Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 386

 

 

Б.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00002 дугаар шийдвэртэй, Б.Э-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Б”-цэцэрлэг боловсрол сургалтын байгууллага болон Б.Б-д холбогдох, 72 324 950 төгрөг гаргуулах,

Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт дамдинбазарын гудамж 00 дугаар байрны 4 давхрын 000-000 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Э- би улсын бүртгэлийн Ү-2205036842 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц Хутагт Дамдинбазарын гудамж, 00 дугаар байрны 4 дүгээр давхарт 401, 402, 403 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор өмчилдөг.

2010 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.Б-тай ажлын байр түрээслэх гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг 1 жилийн хугацаатай түрээсэлсэн. Түрээслэгч Б.Б- нь гэрээ байгуулснаас хойш удаа дараа түрээсийн төлбөрөө дутуу төлж, байнга чирэгдэл учруулж, сүүлийн сарын түрээсийн төлбөрүүдийг төлөөгүй. Иймээс нэхэмжлэгч 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн шүүхэд Б.Б-гаас түрээсийн гэрээний үүрэгт 7 800 000 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасныг 3 шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр түрээсийн байрыг Б.Б-гийн эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Б.Б- нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэл агуулгын хувьд Б.Э-гийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээ, холбогдох бүртгэлийг хүчингүй болгуулахаар гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүхээс тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б.Б- ч  магадлалыг хүлээн зөвшөөрөөд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаагүй ба тухайн хөрөнгө нь Б.Э-гийн өмч мөн гэдэг нь нотлогдсон.

Б.Э- нь шүүхийн ажиллагаа дуусч, Б.Б-гийн эзэмшлээс өөрийн эд хөрөнгийг албадан чөлөөлүүлсний дараа н.Гантулга гэдэг хүнтэй түрээсийн гэрээ байгуулснаар түүнд түрээсийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах үүрэг үүсссэн боловч Б.Б- нь барилгын 4 давхар руу гарах хэсэгт өрлөг өрж, саад болсонтой холбоотой дахин Иргэний хэргийн шүүхэд хандсан. Ингээд 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2596 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 161 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолуудаар өрлөг өрсөн хэсгийг өмнөх байдалд сэргээж, хохирлыг Б.Б-гаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Б.Б- нь шүүхийн шийдвэр магадлал, тогтоолыг сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан ажиллагаа явагдаж, түүнээс нэхэмжлэлд дурдагдсан 32 000 000 гаруй төгрөгийг гаргуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон үйлдлийг таслан зогсоох ажиллагаа хийгдэж, дуусгавар болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гол үндэслэл нь тухайн 00 дугаар байр руу орж, гарах төв орц, гарцын 3 хаалганы түлхүүрийг Б.Э- хүлээж авсан. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийж аль хаалганы түлхүүрүүдийг авсан талаар тодорхой тайлбарлагдсан ба баримт нь хэрэгт авагдсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдснээр өөрийн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжтой болж, Д.Түвшинбаттай 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, сарын төлбөр 3 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, урьдчилгаа 6 сарын төлбөрт 18 000 000 төгрөг авч, түрээслэгч байраа үзэх, завсар үйлчилгээ хийх шаардлагатай гээд бид хамтдаа очиход “Б”-цэцэрлэг боловсрол сургалтын удирдлагуудын зүгээс оруулахаас татгалзсан үйлдэл гаргаж, “...танайх баруун талын хаалгаар орж гар, энэ бол цэцэрлэгийн үйл ажиллагаа явагдаж байгаа газар тул та нарыг гол хаалгаар оруулахгүй...” гэсэн.

Д.Түвшинбат нь нэгэнт түрээсийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах боломжгүй болсон тул түрээсийн гэрээнээс татгалзаад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд түрээсийн гэрээний урьдчилгаанд төлсөн 18 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 18 000 000 төгрөгийг гаргуулж Д.Түвшинбатад олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шүүх хуралдаанд “Б”-цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагын үүсгэн байгуулагч н.Артагийг гэрчээр оролцуулсан. Тэрээр “...уг барилгын 1-3 давхар, 5 давхарт сургуулийн өмнөх боловсролын “Б”-цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Цэцэрлэг нь онцгой орчин, бага насны хүүхэд хүмүүждэг тул хамаагүй хүмүүс явуулдаггүй. Тиймээс цэцэрлэгийн төв хаалгаар оруулахгүй...” гэж мэдүүлж, 18 000 000 төгрөгийг би Д.Түвшинбатад улсын тэмдэгтийн хураамж 247 000 төгрөгийн хамт өгч шийдвэрийг биелүүлсэн.

