Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 124

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, Б.Ө, хариуцагч Э.Б, Т.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нарыг оролцуулан “Н.Н” ХХК-ийн гомдолтой, Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Б, Т.Б нарт тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийв.

Гомдол гаргагч: “Н.Н” ХХК /РД:28730../,

Хариуцагч: Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Б, Т.Б,

Гомдлын шаардлага: Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 271720007 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдолдоо: “... Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчдын “Н.Н” ХХК-ийн 2013-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн, төлөвлөгөөт шалгалт хийж 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 271720007 тоот шийтгэлийн хуудсаар 105,952,040.3 төгрөг ногдуулсан нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, илт хууль бус байх тул шийтгэлийн хуудсыг хэрэгсэхгүй болгуулахаар Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д заасны дагуу Татварын ерөнхий газрын харьяа Нийслэлийн Татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд татвар төлөгч гомдлоо гаргаж хандсан боловч “Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Маргаан таслах зөвлөл нь татварын акт, дүгнэлттэй холбоотойгоор татварын алба, татвар төлөгчийн хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэх бөгөөд шийтгэлийн хуудастай холбоотой маргааныг Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах нь зүйтэй” гээд гомдлыг хүлээн аваагүй.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.”, 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасны журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.” гэж зааснаар 271720007 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.32, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар бүлгийн 2.1-ийн 23-т заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

            Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Б, Э.Б нар “Н.Н” ХХК-ийн 2013-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн, төлөвлөгөөт шалгалт хийж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 271720007 тоот шийтгэлийн хуудсаар 675.788.371.52 төгрөгийн зөрчилд 66.853.504.60 төгрөгийн нөхөн татвар, 25.460.577.80 төгрөгийн торгууль, 13.558.644.0 төгрөгийн алданги, 79.313.9 төгрөгийн хүү нийт 105.952.040.3 төгрөг ногдуулахдаа Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалтын дагуу алдангийн хэмжээг тогтоосон Засгийн газрын 2012 оны 06, 2013 оны 05, 2014 оны 38, 2015 оны 25, 2016 оны 30, 2017 оны 30 дугаар тогтоолууд, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.1.1 дэх заалтуудыг үндэслэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийг дараах байдлаар зөрчсөн байна. Үүнд:

            1. Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 47-р зүйлийн 47.1-д “Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг Татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгаж, хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлохдоо акт үйлдэх бөгөөд, тус актад татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан байна.

Татварын улсын байцаагчид дээрх хуулийн заалтыг Монгол Улсын Их Хурлаар шинэчлэгдэн батлагдсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа бүх хуулиудын хариуцлага ногдуулахтай холбогдсон зүйл заалтууд хүчингүйд тооцогдсон гэж шүүхэд тайлбар гаргажээ.

Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т “Татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлох, эд хөрөнгө битүүмжлэх, энэ хуулийн 74 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэхэд акт үйлдэх бөгөөд түүнд татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг тусгана” гэсэн заалтад тус хууль батлагдсанаас хойш 2 удаа өөрчлөлт оруулах хууль батлагдсан байна. Үүнд:

2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлд “...Татварын ерөнхий хуулийн...ЗЗ дугаар зүйлийн 33.2.2 дахь заалтын “энэ хуулийн 74 дүгээр зүйлд заасан “хариуцлага хүлээлгэхэд” гэснийг “холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулахад” гэж... өөрчилсүгэй”, мөн 4 дүгээр зүйлд “Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга) хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан байх бөгөөд Зөрчлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга) 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрүүдэд батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн. Мөн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хууль баталсантай холбогдуулан баталсан...Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, ... хуулийг тус тус 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байна. Иймд Татварын ерөнхий хуульд орсон дээрх өөрчлөлт хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөхөөр байна.

Харин 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлд “Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалтын энэ хуулийн 74 дүгээр зүйлд заасан хариуцлага xүлээлгэxэд, гэснийг...хассугай”, 3 дугаар зүйлд “энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заажээ.

Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Зөрчлийн тухай хууль хэрэгжсэнээр 74 дүгээр зүйлд заасан “хариуцлага хүлээлгэхэд” гэснийг “холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулахад” гэсэн өөрчлөлт хийгдэж хуулиар баталгаажсан байхад 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өмнө нь хасагдсан тус хуульд байхгүй заалтыг хасахаар хуульчилсан байна.

Иймд Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т “Татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлоход холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулахад акт үйлдэх бөгөөд түүнд татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг, эхийн нэр, нэр, гарын үсэг зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг тусгана” гэсэн заалт хуулийн хүрээнд хэрэгжихээр байна.

Мөн энэхүү хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 30.1.31-т татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт болон бусад баримт бичгийн хэвлэмэл хуудас, маягтыг дураараа хэвлэн ашиглах, хүчингүй буюу хуурамч хуудас хэрэглэх, гарын үсэг зурж эцэслэн ёсчлоогүй татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт, бусад баримт бичиг, илтгэх хуудсыг татвар төлөгчид урьдчилан танилцуулах, зөвшөөрүүлэхээр албадахыг татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглосон байна.

Гэтэл татварын улсын байцаагч Т.Б, Э.Б нар нь “Н.Н” ХХК-ийн 2013-2016 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийж, ногдох татварыг тодорхойлохдоо Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан шийтгэлийн хуудасны маягт болох “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг өөрсдөө дур мэдэн хэвлэн, хэвлэмэл хуудас бус хуурамч хуудас хэрэглэсэн, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зураагүй хүчин төгөлдөр бус баримт бичгийг татвар төлөгчид танилцуулж, зөвшөөрүүлэхээр албадаж татварын улсын байцаагчийн хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулсан.

Татварын байцаагч нар шийтгэлийн хуудсыг татвар төлөгчид танилцуулсан өдрөө буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр татвар, санхүүгийн тайланд тусгагдсан тоон үзүүлэлтийг тулган мэдүүлэг авсан атлаа шийтгэлийн хуудсанд тусгасан зөрчлийн дүн, тооцооллыг шалгалтын явцад захирал, нягтлан бодогч нарт танилцуулж, ярилцлага мэдүүлэг авахад зөрчлийн дүн нь нотлогдсон, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогчийн эрх, үүргийг тайлбарлан, тэдэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч тэдний эрх ашгийг хүндэтгэсэн мэтээр шүүхэд хуурамч тайлбар гаргаж өгсөн байна.

            Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7, 29.1.12-т анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтлөн татварын тайлан гаргах, орлого, татвараа тодорхойлох, баримт бүрдүүлэх ажлыг хууль тогтоомжид заасны дагуу хийж байгаа эсэхийг хянан шалгаж, тэдэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд зөвлөгөө, туслалцаа үзүүлэх талаар татварын улсын байцаагчийн бүрэн эрхийг хуульчилсан байна.

Мөн 47 дугаар зүйлийн 47.3-д Татварын алба, татварын улсын байцаагч татвар төлөгч татварын хуулиар тогтоосон эрхээ эдлэх, үүргээ биелүүлэхэд туслах, зөрчил дутагдлыг арилгах зорилгод нийцүүлэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулахаар заасан.

Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудасны хавсралт Маягт ХШ-06 (2)-д бэлэн мөнгөөр хийсэн борлуулалтын орлогоо нуун НӨАТ төлөх орлогоо бууруулж татвараа  дутуу төлөх, татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг санаатайгаар бууруулсан гэх илрүүлсэн зөрчлийн утга агуулгатай холбоотой 2013-2016 он тус бүрийн 12 дугаар сарын 31-ний өдрийн зөрчлийг ямар нотлох баримтаар тогтоосон нь тодорхой бус, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн хавсралт тооцооны татвар ногдох орлогын зөрүүг ямар үндэслэлээр тогтоосон болон торгууль алданги, хүүгийн тооцоолол нь ойлгомжгүй, 2014 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт төлөлтийн тооцоонд баримтаар нотлогдох зардлын зөрүүг тооцоогүй, хяналт шалгалтын дүнгийн талаар тайлбар өгөөгүй, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.72 дахь заалтыг зөрчсөн, хуульд заасан татварын шалгалтын зорилгод нийцсэн үйл ажиллагаагаа бүрэн гүйцэд явуулаагүй.

Татварын улсын байцаагчид Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 231 дугаар зүйлийн 231.1, 28 дугаар зүйл заалтууд нь татвар төлөгчийн хяналт шалгалт хийхтэй холбогдолгүй гэж тайлбарлах боловч эдгээр заалт нь татварын алба, татварын улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн зарчим болох Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагадаа шууд захирагдахтай холбогдсон заалт байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр”, 10 дугаар зүйлийн 10.2-т хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрээр тогтоогдсон байхаар зохицуулжээ.

Гэтэл татварын улсын байцаагчид дээрх хуульд заагдсан хугацаанаас өмнөх захиргааны зөрчилд шийтгэлээр төлбөр ногдуулж, Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 231 дүгээр зүйлийн 2З1.1, 28 дугаар зүйлийн 28.1.4-т “Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тэдэнд итгэл үзүүлэн, үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн ажиллах зарчим баримтална, татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх” гэх заалтыг тус тус зөрчсөн байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр, 5-д оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүйгээр заасан байна.

Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчлийн тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд: “...2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хууль баталсантай холбогдуулан баталсан...Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, ... хуулийг тус тус 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө”. гэж заасан болон 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “...Төлөөгүй татварт ногдуулах алданги..,” 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасан байтал уг хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр хуурамч хуудас хэрэглэн, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зураагүй хүчин төгөлдөр бус баримт бичиг болох татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 271720007 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Багануур дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй 28730.. тоот регистрийн дугаартай “Н.Н” ХХК-ний 2013-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт хяналт шалгалтыг татварын хяналт шалгалтын тасгийн татварын ахлах улсын байцаагч Т.Б, Э.Б нар хийсэн. Уг хяналт шалгалтаар 675,788,371.52 төгрөгийн зөрчлийг илрүүлэн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 271720007 тоот шийтгэлийн хуудсаар 66.853.504.6 төгрөгийн нөхөн татвар, 25,446,958.8 төгрөгийн торгууль, 13,572,263.0 төгрөгийн алданги, 79.313.9 төгрөгийн хүү, нийт 105.952.040.3 төгрөгийн төлбөрийг оногдуулсан.

Уг шийтгэлийн хуудсыг “Н.Н” ХХК-ийн захирал З.Н, нягтлан бодогч Ц.У нарт танилцуулан гардуулсан. Энэ компани нь шийтгэлийн хуудсыг хуурамч хуудас хэрэглэн, татварын хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зураагүй хүчин төгөлдөр бус баримт бичиг гэж үзэн хүчингүй болгуулахаар танай шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 47 дугаар зүйлийн 47.1-д “Татвар төлөгч Монгол Улсын Татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгаж, хууль тогтоомжийн дагуу акт үйлдэх бөгөөд тус актад татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татварын хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан хэдий ч Монгол Улсын Их Хурлаар шинэчлэгдэн батлагдсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа бүх хуулиудын хариуцлага ногдуулахтай холбогдсон зүйл, заалтуудыг хүчингүйд тооцсон.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолоор шийтгэлийн хуудасны маягтыг баталсан бөгөөд уг батлагдсан маягтын дагуу “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах” шийтгэлийг хуудас бичигдсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчилд татварын улсын байцаагч хариуцлага оногдуулахаар, мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.10 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтан нь хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах бүрэн эрхтэй гэж тус тус заасан байх тул 271720007 тоот шийтгэлийн хуудсыг хуурамч хуудас хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

            2. Тус компанийн 2013-2016 оны дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлж баталгаажуулсан санхүүгийн тайлан, татварын албанд тайлагнан баталгаажуулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, бараа материалын данс бүртгэл болон бусад санхүүгийн баримт, анхан шатны баримт материалыг үндэслэн хяналт шалгалтыг хийсэн бөгөөд шалгалтын явцад зөрчлийн дүн тооцооллыг захирал, нягтлан бодогч нарт зөрчил бүрээр тайлбарлан танилцуулж, ярилцлага, мэдүүлэг авахад зөрчлийн дүн нь нотлогдсон. Мөн хяналт шалгалтын хийхдээ захирал З.Н, нягтлан бодогч Ц.У нарт Татварын ерөнхий хуульд заасан эрх, үүргийг болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогчийн эрх, үүргийг тайлбарлан, тэдэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч тэдний эрх ашгийг хүндэтгэн ажилласан.

            3. Татварын ерөнхий хуулийн 14.1, 231, 28 дугаар зүйлүүдийг зөрчин “Н.Н” ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх зөрчилд шийтгэл оногдуулсан байгаа гэсэн үндэслэлгүй юм. Учир нь дээрх заалтууд нь татвар төлөгчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхтэй холбогдолгүй, татварын улсын байцаагч татварын өрөнд өршөөл үзүүлэх эрхгүй, мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлд заасны дагуу өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна гэж заасан бөгөөд уг компанийн зөрчил нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тогтоогдоогүй байсан тул шалгалтаар илэрсэн зөрчилд татварын хууль тогтоомжийн дагуу 25.460.577.8 төгрөгийн торгууль, 13.558.644.0 төгрөгийн алданги, 79.313.9 төгрөгийн хүү, нийт 39.098.535.70 төгрөгийг ногдуулсан нь үндэслэлтэй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 “Н.Н” ХХК-иас Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Б, Т.Б нарт холбогдуулан “Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 271720007 тоот шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргасан.

Гомдол гаргагчаас “...хариуцагч татварын улсын байцаагч нар шалгалт хийж ногдох татварыг тодорхойлохдоо акт үйлдээгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, хуурамч хуудас хэрэглэн, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зураагүй хүчин  төгөлдөр бус, шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулсан, зөрчлийг ямар нотлох баримтаар тогтоосон нь тодорхой бус, 2014 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ноогдуулалт төлөлтийн тооцоонд баримтаар нотлогдох зардлын зөрүүг тооцоогүй, санхүүгийн анхан шатны баримтыг шалгалгүйгээр зөвхөн хуулийн этгээдийн мэдүүлсэн санхүү, татварын тайлангаар тооцоолол хийсэн, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан хугацаанд  тогтоогдсон зөрчилд тооцсон хариуцлагаас өршөөн хэлтрүүлэхээр заасныг хэрэгжүүлээгүй...” гэх үндэслэлээр маргасан.

Хариуцагч татварын улсын байцаагч нараас “... Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан маягтын дагуу шийтгэлийн хуудас бичигдсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчилд татварын улсын байцаагч хариуцлага оногдуулах, хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ авах бүрэн эрхтэй, тус компанийн 2013-2016 оны дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлж баталгаажуулсан санхүүгийн тайлан, татварын албанд тайлагнан баталгаажуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, бараа материалын данс бүртгэл болон санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн хяналт шалгалтыг хийж, шалгалтын явцад илэрсэн зөрчлийн дүн тооцооллыг захирал, нягтлан бодогч нарт зөрчил бүрээр тайлбарлан танилцуулж ярилцлага мэдүүлэг авахад зөрчлийн дүн нотлогдсон...” гэх тайлбарыг хийсэн.

Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хариуцагчаас тухайн татварын хяналт шалгалтыг хийх үед Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан хугацаанд тогтоогдсон зөрчилд тооцсон хариуцлагаас хэлтрүүлэх эрх бид нарт олгогдоогүй байсан. Иймд шийтгэлийн хуудсаар оногдуулсан нийт төлбөрөөс нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалттай холбоотой 10.948..577,3 төгрөг, аж ахуйн нэгжийн албан татвартай холбоотой 16.876.522,24 төгрөг, татварыг хуулийн хугацаанд төлөөгүйтэй холбоотой 109.914 төгрөг буюу нийт 27,935,013.54 төгрөгийг ... Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах, мөн 2014 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ноогдуулалт төлөлтийн тооцоонд баримтаар нотлогдох зардлын зөрүүг тооцоогүй, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнасан 20 сая төгрөгийн зардлыг тооцож 2.000.000 төгрөг, 2013 оны “А” ХК-ийн борлуулалтын буцаалтын 4.090.000 төгрөгийн 10 хувь болох 409.000 төгрөгийг тус тус шийтгэлийн хуудсаар тогтоосон үнийн дүнгээс хасахыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул шүүх гомдлын шаардлагын үлдэх хэсэгт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болно.   

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 1.2-т зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зорилго нь зөрчлийн хэрэг бүртгэлт хийж хүн хуулийн этгээдийг зөрчил гаргасан эсэхийг тогтоож шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэхэд оршдог. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д ”Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” гэж заасан. Хариуцагч татварын улсын байцаагч нар “Н.Н” ХХК-ийн 2013-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт хяналт шалгалтыг  хийж, Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолоор баталсан шийтгэлийн хуудасны маягтын дагуу шийтгэлийн хуудас бичигдсэн байна.

Татварын хяналт шалгалтын явцад ямар нэгэн зөрчил илрэхгүй байж болох тул татварын улсын байцаагч хяналт шалгалт явуулахдаа заавал зөрчлийн хэрэг нээх албагүй, харин татвар төлөгчийн санхүүгийн болон татварын тайлан, анхан шатны баримт санхүүгийн бүртгэлийг хянан шалгаж, тодорхойгүй зүйлийг аж ахуйн нэгжээс асууж тодруулах, нягтлан шалгах зэрэг хуульд заасан ажиллагаа явуулсны үндсэн дээр зөрчил гарсан эсэхийг тогтоож төлбөл зохих нөхөн татвар хүү, торгууль, алданги ногдуулах замаар хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай.

Хэдийгээр гомдол гаргагчаас зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй байхад зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж маргах боловч хариуцагчаас хяналт шалгалтын явцад тогтоогдсон зөрчлийн дүн тооцооллыг захирал, нягтлан бодогч нарт зөрчил бүрээр нь танилцуулж, ярилцлага мэдүүлэг авсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх бөгөөд “... хяналт шалгалт өнгөрсөн цаг хугацаанд явагдаж байгаа тул 2013-2016 оны баримтууд аль хэдийн үдэгдсэн байсан, компани зөрчил үйлдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлын талаар хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй байсан учраас  хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн...” гэх хариуцагчийн тайлбарыг буруутгах боломжгүй байна. 

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчилд татварын улсын байцаагч хариуцлага оногдуулахаар, мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.10 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтан нь хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах эрхтэй гэж тус тус заасан байх тул гомдол гаргагчийн татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зураагүй хүчин төгөлдөр бус шийтгэлийн хуудсаар төлбөр оногдуулсан гэх гомдол үндэслэлгүй. 

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ”, 18.1.1-д “Татвар ногдох зүйл, татвар үнэн тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.2-т “Татвар ногдуулах төлөхтэй холбогдсон тооцоо мэдээ тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх”, 18.1.3-д “Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бүртгэлийн стандартын дагуу хөтөлж санхүү аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” гэж тус тус хуульчилсан. Иймд нэгэнт санхүү татварын эрх бүхий байгууллагад баталгаажсан 2013-2016 оны “Н.Н” ХХК-ийн тайланд өөрчлөлт оруулж засварлаж, гомдол гаргагчийн татвараа үнэн зөв тодорхойлоогүй бурууг зөвтгөөгүй гэж хариуцагч нарыг буруутгаж буй гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д зааснаар татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4.1.4-т заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурдсан журмыг баримтална”, 26.1.1-д “Энэ хуулийн 11 дүгээр зүйл, 12.2, 13.1.2-13.1.4, 15.1-д заасан орлогын дүнд мөн хуулийн 23.1-д заасан хувиар, 14.1.1-д заасан орлогын дүнд 23.2.1-д заасан хувиар, 8.1.6, 8.1.7-д заасан орлогын дүнд 23.2.2-т заасан хувиар, 8.1.8-д заасан орлогын дүнд 23.2.3-т заасан хувиар тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлнэ.”, 26.3 дахь хэсэгт “суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ” гэж заасан. Гомдол гаргагч 2016 онд 2,390,520.0 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг төлбөл зохих хуулийн хугацаанд төлөөгүй хугацаа хожимдуулсан зөрчилд 47,337.4 төгрөгийн торгууль, 25,420.2 төгрөгийн алданги нийт 72,757.6 төгрөгийг оногдуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно”, 8.1.1-д “Үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж заасан. “Н.Н” ХХК 2015 онд 75,056,830.9 төгрөгийн, 2016 онд 69,583,574.3 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаж тайлагнасан зөрчилд  оногдуулсан торгууль алдангиас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэг нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж заасныг үндэслэж 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тухайн цагаас өмнөх хугацаанд хамаарах 29,342,659.00 төгрөгийн зөрчилд оногдуулсан 880,279,77 төгрөгийн торгууль, 930,411.70 төгрөгийн алданги нийт 1,810,691.47 төгрөгийг хасах нь зүйтэй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна.”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж заасныг зөрчиж 2015 онд 75,056,830.9 төгрөгийн, 2016 онд 69,583,574.3 төгрөгийн нийт 144,640,405.2 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгаж тайлагнасан зөрчилд оногдуулсан торгуулиас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх хугацаанд хамаарах 29,342,659.00 төгрөгийн зөрчилд оногдуулсан 8,802.80 төгрөгийн хүү 1,467,132.95 төгрөгийн торгууль нийт 1,475,935.75 төгрөгийг хасаж тооцохоор байна. 

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.2-т “Татварыг хуулийн хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-д зааснаар Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэлийг албадан гүйцэтгэх үүргийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ.”, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.” гэж тус тус заасны дагуу хариуцагч зөрчил үйлдсэн талаар нотлох үүргийг хүлээх бөгөөд шүүх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад авагдаагүй, гомдол гаргагчийн дутуу гаргаж өгсөн аливаа баримтыг нөхөн цуглуулж зөрчлийг тогтоох буюу үгүйсгэх захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй юм.

Иймд 2013-2016 оны татварын хяналт шалгалтын явцад хамрагдаагүй нотлох баримтыг гомдол гаргагчаас шүүхэд гаргаж өгснийг үнэлэх боломжгүй бөгөөд “Н.Н” ХХК-иас борлуулалт хийсэн аж ахуйн нэгжүүдэд урамшуулал олгосон тооцоололд улсын бүртгэлд 2017 онд бүртгэгдсэн “А б” ХХК, 2018 онд бүртгэгдсэн “Г ж” ХХК, “Ч у” ХХК-иуд байгаа нь татварын хяналт шалгалт хийсэн хугацаанд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Тиймээс маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийг тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үндэслэж үнэлээгүй, шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн санхүүгийн баримтыг шүүх үндэслэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй юм.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэг нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж тус тус заасан.

“Н.Н” ХХК-ийн хувьд дээрх хуульд заасан хугацаанаас өмнө гаргасан 2013, 2014 оны зөрчил илэрсэн байх тул тухайн хугацаанд ногдуулсан хариуцлага болох хүү, торгууль, алдангиас чөлөөлөх үндэслэлтэй бөгөөд  хариуцагчаас гомдлын шаардлагын холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрсөн нь дээрх хуульд нийцэж байх тул шүүх хариуцагчийн хүлээн зөвшөөрснийг баталж, гомдлын шаардлагын үлдэх хэсгийг хянан хэлэлцэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 18.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-т заасныг тус тус баримтлан “Багануур дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчдын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 271720007 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Н.Н” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус баримтлан Багануур дүүргийн Татварын хэлтсийн  хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Б, Э.Б нарын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 271720007 дугаар шийтгэлийн хуудсаар зөрчилд ногдуулсан хариуцлага болох 27,935,013.54 төгрөг, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тайлагнасан 20 сая төгрөгийн зардлыг тооцож 2.000.000 төгрөг, 2013 оны “А” ХК-ийн борлуулалтын буцаалтын 4.090.000 төгрөгийн 10 хувь болох 409.000 төгрөг, нийт 30.344.013,54 төгрөгийг уг 271720007 дугаар шийтгэлийн хуудсаар тогтоосон нийт 105,952,040.3 төгрөгийн төлбөрөөс хасахыг хариуцагч нараас хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад давж заалдах гомдол гаргах эрхгүй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.ДОЛГОРСҮРЭН