Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 183/2018/03456/И |
Дугаар | 001/ХТ2019/00975 |
Огноо | 2019-06-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2019/00975
З гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/00129 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 382 дугаар магадлалтай,
З гийн нэхэмжлэлтэй,
Б т холбогдох
Өмгөөллийн хөлсөнд төлсөн 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З , нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие өөрийн хүү Ө.Ариунболдын хэргийг өмгөөлүүлэхээр 2018 оны 05 сарын 17-ны өдөр өмгөөлөгч Б тэй гэрээ байгуулсан. Б нь миний хүү Ө.Ариунболдын хэрэгт дахин шинжээч томилуулахаар прокурортой ярьсан гэж худлаа хэлж гэрээ байгуулан, манай гэрт машинтай ирж, ажлын хөлсөнд 500,000 төгрөгийг 2018 оны 05 сарын 17-ны өдөр бэлнээр авсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт буруу гарсан дахин шинжээч томилуулмаар байна гэхэд дахин томилох болсон гэж хэлсэн. 2 хоногийн дараа Б рүү залгахад Төв аймагт шүүх хуралдаанд оролцохоор явж байна гэсэн бөгөөд 7, 8 хоногийн дараа залгахад утсаа аваагүй хариу өгөөгүй удсан. 2018 оны 06 сарын 29-ний өдөр шүүх хурал болох гэж байхад миний хүүтэй уулзаагүй, нөгөө талын өмгөөлөгчтэй уулзсан бөгөөд архи уусан байсан ба шүүх хуралдаанд нэг ч үг дуугараагүй. Миний хүүгийн эмнэлгийн 3 акт нотлох баримтаар өгөөгүй байгаа, өгч болох уу гэхэд одоо хэрэггүй гээд өгүүлээгүй. Өмгөөлөгч Б нь гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд худлаа хэлж залилсан төдийгүй өөрөө гэмт хэрэг үйлдэж өмгөөлөх үйл ажиллагаа явуулах эрхгүй байснаа нууж хийх ёстой ажлаа хийгээгүй учраас өмгөөллийн хөлсөнд төлсөн 500,000 төгрөгийг түүнээс буцаан гаргуулах хүсэлтэй. Иймд хариуцагч Б ээс 500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбарт: 2018 оны 03 сарын 22-ны өдөр Өмгөөллийн “Энуг Консалтинг” ХХН-ийн хуульч, өмгөөлөгч Б би хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хийж, хохирогч Ө.Ариунболдод хуулийн дагуу гэрээний 1.3-т зааснаар өмгөөллийн эрх зүйн туслалцааг үзүүлсэн болно. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/00129 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан З гийн нэхэмжлэлтэй, Б т холбогдох, өмгөөллийн хөлсөнд төлсөн 500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 382 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/00129 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч С.Эрдэнэсувд нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 183/ШШ2019/00129 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 382 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч, анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүхээс дүгнэхдээ “...2019.03.22-ны өдрийн 004 дүгээр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний 1.1, 1.3-т зааснаар “өмгөөлөгч нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгчөөр оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлэх, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гармагц гэрээний үүрэг бүрэн биелэгдсэнд тооцон гэрээний хугацаа дуусгавар болно” гэсний дагуу Б нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.29-ний өдрийн шүүх хуралдаанд хохирогч Ө.Ариунболдын өмгөөлөгчөөр оролцсон, энэ нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.29-ний өдрийн шийтгэх тогтоол, зохигчдын тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364.1, 236.1.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, дуусгавар болсон байна” хэмээн тус тус дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс өмгөөлөгч Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхгүй байна. Тухайлбал,