Тухайн байрны 4 давхрыг нэхэмжлэгч 2008 оноос хойш өмчилж байгаа боловч тус объектод өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж, эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхээ бүрэн хэмжээнд хэрэгжүүлж чадаагүй. Бусдад хөрөнгөө түрээслээд тооцоо мөнгөө хийгээд явдаг. Хариуцагч нар нь түрээслэгч нарыг оруулахгүй гэж хэл ам хийж, хууль бус үйлдэл гаргадаг нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад, хохирол учруулж байгаа үйлдэл бөгөөд үүний улмаас Д.Түвшинбаттай байгуулсан түрээсийн гэрээ хэрэгжих боломжгүй болсон.

Иймд гэм хорын хохиролд 72 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 247 950 төгрөг, нотариатын зардал 77 000 төгрөг, нийт 72 324 950 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 00 дугаар байрны 000-000тоот байршил бүхий үл хөдлөх хөрөнгийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад болохгүй байхыг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал түрээсийн гэрээ хэрэгжих боломжгүй болсноос учирсан хохиролд 72 324 950 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, урьдчилгаа төлбөрт авсан 18 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Э-гаас гаргуулж иргэн Д.Түвшинбатад өгсөн гэж байна.

Хан-Уул дүүргийн шүүх 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр шийдвэр гаргаж, гэрээ цуцлагдсан талаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь түрээслүүлэгчид түрээслэгч түрээсийн байрыг хүлээлгэж өгөөгүй гэх үндэслэл заасан. Түүнээс биш гуравдагч этгээдийн буруутай үйлдэл байна гэж шийдвэрлээгүй. Үндэслэх хэсэгт “Б”-цэцэрлэгийн хууль бус үйлдлийн улмаас болж үүссэн хохирлыг төлөхгүй гэж маргасан боловч түрээсийн гэрээнд заасан хөрөнгийг түрээслэгч буюу нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна гэж заасан.

Тухайн шүүх хуралдаанд одоогийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Дээрх шийдвэрт “...хариуцагчийн төлөөлөгч уг түрээсийн гэрээний хөрөнгө болох объектод орохын тулд зөвхөн төв хаалгаар биш өөр гарцаар орох боломжтой..” гэж тайлбарласан атлаа одоо “...биднийг очихоор төв хаалгаар оруулахгүй, баруун хаалга нь аваарын хаалга учир хүн орох боломжгүй. “Б”-цэцэрлэг хууль бус үйлдэл гаргаж биднийг оруулахгүй байна...” гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.

 Шүүхээс хийсэн үзлэгт уг цэцэрлэгийн байр нь 5 давхар. Баруун талд, урд талд гэсэн 2 хаалгатай, аль ч хаалгаар нь 4 давхар руу орох боломжтой гэсэн байдаг. Уг үзлэгийн тэмдэглэл хэрэгт баримтаар авагдсан. Өмнө нь аль ч хаалгаар орж болно гэж Хан-Уул дүүргийн Иргэний шүүх дээр маргаж байсан бол одоо өмнөх байр сууриа эрс өөрчлөөд төв хаалгаар орох боломжтой, баруун талын хаалгаар орох боломжгүй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм.

Цэцэрлэг нь бага насны хүүхэд хүмүүждэг сургалтын байгууллага тул онцлогтой. Бөгөөд үүнд хууль, журам, барилгын норм дүрэмд заагдсан тусгай шаардлагууд байдаг. Тухайлбал, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт цэцэрлэг нь барилга байгууламж, сургалтын орчны стандарт, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын норм, нормативыг өмчийн хэлбэр харгалзахгүй мөрдөнө гэж заасан. Сургалт-хүмүүжлийн байгууллагын барилга төлөвлөлтийн норм ба дүрэм БНбД-II-66-88-ын 3.9-т сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагыг биеэ даасан тусдаа барилгатай байхаар төлөвлөж байгуулна. Олон нийтийн иргэний барилга БНбД-31-03-03ын 3.6-д цэцэрлэг, бага сургууль, ажилчдын сууцыг нэгдсэн эзэлхүүнээр төлөвлөвөл цэцэрлэгийн барилгад бие даасан гарц төлөвлөнө гэж заасан.

Тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгийн нэг гарцыг 2 байгууллага ашиглах боломжгүй. Энэ тохиолдолд цэцэрлэгийн удирдлагуудын хүсэл зоригоос хамаарахгүй, хууль тогтоомжоо мөрдөх ёстой. Хууль болон журмаар тавигдсан шаардлагын хүрээнд “...баруун талын хаалгаар орж үйл ажиллагаагаа явуулах боломжтой гэж тайлбарлахаар, үгүй төв хаалгаар орох ёстой...” гэдэг. Төв хаалгаар оруулахгүй болохоор та нар хууль бус үйлдэл гаргаад байна гээд мөнгө нэхэмжлээд, эрх зөрчлөө гээд байгаа нь үндэслэлгүй юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1, 495 дугаар зүйлийн 495.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “Б”-цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагаас 18 077 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54 247 950 төгрөгт болон хариуцагч Б.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Э- нь Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 00 дугаар байр 4 давхрын 000-000тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах, захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг хариуцагч “Б”-цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 589 800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Б”-цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагаас 248 335 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх 54 247 950 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор иргэн Д.Түвшинбаттай байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээ, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/005131 дугаар шийдвэрийг нотлох баримтаар гаргасан. Эдгээрээс үзэхэд хариуцагч нар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан үйлдлийн улмаас Д.Түвшинбаттай байгуулсан түрээсийн гэрээ биелэгдэх боломжгүй болсон нь тодорхой байна.

Анхан шатны шүүх хариуцагч “Б”-цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагын “цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа гэх шалтгаанаар барилгын урд хаалгаар оруулахгүй, гаргахгүй зэргээр саад учруулсан үйлдлийг ” хууль бус гэж дүгнэсэн атлаа уг хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоос 54 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч болон иргэн Д.Түвшинбат нарын байгуулсан түрээсийн гэрээний дагуу 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл буюу шүүхийн шийдвэр гарах хүртэл 6 сарын хугацаанд 18 000 000 төгрөгөөр нэхэмжлэгч хохирсон байдал тогтоогдож байна гэж дүгнэж, хангаж шийдвэрлэсэн нь 6 сарын л урьдчилгаа төлбөр бөгөөд цаашид түрээсийн гэрээ хэрэгжих бүрэн боломжтой байсан.

Хариуцагч нар нь хууль бусаар нэхэмжлэгчийн эрхэд халдаж эд хөрөнгөө өмчлөх, эзэмших, ашиглах эрхэд саад учруулаагүй бол дээрх түрээсийн гэрээ хэрэгжиж, улмаар нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу 72 000 000 төгрөгийн орлогыг олох бүрэн боломжтой. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.6 дахь хэсэгт бусдын эрхийг зөрчсөн этгээд нөгөө этгээдийнхээ эрхийг мэдэж байсан боловч санаатай зөрчсөн бол эрх бүхий этгээд эд хөрөнгийн хохирлоос давсан ашгийг нөхөн төлөхийг шаардаж болно гэснийг үндэслэн олох ёстой байсан орлого буюу хохирол шаардсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх...эд хөрөнгийг хууль бусаар санаатай...үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Мөн хохиролд шаардаж буй 247 950 төгрөгийн тухайд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00513 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Э-гаас 18 000 000 төгрөгийг гаргуулж Д.Түвшинбатад олгож шийдвэрлэхдээ 247 950 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь хариуцагч “Б”-цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагын хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилно гэж заасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” 102/ЕШ2018/02091 дугаар захирамжаар Б.Э-гийн нэхэмжлэлтэй, “Б”-цэцэрлэг боловсрол сургалтын байгууллага, Б.Б- нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Азбаярыг томилсон шийдвэрийг албажуулсан.

