг шүүх мөн яллах болон хүндрүүлэх талыг барьж үнэлж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулийн зүйл, заалт зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Энэ нь шүүгдэгч С.С.Гыг бусадтай бүлэглэн оролцсон болохыг тогтоогдоогүй байхад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүхээс ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн зүйл, заалтыг зөрчжээ.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 251 дугаартай тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.С.Гын үйлдэл гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Агийн өмгөөлөгч Г.Б, Ц.Өлзийбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 251 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, нотлох баримтыг дутуу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн гэдэг үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх М.Ад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдсэн байгааг анхаарч үзээгүй нь түүнд оногдуулах ялыг ялгамжтай оногдуулах, гэм буруугийн хэлбэр, хэрэгт оролцсон оролцоо, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа, биеийн эрүүл мэндийн байдал зэргийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж дүгнэж чадаагүйгээс М.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл үүссэн байгааг анхаарч үзсэнгүй. М.Агийн үйлдэл бусдын өмчлөх эрхэнд хүч хэрэглэн дотогшоо чиглэсэн довтолгоон үйлдээгүй гэдэг нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдоогүй гэдэг нь шүүхийн мэтгэлцээн болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад шүүх анхаарч үзээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлийн 3, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэдгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл, дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хохирогчийн өмчлөх эрхийн эсрэг гэмт үйлдлийг үйлдэхдээ түүний эрүүл мэнд, амь насны эсрэг чиглэсэн довтолгооныг эхлүүлсэн байхыг шаардсан байдаг. Гэтэл энэхүү шинж М.Агийн үйлдэлд байхгүй байгаа нь ялыг ялгамжтай оногдуулах үндэслэл болж байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн байна.

Иймд М.Ад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6 дахь заалт, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус баримтлан хөнгөрүүлж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч Ч.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр:

1. Миний үйлчлүүлэгч Б.Н нь өөрийн холбогдсон гэмт хэрэг, өөрийн оролцооны талаар мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш тодорхой мэдүүлгүүдийг өгч ирсэн бөгөөд өөрийн гэм буруугаа ухамсарлаж, зүйлчлэлийн асуудал дээр маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөх тухай гомдол гаргасан боловч түүний өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй гэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байна.

Яллах дүгнэлтэд Н.А, Л.А нарыг гэмт хэргийг санаачилж, удирдан зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар, хэргийн бусад холбогдогч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зүйлчилсэн.

Өөрөөр хэлбэл, бусад холбогдогч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон байдлыг тодорхойлоогүй юм. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд "... М.А, Н.Б, С.С.Г, Б.Н нар нь гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцож, гүйцэтгэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн байна.

Гэтэл М.А, Н.Б, С.С.Г, Б.Н нарт Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолдоо "... гэмт хэрэгт хамжигчаар оролцсон" гэж заагаагүй, мөн яллах дүгнэлтэд ч хамтран оролцсон байдлыг тогтоогоогүй байхад шүүх яллах дүгнэлтийн хүрээнээс хальж “гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон" гэх дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

Мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Н.Аээс бусад холбогдогч нарын бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр авах гэсэн санаа зорилго тогтоогдоогүй бөгөөд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар халдсан гэх нөхцөл байдал миний үйлчлүүлэгч Б.Нийн хувьд тогтоогдоогүй байхад хэргийн бусад холбогдогчидтой хамтатган бусдын биед халдаж 57.496.120 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болно.

Хохирогч нар шүүгдэгч Н.А, Л.А, Н.Б, мөн прокурорын шатанд үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосон Л.Батбаяр нарт зодуулсан гэдгээ мэдүүлсэн байхад анхан шатны шүүх хохирогч нарын биед учирсан гэмтлийг холбогдогч нарын хэн нь учруулсныг нарийн тодорхой тогтоогдоогүй байхад хэргийн бүх холбогдогч нарыг хэргийн бүх хохирогч нарт хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн талаар:

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд "... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т " ... гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ." гэснийг баримтлан нэр бүхий шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох хураагдаж ирсэн 15.905.100 төгрөг, 851 ам.долларыг тус тус хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээнд тооцож улсын орлогод оруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нийт хэмжээг 57.496.120 төгрөг гэж тогтоосон бөгөөд үүнээс 7.097.400 төгрөг нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан эд зүйлийн үнэлгээ бөгөөд үлдэх 50.398.720 төгрөг нь бэлэн мөнгө гэж тодорхойлсон болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан 15.905.100 төгрөг, 851 ам.доллар нь мөнгөн дүнгээрээ гэмт хэргийн улмаас учирсан бэлэн мөнгөний хохирлоос /50.398.720 төгрөгөөс/ бага тогтоогдсон байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос илүү гарсан мөнгө гэж үзэж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1-д "Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна." гэж заасан байхад эд мөрийн баримтаар хураан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлөхөд зарцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн, холбогдогч нарын үйлдсэн гэмт хэрэгт заасан ял шийтгэлээс гадна хуульд заагаагүй санхүүгийн хариуцлага тооцож байгаа хэлбэр гэж үзэж байна.

2. Хэргийн газар 7 холбогдогч очсон бөгөөд тэдний гэмт хэрэгт хэрхэн оролцсон байдлыг тогтоох ажиллагааг тодорхой хэмжээнд хийгдсэний нэг хэлбэр нь холбогдогч Л.Батбаярын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн явдал гэж үздэг. Харин хэргийн бусад 6 холбогдогчийн санаа зорилго, үйлдэл оролцоог хэрхэн тогтоосон нь эргэлзээтэй буюу дээр бичсэнчлэн хэргийн бодит байдалд нийцээгүй юм.

Эрүүгийн эрх зүйд нэг хүний хийсэн үйлдлийг нөгөөд хамааруулан авч үздэггүй бөгөөд олон субьект оролцсон нөхцөлд субьект тус бүрийн үйлдэл, хэрэгт оролцсон нөхцөл байдлыг тодорхойлдог.

Өмгөөлөгчийн хувьд Б.Нийн үйлдлийг Эрүүгийн хуульд заасан дээрмийн гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа бөгөөд 2015 оны Эрүүгийн хуульд заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх”, 2002 оны Эрүүгийн хуульд заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь, Б.Н нь бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй үйлдэлд нэгдэх гэмт санааны хүрээнээс түүний үйлдэл халиагүй байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа юм. Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуульд байхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буруу тооцсон талаар:

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоохдоо зөвхөн хохирогч нарын мэдүүлгийг үнэлж тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-т "Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах ..., нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.", мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т "Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол дангаараа нотлох баримт болохгүй." гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Хохирогч нарын мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байдлыг авч үзэхэд хохирогч Ж.Н, Н.М.Э, А.Ч нарт бэлэн мөнгөний хохирол учраагүй болно. Харин В.Э, А.М, П.Т, Б.Г, Д.Лнарт учирсан гэх бэлэн мөнгөний нийт 50.398.720 төгрөгийн хохирол туйлын эргэлзээтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүтийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ." гэж заасныг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг холбогдогч нарын өгсөн мэдүүлгийн хүрээнд багасгах нь зүйтэй гэж үзэж байна.

Л.А, Б.Н нар нь хэргийн газраас гарсан даруй утсаар холбогдон зочид буудалд цугларан, М.Агийн хэргийн газраас авч гарсан мөнгийг тоолоход 25.000.000 орчим төгрөг, 1.000 гаруй ам.доллар байсан гэх мэдүүлгийг үндэслэн багасгах боломжтой гэж үзэж байна. Иймээс Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Аийн өмгөөлөгч М.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.А, Л.А нарыг бүлэглэж, зэвсэг хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулж үйлдсэн гэж анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийг хамтран үйлдсэн гүйцэтгэгч”,  мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бүлэглэн гүйцэтгэгч” гэж хоёр зүйл, хэсгээр миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож байна. Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэдэг гэм буруугаа миний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрөөд хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Зүйлчлэлийн хувьд Н.А гаргасан давж заалдах гомдолдоо дурдсан. Гэмт хэрэг хаана үйлдэгдсэн гэдэг асуудал эргэлзээтэй гэж боддог. Энэ гэмт хэрэг нь орон сууцанд үйлдэгдсэн учраас олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж үйлдсэн гэмт хэрэг гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх энэ талаар хүлээж аваагүй. Мөн прокурорын шатанд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Хавтас хэрэгт авагдсан Оюун гэх хүний мэдүүлэгт “их чимээ сонсогдоод хүмүүс орилолдоод байсан. Нөхөр маань сэрчихээд их шуугиантай байна гэж хэлж байсан”, гэрч Ган-Инжийн мэдүүлэгт “бүдүүн дуутай хүн яриад хүмүүсийг дарамтлаад, мөнгө хаана байна гээд орилоод байсан. Тэнд байгаа хүмүүс хутгалуулаад байгаа болтой эвгүй дуу авиа гаргаад ахаа уучлаарай, амь авраарай гэж хэлж байсан”, гэрч Энэбишийн мэдүүлэгт “хүмүүс орилолдоод шуугилдаад байсан” гэдэг. Хүнээ олж авахын тулд асар их ажиллагаа хийсэн болохоос биш энэ хэрэг юунаас эхэлж үүдсэн бэ гэдэг талаар ач холбогдол өгч шалгаагүй. Гэм буруугийн хэр хэмжээнд ял оногдуулах нь зүй ёсны хэрэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх бүрэн боломжтой байгаа учраас зүйлчлэлийг өөрчилж өгнө үү.  Гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө өөрсдөөсөө мөнгө гаргаад хохирлоо төлсөн байхад хурааж авсан мөнгийг нь буцааж өгөх ёстой. Илүү гарсан хохирол гэж улсын орлого болгож байгаа нь хууль хэрэглээний хувьд буруу гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч саяханаас ханьтай болсон боловч хүнд өвчний улмаас цагдан хоригдож байх үед нь нас барсан. Энэ байдлыг Н.Ад хэлж чадаагүй байгаа. Миний үйлчлүүлэгч удаа дараа ял шийтгүүлж байсан ч гэсэн сэтгэл зүйн хувьд гэнэн итгэмтгий бөгөөд өөрийн үйлдсэн хэргээ шудрагаар хүлээн чаддаг хүн. Тухайн зүйлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.Аийн өмгөөлөгч Х.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, чин сэтгэлээсээ гэмшин хүмүүжиж байгаагаа давж заалдах гомдолдоо илэрхийлсэн байна. Шүүхээс дээрмийн гэмт хэрэгт нь 7 жил, хууль бус галт хэрэгсэл хадгалсан гэмт хэрэгт нь 1 жилийн хорих ял оногдуулсан. Хууль бус галт хэрэгсэл хадгалсан хэрэгт гэм буруутай талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн тайлбартаа “олж авахдаа хууль бус гэдгийг мэдээгүй ч гэсэн хадгалсан үйлдэл маань хууль зөрчсөн учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэж хэлж байсан. Энэ гэмт хэрэгт торгох болон хорих ялын аль нэгийг нь сонгож оногдуулах боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн ял оногдуулах бол тус тусад нь ял эдлүүлэхээр заасан. Торгох ялыг оногдуулж, хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. Мөн дээрмийн гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн байдаг. Прокуророос зохион байгуулагч гэж зүйлчилсэн байдаг. Шүүхээс мөн адил дүгнэсэн. Гэвч ингэж дүгнэхдээ ямар үйлдлээр нь зохион байгуулагч гэж үзэж байгаа талаар нарийн дүгнээгүй. Л.А өөрийн эзэмшлийн буугаа Н.Аийн ятгалгаар гэрээсээ авсан гэдгээ илэрхийлдэг. Тухайн бууг ашигласнаараа зохион байгуулагч болж байгаа бол энэ нь өрөөсгөл ойлголт юм. Зохион байгуулагч гэж дүгнэж байгаа нь Л.Аийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа учраас үйлдсэн хэрэг, гэм бурууд нь тохирсон хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Г.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцож чадаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй учраас гомдол гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан. Миний үйлчлүүлэгч хоёр зүйлчлэлээр ял шийтгүүлсэн. Дээрэмдэх гэмт хэргийн хувьд Н.Б ямар үйлдэл оролцоотой байсан, хэнийг дээрэмдэж, хэний биед хохирол учруулсан талаар мөрдөн байцаалтын шатанд тодорхой тогтоогоогүй гэж үзэж байна. Н.Б нь дээрэмдэх гэмт хэрэгт холбогдсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг боловч зэвсэг буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, эсхүл 2 дахь хэсгээр түүнд холбогдох хэргийг зүйлчилсэн бол хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх боломж байсан. Гэрчүүд анхны мэдүүлгээрээ хэн нь ямар байдалтай, яаж дээрэм хийж байсан талаар баттай мэдэхгүй байна гэж байсан боловч таньж олуулах ажиллагааны дараа хэн хэн нь ямар зүйл дээрэмдсэн талаар ярьж эхэлсэн. Миний үйлчлүүлэгч гартаа ямар нэгэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдыг дээрэмдсэн гэх асуудал мөрдөн байцаалтын шатанд илрээгүй. Зүйлчлэлийг өөрчилж, хөнгөрүүлж өгнө үү. Тамир гэх хүнийг хутгалсан асуудалд миний үйлчлүүлэгч “би энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх хүртэл ямар нэгэн мэдүүлэг өгөхгүй” гэсэн байр суурьтай байсан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч О.Тамир нь “Н.Б намайг хутгалаагүй. Миний таньж байсан ганцхан хүн нь Н.Б байсан учраас би тэгж хэлсэн” гэж хэлсэн байдаг. Энэ хэргийн зүйлчлэлийг Н.Бт холбогдолгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч К.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Бусад өмгөөлөгч нартай санал нэг байна. ...” гэв. 

Прокурор Т.Оргил-Очир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж өгнө үү гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийн гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гэмт хэрэг үйлдэхэд  гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч нарын хэн нэгэн нь зэвсэг хэрэглээгүй гэдгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй. Шүүгдэгч Л.Аийг тухайн гэмт хэргийн зохион байгуулагч гэж үзэж, эрх зүйн байдлыг нь дордуулж байгаа талаар өмгөөлөгч нь дурдаж байна. Шүүгдэгч Н.А, Л.А нар тухайн хэрэг болсон газар руу орохоос өмнө хүнээс мөнгө авах талаар харилцан ярилцаж байсан талаар өөрсдийнх нь өгсөн мэдүүлэг болон бусад баримтаар нотлогддог. Анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, хийгдсэн ажиллагааны дагуу зохион байгуулсан, хамтран оролцсон хэлбэрийг давхар зүйлчилснийг шүүхээс үндэслэлтэй байна гэж үзсэн. Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг биш, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж байна. Шүүгдэгч нар тухайн хэрэг гарсан байранд яах гэж очсон талаар анхаарч үзэх ёстой. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хэрэг гарсан газар очсон болох нь нотлогддог. Түүнчлэн дээрэмдэх гэмт хэрэг нь давхар объекттэй. Дээрмийн гэмт хэргээр хэргийг зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч нар дээрэмдэх гэмт хэргийг санаатайгаар бүлэглэн гүйцэтгэсэн бөгөөд ингэхдээ Н.А, Л.А нар тухайн гэмт хэргийг удирдан зохион байгуулж, санаачилсан нь нотлогддог тул эдгээр хоёр шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгээр давхар зүйлчилсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар таньж олуулах ажиллагаа хэргийн материал танилцуулсны дараа хийгдсэн гэж байгаа боловч энэ нь ор үндэсгүй зүйл юм. Таньж олуулах ажиллагааг 2017 оны 4 дүгээр сарын 28, 29, 30-ны өдрүүдэд явуулсан. Харин хэргийн материалыг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 3-ны өдрийн хооронд танилцуулсан болох нь холбогдох материалаас харагдаж байгаа. Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Н.А, Б.Н, Л.А, М.А, Д.А, Н.Б, С.Гнарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн хэмжээ хязгаарын дагуу явагджээ.

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан дээрэмдэх гэмт хэргийн талаар:

Н.А, Л.А, М.А, Н.Б, С.С.Г, Б.Н нар нь бүлэглэн, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Элит хотхоны 12 дугаар байрны 18 тоот орон сууцанд нэвтэрч, Я.Ц, Б.Г, А.М, Ж.Н, В.Э, М.Э, Ж.П, А.Ч, П.Т, Д.Лнарыг “газар хэвт”, “бүгдийг чинь ална”, “мөнгөө гаргаж өг” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, “буу, хутга” зэрэг зэвсэг хэрэглэн, дээрх 10 хохирогчийг хүч хэрэглэн зодож, Б.Г, А.М, Ж.Н, М.Э, Ж.П, А.Ч, П.Т, Д.Лнарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан бэлэн мөнгө болон эд зүйлсийг нь дээрэмдэж, бусдад 57.496.120 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

хохирогч Ж.Нийн “... 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн Япон элчингийн зүүн талд байрлах  байшинд покер тоглоом тоглоод сууж байтал 00 цаг 30 минутын үед гартаа урт хошуутай буу барьсан хүн, мөн араас нь 5 хүн орж ирээд шууд бид нарыг доошоо хараад газарт хэвт гэж орилсон. Тухайн хүмүүс дунд Шош гэх хочтой залуу байсан ба гартаа урт хутга барьчихсан орж ирээд бид нарыг доошоо харуулж хэвтүүлээд мөнгө төгрөг хаана байна гэж орилсон. Шош гэх залуу нь А.Ч, Дээгий нарыг “мөнгө хаана байна, энэ хоёрыг ал” гэх мэтээр хашгираад байсан. Тэгээд доошоо хараад хэвтэж байхад миний дээрээс нэг залуу ирээд хөлөөрөө дэвсээд байсан. Миний өмдний халаасанд байсан гар утсыг авсан. Мөн өмсөж явсан бор өнгийн саравчтай малгай алга болсон байсан. ...” /2хх-134-135/,

хохирогч Ж.Пын “... 2016 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Элит” хотхоны байранд байж байтал гаднаас 5-6 үл таних хүмүүс баг өмссөн орж ирээд доошоо хэвт гэсэн. Миний харснаар нэг нь хар өнгийн буу барьсан, нөгөө хүмүүсийн зарим нь хутга барьсан байсан. Дээшээ харах гэхээр толгой руу өшиглөөд байсан. ... нэг анзаараад хартал амаа дараад цагаан өнгийн алчуур зүүсэн залуу харагдсан. Тэгтэл хэн нь мэдэгдэхгүй нэг залуу намайг хөлнөөс чирээд татахаар нь би болиоч гэхэд нөгөө залуу дээрээс нэг дэвссэнээ яваад өгсөн. Тэр залуучууд бид нарыг бүгдийг нь хөл рүү бууд, алаад өг гэж хэлээд орилоод байсан. Хажуугаар гарахдаа дэвсээд өшиглөөд байсан. Яг хэн нь өшиглөөд байгааг хараагүй. Н.А нь Дээгий, А.Ч хоёрыг мөнгөө авч ир гээд орилоод байсан. Тэгтэл А.Ч цаана чинь байгаа шүү дээ гэж хэлсэн. Тэгснээ за явцгаая гээд пижигнэлдээд гараад явсан. ...” /2хх-142-148/,

хохирогч Н.М.Эын “... Би жижиг өрөөнд нь ороод унтсан байсан. Тэгтэл нөгөө өрөөнд хүмүүсийн чанга чанга дуугарах, хэрэлдэх чимээ гарахаар нь өрөөнөөс гартал зүс үл таних 6-7 эрэгтэй хүн ирчихсэн, 3 хүн нь миний хоёр гарнаас барьж аваад хутга тулгаад “ална шүү, доошоо хэвт” гэж хэлэхээр нь хэвтэхэд тэр 3 хүн миний дээрээс дэвсэж, өшиглөөд, гараараа нүүр ам, нуруу, хүзүү гээд биеийн бүх газарт цохиж зодож эхэлсэн. Тэр байранд байсан бүх хүмүүсийг зодож цохиж, мөнгө төгрөг нэхэж байсан. Эдгээр хүмүүс бүгд хутга барьчихсан байсан. Намайг “энэ бацаанд ямар ч мөнгө байхгүй, гуйлгачин банди, боовыг нь тасла гэх зэргээр хоорондоо ярилцаад сөхөө өгөхгүй дээрээс зодож, цохиж байсан. Тэгээд тэр өрөөнд хөзөр тоглоод сууж байсан хүмүүсийг бүгдийг зодоод, эд зүйлс, мөнгө төгрөгийг нь аваад явсан. ...” /2хх-149-154/,

хохирогч Б.Гантулгын “... 2016 оны 10 дугаар сарын 9-ний орой 22 цагийн үед П.Тийн түрээслэн амьдарч байгаа байранд хөзөр тоглох гэж очоод буу халаад сууж байтал, 00 цаг өнгөрч байхад хаалга нүдэхээр нь Чинзоо хаалгаа тайлаад өгтөл урдаас нь буутай 6-7 залуу орж ирээд Чинзоог бууны бөгсөөр цохиж, толгойг нь хагалаад, буугаа цэнэглээд хөдөлвөл ална шүү гээд гарт таарсан юмаараа бид нарыг цохиод, доош нь харж хэвтүүлээд бид нарыг зодсон. Тэр дунд Шош хочтой Н.А байсан ба “тэрнийг ал, энийг ал, хутгал” гээд орилоод, толгой руу өшиглөөд, бууныхаа бөгсөөр цохиод, мөнгө чинь хаана байна, байгаа бүх юмыг нь дээрэмдэж ав гээд цүнх, түрийвч гээд авч болох бүх зүйлийг аваад явсан. ...” /2хх-155-161/,

хохирогч В.Эын “... 2016 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед 1 дүгээр эмнэлгийн урд талын 12 давхар байрны 18 тоотод покер тоглож байтал хаалга тогшсон. Дэлгэрсайханы дүү Овоохой дурангаар хараад Шош ах байна гэж хэлээд хаалга онгойлгоход өөдөөс нь 5-6 нүүрээ цагаан алчуураар боосон залуучууд дайрч орж ирээд Н.А “бүгд байрандаа, ална шүү” гэж орилсон. Нэг залуу нь гартаа автомат буу барьчихсан байсан. Биднийг доош нь харуулж хэвтүүлээд, эд зүйлсийг маань нэгжиж, дээрэмдсэн. Н.А “В.Эыг ал” гээд орилоод байсан. ...” /2хх-162-172/,

хохирогч А.Чийн “... 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Элит хотхоны 8 давхарт байрлах байранд очоод байж байтал Шош гэх залуу, баг өмссөн 7-8 залуу урт хар өнгийн буу, хутга барьцгаасан, учир зүггүй дайрч орж ирээд “гараа шилэндээ ав, хэвт” гэж орилоод шууд зодоод эхэлсэн. Намайг газар хэвттэл миний толгой руу цохиод дэвсэж байснаа мөнгөө гаргаад ир гээд хутга гаргаж ирээд, цээж рүү хутгаараа чичээд, төмсөгийг нь аваад хаячих, бандилчих гэх зэргээр хэлээд хөл, гар, бие рүү их зодсон. Миний ухаан балартаад сэртэл дахин зодоод мөнгө олоод өг гээд байхаар нь босоод хайсан. Тэгтэл бас нэг залуу намайг цохиод унагасан. Намайг Шош, Ука гэх 2 залуу цаад өрөөнд оруулаад ална гэж дарамтлаад мөнгө олж өг гээд байхаар нь би мөнгө байвал наагуур чинь байгаа гэж хэлсэн. ...” /2хх-173-184/,

хохирогч Я.Цын “... 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр “Элит” хотхоны 8 давхарт байх байранд хөзөр тоглож байтал хаалга тогших шиг болсон ба А.Ч хаалга онгойлгоход Н.А ах, 4-5 багтай хүнтэй орж ирээд “доошоо хар лаларуудаа, дээшээ харсныг чинь ална шүү” гээд бүх хүмүүсийг өшиглөж, цохиж, доош газар хэвтүүлсэн. Тэр хүмүүс буу, хутга барьсан бөгөөд бууны бөгсөөр цохиж байсан. Миний нуруу луу хэн нэг нь цохиж, өшиглөөд байсан. Тэд нар хүмүүсийн мөнгө төгрөг, гар утас, эд зүйлсийг авсан. Би халаасанд байсан 2.000.000 төгрөгөө гаргаж өгсөн. ...” /2хх-186-189/,

хохирогч Д.Лувсанцэрэнгийн “... 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улаанзагалмайн нийгэмлэгийн зүүн талд байрлах байранд хөзөр тоглоод сууж байтал гэнэт гаднаас нүүрээ далдалсан, хар хувцастай, гартаа урт буу барьсан хүмүүс орж ирээд ямар ч үгийн зөрүүгүй бууны бөгсөөр тааралдсан хүнээ цохиод бүгд доошоо хараад хэвт гэж орилсон. Шош гэх хочтой залуу их том хутга барьчихсан байсан ба гэнэт хэн нэгэн нь миний зүүн шанаа руу өшиглөөд энд тэндгүй дэвсээд доошоо хар гээд байсан тул би доошоо харж хэвтсэн. Тэгтэл нэг хүн ирээд миний халаасыг тэмтэрч үзээд цамцны зүүн халаасанд байсан 4.000.000 төгрөгийг авсан. ...” /2хх-192-194/,

хохирогч А.Мын “... 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 1 дүгээр эмнэлгийн урд талын Улаан загалмайн нийгэмлэгийн зүүн талд байрлах, улаан тоосгон байшинд очоод покер тоглосон. Гэтэл хаалга тогшиход А.Ч нээсэн ба 6-7 залуучууд орж ирээд “Доошоо хараад хэвт” гэж орилоод, бүгд гартаа хутга болон галт зэвсэг барьсан, бид нарыг зодож эхэлсэн. Тэгээд Шош хочит Н.А намайг газар хэвтсэн байхад толгойн дээр дэвсэж зодож байснаа Ж.Н, В.Э, П.Т, А.Ч, Б.Г нарыг ал гэж хамт орж ирсэн хүмүүстээ хэлсэн. Бас Н.А шууд бууд гэсэн. Надаас 20.000.000 төгрөг, “Iphone 6” загварын гар утас дээрэмдсэн. ...” /2хх-196-205/,

