Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2020/00102

 

Д.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 47 дугаар магадлалтай,

Д.Н-гийн нэхэмжлэлтэй,

Б.Р-т холбогдох

Эмчилгээний зардал 3.252.942 төгрөг, онгоцны тийзийн зардал 2.306.700 төгрөг, нийт 5.559.642 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Р-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Улаанбаатар смарт карт ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний хүү Г.Г- нь 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Б.Р-ын жолоодож явсан машинд мөргүүлж биедээ гавал тархины битүү гэмтэл, тархи няцрал, зүүн чамархайн ясны хугарал, элэгний няцрал, нүүрний болон хамрын хянга ясан няцрал, гавлын хөндийн цус хуралт, тархины эдийн цөмрөл няцрал, дарагдал гэх мэт гэмтлүүдийг авсан. Энэ гэмтлийн улмаас Монгол Улсад эмчлэгдэж байгаад Солонгос улс руу нарийн шинжилгээ эмчилгээнд 2018 оны 7 дугаар сарын 10-нд явсан. Солонгос улс руу очиж гэмтэлтэй холбоотой бүх шинжилгээг өгч үзүүлсэн зардалд 2.750.000 төгрөг зарцуулагдсан. Хүү, бид 2-ын онгоцны тийзний зардалд 2.306.700 төгрөг зарцуулагдсан. Мөн бага насны хүүхдийг наркозод оруулж тархины зураг авдаг журамтай юм билээ. Тиймээс эмнэлэгт хэвтсэний төлбөр 228.610 вон буюу 502.942 төгрөг болсон. Иймд Б.Р-аас нийт 5.559.642 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Р-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие Д.Н-гийн түрээсийн төлбөрт 500.000 төгрөг төлсөн. Д.Н-д хамгийн эхний шүүх хурал хүртэл 1.696.619 төгрөг өгсөн. Дараа нь Д.Н-д 680.000 төгрөг төлсөн. 2 дахь шүүх хурлын дараа 1.560.000 төгрөг, нийт 4.210.000 төгрөг Д.Н-д төлсөн. Д.Н-д ямар нэг нотлох баримтгүй 100.000 төгрөг, 2017.10.05-ны өдөр Пүрэв гэдэг хүнтэй цайны газар уулзаж бэлнээр 50.000 төгрөг, 2017.10.08-ны өдөр цайны газар Пүрэв гэдэг хүнтэй уулзаж бэлнээр 100.000 төгрөг, 10 ширхэг хуушууртай, 2017.10.10-ны өдөр нэг бүтэн хонины махыг турк сургуулийн шар байранд Д.Н-д аваачиж өгсөн. Анхан шатны шүүхийн шүүх хурлын өмнө 200.000 төгрөгийг өөрийн өмгөөлөгч Л.Оюунсувдаар дамжуулан Д.Н-д бэлнээр өгсөн. Д.Н-д баримтгүй нийт 550.000 төгрөг өгсөн. Д.Н-д баримтаар болон баримтгүй нийт 4.760.000 төгрөг төлсөн. Гэтэл Д.Н-гийн хүүгийн эмчилгээний зардалд нотлох баримтаар харахад ердөө 640.000 төгрөг зарцуулсан байдаг. Би Д.Н-гийн хүүгийнхээ эмчилгээний зардалд нэхэмжилсэн мөнгийг төлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр эмчилгээний зардлыг намайг төл гэсэн шийдвэр гараагүй. Харин шаардлагатай тохиолдолд хүүгийн эмчилгээний төлбөрийг төл гэсэн шийдвэр гарсан. Би шүүхийн шийдвэрийн дагуу 1.500.000 төгрөгийг төлсөн. Д.Н- надаас түрээсийн төлбөрт 450.000 төгрөгийг 4 сараар тооцон хүүгийнхээ эмчилгээний зардалтай нийт 4 сая гаруй төгрөг нэхэмжилсэн. Гэтэл Д.Н-гийн түрээсийн сарын төлбөр 170.000 төгрөг байсан. Д.Н-д ямар ч төлөх ёсгүй 500.000 төгрөгийг төлсөн байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Р-аас 1.314.157 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгож, үлдэх 4.063.257 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 35.976 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж тус тус шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 47 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Н-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх ба энэ шийдвэрүүд нь миний болон хүүхдийн минь эрх ашгийг хохироож байна. Монгол Улсын Үндсэн хуульд “...эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах ...эрхтэй” гэж заасан байдаг учраас би хүүхдээ аль болох эрүүл саруул болгож ямар нэг өвчин зовлонгүй хүн болгох гэж хичээж ирсэн. Түүнээс би хүүхдийнхээ эрүүл мэндээр шалтаглан илүү дутуу баримтгүй мөнгө нэхэмжлээгүй. Би нийт 5.559.642 төгрөг нэхэмжилснээс 1.314.157 төгрөгийг л шүүх ханган шийдвэрлэсэн байна. Хүүхдээ эмчлүүлэхээр БНСУ-руу миний явсан онгоцны тийзний үнэ болох 1.185,100 төгрөгийг хассан байна. Насанд хүрээгүй бага насны хүүхдийг би өөрөө авч явахгүй хэн нэгэнд дайгаад эмчлүүлээд ирээрэй гэж явуулж болохгүй байсан учраас би өөрөө асрамжлан авч явахаас өөр аргагүй болсон. Энэ байдлыг шүүх харгалзан үзэлгүйгээр намайг өөрөө зардлаа хариуцан даах ёстой гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Тийм учраас онгоцны тийзний үнэ 1.185.100 төгрөгийг хассанд би гомдолтой байна. Хэрэг гарснаас хойш шүүх хурал болох хүртэл би Б.Р-аас 1.969.619 төгрөг авсан. Энэ нь нотлох баримтаараа нотлогдоод эрүүгийн шүүх хурал дээр хэлэлцээд дууссан байхад шүүх энэ мөнгийг дурдаж намайг яаж зарцуулснаа нотлоогүй байна гэж үзсэн байх юм. Эмнэлэгт хүүхдээ эмчлүүлэн хэвтэж байхад эмчилгээний зардалд Б.Р-ын өгсөн мөнгийг нь хурлын явцад нэг бүрчлэн тооцон тайлбарлаж, хэрхэн зарцуулснаа нотолсон. Мөн юунд зарцуулсныг Б.Р- өөрөө мэдэж байгаа бөгөөд шаардлагатай эм тариаг өөрөө авчирч өгч, эмнэлэгийн ор хоногийн мөнгийг өөрөө тушааж баримтжуулж авч байсан. Би баримтгүй илүү зүйл нэхэмжлээгүй, амьдралын явцад гарсан эмчилгээ сувилгааны болон такси унааны зардал гээд бусад зардлыг нэг бүрчлэн баримтаар бүрдүүлээд байх боломжгүй байдаг. Тиймээс тоймтой цугласан баримтын хүрээнд л нэхэмжлэлээ гаргасан. Өвчтэй шаналалтай хүүхдийг асран сувилах амаргүй ажил. Мөн би ажил хөдөлмөрөө хийж цалин орлого олж чадахгүй жил гаруй хугацаанд хүүхдээ асарч эмнэлэг сувилгааны газруудаар явсан. Би хангалттай эрсдэл, хохирлыг амсаж байгаа. 2018 оны 03-р сарын 02 ны өдрийн 257 дугаар захирамжаар бид эвлэрснийг шүүгчийн захирамжаар баталсан. Захирамжинд заасан нэхэмжлэл сүүлийн нэхэмжлэлд ороогүй давхардсан зүйл байхгүй байхад шүүх өмнө нь нэхэмжилсэн зүйлийг дурдаж нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би сүүлийн нэхэмжлэлдээ БНСУ-руу явсан зардлыг баримтжуулж нэхэмжилсэн, давхардуулан нэхээгүй байхад хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн. Б.Р- нь хүүхдэд учруулсан гэмтлээ ухамсарлан ойлгож нэхэмжилж буй зардпыг төлье гэж зөвшөөрч бид эвлэрсэн байхад шүүх хөндлөнгөөс оролцож тохирсон хэмжээний эмчилгээний зардлаа намайг дахин дахин нэхэмжлээд байгаа мэтээр ойлгож нотлох ёстой гэж үзээд байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна. Мөн намайг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэн гэм хорын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Би гэрийн гадаа тоглож байсан хүүхдийг хүн дагаж яваад замын хөдөлгөөнд оролцчихно гэж урьдчилан мэдэх боломжгүй байсан, мөн миний хүүхэд явган хүний гарц, тэмдэг тэмдэглэгээтэй газраар гарч байхад эцэг эхгүй явж байгаа нь буруу гэж дайраад байж болдог юм уу. Иймд нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Н- шүүхэд хандаж, Б.Р-аас хүү Г.Г-ий эмчилгээний зардал 3.252.942 төгрөг, 2 хүний онгоцны тийзийн зардал 2.306.700 төгрөг, нийт 5.559.642 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн зарим дүгнэлт хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 497.2-т “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж тус тус заасан байна.

Хэргийн баримтаас үзвэл Б.Р-ын гэм буруутай үйлдлийн улмаас  Д.Н-гийн 5 настай хүү Г.Г-ий биед хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.21-ний өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгч Д.Н- хүү Г.Г-ий тухайн гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлыг шаардах эрхтэй байна.

2. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Г.Г-ий БНСУ-д хийлгэсэн оношилгоо, эмчилгээний зардлыг зайлшгүй зардал гэж үзэхгүй гээд харин хариуцагч шийдвэрт гомдол гаргаагүй гэсэн дүгнэлтийг магадлалдаа заасан нь буруу байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйг заажээ. 5 настай Г.Г- ослын улмаас тархины хүнд гэмтэл авсан, уг гэмтэлтэй холбоотой хүүхдийн эрүүл мэндийн байдлыг хянах үүднээс БНСУ-д оношилгоо, шинжилгээ хийлгэснийг эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой зайлшгүй зардал биш гэж үзэх үндэслэлгүй болно.

3. Анхан шатны шүүх, 5.377.414 төгрөгийн шаардлага баримтаар нотлогдсон гэж дүгнэлт хийсэн боловч өөр маргаан буюу өмнө нь Д.Н-гийн шүүхэд хандаж, Б.Р-аас шинжилгээ, оношилгооны төлбөрт 1.744.000 төгрөг, түрээсийн төлбөрт 1.365.000 төгрөг нийт 3.109.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэрэгт 1.564.000 төгрөгийг хариуцагч төлөхөөр зохигч эвлэрснийг баталгаажуулсан шүүгчийн захирамжаар шийдвэрлэснийг энэхүү мөнгийг  нэхэмжлэгч хэрхэн зарцуулснаа нотлоогүй гэж дүгнэн уг мөнгийг, түүнчлэн нэхэмжлэгч бага насны хүүхдээ харгалзах хүнгүй явуулснаас зам тээврийн осол гарахад нөлөөлсөн буруутай гэж түүний Солонгос улсад зорчсон онгоцны тийзийн үнэ 1.185.100 төгрөгийг тус тус хассан буруу байна. Үүнээс гадна үлдэх 2.628.314 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулсан байх ба эдгээр үндэслэл ойлгомжгүй болжээ.

Давж заалдах шатны шүүх дээрх байдалд дүгнэлт өгөөгүй байна.

Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч Д.Н- БНСУ руу 2018 оны 6 дугаар сард ажил эрхлэхээр явсан, түүний хүү Г.Г- 2018 оны 7 дугаар сард араас нь очсон нь тогтоогдсон тул Д.Н-гийн онгоцны тийзийн зардлыг хариуцагч хариуцах хууль зүйн үндэслэлгүй. Өмнөх шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн хариуцагчийн төлсөн мөнгийг хэрхэн зарцуулснаа нэхэмжлэгч нотлоогүй гэсэн нь хуульд нийцээгүй, үндэслэл муутай байна. Тухайлбал, энэ нэхэмжлэлийн шаардлагад Д.Н-, Д.Ганчилгүн нарын Солонгос улс руу явсан онгоцны тийзний үнэ, тус улсад хүүхдийн  шинжилгээ, оношилгоо хийлгэсэн зардал хамаарч байгаа бөгөөд эдгээрийг Д.Н- өмнө нь нэхэмжилсний дагуу шүүх шийдвэрлэсэн гэх агуулга захирамж болон зохигчийн тайлбараар тогтоогдоогүй юм. Иймд энэ алдааг залруулж, нотлогдсон хэмжээнд буюу 5.377.414 төгрөгийн нэхэмжлэлээс Д.Н-гийн онгоцны тийзийн зардал 1.185.100 төгрөгийг хасч, осол гарахад нэхэмжлэгчийн буруу нөлөөлсөн гэж үзэн, үлдэх 4.192.314 төгрөгийн тал хэсэг буюу 2.096.157 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг зөрчихгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 47 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “1.314.157 төгрөг” гэснийг “2.096.157 төгрөг” гэж, “4.063.257 төгрөгийн” гэснийг “3.463.485 төгрөгийн” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтад “35.976 төгрөг” гэснийг “48.488 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