Шүүгч Б.Азбаяр 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Иргэний хэрэг үүсгэх тухай” 102/ШЗ2018/02091 дугаар захирамж гаргаж, нэхэмжлэгч Б.Э-гийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл буюу шүүх бүрэлдэхүүнээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дангаараа явуулж, шүүх хуралдааныг дангаар даргалж ирсэн.

Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн томилсон шийдвэрийг албажуулах тухай” 102/ЕШ2019/00001 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар Б.Азбаяр, шүүх бүрэлдэхүүнд шүүгч З.Доржнамжин, Б.Мөнхтөр нарыг томилж, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт шүүх хуралдааны явцад хэргийг гагцхүү нэг шүүгч буюу нэг бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ, мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт анхан шатны журмаар шүүгч дангаараа хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Хариуцагч нараас 72 324 950 төгрөгийг гаргуулах, өмчлөх, эзэмших, ашиглах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх эрх зүйн маргаан байхад хэргийг шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж байгаа нь хууль бус бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн гэж үзнэ.

Шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хуваарийн дагуу анх томилогдсон шүүгч Б.Азбаяраар хэргийг шийдвэрлүүлэх, хуваарийн дагуу шийдвэрлүүлэхэд саад болсон аливаа үндэслэл байхгүй байхад мөн хэргийг дангаар шийдвэрлэх Ерөнхий шүүгчийн захирамж хүчинтэй байхад шүүх хуралдааны өмнө дахин захирамж гаргаж хэргийг шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж байгаа нь хэргийн оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн явдал юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч дангаар явуулж, хүсэлт, гомдлыг дангаар шийдвэрлэж, шүүх хуралдааныг дангаар даргалж байснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эцэст шүүх бүрэлдэхүүнтэй болж холимог хэлбэрээр хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт хуваарийн дагуу томилогдсон шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 78.1-т заасан журмаар томилно гэснээр Ерөнхий шүүгч нь шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн томилох шийдвэр гаргана гэж ойлгоно.

Шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт шүүх энэ хуулийн 8.6-д заасан нэрсийн жагсаалтаас долоо хоног тутам 10-15 хүний нэрсийн дэд жагсаалтыг цахим хэлбэрээр тохиолдлын журмаар тухайн шүүхийн тамгын газрын даргаар батлуулна, 9.3 дахь хэсэгт заасан шүүх бүрэлдэхүүнд орсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол нөөцөд байгаа иргэдийн төлөөлөгчдөөс мөн хэсэгт заасны дагуу нэг иргэдийн төлөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд оруулна гэж хуульчилсан.

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын “Дэд жагсаалт батлах тухай” А/315 дугаар тушаалын хавсралтад тусгагдсан бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрсийн жагсаалтад шүүх хуралдаанд оролцсон Ө.Ням-Осорын нэр бичигдээгүй, энэхүү дэд жагсаалтаас сугалаагаар сонгогдсон иргэдийн төлөөлөгч нь Л.Гүндэгмаа, нөөцөнд А.Базаррагчаа, С.Жалхаасүрэн нар дээрх тушаалын хавсралтад албан ёсоор бичигдсэн байсан.

 Шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу сонгогдсон иргэдийг шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцуулалгүй, хэн сонгосон, томилсон нь мэдэгдэхгүй хүнийг шүүх хуралдаанд оруулж хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болно.

Нэхэмжлэгч нь иргэн Б.Б- болон “Б”-цэцэрлэг боловсрол сургалтын байгууллага нарыг хариуцагчаар татсан байсныг анхан шатны шүүх өөрийн санаачилгаар хариуцагч иргэн Б.Б-г, “Б”-цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагын эрхлэгч Б.Б- болгож хариуцагчийг сольсон. Нэхэмжлэгч нь хариуцагч солих хүсэлт гаргаагүй, зөвшөөрөөгүй байхад шүүгч захирамж гаргалгүйгээр хариуцагчийг сольж, шүүх шийдвэрлэж буй маргаанд хөндлөнгийн байр сууринаас оролцоно гэсэн хуулийн зарчмыг зөрчсөн. Хариуцагчийг солих ажиллагааг шүүх тогтоол, шүүгч захирамжаар гүйцэтгэх атал ийм шийдвэр гаргахгүйгээр хариуцагчийг сольсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Мөн хуулийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн..., шийдвэр,...байгаа..” бол нэхэмжлэлийг хүлээн авхаас татгалзана гэж заасан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2596 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 161 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 225 дугаар тогтоолоор хариуцагч Б.Б-гаас 32 322 283 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийн эзэмших эрхээс хэрэгжүүлэхэд саад болж байгаа хариуцагчийн үйлдлийг таслан зогсоож, эрх зөрчигдөхөөс өмнөх байдлыг сэргээхээр шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00002 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг мөн хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар байхад нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг шүүхээс дахин сэргээн шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2596 дугаар шийдвэрээр маргаж буй барилгын хоёр орц, гарц шатыг нэхэмжлэгч Б.Э- Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1 дэх хэсэгтт заасны дагуу тэгш эрхтэй ашиглах, нөгөө өмчлөгч саад болохгүй байх үүрэгтэйг тогтоожээ”... гэх дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл адил, хариуцагч ижил, маргаантай эрх зүйн харилцаа нэг байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон гэх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй болно.

Нэхэмжлэгч Б.Э- өмнө нь 3 шатны шүүхийн шийдвэрээр орц, гарцтай холбоотой зөрчигдсөн эрхээ сэргээлгэсэн учраас шүүх түүний зөрчигдсөн эрхийг дахин сэргээх боломжгүй. Иймд хэргийг хууль бус бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч “Б”-цэцэрлэг, боловсрол сургалтын байгууллага, Б.Б- нарт холбогдуулан хохиролд 72 324 950 төгрөг гаргуулах, Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 00 дугаар байрны 4 давхрын 000-000тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалт бүхий 200 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102/ЕШ2019/00001 дугаар захирамжаар уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Азбаяр, бүрэлдэхүүний бусад шүүгчээр З.Доржнамжин, Б.Мөнхтөр нарыг томилж, албажуулсан байна. /хх218/ Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “гэм хорын хохирол” гэж тодорхойлсон тохиолдолд шүүх хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Харин анхан шатны журмаар хэргийг шүүх бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулахаар  зохицуулжээ. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр Ө.Ням-Осор гэгч оролцсон байх бөгөөд түүнд шүүхээс эрх, үүрэг тайлбарласнаар тангараг өргөж, энэ тухай баримтад гарын үсэг зурж баталгаажуулан, улмаар хэргийн материалтай танилцаж, зохигчийн гэм буруугийн болон хэргийн талаар бичгээр дүгнэлт гаргасан байна. /хх 215, 217, 240-241/

 

Зүй нь, шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгчдийн зөвлөлгөөнөөс тогтоосон хуваарийн дагуу томилогдох бөгөөд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар тухайн шүүхийн тамгын газраас сонгон шалгаруулах ажиллагаа явуулж, сонгогдсон нэрсийн жагсаалтаас долоо хоног тутамд 10-15 хүний нэр бүхий дэд жагсаалтыг цахим хэлбэрээр тохиолдлын журмаар тамгын газрын дарга баталгаажуулж, шүүх хуралдааны тов зарлагдмагц дээрх дэд жагсаалтаас нэр нь орсон нэг, нөөцөд хоёр иргэдийн төлөөлөгчийг сугалаагаар хуваарилах учиртай.  

 

Хуулиар тогтоосон дээрх журмын дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/315 дугаар “Дэд жагсаалт батлах тухай” тушаал, уг тушаалын хавсралтаар Б.Э-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 00 минутад явагдах шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтад Л.Гүндэгмаа, нөөцөд А.Базаррагчаа, С.Жалхаасүрэн нар бичигджээ. Иймд тухайн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоогүй Ө.Ням-Осор оролцож, хэргийн талаар дүгнэлт гаргасан нь хууль бус гэж үзнэ. /хх211-214/

 

Түүнчлэн, тухайн шүүх хуралдаанд нэрсийн жагсаалтаар сонгогдсон дээрх нэр бүхий иргэдийн төлөөлөгч нарт шүүхээс хийвэл зохих ажиллагаа хийгдээгүй буюу шүүх хуралдааны тов мэдэгдсэн талаарх баримтгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн” гэх агуулгаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт болон хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 429 200 төгрөг, хариуцагчийн 589 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                                           

                                       ШҮҮГЧИД                        Г.ДАВААДОРЖ

 

                                                                                 Т.ТУЯА