хохирогч П.Тийн “... 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр өөрийн түрээслэж авсан байрандаа 13 модны тоглоом тоглож байтал хаалга тогшиж, хэн онгойлгосныг мэдэхгүй гэнэт пир, пар хийх чимээ гараад баахан хүмүүс орж ирсэн. Тэр дунд Шош гэх залуу байсан. Бусдын харж амжаагүй. Бүгдийг нь алаад өг, хэвт гэж орилоод байсан. Тэр хүмүүсийн гарт буу, хутга зэрэг зүйлс байсан. Шош хутга барьсан, араас нь орж ирсэн хүн буу барьсан байсан. Тэгээд бид нарын дээрээс дэвсэж зодсон. Миний нуруун дээр гишгэж байгаад толгойны ар луу хөлөөрөө дэвсээд 2-3 удаа цохисон. Тэнд байсан хүмүүсийн бүгдийнх нь мөнгө, утас зэргийг аваад явсан. ...” /2хх-206-214/,

гэрч Б.Баяржаргалын “... 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 19 цагийн үед А.М ах над руу залгаад “манай гэрт очоод 6000 ам.доллар аваад ир, би 1 дүгээр эмнэлгийн урд айлд байна, хүнээс машин авч байгаа юм” гэхээр нь би А.М ахын Богд Ар хороололд байрлах гэрт нь очиж, эхнэрээс нь 6000 ам.доллар авсан. Тэгээд би уг мөнгийг аваад 1 дүгээр эмнэлгийн урд байрлах Улаан загалмайн нийгэмлэг гэсэн хаягтай байрны зүүн талын улаан тоосгон 12 давхар байрны гадаа аваачиж өгсөн. ...” /2хх-217/,

гэрч А.Болдбаатарын “... Би Элит хотхоны харуулаар ажилладаг ба тухайн өдөр 12/3 дугаар байрны гадаа цагдаагийн машин ирчихсэн зогсож байхаар нь цагдаа нараас “ямар дуудлагаар хэдэн, тоотод ирсэн” талаар асуухад надад тодорхой мэдээлэл өгөөгүй, “гадна талбайгаа сайн харж байгаарай” гэж хэлээд 12/3 дугаар байр руу орсон. Би манаачийн байр луугаа ортол 12/3 байрнаас 3 залуу гараад ирсэн. Тухайн гарч ирсэн 3-н залуугийн хамгийн урд талд явсан залуу нь 160-170 орчим өндөртэй, саарал өнгийн, малгайтай цамц юм уу, пальто өмссөн, хойноос гарч явсан хоёр залуу нь бараан өнгийн малгайтай цамц юм уу, куртик өмссөн байсан. Хамгийн түрүүлж гарч ирсэн залуу нь цагаан өнгийн даавуунд эд зүйлүүд боогоод барьчихсан гарч ирсэн. Ямар, ямар эд зүйлүүд байсан нь тодорхой харагдаагүй, бөөрөнхий болгочихсон байсан. Тэдгээр 3 залуу нь манаачийн байрны хажуугаар гарахад манаачийн байрны хажууд үл таних 3-4 залуу байсан ба нөгөө 3-н залуугийн араас “хөөш” гээд хойноос нь гарахад, цагаан өнгийн, “Crown” загварын автомашин хурдтай хөдлөөд явсан. Тэгтэл нөгөө 3-4 залуу орж ирээд, “энэ машинд суугаад зугтаачихлаа” гэж ярьсан. ...” /2хх-232-233/,

гэрч Б.Пүрэвбаярын ”... 2016 оны 10 дугаар сарын 10-ны орой хамгаалагч Болдсайхан “М.А ирээд ууттай, том бууг хамгаалагч нарын өрөөнд үлдээгээд явсан” гэж хэлэхээр нь би “энд буу байлгаж болохгүй” гээд, захирал Ганбатад энэ талаар хэлэхэд “найдвартай газар аваачсан нь дээр” гэж байсан. Тэгээд Ганбат захирал “би машиндаа аваад байж байя, бууны эзэд нь асуугаад ирвэл өгье” гэж хэлээд “Lexus 570” загварын, цагаан өнгийн 24-99 УНТ дугаартай машиндаа хийгээд авч явсан. ...” /2хх-242-244/,

гэрч Б.Болдсайханы “... 2016 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 03-04 цагийн үед ажлын байран дээрээ амарч байхад М.А ирэхээр нь “юу хийж яваа юм бэ” гэхэд “өө дэмий шахуу, жоохон яаруу явж байна, энэ бууг өрөөндөө оруулаад тавьчих” гээд бор шаргал өнгийн берзентэн материалан гэртэй, гитар мэт зүйл өгсөн. Би “энэ юу юм бэ” гэхэд надад хэлээгүй “оруулаад тавьчих” гэсэн. М.А тухайн үед цагаан өнгийн суудлын машинтай явж байсан. ...” /2хх-246/,

гэрч Т.Эрдэнэчулууны “... М.А нь зүс үл таних, 30 орчим насны эмэгтэй хүнээр 1.800.000 төгрөг дамжуулан 2016 оны 10 дугаар сарын 10-ны орой 19:00 цагийн үед намайг “Саппоро төвийн замын эсрэг талд байхад өгч явуулсан байсан. Энэ мөнгөнөөс 900.000 төгрөгийг нь 3 хамгаалагч залууд цалин гэж өгсөн, одоо үлдсэн 3 хамгаалагчид нь 900.000 төгрөгийг нь өгөх гээд биедээ авч явна. ... Би 2016 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал 04 цаг өнгөрч байхад М.А залгаад “та Замын цагдаагийн хажууд машингүй хүрээд ирээч” гэж хэлсэн. Намайг очиход Замын цагдаагийн газрын урд байдаг замын урд талд замын нэгдүгээр эгнээнд нэг цагаан өнгийн машин зогсож байсан. Намайг таксинаас буухад тэр машинаас нэг эмэгтэй бууж ирсэн бөгөөд М.А наад эмэгтэйтэйгээ хамт машинд суугаад явчих гэж хэлсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй замын хажууд тавьсан байсан хар өнгийн “Land 200” загварын машиныг унаад, би хажууд нь суугаад Баянгол дүүргийн шүүхийн тэнд байдаг нэг байрны зогсоолд нь машиныг тавьсан. Тэгэхэд М.А хүрч ирээд “Эрка ахаа, та энэ машины түлхүүрийг байрны жижүүрийг нь дуудаж байгаад Ландагад өгчих” гээд өгчихөөрэй гэсэн. ...” /3хх-2/,

гэрч Т.Алтансүхийн “... 2016 оны 10 дугаар сарын 11-ний орой 21:00 цагийн үед намайг гэртээ байхад манай үеэл ах Ганбат над руу залгаад “ахын дүү гараад ир” гээд дуудсан. Гараад очтол Ганбат ах надад нэг ууттай буу шиг юм өгөөд “чи энийг өнөөдөр гэртээ аваад орчих, би маргааш өдөр ирээд авъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за за” гээд уг ууттай бууг нь аваад гэртээ оруулсан. Маргааш нь унтаж байхад цагдаагийн ажилтнууд ирээд бууг хурааж авсан. ...” /3хх-6/,

гэрч Ч.Ганбатын “... 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ... Пүүгий машинд орж ирж суухдаа хайрцагтай том буу авч орж ирээд “... энэ бууг хот авч орох гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд бид 2 хотод ирэхэд “энэ бууг чи аваад явчих, машинд чинь байж байг, би маргааш авчихья” гэж хэлэхээр нь “сум байхгүй биз дээ” гэж асуучихаад бууг нь аваад явсан. Тэгээд дүү Алтансүхэд тэр хайрцагтай бууг өгөөд, “маргааш ирээд авна” гэж хэлээд үлдээсэн. ...Надад энэ бууны талаар огт юм хэлээгүй, би ч энэ бууны талаар асуугаагүй. ...” /3хх-7/,

гэрч Ц.Мөнхзулын “... 2016 оны 10 дугаар сарын 9-ний шөнийн 01 цагийн үед Дээгийгийн гар утас руу залгахад утас нь санаандгүй авагдчихсан. Тэгтэл Дээгий өөрөө юм ярихгүй, цаана нь хүмүүс дуугараад байхаар нь юу ярьж байгааг нь сонсоход “бүх халаасыг нь нэгжээд, бүх мөнгийг нь ав” гээд нэг хүн орилоод байсан. Тэгэхээр нь би утсаа таслаад ...Элит 12 дугаар байр луу өөрийн 54-12 УБӨ улсын дугаартай “Toyota Harrier” загварын автомашинтай очих гээд Улаан загалмайн нийгэмлэгийн байрны урд талаар эргээд ороход өөдөөс, урд талын дугаараа цагаан өнгийн зүйлээр халхалчихсан, хар өнгөтэй “Toyota Landcruiser 200” загварын автомашин ирж байсан. Араас нь Мөндөөк болон А.Чийн төрсөн дүү Батзориг нар гүйж байгаа харагдахаар нь би тэр машиныг гаргахгүй гээд замыг нь хааж зогсоод, машинаасаа буухад нөгөө машин ухрах шиг болоод миний машины хажуугаар дайраад гарсан. Дээгийгийн түрээслэдэг байр луу ороход цагдаа нар ирчихсэн, тэнд байсан бүх хүмүүсийн нүүр амнаас нь цус гарчихсан байдалтай байсан. Шош хочтой Н.А баг зүүсэн залуучуудтай орж ирээд бид нарыг зодчихлоо гэж ярьж байсан. ...” /3хх-9/,

гэрч А.Энхзоригийн “... 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Энхболд над руу залгаж “ахыг чинь хүмүүс зодоод байх шиг байна, хаана байна” гэхээр нь “гэртээ байна” гэсэн чинь “1 дүгээр төрөхийн урд талд байдаг, Улаан загалмайн нийгэмлэгийн өмнө хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь дүү Батзоригийн машинтай Ариунболд ах, Энхболд, Гантогтох нарын хамт очсон чинь 18 дугаар байрны гадна талд цагдаагийн машин ирчихсэн байхаар нь учрыг нь олж байгаа юм байх гэж бодоод үүдэн дээр нь машинтайгаа зогсож байсан чинь орцноос нэг хар хувцастай залуу, зүүн гартаа пальтондоо нэг зүйл боочихсон гүйж гарч ирээд, хашааны гадаа байсан “Land 200” загварын автомашины жолоочийн талаар суучихаар нь бид нар хоорондоо ярилцаж байгаад “энэ залууг бариад авъя” гээд тэр машин дээр очсон чинь машиныхаа хаалгыг дотор талаас нь түгжчихсэн. Хаалгыг нь онгойлгох гээд татахад уг машины жолоочийн талаар орж суусан залуу машины дотор талаас “буудлаа шүү” гээд буу шиг юм гаргаад ирэхээр нь бид нар хойшоо гүйлдчихсэн. ... манаачийн пүтикний доор зогсож байхад 5-6 хүн уг орцноос гүйлдэж гарч ирээд хашааны гадаа байсан цагаан өнгийн, “Crown” загварын машинд суугаад яваад өгсөн. ... манай ах А.Ч цус нөжиндөө холилдчихсон, том өрөөнд буйдангийн урд талд хэвтэж байсан. ...” /3хх-11-12/,

гэрч Б.Бодьцэцэгийн “... 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Н.Б над руу шөнийн 02 цаг өнгөрч байхад залгаад “Галаа ирсэн үү” гэж асуухаар нь би “ирээгүй” гээд байж байтал удалгүй өөрөө орж ирсэн. Н.Бын өмсөж явсан цагаан саарал өнгийн, урт загвартай пальто нь ард талдаа цусны толбо болчихсон, жаахан архи үнэртүүлчихсэн байсан болохоор нь би “яасан, юу болсон юм бэ” гэхэд “нэг хужаатай муудалцсан” гээд яг аль кармаанаас гаргаж ирсэнийг бүү мэд, боодолтой 20.000, ойролцоогоор 10.000.000 гаруй төгрөгийг гаргаж ирээд, гал тогооны өрөөнөөс очиж уутанд тэр мөнгөө хийгээд үлдээчихээд гарсан. Мөн халааснаасаа “Nokia” загварын жижгэвтэр товчлууртай гар утас, тамхи, асаагуур гаргаж ирчихээд унталгүйгээр, буцаад гараад явахаар нь би “хаачих гэж байгаа юм” гэхэд би “ойрхон гарчихаад ирье” гэсэн. Тэгтэл удалгүй Н.Бтай зөрөөд Галаа орж ирээд, араас нь Билгээ орж ирсэн. Тэгээд тэр хоёр жижиг өрөөнд ороод хаалгаа хаагаад юм яриад байсан. Удалгүй Билгээ ганцаараа гараад явсан, Галаа жижиг өрөөнд унтсан. ... Өглөө нь Галаа явахдаа Н.Бын хүнээс авсан мөнгийг өгөөрэй, Сувдаагийн утасны төлбөр ойр зууртаа хэрэглээрэй гээд 700.000 төгрөг өгсөн. ...” /3хх-20-21/,

гэрч Б.Сувд-Эрдэнийн “... Бодьцэцэг бид хоёр унтаж байтал шөнө 02 цагийн үед хонх дуугараад Бодьцэцэг босч хаалга онгойлгоход Н.Б орж ирсэн ба тэр хоёр жижиг өрөөнд орчихоод удалгүй Н.Б гараад явсан. Тэгснээ нээх удалгүй Н.Б орж ирээд “Галаа ирсэн үү” гэж Бодьцэцэгээс асуучихаад гараад явсан. Тэгсэн удалгүй Галаа манайд орж ирээд жижиг өрөө рүү орсон. Тухайн үед Бодьцэцэг “Н.Б их хэмжээний мөнгөтэй явж байна” гэж хэлсэн. Маргааш өглөө нь Бодьцэцэг “Галаа надад мөнгө өгсөн, Н.Б надад өгөөрэй гээд мөнгө өгчихөөд явлаа” гэсэн. Тэгэхээр нь би “хэдэн төгрөг өгсөн юм бэ” гэж асуухад “700.000 гаруй төгрөг өгсөн” гэсэн. ...” /3хх-26-27/,

гэрч Г.Мөнхцэцэгийн “... 2016 оны 10 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед гэртээ байж байтал Галаа ах надруу залгаад “гараад ир” гэсэн, намайг гарахад “хоёулаа 1 дүгээр хорооллын нэг газар луу хамт явчихаад ирье, ах нь тэндээс мөнгө аваад чамд хадгалуулъя гэж хэлсэн. Тэгээд би Галаа ахтай хамт явахад 1 дүгээр хорооллын 32-ын ар талын замаар яваад хойшоо гэр хороолол руу өгсөөд явж байгаад нэг мухар гудамж руу орж зогсоод нэг хашаа руу орсон. Удалгүй Галаа ах гарч ирээд, манайх руу явж байгаад 100 ам.долларын дэвсгэртээр 8 ширхэг, нийт 800 ам.доллар, 20.000 төгрөгийн дэвсгэрт, 10,000 төгрөгийн дэвсгэрт нийлсэн, нийт 2.000.000 төгрөгийг надад өгч хадгалуулсан. ...” /3хх-29-32/,

гэрч Б.Одмаагийн “...2016 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад М.А залгаад “Дүнжингарав худалдааны төв дээрээс ирээд аваач” гэхээр нь би 60-19 УБҮ улсын дугаартай, цагаан өнгийн “Toyota Prius 20” загварын автомашинтай очиход М.А ганцаараа зогсож байсан. М.Агийн хар өнгийн цамц нь хүзүүнийхээ оёдолоор урагдчихсан байдалтай байхаар нь “хувцас чинь яагаад урагдчихсан юм бэ, юу болсон юм” гэж асуухад М.А “нэг тоглоомын газар луу ороод ийм юм болчихлоо, тэгж байгаад ярья” гэж хэлээд “Төмөр зам руу явья” гэхээр нь “Эргэн дурсахуй” баарны хойд талын “Батхаан” зочид буудлын гадаа очиж зогсоход, намайг “машиндаа сууж бай, би орчихоод гараад ирье” гэж хэлээд уг буудал руу ганцаараа орсон. Тэгээд буудлаас 40 орчим насны биеэрхүү, хар өнгийн пальто өмссөн танихгүй хүнтэй гарч ирээд, машинд суугаад М.А “энэ хүнийг гэрт нь хүргэж өгье” гэхэд нөгөө залуу “19 рүү яв” гэсэн. Нөгөө танихгүй залуу М.А бид хоёрыг “машиндаа сууж бай, би гэртээ орчихоод гараад ирье” гэж хэлээд 30 гаруй минутын дараа гарч машинд суугаад, “21 дүгээр хороололд айлд очино” гэж хэлээд бид 3 явж, хуучны, саарал 5 давхар байрны гадаа очиход нөгөө залуу М.Аг “чи энэ орцны 5 давхарт гараад хаалгыг тогшоод үз” гэж хэлээд буулгасан ба М.А машинаас гарч яваад удалгүй буцаж ирээд “зааж өгсөн хаалгыг нь олсонгүй” гэж хэлэхэд, нөгөө залуу “хамт явья” гээд хороолол руу 1000 нэрийн барааны дэлгүүрийн эсрэг талд зам дээр бууя гээд нөгөө танихгүй хүнийг буулгасан. Тэгтэл М.А нэг эрэгтэй хүнтэй ярьж байснаа “циркийн тийшээ явья” гэж хэлэхээр циркийн баруун талын хүнсний захын гадаа очиход намайг “машиндаа сууж бай” гэж хэлээд, өөрөө машинаас буусан. Жижиг суудлын, хар өнгийн машинтай, найзууд нь бололтой 2-3 залуу зогсож байхад нь М.А очоод юм яриад зогсоод байсан. Тэр машины тээшнээс миний машины тээш рүү цүнхнүүд хийгээд байх шиг байсан, би машинаас буугаагүй болохоор ямар эд зүйл хийснийг сайн анзаарч хараагүй. М.А машинд суугаад “Замын цагдаагийн тийшээ яв” гэж хэлэхээр нь Замын цагдаагийн баруун талын шатахуун түгээх станцын хажуу талын зогсоол руу орж зогсоход, М.А  машинаас бууж зогсоол дээр зогсож байсан хар өнгийн “Land 200” загварын автомашиныг онгойлгоод, уг машинаас өөрийнхөө куртикийг миний машинд хийгээд,  дахиад ямар эд зүйлүүд байсныг мэдэхгүй, миний машины тээш рүү эд зүйлүүд хийгээд байсан. Тэгээд Өлзийт хороолол руу “Кемп” рүү явья гээд, бид хоёр тийшээ явж очиход М.А машины тээшнээс ногоон шаргал өнгийн гитарны гадна гэр шиг хэлбэртэй урт зүйл аваад явж байхад цаанаас М.Агийн найз Болдсайхан гарч ирээд нөгөө барьж явсан цүнхтэй зүйлээ өгөөд, буцаад машиндаа суусан. Болдсайхан тухайн үед намайг М.Атэй хамт явж байсныг мэдээгүй байх, М.А бид хоёр тэндээсээ хөдлөөд, хэр явсныг сайн санахгүй байна, М.А машинаас буугаад тээш онгойлгоод хар өнгийн цүнх 1 ширхэг, бараан өнгийн 2 цүнх, нийтдээ 3 цүнх машин руу оруулж, доторх эд зүйлүүдийг үзэхэд нэг бараан өнгийн цүнхэнд эмнэлгийн шинжилгээний бичиг баримтууд, нэг цүнхэн дотор хар саарал өнгийн түрийвч, дотор нь бичиг баримтууд, мөн түлхүүрүүд байсан, мөнгө төгрөг байгаагүй. Өөр нэг цүнхэн дотор нь ямар эд зүйл байсныг санахгүй байна. М.А тэр 3 цүнхийг үзсэнийхээ дараа бүгдийг нь машины цонхоор гаргаад хаячихсан. ...Тэгээд тэндээсээ хөдлөөд замын цагдаагийн баруун талд нөгөө хар өнгийн “Land 200” загварын авто машин дээр ирсэн. Энэ үед М.А хамт ажилладаг Эрка ахыгаа тэнд дуудчихсан байсан. М.А “ахын машиныг гэрийнх нь гадаа хүргэмээр байна” гэж хэлээд М.А намайг “машиныг бариад яв” гэж хэлэхээр нь би уг авто машиныг жолоодоод Төмөр замын арктай шар байрны зүүн талын байрны зогсоол дээр аваачиж тавьсан.

Тухайн үед миний хажууд Эрка гэх ах нь сууж явсан. М.А “Land 200” загварын машины түлхүүрийг орцны жижүүрт нь оруулаад өгчих гэж Эрка ахдаа хэлж өгөөд оруулсан ба удалгүй гарч ирэхээр нь Сансарын шатахуун түгээх газар Эрка ахыг нь машин дээр нь хүргэж өгөхөд М.А, Эрка ахтайгаа хамт яваад, намайг харьж амар гээд би гэртээ харьж унтаж амарсан. Өдөр унтаж босоод машиныхаа тээшийг үзэхэд М.Агийн оруулж тавьсан эд зүйлүүдээс нэг ч эд зүйл үлдээгүй байсан.

...Маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 10 цаг өнгөрч байхад М.А над руу яриад машины голын хайрцаг дотор 1.800.000 төгрөг байгаа, түүнийг Эрка ахад “ажилчдын цалин гэж хоёр хувааж өгөөрэй” гэж хэлсэн. Орой ажил тараад 20 цаг өнгөрч байхад Гурвалжингийн гүүрний ойролцоо мөнгийг аваачиж өгөхөд Эрка гэдэг ах нь “Амараагийн цүнх, чамд өгчихөөрэй гэж хэлсэн” гэхээр нь би аваад машиндаа хийсэн. Цүнхэн дотор М.Агийн бор өнгийн цүнх, хувцаснууд нь байсан. ... М.Аг хэзээ миний машины голын хайрцганд мөнгө хийснийг мэдэхгүй. Би М.Агээс мөнгө төгрөг аваагүй. ...” /3хх-55-57/,

гэрч Х.Лхагвадоржийн “... Би өдрийг нь сайн санахгүй байна. Н.Б надтай утсаар ярьж байгаад, Баянхошууны Хөтөлийн тэнд ирж уулзаад 7.500.000 төгрөг өгөөд, “энэ мөнгө чамд байж байг, надад хэрэг болохоор нь би өөрөө ирж авна” гэсэн. Н.Бын өгсөн мөнгө нь 10.000-тын дэвсгэрт 4 боодол буюу 4.000.000, 20.000-тын дэвсгэрт 1 боодол, 75 ширхэг буюу 3.500.000 төгрөг, нийт 7.500.000 төгрөг байсан. Би Н.Баас ямар учиртай мөнгө болох, яагаад надад хадгалуулж байгаа талаар нь асуугаагүй. Учир нь тэр мөрийтэй тоглоод мөнгө хожсон үедээ ганц, хоёр удаа надад мөнгө хадгалуулчихаад эргүүлээд авч байсан юм. ...” /3хх-76/,

гэрч Ч.Ган-Инжийн “...2016 оны 10 дугаар сарын 9-ний орой 23 цаг өнгөрч байхад намайг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Элит” хотхоны 12-3-20 тоотод гэртээ байж байхад манай өрөөнд хүмүүсийн хашгирах, орилох чимээ гарч, нэг бүдүүн хоолойтой хүн ганцаараа яриад, хүмүүсийг дарамтлаад “мөнгө хаана байна” гээд орилоод байсан ба тэнд байгаа хүмүүс нь хутгалуулж байгаа бололтой эвгүй дуу авиа гаргаад “ах аа уучлаарай, амь авраач” гэж ярьж байгаа нь сонсогдсон. ...” / 3хх-81-82/,

гэрч Л.Эрбишийн “... 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр цагдаагийн дэслэгч Э.Сүлдбаярын хамт Сүхбаатар дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Элит” хотхоны 8 давхарт дугаарыг нь санахгүй байна, “агсан тавиад, зодоон болоод байна” гэсэн дуудлага өгсний дагуу эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Сүлдбаярын хамт хөдөлгөөнт эргүүлийн автомашинтайгаа “Элит” хотхон руу ороод зогстол цагаан өнгийн, “Crown” загварын автомашин дотор хүмүүс сууж байхаар нь шалгахаар очиход жолооны ард сууж байсан залуу нь “манай найзын эхнэр нь төрөөд яаралтай эмнэлэг явах гэсэн юм аа” гэж хэлэхээр нь бичиг баримтыг нь үзэж шалгаагүй. Сүлдбаяр бид хоёр орц руу ороход зөрөөд 165-170 см орчим өндөртэй махлагдуу хоёр залуу зөрөөд гарсан ба лифтээр 8 давхарт гараад дуудлага өгсөн айлын хаалгыг тогшиход, настай эрэгтэй хаалгаа онгойлгоод “манай дээд айлд зодоон болоод байх шиг байна, түрүүнээс хойш пижигнээд унтаж амраахгүй байна” гэж хэлсэн. Сүлдбаяр бид хоёр дээд давхар луу шалгаад хаалгыг нь тогшиход дотроос нь нэг хүн онгойлгоод “цаана чинь буутай хүмүүс байгаа хурдан ор” гэж хэлээд бид хоёрыг оруулаад хаалгаа дотроос нь хааж цоожилсон. Сүлдбаяр бид хоёрыг ороход зодоон болсон байдалтай үүд, өрөөнүүдийн шал нь цус болчихсон, 6-7 орчим хүн байхаар нь Тамир-10 руу нөхцөл байдлыг танилцуулж, бүрэлдэхүүн дуудсан. Нэг хүний толгойноос цус гараад байхаар нь 103 руу дуудлага өгөөд, 2 хүн 103 явсан. ...” /3хх-83/,

гэрч Э.Сүлдбаяр “... Эрбишийн хамт хөдөлгөөнт эргүүлийн авто машинтай “Элит” хотхон руу ороход байрны араас буюу харанхуйгаас үл таних 3-4 залуу гүйлдээд, цагаан өнгийн “Crown” загварын авто машин руу орж суухаар нь би цагдаа Эрбишийн хамт очоод “юу болсон талаар асууж, бичиг баримтыг нь шалгуул”  гэхэд машин руу гүйж орсон үл таних залуучуудын нэгнийх нь эхнэр нь төрөөд, эмнэлэг рүү явах гээд гүйлдсэн гэж хэлэхээр нь Эрбиш бид хоёр машиных нь бичиг баримтыг шалгаагүй явуулсан.

Тухайн үед Эрбиш бид хоёр зодоон хийсэн хүмүүс тухайн байрнаас зугтааж байна гэж бодоод цагаан өнгийн “Crown” загварын машин дээр оччихоод дуудлагаа шалгахаар “Элит” хотхоны орц руу ороход, хаалгаар үл таних хоёр залуу гарч байсан, гартаа янз бүрийн эд зүйл барьсан байсан эсэхийг сайн анзаарч хараагүй. Эрбиш бид хоёр зөрж ороод, лифтээр 8 давхарт гараад, дуудлага өгсөн айлын хаалгыг тогшиход нэг эрэгтэй хүн хаалга онгойлгохоор нь дуудлага өгсөн юм уу гэж асуухад “манай дээд айл гэлүү, доод айл гэлүү зодоон болоод байна” гэж хэлэхээр нь дээд давхарт гарч шалгаад хаалгыг нь тогшиход хаалга онгойлгохоор яваад ортол хүмүүс шалаар хэвтчихсэн, энд тэндгүй цус нөж болчихсон байдалтай байсан ба дээрэм хийсэн хүмүүс буутай байгаа гээд нилээн айж цочирдсон байдалтай, хаалгаа дотроос нь цоожлоод Эрбиш бид хоёрыг гаргахгүй байхаар нь Тамир-10-т мэдэгдсэн. Тухайн үед харанхуй байсан болохоор тэдгээр залуучуудын нүүр царай, хувцсыг анзаарч хараагүй. “Crown” загварын машинд 2 залуу суучихсан, хоёр залуу хажууд нь зогсож байсан. ...” /3хх-84/, 

Н.Ариунгэрлийн яллагдагчаар өгсөн “... Баяраа хэдэн дүүгээрээ энэ хэдийг айлгаж байгаад миний алдсан мөнгийг аваад өгөөч гэсэн. ...Тэндээс гараад эхнэртэйгээ уулзчихаад “Irish” пабад очиход Ландага Ё.Б, М.А, Б.Н, Н.Б, С.Гнар хоол идээд сууж байсан. Тэгээд гараад “Эргэн дурсахуй” бааранд орсон ба Ландага, М.А бид 3 сууж байхад Ука, Билгээ, Насаа 3 ороод ирчихсэн байсан. ...23 цагийн үед парк Баяраа залгаад “нөгөөх чинь юу болж байна” гэхээр нь “тэгж байгаад яръя” гэхэд “хурдлахыг бодоорой” гэсэн. Тэгээд ариун цэврийн өрөө явж утсаар ярьж дуусчихаад ширээн дээр ирэхэд Ука ганцаараа сууж байхаар нь Парк Баяраа мөрийтэй тоглоод 20.000.000 гаруй төгрөг алдсан, манай хуурай дүү Я.Ц 10.000.000 гаруй төгрөг алдсан. Тэр мөнгийг нь эргүүлээд аваад өгчихмөөр байна гэж Укаад хэлэхэд Укаа “ахаа би аваад өгчихье л дөө, тэрэнд ядаад байх юу байхав, зүгээр аваад өгчихнө шүү дээ” гэсэн. ...” /4хх- 247-248/,

 

Л.Аийн яллагдагчаар өгсөн “... Бид нар баарнаас гараад Ландага ахын машинд сууж байхад Шош ах “... надаас мөнгө зээлсэн хүн хугацаа нь болчихоод байхад өгөхгүй байна, одоо тоглоомын газар байгаа юм шиг байна. Тэр газар луу нь хамт очоод миний авах ёстой мөнгийг авъя гэсэн.” ... Ландага ахын гэрийн гаднаас хөдлөөд бид нар Улаанзагалмайн тэнд байдаг байрны гадаа Шош ах тэр газрыг зааж өгөөд очиж зогссон. Байрны гадаа очиход Шош ах энд 2 хамгаалагч байгаа, мөн тоглож байгаа олон хүмүүс байгаа, эрүүгийн хулгайч нар ч байгаа. Тэгэхээр маргаан болж магадгүй, бүгдээрээ хамт оръё гэсэн. Тэр байрны гадаа очихоос өмнө би гэрээрээ дайраад өөрийн Вепрь загварын бууг аваад цагаан “Crown” загварын машиныхаа сандлын арын тавиур дээр тавьсан. ...Улаанзагалмайн тэндэх байр руу орохын өмнө Ландага ахын машинд байсан 2 хутгыг, мөн бууг аваад орохоор болсон. Бууг лав би өөрийн пальтоны энгэрт хийгээд орсон. ...Уг байр руу ороод 8 давхарт гарахад Шош ах та нар лифтний хонгилд зогсож бай гэхээр нь хүлээж байхад Шош ах нэг хаалга тогшоод оръё гээд түрүүлээд орохоор нь Насаа, Билгээ, М.А, Галаа, Баагий бид 6 араас нь орсон. Ингэхдээ би Шош ахын араас орсон, миний ард Билгээ, Насаа 2 байх шиг байсан. ...Шош ах хаалга тогшиход, А.Ч онгойлгосон бөгөөд Шош ах А.Чийг цохиж унагаад нэг нэр хэлээд тэр хаана байна гэж асуусан. Тэгтэл А.Ч тэр байхгүй гэж хэлтэл Шош ах А.Чийг дахиж цохиод чи надад мөнгө өгдөггүй бил үү гэсэн. Тухайн үед уг байрны гал тогооны текний хажууд 5 хүн, том өрөөнд 4-5 хүн байсан ба Шош ах “Ука наадуулаа битгий хөдөлгө, доошоо суулга” гэсэн. Тэгэхээр нь би “доошоо сууцгаа, хөдөлж болохгүй” гэж команд өгөхөд ихэнх нь доошоо суусан. Тэгэхэд Б.Г “Шош оо боль л доо” гэхэд Ука наадахаа ав, холдуул гэхээр нь би Гантулгыг холд гээд бууны бөгсөөр дал руу нь цохисон. Шош ах А.Чоос мөнгө нэхээд зодоод байхад хар фудболктой залуу Чинзоо зүгээр мөнгөө өгчихөө гэснээ мөнгө тэнд байгаа гээд гал тогооны шүүгээ заасан. Тэгснээ гал тогооны шүүгээ өөрөө онгойлгож өгөхөд дотор нь боодолтой 20.000 төгрөгийн дэвсгэртүүд өрөөд тавьчихсан байсан. Тэгээд тэр байранд байсан хар цүнхийг аваад шүүгээнд байсан мөнгөнүүдийг хийсэн ба хэн мөнгийг цүнхэнд хийснийг санахгүй байна. ...би байдал эвгүйтлээ гэж бодоод өөрийн пальтондоо буугаа боогоод М.Ад өгөөд энийг аваад гарч бай гэсэн. Тэгээд байж байхад буйдангийн цагаан бүтээлэг дээр хүмүүсийн утас, цүнх, хэтэвч овоолчихсон байхаар нь энүүгээр яах гэж байгаа юм гэхэд цагдаа дуудчихвал яах юм бэ аваад гарчихъя гэж нэг нь хэлсэн. М.Аг гарахаас өмнө Шош ах парк Баярааг битгий зодоорой гэхээр нь би М.Ад хэлээд М.А Баярааг буйдангийн араар нуусан. ...тэгээд би эхлээд гарцгаая гэж хэлээд хамтдаа гарцгаасан ба Билгээ, Шош ах бид 3 лифтээр, Баагий, Насаа, Галаа 3 шатаар буусан. Бид 3 гараад ирсэн чинь “Crown, Land” машин байхгүй, явчихсан байсан. Тэгээд бид 3 нэгдүгээр эмнэлгийн тийшээ алхаад “Platinum” буудлын хашаанд ороод би такси дуудаад ирэхээр нь манай гэрийн гадаа очсон. ...Батхаан буудалд ороход Шош ах мөнгө хийсэн хар цүнхийг үүрч орж ирээд доторхыг нь орон дээр асгахад 20.000.000 гаруй төгрөг, 2000 орчим доллар байсан. Шош ах тэр мөнгөний 10.000.000 төгрөг, 2000 орчим долларыг авч цүнхэндээ хийгээд үлдсэнийг нь дүү нар хуваагаад авчих гэсэн. Тэгээд Насаа, Амараа бид гурав тус бүр 2.000.000 төгрөг аваад, Билгээ, Галаа, Баагий гурвын мөнгийг би авч буудлаас гарсан. Буудлаас гараад Баагий, Билгээ нар тус бүр 2.000.000 төгрөг, Галаагийн 2.000.000 төгрөгийг Билгээд өгсөн. ...Тэндээс яваад Насаа, Баагий, Билгээ бид 4 Хайртхаан амралт руу явсан. /5хх-35-41/,

М.Агийн яллагдагчаар өгсөн “... 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Шош ах хүнээс мөнгөө авна гэсэн юм ярьж байсан. Тэгээд Ландага ахын машинд Шош ах, Батбаяр, Л.А нар суугаад явсан ба Улаан загалмайн тэнд байдаг байр луу явсан. ... Тэгтэл удалгүй С.Гхүрч ирээд бид хоёрыг дуудаж байна гэсэн. Тэгэхээр нь машинаасаа буугаад С.Гтай хамт хойноос нь яваад ороход лифт нь 8 давхарт зогссон. С.Гбид хоёр хүлээж байгаад лифт ирэхээр нь араас нь 8 давхарт гарахад нөгөө хэд нэг айлруу орчихсон байсан. Араас нь яваад ороход Парк Баяраа гэдэг ах манай хэдийн нэгэнтэй нь маргалдаад зогсож байхаар нь салгаж аваад, Баяраа ахыг буйдангийн араар хэвтүүлээд, дээрээс нь дэр тавьчихсан. Тэр байранд баахан бужигнаан болоод байсан ба зарим хүмүүс хоорондоо муудалцаад, зарим нь орилж чарлаад Шош ах “мөнгөө авъя” гээд орилоод байхаар нь би гаръя гэж бодоод үүдрүү явж байтал Л.А надад пальтондоо боочихсон нэг зүйл өгсөн. Би тэр зүйлийг нь юу юм гэж асуугаагүй, юу гэдгийг нь мэдэхгүй авч гараад лифтээр буусан. Тэгээд лифтний үүдэн дээр 2 цагдаатай таарсан ба машиндаа очиж суугаад явах гэхэд өөдөөс нэг машин ирээд урдуур ороод хашиж зогссон. Тэр машинаас хэдэн хүн буугаад ирэхээр нь би машиныг нь тойрч гараад явчихсан.

...Тэр хэд “Эргэн дурсахуй” баарны арын буудалд байна гэхээр нь заалгаад 2 давхарт байрлах өрөөнд ороход Шош ах, Л.А, Б.Н нар байсан. Тэгтэл Шош ах “ах нь хүнээс мөнгөө авчихлаа, май чи үүнийг ав гээд 2.000.000 төгрөг өгсөн.” ...Тэндээс гараад явах гэхэд Шош ах “ахыгаа хүргээд өгчих” гэсэн. Тэгэхээр нь Шош ахыг суулгаад 19 дүгээр хороололд байдаг гэрлүү нь явсан. ...19 дүгээр хороололд Шош ахын гэрийн гадаа ирэхэд гэртээ орохгүй, эхнэрээ дуудаад уулзаж байснаа ганцаараа буцаж хүрч ирээд ахыгаа 21 дүгээр хороололд хүргээд өг гэсэн. Тэгээд 62 дугаар сургуулийн зүүн талын 9 давхар байрыг заагаад тийшээ явъя гэсэн. Тэнд очоод байрыг нь гаднаас харж байснаа, за за ахыгаа хороололд хүргээд өгчих гэсэн. Тэгэхээр нь яваад хорооллын 1000 нэрийн барааны дэлгүүрийн харалдаа замын урд талд буулгаад явсан. Тэндээс явж байхад Л.А билүү Б.Н над руу залгаад Цирк дээр хүрээд ир гэхээр нь яваад очиход тэд нар “Далай ээж” захын ойролцоо байсан. Тэгтэл Л.А машинаасаа бууны гэр гаргаж өгөөд түрүүний чамд өгсөн зүйл буу байсан юм, энэ саванд хийгээд хурдны замын кэмп дээр аваачаад тавьчих гэхээр нь аваад хөдлөх гэтэл байж байгаарай, хойно чинь нэг юм хийчихье гээд 2-3 цүнх хийсэн. Тэгснээ энэ цүнхнүүдийг хаячихаарай гэсэн.

Би тэндээс хөдлөөд Замын цагдаагийн хажууд очоод бууны гэрийг авч буугаад Ландага ахын машинд байсан бууг дотор нь хийж авч ирээд Одмаагийн машины тээшинд хийсэн. Тэндээсээ Өлзийт хороололд, Хөшигтийн хөндийн наад талд байдаг хурдны замын кемп дээр очоод хамгаалагч Болдсайханд “бууг Л.А энд үлдээгээрэй” гэсэн гээд өгчихөөд явсан. Тэгээд буцахдаа шороон зам дээр зогсож байгаад тээшинд байсан цүнхнүүдийг оруулж ирээд үзэхэд бүгд хоосон, 2 гар цүнх, нэг хэтэвч байхаар нь зам дагуу хаячихсан. ...Би маргааш нь Одмааруу яриад өмнөх өдөр нь машиных нь голын хайрцаганд үлдээсэн 1.800.000 төгрөгийг Эрдэнэчулуун ахад ажилчдын цалин тавиарай гэж хэлээд өгчихөөрэй гэсэн. Шош ахын надад өгсөн мөнгөнөөс би 200.000 төгрөгийг нь аваад үлдсэнийг нь Одмаагийн машины голын хайрцагт хийчихсэн байсан юм. Тэр 200.000 төгрөгөөс Эрдэнэчулуун ахад бензин хийж өгөөд үлдсэнээр нь буудалд өрөө авсан. Бусад нь миний хэтэвчинд байж байгаад хураагдсан. ...” /5хх-16-20/,

С.С.Гын яллагдагчаар өгсөн “... Намайг очиход Насаа, Баагий, Билэгээ нар байсан бөгөөд тэр 3 миний сууж явсан машинд суугаад Улаан загалмайн байрны гадаа очиж зогсоод Билэгээ, Насаа хоёр ээлжилж утсаар яриад 8 давхар энэ тэр гээд байсан. Тэгээд тэр 3 буугаад нэг байр руу яваад орчихсон бөгөөд би машиных нь түлхүүр гацаад байхаар нь оролдож байгаад нэг тамхи татчихаад Н.Б руу залгахад 8 давхарт гараад ир гэсэн. Тэгэхээр нь уг байр руу ороод 8 давхарт очиход өөдөөс Баагий, Насаа хоёр 8 давхарт байх нэг хаалганаас гараад ирсэн. Тэгтэл Баагий нь нэг хар өнгийн нимгэн куртик, цагаан өнгийн бүтээлэг шиг юманд боосон цүнх шиг хэмжээтэй зүйл надад өгөөд энийг авчих гэсэн. Тэгэхээр нь би тэрийг нь барьсан бөгөөд бид 3 хамт шатаар буусан. ... Машиндаа ороход арын суудал дээр байсан куртик уначихсан байхаар нь аваад дээшээ тавихад машины шалан дээр мөнгө, доллар уначихсан байхаар нь тоолоод үзэхэд 2.000.000 төгрөг, 800 ам.доллар байсан. Тэр мөнгийг нь би авч халаасандаа хийсэн. ...” /5хх-59-61/,

Н.Бын яллагдагчаар өгсөн “... 2016 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Шош ах бүгдээрээ нэг тоглоомын газар ороодохъё, ах нь нэг хүнээс өрөө аваадахъя, тэгээд бас бүгдээрээ мөрийтэй тоглъё гэсэн. Тэгээд бид нар хамт явсан бөгөөд 2 машинтай, 7-уулаа явсан. Тэгээд хэнийг нь санахгүй байна, нэг нь зам заагаад “Улаан загалмайн нийгэмлэг”-ийн тэнд байдаг байрны гадаа очсон. Байрны гадаад очоод нэг их юм яриагүй бөгөөд бүгдээрээ дотогшоо оръё гээд Шош ах дагуулаад явсан. 8 давхарт гарахад Шош ах нэг хаалга тогшиход онгойлгосон. Тэгээд бид нар бүгдээрээ тэр байр луу орсон. Ороход тэр байранд байсан бүх хүмүүс газар хэвтчихсэн байсан бөгөөд Шош ах нэг хүнээс мөнгө нэхээд орилоод байсан. Тэгснээ нэг хүнийг өшиглөхөөр нь би очоод “боль” гэж хэлсэн. Тэгээд Шош ахыг тэврээд авсан. Тэрний дараа нэг хүн рүү дайрах гэхээр нь болиулах гэж байгаад Шош ах бид хоёр хамт газар унасан. Тэгээд Шош ах босоод дахиад нэг хүн рүү явахаар нь би газар байсан нэг хүн дээр буйдангийн дэрнүүд тавиад нуусан. Тэгтэл шалан дээр нэг улаан “Nokia” утас, мөн ширээ, текэн дээр 2-3 утас байхаар нь би аваад пальтоныхоо халаасанд хийсэн. Шош ах бол хоёр хүнээс л мөнгө нэхээд байхаар нь би нэг сахалтай залууд нь ингэж байхаар мөнгө төгрөгийг нь гаргаад өгчихөөч дээ гэж хэлсэн. Нэг харахад уг байранд байсан хүмүүсийн гар цүнх, хэтэвчнүүдийг цагаан өнгийн бүтээлэг дээр овоолоод тавьчихсан байхаар нь би бүтээлгээр нь боож аваад Галаад өгөөд энийг аваад гарчих гэсэн. Би өөрөө 5.000.000 төгрөгтэй явж байсан. Тэгээд Төмөр замд очоод байж байхад Л.А надад 4.000.000 төгрөг өгөөд наад мөнгөө аваад байж бай гэсэн. ...” /5хх-74-76/,

Б.Нийн яллагдагчаар өгсөн “... Шош хочит Н.А ах “бөөнөөрөө нэг газар ороод ах нь ацлаад айлгаатахъя, дүү нар дэргэд зүгээр байж бай гэж хэлсэн. Тэгээд Шош ах, Ука хочит Л.А, М.А нар яваад Батбаяр, С.Г, бид гурав цагаан өнгийн “Crown” загварын автомашинд суугаад араас нь дагаж яваад Нэгдүгээр эмнэлгийн зүүн талд, Улаан загалмайн нийгэмлэгийн зүүн гар талын нэг орцтой улаан тоосгон 10 давхар байрны гадаа хоёр автомашинаа тавиад бүгдээрээ бууцгаасан. Тэгээд тэд нар түрүүлж ороод М.А бид хоёр машинаа түгжчихээд араас нь орц руу нь ороход лифтний үүдэн дээр Н.А гартаа хар өнгийн иштэй, нэлээд урт хутга барьчихсан харагдсан. Тэгээд лифтээр 8 давхарт гараад Н.А ах “энд хориотой Рулет тоглоомын газар байгаа юм, ах нь ороод энийг тоглуулж байгаа эзнийг нь жоохон айлгаатахъя” гэхээр нь “хаалгаа онгойлгохгүй шүү дээ наадуул чинь” гэж хэлэхэд “ах нь өдөр орчихоод гарсан юм, Шош байна гэвэл онгойлгоно, та нар дуранд нь харагдахгүй шатны хажууд зогсож бай, ах нь онгойлгоод орчихно, тэгээд очоод хаалгыг нь тогшоод Шош байна аа” гэхэд нэг хүн хаалга онгойлгож өгсөн. Тэгсэн чинь Шош ах тэр хаалга онгойлгосон хүнийг шууд нэг цохиод унагаагаад “ороод ороод” гээд орилсон. Тэгээд бүгд араас нь орсон, Шош ах түрүүлж орчихсон тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь “гараа шилэндээ аваад, доошоо хараад хэвт” гээд орилсон, бүх хүмүүс доошоо хараад хэвтсэн, тэгээд л бид нар ч гэсэн Шош ахын хэлснээр доошоо хараад хэвт гээд орилцгоосон, Шош ах орилоод л энэ тэрүүгээр яваад байсан, манайхан ч бас бужигналдаад сүүлдээ бид нар бараг өөрсдөө сандралдаад, бужигналдаад, Шош ах тэнд хэвтэж байсан хүмүүс рүү дайраад л байсан. Тэнд ороод ойролцоогоор 15-20 минут орчим болсон, С.Г, Батбаяр, бид гурав “одоо гарцгаая, арай дэндлээ” гээд бөөнөөрөө гарахаар болоод С.Г, Батбаяр бид гурав гараад шатаар буусан, араас Ука хочит Л.А, Шош хочит Н.А, Н.Б гурав лифтэнд суугаад буусан. ... авсан мөнгөө цэгцэлэхэд 25.000.000 төгрөг, 1000 гаруй ам.доллар, 4-5 гар утас байсан. Тэгээд Шош ах “ах нь 10.000.000 төгрөгийг нь авлаа шүү, та нар үлдсэн 15.000.000 төгрөгийг нь хуваагаад авчих гэж хэлээд тэр цүнхэндээ 10.000.000 төгрөгөө хийгээд үүрсэн, ам.долларыг бол Шош ах, Ука хоёр хоорондоо ярьж байгаад хуваагаад авчихсан. Шош ах мөнгөө цүнхэндээ хийгээд үүрч байх үед гаднаас М.А орж ирээд нөгөө 15 сая төгрөгийг бид нар зургуулаа 2.000.000, 2.000.000 төгрөгөөр хувааж авахаар болж, үлдсэн 3.000.000 төгрөгийг дундын мөнгө гэж ярилцсан. ...Буу, хутга хаанаас хэн авсныг би мэдэхгүй, ямар ч байсан уг байрны 8 дугаар давхарын цахилгаан шатнаас гараад буухад шош хочтой Н.А ах зүүн гартаа хутга барьчихсан байсан. Тэгээд уг байрлуу ороход хэн юм мэдэхгүй нэг буу барьчихсан байсан. ...Тэнд байсан хүмүүсийн эд зүйл, мөнгө болон гар утаснуудыг Н.Б л цуглуулсан гэж бодож байна. ...” /5хх-82-94/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14096 дугаартай “А.Чийн биед дээд уруул, зүүн сарвууны няцарсан шарх, толгой, нүүр, цээж, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан байна. ...” гэх /3хх-101/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14010 дугаартай “Д.Лувсанцэрэнгийн биед нүүр, зүүн гарын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо. ...” гэх /3хх- 107/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14045 дугаартай “Н.М.Эын биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд цус хуралт, зулгаралт, баруун чихний дэлбээнд зулгаралт, зүүн хөмсөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо. ...” гэх /3хх-109/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14100 дугаартай “П.Тийн биед тархины дунд зэргийн няцрал, зөөлөн бүрхүүл доорхи цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо. ...” гэх /3хх-111/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 14054 дугаартай “А.Ж.Нийн биед дагз, зүүн чих, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо. ...” гэх /3хх-113/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 14048 дугаартай “Б.Гантулгын биед зүүн чих, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн чих, дух, зүүн нүдний дор, хамарт зулгаралт, зүүн мөрөнд, зүүн даланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо. ...” гэх /3хх-115/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14053 дугаартай “В.Эын биед зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх /3хх-117/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14055 дугаартай “А.Мын биед дагз, баруун чамархай, зүүн чихний ар, баруун нүдний эргэн тойрон, баруун хацар, хамрын нуруу, дух, хэвлий, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн бугуйд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо. ...” гэх /3хх-119/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14063 дугаартай “Ж.Пын биед зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний алим, дух, зүүн хацар, шанаа, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо. ...” гэх /3хх-123/ дүгнэлтүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-21-38/, гэрч Б.Зулбаяр, Б.Одмаа нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-134-148/, эд зүйл хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл /1хх-149-156/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-159-166/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1хх-184-192, 193-206, 227-232, 234-250/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-4-9, 12-21, 23-34, 36-42/, эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тухай тэмдэглэл /2хх-10, 22, 35, 53-112/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /2хх-129-131/, хохирогч П.Т, А.Ч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /2хх-216/, зургаар таньж олуулах ажиллагаа /13хх-116-144/, эд мөрийн баримтаар тооцогдсон мөнгөн дэвсгэртүүдийн серийн дугаар /14хх-47-57/, мөнгө хүлээлцсэн баримтууд /15хх-68-81, 111/, эд зүйлсийн үнэлгээ /15хх-153-164/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, галт хэрэгсэл хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийн талаар:

Л.А нь байлдааны зориулалттай галт хэрэгсэл буюу 7.62х39 мм калибртай, 11 ширхэг сумыг хууль бусаар 2015 оноос хойш 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл өөрийн гэр болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80а байрны 38 тоотод хадгалсан, 2016 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө дээрх сумнуудыг 49-20 УБӨ улсын дугаартай, “Toyota crown” загварын автомашинаар хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Г.Энх-Орчлонгийн “... Би 2007 онд Вепрь загварын бууг худалдан авч байсан. Тэгээд 2015 оны 6 дугаар сард уг бууг зарахаар шийдээд интернетэд зар тавьсан чинь Л.А гэдэг залуу надтай холбогдоод худалдаж авахаар болсон. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 15-наас хойш шиг санаж байна, Л.А гэдэг залууд өөрийн буугаа 4.200.000 төгрөгөөр зарсан. Тэгээд гэрээгээ нотариатаар баталгаажуулаад Л.Атай хамт яваад Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст очиж бүртгүүлээд өөрийн нэрээс хасалт хийлгэж Л.Аийн нэр дээр шилжүүлж өгсөн. ...” /3хх-92/,

шинжээч М.Чинбатын “... Нэгдүгээрт, байлдааны зориулалтай сум нь галт зэвсгийн хуулийн холбогдох заалтуудаар хуулиар хориглогдсон. Өөрөөр хэлбэл, ган зүрхэвчтэй, мөн хуяг нэвтлэн, шатаах гэх мэт тусгай зориулалттай сумнууд байна. Хоёрдугаарт, сумны хошууны нэвт цохих хөнөөлийн чадвар нь илүү, тусгалын хувьд илүү гэх мэт техникийн үзүүлэлтийн хувьд давуу байдаг. Цэргийн бус зориулалттай үйлдвэрлэгдсэн энэ төрлийн болон бусад төрлийн сумнуудын хонгионы малгай хэсэгт үйлдвэрийн тэмдэг, хошууны калибр, хонгионы өндөр, дарьны бүтэц зэргийг илэрхийлсэн, мөн худалдааны зориулалттай байдгаараа ялгарна. ...” /3хх-195-196/,

Л.Аийн яллагдагчаар өгсөн “... би 2015 онд Нарантуул зах дээрээс явуулын хүнээс 10 гаруй ширхэг сум худалдаж авч байсан юм, уг сумыг буутайгаа хамт өөрийн амьдарч байсан гэртээ хадгалж байгаад тухайн орой авч гарсан. ...” /5хх-42-43/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн галт зэвсгийн лабораторийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6237 дугаартай “... Шинжилгээнд сангийн анги АК4494 дугаартай, замаг 494 дугаартай, 2008 онд ОХУ-д ан агнуурын зориулалтай үйлдвэрлэгдсэн “Вепрь” загварын хагас автомат ажиллагаатай карабин буу ирүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн буугаар буудлага үйлдэж болно. Шинжилгээнд ирүүлсэн буу нь 7,62х39 мм калибртай байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн магазиныг сангийн анги АК4494 дугаартай, замаг 494 дугаартай Вепрь загварын карабин буунд ашиглаж болно. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн магазинд байсан 10 ширхэг сумнаас дээж болгон 5 ширхэг сумаар буудлага хийхэд буудлага үйлдэж байна. Бууны аль нэг хэсэгт байсан дугаар, заводын тэмдэг тэмдэглэгээг арилгаж өөрчилсөн шинж тэмдэг илрэхгүй байна. Бууны аль нэг хэсгийг засварласан шинж байдал илрэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн буунд зориулалтын нэмэлт тоноглол хийсэн бөгөөд энэ нь буудлага үйлдэх болон түүний ашиглалтанд нөлөөлөхгүй. Шинжилгээнд 1975 онд хуучнаар ЗХУ-ын Фрунзед байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн, ган зүрхэвчтэй, 7.62 х 39 мм калибртай нийт 11 ширхэг сумнууд ирүүлсэн байна. 11 ширхэг сум нь үйлдвэрийн хийцийнх болно. ...” /3хх-186-189/ зэрэг нотлох баримтуудаар,

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан, төрийн албан хаагчийг эсэргүүцсэн гэмт хэргийн талаар:

М.А, Д.А нар нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 79 дүгээр байрны 03 тоотод Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.П, төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Г, зохион байгуулалттай гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч М.М, ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Цнарыг албан үүргээ гүйцэтгэж байх үедээ өөрсдийн албаны үнэмлэхийг ашиглан гэрт нэвтрэх үед нь гартаа 2 ширхэг заазуур, 2 ширхэг хутга тус тус барьж, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Гийн “... 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 23 цагийн үед Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч М.М, ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Цнар “урьд нь олон жил ял эдэлж байсан Ландага хочит Ё.Б нь өөрийн оршин суух Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 79 дүгээр байрны 03 тоот гэртээ, хар тамхи хэрэглээд байна гэсэн мэдээлэл авлаа” гэж манай хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.А”д мэдэгдсэний дагуу хэлтсийн дарга Г.П ахлах, бид хоёрт Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч М.М, ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Цнартай мэдээллийг шалгаж хамтран ажиллах талаар үүрэг өгсөн.

Ингээд бид нар 2016 оны 5 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 03 цагийн үед орцны үүдэнд орох гэж байхад 25-30 орчим насны, 175 орчим см өндөртэй махлаг залуу тухайн орцоор хамт ороод шатаар дээш өгсөн Б-ийн гэрлүү орсон. Тэгэхээр нь араас нь хамт орох гэсэн боловч амжаагүй учир түүнийг ороод удаагүй байхад нь хаалгыг тогшиход дотроос “хэн бэ, яах гээд байна, юун хулгайч вэ” гэж хэн нэгэн хашгираад хаалга нээж өгсөн. Тэр үед М.А, Д.А нар хутга барьчихсан зогсож байсан. ...Бид 4 “цагдаагаас явж байгаагаа хэлээд албаны үнэмлэхээ үзүүлээд, мэдээллийн дагуу явж байна, дотогш нэвтрэх шаардлага гарсан” болохыг хэлэхэд М.А нь “та нарын цагдаа хамаагүй, хаалгаар дотогш нэвтэрвэл хутгална шүү” гэсэн. Тэр үед нь бид нар түүнд хандан “албан үүргээ гүйцэтгэж байна” гээд тайван байхыг хүсэхэд Г.П ахмад хаалганы довжоогоор дөнгөж хөлөө тавингуут М.А нь хоёр гартаа барьсан заазуураа ашиглан дээрээс доош, доороос дээш гэсэн чиглэлд цавчих хөдөлгөөн хийсэн. Тэр үед Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс “Тайшир” хөдөлгөөнт эргүүлийн 2 алба хаагч ирсэн ба албанд ашигладаг хийн буугаар сануулах буудлагыг аюулгүй зүгт үйлдэж, зэвсгээ хаяхыг санал болгосны дагуу М.А, Д.А нар өөрсдийн барьж байсан хутга, заазуураа газар тавьж, том өрөө рүү ороод Ё.Бийн хамт газар хэвтсэн. ...” /8хх-76-78/,

хохирогч Г.Пийн “... Тухайн байрны орцоор орох үед 25-30 орчим насны, 175 орчим см өндөртэй махлаг залуу хамт ороод шатаар дээш өгсөн Ё.Бийн гэр лүү орсон. Бид нар хаалгыг тогшиход дотроос “хэн бэ, яах гээд байна, юун хулгайч вэ” гэж хэн нэгэн хашгираад хаалга нээж өгсөн ба тэр үед тухайн байранд сүүлд орсон залуу, одоо харж байгаагаар М.А заазуур, туранхай биетэй, монхор хамартай, богино үстэй, хар фудболк өмссөн залуу одоо харж байгаагаар Д.А нь хутга барьчихсан зогсож байсан. Ингээд цагдаагаас явж байгаагаа хэлээд, албаны үнэмлэхээ үзүүлээд мэдээллийн дагуу явж байна дотогш нэвтрэх шаардлага гарсныг хэлэхэд М.А нь “та нарын цагдаа хамаагүй, хаалгаар дотогш нэвтэрвэл хутгална шүү” гэсэн. Миний бие дотогш нэвтрэхийг завдахад М.А хоёр гартаа барьсан заазуураа ашиглан дээрээс доош, доороос дээш гэсэн чиглэлд цавчих хөдөлгөөн хийсэн. Тэр үед нь би тухайн хөдөлгөөнөөс бултаж, утсаа гаргаад бичлэг хийж эхэлсэн. ...Тавьсан шаардлага болгоныг эсэргүүцээд, бидний зүгээс үнэмлэхээ үзүүлээд, хууль бус үйлдэл хийж болохгүй тухай сануулсаар байхад үл тоож, сүрдүүлгээ үргэлжлүүлж байсан. ... Тэгээд С.Г Шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утас руу залгаж, болж буй асуудлын талаар мэдээлэхэд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс “Тайшир” дуудлагатай хөдөлгөөнт эргүүлийн хоёр алба хаагч ирж, албанд ашигладаг хийн буугаар сануулах буудлага аюулгүй зүгт үйлдэж, зэвсгээ хаяхыг санал болгосны дагуу М.А, Д.А нар өөрсдийн барьж байсан хутга, заазуураа тавьж, том өрөөнд зугтан орж газарт хэвтсэн. ...” /8хх-81-83/,

хохирогч М.Ц-ийн “... Хаалгыг тогшиход хаалга нээж өгсөн, тэр үед М.А 2 заазуур, Д.А 2 хутга барьчихсан зогсож байсан. Тэдний хойд талд Ё.Б зогсчихсон нааш цааш алхаад байж байсан. ...Ингээд бидний ажилд хутга, заазуур ашиглан, тавьсан шаардлагыг маань үл ойшоон, цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаагаа хэлээд үнэмлэхээ үзүүлсээр байтал эсэргүүцэл үзүүлсэн. Биднийг цагдаагийн хувцас өмсөөгүй байна гээд байсан учир бид 102 дугаарын утаслуу залгаж удалгүй 2 цагдаагийн алба хаагч хүч нэмэгдүүлэн ирсэн ба албаны дуу гаргагч тийрэлтэт төхөөрөмж ашиглан таазанд буудаж, “зэвсгээ хаяад, газар хэвтэхийг санал болгож дайчлан баривчлах ажиллагааг хийж гүйцэтгэсэн. ...” /8хх-86-87/,

хохирогч М.Мын “... 03 цагийн үед орон сууц руу нэвтрэх үед 25-30 орчим насны, 175 орчим см өндөртэй махлаг залуу тухайн орцоор хамт ороод шатаар дээш өгсөн Ё.Бийн гэр лүү орсон. Араас нь очоод хаалгыг тогшиход элдэв үгээр хашгирсаар хаалга нээж өгсөн. Тэр үед М.А, Д.А нар хутга барьчихсан зогсож байсан. Тэдний хойд талд Ё.Б зогсчихсон байсан. Ё.Бийн гарт юу байгааг хараагүй. Ингээд бидний ажилд хутга, заазуур ашиглан, тавьсан шаардлагыг маань үл ойшоон эсэргүүцэл үзүүлсэн. ...” /8хх-90-91/,

 

гэрч Г.Т-ын “... Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн Тайшир-116 чиглэлд эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Ц-ийн хамт үүрэг гүйцэтгэж байхад 2016 оны 5 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 03 цагийн үед Тайшир-10 буюу жижүүрээс “Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 79 дүгээр байрны 03 тоотод, хар тамхины хэрэгт холбогдолтой хүмүүс байна, уг тоотод Эрүүгийн цагдаагийн Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагч нар нэвтрэх гэхэд нэвтрүүлэхгүй байна, хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчдыг явуулж өгнө үү” гэсэн дуудлага өгсний дагуу эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Ц-ийн хамт дээрх тоотод очиход, 3 тоот хаалга нь хагас нээлттэй, дотор нь хоёр залуу хутга барьсан байдалтай, хаалганы гадна талд Эрүүгийн цагдаагийн газрын 4 алба хаагч, энгийн хувцастай, орох гээд чадахгүй зогсож байсан. Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Цо бид хоёр хутга, заазуур барьсан хоёр залууд “хутгаа хаяхыг санал болгоход” өөдөөс эсэргүүцсэн учир цагдаагийн дэслэгч Б.Цо албаны хийн гар бууг гарган “шаардлага биелүүлэхгүй бол буудлаа шүү” гэж гурван удаа хэлж анхааруулсан боловч хутга барьсан хоёр залуу улам эсэргүүцсэн. Тэгээд албаны хийн гар буугаар анхааруулга өгөх зорилгоор бууны хушууг аюулгүй зүгт чиглүүлэн нэг удаа буудсан. Тэр үед нөгөө хоёр залуу гартаа барьсан хутгаа газар хаяад, бид нарын хэлсэн шаардлагыг биелүүлсэн. ...” /8хх-100/,

Д.Аын яллагдагчаар өгсөн “... Эрүүгийн цагдаагийн ажилтнууд ирэхэд хутга барьсан нь үнэн, тэгэхдээ надад тэднийг хутгалах бодол байгаагүй. ... Тэр үед А гал тогооны өрөө рүү гүйгээд 2 заазуур, 2 хутга авчирсан ба надад 2 хутгыг өгөөд энийг бариад энд зогсож бай гээд үүдэнд зогсоосон. Ингээд А хаалга онгойлгоход надад харагдаж байгаагаар 2-3 залуу зогсчихсон “цагдаагаас явж байна, гараа шилэндээ ав” гэж хэлсэн. Тэр үед А бичиг баримтаа үзүүлчих гэсэн, тэр үед бичиг баримтаа үзүүлээгүй, ингээд маргаан болсон. Тэдгээрийн араас хар хувцас өмссөн 2 хүн орж ирээд хийн буугаар таазруу 2-3 удаа буудаад, хутгаа бариад доошоо хэвт гэдэг шаардлага тавьсаны дагуу хутга, заазуураа шалан дээр тавьцгаагаад бид хоёр доош харан хэвтсэн. ...” /8хх-189-191, 14хх-131/,

