Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/0478/з |
Дугаар | 12 |
Огноо | 2017-01-16 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 12
“Бул бул” ХХК-ний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч “Бул бул” ХХК-ний захирал Т.Елемес, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч Л.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 621 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2016/0710 дугаар магадлалтай, “Бул бул” ХХК-ний нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Өнөрмаа, Л.Энхтуяа нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч “Бул бул” ХХК-ний захирал Т.Елемесийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 09 дүгээр сарын 05-ны өдрийн 621 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/2006/-ийн14 дүгээр зүйлийн 14.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 350017416 тоот актаар “Бул бул” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 3,408,900 төгрөгийн торгууль, 4,005,457 төгрөгийн алданги, нийт 7,414,357 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, төлбөрийн хэмжээг 11,363,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2016/0710 магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 621 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “Бул бул” ХХК-ний захирал Т.Еленес хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан заалтуудыг зөрчсөнийг дараах баримтуудаар нотлож байна. Үүнд:
Нэг. Магадлалд ажил үйлчилгээг тусгасан бусад баримт, журнал, худалдан, авалтын дэвтэр, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан зэрэг баримтууд байхгүй байгаагаас үзвэл ... зохих журмын дагуу бүрдүүлсэн анхан шатны баримт, санхүүгийн болон бусад татварын тайлангаар тогтоогдохгүй байна.
“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”-нд татвар ногдуулахаар тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Бул бул” ХХК нь өөрөө “Алтанганьт” компанийн гүйцэтгэсэн ажилд нэмэгдсэн өртгийн татвар ногдуулж төлсөн гэх баримтыг бүрдүүлж, бусдад төлөх татвараас хасч тооцсон байна.
Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч татвар ногдуулаагүй, гагцхүү Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг зөрчиж анхан шатны баримтаар нотлогдоогүй татварыг хассаныг зөрчил гэж үзэж нэхэмжлэгчээр уг татварыг нөхөн төлүүлэхээр акт гаргасан байх тул дээрх гомдол үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ.
Зөвхөн энэ хоёр дүгнэлтээс үзэхэд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-ийн заалт нь ажил үйлчилгээг гүйцэтгэсэн компани нь татвар төлөх тухай буюу орлого олсон тал нь татвараа тайлагнаж төлөхөөр хуульчилсан заалтыг шүүх буруу ойлгож хэрэглэсэн, түүнчлэн “Алтан ганьт” ХХК-иас гүйцэтгэсэн ажлынхаа төлбөрийг Нэмэгдсэн өртгийн албан татварын шингээсэн үнээр авсан тухайгаа баталж Нэмэгдсэн өртгийн албан татварын падан, бэлэн мөнгөний орлогын болон зарлагын баримтаа бүрдүүлж өгсөн байхад манай компанийг өөрөө бүрдүүлж төлөх татвараасаа хассан мэтээр буруу дүгнэсэн байна.
Хоёр. анх “Алтан ганьт” ХХК-иас нэхэмжлэгчид өгсөн 12295384 дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын паданд бараа ажил үйлчилгээний нэрийг буруу бичиж өгснийг үндэслэн уг падаан нь татварын албанаас олгосон нэгдсэн дугаартай падан мөн эсэх, уг паданаа татварын тайландаа тусгасан эсэхийг хожим (өнөөдрийн манай компанийг татварын алба болон шүүхээс буруутгаж байгаагийн адилаар) хуурамч падан авсан хэрэг болон татварын өрөнд орохоос сэргийлж шалгуулж, “Алтан ганьт” ХХК нь Баянзүрх дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч компани мөн, уг падан татварын газраас өгсөн нэгдсэн дугаартай падаан байна гэсэн хариуг авсан юм.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд миний энэ баримтыг миний эсрэг хэрэглэж “Бул бул” ХХК-ийн захирал “бэлэн мөнгөний зарлага гарснаас уг ажил гүйлгээ бодитой хийгдсэн эсэхийг шалгуулахаар татварын байгууллагад өөрөө хандаж байсан” гэж мушгин ашиглаж, тэрч атугай магадлалд “Алтан ганьт” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын тайландаа дээрх паданыг тусгаж тайлагнасан нь тухайн хуулийн этгээдийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийлгэх зорилготой болохоос “Бул бул” компанийг нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн ажил үйлчилгээ авсныг нотлох баримт биш гэж үзэхээр байна” гэж буруутгах нотлох баримт болгосон шүүхийн дүгнэлтэнд би үнэхээр их гомдож, нотлох баримтыг ийнхүү буруу үнэлснийг эгдүүцэн эсэргүүцэж байна.
Хэдийгээр миний шүүхэд гаргаж өгсөн манай болон “Алтан ганьт” ХХК-ийн баримтууд үг үсгийн зөрүүтэй ч ямарч байсан манай компаниас “Алтан ганьт” ХХК-д 124.193.000 төгрөгийг төлсөн нь үнэн гэдгийг батлах баримт бөгөөд 20 сая төгрөгийн төлөө ийм их мөнгийг зүгээр төлчихсөн гэдэгт шүүх итгэж байгаад гайхаж байна.
