Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 10

 

Ц.Мягмарбаатарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч Ц.Мягмарбаатар, хариуцагч Т.Мөнхсүлд нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0692 дугаар магадлалтай, Ц.Мягмарбаатарын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.6, 5.7, 10 дугаар зүйлийн 10.9.11, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Мягмарбаатараас Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан гаргасан 1. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын Ц.Мягмарбаатарыг ажлаас халах тухай 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, түүнийг хүчингүй болгуулах, 2. Өмнө эрхэлж байсан Боловсрол соёлын хяналтын улсын байцаагчийн ажил албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах, 3. 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сарын 646 мянган төгрөгөөр тооцож нийт 1.850.000 төгрөгийн нөхөн олговрыг олгохыг хариуцагчид даалгах, 4. Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/092 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Мягмарбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгон, Ц.Мягмарбаатарыг Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсрол, соёлын хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож,

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.Мягмарбаатарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1.926.666 /нэг сая есөн зуун хорин зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг олгож, зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.Мөнхсүлд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Шүүх оролцогчийн эрхийг хангаагүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд шүүх хэргийн оролцогчдод хурлын товыг мэдэгдэж, оролцох эрхийг хангах үүрэгтэй байсан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тус хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдээгүй, “утсаар мэдэгдсэн” тэмдэглэл хавсаргасан боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайханд энэ талаар шүүхээс огт мэдэгдээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаагүй гэж үзэж байна.

2. Нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Шүүх магадлал гаргахдаа анхан шатны шүүхээс хүргүүлсэн нотлох баримтыг дутуу үнэлсэн. Ц.Мягмарбаатар өмнө нь Б/10 дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн байсныг авч хэлэлцээгүй, сахилгын шийтгэлийн хугацаанд давтан зөрчил илэрснийг үнэлээгүй, зөвхөн Б/11 дүгээр тушаалын хүрээнд хэлэлцээд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу давтан гаргасан, ноцтой зөрчилд сахилгын шийтгэл хүлээлгэснийг төрийн албан хаагчийн эрх зүйн байдал илтэд дордуулсан гэж үзсэнийг зөвшөөрөх боломжгүй байна.

Төв аймгийн “Боловсрол соёлын газар”-аас манай газарт ирүүлсэн албан тоотод дурдсан асуудлын хүрээнд Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Батсайхан нь тус газрын Эрүүл мэнд, боловсрол, соёл, хүнс, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэж байсан Ургамал хорио цээрийн хяналтын улсын байцаагч М.Ганчимэгт зохих хариуг өгүүлэхээр шилжүүлсэн байна. Гэтэл боловсролын байцаагчаар ажиллаж байсан Ц.Мягмарбаатарт уг тоот бичиг хэргийн ажилтнаас ирсэн эсэх нь тодорхойгүй байна. Хэрвээ уг тоот албан ёсоор боловсролын байцаагч Ц.Мягмарбаатарт ирсэн тохиолдолд удирдлагад танилцуулсны дараа өөрийн хяналтын чиг үүрэгт хамааралгүй бол тайлбар хүргүүлэх, хамааралтай бол Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасны дагуу эрх бүхий албан тушаалтнаар удирдамж батлуулж, хуулийн дагуу хяналт шалгалт хийх үүрэгтэй байдаг. Гэвч Ц.Мягмарбаатар нь дур мэдэн албаны үүргээ хэтрүүлж, хууль зөрчин ажилласан болохыг үнэлээгүй байна.

Ц.Мягмарбаатарын гаргасан дүгнэлтийг шүүх үнэлэхдээ “Тус газрын дарга дүгнэлттэй танилцаад Ц.Мягмарбаатараар тоот төлөвлүүлж, түүний гаргасан дүгнэлтийг баталгаажуулж, Төв аймгийн Боловсрол соёлын газарт хүргүүлсэн” гэсэн байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д заасны дагуу улсын байцаагч холбогдох дүгнэлтийг өөрөө бүрэн хариуцах бөгөөд уг албан тоотод үүнийг тодорхой оруулсан. Түүнчлэн улсын байцаагч өөрөө өөрийнхөө дүгнэлтийг хянаж баталгаажуулсан /удирдах тушаалтнаар хянуулалгүй өөрөө гарын үсэг зурсан/ байгааг шүүх авч хэлэлцээгүй. Мөн Боловсрол соёлын газарт хүргүүлсэн тоот нь улсын байцаагчийн дүгнэлтийг баталгаажуулах гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй бөгөөд зөвхөн дүгнэлтийг хүргүүлж байгаа хэлбэр юм.

Ц.Мягмарбаатар нь уг дүгнэлтийг үйлдэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хяналт шалгалт явуулах процесс хэсэг болох 5 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн, хэрхэн зөрчиж хяналт хийж, ямар үр дүнд хүрснийг авч хэлэлцээгүй. Шүүх дүгнэхдээ хяналт шалгалтын явц зөвхөн төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд өрнөснийг нягталж хараагүй байна гэж үзэж байна. Ц.Мягмарбаатарын хийсэн хууль бус хяналтад зориулсан хяналтын хуудас гэж байхгүй бөгөөд өмгөөлөгч хяналтын хуудсыг байцаагч өөрөө боловсруулдаг гэж шүүхэд худал ойлголт төрүүлсэнийг эс зөвшөөрч байна. Ц.Мягмарбаатарыг хяналт шалгалт хийж дүгнэлт гаргахдаа иргэн Л.Алимаатай нэг ч удаа уулзалгүйгээр хяналт хийсэн гэж Багшийн мэргэжлийн зэргийн тухай гэх дүгнэлтэд түүний зан байдал, ёс зүй, ажил байдлыг буруугаар дурдаж боловсролын байгууллагын гаргах шийдвэрт зааварлаж зөвлөсөн дүгнэлт гаргасны улмаас Багш Л.Алимаагийн ажил байдал, нэр төрд бүдүүлгээр халдаж, хяналтын байгууллагын нэр төрийг гутаасныг шүүх авч хэлэлцээгүйг эс зөвшөөрч байна.

Иймд, дээрх гомдлын дагуу нягтлан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргаанд хамаарал бүхий Төрийн албаны болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудын холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгон, тус газрын Боловсрол, соёлын хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай Ц.Мягмарбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ. 

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасантай нийцээгүй байна.

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар, удирдамжгүйгээр хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн дүгнэлт гаргасан гэх үндэслэлээр Ц.Мягмарбаатарыг Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсрол, соёлын хяналтын улсын байцаагчийн ажлаас халсан тус газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/11 дүгээр тушаал Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг зөрчөөгүй байна. 

Улсын байцаагч Ц.Мягмарбаатар нь Төв аймгийн Боловсрол соёлын газраас Баяндэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Л.Алимаагийн мэргэжлийн зэргийн талаар шалгуулах тухай хүсэлт ирүүлсний дагуу 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 19-09-029-57 дугаар улсын байцаагчийн дүгнэлт үйлджээ.

Ц.Мягмарбаатар нь улсын байцаагчийн албаны чиг үүргийн дагуу холбогдох шалгалтыг хийж, дүгнэлт гаргах байтал хяналт, шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийгээгүй, шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулаагүй, удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөөгүй, хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийгээгүй  зэргээр энэ талаарх Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “... хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх”, 5.6-д “...шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх”, 5.7-д “хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийх” гэж тус тус заасан шаардлагыг зөрчсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсоныг анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой, зөв  дүгнэсэн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Мягмарбаатар нь удирдамжгүйгээр хяналт шалгалт хийснээс гадна багш Л.Алимаагийн мэргэжлийн зэргээс гадна шалгуулахаар ирүүлсэн хүсэлтэд хамааралгүй буюу ёс зүйн асуудлаар дүгнэлт гаргасан, дүгнэлт гаргахдаа Л.Алимаатай уулзаагүй, энэ тухай маргаагүй болно. 

Иргэн Л.Алимаагаас гаргасан гомдлыг үндэслэн Бүсийн улсын ахлах байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 19-01-001-03 дугаар шийдвэрээр дээрх 2016 оны 19-09-029-57 дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгожээ.

Улсын байцаагчийн хяналт шалгалт явуулах үндэслэл, журмыг дээр дурдсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар тодорхой зохицуулсан байх тул,  “...Ганчимэгийн цохолт хийсэн дагуу шалгалт явуулсан, ...дүгнэлтээ даргад танилцуулсан...” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь түүний хууль зөрчсөн үйл ажиллагааг зөвтгөх үндэслэл болохгүй юм.  

Мөн давж заалдах шатны шүүх Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаар албан бичгийг магадлалын гол үндэслэл болгож, “...дүгнэлтийг баталгаажуулсан, ...ийнхүү баталгаажуулснаар удирдлагын зөвшөөрөлгүй шалгалт хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй..., албан тушаалтны оролцоотой хийгдсэн атал гагцхүү улсын байцаагчийг буруутгаж байгаа нь Төрийн албаны тухай хуульд заасан зарчмуудтай зөрчилдсөн...” гэж дүгнэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг үгүйсгэсэн, үндэслэл муутай дүгнэлт болжээ.

Түүнчлэн Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.3.4-т “удирдлагын зөвшөөрөлгүйгээр хяналт шалгалт хийх”-ийг хориглож,  үүнийг сахилгын ноцтой зөрчилд тооцохоор тодорхойлсноос гадна Ц.Мягмарбаатар нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д зааснаар  “төрийн албаны ёс зүй, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих” үүрэгтэй  юм.

Ц.Мягмарбаатарын гаргасан зөрчлийн асуудлыг байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шинж байдлыг харгалзан “ажлаас халах”-аар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байхад давж заалдах шатны шүүх “...сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохироогүй...” гэж дүгнэсэн нь буруу байх тул зөвхөн энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжтой байна.

Харин давж заалдах шатны шүүх, хуралдааны зарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарт  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу мэдэгдсэн, хуралдааны товыг мэдэгдсэн байтал ирээгүй нь хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүйг энэ хуулийн 117.2-т тодорхой зааснаас гадна шүүх хэргийг зөвхөн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай маргаан бүхий захиргааны акт болох Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны Б/11 дүгээр тушаалын хүрээнд хянан шийдвэрлэсэн тул “...шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаагүй, ...Б/10 дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн байсныг авч хэлэлцээгүй...” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

Дээр дурдсаныг нэгтгэн, магадлалыг хүчингүй болгон, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0692 дугаар магадлалыг хүчингүй болгож, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Л.АТАРЦЭЦЭГ