Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0769

 

Э- ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий,нэхэмжлэгч Ш.Чагнаадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А-, хариуцагчийн өмгөөлөгч О.С- нарыг оролцуулан хийж, О- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дүгээр сарын 06-ны өдрийн 18 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч,нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор Э- ХХК-ийн нэхэмжлэлтэй, О- аймгийн Автотээврийн төвд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

О- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дүгээр сарын 06-ныөдрийн 18 дугаартай шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.б, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.4, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь заалтуудыг баримтлан Э- ХХК-ийн О- аймгийн Автотээврийн төвд холбогдуулан гаргасан О- аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, 16902000 /арван зургаан сая есөн зуун хоёр мянган/ төгрөгийн хохирлыг О- аймгийн Автотээврийн төвөөс гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Э- ХХК давж заалдах гомдолдоо: Манай компанийн нэхэмжлэлтэй О- аймгийн Автотээврийн төвдхолбогдох захиргааны хэргийг О- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 сарын 06-ны өдөр шуүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож 18 дугаартай шийдвэр гаргасан ба шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдолыг гаргаж байна. Манай Компани нь О- аймгийн такси үйлчилгээ болон нийтийн тээврийн үйлчилгээний салбарт 2004 оноос хойш нийт 12 жил үйл ажиллагаа явуулж ирсэн. Ийнхүү 12 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа аваар осол огт гаргаж байгаагүй ба хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж байсан удаагүй билээ. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Автотээврийн тухай хууль, Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль гэх мэт хуулиудыг хариуцагчид ашигтайгаар тайлбарлан хэрэглэж, хэргийг хариуцагчийн талд шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт О- аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэсээс хийсэн тохирлын үнэлгээгээр "Э-" ХХК-ийг тохирлын баталгаажуулалтад тэнцэхгүй гэж дүгнэжээ. Энэхүү тохирлын үнэлгээ нь Автотээврийн төвийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар тушаалыг гаргах үндэслэл болсон байх бөгөөд уг тушаалын улмаас "Э-" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул тухайн компанид учирсан гэх 16 902 000 төгрөгийн хохирлыг О- аймгийн Автотээврийн төвөөс гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэжээ. Дээр дурьдсан тохирлын үнэлгээ нь үнэлгээ хийж буй субьектийн хүсэл зоригоос шалтгаалан бодит үнэнд нийцүүлэн гаргадаггүй хүмүүсийн дур зоргын асуудлаар шийдэгддэг гэтэл шүүх ийнхүү дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна. 2013 оны 02 сарын 08-ны өдрийн Аймгийн засаг даргын А/73 тоот захирамжаар "Э-" ХХК-ийн шугам маршрутыг тогтоосон байдаг энэхүү захирамж одоо болтол хүчинтэй байгаа. Гэтэл О- аймгийн Автотээврийн төв манай Компанийн үйл ажиллагааг зогсоосон тушаал гаргаж байгаа нь хууль бус юм гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: О- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаартай шийдвэрээр О- аймгийн Автотээврийн төвийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн№01 дугаартай тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай "Э-" ХХК-ийн нэхэмжлэлийг хянан хэлэлцээд Захиргааны ерөнхий хууль, Автотээврийн тухай хууль, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж туүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүйболгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. 1-рт: Автотээврийн тухай хуулийнхолбогдох зуйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай: О- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс "Э-" ХХК-ийн нэхэмжлэлтэй Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын салбар болох О- аймгийн Автотээврийн төвд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйл /Аймаг, нийслэл, сум дүүргийн засаг даргын бүрэн эрх/-ийн 7.1.4 /нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийг тухайн орон нутагт зохицуулах, зохион байгуулах/ хэсгийн заалтыг тус хуулиар Автотээврийн төв бус харин аймаг, сумын Засаг даргад олгосон. Нөгөө талаас тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 /Аймаг хот хооронд, орон нутаг, аймгийн төв, хотын доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг тухайн аймаг, хотын Засаг дарга гаргах бөгөөд аймаг, нийслэлийн Засаг даргын эрх олгосон байгууллага хэрэгжүүлнэ/-д зааснаас үзвэл тухайн орон нутагтаа нийтийн тээвэр эрхлэгч компанийг сонгох, гэрээ байгуулах, гэрээг цуцлах, дүгнэх зэрэг бүхий л бүрэн эрхийг тус хуулиар аймаг, нийслэлийн Засаг даргад олгосон байна. Гэтэл О- аймгийн Засаг дарга нь 2015 оны 12 дугаар сарны 07-ны өдрийн А/623 дугаартай захирамжаар хуулиар өөрт нь харъяалуулсан чиг үүргийг /Автотээврийн тухай хуулийн 8.4/-д заасан хэмжээнээс хэтрүүлэн О- аймгийн Автотээврийн төвд шилжүүлсэн байх ба үүнийг шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ дурьдсаар байтал энэ талаар огт дүгнээгүй зөвхөн "хуулийн дагуу бүрэн эрхээ шилжүүлсэн байна" гэж ойлгомжгүй дүгнэлтийг хийж байгаа нь шийдвэр үндэслэп муутай болсныг харуулж байна. 2-рт: Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүх Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг 29 дүгээр зүйл /Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын нийтлэгбүрэн эрх/-ийн 29.1.4.б /өмчийн бүх төрөл хэлбэрт тулгуурлан харъяалах нутаг дэвсгэрийнхээ хүн амын тээврийн үйлчилгээний хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах, уг үйлчилгээнд дагаж мөрдөх журам, стандартын биелэлтийг хангуулах/-д мөн О- аймгийн Засаг даргын тээврийн үйлчилгээний талаарх чиг үүргийг хуульчилсан байх бөгөөд энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хэн нэгэнд "эрх олгох" нэрээр ажлаа шилжүүлэхийг хуульд заасан тусгайлан заагаагүй байна. Гэтэл энэхүү хуулиар өөрт нь харъяалуулсан чиг үүргийг О- аймгийн Автотээврийн төв гэх ТӨҮГ-т шилжүүлж, тус байгууллагын албан хаагч, ажилтны дур зорго болгож байгаа нь төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчимд харшилж байхад шүүх ийнхүү хариуцагч байгууллагын шийдвэрийг зөвтгөсөн шийдвэр гаргаж уг шийдвэрийнхээ үндэслэлд дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж байгаад гомдолтой байна. 3-рт:Захиргааны ерөнхий хуулийн зүйл заалтыг холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай: Анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын гаргасан тайлбар зэргийг хуульд заасан журмын дагуу үнэлж дүгнэх учиртай бөгөөд миний бие тус хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувиар оролцож шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагын эрх шилжүүлэх тухай зүйл заалтыг үндэслэн О- аймгийн Засаг дарга нь Автотээврийн тухай хууль болон Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар зөвхөн өөрт нь харъяалуулсан чиг үүргийг өөрийн харъяа бус Төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлсэн ..." тухай үндэслэл бүхий дүгнэлт хийж энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 /Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно/-д заасныг илт зөрчсөн байгаа талаарх дурьдсаар байтал энэ талаар огт дүгнэлт хийлгүй орхиж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үйл баримтыг л анхаарсан мэт харагдаж байгаа нь энэхүү шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйг харуулж байна. Хэрэв Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болохоос өмнө уг захиргааны акт гарсан учраас энэ маргаанд Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэхгүй гэж үзэж байгаа бол энэ талаараа тайлбарлаагүй байгаа нь шударгаар шийдвэрлэсэн эсэхэд эргэлзэх байдлыг төрүүлж байна. Дүгнэвэл Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт нь Монгол улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэсэн суурь зохицуулалтаас үзвэл төрийн үйл хэрэг хуульд заасан хүрээнд байх учиртайг харж болох юм. Өөрөөр хэлбэл "нийтийн эрх зүйд зөвшөөрснөөс бусдыг хориглоно, хувийн эрх зүйд хориглосноос бусдыг зөвшөөрнө" гэх үндсэн үзэл баримтлалтай уялдуулж үзвэл шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааг дэмжсэн шийдвэр гаргаж байгаад харамсч байна. Хуулийг хэрэглэх талаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар маргах үндэслэл болж байгаа О- аймгийн Засаг даргын 2015оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/263 дугаартай захирамж нь хууль зөрчин чиг үүргийг бусдад шилжүүлсэн талаарх үйл баримтыг дүгнэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байгаа бол Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэх учиртай байтал анхан шатны шүүх ийнхүү хууль хэрэглэхдээ алдаа гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор хохироосон шийдвэрийг хамгаалж байгаа мэтээр харагдуулж байна. Тус компанийн хувьд 12 жил үйл ажиллагаа явуулахдаа хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж байсан тохиолдолгүй бөгөөд энэ нь хэрэгт авсагдсан нотлох баримтаар тогтоогддог. Нөгөө талаас стандартын шаардлага хангаагүй гэж тус компанийн үйл ажиллагааг зогсоосон байх атлаа тухайн тээврийн хэрэгслүүд нь өөр компани /ББ-Од ХХК, А- ХХК, Э-ХХК/-д шилжиж очихоороо стандартын шаардлага хангаж байгаа гэж хариуцагчийн төлөөлөгч хэлж байгаа зэргээс үзвэл О- аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №01 тоот тушаал нь үндэслэлгүй болох нь харагддаг. Иймээс О- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж О- аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №1 дугаартай тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс ... 2004 оноос хойш аваар осолгүй иргэдэд үйлчилж ирсэн. Гэтэл аймгийн Засаг дарга зөвхөн өөрт нь харьяалуулсан чиг үүргийг өөрийн харьяа бус Төрийн өмчит үйлдвэрийн газар шилжүүлснээр эрх олгогдоогүй байхад хуульд байхгүй заалтыг үндэслэн тушаал гаргаж манай тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоосон нь илт хууль бус байх тул аймгийн Автотээврийн үндэсний төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ...уг илт хууль бус актаас болж үйл ажиллагаа зогссон, хэвийн ажиллаж байсан бол олох байсан орлого 16.902.000 мянган төгрөгийн хохирлыг гаргуулна ... гэж нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Хариуцагч О- аймгийн Автотээврийн төв нь ...Автотээврийн төвөөс Э- ХХК-д Засгийн газрын 127 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2015 оны А/623 тоот захирамжийн дагуу албан тоот хүргүүлж, стандартын шаардлага хангаж, тохирлын гэрчилгээ авахыг удаа дараа мэдэгдэж байсан ... Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Автотээврийн төвийн даргын хамтран баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж үзлэг шалгалт хийхэд тус компани нь 90-ээс доош хувьтай буюу стандартын шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тул гэрээ байгуулаагүй ... өмнө нь ч удаа дараа хуулийн дагуу ажиллахыг сануулж, албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, боломжит хугацаа олгож байсан ... гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Төсвийн тухай хуулийн 10.1.10, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 22 дугаар зүйлийг тус тус үндэслэн баталж гаргасан Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай 55 дугаар тогтоолын 3-т Дараах байгууллагуудыг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулсугай:, 3.2-т Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг-Тээвэр, авто замын газрыг Автотээврийн үндэсний төв аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэн зохион байгуулах, 7-д Төсвийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нар болон Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд тус тус даалгасугай:,  7.б-д Энэ тогтоолын 3 дугаар зүйлд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан байгууллагын бизнес төлөвлөгөө, төсвийг баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, төрийн захиалгат ажил, үйлчилгээг эдгээр байгууллагаар гэрээний үндсэн дээр санхүүжүүлэн гүйцэтгүүлэх, цаашид мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах гэж тус тус заасан байна.

Ийнхүү аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газрын хэрэгжүүлж байсан чиг үүрэг нь нэгтгэн зохион байгуулагдсан аймгийн Автотээврийн төвд шилжсэн байх тул захиргааны байгууллагад хамаарч буй талаар, түүнчлэн О- аймгийн Засаг дарга нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжаар тухайн нутаг дэвсгэрийнхээ хүн амын тээврийн үйлчилгээтэй холбоотой зохион байгуулалт, дүрэм журмын хэрэгжилт, биелэлтийг хангуулах талаарх бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2005 оны 127 дугаар тогтоолын дагуу шаардлага хангасан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах, цуцлах, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан авто үйлчилгээний талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах эрхийг тус аймгийн Автотээврийн төвд шилжүүлснийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан ...аймгийн Засаг дарга өөрийн бүрэн чиг үүргийг хууль бусаар шилжүүлсэнтэй холбогдуулан шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн... гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй.

Шүүх хариуцагч ...нийтийн тээврийн үйлчилгээ нь хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой үйлчилгээ учраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхийн тулд тохирлын үнэлгээ хийлгэж, тохирлын баталгаажуулалтад хамрагдсан байх шаардлага тавигдаж байх тул захиргааны байгууллагын энэхүү стандартын шаардлага хангах талаар тавьж буй шаардлага хууль зөрчөөгүй, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх талаар гэрээ хэлцэл байгуулахаас татгалзаж, үйл ажиллагааг зогсоож байгаа ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, ... 01 дүгээр тушаалын улмаас Э- ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул учруулсан хохирол гэх 16902000 төгрөгийн хохирлыг ... гаргуулах үндэслэлгүй гэх дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна.

Хавтаст хэрэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Булган аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсээс хариуцагч байгууллагад хандсан ...нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй Э- ХХК нь олон жил Булган аймгийн чиглэлд тээвэрлэлт хийж байна. ... Монгол Улсын хууль болон Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэн холбогдох стандартын шаардлага хангасан, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тохирлын гэрчилгээ авсан аж ахуйн нэгжээр үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. ...стандартын шаардлага хангуулах арга хэмжээ авч хариу ирүүлнэ үү гэх агуулга бүхий Баталгаажуулалт хийлгэх тухай 92 дугаар албан бичиг[1] болон 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн О- аймгийн Автотээврийн төвөөс нэхэмжлэгчид хандсан ... Автотээврийн тухай хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний хуулийн дагуу ... Тохирлын үнэлгээ-нд хамрагдсан байх, ... 2015 оны 07 сар, 11-р сард байгуулсан ЗТГ/09-04 гэрээний ерөнхий зүйл, 3.2 дахь заалтыг ханган ажиллах... талаар Албан мэдэгдэл хүргүүлэх тухай 11 дүгээр албан бичиг[2] тус тус хавсрагдсан байх ба хариуцагч байгууллагаас 2013 онуудад удаа дараа албан бичгүүдийг хүргүүлж стандартын шаардлага хангаж тохирлын гэрчилгээг авахыг шаардаж байсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч няцаагаагүй байна. Мөн түүнчлэн Стандартчилал, тохирлын үнэлгээний ажлыг боловсронгуй болгох зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 127-р тогтоол болон Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого чиглэлийн хүрээнд холбогдох дүрэм, журам, стандарт шаардлагыг баримтлан ажиллах талаар тусгагдсан нэхэмжлэгч Э- ХХК, Автотээврийн төвийн дарга нарын хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Аймаг хооронд зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх түр гэрээ[3], Аймаг доторхи такси үйлчилгээний түр гэрээ[4], Аймаг хооронд суудлын авто машинаар зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгүүлэх түр гэрээ[5] болон 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгүүлэх түр гэрээ[6] зэрэг нотлох баримтууд авагджээ. Нэхэмжлэгч нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх талаар тохирлын гэрчилгээ аваагүй байсантай маргахгүй байх боловч тэрээр манай компани 12 жил ажиллахдаа хүний амь нас эрүүл мэндэд хохирол учруулж байгаагүй гэх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгуулах, түүнчлэн хохирол гаргуулахаар маргасныг хүлээн авах боломжгүй байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно гэж хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангасан мөн татварын байгууллагад бүртгүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл шаардаагүй бусад аж ахуйн үйл ажиллагааг эрхлэх боломжтой талаар хуульчилжээ.

Харин Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т Нийтийн ашигсонирхол, хүний эрүүл мэнд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл эхэлснээс хойш гурвансарын дотор тохирлын баталгаанд заавал хамруулна гэж тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүнд хамаарах бүтээгдэхүүний шинж онцлог, хамруулах хугацааг, 16.2-т Энэ хуулийн 16.1-д заасанбүтээгдэхүүний жагсаалт, ....-ыг Засгийн газар батална гэж тохирлын үнэлгээнд хамрагдах бүтээгдэхүүний жагсаалтыг батлан гаргах эрх бүхий этгээдийг зааж хуульчилжээ.

Засгийн газрын 2005 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Стандартчилал, тохирлын үнэлгээний ажлыг боловсронгуй болгох зарим арга хэмжээний тухай 127 дугаар тогтоолоор тохирлын баталгаанд заавал хамрагдах бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалтыг шинэчлэн баталсан байх ба тус тогтоолын хавсралтын Б.Үйлчилгээ гэсэн хэсгийн 9-д Нийтийн тээвэр гэж заажээ.

Дээр дурдсан хууль тогтоомжоос үзвэл нийтийн ашиг сонирхол, хүний амь нас, эрүүл мэндэд хохиролучруулж болзошгүй хүний аюулгүй байдалтай холбоо бүхий үйлчилгээ болох нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэх зорилго бүхий этгээд нь тохирлын баталгаанд заавал хамрагдаж зохих гэрчилгээг авсны үндсэн дээр тус үйлчилгээг эрхлэн явуулахаар байх тул хариуцагч О- аймгийн Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Засгийн газрын 127 дугаар тогтоолын хэрэгжилт, стандартын шаардлагыг хангаагүй гэж үзэж нэхэмжлэгч Э- ХХК-ийн зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг сонгон шалгаруулалт явуулах хүртэл зогсоож, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасалдуулалгүй хэвийн үргэлжлүүлэх зорилгоор тохирлын гэрчилгээ бүхий аж ахуйн нэгж, компаниудад тус үйлчилгээг түр гэрээгээр хариуцуулж зохион байгуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Автотээврийн төвийн даргын хамтран баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж үзлэг шалгалт хийж 90-ээс доош хувьтай буюу стандартын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02, 03 дугаар үнэлгээний дүгнэлтийг зөвшөөрөхгүй, тус дүгнэлтүүдийг үндэслэл болгосон тул Автотээврийн төвийн даргын 2016 оны 01 тоот тушаал үндэслэлгүй гэх тайлбарыг хүлээн авч маргаан бүхий актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 3.1.2-т стандарт гэж бүтээгдэхүүний үзүүлэлт, шаардлагын хэм хэмжээг зохих журмын дагуу сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж, эрх бүхийбайгууллагаас баталсан норматив-техникийн баримт бичгийг, 3.1.4-т тохирлын үнэлгээ гэж бүтээгдэхүүн, эсхүлбайгууллага нь стандарт, техникийн зохицуулалт, холбогдох норматив баримт бичигт заасан үзүүлэлт, шаардлагад тохирч байгаа эсэхийг шууд буюу шууд бус байдлаар тодорхойлох үйл ажиллагааг, 3.1.8-ттохирлын баталгаа гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад тохирч байгааг тодорхойлсон баримт бичиголгохыг тус тус ойлгохоор, 12 дугаар зүйлийн 12.2-т Тохирлын үнэлгээ нь ... баталгаажуулалт ... гэсэн төрөлтэй байна гэж тус тус зааж хуульчилжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 222 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтТохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журам-ын 1.2-тҮйлдвэрлэл, үйлчилгээ, гадаад, дотоод худалдааны үйл ажиллагааг эрхэлж байгаа өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд тохирлын баталгаанд заавал хамрагдах бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг /цаашид "бүтээгдэхүүн" гэх/ Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө гэж тус журам үйлчлэх хүрээ хязгаарыг, 1.3-т Стандартчилал, хэмжил зүйн төвөөс итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллага /цаашид "баталгаажуулалтын байгууллага" гэнэ/ бүтээгдэхүүнд тохирлын баталгаажуулалт хийнэгэж тохирлын баталгаажуулалт хийх этгээдийг, харин 2.1-т Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь /цаашид "хүсэлт гаргагч" гэнэ/ заавал тохирлын баталгаанд хамрагдах бүтээгдэхүүний жагсаалтад /цаашид "жагсаалт" гэнэ/ орсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл эхэлснээс хойш гурван сарын дотор чанар, аюулгүй байдлын тохирлын баталгаажуулалтад хамруулна. Хүсэлт гаргагч нь  дараахь материалыг батлагдсан маягтын дагуу бүрдүүлэн баталгаажуулалтын байгууллагад ирүүлнэ гэж хүсэлт гаргагч буюу тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг эзэмшигчийн өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирлын баталгаанд хамруулах үүрэг, хугацаа, баталгаанд хамруулахаар хүсэлт гаргахдаа ямар баримтыг хавсарган хүргүүлэхийг тус тус зааж тогтоожээ.

Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Нийтийн таксины үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ хийх үзүүлэлт /Аж ахуйн нэгжийн нэр Э- ХХК/ 02[7], 03[8] гэх баримтууд нь Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийнСтандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 222 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журам-ын 2.9-т Баталгаажуулалтын шинжээч нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэгэж заасантай нийцэхгүй байх боловч нэхэмжлэгч Э- ХХК нь дээрх журмын 2.1-т Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь /цаашид "хүсэлт гаргагч" гэнэ/ заавал тохирлын баталгаанд хамрагдах бүтээгдэхүүний жагсаалтад /цаашид "жагсаалт" гэнэ/ орсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл эхэлснээс хойш гурван сарын дотор чанар, аюулгүй байдлын тохирлын баталгаажуулалтад хамруулна... гэж заасны дагуу нийтийн тээврийн чанар, аюулгүй байдлын баталгаажуулалтад хамрагдаж тухайн харилцааг зохицуулсан хууль, хэм хэмжээний актад зааж журамласны дагуу нийтийн тээврийн үйлчилгээний холбогдох стандарт шаардлагуудыг хангасан талаар зохих тохирлын гэрчилгээтэйгээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх шаардлагыг хангаагүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. О- аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Э- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүххэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэхажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 102 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 45 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 39 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 5 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 9 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 14 дүгээр тал

[7]Хавтаст хэргийн 51 дүгээр тал

[8]Хавтаст хэргийн 52 дугаар тал