Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 0-р баг, 0-р хороолол, 0-р байр, 000 тоотод оршин суух Ашабагад овогт ******* *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 00-р баг, Их сургуулийн 0-р гудамж, 00 тоотод оршин суух Харагчууд овогт ******* *******-д холбогдох компанийн хувьцааг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэн хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 12 дугаар сард нэхэмжлэл гаргасан. *******той 2013 онд Дархан хотод нийтийн тээвэрт том оврын автобус явуулахаар ярилцан тохиролцож, миний 100 хувийн эзэмшилтэй “*******”ХХК-ний хувьцааг 33.3%, 33.3 %-иар нь хувааж харилцан тохиролцож 30 000 000, 30 000 000 төгрөгний хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулахаар болсон. Уг “*******”ХХК-д  урьд нь миний бие 2008, 2009 онд Дархан хотод нийтийн тээврийн том оврын автобусны үйлчилгээ явуулж хийж байсан учраас энэ компаний суурин дээр Дархан хотын нийтийн тээвэрт том оврын автобус явуулъя гэж ярилцаж тохироод энэ компаний нэр дээр цаашид үйл ажиллагаа явуулахын тулд 30 000 000, 30 000 000 төгрөгний хөрөнгө оруулж хамтарсан компани байгуулахаар тохиролцож энэ компанийхаа хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн.  Анх тохиролцсон гуч, гучин  сая төгрөгийг би тухайн үед автобусаа зараад *******ын нэр дээр байсан зээлийг хааж, ******* дахин зээл авч компанид 30 000 000 төгрөгөө оруулсан. Ингэхдээ анх ******* нь өөрийнхөө нэр дээр байсан 18 000 000 төгрөгний зээлийг хаагаад дахиж 50 000 000 төгрөгний зээл аваад 30 000 000 төгрөгийг нь компанид оруулсан. Миний бие болон Бямбацогт, Баттогтуур нар нь хамтран 2013 оны зунаас эхлээд үйл ажилгаагаа явуулсан. Бид 100 000 000 төгрөгөөр граж худалдаж авсан. Уг грашны 50 хувийн мөнгийг нь урьдчилж төлөөд үлдсэнийг нь зээл гарсаны дараа төлөхөөр болж уг гаражаа засварлаж автобуснуудаа Солонгос улсаас зээлээр авчиран 12 дугаар сарын 20-н хэднээр автобусныхаа шугамыг нээж үйл ажиллагаа эхэлсэн. 2014 оны 02 дугаар сард Худалдаа хөгжлийн банкнаас 500 000 000 төгрөгний зээл авахын тулд *******ын нэр дээр байсан 50 000 000 төгрөгний зээлийг компаниас хааж, барьцаа хөрөнгөөр Худалдаа хөгжлийн банкинд тавьж 500 000 000 төгрөгний зээл авсан. Ингээд *******ын хөрөнгө оруулсан гэх 30 000 000 төгрөгийг компаний зүгээс буцааж 51 000 000 төгрөгөөр зээлийг нь хааж төлсөн. Энэ мөнгийг ******* нь одоо хүртэл төлөөгүй байгаа. Бид 2014 онд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулсан боловч нийтийн тээврийн ажил маань алдагдалд орж эхэлсэн. Яагаад гэвэл нийтийн тээврийн ажил улсаас тодорхой хэмжээний дэмжлэгтэй явдаг. Энэ дэмжлэгийг бид 2014 онд авч чадаагүй. Ингээд бид алдагдалд орж ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, түлш, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварын өрөнд баригдаж компани 200 000 000-гаад сая төгрөгний алдагдалтай ажилласан. Хэдийгээр бид ийм алдагдал хүлээсэн ч гэсэн эхэлсэн ажлаа цааш нь үргэлжлүүлэхийн тулд миний бие гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан учраас хувь хүмүүс, ах дүү, найз нөхдөөсөө зээл авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явж байтал *******, Баттогтуур нар нь намайг хөрөнгө мөнгө идлээ гэдэг утгаар цагдаа, шүүхийн байгууллагад хандан хэрэг үүсгэн шалгаж байсан. Ингэж анх тохиролцож байснаасаа зөрчигдсөн учраас байгуулсан гэрээгээ эргэж харахаас өөр аргагүй болсон. 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ нь ямар нэгэн байдлаар хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээ биш хөрөнгө оруулалтыг хааж, нуун далдалж хийсэн гэрээ хэлцэл байсан учраас энэ гэрээ хэлцлийг хүчингүйд тооцуулж компаний хувьцааг буцаан гаргуулах хүсэлттэйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан...” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Энэ хэрэг нь анх 2014 оноос эхэлж үүсч явсан  байгаа. Хамгийн анх Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т зааснаар хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл анх шүүхэд  гаргасан. Энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1185 гэсэн шийдвэр нь  хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ удаа гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Энэ 1185 гэсэн шүүхийн шийдвэр нь  хүчин төгөлдөр болсон. Энэ хүчин төгөлдөр болсон шийдвэрээр юу тогтоогдсон бэ гэхээр бэлэглэлийн гэрээ нь хоёр талын гэрээ биш зөвхөн бэлэглэгч ямар нэгэн үйлдэл хийх үүрэг хүлээж, бэлэг хүлээн авагч ямар нэгэн хариу төлбөр, үүрэг хүлээхгүйгээр заасан байхад дээрхи гэрээний үндсэн дээр зохигчид компаний хувьцааг тэнцүү хэмжээгээр эзэмшиж, тэнцүү хэмжээгээр компанид хөрөнгө оруулахаар тохиролцсон нь тогтоогдож байна гэсэн ийм үйл баримт өмнөх шийдвэрээр тогтоогдсон байгаа. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна. Дээрээс нь зохигчид буюу бэлэглэгч бэлэг хүлээн авагч бэлэглэлийн гэрээний талууд өмнөх шүүх хуралдаанууд дээр гаргаж байсан тайлбарууд болон энэ удаагийн шүүхэд гаргаж байгаа тайлбараараа одоо маргаад байгаа бэлэглэлийн гэрээгээ хавхавчилж хийсэн болохоо тайлбаруудаараа зөвшөөрч энэ тал дээр маргахгүй байгаа. Энэ дээр маргаагүй гэдгийг Дархан-Уул аймгийн сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны 1395 дугаартай болон Улсын дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 692 гэсэн дугаартай тогтоол шийдвэрүүдээр давхар нотлогдож байгаа гэдгийг шүүхэд дурдмаар байна. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасан байгаа. Гэтэл “*******”ХХК-ний захирал ******* нь  хариуцагч *******од  33.3 хувийн хувьцааг бэлэглэхдээ хариу төлбөртэй буюу 30 000 000 төгрөгний хөрөнгө оруулалтыг авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байгаа. Ийм учраас энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д  56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцлээр талууд уг шилжүүлэн өгсөн эд зүйлсээ харилцан буцааж өгөх үр дагавар үүсч байгаа учраас 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар шилжүүлэн өгсөн 33.3 хувийн хувьцаагаа буцаан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байгаа. Энэ хэрэг нь Улсын дээд шүүхээс буцаасан. Анх  Баттогтуур болон Бямбацогт нарт холбогдуулж Иргэний хуулийн 56.1.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай байна гэж үзсэн учраас Улсын дээд шүүхээс буцаасан. Уг хэргийг буцаахдаа хариуцагч Баттогтуур болон ******* нарын хэргийг тусгаарлах нь зүйтэй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж тусгаарлуулж шийдвэрлүүлсэн. Баттогтуурт холбогдох нэхэмжлэлийн шаардлага нь Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж дууссан байгаа. Энэ шийдвэр нь хүчин төгөлдөр болсон бөгөөд хэрэгт авагдсан байгаа. Яагаад үүнийг дурдаад байна вэ гэхээр Баттогтуурт холбогдох хэргийг шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр энэ гэрээ нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан бэлэглэлийн гэрээний шинжийг агуулаагүй байна. Яагаад гэвэл сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1185 дугаартай шийдвэрээр болон зохигчдын  гаргасан тайлбараар энэ нь тогтоогдож байгаа учраас энэ гэрээ нь бэлэглэлийн гэрээ биш өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн буюу хамтран ажиллах хөрөнгө оруулалт хийх ийм үйл ажиллагааны гэрээ байтал энэ хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлэлцэл мөн байна гэсэн тогтоогдсон үйл баримтууд шүүх хуралдаанд буюу хэрэгт авагдсан байгаа учраас шийдвэр гаргахдаа шүүх үүнийг харгалзаж үзэхийг хүсч байна...” гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Бадрал би анх байгуулсан, санаачилсан гэж ярьж байна. Уг нь 2013 оны 03 сард талийгаач бид хоёр анх Дарханд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулаад нөхөн олговрын асуудал нь шийдэгдэх юм бол компани байгууллаад ажиллах юм бол болох юм байна гэж ярьж байсан. Тухайн үед Бадрал бид нар найзууд байсан. Энэ яриаг хаанаас сонссон юм мэдэхгүй ирж уулзсан. Бадрал урьд нь 3, 4 сар явуулсан гэж яриад байна. 2014 онд Улаанбаатар хотоос 2,3 хугацаа нь дууссан автобус авчираад 12 сард явуулж үзсэн. Тэр нь 2014 ондоо алданги ононг хөлдөөд явж чадаагүй юм. Тухайн үед нийтийн тээврийн даргаар Төмөрхүү гэж хүн байсан. Тэр хүн явж болохгүй юм байна гээд зогсоосон. Баттогтуур  гуай 2013 онд Дархан-Уул аймагт нийтийн тээвэрт том оврын автобус явж болох юм байна. Тийм хуулийн заалт нь байгаа юм байна гэж хэлсэн. Тэгтэл ******* “*******” гэж 1 сая төгрөгийн дүрмийн сантай, ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй компани байна. Дахиж компани байгуулж байхаар манай энэ компани дээр  33.3 хувийг гурвуулаа тэнцүү эзэмшие гэж хэлсэн.  Энэ дээр төсөв төлөвлөгөөг аймгийн тээврийн газраас хийж өгсөн.  Үүнийг нь аймгийн засаг дарга дээр орж танилцуулаад дэмжигдсэн. Тэгээд 06 дугаар сарын 03-ны өдөр энэ гэрээ хийгдсэн.  Хувьцаагаа яаж  шилжүүлэх юм бэ гэхэд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлье ямар нэгэн асуудал, хөрөнгө мөнгө байх биш гэж хэлсэн. Угаасаа ямар нэгэн хөрөнгөгүй компани байсан. Тэгээд граш, автобус хэрэгтэй гээд би Солонгост байсан учраас таньдаг солонгос хүнээс 10 автобус зээлээр аваад 2013 оны 09 сараас хойш 10 автобус цувуулж оруулж ирсэн. 2014 оны 02 сард компанид Худалдаа хөгжлийн банкнаас 500 000 000 төгрөгний зээл авсан. Тэр зээл нь одоо болтол төлөгдөөгүй шүүхийн шийдвэр нь гарсан байгаа. Миний хувийн хашаа байшин банкны барьцаанд байгаа. Бид нарын анх ярьсан зүйл нь нийтийн тээврийн үйлчилгээ явуулаад тэрнээс олсон ашгаараа банкныхаа зээлийг төлнө гэж ярьж байсан болохоос биш одоо байгаа граш, обьектыг хураалгана гэж бид нар ярьж тохироогүй. Одоо болохоор энэ хүн би төлөх ямар ч боломж байхгүй граш, обьектоо ав гээд банкинд 375 000 000 төгрөгөнд хураагдахаар болсон байгаа.  Үлдэгдэл дээр нь бид нарын байр, орон сууцны асуудал яригддаг. Би зүгээр байж байгаад хүний компаний хувьцаа булаагаад авах гээд байгаа юм шиг зүйл шүүх дээр ярьж байна. Намайг 2014 онд 3, 4 сар компаниа удирдсан гэж ярьж байна. Би 14 хоног л удирдсан. Удирдах ч гэж тэр үед Баттогтуур гуай хурлын шийдвэр гаргаад удирдсан. Компаний тухай хуулинд жил болсоны дараа компаныхаа тайланг тавих ёстой. Энэ хүн тайлангаа тавихгүй байгаа учраас  хурлаа хийгээд чамайг гүйцэтгэх захирлаар тавъя гэхээр энэ хүн тамга, тэмдэгээ авч алга болоод ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. Одоо тамга тэмдэг нь хаана байдаг юм мэдэхгүй. Санхүүгийн тайланг нэг ч удаа тавиагүй. Баттогтуур  гуай бид хоёр нэг удаа аудит оруулсан. Тэрэн дээр Бадрал санхүүгийн баримтыг авчирч өгөөгүй. Санхүүгийн баримт авчирч өгөөгүй учраас ямар ч санхүүгийн аудитын дүгнэлт  гаргаж болдоггүй юм байна. Зүгээр байж байгаад хүний компаний хувьцааг дээрэмдээд авах гэж байгаа юм шиг энэд тэнд очиж шүүхээр орж 3, 4 жил болж байна. Ийм үндэслэлээр би компаний хувьцааг буцаан өгөхөөс  татгалздаг...” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь юу вэ гэхээр талуудын хооронд 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “*******” ХХК-ний хувьцаа бэлэглэх гэрээ гэж байгуулагдсан. Энэ гэрээгээр нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од тус компаний 33.3 хувийн хувьцааг 330 000 төгрөгөөр үнэлж шилжүүлсэн ийм хэлцэл талуудын хооронд байгуулагдсан байдаг. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар бэлэглэлийн гэрээ нь нэг талын буюу хариу төлбөргүй гэрээ.  Тухайн үед “*******”ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай буюу нэхэмжлэгч ******* нь дангаараа энэ компаний хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч байсан. Энэ үйл явдал болохын урьд 2013 онд талууд хоорондоо ярилцаад Дархан-Уул аймагт нийтийн  тээврийн үйл ажиллагааг хөгжүүлье энэ талаар хамтран ажилъя гэсэн зорилгод хүрч үүний үндсэн дээр хуулийн этгээд байгуулах шаардлага гарсан байгаа. Энэ шаардлагын үндсэн  дээр *******ын санал болгосны дагуу энэ компаний хувьцааг 33,3, 33.3 хувь гэсэн Баттогтуур агсан болон Бадрал, Бямбацогт гэсэн гурван хувьцаа эзэмшигчтэйгээр анх Дархан-Уул аймагт нийтийн тээврийн үйл ажиллагаа эхэлсэн байгаа. Энэ маргаан 3 жил гаруй хугацаанд үргэлжилж байна. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа янз бүрийн байдлаар энэ бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулъя гэсэн шаардлагыг шүүхэд гаргаж байсан. Бэлэглэгчийг ноцтой гомдсон юм уу, хариу төлбөртэй гэсэн янз бүрийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж  шүүх тэр нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Улсын дээд шүүхийн тогтоолыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч дурдаж байна. Хяналтын шатны шүүхийн  2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 692 дугаартай тогтоол гэж байгаа. Энэ тогтоолоор хэргийн үйл баримтын талаар шүүхээс тодорхойлсон байдаг. Үндсэндээ нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаад хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл байна гэж буцаасан. Улсын Дээд шүүхийн буцаасан тогтоолыг  үндэслээд нэхэмжлэгч тал өөрсдийнхөө гол нэхэмжлэлийн шаардлагаа энэ шүүхийн шийдвэр гэж бариад маргаан үүсгэж байгаа. Гэхдээ шүүх хараат бус, бие даасан байдлаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, хуулийн үндсэн дээр  шийдвэр гаргах ёстой. Дээд шүүхийн тогтоол дээр ингэж тайлбарласан байна гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэх нь зохимжгүй байх. Өнгөрсөн хугацаанд харж байхад талуудын хооронд маргаан үүсэх гол үндэслэл нь талуудын хоорондын таарамжгүй харилцаа байна гэж үзээд байгаа. Цагдаа, шүүхэд шалгуулсан гэсэн асуудлыг сая  нэхэмжлэгч тал тайлбартаа хэлж байна. Гол нь үүн дээр хариуцагч талаас нэг л зүйл дээр гомддог. Энэ компаний үйл ажиллагааг эхлэхийн тулд хөрөнгө санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй байсан. Тухайн үед 2013 онд бэлэглэлийн гэрээ хийсний дараа Худалдаа хөгжлийн банкны Дархан-Уул аймаг дахь салбараас “*******”             ХХК-ний нэрээр  500 000 000 төгрөгний бизнесийн зээл авсан байдаг. Холбогдох баримт нь шүүхийн шийдвэрийн хамт хэрэгт байгаа. Энэ зээлийг авахын тулд хариуцагч Бямбацогтоос одоо амьдарч байгаа хашаа байшин үл хөдлөх хөрөнгөө банкны барьцаанд тавьсан. Өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдээгүй.  “*******” ХХК хувьд ч энэ банкны өрийг төлөхгүй  375 000 000 төгрөгний өрийн үлдэгдэлтэй явж байгаа.  Ийм, ийм асуудлын улмаас энэ бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байна уу?, үгүй юу гэдэг маргаан талуудын хооронд үүссэн байгаа.  Талууд тухайн үедээ Дархан-Уул аймагт нийтийн тээвэрийн үйлчилгээг хөгжүүлье гэж зорилгоо тодорхойлсон байсан. Бэлэглэлийн гэрээ тухайн үед хийгдсэн байгаа. Компаний хувьцаа шилжүүлсэн. Хамтран ажиллах гэрээ гэсэн Улсын дээд шүүхийн тогтоолтой би санал нийлэхгүй байгаа. Талууд эхлээд зорилгоо тодорхойлоод хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч гэдгээрээ баталгаажаад явсан байгаа тохиолдолд мэдээж хөрөнгө санхүүгийн асуудал нь дараагийн энэ бэлэглэлийн гэрээтэй холбоогүй тусдаа асуудал байх байсан.  Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ гэдэг нь бичгээр хийгээд талууд зорилгоо тодорхойлоод явчих байсан. Бэлэглэлийн гэрээн дээр энэ асуудлыг заавал хөндөх үү?, үгүй юу гэдгийг шүүх бүрэлдэхүүнийг анхаарч үзээсэй гэж хүсч байна. Нэхэмжлэгч талаас 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гээд нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад байгаа боловч Улсын дээд шүүхийн ийм тогтоол гараагүй байсан бол нэхэмжлэгч тал өнөөдөр ийм шаардлагыг гаргахгүй байсан. Дээд шүүхээс ийм тогтоол гарлаа, ийм тогтоол гарсан юм чинь бид яасан ч болно гэсэн байдлаар шаардлага гаргаад байгаа нь хэргийн нөхцөл байдал болон нотлох баримтанд нийцэхгүй байна гэж үзэж байна. Нөгөө талаас хувьцаа шилжүүлэх гэрээ ямар тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болох вэ гэхээр бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, холбогдох шилжилт хөдөлгөөн бүртгэлийг хийлгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр болдог. Ямар тохиолдолд тэр бүртгэл хүчин төгөлдөр бус байх вэ гэхээр Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн  183.1-д зааснаар хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж байгаа. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч Бадрал бэлэглэлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа болохоос улсын бүртгэлтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргаагүй байгаа гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна...” гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* компанийн хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг *******од холбогдуулан гаргажээ.

Нэхэмжлэгч ******* нь “2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ нь ямар нэгэн байдлаар хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээ биш хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг хааж, нуун далдалж хийсэн гэрээ хэлцэл байсан учраас энэ гэрээ хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5-д зааснаар хүчингүйд тооцуулж компанийн хувьцааг буцаан гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж оролцсон.

Хариуцагч ******* нь “2013 оны 03 дугаар сард Бадрал, Баттогтуур гуай бид гурав Дарханд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулаад нөхөн олговорын асуудал нь шийдэгдэх юм бол компани байгуулаад ажиллаж болох юм байна гэж ярилцаж тохиролцсон. ******* нь “*******” гэж 1 сая төгрөгийн дүрмийн сантай, ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй компани байна. Дахиж компани байгуулж байхаар манай энэ компани дээр  33.3 хувийг гурвуулаа тэнцүү эзэмшие гэж хэлсэн.  Тэгээд 06 дугаар сарын 03-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийгдсэн. Бадралаас хувьцаагаа яаж  шилжүүлэх юм бэ гэхэд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлье ямар нэгэн асуудал, хөрөнгө мөнгө байх биш гэж хэлсэн. Угаасаа ямар нэгэн хөрөнгөгүй компани байсан. ******* нь компаний санхүүгийн тайланг нэг ч удаа тавиагүй. Баттогтуур  гуай бид хоёр нэг удаа аудит оруулсан. Тэрэн дээр Бадрал санхүүгийн баримтыг авчирч өгөөгүй. Санхүүгийн баримт авчирч өгөөгүй учраас ямар ч санхүүгийн аудитын дүгнэлт  гаргаж болдоггүй юм байна. Би зүгээр байж байгаад хүний компанийн хувьцааг булаагаад авах гээд байгаа юм шиг зүйл шүүх дээр ярьж байна. Би ийм үндэслэлээр компанийн хувьцааг буцаан өгөхөөс татгалздаг” гэж маргаж мэтгэлцэж байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зохигчдын тайлбар зэргээс дараах дүгнэлтийг хийлээ.

2013 оны 03 дугаар сард *******, *******, А.Баттогтуур нар нь Дархан-уул аймгийн нутаг дэвсгэрт нийтийн тээврийн үйлчилгээ явуулах компани байгуулахаар ярилцаж тохиролцон *******ын үүсгэн байгуулсан “*******” ХХК-ийн хувьцааг тэнцүү хуваан 33.3%-иар эзэмшихээр болж хувьцааг бэлэглэлийн гэрээний журмаар шилжүүлж, компанид тэнцүү буюу 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хамтран ажилласан болох нь 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “*******” ХХКомпанийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “*******” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм, 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн үйл ажиллагааны чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай “*******” ХХК-ийн бүх гишүүдийн хурлын тогтоол, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн  зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ... гэж заажээ. Өөрөөр хэлбэл бэлэглэлийн гэрээ нь ямар нэгэн хариу төлбөргүй байдаг онцлогтой.

Хэргийн нөхцөл байдал, үйл баримтын тухайд нэхэмжлэгч, хариуцагч нар нь нийтийн тээврийн үйлчилгээ явуулах зорилгоор компанид хөрөнгө оруулж, хамтран ажиллаж, үйл ажиллагаа явуулахын тулд бэлэглэлийн гэрээгээр хувьцааг шилжүүлсэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд талууд энэ тал дээр маргаагүй, үгүйсгээгүй.

Иймд бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийх нь зүйтэй бөгөөд бэлэглэлийн гэрээг бодит байдлаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх тул компанид хөрөнгө оруулж, хамтран ажиллах хэлцлийг халхавчилж хийсэн 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хувьцаа бэлэглэх тухай бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 5-д зааснаар хариуцагч *******оос “*******” ХХК-ын 33.3% буюу 333.000 төгрөгийн хувьцааг гаргуулж *******д олгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн “*******” ХХК-ийн 33.3 хувь буюу 333.000 төгрөгийн хувьцааг *******оос гаргуулж *******д олгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.ДЭЛГЭРСАЙХАН