Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/­­­­14

 

  

 

 

 

 

2022 оны   01 сарын 13 өдөр                                  Дугаар    2022/ШЦТ/­­­­14                                               

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Эрдэнэсувд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Э.А ,

Шүүгдэгч: М.Б ,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч: “А.Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Анхбаяр /цахимаар/,

Иргэний хариуцагч: “Г.С.А.З” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхбат /цахимаар/,

Иргэний хариуцагч: “Г.С.А.З” ХХК-ийн өмгөөлөгч Н.Золжаргал /цахимаар/,

Иргэний хариуцагч: “З.Б ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхбаяр, Э.Эрдэнэхишиг, Б.Гаваа /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ДШМ/54 дугаартай магадлалаар дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн М.Б , Э.А  нарт холбогдох 1929001450081 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А  мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б  мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 8-16х/

Хохирогч Б.Баасансүрэнгийн: “... манай нөхөр машиндаа нүүрс ачуулаад би түүний жолооддог 47-91 УБО дугаартай Нордбенз машины кабинд суугаад нүүрс тээврийн 3-аас 4 дэх километрт засмал замаар явж байсан. Би гар утсаа оролдоод явж байтал жолоо барьж явсан нөхөр маань “хүүе” гээд дуугарахаар нь өндийгөөд хартал цагаан толгойтой цэнхэр чиргүүлтэй нүүрсний машин урдаас тулаад ороод ирсэн. “Хүүе” гэхийн завдалгүй нөгөө машинтай миний сууж явсан машин мөргөлдөөд нэг сэрэхэд би сууж явсан машиныхаа хойд орлуу шидэгдсэн байсан ... өндийх гэтэл миний зүүн хөл гадагшаа нугалраад эргэчихсэн, баруун хөл өвдгөөрөө нугалраад яс нь өмдний цаанаас гарчихсан байсан ’ гэх мэдүүлэг /1хх-ийн 22-25 хуудаст/

Э.А гийн гэрчээр өгсөн: “...замын хагархай таарахаар нь урсгал сөрөөд тойрч гараад өөрийнхөө урсгалд ороод явж байтал өөдөөс хурдтай хоосон ачааны автомашин урсгал сөрж ирээд миний буруу талаар чирэгч толгой ороод би чиргүүлийг нь чирэгч толгойгоороо мөргөж, миний машины чиргүүл онхолдсон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 47 хуудаст/

М.Б гийн гэрчээр өгсөн: “Д ах өөрийнхөө урсгалаар явж байхад өөдөөс нь ирсэн ачаатай машин замын хагархай тойроод урсгал сөрөөд орж ирэхэд Д ах зүүн гарлуугаа дараад замын эвдэрхий хагархай хэсгийг дайраад ачаатай машинтай буруу талаараа зөрөөд цааш явсан. тэр явдлыг би хараад хаазаа хассан. Урдаас ирж яваа ачаатай машин нүх тойрч гарч ирээд өөрийнхөө урсгалруу орох гэснээ болиод зам голлоод миний өөдөөс чиглээд орж ирсэн. Тэр машин хурдан явж байсан. Өөдөөс тулаад ороод ирэхээр нь би зүүн гар тийшээ дараад /зугатаагаад/ замын урдруу буусан хоёр машины толгой мөргөлдөлгүй буруу талаараа зөрсөн боловч ачаатай машины толгой миний чиргүүл рүү мөргөсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 49-50 хуудаст/

Гэрч С.Ч : “Тэр машин өөдөөс их хурдтай ирсэн болохоор мөргөлдөхгүйн тулд би буруу талаар нь зөрөөд өнгөрсөн. Тэр орчимд замын баруун гар талын шороон далан өндөр учраас тийшээ шахах болон буух боломжгүй байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 52-53 хуудаст/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн 6502 дугаартай “1. Б.Баасансүрэнгийн биед баруун дунд чөмөгт ясны ил хугарал, зүүн шилбэ тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /1хх-ийн 55 хуудаст/

Зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг тогтоосон Автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх-ийн 71-78 хуудаст/

М.Б гийн яллагдагчаар өгсөн “Тухайн осол болсон өдөр би “А.Т” ХХК-ийн эзэмшлийн 32-05 ТЧ дугаарын чиргүүлтэй, 80-41 УБМ улсын дугаартай Нордбенз маркийн машиныг жолоодоод “Эрдэнэс итаван толгой” уурхай руу явж байсан ... Миний урд Чулуундорж ах явж байсан ... Д ах өөрийнхөө урсгалаар явж байхад өөдөөс нь ирсэн ачаатай машин замын хагархай тойроод урсгал сөрөөд орж ирэхэд Д ах зүүн гарлуугаа дараад замын эвдэрхий хагархай хэсгийг дайраад ачаатай машинтай буруу талаараа зөрөөд цааш явсан. Би тэр явдлыг хараад хаазаа хасаад урдаас ирж яваа ачаатай машин замын хагархай нүх тойрч гарч ирээд өөрийнхөө урсгалруу орох гэснээ болиод зам голлоод миний өөдөөс чиглээд ирсэн. Тэр машин хурдан явж байсан. Өөдөөс тулаад ороод ирэхээр нь би зүүн гар тийшээ дараад /зугтаагаад/ замын урдруу буусан. Хоёр машины толгой мөргөлдөлгүй буруу талаараа зөрсөн боловч ачаатай машины толгой миний чиргүүлрүү мөргөсөн” гэх мэдүүлэг/ 1хх-ийн 96-98 хуудаст/

Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх баримтууд /1хх-ийн 136-142 хуудаст/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн багийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаартай дүгнэлт /1хх-ийн 235-236 хуудаст/

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн багийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 390 дугаартай дүгнэлт / 2хх-ийн 5-7 хуудаст/

Э.А гийн яллагдагчаар өгсөн “Би 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Зүүн хөхий” ХХК-ийн эзэмшлийн 80-41 БЧ чиргүүлтэй, 47-91 УБО улсын дугаартай Нордбенз маркийн нүүрс ачсан тээврийн хэрэгслийг жолоодон нүүрс тээврийн хатуу хучилттай авто замын 3-4 дэх км-ийн хооронд чвж байхад ачаатай талд нилээн том хагархай байхаар нь тойроод эсрэг урсгалд ороод гарсан чинь хоосон талд явсан нэг машин миний буруу талаар зөрсөн. Би тэр машинруу гэрлээрээ дохисон чинь буруу талын урсгалаар зөрөөд явсан. Тэгээд би өөрийн урсгалдаа орсон чинь өмнөөс цагаан өнгийн толгойтой Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл хурдтай ороод ирсэн. Тэр машины толгой нь замын хажууруу гараад би тормосоо тултал гишгэсэн. Тэгээд чиргүүлийг нь очоод мөргөсөн” гэх мэдүүлэг /2хх-ийн 16-17 хуудаст/

Иргэний хариуцагч М.Б “Уг нүүрс тээврийн хатуу хучилттай авто замыг “Гашуунсухайт авто зам” ХХК засвар үйлчилгээг хариуцдаг” гэх мэдүүлэг /2хх-ийн 21-22 хуудаст/

Шүүгдэгч Э.А гийн хувийн байдалтай холбогдох баримт /1-р хх-н 127-133, 2-р хх-н 25-30-р хуудаст/,

Э.А гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1-р хх-н 147, 2-р хх-н 39-р хуудас/,

Э.А гийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-н 32-38, 65-66-р хуудас/,

Шүүгдэгч М.Б гийн хувийн байдалтай холбогдох баримт /1-р хх-н 99-112, 114, 238, 2-р хх-н 70, 73-75-р хуудаст/,

М.Б гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1-р хх-н 146-р хуудас/,

М.Б гийн арван хурууны дардас /1-р хх-н 113-р хуудас/,

М.Б гийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 116-118-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Э.А , М.Б  нарыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч М.Б  нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг, Гашуун сухайт автозамын 3-аас 4 дэх км-т 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 80-41 БЧ дугаарын чиргүүл бүхий 47-91 УБО улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын улмаас Э.А гийн жолоодож явсан 32-05 ТЧ дугаарын чиргүүлтэй, 80-41 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол, Э.А гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.А  нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг, Гашуун сухайт автозамын 3-аас 4 дэх км-т 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Нордбенз маркийн 47-91 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас М.Б гийн жолоодож явсан 80-41 БЧ дугаарын чиргүүлтэй, 47-91 УБО улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.А , М.Б  нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “энэ гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.

Шүүгдэгч Э.А , М.Б  нар нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж зааснаар гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А , М.Б  нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Э.А  нь “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч М.Б  нь “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг Э.А гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.

Гэмт хэргийн улмаас М.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6502 дугаар дүгнэлт, /1-р хх-ийн 55 дугаар хуудас/ Э.А гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. /1-р хх-ийн 59 дүгээр хуудас/

Шүүгдэгч Э.А гийн жолоодож явсан Нордбенз маркийн 47-91 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь чиргүүлийн эзэмшигч нь “Зүүн хөхий” ХХК нь болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 136-137 дугаар хуудас/

“Зүүн хөхий” ХХК-ийн эзэмшлийн 80-41 БЧ дугаартай чиргүүл, Нордбенз маркийн 47-91 ЦБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 44,490,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 267, 268 дугаар авто машин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 71-74 дүгээр хуудас/

Шүүгдэгч М.Б гийн жолоодож явсан Нордбенз маркийн 80-41 УБМ улсын дугаартай чирэгч толгой, Shandong маркийн 32-05 ТЧ дугаартай чиргүүл нь “А.Т” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 138-139 дүгээр хуудас/

 “А.Т” ХХК-ийн эзэмшлийн 32-05 ТЧ дугаартай чиргүүл болон Нордбенз маркийн 80-41 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас нийт 5.459.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 136, 141 дүгээртэй автомашин техникийн үнэлгээний тайлангаар тус тус тогтоогджээ. /1-р хх-ийн 75-78 дугаар хуудас/

Шүүгдэгч Э.А  нь хохирогч Б.Баасансүрэнтэй гэр бүлийн харилцаатай эхнэр, нөхөр болох нь гэрлэлтийн лавлагаагаар тогтоогдож байна. /2-р хх-ийн 27 дугаар хуудас/

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “... гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.” гэж заасны дагуу шүүгдэгч Э.А гаас хохирогч Б.Баасансүрэнд хохирол гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч М.Б  хохирогч Б.Баасансүрэнд төлөх төлбөргүй, хохирогч Э.А  шүүгдэгч М.Б гээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Баасансүрэн нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох М.Б гээс 50 хувийг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

“Зам хариуцагч” гэдэг нь Авто тээврийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийн хэлнэ” гэж заажээ.

Захиалагч “Эрдэнэс монгол” ХХК, гүйцэтгэгч “Г.С.А.З” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 5 жилийн хугацаатай Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн авто замын ашиглалт, үйлчилгээ, засвар арчилгааг гүйцэтгэх ER-14-127 дугаар гэрээ байгуулагдсан байна. /2-р хх-ийн 238-247 дугаар хуудас/

Энэ гэрээнээс дүгнэж үзэхэд, Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 239 км уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалт бүхий хүнд даацын хатуу хучилттай авто замын зам хариуцагч нь “Г.С.А.З” ХХК байна.

Захиалагч “Эрдэнэс монгол” ХХК болон “Г.С.А.З” ХХК гүйцэтгэгч “З.Б ” ХХК нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Багц-1 Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Таван толгой Гашуун сухайт чиглэлийн 239 км нүүрс тээврийн хүнд даацын авто замын 0-50 км хүртэл авто замын засварын ажил”-ын ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. /3-р хх-ийн 46-74 дүгээр хуудас/

“Багц-1 Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Таван толгой Гашуун сухайт чиглэлийн 239 км нүүрс тээврийн хүнд даацын авто замын 0 км-ээс 50 км хүртэлх авто замын засварын ажил”-ын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж үзэхэд зам хариуцагч нь “Г.С.А.З” ХХК, 0-50 км-ийн авто замын засварын ажлын туслан гүйцэтгэгч нь “З.Б ” ХХК, гэрээнд хяналт тавих үүргийг зам хариуцагч “Г.С.А.З” ХХК-д хариуцуулсан байна.

Иймд “З.Б ” ХХК болон зам хариуцагч “Г.С.А.З” ХХК нь тус гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Г.С.А.З” ХХК-аас 11,122,500 төгрөгийг, Иргэний хариуцагч “З.Б ” ХХК-аас 11,122,500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Зүүн хөхий” ХХК-д тус тус олгох зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Зүүн хөхий” ХХК-аас 2.729.500 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “А.Т” ХХК-д олгож, иргэний хариуцагч “А.Т” ХХК-аас 22.245.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Зүүн хөхий” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний нэхэмжлэгч “Зүүн хөхий” ХХК болон иргэний нэхэмжлэгч “А.Т” ХХК нь гэм буруутай этгээд болох М.Б , Э.А  нараас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд: 

Шүүгдэгч Э.А , М.Б  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.А , М.Б  нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, өөрийн гэм буруугаа зөвшөөрсөн болон тэдний хувийн байдал, улсын ялагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.А , М.Б  нар нь урьд эрүүгийн  хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хх-н 146, 147 дугаар хуудас/,

           Шүүхээс шүүгдэгч М.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Э.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж зааснаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.8, 12.10 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б , Э.А  нарт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг зохицуулжээ.

Шүүгдэгч М.Б , Э.А  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.

Шүүгдэгч М.Б , Э.А  нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б , Э.А  нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан шүүгдэгч М.Б гийн жолоочийн BCE ангиллын 723966 дугаартай үнэмлэх, шүүгдэгч Э.А гийн жолоочийн BCDE ангиллын 125184 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч нарт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Х.Ууганбатад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б  Э.А  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,

Э.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.А д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.8, 12.10 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б , Э.А  нарт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Шүүгдэгч М.Б  хохирогч Б.Баасансүрэнд төлөх төлбөргүй, хохирогч Э.А  шүүгдэгч М.Б гээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Зүүн хөхий” ХХК-аас 2.729.500 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “А.Т” ХХК-д олгож, иргэний хариуцагч “А.Т” ХХК-аас 22.245.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Зүүн хөхий” ХХК-д, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Г.С.А.З” ХХК-аас 11,122,500 төгрөгийг, Иргэний хариуцагч “З.Б ” ХХК-аас 11,122,500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Зүүн хөхий” ХХК-д тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Баасансүрэн нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох М.Б гээс 50 хувийг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Иргэний нэхэмжлэгч “Зүүн хөхий” ХХК болон иргэний нэхэмжлэгч “А.Т” ХХК нь гэм буруутай этгээд болох М.Б , Э.А  нараас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан шүүгдэгч М.Б гийн жолоочийн BCE ангиллын 723966 дугаартай үнэмлэх, шүүгдэгч Э.А гийн жолоочийн BCDE ангиллын 125184 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч нарт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Х.Ууганбатад даалгасугай.

       9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б , Э.А  нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

      10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б  Э.А  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАТМӨНХ