Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2020/00078

 

С.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00568 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 707 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: С.Б-

          Хариуцагч: Ц.Г-од холбогдох

          Зээлийн гэрээний үүрэгт 65,430,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Өлзийсайхан, нарийн бичгийн даргад А.Энхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Ц.Г-ын хүсэлтээр 2017-07-06-ны өдөр 45 сая төгрөгийг 2 сар 24 хоногийн хугацаатай, хүүгүй түүнд зээлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2017-10-01-ний өдөр дууссан ч мөнгөө төлөөгүй. Зээлийн гэрээний 2.7-д заасны дагуу зээл төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алданги тооцохоор тохирсон. Зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 1 жил 1 сарын хугацаа хэтрүүлсэн ба 227 хоногийн алдангийг тооцвол 20,430,000 төгрөг болно. Иймд Ц.Г-оос үндсэн зээл 45 сая төгрөг, алданги 20,430,000 төгрөг, нийт 65,430,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч тайлбартаа: 2017-07-06-ны өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч ямар ч мөнгө бэлнээр болон дансаар С.Б-аас хүлээж аваагүй тул уг гэрээ хэрэгжээгүй. Иймд зээл болон алдангид 65,430,000 төгрөг төлөх боломжгүй гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 183/ШШ2019/00568 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Г-оос 65,430,000 төгрөг гаргуулан, С.Б-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 455,100 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 455,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 707 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00568 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосон байна.

       Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Өлзийсайхан хяналтын гомдолдоо: Ц.Г- болон түүний өмгөөлөгч Б.Отгончимэг нар ...шүүхийн 183/ШШ2019/00568 дугаартай шийдвэрт гомдол гаргахдаа гомдолдоо огноогоо гүйцэд тавиагүй буюу 2019-04-р сарын хэдний өдөр гомдол гаргасан нь тодорхойгүй байсан. Энэ байдал нь ИХШХШТХ-ийн 120.2-т заасан хугацаанд гомдол гаргасан эсэх нь эргэлзээтэй байсаар байтал энэ байдлыг давж заалдах шатны шүүхээс хянаж үзэлгүй магадлал гаргасан. Анхан шатны шүүхээс итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2019-04-04-ний өдөр гомдол гаргасан талаар мэдэгдсэн. Энэ байдлыг тодруулсны үндсэн дээр давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхээр 2019-03-04-ний товлож зарласан байхад хуралдаан болох өдөр нь Ц.Г- нь шүүхэд ямар нэгэн нотлох баримтгүйгээр хүсэлт ирүүлсэн, энэ хүсэлтдээ 03-01-с 04-ний хооронд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх талаар дурдсан байдаг ба 04-ний өдрөө шүүхэд хүрэлцэн ирж хэрэг хянан шийдвэрлүүлэх боломжтой байсан нь харагдаж байгаа юм. Мөн 2019-03-11-ний өдөр хүртэл хойшлуулсан шүүх хуралдаанд хүсэлт ирүүлэхдээ 2019-03-10-ны өдөр /амралтын өдөр/ үйлдсэн эмнэлэгийн магадлагаа хавсаргасан байх ба энэ магадлагаа нь Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015-02-18-ны өдрийн А/30 тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Иргэн / даатгуулагч /-д эмнэлэгийн хуудас олгох” журмын 2.14-т заасан ...эрүүл мэндийн байгууллагын дарга /захирал, эрхлэгч/ эмнэлэгийн хуудас бичсэн үндэслэлийг шалгаж гарын үсэг зурж баталгаажуулна.” гэсэн заалтын шаардлагыг хангаагүй баталгаажаагүй хуудас байсан. Анхан шатны шүүхээс ИХШХШТХ-ийн 100.3, 100.4-р хэргийг шийдвэрлэсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        С.Б- 2018-12-12-ны өдөр Ц.Г-од холбогдуулан нэхэмжлэл гаргаж  65,430,000 төгрөг шаардсан бөгөөд “...2017-07-06-ны өдөр 45 сая төгрөгийг 2 сар 24 хоногийн хугацаатай зээлүүлсэн...хариуцагч мөнгийг буцааж төлөөгүй тул үндсэн зээлийг   алданги 20,430,000 төгрөгийн хамт гаргуулна...” гэсэн үндэслэл заасан байна.  

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...ямар ч мөнгө бэлнээр болон дансаар авч байгаагүй...” гэж маргажээ.

    Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа “... хариуцагч нь зээлийн гэрээний зүйлийг бэлнээр хүлээн авч, талууд гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан байна...үүнийг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй...алдангийн талаар талууд тохиролцсон...” гэсэн дүгнэлт хийсэн байна.

       Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо “... анхан шатны шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөнөөс гадна хэргийн материалтай танилцаагүй байна..” гэсэн үндэслэл заажээ. 

       Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...хариуцагч давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байхад гомдлыг хүлээн авсан нь хуульд нийцээгүй...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй...” гэсэн байна. 

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргаж болно.

      Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг 2019-03-18-ны өдөр хүлээн авч гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх 2019-04-01-ний өдөр хүлээн /хх44,45/ авсан байх тул хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

     Иймд “...гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн..” гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.  

     2. Нотлох баримтыг шүүх хэргийн оролцогчдын хүсэлтээр бүрдүүлнэ. 

     Хариуцагч нь “...ажилчдыг гэрчээр асуулгах...” хүсэлт /хх40/ гаргасан бөгөөд уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх үндэслэлгүй дүгнэлт хийжээ. 

     Хэргийг хянан шийдвэрлэхэд гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

     Гэрчийн нэрийг хүсэлт гаргасан тал шүүхэд өгөөгүй байдлыг хүсэлтийг хангахаас татгалзах үндэслэл болгосон нь буруу, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсгийн зохицуулалтыг анхаарч үзээгүй нь дутагдалтай болжээ. 

    Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 707 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 485,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