Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00016

 

“...банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00323 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 544 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч: “...банк” ХХК

Хариуцагч: “...майлд” ХХК,

Хариуцагч: Н.М-,

Хариуцагч: Л.Ж- нарт холбогдох,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 106,569,996 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, батлан даагчаар хариуцлага хүлээлгэх  

Н.М-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “...банк” ХХК болон Н.М- нарын хооронд байгуулагдсан 2013-11-01-ний өдрийн ИГ1410013482 дугаар ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, барьцаа хөрөнгийн жагсаалтаас хасуулах

Хариуцагч “...майлд” ХХК-ийн төлөөлөгч Л.Ж-ын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг, хариуцагч нарын өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...банк” ХХК-ийн зүгээс “...майлд” ХХК-тай 2013-11-01-ний өдөр ЗГ1410013482 тоот зээлийн гэрээг байгуулж, уг гэрээний дагуу 150 сая төгрөгийг жилийн 8% хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлсэн. Үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ИГ1410013482 дугаар ипотекийн гэрээгээр иргэн Н.М-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-...046340 дугаартай, Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо... дугаар байрны 51 тоот 2 өрөө орон сууц, БГ1410013482 дугаар барьцааны гэрээгээр “...майлд” ХХК-ийн NSSG122 өргөн 80см, өндөр 195 см, урт 230 см саарал, цагаан өнгөтэй нэхмэлийн машин №7620., NSSG122 өргөн 80см, өндөр 195 см, урт 230 см саарал цагаан өнгөтэй нэхмэлийн машин №6075 тоног төхөөрөмж барьцаалсан. Харин БГ1410013482 дугаарт Батлан даалтын гэрээгээр Зээлийн батлан даалтын сангаас үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 25.7 хувийг батлан даагдсан, БДГ1410013482 дугаарт Батлан даалтын гэрээгээр иргэн Л.Ж-ын хувийн батлан даалтын гэрээг тус тус байгуулсан. Иймд 2017-09-12-ны өдрийн байдраар зээлийн гэрээний үндсэн төлбөрт 93,884,563.92 төгрөг, зээлийн хүүд 881,360.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 138,967.94 төгрөг, нийт 94,904,892.07 төгрөгийг  улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ИГ1410013482 дугаарт ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөс хууль тогтоомжийн дагуу хангуулах, БДГ1410013482 дугаарт Батлан даалтын гэрээ, БГ1410013482 дугаарт барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдээр хууль тогтоомжийн дагуу тус тус хангуулж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойш 218 хоногийн хугацаа өнгөрч байна. Энэхүү хугацааны алдагдал нь нэмэгдүүлсэн хүү, хүүгийн төлбөрийн тооцоололд зөрүү үүсгэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг 11,665,103.99 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 106,569,996.05 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Н.М- өөрөө банк болон хариуцагч Л.Ж- нартай харилцан зөвшилцөж зөвшөөрсний үндсэн дээр ипотекийн гэрээг байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээнд зурсан гарын үсэг хуурамч гэж байгаа нь үндэслэлгүй. Н.М- нь нотариатаар баталгаажуулж, бүртгэлийн газарт өөрөө очиж зохих журмын дагуу бүртгүүлсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч “...майлд” ХХК хариу тайлбартаа: төлбөр төлөх дарааллыг буруу суутгаснаас гадна шимтгэл авсан байна. Нэхэмжлэлээс 11,665,103 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Л.Ж- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “...банк” ХХК нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа үндэслэлгүй. Бид зээлийн эргэн төлөлтөнд нийт 77,161,123 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэгч уг мөнгөнөөс эхлээд нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүү, үндсэн зээлийг суутгаж авч байгаа нь манай компанийг илтэд хохироож байна.  “...банк” ХХК нь хуулиар журамлан зохицуулсан үүргийн гүйцэтгэлийн дарааллыг зөрчсөн. Хамгийн эхэнд үндсэн зээлээс хасч тооцох ёстой байтал эсрэгээрээ нэмэгдүүлсэн хүү, хүүгээс хасч, 94,904,892 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн нэмэгдүүлсэн шаардлага болох 11,665,103.99 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Н.М- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Л.Ж- нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 13311 Хүннүгийн гудамж 200 дугаар байрны 51 тоот орон сууцыг барьцаалан зээл авах асуудлыг тухайн үед ярьж байсан боловч гэрээг миний бие “...банк” ХХК-тай байгуулаагүй. Гэтэл “...банк” ХХК нь миний гарын үсэгнээс огт өөр гарын үсэг зурсан гэрээг нотлох баримтаар гаргаж өгч хариуцагчаар намайг тодорхойлсон байна. Иймд 2013-11-01-ний өдрийн ИГ1410013482 дугаарт ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00323 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан “...майлд” ХХК-иас 100,348,103 төгрөг гаргуулан “...банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6,221,893 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “...банк” ХХК нь шима сэйки /shima seiki/ маркийн тус бүр нь 20,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий, №7620, №6075 дугаартай 2 ширхэг бүрэн автомат нэхмэлийн машин болон Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны 51 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-..4046340 дугаарт бүртгэгдсэн, 42.6 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс зээлийн үүргийг хангаж, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан “...майлд” ХХК нь үүргээ эс биелүүлбэл биелүүлээгүй үнийн дүнг батлан даагч Л.Ж-аас нөхөн гаргуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Н.М- болон “...банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013-11-01-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай “...банк” ХХК-д холбогдох Н.М-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 974,933 төгрөгийг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 667,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “...майлд” ХХК, Л.Ж-, Н.М- нараас 659,690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “...банк” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 544 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Ж- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд компанид холбогдуулан 106,596,996 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 6,221,893 төгрөгийг хэрэгсэхгүй болгож 100,348,103 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний үүрэгт 94,904,892 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа 12,714,025 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийн хүүг 22.8 хувиар тооцсон. Дээрх нэмэгдүүлсэн шаардлагыг 8 хувийн хүүгээр тооцвол үндсэн хүү 2,839,686 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 567,937 төгрөг байх ба нийт 3,407,623 төгрөг байхаар байна. Гэтэл шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 12,714,025 төгрөгөөс хасагдах учиртай 9,874,339 төгрөгийг буруу тооцоолж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн компанийн зүгээс төлсөн зээлийн эргэн төлөлтийг банк нь өөрийн дураар компанийн хүсэл зоригийг харгалзалгүй хамгийн түрүүнд нэмэгдүүлсэн хүү, дараа үндсэн хүүгээс хасах дарааллаар суутган авсныг шүүхээс “...майлд” ХХК нь төлбөрийг төлөхдөө төлбөрийн зориулалт зааж зээлийн төлбөр, үндсэн хүү, торгуулийн хүү төлсөн болох нь дээр дурдсан зээлдэгчийн зээлийн дансны хуулга баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар зээлдэгч нь өөрийн сонголтоор зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлсөн гэж үзнэ” гэсэн нь буруу болсон. Банк нь зээлийн үнийн дүнгийн 05 хувьтай тэнцэх хууль бус шимтгэлийг авсныг шүүхээс гэрээгээр харилцан тохиролцсон тул төлбөрөөс хасагдахгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм. Банк нь зээл олгож буй өөрийн давуу байдлаа ийнхүү хууль бусаар эрсдэлийн менежментийн шимтгэл гэх тодорхойгүй, ойлгомжгүй байдлаар үндсэн зээлээс авч байгаа нь зөв байх учиргүй юм. Ийнхүү анхан шатны болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд компаниас 100,348,103 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс 21,263,540 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагаас 21,263,540 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

   “...банк” ХХК 2017-09-13-ны өдөр “...майлд” ХХК, Л.Ж-, Н.М- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, үндсэн зээлд 93,884,563 төгрөг, хүү 881,360 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 138,967 төгрөг нийт 94,904,892 төгрөг шаардсан байна. Нэхэмжлэгч  үндэслэлээ тайлбарлахдаа “...зээлийн үүргийг 2017-09-12-ны өдрийн байдлаар шаардсан... “...майлд” ХХК ЗГ 1410013482 тоот гэрээгээр 150 сая төгрөгийг нэг жилийн 8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай 2013-11-01-ний өдөр авсан...үүргийн баталгаа болгож 2 өрөө орон сууц, №7620 нэхмэлийн машин, №6075 тоног төхөөрөмж барьцаалсан... Л.Ж- батлан даалт гаргасан... “...майлд” ХХК хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 4.2.1, 4.2.4-т зааснаар гэрээг цуцалсан... үлдэгдэл нь 79,084,563 төгрөг, хүү 655,008 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 100,834 төгрөг нийт 79,840,406 төгрөг болсон...” гэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлж “...нэмэгдүүлсэн хүү, хүүгийн төлбөрт 11,665,103 төгрөг нэмж 106,569,996 төгрөг...” шаардсан байна. 

   “...майлд” ХХК нь “....данснаас 77,161,123 төгрөг татаж авсан...төлбөр төлөх дарааллыг буруу суутгасан...шимтгэл авсан...11,665,103 төгрөг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

   Н.М- нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө 2017-12-07-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж “...барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй... гэрээ байгуулахдаа гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг аваагүй...” гэж марган 2013-11-01-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцохыг шаардсан байна.

  Л.Ж- нэхэмжлэлийг татгалзахдаа “...гэрээ цуцалсан гэдгийг зөвшөөрөхгүй  ...үлдэгдлийг графикийн дагуу хугацаа тогтоож төлөх боломжтой... 2017-10-01-ний байдлаар нийт 77,161,123 төгрөг төлсөн байгаа... 94,904,892 төгрөгийг зөвшөөрөхгүй... төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар тооцож байгааг зөвшөөрөхгүй...” гэжээ.

   Анхан шатны шүүх “....зээлдэгч 2017-12-01-ний байдлаар 96,883,575 төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байсан...үүнээс 2018-04-18-ны өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож “...майлд” ХХК-иас гаргана... Н.М- гэрээнд гарын үсэг зурснаас гадна барьцааны зүйл бусдын хамтран өмчлөх эд хөрөнгө байсан нь гэрээ байгуулагдсанаас хойш тогтоогдсон нь сөрөг нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй...Л.Ж-тай байгуулсан гэрээ хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна...” гэсэн үндэслэлээр “...майлд” ХХК-иас нийт  100,348,103 төгрөг гаргуулах, Н.М-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, үүргийг гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах, Л.Ж-аар нөхөх хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргасан байна.    

   Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

   Хяналтын шатны шүүхэд гаргасан “...майлд” ХХК-ийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   “...банк” ХХК 2013-11-01-ний өдөр “...майлд” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 150,000,000 төгрөгийг нэг жилийн 8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлүүлсэн, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож хариуцагч нартай гэрээ байгуулж орон сууц болон 2 ширхэг төхөөрөмж барьцаалснаас гадна Л.Ж- нөхөх хариуцлага хүлээхээр тохиролцсон үйл баримт нотлогджээ.

   Банкнаас зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

    Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнүүд хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль  гэрээний үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

    Нэхэмжлэгч гэрээнд заасан 150,000,000 төгрөгийг “...майлд” ХХК-д шилжүүлсэн, энэ талаар маргаангүй байх тул зээлдэгч үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

    “...майлд” ХХК нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрсөн байх бөгөөд үлдэх хэсгийг төлөхгүй гэх үндэслэлийг нотлож чадаагүй буюу өөрийн тооцооллыг гаргаагүй  байна. Зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байх тул зээлдүүлэгч гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т нийцжээ.    

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шаардлага, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг.    

     Зээлдэгч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбараа баримтаар нотлоогүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв байна.

     Н.М-, Л.Ж- нар хяналтын гомдол гаргаагүй тул эдгээр хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэсэн байдлын талаар тус шүүхээс дүгнэлт өгөөгүй болно.      

    Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээв.

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

     1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/00323 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 544 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, “...майлд” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 264,268 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