Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2017/00099/И |
Дугаар | 130/ШШ2017/00443 |
Огноо | 2017-06-23 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 130/ШШ2017/00443
2017 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 130/ШШ2017/00443 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч А.Жархынгүл, Б.Мангилик нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт орших, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс /даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ө, утас 9******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт оршин суух, утас 9*****, РД:УС******* Ж*** овогт С.Шэд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, С.Н нар, хариуцагч С.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Х.Т, иргэдийн төлөөлөгч М.Баймурат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Байгууллагад учирсан хохирол 92074648 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга асан С.Ш нь тус байгууллагын ажилтан Нурмухын Сакенийг удаа дараа илт хууль бусаар ажлаас нь халсан болох нь шүүхээр тогтоогдож, ажилгүй байсан хугацаанд нь нийтдээ 31743607 төгрөгийн цалин хөлсийг байгууллагаас олгож, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан байна. Өөрөөр хэлбэл, Н.Сийг шүүхээс хуучин ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоосоор байхад хууль бусаар түүнийг дахин ажлаас халж удаан хугацаагаар шүүхэд маргаан үүсгэж, үндэслэлгүйгээр удаа дараагийн шүүхэд давж заалдсаны улмаас ажилгүй байсан хугацаанд цалин хөлс нь онц их хэмжээнд хүрчээ. Тухайлбал, Н.Сд шүүхийн шийдвэрийн дагуу олгосон мөнгийг дэс дараагаар нь бичвэл:
1.Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 483 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 653 тоот тогтоолоор Н.Сд 2013 оны 01 дүгээр сарын 10-наас 2013 оны 3 дугаар сарын 18-ны хүртэлх 2 сар 8 хоногт ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 150400 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 41676 төгрөг төлсөн.
2.Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 611 дугаар захирамжаар Н.Сий ажилгүй байсан хугацааны цалинд 9999030 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 87467 төгрөг төлсөн.
3.Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 391 тоот шийдвэр, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 125 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1136 тоот тогтоолын дагуу 5897913 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 40100 төгрөг төлсөн.
4.Баян-Өлгийн аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 599 тоот шийдвэр, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 001/хт2016/00511 тоот тогтоолын дагуу 1822278 төгрөгийн өглөгтэй.
5.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 508 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 378 тоот тогтоолоор 6850240 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөр болсон.
6.Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд 6 сар 6 хоног ажилгүй байсан хугацааны цалинд 5327853 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 102000 төгрөг нэхэмжилж байна. Иймд хариуцагч С.Шээс байгууллагад учруулсан хохирол болох 31743607 /гучин нэгэн сая долоон зуун дөчин гурван мянга зургаан зуун долоон/ төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай хүсэлтэд: Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Иргэн С.Шээс байгууллагад учруулсан гэм хор болох 31743607 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу уг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэж байна. 2013 оны 1 дүгээр сарын 01-нээс, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч дипломоор ажиллаж, байгууллагад учруулсан гэм хор болох 60331041 төгрөг. Н.Сийг төрийн албанаас илт хууль бус тушаал гаргаж халснаас болж байгууллагаас түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31743607 төгрөг нийтдээ 92074648 /ерэн хоёр сая далан дөрвөн мянга зургаан зуун дөчин найман/ төгрөгийг С.Шээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь: С.