Би барьсан тус бүр 5-6 орц бүхий 12 давхар орон сууцны 13 барилгынхаа суурийн нүхийг “Алтанганьт” ХХК-иар ухуулж төмөр бетон бүрэн цутгамал суурь хийсэн, бүгдэд нь оршин суугчид орчихсон, энэ бодитой том бүтээн байгуулалтаа өнөөдөр ч үзүүлэхэд бэлэн бодитой нотолгоотой байна.
Гурав. миний нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь татварын байцаагчид манай компанийн санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, журналууд, ажлын актуудыг үзэж газар дээр нь үзэж шалгаагүй учраас бодитойгоор хийсэн ажлыг ямар ч нотолгоогүйгээр үгүйсгэж, акт бичсэн тул маргаан бүхий татварын актыг илт хууль бус болохыг тогтоолгох, уг актыг хүчингүй болгуулах асуудал байсан.
Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр, магадлалуудад байхгүй гэж бичсэн бүх баримтууд түүнээс ч илүү олон баримтууд манай компанийн татварын газарт тухайн үедээ өгсөн цахим тайлангуудад ч бүгд байсан болно.
Гэтэл байцаагчид бичсэн актаа ямар нотлох баримтаар нотолж байгааг шүүх огт хянаж үзэлгүй, тэдгээрийн ямарч баримтаар нотлоогүй худал тайлбар мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэж, “Алтан ганьт” ХХК-ийн бичсэн баримтуудын үг үсэгний зөрүүг манай компанийг зохиомлоор үйлдсэн мэтээр үнэлж хэт нэг талыг барьж шийдвэрлэж байна.
а. Энэ бүх буруу шийдвэр гарах үндэс нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.2-т “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж заасан хуулийн заалтыг бүрэн хэрэглэлгүй, эргэлзээтэй баримтуудад тулгуурлан нэг талыг хэт буруутгаж үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үнэн юм.
б. Шүүхээс эдгээр хуулиудыг зөрчиж миний гаргаж өгсөн баримтуудыг батлах эсхүл үгүйсгэхийг шууд нотлох оноосон нотлох баримтуудыг хариуцагчид болон маргаанд холбогдож байгаа “Алтан ганьт” ХХК, түүнчлэн дүүргийн татварын хэлтсээс гаргуулан авч хэрэгт байгаа баримтуудтай тулган хянах ажиллагааг хийгээгүйгээс жинхэнэ бодит байдлаас тэс зөрүүтэй шийдвэрүүдийг гаргаж байна.
в. Нэгдсэн дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын паданыг татварын албанаас тусгай журмын дагуу зохих бүртгэлтэйгээр олгож, олгосон падануудын зарцуулалтын тайланг татварын хэлтэс тухайн компаниас авч тухай бүрт нь баталгаажуулдаг журамтай учир тухайн “Алтан ганьт” ХХК-ийн 12295384 паданы үнэн зөв эсэхийг нотлох баримтыг олгосон татварын алба л хариуцан гаргах ёстой.
Дөрөв. анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шийдвэртээ заасан нотлох баримт хэрэгт авагдаагүй мэдсэн атлаа уг баримтыг оролцогчдоос шаардан гаргуулж хэргийг нэг удаа хойшлуулж шийдвэрлэх боломж олголгүй шууд нэхэмжлэгчийн эсрэг нотолгоо болгон заасныг ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д заасан заалтыг хэрэглээгүй зөрчсөн гэж үзэж байна.
Ийнхүү шүүхийн шийдвэр магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д зааснаар дээрх шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргаж, хэргийг бүрэн нотлох баримттайгаар хянан шийдвэрлүүлэх боломж олгож өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Энхтуяа, А.Өнөрмаа нарын гаргасан 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн татварын улсын байцаагчийн 350017416 дугаар актаар нэхэмжлэгч “Бул бул” ХХК-ийг “... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1..., 14.3...-т заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр 113,630,000 төгрөгийн зөрчил тогтоон, 11,363,000 төгрөгийн нөхөн татвар, 3,408,900 төгрөгийн торгууль, 4,005,457 төгрөгийн алданги ногдуулсан, нэхэмжлэгч “...гүйлгээ хийсэн нь ... санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогдоно..., хууль зөрчөөгүй” гэж, хариуцагч нар “... ажил үйлчилгээ худалдан авсан мэтээр ... тайланд хасалт хийж, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил илэрсэн” гэж маргажээ.
Нэхэмжлэгч “Бул бул” ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, “2012 оноос Баянзүрх дүүргийн 14, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны хороолол барих төслийн үйл ажиллагаанд оролцож, орон сууцны 13 барилга барьсан”, талууд уг үйл баримттай маргаагүй байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Алтан ганьт” ХХК-иас “Бул бул” ХХК-нд “барилгын машины түрээс”, “түлш” худалдсан гэж, бараа, ажил үйлчилгээний төлбөрт 113,630,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 11,363,000 төгрөг, нийт 124,993,000 төгрөгийг төлсөн гэх нэмэгдсэн өртгийн албан татварын 12295384 дугаар падаан олгосон, нэхэмжлэгч “Бул бул” ХХК-ийн захирал Т.Еремекээс “... /тухайн үед/ намайг өвчний учир эзгүй байхад ... гүйцэтгэх захирлын гарын үсгээр их хэмжээний бэлэн мөнгө гарсан байсан, ... уг гүйлгээг тухайн үед татварын газарт хандаж шалгуулахад... үнэн зөв байна гэсэн хариу өгсөн” гэх тайлбарыг шүүхэд гаргаж, “Бул бул” ХХК-ийн захирал Т.Еремекийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст хандаж гаргасан “... барилга хариуцсан гүйцэтгэх захирал Цай Мэй Чин нь танай дүүрэгт бүртгэлтэй ... “Алтан ганьт” ХХК-иас бэлэн мөнгөөр шаардлагагүй материалууд худалдан авч, НӨАТ-ын падаан бичүүлсэн нь анхаарал татаж байна. Иймээс /тус/ ...компани 8,9,10 дугаар сард НӨАТ-ын борлуулалтыг мэдээлсэн болон 3 улирлын тайлан мэдээнд тусгасан талаар шалгаж өгнө үү” гэсэн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/12 дугаартай албан бичгийг нотлох баримтаар ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагджээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх уг баримтад холбогдуулан татвар төлөгчийн уг хүсэлт ямар агуулгатай, татварын байгууллага хүсэлтэд ямар хариу өгсөн, хүсэлтийн дагуу хяналт шалгалтын ажил хийсэн эсэхийг тодруулаагүй, “... Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, Татварын ерөнхий газарт хүсэлт гаргаснаас үзвэл ... падаан хий бичилттэй гэдгийг анхнаас нь мэдэж байсан” гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь нэг талаас “хуурамч падаан ашиглаж, татвар ногдох орлогоо бууруулсан” хууль бус үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгасан, нөгөө талаас хуурамч падаан байж болзошгүй гэж уг падааныг шалгуулахаар татварын байгууллагад тухайн үед хандаж байсан хууль ёсны үйлдэл нь мөн нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болсон гэж ойлгогдохоор байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчимд нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Бул бул” ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/12 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст нэмэгдсэн өртгийн албан татварын 12295384 дугаар падаанд холбогдуулан “... падаан шалгуулах тухай” хүсэлт гаргасан нь маргаан бүхий захиргааны актаар тогтоосон 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12295384 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар “.../татвар ногдох орлогыг бууруулах зорилгоор/ ажил үйлчилгээ худалдан авсан мэтээр ... баримт бүрдүүлсэн” гэх үйлдлийг яаж нотлоод байгаа нь ойлгомжгүй, эргэлзээтэй байна гэж үзлээ.
Түүнчлэн, нэхэмжлэгчээс 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Бул бул” ХХК, “Алтан ганьт” ХХК-ийн хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, Барилгын ажил гүйцэтгэсэн тухай тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн, эдгээр баримт болон хэрэгт авагдсан бусад санхүүгийн зарим баримтад “Алтан ганьт” ХХК-ийг төлөөлж “захирал Чинбат” гэх гарын үсэг зурсан, Ц.Чинбат гэх хүнд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн материалууд хэрэгт авагдсан, нэхэмжлэгчээс “... манай компани “Алтан ганьт” ХХК-тай гэрээ байгуулж, .../бараа, ажил үйлчилгээ/ худалдан авсан” гэж, хариуцагчаас “... худалдан авсан мэтээр баримт бүрдүүлсэн, ... хий бичилттэй падаан /бусдаас/ худалдан авсан” гэж маргасан, энэ тохиолдолд, гэрээ байгуулж, ажил гүйцэтгэж, төлбөр хүлээн авсан гэх Чинбат нь “Алтан ганьт” ХХК-тай ямар хамааралтай болох талаар нотлох баримт цуглуулж, дүгнэлт хийх нь “Бул бул” ХХК нь “Алтан ганьт” ХХК-иас бараа ажил, үйлчилгээ худалдан авсан эсэх, төлбөр төлсөн эсэх үйл баримттай холбоотой захиргааны актын “үндэслэлтэй эсэх”-ийг шүүхээс тогтооход ач холбогдолтой байна.
Мөн нэхэмжлэгчээс “...татварын байцаагч нар компанийн санхүүгийн баримтад шалгалт хийгээгүй, баримт үзэлгүй хий акт тогтоосон” гэж маргасан, хариуцагч татварын улсын байцаагч нар татварын хяналт шалгалтыг хэрхэн хийж гүйцэтгэсэн, санхүүгийн баримт, материалуудыг шалгасан эсэхийг тогтоож дүгнэхгүйгээр “...гүйлгээний утгыг ... баримтуудад зөрүүтэй тэмдэглэсэн” гэх нэг үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
Иймд, нэхэмжлэгчийн “... шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн” гэх хяналтын гомдлыг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 621 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2016/0710 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Бул бул” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА