Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00894

 

Б.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00002 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 386 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Э-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Б цэцэрлэг” Боловсрол сургалтын байгууллага, Б.Б- нарт холбогдох,

72 324 950 төгрөг гаргуулах, Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ууганбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, С.Ууганбаяр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Чинбаа, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Б.Э- би улсын бүртгэлийн Ү-2205036842 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж, 63 дугаар байрны 4 дүгээр давхарт 401, 402, 403 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор өмчилдөг. 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.Б-тай ажлын байр түрээслэх гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг 1 жилийн хугацаатай түрээсэлсэн. Түрээслэгч Б.Б- нь гэрээ байгуулснаас хойш удаа дараа түрээсийн төлбөрөө дутуу төлж, байнга чирэгдэл учруулж, сүүлийн сарын түрээсийн төлбөрүүдийг төлөөгүй учир нэхэмжлэгч 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн шүүхэд Б.Б-гаас түрээсийн гэрээний үүрэгт 7 800 000 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасныг 3 шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр түрээсийн байрыг Б.Б-гийн эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. ... Д.Түвшинбаттай 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, сарын төлбөр 3 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, урьдчилгаа 6 сарын төлбөрт 18 000 000 төгрөг авч, түрээслэгч байраа үзэх, завсар үйлчилгээ хийх шаардлагатай гээд бид хамтдаа очиход Б цэцэрлэг боловсрол сургалтын удирдлагуудын зүгээс оруулахаас татгалзсан үйлдэл гаргаж, ...танайх баруун талын хаалгаар орж гар, энэ бол цэцэрлэгийн үйл ажиллагаа явагдаж байгаа газар тул та нарыг гол хаалгаар оруулахгүй... гэсэн.

Д.Түвшинбат нь нэгэнт түрээсийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах боломжгүй болсон тул түрээсийн гэрээнээс татгалзаад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд түрээсийн гэрээний урьдчилгаанд төлсөн 18 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 18 000 000 төгрөгийг гаргуулж Д.Түвшинбатад олгохоор шийдвэрлэсэн дагуу 18 000 000 төгрөгийг би Д.Түвшинбатад улсын тэмдэгтийн хураамж 247 000 төгрөгийн хамт өгч шийдвэрийг биелүүлсэн.

... 2008 оноос хойш өмчилж байгаа боловч тус объектод өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж, эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхээ бүрэн хэмжээнд хэрэгжүүлж чадаагүй.

Иймд гэм хорын хохиролд 72 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 247 950 төгрөг, нотариатын зардал 77 000 төгрөг, нийт 72 324 950 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 63 дугаар байрны 401-403 тоот байршил бүхий үл хөдлөх хөрөнгийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад болохгүй байхыг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Нэхэмжлэгч Б.Э- нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатайгаа ижил гомдлыг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан бөгөөд түүний гомдлын дагуу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэн, иргэн Б.Б- намайг яллагдагчаар татсан прокурорын тогтоолын дагуу цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа болно. Уг прокурорын тогтоолд “...Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60А байрны 04 тоотод оршин суух Монгол овогт Банзарын Б- нь Б.Э-гийн улсын бүртгэлийн Ү-2205036842 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 4 давхарын 401, 402, 403 тоот үйлчилгээний зориулалттай 200 мкв талбайтай ажлын байр руу зориулалтаар нь нэвтрүүлэхгүй ...” байна гэж бичсэн байдаг.

... Эзэмших, ашиглах, өмчлөх эрх зөрчсөн талаар Цагдаагийн байгууллага, Иргэний хэргийн шүүхэд хамтад нь хандаж уг асуудлыг шийдвэрлүүлэх хууль эрх зүйн боломжгүй учраас тус шүүхэд гаргасан нэхэмжлэгч Б.Э-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б цэцэрлэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60А байрны 04 тоотод оршин суух Монгол овогт Банзарын Б- нь Б.Э-гийн улсын бүртгэлийн Ү-2205036842 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоот орж, гаргах боломжгүй, эрх зөрчигдөж байгаа талаарх гомдол гаргасан. ...Монгол Улсын Дээд шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 225 дугаар тогтоолоор ..., нэхэмжлэгчийн эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хариуцагчийн үйлдлийг таслан зогсоож, эрх зөрчигдөхөөс өмнөх байдлыг сэргээхээр шийдвэрлэсэн...”, “...эд хөрөнгөө эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоолгож, төв орц, гарцны 3 хаалганы түлхүүрийг хүлээн авч, өөрийн өмчийн эд хөрөнгө рүүгээ нэвтрэх эрхээ сэргээлгэснээр 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17/150 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон..:”. ...нэхэмжлэгч Б.Э-гийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн байхад дахин нэг ижил асуудлыг шийдвэрлүүлэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч Б.Э-гийн гаргасан нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00002 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1, 495 дугаар зүйлийн 495.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагаас 18 077 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54 247 950 төгрөгт болон хариуцагч Б.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Э- нь Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 63 дугаар байр 4 давхрын 401-403 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах, захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг хариуцагч Б цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 589800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагаас 248 335 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 386 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 429 200 төгрөг, хариуцагчийн 589 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Тус цэцэрлэг нь 63 дугаар байрны дийлэнх хэсгийг өмчилдөг давуу байдлаа ашиглаж нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхэд нь удаа дараагийн хууль бус үйлдлээр саад учруулж, хохироосоор байхад анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн тэрхүү хууль бус үйлдлийг өөгшүүлэн дэмжиж, нэхэмжлэгчийн эрхээ хамгаалуулах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үндсэн эрхийг нь ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

Мөн давж заалдах шатны шүүх Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоогүй Ө.Ням-Осор оролцож, хэргийн талаар дүгнэлт гаргасан нь хууль бус” гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д “энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

...Анхан шатны шүүх хуралдааныг нээснээр хурал даргалагч талуудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон иргэдийн төлөөлөгчийг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад зохигчид татгалзах зүйлгүй гэж мэдүүлсний үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж хэргийг шийдвэрлэсэн.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 386 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2018/00002 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Б цэцэрлэг БСБ-аас 2 324 950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүх үндэслэлтэй болжээ. Харин давж заалдах шатны шүүхийн зарим дүгнэлт буруу байх тул энэ агуулгаар магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцох ёсгүй хүн иргэдийн төлөөлөгчөөр оролцсон учир хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж дүгнэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1.-д зааснаар хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулна. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2.-т зааснаар тухайн шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг энэ хуулийн 78 дугаар зүйлд заасан шүүгчдийн зөвлөлгөөнөөс тогтоосон хуваарийн дагуу томилдог байна.

Анхан шатны шүүх гэм хор учруулснаас үүссэх үүргийн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1., Иргэний хуулийн 8.1.5.-д заасан шаардлагад нийцжээ.

Харин анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Ө.Ням-Осор нь хуульд заасан журмын дагуу томилогдсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хуулиар тогтоосон журмын дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А\315 дугаар “дэд жагсаалт батлах тухай” тушаал, уг тушаалын хавсралтаар Б.Э-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 00 минутад явагдах шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтад Л.Гүндэгмаа, нөөцөд А.Базаррагчаа, С.Жалхаасүрэн нар бичигдсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих иргэдийн төлөөлөгч оролцоогүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Гагцхүү давж заалдах шатны шүүх уг дүгнэлтээ “хууль бус бүрэлдэхүүнээр” хэргийг хянан шийдвэрлэсэн гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан зохицуулалтад хамааруулсан нь алдаатай болсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт иргэдийн төлөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд оролцуулахаар зааж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүхийг бүрдүүлж байгаа мэргэжлийн шүүгч мэргэжлийн үүднээс хууль хэрэглэх, эрх зүйн шийдвэр гаргах, шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож, хууль хэрэглэх, эрх зүйн шийдвэр гаргах, шүүн таслах эрхийг иргэдийн төлөөлөгчид олгосноороо Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 12 дугаар зүйлд иргэдийн төлөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд оролцуулахаар адил агуулгатай хуульчилсан байх тул Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэн Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтад “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;” гэсний “... шүүх бүрэлдэхүүнд ...”, мөн зүйлийн 3.4 дэх хэсэгт “шүүх бүрэлдэхүүнд орсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанаас өмнө хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг, маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэхээ нотлон тангараглана” гэсний “... шүүх бүрэлдэхүүнд орсон ...”, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Шүүх хуралдааны тов зарлагдмагц энэ хуулийн 9.2 дахь хэсэгт заасан дэд жагсаалтад нэр нь орсон шүүх бүрэлдэхүүнд орох нэг, нөөцөд хоёр иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаан тус бүрд сугалаагаар хуваарилна.” гэсний “... шүүх бүрэлдэхүүнд орох...”, “Иргэдийн төлөөлөгч шүүх бүрэлдэхүүнд оролцох” гэсэн 12 дугаар зүйлийн гарчиг болон заалтад орсон “... шүүх бүрэлдэхүүнд ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэсэн заалтыг зөрчсөн гэж хүчингүй болгосон байна.

Өөрөөр хэлбэл, иргэдийн төлөөлөгч нь шүүх бүрэлдэхүүнд ордоггүй болох нь Үндсэн хуулийн Цэцийн тогтоолоор нэгэнт тодорхойлогдсон тохиолдолд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4.-т заасан “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх үндэслэлийг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоход удирдлага болгосон нь учир дутагдалтай болжээ.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1.-д зааснаар иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдааны оролцогч мөн бөгөөд тухайн шүүх хуралдаанд оролцвол зохих иргэдийн төлөөлөгч оролцоогүй тул хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т заасан “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэх үндэслэл тухайн тохиолдолд илүү хамааралтай гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 386 дугаар магадлалын тогттох хэсгийн “168 дугаар зүйлийн 168.1.4.-т” гэснийг “168 дугаар зүйлийн 168.1.3.-т” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 429 190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН