Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 985

 

Д.Л, Л.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:         

          прокурор Т.Оюунжаргал,

          шүүгдэгч Д.Л-ын өмгөөлөгч А.Бүдханд,

          шүүгдэгч Л.Э-гийн өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа,

          Э.Шинэцэцэг,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 681 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Л-ын өмгөөлөгч А.Бүдханд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О, түүнчлэн түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг, С.Дэлгэрмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Д.Л, Л.Э нарт холбогдох 1805 0099 40136 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн Д-ын Л, 19.. оны .. дүгээр сарын ...-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, талх, нарийн боовчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, дүү, хүүхдүүдийн хамт .............................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:....................../;

А овгийн Л-ын Э, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, хүүхдийн хамт ..................................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......................./;

Д.Л нь 2018 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 57 тоотод иргэн Н.Б-ийн цээж болон толгойн тус газар хутгалж алсан,

Л.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “... тэр үед айлд байсан эрэгтэй гадагшаа гараад явах шиг болсон, би тэр үед айлаас гараад нэг мэдсэн чинь Д.Л-ын нөхөр байгаа зочид буудалд ирчихсэн байсан. ...” хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Л-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Л.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Д.Л-ыг “хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Л-ыг 12 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Л-т оногдуулсан 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Л-ын урьд цагдан хоригдсон 93 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус  тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лаас 5.725.804 төгрөг гаргуулж хохирогчийн төлөөлөгч Л.О-т олгож, Д.Л-ын насанд хүрээгүй хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Л.Э-гийн хувцас болох хүрэн өнгийн үслэг шуба, бор өнгийн үслэг малгай, улаан эрээн өнгийн алчуур, цайвар өнгийн ноосон цамц, ягаан өнгийн үслэг малгай, улаан эрээн өнгийн алчуур, цайвар өнгийн ноосон цамц, ягаан өнгийн хөхөвч, шаргал өнгийн драпан материалтай юбка, хагас түрийтэй өвлийн хос гутал тус бүр 1 ширхэг, Д.Л-ын хувцас болох хөх өнгийн урт куртик, цэнхэр өнгийн ноосон ороолт, хар эрээн өнгийн нейлон цамц, саарал өнгийн ханцуйгүй майк, цагаан өнгийн хөхөвч, хүрэн өнгийн урт түрийтэй хос гутал, талийгаач Н.Бямбасүрэнгийн хувцас болох саарал өнгийн ноосон өмд, саарал өнгийн ноосон оймс хос, эрэгтэй дотоож, цайвар өнгийн “поло” загварын цамц тус бүр 1 ширхэг, хэргийн газраас хураан авсан цус мэт зүйлээр бохирлогдсон нойлын цаасны хэсэг салфитка 1 ширхэг /бөөгнөрсөн цаас/, бор кардон хайрцаганд хийсэн бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг зэргийг устгаж, “Хан” зочид буудлын камерийн бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, Л.Э-д авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Л-ын өмгөөлөгч А.Бүдханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс Д.Л нь “хохирогч Н.Б-г алсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” тооцсон тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх дээрх шийтгэх тогтоолыг гаргахдаа хэрэгт зайлшгүй олж шалгавал зохих гэрчийг асуулгүй, шинжээч эмчийн дүгнэлт, хэрэгт авагдсан мэдүүлэгтэй зөрүүтэй байхад, мөн эд мөрийн баримт болох цамц олдоогүй зэрэг асуудлыг бүрэн дүүрэн үнэлж хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Үүнд:

1. Хэрэг гардаг 2018 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө талийгаачийн гэрт Д.Л, Л.Э, шавь Ц нар нийлж архи ууцгаасан байдаг. Гэтэл энэ хэрэгт зайлшгүй шалгагдах шаардлагатай шавь Ц гэгчийг олж, хэрэг гардаг өдөр тэнд байсан хүмүүсийн дунд ямар үйл явдал болсон, хэргийн газраас хэзээ, ямар нөхцөл байдлын үед явсан, уг хэрэгт ямар оролцоотой болохыг шалгаж, тогтоож мэдүүлэг авах ажиллагаа хийгдээгүй байдаг. Д.Л, Л.Э нар нь шавь Ц гэж хүн талийгаачийн хүсэлтээр архи авчирч, цуг архи уусны дараа согтсоны улмаас болсон үйл явдлыг мэдэхгүй байгаа талаараа мэдүүлдэг. Мөн 1 дүгээр хэргийн хавтасны 60-61 дүгээр хуудсанд 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн талийгаачийн бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэлд, талийгаач “шавь Цогтоо” гэсэн тэмдэглэлийг өөрийн гараар бичсэн байдаг нь бодит байдалд ийм хүн байдгийг гэрчилж байна.

2. Миний үйлчлүүлэгчээс  Монгол Улын Үндсэн хуулийг ноцтой зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхээ эдлэх боломжоор хангалгүй 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр сэтгэл зүйн хувьд хямралтай, болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгөх чадваргүй, согтуу байхад нь хууль сануулж гэрчээр байцааж, улмаар мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь зөрчиж мөн өдрөө сэжигтнээр байцаасан.

3. Л.Э “хэрэг гардаг өдөр би согтуу байсан” гэж мэдүүлдэг боловч шинжээчийн 2448 тоот дүгнэлтээр “спиртийн агууламж илрээгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Л.Э нь “миний цамц, юбкинд Д.Л хутгаа арчсан” гэж мэдүүлдэг боловч 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шинжээч эмч Г.Ганцэцэг 0090 тоот дүгнэлтэд “Л.Э-гийн юбкинд үүссэн цус нь цацагдах, сэгсрэх үйлдлийн үед үүснэ” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүх хуралдаанд шинжээч Г.Г гэрчээр оролцож өмгөөлөгч миний бие “юбкинд үүссэн цусны толбо, цустай хутгаар арчих үед үүсэх боломжтой юу” гэсэн асуултад хариулт өгөөгүй болно.

4. Л.Э “хэрэг гардаг өдөр өмсөж явсан эрээн цамцаа талийгаачийн гэрт орхисон” гэж мэдүүлдэг боловч хэргийн газар хийгдсэн 3 удаагийн үзлэгээр олдоогүй. Л.Э зочид буудалд ирэхдээ цамцгүй ирсэн гэж гэрч Д.Э мэдүүлдэг. Яагаад Л.Э өөрийн өмсөж явсан эрээн цамцаа нууж хаях болсон шалтгааныг болон цамцанд үүссэн цусны толбо ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсч болохыг олж мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоогоогүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Л, Л.Э нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 сарын 29-ний өдрийн 681 дугаартай шийтгэх тогтоолын Л.Э-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч тухайн тогтоолыг сайтар хянан үзэж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргаж байна.

Миний нөхөр Н.Б 2018 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 гудамжны 57 тоотод буюу өөрийн гэртээ зэрлэг алуурчдын гарт амь үрэгдсэнд харамсаад барахгүй, туйлын гомдолтой байна.

Хэрэг гарах үед талийгаачийг хутгалуулснаас амь нас нь аюултай нөхцөлд орсныг мэдсэн атлаа талийгаачид тусламж үзүүлээгүй, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны үед Д.Л талийгаачийг хутгалж алсныг мэдсээр байж тухайн үед хамт байгаагүй сүүлд араас ирж “би хүн алчихлаа” гэж буудалд нөхөрт нь хэлсэн гэж худал мэдүүлсэн Л.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэн шүүхээс цагаатган шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Л.Э-г тухайн хэрэгт шалгагдаж анх гэрчээр байцаалт өгөхдөө хүний алтан амь үрэгдчихээд байхад тэрээр мэдсээр байж өөрийгөө тухайн үед байгаагүй гэж худал мэдүүлэг өгсөн байгааг анхаарч, гэм буруутай этгээдэд ял завшуулахгүйгээр, шударга шийдвэрлэж өгнө үү.

Шүүхээс Л.Э-гаас анх гэрчээр мэдүүлэг авахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, мөн өдрийн 17 цагт дахин гэрчээр мэдүүлэг авахад дэлгэрүүлэн болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгчээ гэж дүгнэсэн.

Хавтас хэргийн материалтай танилцахад 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийн 1 дэх заалтад “... Л.Э нь хэрэг үйлдэх үйлдэгдэх цаг хугацаанд болж байсан үйл явдлыг зөв ухамсарлан ойлгох чадвартай байсан байна”, 3 дахь заалтад “Л.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эмгэг согтолтын байдалд орох буюу болсон үйл явдлыг хянах чадваргүй байдалд орсон гэх шинж тэмдэг үгүй байна”, 6 дахь заалтад “Л.Э үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэж дүгнэсэн байна.

Гэтэл дээрх дүгнэлтээр Л.Э-г “үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэсэн байхад шүүх түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед мэдүүлэг өгсөн болохоор түүний өгсөн мэдүүлэг худал мэдүүлэг болохгүй гэж, харин архи нь гарсны дараа буюу 17 цаг 00 минутад түүнийг дахин өгсөн мэдүүлгээрээ дэлгэрүүлэн болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгчээ” гэж үзэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Л.Э-г цагаатган шийдвэрлэсэнтэй санал нийлэхгүй байгаа юм.

Мөн хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гэмт этгээдүүд талийгаачийн буяны ажилд зарцуулсан хохирол, төлбөрийг төлөөгүй, төлөх талаар ямар нэгэн санаачлага гаргахгүй байгаад бид гомдолтой байна.

Талийгаач маань Дүрслэх урлагийн дунд сургуулийг “Монгол зургийн зураач” мэргэжлээр, мөн Болгар Улсын урлагийн академийг “монументалист” мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Монгол Улсад төдийгүй Олон Улсад уран бүтээлээрээ танигдсан зураач хүн байсан.

Түүнчлэн энэ хэрэгт анхаарал хандуулах гол зүйл нь тухайн үед хамт байсан Л.Э талийгаачийг Д.Л-ын харгис, хэрцгий үйлдлийн улмаас хутгалуулж амь нас алдах аюултай нөхцөлд орсон байгааг мэдсэн атлаа талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлэлгүй орхин явж, тэр ч бүү хэл буудалд очин бүтэн цаг гаруй байсан мөртлөө гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй зэрэг Л.Э-гийн үйлдэлд анхаарал хандуулана уу.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд бидний зүгээс гэмт хэрэг үйлдсэн хүн бүрд зохих ял шийтгэлийг шударгаар оногдуулах, хэнд ч ял завшуулахгүй байхыг хүсч байна.

Иймд хэргийн материалыг сайтар хянан үзэж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О-ийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч С.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Л, Л.Э нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 сарын 29-ний өдрийн 681 дугаартай шийтгэх тогтоолоор Л.Э-д холбогдох хэргийг цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь:

1. Шүүх Л.Э-гийн үйлдлийг цагаатгаж шийдвэрлэхдээ “... гэмт хэрэг гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэн зочид буудалд унтаж байхад нь өглөөний 07 цагт түүнийг цагдаагийн байгууллагад авчирч мэдүүлэг авчээ. Уг гэрчээр мэдүүлэг авсан өдрийн 17 цаг 00 минутад дахин гэрчээр мэдүүлэг авсан байх ба уг мэдүүлэгт шүүгдэгч нь дээрх мэдүүлгийг дэлгэрүүлэн болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн байна” гэжээ.

Хавтас хэргийн 40 дүгээр талд авагдсан 2018 оны 2 сарын 20-ны өдрийн өглөө 08 цаг 05 минутад Л.Э-гаас гэрчээр мэдүүлэг авахад “... тэр үед тэр айлд байсан эрэгтэй гадагшаа гараад архинд явах шиг болсон, тэр айлаас гараад нэг мэдсэн чинь Д.Л-ын нөхөр байгаа зочид буудалд ирчихсэн байсан, тэгээд байж байхад Д.Л араас ирээд “би хүн алчихлаа” гэж хэлсэн чинь нөхөр нь юу яриад байгаа юм одоо чамайг явуулахгүй гэж хэлсэн чинь нөхрийнхөө хамар луу нь цохиж цус гаргаад гараад явсан ...” гэж амь хохирогчийг хутгалуулсны улмаас амь нас хохирсныг мэдсэн атлаа “хамт байгаагүй” Д.Л-ыг зочид буудалд араас ирэхдээ “би хүн алчихлаа” гэж хэлсэн гэж зориуд худал мэдүүлжээ.

Харин 2 дугаар хавтас хэргийн 43 дугаар талд авагдсан тухайн өдрийн 17 цаг 00 минутад гэрчээр дахин мэдүүлэг авахад “... би анх удаа мэдүүлэг өгч байгаа болохоор гэрчийн мэдүүлэг өгөхдөө айж сандарч тулгамдаад бодит үнэн байдлаа тодорхой хэлж чадаагүй, одоо сэтгэл санаа тайвшраад болсон асуудлын талаар үнэнээр нь ярьлаа, талийгаачийг хутгалуулах үед би гэрт нь хамт байсан юм. ...” гэж мэдүүлсэн. Тодруулбал, тэрээр өглөө өгсөн мэдүүлгээ дэлгэрүүлэн өгсөн биш харин ч өглөөний өгсөн мэдүүлэг худлаа байсныг өөрөө энэ мэдүүлгээрээ баталсан.

Мөн тэрээр “... тэр айлаас гараад нэг мэдсэн чинь Д.Л-ын нөхөр байгаа зочид буудалд ирчихсэн байсан, тэгээд байж байхад Д.Л араас ирээд “би хүн алчихлаа” гэж хэлсэн талаар мэдүүлдэг. Гэтэл Д.Л-ыг ингэж хэлсэн гэж түүний нөхөр гэрч Д.Эрдэнэбаатар батлаагүй.

Түүнчлэн шүүх “шүүгдэгчийн өгсөн дээрх мэдүүлэг нь зориуд худал мэдүүлэг өгөх ямар санаа зорилготой буюу тухайн гэмт хэрэг үйлдэх санаа зорилготой байсан нь нотлогдохгүй байна” гэж түүнийг цагаатган шийдвэрлэсэн.

Худал мэдүүлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” үйлдэл байдаг.

Л.Э-гаас 2018 оны 2 сарын 20-ны өдрийн өглөө 08 цаг 05 минутад гэрчээр мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасныг сануулж, баталгаа гарган гарын үсэг зурсан байдаг.

Гэтэл Л.Э өглөө мэдүүлэг авахад хууль сануулж, баталгаа гарган гарын үсэг зурсан мөртлөө “хэргийн газарт хамт байгаагүй” гэж, дахин мэдүүлэг авахад “хэргийн газарт хамт байсан” гэж зөрүүтэй мэдүүлсэн бөгөөд үүнийгээ айж сандарч, тулгамдсан гэдгээр хаацайлсан.

Мөн шүүх “шүүгдэгчийн анх гэрчээр өгсөн мэдүүлэгт зориуд худал мэдүүлэг өгсөн гэх нөхцөл байдал нь тухайн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэг саад учруулсан, хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй биш, хор уршиг, үр дагавар шаардахгүй бөгөөд гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа худал мэдүүлснээр төгсдөг.

Түүнчлэн Л.Э анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө л мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах, хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлж болохуйц байдал бий болгох санаа зорилготой байсан нь хэргээс харагддаг. Тодруулбал, хэн нэгэн “Ц” гэх хүн амь хохирогчийн гэрт очиход байсан мэтээр хэлж байсан нь хэргийг хэн нэгэн “Ц” үйлдсэн мэтээр төөрөгдүүлэх субъектив санаа зорилготой байсан. Түүний мэдүүлсэн тухайн хүн амь хохирогчийн гэрт байсан гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогддоггүй.

2. Зайлшгүй анхаарал хандуулах зүйлийн нэг энэ хэрэгт мөрдөгч Л.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэгт сэжигтнээр тооцон мэдүүлэг авсан байдаг. Гэтэл дээрх зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнээр байцаалт авснаас өөрөөр ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй байгаа юм.

Л.Э амь хохирогчийг хутгалуулсныг мэдсэн атлаа тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж өмгөөлөгчид бид үзэж байгаа юм. Учир нь Л.Э амь хохирогчийг хутгалуулсан гэдгийг мэдэж байгаа хүн атлаа ямар ч тусламж үзүүлэлгүй, эмнэлгийн болон Цагдаагийн байгууллагад огтхон ч мэдэгдэлгүйгээр орхин явсан нь хэргээс харагддаг.

Улсын Дээд шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тогтоолд “... “амь биед аюултай нөхцөл” гэж ... гэмт халдлагад өртсөн, эрүүл мэндийн болон хувийн бусад шалтгаанаар үхэлд хүрч болзошгүй байдал бодитойгоор бий болсныг хэлнэ” гэж дээрх гэмт хэрэг нь хохирогчийн амь насанд аюултай үр дагавар бодитойгоор бий болсон эсэхээс үл хамааран хохирогчийг аюултай нөхцөлд орхисон тэр үеэс төгс үйлдэгдсэнд тооцогддог.

3. Түүнчлэн 2 дугаар хавтас хэргийн 76 дугаар талд авагдсан 2018 оны 7 сарын 18-ны өдрийн 155 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар “... Л.Э-гийн үйлдсэн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг Эрүүгиин хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосугай. ...” гэж нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Нэмэлт, өөрчлөлт оруулах гэдэг нь “нэмэлт, өөрчлөлт аль алийг нь оруулах тухай” ойлголт бөгөөд Тогтоолын агуулгаас үзэхэд Л.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зүйлчлэл дээр нэмж, мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож байгаа мэтээр бичжээ. Хэрвээ уг тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа бол Л.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татсаныг өөрчилж, мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгох ёстой.

4. Мөн шийтгэх Тогтоолын 13 дугаар талд Тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын талаар дүгнэхдээ “... улсын яллагчийн оногдуулсан хорих ялаас доогуур ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ...” гэж прокурор ял оногдуулсан байсан мэт бичжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан ба Прокурорын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь заалтад “... гэм буруу, зүйлчлэл, оногдуулах ял, хэрэглэх албадлагын арга хэмжээний талаар дүгнэлт гаргана.” гэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, ... шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, хорих байгууллагын нөхцөл болон бусад асуудлын талаарх дүгнэлтээ шүүхэд гаргана.” гэж тус тус заажээ.

Ийнхүү хуульд зааснаар прокурор шүүх хуралдаанд оролцохдоо шүүхийн дүгнэсэн шиг ял оногдуулсан бус харин оногдуулах ялын талаар дүгнэлт гаргасан байтал прокурорын оногдуулсан ял гэж дүгнэсэн нь “шүүх эрх мэдлийг прокурор эрхлэн хэрэгжүүлжээ” гэж үзэхээр байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийг тус тус зөрчсөн зөрчил болсон.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхийн 2018 оны 8 сарын 29-ний өдрийн 681 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О-ийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хамтран гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

үүгдэгч Л.Э-гийн өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Мөрдөн байцаалтын шатанд мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд хийгдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Д.Л нь 2018 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 57 тоотод иргэн Н.Б-ийн цээж болон толгойн тус газар хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О /1-р хх 64-67, 68-69/, гэрч Д.Э /1-р хх 87-91, 92-93/, Т.М /1-р хх 98-99/, П.Б /1-р хх 100/, Б.С /1-р хх 101/, А.О /1-р хх 102-104/, Ж.Б /1-р хх 112-113, 114-115/, Ц.Мөнхбаяр /1-р хх 118/, Л.Э /2-р хх 40-41, 42-43/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 509 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 148-152/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2265 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 153-154/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2763 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 155-156/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1526 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 157-171/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1950 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 176-184/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2318 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 185-186/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1520 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 187-189/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2313 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 190-192/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1524 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 193-197/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2315 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 198-199/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2263 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 210/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2448 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 215/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2317 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 228-229/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4601 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 237-239/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 469 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 240-243/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 578 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 244-247/,

 

илтгэх хуудас /1-р хх 14/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 15-18,19-26,34-35, 36-39/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 26, 27-28/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 30, 31-32/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх 40-42, 56/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 40, 48/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх 44, 49, 58/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх 54, 55/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх 80, 81-88/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Л нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 57 тоотод хохирогчийн Н.Б-гийн биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, зүүн зулайд зүсэгдсэн шарх гэмтлүүдийг учруулж, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, уушиг гэмтээсэн шарх нь гуурсан хоолой, уушигны артерийг гэмтээснээс цус амьсгалаар сорогдон амьсгал бүтэж нас барсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон талаар шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

шүүгдэгч Д.Л- ын өмгөөлөгч А.Бүдханд “... мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...”,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О “... Л.Э-д холбогдох хэргийг дахин шалгаж өгнө үү. ...”,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О-ийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг, С.Дэлгэрмаа нар “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргасан байна.  

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Л-ыг “хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгч Д.Л-ын гэм бурууг нотолсон гэрч Т.М-ийн “...  Герман элчингийн хойд талд цүнх барьсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэй, уйлсан, сэжигтэй явж байсныг шалгахаар очиход “би хүн алчих шиг боллоо” гэсэн ...” /1-р хх 98-99/, гэрч Ж.Б-гийн “... Н.Б-гийн ороход зураг зурдаг урлангийн буюу том өрөөндөө орон дээрээ ганцаараа суучихсан, мөн гэрт нь танихгүй 2 хүүхэн ирчихсэн, тэдний гал тогоо орчим ойр, зуурын ажил хийгээд байж байсан. ...” /1-р хх 112-113/, гэрч Л.Э-гийн “... нэг мэдэхэд Д.Л “би хүн хутгалчихлаа” гэж хэлээд баруун гартаа 1 хутга барьчихсан байснаа тэр хутгаа миний өмсөж явсан юбкинд арчихаар нь би цочирдоод гадуур хувцсаа өмсөөд талийгаачийнхаас ганцаараа гарсан. ...” /2-р хх 42-43/ гэж мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4601 дугаартай “... Д.Энхтуяагийн гэх юбка дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Н.Б-гийнд гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” /1-р хх 237-239/ гэх шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг үгүйсгэн няцаасан баримтууд авагдаагүй болно.

Мөн шүүгдэгч Л.Э-д холбогдох хэргийн талаар анхан шатны шүүх “.... шүүгдэгчийн анх гэрчээр өгсөн мэдүүлэгт зориуд худал мэдүүлэг өгсөн гэх нөхцөл байдал нь тухайн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад учруулсан, хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. ...” гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл, Л.Э нь худал мэдүүлэг өгөх ямар нэгэн санаа зорилгогүй байсан бөгөөд гэмт хэргийн үндсэн шинж болох зориуд худал мэдүүлсэн болохыг шууд нотолсон яллах талын нотлох баримт цуглараагүй, эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр үүсгэсэн байх боловч Л.Э-гийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн анх мэдүүлсэн “... тэр айлд байсан эрэгтэй гадагшаа гараад явах шиг болсон, би тэр үед айлаас гараад, ... нэг мэдсэн чинь Л-ын нөхөр байгаа зочид буудалд ирчихсэн. ...” гэх мэдүүлэг нь түүний дахин гэрч, сэжигтэн, яллагдагчаар /2-р хх 42-43, 44, 48-56, 76-79/ өгсөн мэдүүлгүүдтэй зөрүүгүй, дээрх мэдүүлгүүдийг зориуд худал мэдүүлсэн гэж харьцуулан дүгнэх баримтгүй, үүнээс шалтгаалж мөрдөн шалгах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэхэд саад учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Л-ын өмгөөлөгч А.Бүдханд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О,  түүнчлэн түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг, С.Дэлгэрмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 681 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Л-ын өмгөөлөгч А.Бүдханд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О,  түүнчлэн түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг, С.Дэлгэрмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                                                                             

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          Н.БАТСАЙХАН

                                                                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