1. Шүүх гэрээний үүргийг зөв дүгнэлгүй хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Гэрээ хийгээд хуулиар хүлээсэн үүрэг нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 206 дугаар зүйлийн 206.1-т заасны дагуу мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1. “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” бол үүрэг дуусгавар болсон гэж үздэг бөгөөд хариуцагч Б нь дараах хэдэн үүргийн зөрчил гаргасан буюу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж байгаа болно. Үүнд: Хүү Ө.Ариунболдын эрүүгийн хэрэгт дахин шинжээч томилуулна, томилуулахаар прокурортой ярьсан гэж худал хэлсэн, дахин шинжээч томилуулах ажиллагааг хийгээгүй, нөгөө талын өмгөөлөгчтэй уулзаж архи уусан, шүүх хуралдаанд согтуу орсон, шүүх хурлаас өмнө миний хүү Ө.Ариунболдтой уулзаагүй, шүүх хуралдаан дээр өмгөөлөх нэг ч үг хэлээгүй, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, Б нь өөрөө залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байснаа нууж, надтай гэрээ байгуулсан. Тэгэхээр эдгээр үүргийн зөрчил тус бүр гарсан эсэх мөн өмгөөлөгчийн буюу хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ шударгаар, зохих ёсоор гүйцэтгэсэн үү гэдгийг шүүх хууль, дүрмийн дагуу дэнслэн үзэж шийдвэрээ гаргах ёстой байхад ингэж чадаагүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 1.7.1, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т “Өмгөөлөгч нь хуулийн хүрээнд үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаална” хэмээн заасан боловч Б нь миний хүү Ө.Ариунболдын эрүүгийн хэрэгт чин сэтгэлээсээ хандах, хүчин чармайлт гаргах, үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн ,тууштай хамгаалах үүргээ умартан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Түүнчлэн, дээрх дүрмийн 2.1.1, 2.3.1.2, 2.3.1.3-т заасныг тус тус зөрчиж үйлчлүүлэгч З , Ө.Ариунболд нартай уулзаж, үйлчлүүлэгчийн хүсэл зориг, ашиг сонирхол юу болохыг тогтоож, түүнд үндэслэлгүй, үйлчлүүлэгчтэй зөвлөлдөлгүй, холбогдох мэдээллээр хангалгүй шүүх хуралдаанд оролцсон гэх боловч нэг ч үг, өгүүлбэр хэлж үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хангах үүргээ биелүүлээгүй болно. Гэтэл шүүхээс “хариуцагч Б. Уранчимэг нь шүүх хуралдаанд оролцсон тул гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлжээ” хэмээн дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Учир нь үйлчлүүлэгч миний зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд хэн нэг этгээдийг оруулахаас илүү хуульч, өмгөөлөгчийн мэдлэг, ур чадварт үндэслэн, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар харилцан тохиролцсон хөлсийг төлж оролцуулахаар дээрх “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г байгуулсан болохыг шүүх анхааралгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргалаа. Мөн дээрх дүрмийн 2.1.3-д “Хуульч үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан эсхүл дуусгавар болгосон бол тухайн шийдвэрийн үндэслэлийг тайлбарласан мэдэгдэл, үйлчлүүлэгчийн баримт бичиг, эд хөрөнгө, түүнд буцаан төлбөл зохих хөлс, зардлын үлдэгдлийг хүлээлгэн өгөх зэрэг шаардлагатай арга хэмжээг авсан” хэмээн заасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт болон хариуцагчийн тайлбар зэргээс үзвэл талуудын хооронд байгуулагдсан 004 тоот “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэж дуусгавар болсон хэмээн тайлбарлаж байна. Гэтэл үүргийг зохих ёсоор гүйцэтгэнэ гэдэг нь зөвхөн үүрэг гүйцэтгэх үйлдэл бус харин үүрэг гүйцэтгэгч хүчин чармайлт гаргаж, өөрөөс хамаарах үйл ажиллагааг гүйцэтгэх, тодорхой үр дүнг бий болгох буюу үүргийн гүйцэтгэлийн үр дүнг гаргах явдлыг ойлгодог. Гэтэл хариуцагч нь шүүх хуралдаанд орж зогссоноос бус үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг мэдэж, хуульд үл харшлах арга, хэрэгслийг ашиглан бүрэн, тууштай хамгаалах үүргийнхээ дагуу нэг ч үйлдэл гаргаж мэтгэлцэж оролцоогүй бөгөөд үйлчлүүлэгчийн хүссэн дахин шинжээч томилуулах хүсэл, сонирхолд ямар нэг үр дүн гаргаагүй нь үүргийг зохих ёсоор гүйцэтгэж дүн гаргасан гэж үзэхгүй. Түүнчлэн, өмгөөлөгч нь үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа бол дээрх дүрмийн 2.1.3-т зааснаар тухайн шийдвэрийн үндэслэлийг тайлбарласан мэдэгдэл, эцсийн үр дүнг тайлбарлаж үйлчилгээг дуусгавар болгосон талаар тайлбарлах үүргээ биелүүлээгүй тус дүрмийн зохицуулалтыг зөрчсөн байна. Дээрхээс дүгнэн үзвэл Б нь хууль зүйн түслалцаа үзүүлэх гэрээний үүргээ шударгаар зохих ёсоор гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2, 367.3 болон 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г цуцалж, түүний үр дагаварт өмгөөллийн хөлсөнд өгсөн 500,000 төгрөгийг мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар буцаан гаргуулж шийдвэрлэх нь шударга ёс хийгээд хуульд нийцнэ гэж үзэж байна.
2. Нотлох баримтын талаар: Анхан шатны шүүх Б ийн хүсэлтээр эрүүгийн хэргийн 3 шатны шийдвэрийг авсан хэрнээ маргааны гол үндэслэл болох хариуцагч үнэхээр өмгөөлөх үйл ажиллагааг явуулсан эсэх шүүх хуралдаан дээр үг хэлсэн эсэхийг нотлох тухайн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэгийг хэрэгт авалгүйгээр шийдсэнд гомдолтой байна. Түүнчлэн хариуцагч нь өөрөө зохих ёсоор хууль зүйн туслалцааг үзүүлсэн гэдгээ нотлоогүй болно. Иймд хууль зүйн үндэслэлгүй гарсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 183/ШШ2019/00129 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 382 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч З нь хариуцагч Б т холбогдуулан өмгөөллийн хөлсөнд төлсөн 500,000.00 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.
З гийн “...Б нь хурлаас өмнө миний хүү Ө.Ариунболдтой уулзаагүй, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан орох үед Б нь нөгөө талын өмгөөлөгчтэй уулзаад архи уусан байсан, шүүх хуралдаан дээр нэг ч үг хэлээгүй, прокурортой уулзсан дахин шинжээч томилуулна гэж надад худлаа хэлсэн, өмгөөлөх үйл ажиллагаа явуулах эрхгүй байснаа нууж надаас өмгөөллийн хөлсөнд авсан 500.000.00 төгрөгийг буцаан гаргуулна” гэснийг хариуцагч Б эс зөвшөөрч, “...гэрээний дагуу эрх зүйн туслалцаа үзүүлсэн, нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргажээ.
2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр З , Б нарын хооронд “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” гэрээний хавсралт байгуулж өмгөөлөгч Б нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ө.Ариунболдын өмгөөлөгчөөр оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлэх, З нь үйлчилгээний хөлсөнд 500.000.00 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар маргаагүй ч өмгөөлөгч гэрээний дагуу хууль зүйн туслалцаа үзүүлээгүй гэж нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласан байна.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 561 дүгээр шийтгэх тогтоолоос үзэхэд хохирогч Ө.Ариунболдын өмгөөлөгчөөр Б нь оролцсон байх бөгөөд түүнийг шүүх хуралдаан дээр хууль зүйн туслалцаа үзүүлээгүй, үг хэлээгүй гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тухайн шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой болох байжээ.
Хариуцагч нь 2018 оны 12 сарын 28-ны өдөр “...шүүх хуралдааны тэмдэглэл...” зэрэг баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 сарын 09-ний өдрийн захирамжаар хангахгүй орхисон байна.
Хэргийн үйл баримт, зохигчдын хооронд үүссэн маргааны зүйл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл зэргээс үзэхэд шүүхээс дээрх хүсэлтийг хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8-д нийцнэ.
Зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4-т зааснаар мэтгэлцсэн гэж үзэх боломжгүй байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.
Иймээс нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/00129 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 382 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 15,650.00 /арван таван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН