Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00067

 

Э.Э-, Б.Т- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00194 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 583 дугаар магадлалтай,

Э.Э-, Б.Т- нарын нэхэмжлэлтэй,

Д.Г-, Ц.Д- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 484.266.478 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн гэрээний сунгалтууд, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э-, нэхэмжлэгч Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, хариуцагч нарын өмгөөлөгч Ү.Ч, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Э-, Б.Т- нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...иргэн Д.Г-, Ц.Д- нартай харилцан тохиролцож 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 7.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацааг 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сунгасан, 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 75.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар 40 мянгатын 37 дугаар байрны 53 тоот байрлах Ц.Д-гийн өмчлөлийн 41 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгаж зээлийн гэрээний хүүг 5 хувь болгон өөрчилсөн, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний хугацааг сунгаж, зээлийн хүүг 5 хувь болгож өөрчилсөн, 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 80.0000.000 төгрөгийг сарын 2 хувийн 10 хоногийн хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөгийг нэмж нийт 83.000.000 төгрөг зээлдүүлсэн. 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгаж зээлийн гэрээний хүүг 5 хувь болгон өөрчилсөн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 25.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлүүлэн зээлийн гэрээ байгуулж 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгасан. Эдгээр зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлийн гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй ба зээлийн гэрээг Д.Г-, Ц.Д- нар нь сунгах хүсэлт гаргасны дагуу бүх зээлийн гэрээг сунгасан. Хариуцагч нар нь зээлийн гэрээнүүдийн хүүг 4 удаа төлсөн. Үүнд: 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 15.000.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 100.000.000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 50.000.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 12.500.000 төгрөг, нийт 177.500.000 төгрөг төлсөн. Үүнээс хойш Д.Г-, Ц.Д- нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардлага тавьсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу Д.Г-, Ц.Д- нараас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 177.516.450 төгрөг, хүү 235.260.213 төгрөг, алданги 71.489.815 төгрөг, нийт 484.266.478 төгрөгийг гаргуулна. Д.Г-, Ц.Д- нар нь зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгатын 37 байрны 53 тоотод байрлах Ц.Д-гийн өмчлөлийн 41 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах замаар төлбөрийг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Г, Ц.Д- нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 7.000.000 төгрөг зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний барьцаанд 9911...-тэй мобикомын дугаарыг барьцаанд тавьсан бөгөөд зээлийн төлбөрийг төлж байхад Э.Э- нь утасны дугаарыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлдээ авч гэрээг дуусгавар болгосон учир энэ гэрээний дагуу төлөх төлбөргүй. 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 75.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан, харин Д.Г- нь 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 80.000.000 төгрөг аваагүй, өмнөх 75.000.000 төгрөгийн гэрээнд төлөх 1 сарын хүү 4.500.000 төгрөгийг төлөх боломжгүй байсан тул хүүг нэмж 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 80.000.000 төгрөгийн зээлийн гэрээ болгон шинэчлэн байгуулсан учир эдгээр гэрээнүүдэд тус тусд нь үндсэн зээл, хүү, алданги тооцон нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. 2013 оны 01 дүгээр сарын 07-ны болон 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн гэрээнүүдийг байгуулан мөнгийг хүлээн авсан. Харин дээрх гэрээнүүдийн хугацааг 2016 он хүртэл огт сунгаагүй, сунгалт хийх талаар ярилцаж байгаагүй тул 2016 он хүртэлх хугацааны хүү алданги төлөх үндэслэлгүй. Хариуцагч нараас зээлийн төлбөрийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Нэхэмжлэгч Э.Э- 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 99113763 дугаарыг хүлээн авч төлбөр тооцоог дуусгавар болгосон. Гэтэл Э.Э- өөрөө гарын үсэг зураагүй 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгасан гэх баримтаар хариуцагчаас төлбөр нэхэмжилсэн. Мөн нэхэмжлэгч Б.Т-тэй байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт гэх баримтад зээлдүүлэгч Б.Т- гарын үсэг зураагүй. Төлөөлөх эрхгүй этгээдийн гарын үсэг бүхий баримтаар төлбөр нэхэмжилсэн. Гэтэл Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар...” гэрээ байгуулагдсанд тооцохоор хуульчилсан байдаг. Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43.2.1-д заасныг зөрчсөн байгаа тул талуудын хооронд хэлцэл байгуулагдсанд тооцогдох үндэслэлгүй, талуудын хүсэл зоригийн бүрэн илэрхийлэл гэж үзэх боломжгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн ...хэлцэл" хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу нэхэмжлэгч талаас 7.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 2015 оны 5 дугаар сарын 12- ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сунгасан гэх хэлцэл, 75.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгасан гэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Ц.Д-гийн Э.Э-той 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон. Гэтэл нэхэмжлэгч Э.Э- нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт заасан "хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно" гэсэн хуулийн заалтыг зөрчиж зээлийн гэрээний сунгалтыг 10 хоногийн дараа буюу 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иймд хугацаа тоолох журмыг зөрчиж байгуулсан зээлийн гэрээг сунгасан гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Б.Ганбат нь Э.Э-оос 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 80.000.000 төгрөг зээлж аваагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э.Э-ын шүүхэд гарган өгсөн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг эхнэр Ц.Д- Б.Т- нарын хооронд байгуулсан. 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 75.000.000 төгрөгийн зээл, зээлийн хүү 4.500.000 төгрөгийг нэмж нэгтгэн Д.Г- миний нэр дээр шинэ зээлийн гэрээ байгуулан 75.000.000 төгрөгийн зээлийн гэрээг дуусгавар болгох тухай Б.Т- Э.Э- нараас хүсэлт тавьсныг зөвшөөрч, 80.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулан, мөн шаардсаны дагуу мөнгө хүлээн авсан тухай бичиж өгсөн. Энэ гэрээг байгуулснаар Ц.Д- Б.Т-тэй байгуулсан 75.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хүүгийн хамт дуусгавар болсон гэж бодож байтал нэхэмжлэгч нараас 75.000.000 төгрөг болон 80.000.000 төгрөгийг хүү, сунгалтууд гэх баримтад заасан үнийн дүнг нэмж нэгтгэн биднээс нэхэмжилсэн байна. Энэ гэрээний үүргүүдийг шаардаж байгаа талаар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас олж мэдсэн. Гэтэл Б.Ганбат нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанчлан 80.000.000 төгрөгийг өөрийн өмчлөлд хүлээн аваагүй, захиран зарцуулаагүй, бэлэн болон бэлэн бусаар шилжүүлж өгөөгүй. Зээлийн гэрээг хүүгийн хамт нэмж нэгтгэн дахин шинээр зээлийн гэрээ байгуулсан тул уг гэрээг хууран мэхлэж байгуулсан гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 болон 59 дүгээр зүйлийн 59.1-д хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй... гэж заасныг үндэслэн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг, хуулийн 56.1.10-д заасан үндэслэлээр уг гэрээг сунгасан гэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн баримтыг хариуцагч тал өөрсдийн хүсэл зоригийн дагуу хийгээгүй. Э.Э- нь 2015 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд хариуцагч талын гэрийн хаяг болон ажил үйлдвэрлэл явуулдаг үйлдвэрийн байранд 5-6 удаа 1-2 хүмүүсийн хамт ирж хэрүүл гарган үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, дайрч доромжлон, гэрт насанд хүрээгүй хүүхэд байхад дайрч орох, айлгах, загнах зэргээр зүй бус авирлах болсон. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрт үл таних нэг хүний хамт ирж хүүхдүүдийг загнан гэрт дайрч орж айлгахад нь хүүхдүүд Хан-Уул дүүргийн 11 хорооны цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн бөгөөд дуудлагын дагуу эргүүлийн 2 цагдаа ирж Э.Э-ыг үл таних хүний хамт гэрээс гаргасан. Бид энэ явдлаас болоод Э.Э-ын өөрийнх нь гараар бичсэн баримт дээр 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурсан. Үр хүүхэд айлган, гэр орон үйлдвэрийн байраар ирж хэрүүл хийж, машинтай залуусыг хөлслөн шөнө өдөргүй араас дагуулж, хамт олны дунд ажил хэргийн нэр хүндэд халдаж байсан учраас хүссэн баримтан дээр нь гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч Э.Э- хууль бус хийгдсэн 80.000.000 төгрөгийн гэрээ, 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2012 оны 02 сарын 17-ны өдрийн сунгалтуудыг баталгаажуулах, халхавчлах, баримтжуулах зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баримт үйлдэн өөртөө авсан. Хариуцагч нарын зүгээс энэхүү баримтыг үнэн зөв болгох, дахин нягтлан үзэж тооцоо нийлэх талаар 2016 онд удаа дараа Э.Э-од хандсан боловч 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Иймд хариуцагч нарын зүгээс Э.Э-той 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг үндэслэл болгон хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч нартай харилцан тохиролцоод өөрсдөө зээлийн гэрээний хугацаа сунгах талаар хүсэлт гаргасны дагуу 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг 2016 оны 7 дугаар сарын 12- ны өдрийг хүртэл сунгахдаа зээлийн гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сунгасан. Нэхэмжлэгч Б.Т-ийн зөвшөөрлөөр эрх олгосны дагуу 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг сунгасан, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг Ц.Д- нь зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлт гаргасны дагуу 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сунгасан. Мөн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 80.000.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай зээлүүлэхээр хариуцагч нартай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нар нь 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүүгийн хамт 80.533.333 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч зээлийг хугацаандаа төлөх боломжгүй байгаа талаар хүсэлт гаргасны дагуу тус зээлийн гэрээг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл сунгасан. Гэрээний үүргээ биелүүлэхгүй байсны улмаас 2016 оны 7 дугаар сард Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргахад Д.Г- нь ...200.000.000 төгрөгийг авсан, Э.Э-оос авсан мөнгөний 7.000.000 төгрөгийг ноос ноолууран утас, ажилчдын цалин, түрээсийн төлбөрт зарцуулсан, байраа барьцаалсан 75.000.000 төгрөгийг Седан банк бус санхүүгийн байгууллага дээр барьцаалсан байсан 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлсэн тэр нь 60.000.000 төгрөгний барьцаанд тавигдсан байсан. Үлдэгдэл мөнгийг үйлдвэрлэлдээ зарцуулсан. Дараагийн 10.000.000 төгрөгийг бас л үйлдвэртээ зарцуулагдсан байх гэж бодож байна. 80.000.000 төгрөгийг Алаг уул ган ББСБ-д барьцаалсан байсан үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай талбайг чөлөөлүүлэхэд зарцуулагдсан. Сүүлийн зээлсэн мөнгийг хүүгийнхээ сургалтын төлбөрт зарцуулагдсан гэж тайлбар өгсөн байж одоо ямар ч үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Д.Г-, Ц.Д- нар нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтийн талаар тооцоо нийлж 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 356.787.700 төгрөг болсныг харилцан тохиролцон зөвшөөрч гарын үсэг зурсан. Энэхүү 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн баримт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлд огт хамаарахгүй, мөн уг хэлцлийг бид дарамталж хийсэн гэдэг нь худлаа, бид өөрсдөө тооцоо нийлсэн, хүсэл зоригийн илэрхийлэл байсан. Тиймээс Д.Г-, Ц.Д- нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00194 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 282.4, 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч Д.Г-аас 140 000 000 төгрөг, хариуцагч Ц.Д- 140 000 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Э-, Б.Т- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 204 266 478 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.10, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Г-, Ц.Д- нарын нэхэмжлэгч Э.Э-, Б.Т- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг сунгасан гэх хэлцлүүд, 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагч Ц.Д-гийн барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар 40 мянгатын 37 дугаар байрны 53 тоот 41 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2 579 290 төгрөг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 1 488 150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 557 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 583 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00194 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Г-, Ц.Д- нараас тус бүр 65 237 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э-, Б.Т- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 353 791 478 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 4 дахь заалтын 1 557 950 гэснийг 810 325 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 557 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Э.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч Э.Э-, Б.Т- нар нь хариуцагч Д.Г-, Ц.Д- нартай зээлийн гэрээний сунгалтуудыг бичгээр байгуулсан. Тус гэрээнүүдэд ойлгомжгүй үг, хэллэг, өгүүлбэр, утга агуулга байхгүй байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 198 дугаар зүйлийн 198.2-т заасныг үндэслэн ойлгомжтой, тодорхой бичигдсэн гэрээний нөхцөлийг өөрчилж тайлбарласан нь үндэслэлгүй болсон. Магадлалд “Талуудын хоорондын байгуулагдсан гэрээний сунгалт гэх баримтуудад үндэслэж зээлийн хүүг тооцох үндэслэлгүй. Зээлийн гэрээний нөхцлийг нэхэмжлэгч Э.Э-, Б.Т- нарын зүгээс хариуцагч Ц.Д-, Д.Г- нарт санал болгосон гэх үйл баримтад талууд маргахгүй байна”, мөн “Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг “гэрээний стандарт нөхцөл” гэж заасан ба стандарт нөхцөлтэй гэрээний утга агуулга ойлгомжгүй байвал нөгөө талд нь ашигтайгаар тайлбарлана. Талуудын байгуулсан зээлийн гэрээний сунгалт хэсэгт “зээлдүүлэгч нь зээлдэгчтэй утсаар ярилцаж зээлийн гэрээний сунгалтыг дангаараа сунгаж болохыг тохиролцсон болно” гэж бичсэн байх тул Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын “...хоосон цаасан дээр гарын үсэг зуруулаад дараа нь сунгалт гэдэг бичилт хийсэн...” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ. Сунгалтыг гэрээнд байгаа агуулгыг харвал нэг тал нөгөө талдаа зөвхөн аман хэлцлээр буюу утсаар ярьж гэрээ сунгаж хүү тооцохыг зөвшөөрүүлсэн баримт дээр гарын үсэг зуруулсан гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан. Нэхэмжлэгч нарын хувьд Д.Г-, Ц.Д- нарын санал, хүсэлтийн дагуу харилцан тохиролцож зээлийн гэрээнүүдийг байгуулсан. Энэхүү зээлийн гэрээний хувьд байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөл журам байхгүй байхад давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Магадлалд “Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар заасан. Гэтэл утсаар ярьж гэрээг сунгаж болно гэдгийг зөвшөөрүүлсэн байдал нь хуульд заасан бичгээр гэрээ хийсэн гэж үзэх Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан нөхцөлд хамаарахгүй. Иймд эдгээр гэрээнүүдийн сунгалт гэх хэсэгт заасан хугацаанд хүү шаардах эрхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг огт үнэлээгүй болно. Нэхэмжлэгч нар нь хариуцагч нартай зээлийн гэрээ болон сунгалтуудыг биечлэн уулзаж бичгээр байгуулсан бөгөөд хариуцагч Д.Г-, Ц.Д- нартай утсаар ярьж зээлийн гэрээг огт сунгаагүй болно. Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ утсаар сунгасан гэж зээлийн гэрээний үүргийг шаардсан зүйл байхгүй болно. Д.Г-, Ц.Д- нартай харилцан тохиролцож зээлийн гэрээний сунгалтыг бичгээр байгуулсан нотлох баримт хэрэгт авагдсан байхад энэхүү нотлох баримтыг мушгин гуйвуулж үндэслэлгүй дүгнэсэн. Түүнчлэн давж заалдах шатны шүүх нь дээрх дүгнэлтээр хариуцагч Д.Г-, Ц.Д- нарт үүссэн үндсэн зээл, хүү, алданги нийт 307.975.000 төгрөгөөс нэхэмжлэгчийн хариуцагч талаас төлбөрт хүлээн авсан гэж зөвшөөрсөн 177.500.000 төгрөгийг хасч үлдэгдэл 130.475.000 төгрөгийг хариуцагч тус бүрээс хуваан гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хуралдааны өмнө шүүхээс талуудад эвлэрэн хэлэлцэх санал байна уу гэж асуухад нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч нарт боломж олгож мөн энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2 жил гаруй хугацаа өнгөрсөн учраас хурдан шийдвэрлэх үүднээс 280.000.000 төгрөгөөр эвлэрэн хэлэлцэх боломжтой гэж санал гаргасан бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэрэг биш юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэмжээгээр буюу 280.000.000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэнгүй гэж нэхэмжлэгч нарыг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаагүй байхад багасгасан гэж буруу дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-д зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэнэ. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн гэрээний сунгалтууд зэрэг бичмэл нотлох баримт, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад тэдгээрийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлт дүгнэлт өгч чадсангүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ганбат, Ц.Д- нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж үзэлгүйгээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч нарын өмчлөлд 80.000.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт хэрэгт байхгүй байхад давж заалдах шатны шүүх талуудын хооронд 80.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээн дээр гарын үсэг зурсан нөхцөл байдлын талаар маргаж, гэрээг хууран мэхэлж хийсэн талаар тайлбарласаар байхад хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг анхаарч үзээгүй. Хариуцагч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасанчлан 80.000.000 төгрөгийг өмчлөлдөө хүлээн аваагүй, захиран зарцуулаагүй байхад нэхэмжлэгчийн тайлбар, хүлээн авсан гэж бичсэн бичвэр, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 хэлтэст гаргасан мэдүүлгийг зэргийг үнэлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ” гэж нотлох баримтыг буруу үнэлэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг үндэслэлгүйгээр хэрэглээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч нараас зээлийг хугацаа хожимдуулан төлсөн үеийн алдангийг нэхэмжлээгүй харин өөрийн тооцооллоор өмнөх үүргүүдийг дуусгавар болгож гэрээг сунгасан гэх хугацаанаас хойш гэрээ дуусгавар болсон гэх хугацааны алдангийг нэхэмжилсэн байхад давж заалдах шатны шүүх өөрийн санаачилгаар үндсэн гэрээний алдангийг тооцож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, 75.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2013.01.17-ны өдөр дууссан /Д.Төмөрсүх Ц.Д-/, 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2013.02.07-ны өдөр дууссан /Э.Э- Ц.Д-/, 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2013.05.28-ны өдөр дууссан /Э.Э- Ц.Д-/, 7.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2012.05.12-ны өдөр дууссан /Д.Г- Э.Э-/, 3.000.000 төгрөгиин зээлийн гэрээний хугацаа 2013.01.27-ны өдөр дууссан /Д.Г- Э.Э-/. Эдгээр гэрээний хугацаа сунгагдаагүй бөгөөд 2013.01.26-ны өдөр 15.000.000 төгрөг, 2013.10.21-ны өдөр 100.000.000 төгрөг, 2014.03.25-ны өдөр 50.000.000 төгрөг, 2016.01.23-ны өдөр 12.500.000 төгрөг, 2.665.700 төгрөгийн бараа нийт 180.165.700 төгрөг төлснөөр гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэж дуусгавар болгосон байхад давж заалдах шатны шүүх өөрийн санаачилгаараа зээлийн гэрээний алданги хэмээн 75.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд 42.000.000 төгрөг, 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд 5.150.000 төгрөг, 80.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд 40.800.000 төгрөг /гэрээ байгуулаагүй байхад/, 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд 14.375.000 төгрөгийн алданги төлөх үүрэг үүссэн гэж Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг үндэслэлгүйгээр хэрэглээгүй. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 74 дугаар зүйлийн 74.1 дэх хэсэг, 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэг, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг үндэслэлгүйгээр хэрэглээгүй. Нэхэмжлэгч нар шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан үеэс буюу гэрээнүүдийн хугацаа дууссан үеэс шаардах эрх хэрэгжүүлэх эрхтэй байсан. Гэтэл нэхэмжлэгч нар дээрх зээлийн гэрээний дагуу шаардах эрхээ хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаандаа хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх талаар хүсэлт шаардлага гаргаагүй байгааг зөв дүгнээгүй хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх “...барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв гэж дүгнэж шийдвэрлэсэн. Гэтэл Б.Т- Ц.Д- нарын хооронд байгуулсан 75.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцааны гэрээ байгуулж Ц.Д-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Шүүх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж барьцаагаар хангагдах эрх мөн дуусгавар болсон байгааг анхаарч үзэлгүй барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, залруулаагүй, давж заалдах гомдлын үндэслэл болон гомдолд тусгагдаагүй боловч зайлшгүй тогтоох шаардлагатай үйл баримтыг тогтоогоогүй, нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан судлаагүй, үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үүргээ бүрэн хэрэгжүүлэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э.Э-, Б.Т- нар нь хариуцагч Ц.Д-гээс 2 удаагийн зээлийн гэрээний үүрэгт нийт 192.493.654 төгрөг, хариуцагч Д.Г-, Ц.Д- нараас 3 удаагийн зээлийн гэрээний үүрэгт нийт 291.772.824 төгрөг тус тус  гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг,  хариуцагч нар эс зөвшөөрч дээрх зээлийн гэрээнүүдийн сунгалт, 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 80.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл тооцооны талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч Д.Г-, Ц.Д- нараас тус бүр 140.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Э-, Б.Т- нарт олгож, хариуцагч нар төлбөрөө гүйцэтгээгүй бол барьцааны хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Д.Г-, Ц.Д- нараас тус бүр 65.237.500 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй, хариуцагч нарын гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

1. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрөл, гэрээний хүчин төгөлдөр байдалд хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

Хэргийн баримтаас үзвэл Э.Э- нь Д.Г-ад 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 80.000.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 2 хувийн хүүтэй, Ц.Д-д 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 2 хувийн хүүтэй, Ц.Д-, Д.Г- нар 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 25.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй тус тус зээлсэн,  Б.Т- нь Ц.Д-д 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 75.000.000 төгрөгийг  2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн 2202003140 дугаарт бүртгэлтэй 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, зохигч эдгээр гэрээг бичгээр байгуулсан нь тогтоогдсон байна. Мөн зохигч 3.000.000 төгрөгийн зээлийн гэрээнээс бусад гэрээнд гэрээгээр тохирсон хугацаанд үндсэн зээл, хүүг төлөөгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

Хариуцагч нар 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 80.000.000 төгрөгийн  зээлийн гэрээ нь өмнө авсан 75.000.000 төгрөг, түүний 1 сарын хүүг нэгтгэж шинэчлэн хийгдсэн гэж маргасан хэдий ч уг тайлбар хэргийн баримтаар үгүйсгэгдсэн, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлагад нийцсэн байна.

Зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, Э.Э-, Б.Т- нар Д.Г-, Ц.Д- нарт гэрээнд заасан мөнгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн, хариуцагч нар гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлснээ нотлоогүй байх тул нэхэмжлэгч нар мөнгөө буцаан төлөхийг шаардах эрхтэй.

2. Зохигч зээлийн гэрээний хугацааг сунгасан нь эргэлзээтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв боловч үүндээ эрх зүйн бүрэн дүгнэлт хийгээгүйгээс гадна зээлийн гэрээний дагуу хариуцагч нарын гүйцэтгэвэл зохих үүрэг, төлсөн төлбөрийг тодорхойлж тооцоолоогүй, “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан” хэмжээгээр буюу 280.000.000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хувааж гаргуулсан нь учир дутагдалтай болсон байна.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, зээлийн гэрээний нэг нөхцөл болох хугацааг талууд тохиролцож сунгасан гэж үзэхгүй учир тухайн хугацаанд хүү шаардах эрхгүйг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 201 дүгээр зүйлийн 201.1, 282 дүгээр зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар тайлбарлаж, нэхэмжлэгч нар хариуцагч нартай утсаар ярьж гэрээг дангаар сунгаж болохоор тохиролцсон заалт нь нэг талын нөгөө талдаа зөвхөн аман хэлцлээр ярьж гэрээ сунгаж хүү тооцохыг зөвшөөрүүлсэн баримт гэж үзснийг буруутгах боломжгүй юм.

3. Нэхэмжлэгч нар зарим зээлийг хариуцагч Д.Г-, Ц.Д- нараас, заримыг Ц.Д-гээс нэхэмжилсэн боловч 3 удаагийн зээлийг хариуцагч нар хамтран зээлсэн, төлөгдсөн төлбөр нь хэний, аль үүрэгт тооцогдсон нь тодорхой бусаас гадна зээлийн үлдэгдэл төлбөрийг зохигч нэгтгэж тооцож байсан байх тул төлбөл зохих үүргийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч нарт олгох Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1, 242 дугаар зүйлийн 242.1-д заасантай нийцнэ.

4. Харин давж заалдах шатны шүүх хариуцагч нарын төлсөн төлбөрийг дутуу тооцсон, түүнчлэн тэдний төлсөн төлбөрийг аль гэрээний, ямар үүрэгт тооцон үзэхийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасантай нийцүүлэн тодорхойлоогүйгээс хариуцагч нарын гүйцэтгэх үүргийн хэмжээг зөв тогтоогдоогүй байна. Иймээс энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

а/ Хариуцагч нар 4 удаа мөнгөөр нийт 177.500.000 төгрөг төлснийг зохигч маргаагүй, мөн хариуцагч нарын нийт 2.665.700 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн тухай баримтыг нэхэмжлэгч нар үгүйсгээгүй атал үүнийг төлбөрөөс хасаагүй нь байна.

б/ Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.2-т “үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол  төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ., хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ” гэжээ.

Давж заалдах шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, 5 удаагийн зээлийн гэрээний нөхцлийн дагуу үндсэн зээл, хүү, алданги буюу хариуцагч нарын нийт гүйцэтгэх үүргийг тодорхойлж, үүний дараа төлсөн төлбөрийг бүхэлд нь хасч тооцсон нь  хуульд нийцээгүй гэж үзнэ.

Тодруулбал, хариуцагч нар 2013.01.26-ны өдөр 15.000.000 төгрөгийг аль гэрээний, ямар үүрэгт үүрэгт төлж буйгаа тодорхойлоогүй байх ба энэ өдөр  тэдний зээлээс хамгийн өндөр үнийн дүнтэй буюу 80.000.000 төгрөгийг, 2 хувийн хүүтэй төлөх зээлийн гэрээний хугацаа болсон байсан тул уг зээлийн хүү 1.600.000 төгрөгөөс гадна үндсэн зээлээс 13.400.000 төгрөг төлөгдсөн гэж үзэх нь хууль зөрчихгүй. Энэхүү гэрээний дагуу зээлийн үлдэгдэл 66.600.000 төгрөг болно.

Дээрх хугацаанаас хойш хариуцагч нар 2013.10.24-ны өдөр 100.000.000 төгрөг, 2014.03.25-ны өдөр 50.000.000 төгрөг, 2016.01.23-ны өдөр 12.500.000 төгрөг тус тус, 2015.12.28-ны өдөр 2.665.700 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч нарт өгсөн бөгөөд эдгээр төлбөр төлөгдсөн хугацаанаас үзэхэд 5 удаагийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрчээ.

в/ 3.000.000 төгрөгийн зээлийн гэрээнээс бусад гэрээнд зохигч хугацаа хэтэрсэн бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн, уг хугацаанаас хойш алдангийг тоолоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас илүү байгаа нь тогтоогдсон тул нэхэмжлэгч хуульд нийцүүлэн алданги шаардах эрхтэй.

80.000.000 төгрөгийн зээлийн гэрээний төлөгдөөгүй үндсэн зээл 66.600.000 төгрөг, алданги 33.300.000 төгрөг, нийт 99.900.000 төгрөг, 75.000.000 төгрөгийн зээлийн гэрээгээр үндсэн зээл, хүүгийн хамт 84.000.000 төгрөг, алданги 42.000.000 төгрөг, нийт 124.000.000 төгрөг, 10.000.000 төгрөгийн хувьд үндсэн зээл болон хүү 10.300.000 төгрөг, алданги 5.150.000 төгрөг, нийт 15.450.000 төгрөг, 25.000.000 төгрөгийн гэрээгээр үндсэн зээл, хүүд 28.750.000 төгрөг, алданги 14.375.000 төгрөг, нийт 43.125.000 төгрөг, 3.000.000 төгрөгийн зээл, /хүү, алдангигүй/ бүгд нийлээд 285.475.000 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэйгээс 2013.10.24-ны өдрөөс 2016.01.23-ны өдрийн хооронд төлсөн нийт 165.165.700 төгрөгийг хасч тооцвол төлбөрийн үлдэгдэл 120.309.300 төгрөг байна.

Иймд уг мөнгийг хариуцагч нараас гаргуулах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-т заасныг зөрчихгүй байна.

5. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил ба хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно, хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ...үеэс үүсэхийг мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасан байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зээлдэгчийн буюу хариуцагч нарын зээлсэн мөнгөө буцаан төлөх үүрэг хүлээсэн хугацаа нь 2013.01.26-ны өдрөөс 2013.03.07-ны өдөр хүртэл байна. Дурдсан хугацаанаас нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрх үүснэ гэж үзэх боловч дараах нөхцөл тогтоогджээ.

Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.

Хариуцагч нар 2013.10.24-ны өдрөөс 2016.01.23-ны өдөр хүртэл зээлийн төлбөрийг төлсөн, зохигч 2015.11.25-ны өдөр зээлийн гэрээний үүргийг нэгтгэж баталгаажуулж байсан баримт авагдсан нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзнэ. Уг хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолохыг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д заасан учир хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэх үндэслэлтэй.

6. Зээлийн гэрээнүүдийн сунгалтыг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэх, 2013.01.16-ны өдрийн 80.000.000 төгрөгийн зээлийн гэрээ болон гэрээний үүргийг баталгаажуулсан 2015.11.25-ны өдрийн хэлцлийг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан, эсхүл хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр байгуулсан буюу хүчин төгөлдөр бус гэх, түүнчлэн хуурч мэхэлсэн гэж хүчин төгөлдөр буст тооцох  үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.10, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг зөрчөөгүй гэж дүгнэв.

7. Хариуцагч нар дурдсан төлбөрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангахдаа хоёр шатны шүүх Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг зөрчөөгүй байна. Хариуцагч нарын зээлийн төлбөрт төлсөн эхний 15.000.000 төгрөгийг төлбөрийн хугацаа болсон хүнд нөхцөлтэй зээлийн үүргээс хасаж тооцсон ба хоёрдох төлөлт буюу 100.000.000 төгрөг төлөх үед бүх зээлийн гэрээнүүдийн хугацаа өнгөрсөн, хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэг буюу алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн байжээ. Хариуцагч нар төлсөн төлбөрөө 75.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт гэж тодорхойлж, тухайн гэрээний үүргийг дуусгавар болгосноо нотлоогүй, харин зохигч зээлийн гэрээний үүргийг нэгтгэж баримт үйлдэж байсан байх тул 75.000.000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаагаар хангагдах үүрэг дуусгавар болсон гэх нөхцөл тогтоогдоогүй  байна.

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 583 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “тус бүр 65.237.500 төгрөг” гэснийг “120.309.300 төгрөг” гэж, “353.791.478 төгрөгт” гэснийг “363.957.178 төгрөгт” гэж, “810.325” гэснийг “759.496” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч нарын гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 905.580 төгрг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 810.325 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