Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1651

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянхангай сум, 2 дугаар баг, Хөшөөт цав хангай хороо, 1 дүгээр гудамж, 5 тоотод оршин суух, Боржигон овогт Доржсүрэнгийн Гэрэлчимэг /РД: ны86072366/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчид гудамж, 46-52 тоотод оршин суух, Ням овогт Зэвэгийн Отгонбаяр /РД: чр67051260/-т холбогдох,

 

6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат /0936/, хариуцагч З.Отгонбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан /0188/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Отгонбаяр нь Д.Гэрэлчимэг надаас 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй амаар тохиролцож зээлж авсан. Хариуцагч З.Отгонбаяр нь 2 жил гаруй хугацаанд зээлээс 4,000,000 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. З.Отгонбаяр нь бичгээр надтай гэрээ байгуулаагүй бөгөөд танилууд учраас амаар тохиролцсон. Иймд хариуцагчаас зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч З.Отгонбаяр нь миний төрсөн эцгийн дүү нь юм. З.Отгонбаяр нь 2014 оноос эхлээд “эгчдээ мөнгө зээлээч” гэж ярьдаг байсан. Ингээд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр би З.Отгонбаярт 10,000,000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохирч мөнгийг шилжүүлсэн. З.Отгонбаяр нь надад “...эгчтэйгээ гэрээгээ бичгээр дараа нь хийгээрэй” гэж хэлсэн байсан. Ингээд хариуцагч нь нийтдээ 3,900,000 төгрөгийг буцаан төлсөн. Гэвч би анх нэхэмжлэл гаргахдаа тооцооллоо буруу хийж 4,000,000 төгрөгийг буцаан төлсөн мэтээр бичсэн тул одоо үлдэгдэл 6,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. 

Хариуцагч З.Отгонбаяр нь шүүхэд худал мэдүүлэг, тайлбар өгч байна. Би З.Отгонбаяраас нэг, хоёр удаа мөнгө зээлж авч байсан нь үнэн. Гэхдээ бүгдийг нь буцаан төлсөн. Нөхөр бид хоёрт байр авахаар цуглуулсан 24,000,000 төгрөг байсан. Уг мөнгийг байрны урьдчилгаанд өгөх гэж цуглуулсан байсан юм. Ингээд бид байрны зээл авах гэхэд бид хоёрт нийгмийн даатгалын дэвтэр, шимтгэл төлсөн түүх байхгүй байсан. Ингээд энэ талаар З.Отгонбаярт хэлэхэд тэрээр “...би 10,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлж авья, харин 3 хувийн хүүнд нь нөхрийн чинь нийгмийн даатгалыг байгууллагынхаа өмнөөс төлж байя” гэсэн саналыг тавьсан. Ингэж тохирсон учраас би 10,000,000 төгрөгийг эгчид зээлсэн юм. Үүнээс хойш тэрээр нийт 6 удаагийн төлөлтөөр 3,900,000 төгрөгийг “зээл” гэсэн утгаар буцаан төлсөн, энэ талаар баримтууд хэрэгт байгаа. Хэрэгт цугларсан буюу хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, цаг хугацааны хувьд авцалдаагүй, нэхэмжлэгч авсан гэх үндэслэлгүй баримтууд байгааг шүүхийн зүгээс анхааран үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.Отгонбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Д.Гэрэлчимэгийн эцгийн төрсөн дүү нь юм. Хамгийн анх Д.Гэрэлчимэг нь над дээр “...би жирэмсэн болсон, аав ээж намайг хүүхдийн минь эцэгтэй суулгахгүй хориглоод байна, та тус болооч” гэж хөдөөнөөс ирсэн юм. Ингэж би анх өөрийн хамаатан гэж бодон Д.Гэрэлчимэг болон түүний төрөл садангийн хүмүүст туслаж эхэлсэн түүхтэй. Хөдөө амьдрал болохгүй, хэцүү байна гээд удалгүй Д.Гэрэлчимэгийн эцэг, миний ах над дээр ирсэн. Би эдгээр хүмүүст тус болж Заамараас бүгдийг нь нүүлгэж, хотод авчирсан. Төрсөн ах, дүү учраас мал, хашаа, газар зэргийг худалдан авч өгч, өөрсдийг нь төслийн зээлэнд хамруулан өгч амьдрал ахуйд нь маш ихээр тус болсон. Нэхэмжлэгчийн төрсөн дүүг нь сургуульд оруулж, Д.Гэрэлчимэгийг хуримаа хийхэд нь бүх зүйлийг нь гарган өгч тусалсан. Ингээд тооцоод үзэхээр би эдгээр хүмүүсээс буюу нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг, түүний эцэг З.Доржсүрэн, ээж Ч.Эрхмаа, нэхэмжлэгчийн төрсөн эгч Д.Гэрэлтуяа, төрсөн дүү Д.Гэрэлцэцэг, нэхэмжлэгчийн нөхөр А.Энх-Амгалан нараас нийтдээ 21,260,227.84 төгрөгийг буцаан авах авлагатай гарч байна. Энэхүү мөнгө нь миний сайхан сэтгэлээр тусалж байснаас тусдаа, зөвхөн албан ёсоор зээлсэн мөнгө, эд хөрөнгийн төлбөр гэдгийг шүүх ойлгох хэрэгтэй. Энэхүү 21,260,227.84 төгрөгөөс нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг нь дараах төлбөрийг надад буцааж өгөх үүрэгтэй. Үүнд:

1/ Надаас зээлж авсан 4,000,000 төгрөг,

2/ Түүний нөхрийн өмнөөс төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр 2,140,000 төгрөг,

3/ Зах дээр бизнес хийхэд нь зориулж зээлсэн 1,000,000 төгрөг,

4/ Дээрх 1,000,000 төгрөгийн хүү 112,000 төгрөг,

5/ Хуримаа хийхэд нь зориулж өгсөн 1,338,300 төгрөг,

6/ Дамжаанд суухад нь зориулж өгсөн 38,100 төгрөг,

7/ Миний бие өөрийн төрсөн ээждээ зориулж явуулсан ямааны махны үнэ 30,000 төгрөг. Уг ямааны махыг нэхэмжлэгч замаас нь дур мэдэн авч идсэн. Ингээд нийтдээ 8,658,400 төгрөгийг Д.Гэрэлчимэг надад буцаан төлөх үүрэгтэй байсан. Ийм ч учраас Д.Гэрэлчимэг надад 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Би Д.Гэрэлчимэг болон түүний ах дүүсэд их тус болсон боловч тусыг мэддэггүй байсан. Гэтэл Д.Гэрэлчимэг ийнхүү 10,000,000 төгрөгийг буцаан төлсөн учир би түүнийг овоо ухаантай юм байна гэж талархаж буцааж 3,900,000 төгрөгийг өөрт нь зээлсэн юм. Мөнгийг буцаан төлсөн баримтууд дээр “зээл” гэж утга бичсэн байгаа ч энэ нь би зээлсэн болохоос зээлийг эргэн төлсөн гэсэн үг биш.  

Эцэст нь хэлэхэд нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг болон түүний эгч, дүүс, эцэг, эх, нөхөрт нь би чин сэтгэлээсээ хариу төлбөртэй болон төлбөргүй тусалж, амьдрал ахуйг нь өөд нь татсан. Миний хэрэгт өгсөн баримтуудаар Д.Гэрэлчимэг болон түүний гэр бүлийнхэн нь надад нийтдээ 21,260,227.84 төгрөг төлөх ёстойгоос Д.Гэрэлчимэг нь 10,000,000 төгрөгөө буцаан төлж, өрөө барагдуулсан. Иймд би надаас нэхэмжлээд байгаа зээл гэх 6,000,000 төгрөгийг хариуцахгүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг нь хариуцагч З.Отгонбаяраас 6,000,000 төгрөгийг шаардаж шүүхэд ханджээ.

 

Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...би 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагчид 10,000,000 төгрөгийг зээлсэн. Үүнээс 3,900,000 төгрөгийг буцаан авсан. Уг нь 6,100,000 төгрөгийг буцааж авах учиртай хэдий ч анх нэхэмжлэл гаргахдаа тооцооллын алдаа гаргасан тул одоо 6,000,000 төгрөгөө буцаан шаардаж байна” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч байна.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...би нэхэмжлэгч Д.Гэрэлчимэгт нийтдээ 8,658,400 төгрөгийг бараа, болон бэлэн мөнгө хэлбэрээр зээлсэн. Д.Гэрэлчимэг нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр надад өгөх ёстой мөнгөө л буцаан төлсөн” гэж тайлбарлав. 

 

Хариуцагч З.Отгонбаяр нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр  Д.Гэрэлчимэгээс 10,000,000 төгрөгийг дансаар хүлээн авсан эсэх талаар зохигчид ямар нэг маргаан байхгүй.

 

Хариуцагч З.Отгонбаяр үүнээс хойш хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 200,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 100,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгийг “З.Отгонбаяраас зээл өгөв” гэсэн утгаар, 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөгийг “З.Отгонбаяраас зээл” гэсэн утгаар, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөгийг “Отгонбаяраас орлого” гэсэн утгаар, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг “З.Отгонбаяраас зээл өгөв” гэсэн утгаар тус тус нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг харьцуулан дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. 

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Түүнчлэн зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх учиртайг Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т заасан.

 

Иймд нэхэмжлэгч Д.Гэрэлчимэг нь зээлсэн 10,000,000 төгрөгийн зарим хэсгийг буцаан төлөөгүй гэж шүүхэд хандсан нь үндэслэлтэй, хариуцагч үлдэх мөнгийг буцаан төлөх үүрэгтэй байна.  

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох үүрэгтэйгээр оролцох ба “Д.Гэрэлчимэг нь надад өртэй байсан тул 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр надад өгөх ёстой мөнгөө л буцаан төлсөн”, “...3,900,000 төгрөгийг би зээл буцаан төлсөн биш харин зээлсэн юм” гэх хариуцагчийн тайлбар, татгалзлыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. 

 

 Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч З.Отгонбаяраас 6,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Гэрэлчимэгт олгов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Отгонбаяраас 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Гэрэлчимэгт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Гэрэлчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Отгонбаяраас 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                       Н.ХАНГАЛ