Ш нь 2005 оны 3 дугаар сарын 11-нээс2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч диплом ашиглаж тус байгууллагаас нийтдээ 60331041 төгрөгийн цалин хөлс авч ирсэн нь эрх бүхий байгууллагын тогтоолоор нотлогдон тогтоогдож байна. Нэгэнт хуурамч бичиг баримт ашиглан цалин хөлс авсан тохиолдолд уг цалин хөлсийг олгосон байгууллага буцаан шаардах эрх нь байгаа юм. С.Ш нь Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийг хууран мэхэлж, хуурамч дипломоор цалин хөлс авсан хууль бус ажиллагаанаас учирсан гэм хорыг өмнө нь гаргаж байсан гэм хорын нэхэмжлэлтэй хамтад нь хянан шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Учир нь аль аль нь байгууллагад учирсан гэм хор бөгөөд хариуцагч нь ганц хүн юм. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хамтад нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний бие нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Уг хэргийг 4 жилийн хугацаанд сайн мэдэж байгаа учраас байгууллагын нэрийн өмнөөс намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж байгаа. Н.С урьд нь 2013 оны 01 дүгээр сараас хойш 2 удаа Захиргааны хэргийн шүүхээр 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу хариуцагч С.Ш Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажлаас чөлөөлөгдсөний дараа ажилд орсон. Үүнийг өс хонзонгийн сэдэлттэй гэж үзэж байгаа. Хариуцагч С.Ш байгууллагыг хохироосон гэж үзэж байгаа учраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар хохирол 31743607 төгрөгт нэмж 60331041 төгрөг нийт 92074648 төгрөг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь: 1. Хариуцагч С.Ш нь хуурамч диплом ашиглаж төрийн албанд ажилд орсноос байгууллагад учирсан хохирол 60,331,041 төгрөг нэхэмжилж байгаа. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагч, тэр дундаа төрийн захиргааны албан хаагчийн мэргэжил, мэргэшилд тавигдах шалгуурыг тодорхой зааж өгсөн.Үүний дагуу хууль бус ажилласан гэж үзсэн.
2.Иргэн Н.Сийг өс хонзонгийн сэдэлтээр ажлаас халснаас байгууллагад учирсан хохирол 31,743,607 төгрөг нэхэмжилж байгаа. Уг нь 41 сая төгрөг байсан. Гэхдээ 10 сая төгрөгт зөвшилцөл байгаа гэв.
Хариуцагч С.Ш шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.Үүнд: 1. Нэхэмжлэгч гэх Т.Өы (Н.Сийг удаа дараа илт хууль бусаар ажлаас халсан болох нь шүүхээр тогтоогдсон) тухайд гэвэл Н.Сийг анх НДХэлтсийн дарга Д.Даргерхан нь 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 4 тоот тушаалаар тус хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд магадлагч эмчийн ажлаас Төрийн албаны тухай хуулийн 23.1.1-д Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн 24.1.3 Өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн байна. Гэтэл Сакен нь аймгийн ТАСЗөвлөлд хандаж ажилд эгүүлэн тогтоох тогтоол гарсан тул уг тогтоолыг үндэслэн ажилд томилсон юм. Энэ хугацаанд ажилгүй байсан гэх 1500000 төгрөг болно. Дараа нь намайг тус хэлтсийн даргаар ажиллаж байхад Н.Сийг удаа дараа НДЕГазрын ЭХМТКомиссоос ажлыг хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан ба, мөн хуурамч бичиг баримт бүрдүүлж бусдад тахир дутуугийн тэтгэвэр олгох боломж олгосон зэрэг ТАТХуулийн ёс зүйг ноцтой зөрчиж байсан учир ажлаас чөлөөлсөн боловч шүүх эгүүлэн тогтоосон боловч НДЕГазрын даргад уламжлан танилцуулахад санхүүгийн зөрчил гаргасан хүнийг авч болохгүй гэж шийдвэр өгч байсан юм. Үүнээс үзэхэд Н.Сийг Т.Ө илт хууль бусаар нэхэмжлэлд бичсэнчлэн, ажлаас халсан явдал үгүй болно. Үүнийг Т.Ө дарга нь хууль бус уу? Эсвэл үндэслэл байсан уу? Гэдэгт дүгнэлт хийх эрх бүхий этгээд биш мөртлөө төрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд намайг ийнхүү илт хууль бусаар ажлаас халсан гэж хэтэрхий басамжлан доромжилсонд маш их харамсаж байна. Н.Сий 2016 оны 6 дугаар сарын 10-наас 2016 оны 2 дугаар 16-ны хоорондох цалинг нэхэмжилсэн тухайд бол Н.Сийг аймгийн НДХ-ийн даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 5/14 тоот тушаалаар магадлагч эмчээр томилсон юм. Ажил хүлээлцэх комиссын ахлагч Т.Ботакөз тэргүүтэй комисс ажилд орох болсон тул дуудаж тушаал гардуулах гэтэл Та бүхэн ирэх юм бол энд байгаа залуучуудаар зодуулна" гэж айлган сүрдүүлсэн гэсэн юм.Энэ тухай тушаалд орсон комиссын бүрэлдэхүүнээс тайлбар авах нь зүйтэй. Мөн Н.С нь сонгуулийн хороонд очиж аймгийн ИТХ-ын сонгуульд 22 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж байгаа болно гэсэн болно.
2.С.Ш би 4 жилийн хугацаанд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажил албан тушаалыг гүйцэтгэж байсан. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулж төрийн албыг нэр төртэй гүйцэтгэж 4жилийн хугацаанд А үнэлгээтэй буюу 95-оноогоор дүгнүүлж ирсэн ба ТЗ-ийн 9 дэх ангиллаар цалинждаг тангараг өргөсөн төрийн албан хаагч юм. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 зааснаар төрийн албан хаагч надад байгууллагад учирсан хохирлыг төлөх үүрэг хуулиар ногдоогүй юм. Харин Т.Ө гуай хуулийн энэ заалтын шаардлагыг ойлгоогүй юм уу, эсвэл надаас зөрчил дутагдал олохын тулд та бүхнийг хууль мэддэггүй юм шиг бичсэнд нь гайхаж байна. Н.Сий талаар гаргасан миний тушаалууд Захиргааны хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө өөрөөр хэлбэл 2013-2016 онуудын хооронд билээ. Тэгээд ч урьд гаргасан шүүхийн шийдвэрүүдэд С.Ш намайг хууль бусаар ажлаас халсан гэж тогтоох хэсэгт дүгнээгүй бөгөөд түүний ажилгүй байсан хугацааны цалинг надаар төлүүлэх гэсэн заалт байхгүй болно. Н.Сд шүүхийн шийдвэрээр олгох цалинг тухайн үед НДЕГазрын даргад Аймгийн Нийгмийн Даатгалын Хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 4 тоот албан тоот хүргүүлж зөвшөөрөл авч байсан болно. 3ахиргааны ерөнхий хууль 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр УИХ-аар батлагдаж 2016 оны 7 дугаар сарын 1-ээс дагаж мөрдсөн. Н.Сийг ажлаас чөлөөлсөн миний гарын үсэг бүхий тушаалыг шүүхэд ирүүлээгүй байна. Нэхэмжлэгч Т.Ө нь шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг зөрчсөн байна гэжээ.
Хариуцагч С.Шийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т шүүхэд бичгээр гаргасан нэмэлт тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн С.Шэд холбогдуулан гаргасан 2013 оны 1 дүгээр сарын 01-нээс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч дипломоор ажиллаж байгууллагад учруулсан гэм хор болох 60331041 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн тухай хүсэлттэй танилцаж үзээд дараах тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд гаргаж байна.
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: 2013 оны 1 дүгээр сарын 01-нээс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч дипломоор ажиллаж байгууллагад учруулсан гэм хор болох 60331041 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн үндэслэлдээ: С.Ш нь 2005 оны 3 дугаар сарын 11-нээс 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч диплом ашиглаж тус байгууллагаас нийтдээ 60331041 төгрөгийн цалин хөлс авч ирсэн нь эрх бүхий байгууллагын тогтоолоор нотлогдон тогтоогдож байна гэжээ. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагад 2013 оноос 2017 он хүртэлх хугацааны цалин, нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт 2005-2017 он хүртэлх хугацааны цалинг гэж нэхэмжилсэн байх ба нэхэмжлэгч байгууллагаас чухам хэдээс хэдэн он хүртэлх хугацааны цалин хөлсний хохирол нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус байна. Нөгөөтээгүүр, хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд хэний ямар үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан эсэх, ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн буюу хэрэв хохирол бодит байдлаар учирсан гэж үзэж байгаа бол аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс үйл ажиллагааныхаа чиг үүргээ хуулийн хүрээнд хэрэгжүүлж чадахгүй байгаа гэдгээ нотлох, үүнийг нэхэмжлэлийн үндэслэлдээ заавал заах ёстой бөгөөд маргааны үйл баримт болон ямар эрх ашиг нь зөрчигдсөн талаарх үндэслэлээ тусгаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байна.
2.Энэхүү нэхэмжлэлийг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Ө өөрөө гаргасан эсэх нь эргэлзээтэй. Учир нь, шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон сүүлд нэхэмжлэлийг ихэсгэсэн тухай албан бичигт зурсан гарын үсэг нь зөрүүтэй харагдаж байна.
3.Мөн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзвэл энэ нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй ба энэ талаар холбогдох байгууллагад шалгуулж хохирол учирсан эсэхийг тогтоолгосон байх шаардлагатай бөгөөд байгууллагад хэн гэдэг ямар албан тушаалтан хохирол учруулсан эсэх нь маргааны нөхцөл байдлаас нотлогдохгүй.
4. Нэхэмжлэгч байгууллагаас Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны зөвлөмжийг нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба уг зөвлөмжийн Асуудал 8 гэсэн хэсэгт "Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 47 тоот тушаалаар Н. Сакенийг ажлаас халж, оронд өөр хүнийг томилсныг хууль бус гэж үзэн Н.С нь шүүхэд гомдол гаргаж 3 шатны шүүхээс ялсан байна. Байгууллагын даргын буруу шийдвэрээс болж 2015 онд 7 удаагийн шилжүүлгээр ажилгүй байсан хугацааны цалин болох 9,999,900 төгрөг, 2016 онд 5,285,780 төгрөгийг иргэн Н.Сд тухайн байгууллагын төсвөөс төлж байгууллагыг хохироосон байна.Үр нөлөө: дарга нарын хууль бус шийдвэрээс болж тухайн байгууллага хохирох, үргүй зардал гаргах, төсөв хэтрэх эрсдэлтэй" гэжээ. Дээрх зөвлөмжид Н.Сд тухайн байгууллагын төсвөөс цалин төлж байгууллагыг хохироосон гэсэн боловч нөхцөл байдлыг үнэнд нийцүүлэн тодруулаагүй байна гэж үзлээ.Өөрөөр хэлбэл, Н.Сд байгууллагын төсвөөс шууд байдлаар мөнгө шилжүүлсэн эсэх, байгууллагын төсөв тухайн ондоо хэтрэлтэй гарсан эсэх талаар ямар нэгэн дүгнэлт гаргаж, акт тогтоогоогүй бөгөөд хийсвэр маягаар хандаж, дүгнэлт гаргасан гэж ойлголоо.
Түүнчлэн, үр нөлөө буюу дүгнэлт хэсэгт байгууллага хохирох, төсөв хэтрэх эрсдэлтэй гэж тусгасан байх ба үүнээс харахад, Н.Сд 7 удаагийн шилжүүлгээр ажилгүй байсан хугацааны цалинг шилжүүлэхэд төсвийн ямар хэсгээс зарцуулалт хийсэн гэдгийг тогтоогоогүй байна. Төсөв хэтрэх эрсдэлтэй гэсний хувьд Нийгмийн даатгалын хэлтэс нь тухайн онуудад төсвийн ямар нэгэн хэтрэлт гаргаагүй, мөн төсвийн хэмнэлтээр уг мөнгийг шилжүүлсэн байна.
Энэ нь Төсвийн тухай хуулийн 46.1-д заасан ...Төсвийн захирагч төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн үр ашгийг сайжруулах зорилгоор тухайн төсвийн жилд захиран зарцуулж болно..., 46.3-ын ...Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн дараах арга хэмжээнд зарцуулж болно... гэж заасантай тус тус нийцжээ. Иймд, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст ямар хохирол учирсан, ямар хууль зөрчигдсөн эсэх тодорхойгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болон үйл баримтын талаар тодруулан заагаагүй байх тул нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Ш шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие С.Ш Нийгмийн даатгалын байгууллагад 2005 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Нийгмийн даатгалын байгууллагын орлогч дарга, Үйлчилгээний хэлтсийн дарга, Нийгмийн даатгалын ахлах байцаагчаар ажиллаж байгаад Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие нийгмийн даатгалын байгууллагад анх ажилд ороход Нийгмийн даатгалын байгууллага нь төрийн үйлчилгээний байгууллага байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн эхний шаардлага болох Н.Сийг ажлаас хууль бус халсан гэсэн асуудалтай холбоотой тайлбарыг хэлье. Нэхэмжлэгч Н.С 5 жилийн хугацаанд надтай 17 дахь удаа шүүхээр маргалдаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа намайг өс хонзонгийн сэдэлтээр ажлаас халсан гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэрээр Н.Сий ажилгүй байсан хугацааны цалинг иргэн С.Шээс биш аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн төсвөөс гаргуулахаар шийдвэрлэсэн. Бид нарыг Нийгмийн даатгалын Ерөнхий газраас ажилд томилж, чөлөөлдөг. Тийм учраас Нийгмийн даатгалын Ерөнхий газартай зөвшилцсөний үндсэн дээр мэргэжилтнүүдээ томилж чөлөөлдөг. Улмаар би Н.Сийг томилох талаар хүсэлтээ Нийгмийн даатгалын Ерөнхий газарт уламжлахад гэмт хэрэг үйлдсэн хүнийг ажилд томилж байгаа нь буруу гэсэн хариу явуулсан. Тэрний дагуу би цалингийн сангаас хэмнэсэн буюу эмнэлэг магадлах комиссын зардлаас хэмнэсэн зардлаас цалинг олгож байсан. Тийм учраас би төсвийг хэтрүүлсэн, Төсвийн санхүүжилтийн тухай хуулийг зөрчсөн асуудал байхгүй. Иймд нэхэмжлэгчийн надаас нэхэмжилж байгаа цалин болох 31,743,607 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Би нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
2. Мөн С.Ш намайг хуурамч диплом ашиглаж төрийн албанд ажилласан гэсэн байна. Миний бие 1987 онд Санхүү эдийн засгийн техникумыг онц дүнгээр төгсөж Монгол Улсын Их сургуульд элссэн суралцсан маань үнэн. Мөн Төрийн удирдлагын академийг төгссөн маань бас үнэн. Би анх Нийгмийн даатгалын байгууллагад ажилд ороход тухайн албан тушаалыг хаших шаардлагыг бүрэн хангасан байсан. Эдгээр хүмүүс Нийгмийн даатгалын Ерөнхий газарт гомдол гаргаснаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын зарим дарга нар буруу ташаа ойлгож намайг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож намайг ажилд эгүүлэн тогтоосон. Нийгмийн даатгалын байгууллагад мэргэжлээр тухайн албан тушаалын шаардлагыг бүрэн хангасан. Прокурорын шатанд энэ бол эрүүгийн хэрэг биш байна, энэ дипломоор албан тушаал хаших бүрэн боломжтой гээд шат шатны прокурор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад шүүхэд хандаж байгаад нь гайхаж байна. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад хэний ч гэм буруутайд тооцож үл болно. Гэтэл Н.Сий ажилгүй байсан хугацааны цалинг надаас нэхэмжилж байгаад нь гайхаж байна. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь энэ цалинг нэхэмжлэх эрх бүхий этгээд биш. Яагаад гэвэл намайг ажилд томилж чөлөөлөх, хариуцлага тооцох байгууллага нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар. Энэ цалингийн зардал ямар сангийн зардал хэтэрчхээд юунаас болоод аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хохирсон гэдэг нь тодорхойгүй байна. Тийм учраас аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжилсэн Н.Сий цалин болох 31,743,607 төгрөг, хууль бус диплом ашиглаж төрийн албанд ажиллах хугацаанд авсан цалин гэх 60,333,041 төгрөг, нийт 92,074,608 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Ийм С.Ш миний бие ямар нэгэн хууль зөрчиж цалин авсан, ямар нэгэн хууль зөрчиж хууль бусаар Н.Сийг ажлаас халсан асуудал байхгүй. 2016 оны 06 дугаар сард шүүхийн шийдвэр гарах үед Н.Сд ажилд ор гэхэд би ажилд орохгүй, 22 дугаар тойргоос нэр дэвшинэ гэж ажилд ороогүй. Н.С сонгуульд өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлсэн талаарх холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Тийм учраас би шүүхийн шийдвэрийг давж заалдаагүй. Миний бие 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар хотод төрсөн хүүгээсээ бөөр авч эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгүүлсэн. Иймд би шүүх бүрэлдэхүүнийг хүндэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухай өөрийн биеэр тайлбар өгөхөөр шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн. Ийм учраас Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжилж байгаа 92,074,648 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
1) Хавтаст хэрэгт авагдсан доорх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нийтдээ улсын тэмдэгтийн хураамжийн хамт 16395453 /арван зургаан сая гурван зуун ерин таван мянга дөрвөн зуун тавин гурван/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулан Н.Сд олгохоор болсон нь нотлогдож байна.Үүнд:
1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 98 тоот тогтоолоор Улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг,
2.Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 483 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 653 тоот тогтоолоор Н.Сд 2013 оны 01 дүгээр сарын 10-наас 2013 оны 3 дугаар сарын 18-ны хүртэлх 2 сар 8 хоногт ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 1504850 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 41676 төгрөг,
3.Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 391 тоот шийдвэр, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 125 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1136 тоот тогтоолоор 5897913 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 93990 төгрөг,
4.Баян-Өлгийн аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 599 тоот шийдвэр, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 001/хт2016/00511 тоот тогтоолоор 1822278 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 44106 төгрөг,
5.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 508 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 378 тоот тогтоолоор 6850240 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг тус тус хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгэм даатгалын хэлтсээс гаргуулахаар шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байна.
Энэ нь Н.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т заасан Монгол Улсын хууль, ... заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах,... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, ...хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах...эрхээ эдэлсэн болохыг нотолж байна.
Хариуцагч О.Шаяхмет нь Нийгмийн Даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа санаатай болон өс хонзонгийн сэдэлтээр Н.Сийг ажлаас халсан гэсэн субъектив санаа зорилгыг нотолсон нотлох баримт байхгүй байна.
Мөн дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаар болон тухайн шийдвэрийг биелүүлэх явцад нэхэмжлэгч Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст хохирол учирсан болохыг нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 611 дугаар захирамж болон Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд 6 сар 6 хоног ажилгүй байсан хугацааны цалинд 5327853 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 102000 төгрөг тус тус Баян-Өлгий аймгийн Нийгэм даатгалын хэлтсээс гаргуулан Н.Сд олгосон гэсэн эдгээр шүүхийн шийдвэрүүдийг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Дээрх үйл баримт болон шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд нь 2016 оны 7 дугаар сарын 01-нээс өмнө буюу Захиргааны ерөнхий хууль дагаж мөрдөгдөхөөс өмнө гарсан байна.
Хавтаст авагдсан нэхэмжлэгч талын бүрдүүлж өгсөн Баян-Өлгий аймгийн Санхүүгийн Хяналт, аудитын албаны 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2015, 2016 оны санхүүгийн үйл ажиллагааг шалгах тухай удирдамж, Баян-Өлгий аймгийн Санхүүгийн Хяналт, аудитын албаны 2017 оны 3 дугаар сараас 08-ны өдрөөс эхлэн ажлын 22 хоногийн хугацаанд хийсэн аудитын зөвлөмжид: ...асуудал 8-д: Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 17 тоот тушаалаар Н.Сийг ажлаас халж, оронд өөр хүнийг томилсонд хууль бус үйлдэл гэж үзэн Н.С нь шүүхэд гомдол гаргаж 3 шатны шүүхээс ялсан байна. Байгууллагын даргын буруу шийдвэрээс болж 2015 онд 7 удаагийн шилжүүлгээр ажилгүй байсан хугацааны цалин болох 9999900 төгрөг, 2016 онд 5285780 төгрөгийг иргэн Н.Сд тухайн байгууллагын төсвөөс төлж байгууллагыг хохироосон байна. Үр нөлөө: Дарга нарын хууль бус шийдвэрээс болж тухайн байгууллага хохирох, үргүй зардал гарах, төсөв хэтрэх эрсдэлтэй гэж тэмдэглэн бичсэн боловч санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн акт тавигдаагүй байна.
Иймд хариуцагч С.Шийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч байгууллагад бодит хохирол учирсан эсэхийг, мөн хариуцагч С.Ш нь Төсвийн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрсөн эсэхийг тогтоосон аудитын газрын дүгнэлт болон холбогдох мэргэжлийн байгууллагын акт байхгүй байна.
2) Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажилласан 2005 оны 3 дугаар сарын 11-нээс 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд С.Ш нь хуурамч диплом ашиглаж тус байгууллагаас нийтдээ 60331041 төгрөгийн цалин хөлс авч байгууллагад 60331041 төгрөгийн хохирол учруулсан гэх боловч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно... гэж заасан ба Х.Шаяхметийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1, 233.2-д заасан гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй болох нь зохигчдын тайлбар болон Баян-Өлгий аймгийн Прокурорын Газрын 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5/298 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол, мөн Баян-Өлгий аймгийн Прокурорын Газрын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 5/115 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол, мөн Баян-Өлгий аймгийн Прокурорын Газрын 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 5/109 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоолоор тус тус нотлогдож байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5/298 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолын олсон нь гэдэгт...С.Ш нь 1991 онд Монгол Улсын Их сургуулийн Худалдааны нягтлан бодогч мэргэжлээр төгсөөгүй бөгөөд өөрөөр хэлбэл №22768 дугаартай хуурамч диплом ашигласан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ...сэжигтэн С.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримтыг ашигласан боловч хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 20 жилийн хугацаа өнгөрсөн ба мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна...,тогтоох нь гэдэгт 1.Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга ажилтай С.Ш нь хуурамч диплом ашигласан гэх С.Шэд холбогдох эрүүгийн 201204000227 дугаартай хэргийг Монгол Улсын ЭБШ хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай....3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 22768 дугаартай хуурамч Диплом, хавсралтын хамт устгахыг прокурорын туслах ажилтан Т.Баянмөнх-д даалгасугай....гэсэн байна.
Нэхэмжлэгч тал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноор С.Ш нь хуурамч диплом ашиглаж авсан цалин хөлс болох 60331041 төгрөгийг байгууллагад төлөх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэх боловч хуулиар шаардах эрхээ нотолж чадаагүй болно.
Хариуцагч С.Ш нь Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажилласан 2005 оны 3 дугаар сарын 11-нээс 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч байсан байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу хариуцагч О.Шаяхмет нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсийн даргаар ажиллах хугацаанд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн Даатгалын хэлтэст 92074648 (ерэн хоёр сая далан дөрвөн мянга зургаан зуун дөчин найман) төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-ыг тус тус баримтлан хариуцагч РД:УС66030212 Ж*** овогт С.Шээс байгууллагад учирсан хохирол нийт 92074648 (ерэн хоёр сая далан дөрвөн мянга зургаан зуун дөчин найман) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК
ШҮҮГЧИД А.ЖАРХЫНГҮЛ
Б.МАНГИЛИК