М.Агийн яллагдагчаар өгсөн “... Тэр үед энгийн хувцастай олон тооны залуучууд орохоор дайрахаар нь би айсандаа гал тогооны өрөө рүү гүйгээд тэнд байсан 2 ширхэг заазуур, 2 ширхэг хутгыг аваад үүдэнд буцаж гүйж ирээд 2 заазуураа өөрөө, 2 хутгаа Д.Ат өгсөн. Тэр үед цагдаагийн ажилтнууд бор өнгийн түрийвч үзүүлээд өөрсдийгөө цагдаа байна гэж хэлэхээр нь би дотор нь юу байгааг нь хараагүй, мөн харах ч боломжгүй байсан, үүдний гэрэл нь асаж унтраад байдаг. Ингээд би тэд нарт энгийн хувцастай цагдаа байдаггүй юм гэж хэлээд оруулаагүй нь үнэн. ...” /8хх-198-200/ гэх нотлох баримтуудаар,

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар:

Н.Б нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Хөх Монгол” ХХК-ийн хашаан дотор 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр О.Т-г хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч О.Т-ын “... 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Хан-Уул дүүрэгт, Энхээгийн “Хөх Монгол” ХХК дээр 11 цагийн өнгөрч байхад ирээд хашаан дотор нь бие засчихаад зогсож байтал 4-5 залуу ороод ирсэн. Тэгэхээр нь би өөдөөс яваад очтол танил дүү Н.Б, бараан саарал өнгийн хувцастай байсан санагдаж байна,  “ахаа” гэснээ шууд намайг гэдэс рүү цохих шиг болсноо буцаад гүйгээд явчихсан. Тухайн үед би нэг их анзаараагүй, зогсож байтал манай найз Энхээ “Т чиний гэдэснээс цус гараад байна ш дээ” гэсэн. Тэгэхээр нь би хартал миний гэдэснээс цус гоожиж байсан. ...” /16хх-90-96/,

гэрч Х.Д-ийн “... 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр машинаас буух үед Н.Б баруун гартаа нь төө хэрийн хэмжээтэй хутга барьсан харагдсан. ... ” /16хх-104-108/,

гэрч Д.Тэ-ийн “... хүмүүс хашгираад байсан зүгрүү харахад 4-5 залуу “Хөх Монгол” ХХК-ийн хашаанаас гараад гүйж байсан. Тэр залуучуудын араас бүдүүн Энхээ газраас чулуу авч шидээд, орилоод хөөж байсан. Харин Т гэдсээ дараад зогсож байсан. Тэгэхээр нь Т дээр яваад очиход Т-ын дух хэсэгт цус мэт зүйл болсон, гэдэснээс нь цус гарч байсан. Би Т-ыг хутгалуулсан ч юм уу, ямар нэг байдлаар гэмтэл авсан байна гэж шууд ойлгоод, машинд суу эмнэлэг явъя гэхэд Т  “зүгээр зүгээр би яагаа ч үгүй байна, эмнэлэг орох хэрэггүй” гээд байсан. Машинд явж байхдаа би Т-ас “юу болсон юм бэ, яачихав аа” гэхэд “хэдэн бацаанууд араас чимээгүй дагаад явж байсан юм шиг байна, гэнэт гарч ирээд л ингэчихлээ” гэсэн. Сүүлд сонсоход л “Б нь Т-ыг хутгалсан байна лээ” гэж хүмүүс яриад байсан. ...” /16хх-135-136/,

гэрч Д.Э-ын “...2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 12 цаг өнгөрч “Хөх Монгол” ХХК-ийн хашаанд ороод Т бие засах гээд яваад өгсөн, харин Т  машинаас буугаад зогсож байсан, би тамхи асаагаад компанийх нь байр луу орох гээд алхаж байсан. Тэгтэл ард хүмүүс пижигнэх чимээ гарахаар нь эргээд харахад 4-5 залуу ирчихсэн байсан. Тэгэхээр нь олон залуучууд ирээд зодоон болж магадгүй гэж ойлгоод “та нар чинь юун залуучууд вэ, зайлцгаа” гээд газраас чулуу авч байгаа дүр үзүүлээд тонгойход, нөгөө залуучууд гүйгээд компанийн хашаанаас гараад явчихсан. Энэ үед Т-ыг харахад гэдсээ дарчихсан, гэдэснээс нь цус гарч байгаа харагдсан. Тэгэхээр нь би Т-т  “чиний гэдэснээс цус гарч байна” гэж хэлэхэд Т тэгвэл эмнэлэг явцгаая гээд машиндаа суугаад бид 3 эмнэлэг явсан. ...” /16хх-137-138/,

гэрч Ж.У-ийн “... Би Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх монгол” ХХК-д байрлах засварчны өрөөндөө ажлаа хийж байтал 12 цагийн үед манай өрөөний хаалгаар 20 гаран насны, дунд зэргийн нуруутай махлаг биетэй, цайвар царайтай, хар футболктой, саарал өнгийн өрөөсөн пүүзтэй залуу “би хүнд хутгалуулчихлаа, энд чинь нуугдаж байя, та хүнд битгий хэлээрэй” гэсэн. Уг залуу хутгалуулсан гэх газраа надад харуулсан чинь баруун бөөрний орчимд нь улайсан юм харагдаж байсан. Тэгээд би өрөөнөөс гараад өөрийнхөө гар утсаар цагдаа дуудах гээд зогсож байсан чинь уг залуу манай өрөөнөөс гараад явсан. Уг залууг хар өнгийн жийп машинтай хүн ирж авч явсан. ...” /16хх-97-98/,

 

гэрч С.Б-ийн “... 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хашааны том хаалганы зүүн баганы орчим цус дуссан юм шиг улаан өнгийн толбонууд байсан. Оффис дотор байсан цахилгаанчин У ахаас асуухад “нэг залуу оффис дотор гүйж орж ирээд, намайг хүн хөөгөөд байна” гээд токарийн машины ард сууж байсан гэсэн. ...” /16хх-99-100/,

 

гэрч Д.Н-ийн “... 2017 оны 9 дүгээр сарын 8-ны 14 цаг 45 минутанд хотын түргэн тусламжаар хутгалуулж гэмтсэн хүн ирсэн гэж хүлээн авахаас дуудахад гэмтлийн хүлээн авах дээр очиж үзсэн. 103-ын түргэн тусламжаар хэвлий тус газраа хатгагдсан шархтай, 40 гаран насны эрэгтэй хүн ирсэн. Үзлэг хийж шархыг нь шалгахад хэвлийн хөндий рүү нэвтэрсэн байсан тул яаралтай журмаар өвчний түүх нээж, хагалгаанд оруулсан. Хагалгаан дээр хэвлийн хөндийг нээж шалгахад нарийн гэдэс нэвт хатгагдсан шархтай, хэвлийн хөндийд цус алдсан. Их сэмжнээс цус алдаж байсан. Нарийн гэдсийг оёж, сэмжний цус алдалтыг зогсоож, хэвлийн хөндийд алдсан цусыг соруулж цэвэрлэн угаасан. Хэвлийд гуурс тавьж, хэвлийн хагалгааг дуусгасан. О.Т нь анх орж ирэхдээ согтуу, юм асуухад нэрээ хэлж, асуултанд хариулж байсан. ...” /16хх-101-102/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1063 дугаартай “О.Т-ын биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс гэмтээсэн шарх, хагалгааны дараах байдал /2017.09.08/ бүхий хүнд гэмтэл тогтоогдлоо. ...” гэх дүгнэлт /16хх-145/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /16хх-68-71/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /16хх-72-75/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /16хх-76-79/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /16хх-83-84/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /16хх-85-86/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан зохицуулалтын хүрээнд тэгш эрхтэй оролцох субъектуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж,

          “Н.А, Л.А нарыг бусадтай бүлэглэн зэвсэг хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулж үйлдсэн гэм буруутай,

          М.А, Н.Б, С.С.Г, Б.Н нарыг бусадтай бүлэглэж, зэвсэг хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

          М.А, Д.А нарыг бүлэглэн цагдаагийн алба хаагчийг үүргээ гүйцэтгэж байхад нь зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутай,

          Л.Аийг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутай,

          Н.Быг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

          Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Н.А, Б.Н, Л.А, М.А, Д.А, Н.Б, С.Гнарын үйлдэл нь дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон ба хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан, ял эдлэх дэглэмийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

          Н.А, Л.А, М.А, Н.Б, С.С.Г, Б.Н нарын үйлдсэн дээрэмдэх гэмт хэрэг, шүүгдэгч Л.Аийн үйлдсэн галт зэвсэг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед үйлдэгдсэн байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан хэргийг зүйлчлэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

           Харин дээрэмдэх гэмт хэргийн хувьд дээрмийн гэмт хэргийг үйлдэх явцдаа бусдын биед гэмтэл учруулсан болон онц их хэмжээний хохирол учруулсан шинжээрээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байсан хэдий ч Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд дээрх гэмт хэргийн хүндрүүлэх шинж хасагдсан бөгөөд оногдуулах ял шийтгэл хөнгөрсөн тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн нь зөв байна.   

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан. Дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэн, бүлэглэн үйлдсэн гэж дүгнэхэд, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон хүн бүр заавал зэвсэг хэрэглэсэн байхыг шаардахгүй ба зэвсэг бариагүй гэдгээр  гэмт хэрэгт хамтран оролцсон бусад оролцогчдын байдлыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй.   

          Мөн хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд, Н.А, Л.А нар нь дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулж, санаачилж удирдсан, мөн  гэмт хэргийг үйлдэхэд хамтран гүйцэтгэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг давхар журамласан нь  үндэслэлтэй байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

           Шүүгдэгч Л.А нь тухайн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн асуудал байхгүй гэж байгаа боловч мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.Аийн өгсөн “... мөнгийг нь аваад өгчихмөөр байна гэж Укад хэлэхэд “ахаа, би аваад өгчихье л дөө, тэрэнд ядаад байх юу байхав, зүгээр аваад өгчихнө шүү дээ” гэж хэлсэн. ...” гэх, Л.Аийн “... тухайн байранд очихоос өмнө би гэрээрээ дайрч өөрийн “Вепрь” загварын бууг авсан. ...” гэх мэдүүлэг болон хохирогч нарын мэдүүлэг, түүний хэрэгт оролцсон байдлаас үзэхэд, түүнийг дээрмийн гэмт хэргийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн гэж үзэх үндэслэлтэй.

           Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 15.905.100 төгрөг, 851 ам.долларыг  улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн  үндэслэлтэй байх бөгөөд  хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд шүүгдэгч нарт буцаан олгох шаардлагагүй байна.

          Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, уг хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн гэж давж заалдах гомдолд дурдаж байгаа боловч шүүгдэгч Б.Н.А дангаараа бүх хохирлыг төлж барагдуулсан байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Л.А, Н.Б, Н.А, шүүгдэгч С.С.Г, түүний өмгөөлөгч О.Ц, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Г.Б, Н.Ө, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ч.Ө нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдагдсан “... хэргийн үйл баримтын талаар дахин шалгах, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, ял эдлэх дэглэмийг өөрчлөх, зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох ...” гэх үндэслэлүүдийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

          Харин анхан шатны шүүх Л.Ат оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон атлаа шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн 4 дэх заалтад “... Л.Аийн 7 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр” гэж заасан,

          Мөн шүүгдэгч М.А нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хойшлуулашгүйгээр сэжигтнээр баривчлагдаж 3 хоног, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 288 хоног, мөн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс шүүх хэргийг хянан хэлэлцсэн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 77 хоног, нийт 368 хоног цагдан хоригдсон байх ба анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа цагдан хоригдсон 365 хоногийг эдлэх ялд оруулахаар тооцсон нь буруу байх тул дээрхи үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

          Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 251 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Л.А, Н.Б, Н.А, шүүгдэгч С.С.Г, түүний өмгөөлөгч О.Ц, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Г.Б, Н.Ө, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ч.Ө нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 251 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

4 дэх заалтад “... Л.Аийн 7 жилийн, ...” гэснийг “... Л.Аийн 8 жилийн, ...  ” гэж;

5 дахь заалтад  “ ... М.Агийн 365 хоног, ...” гэснийг “... М.Агийн 368 хоног, ... ” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.А, Н.Б, Н.А, шүүгдэгч С.С.Г, түүний өмгөөлөгч О.Ц, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Г.Б, Н.Ө, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ч.Ө нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                             Д.ОЮУНЧУЛУУН