| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2018/0226/Э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2018-10-08 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 72
Г.Ш-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Я.Туул
Шүүгчид Ц.Амаржаргал
Б.Манлайбаатар
Оролцогчид
Прокурор Г.Яндаг
Шүүгдэгч Г.Ш-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 251 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-ын Ш-т холбогдох эрүүгийн 1818002600170 тоот 1 хавтас хэргийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, У- Г-ын Ш-, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч Г.Ш- нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж, байгаль орчинд 1.122.900 төгрөгийн хохирол,
Мөн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж, байгаль орчинд 2.242.367 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 251 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч У- Г-ын Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж байгаль орчин түүний баялагт 3 365 537 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Ш-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Ш-т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Ш-ын эзэмшлийн 12 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий усан буу /алт угаах төхөөрөмж/ 1 ширхэг, 220 000 төгрөгийн үнэлгээ бүхий усны насос 1 ширхэг, 450 000 төгрөгийн үнэлгээ бүхий 380 вт-ын цахилгаан гаргагч мотор 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулахаар,
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Г.Ш-аас 9.363.010 /есөн сая гурван зуун жаран гурван мянга арав/ төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар... шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо:
“...Шүүгдэгч Г.Ш- нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй бөгөөд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаль орчин түүний баялагт учруулсан хохирол 3.365.537 төгрөг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 49.5-д зааснаар БОАЖЯ-ны сайдын 2010.05.27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр төлөх аргачлалын дагуу тооцсон 8.9997.563 төгрөг нийт 12.363.100 төгрөгийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харалзан үзэж түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тайлбартаа:
“...Г.Ш- нь байгаль орчинд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, урьд ямар нэгэн зөрчил, эрүүгийн хэрэгт холбогдож байгаагүй. Шарын гол суманд хууль бусаар алт олборлох ажиллагаа явагддаг бөгөөд энэ нь болох юм байна гээд энэ үйлдлийг хийсэн боловч энэ нь буруу гэдгийг ойлгож, хийсэн хэрэгтээ гэмшсэн.
Г.Ш- нь анхан шатны шүүх хуралдааны шатнаас 3 сарын хугацаанд хоригдсон, биеийн эрүүл мэндийн байдал сайнгүй, бөөр өвддөг зэрэг байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацааны хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг баримтлан “12.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий усан буу, 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан гаргагч мотор, 220.000 төгрөгийн үнэлгээ бүхий усны насос зэргийг хохирол төлөхөд зарцуулсугай” гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан. Г.Ш- нэгэнт учирсан хохирлыг биет байдлаар, бэлэн мөнгөөр төлсөн тул эдгээр 3 зүйлийг Г.Ш-т буцаан өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш- тайлбар мэдүүлэгтээ:
“...Байхгүй” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор Г.Яндаг гаргасан тайлбар дүгнэлтэндээ:
“Г.Ш- 2 удаагийн үйлдлээр ашигт малтмал олборлосон гэмт хэрэг үйлдсэн. Г.Ш-ын үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйлийг битүүмжилсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж зааснаар битүүмжлэлийн эд зүйлийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Г.Ш- нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж, байгаль орчинд 1,122,900 төгрөгийн хохирол,
Мөн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж, байгаль орчинд 2.242.367 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ш-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Ш-ыг 1 жил 6 сар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Г.Ш-аас 9.363.010 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын “...Г.Ш-т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү..” гэх үндэслэлийн дагуу хэргийн материалыг бүхэлд нь хянахад шүүхийн шийдвэрт нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.
Тухайлбал:
Хонгор сум 2-р баг Хүйтний гол “Цэхэр цөөрөм” гэх газарт хууль бусаар алт олборлож буй талаарх мэдээллийн дагуу Цагдаагийн газар зохих шалгалтыг хийх явцад иргэн Г.Ш- “Dooson” маркийн 2 ширхэг /хэргийн 40, 120 дугаар тал/, “Hyundai” маркийн 1 ширхэг эксковаторуудыг /хэргийн 7, 40 дүгээр тал/ ашиглан хууль бусаар алт олборлож байсан байна.
Энэ нь хэргийн газраас “Hyundai” маркийн эксковаторыг тээвэрлэж ирсэн талаар гэрч Б.Замын мэдүүлэг /хэргийн 33 дугаар/, Ачаа тээвэрлэлтийн гэрээний дагалдах бичигт “Dooson” эксковатор тээвэрлэж ирсэн баримт /хэргийн 36 дугаар тал/ -уудаар тогтоогдож байна.
Гэтэл Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Hyundai” маркийн эксковаторын талаар огт дурдаагүйгээс гадна энэ эксковаторын эзэмшигч нь хэн болох, дээрх эксковаторыг хэнд хүлээлгэж өгсөн, хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын албан бичигт Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга П.Э-г иргэний нэхэмжлэгчээр тогтоолгож улмаар эксковатор тээвэрлэсэн зардлыг буруутай этгээдээр гаргуулахыг хүссэн албан бичиг ирүүлжээ. /Хэргийн 41 дугээр тал/
Дээрх хүсэлтийг үндэслэн иргэний нэхэмжлжлэгчийг тогтоох асуудлыг шийдвэрлээгүйгээс шүүгдэгч Г.Ш- шүүх хуралдаанд тээвэрлэлтийн зардалд 1.500.000 төгрөг 2 удаа өгч нийт 3.000.000 төгрөг төлсөн гэж мэдүүлсэн бол тээвэрлэлт хийсэн “Халнит” ХХК-ний захирал болон энэ компаний жолооч М.А- нар тээвэрлэлтийн зардалд нэг удаа 1.020.000 төгрөг авсан, өөр мөнгө аваагүй гэж зөрүүтэй мэдүүлж /хэргийн 34, 35 дугаар тал/ байгаа нь гэм буруутай этгээдээс авсан төлбөр, төлбөр авбал зохих этгээддээ бүрэн очсон эсэх нь тодорхойгүй байхад энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй байна.
Анхан шатны шүүх энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлүүдийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-т заасан “...Гэмт хэрэг үйлдэж олсон орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан .. техник хэрэгслийг ойлгоно гэснийг үндэслэл болгон мөн зүйлийн 1, 3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлүүдийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс учруулсан хохирлыг төлөх, илүү гарвал улсын төсөвт шилжүүлэх тухай заалтыг баримтлаагүй нь буруу байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугааар сарын 23-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ш-т холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ш-т холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.
2. Шүүгдэгч Г.Ш-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Б.МАНЛАЙБААТАР