Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/02129

 

17 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/02129

              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч:  Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюуш гудамж, 16 дугаар байр, 80 тоотод оршин суух, Боржигин ургийн овогтой Алтанхундагын Нямдаваа /РД:ЧЛ84101476/-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, СВД-3 байр, 15 тоотод оршин суух, Боржигон ургийн овогтой Алтанхундагын Алтансүх /РД:ЧЛ86030474/,

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хотхоны 426 дугаар байр, 36 тоотод оршин суух, Улаан ганин ургийн овогтой Пүрэвийн Баярбат /РД:ЧЛ76083071/ нарт холбогдох,

А.Нямдаваагаас А.Алтансүхийн нэр дээр 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 8386 УНБ улсын дугаартай “Sinotruk ZZ3257” маркийн автомашин, 4352 УНО улсын дугаартай “Howo  LZZ3257”  маркийн автомашины шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, автомашины хууль ёсны өмчлөгч нь А.Нямдаваа мөн болохыг тогтоолгож, А.Алтансүх, П.Баярбат нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас уг хоёр машиныг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Нямдаваа, түүний өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ,  хариуцагч А.Алтансүх, П.Баярбат нарын өмгөөлөгч А.Зүмбэрэл, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч А.Нямдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Нямдаваа би 2011 онд 4352 УНО улсын дугаартай Ноwо LZZ3257 маркийн LZZ5ELND17W554464 арлын дугаартай автомашиныг, 2012 онд 8386 УНБ улсын дугаартай Sinotruk маркийн, LZZ5ELND0BN644754 арлын дугаартай автомашиныг БНХАУ-ын Эрээн хотоос худалдан авч, зохих журмын дагуу улсын дугаар аван тээвэрт явуулдаг байсан. Миний төрсөн дүү болох А.Алтансүх тухайн үед эрхэлсэн ажилгүй байсан бөгөөд А.Нямдаваа би түүнийг 2011 оны 03 сарын 18-ны өдрөөс эхлэн 4352 УНО улсын дугаартай автомашины жолоочоор ажиллуулж эхэлсэн. А.Алтансүх нь тээврийн ажил хийж, тээвэрлэлтийн хөлсийг өөрийн дансаар авч өөрийнхөө цалин болон А.Нямдаваа миний зээлийн мөнгийг суутган авч, үлдэгдэл мөнгийг надад тайлагнан өгч байхаар тохиролцон ажиллаж байсан. 2013 онд би Хаан банк болон Төрийн банканд зээлтэй байсан учир өөрийн хоёр машины аль нэгийг нь худалдан борлуулж, зээлээ төлөх гэтэл дүү А.Алтансүх нь "би П.Баярбатаас хүүгүйгээр 50,000,000 төгрөгийг эзэлчихье. Тэгээд зээлээ төлчих, машинаа заавал зарах хэрэггүй” гэсний дагуу дүү А.Алтансүх нь П.Баярбатаас 50,000,000 төгрөгийг зээлж, уг мөнгө миний дансанд орж ирсэн. Уг мөнгийг миний талийгаач эхнэр н.Үзмээ дур мэдэн данснаас авч, захиран зарцуулсан байдаг. 2014 онд би банкнаас зээл авах гэж байсан ба барьцаа мөнгө хэрэгтэй болсон тул аргаа баран П.Баярбатаас 20,000,000 төгрөг зээлсэн боловч банкны зээл бүтээгүй. Энэ хугацаанд банкны зээл, хүүгийн хэмжээ ихэссээр байсан тул орлого оруулдаг хоёр машиныг маань банкнаас хураан авах, авсан тохиолдолд орлого олох боломжгүй болно гэх эрсдэлээс айсны үндсэн дээр дүү А.Алтансүхтэй харилцан тохиролцож би банкны зээлээ бүрэн төлж дуусах хүртэл уг хоёр машинаа дүү А.Алтансүхийн нэр дээр түр шилжүүлэхээр болсон. Үүний дагуу 2014 оны 08 сарын 13-ны өдөр уг хоёр автомашиныг дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн. Гэтэл дүү А.Алтансүх нь П.Баярбаттай үгсэн тохиролцож 43-52 УНО улсын дугаартай “Howo” маркийн, автомашиныг, 83-86 УНБ улсын дугаартай “Shinotruk” маркийн 2 ширхэг автомашиныг минь үндэслэлгүйгээр П.Баярбатын нэр дээр 2015 оны 11 сарын 20-ны өдөр шилжүүлэн өгсөн байдаг. Өнгөрсөн хугацаанд дүү А.Алтансүх нь тээвэрт явсан ажлын хөлснөөс 31,520,000 төгрөгийг, харин миний зүгээс 24,000,000 төгрөгийг нийтдээ 55,520,000 төгрөгийг П.Баярбатад өгч, 14,480,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байхад П.Баярбатад нь энэхүү 14,480,000 төгрөгийн зээлийн барьцаа гэх нэрийдлээр 2 автомашиныг минь дүү А.Алтансүхээс өөрийн нэр дээр шилжүүлж авсан явдлыг хууль бус явдал хзмээн үзэж байна. Учир нь миний нэрээр зээлсэн гэх 70,000,000 төгрөгийг анх П.Баярбатаас авахдаа талуудын хооронд ямар нэгэн зээлийн болоод барьцааны гэрээ хийгдээгүй бөгөөд уг хоёр машин нийлээд 116,000,000 төгрөгийн үнэ хүрэх байтал 14,480,000 төгрөгийн барьцаа гэх нэрийдлээр хоёр машиныг П.Баярбат нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан үйлдэл болон дүү А.Алтансүхийн хамтаар өнөөг хүртэл автомашинуудыг тус тус ашиглаж орлого олж байгаа нь хууль бус, үндэслэлгүй хөрөнгөжиж буй явдал гэж үзэж байна. Иймд А.Нямдаваагаас А.Алтансүхийн нэр дээр 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 8386 УНБ улсын дугаартай “Sinotruk ZZ3257” маркийн автомашин, 4352 УНО улсын дугаартай “Howo  LZZ3257”  маркийн автомашины шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, автомашины хууль ёсны өмчлөгч нь А.Нямдаваа мөн болохыг тогтоолгож, А.Алтансүх, П.Баярбат нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас уг хоёр машиныг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Нямдаваагийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Алтансүх 2014 оны 08 сарын 13-ны өдөр А.Нямдаваатай харилцан тохиролцоод А.Алтансүхийн нэр дээр 2 автомашин шилжүүлэх аман хэлцэл хийсэн. Энэ хэлцэл нь автомашин шилжүүлэхтэй холбогдсон дүр үзүүлэн хийсэн хэлцэл байгаа. Анх 2 автомашиныг үнэ төлбөргүй тодорхой хугацаанд шилжүүлсэн. Авто тээврийн газар ямар нэгэн гэрээ хийдэггүй бөгөөд талууд тохиролцоод шилжүүлдэг. Тухайн үед ямар нэгэн хэлцэл болоогүй бөгөөд үнэ төлбөргүйгээр тодорхой хугацааны туршид шилжүүлсэн юм. А.Нямдаваагийн хувьд зээл байсан бөгөөд гол амьдралаа залгуулдаг зүйл нь 2 автомашин банкны барьцаанд байгаа бөгөөд байр нь барьцаанд байдаг төлбөрийн чадвар нь зээлээ төлөх боломжгүй байдалд хүрсэн бөгөөд өөрийн автомашиныг банкны зээлд алдахгүйн тулд өөрийн дүү А.Алтансүхийн нэр дээр шилжүүлсэн. Ингээд А.Алтансүх нь А.Нямдаваагийн дүү учир тухайн үед итгэлцлийн үндсэн дээр үнэ төлбөргүй машин шилжүүлэх хэлцэл хийсэн байгаа. А.Нямдаваа хэлэхдээ худалдах, худалдан авах гэрээ гэхгүй, бэлэглэлийн гэрээ гэхгүй зөвхөн тухайн үед банкны зээлийн төлбөрт алдахгүйн тулд шилжүүлсэн байдаг. Энэ нь Иргэний хуулийн 56-д зааснаар банкны өр төлбөрөөс өөрийн тээврийн хэрэгслийг зайлуулах замаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа. Энэ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй гэж үзэж байгаа. Энэ шилжүүлэхтэй холбоотой ямар процесс болж байна гэхээр А.Баярбатаас 70,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Гэхдээ хүү тооцох асуудал байдаггүй. Бид нарын шүүхэд гаргаж өгсөн баримтаар 70,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг А.Алтансүхээр дамжуулж авсан бөгөөд 40,000,000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед н.Базарсад гэж А.Нямдаваагийн ажил гүйцэтгэж ажлын хөлс олгох байсан иргэнээс 2014 оны 07 сарын 01-нд 14,000,000 төгрөг, 2015 оны 11 сарын 16-нд 10,000,000 төгрөг төлсөн. Хариуцагч талаас гаргасан 10,000,000 төгрөг өгөөд буцаад 20,000,000 төгрөг зээлсэн гэх үйл баримт нь 2014 онд болсон мэтээр тайлбарладаг боловч 2014 оны 07 сард 70,000,000 төгрөг зээлсний дараагаар 14,000,000 төгрөг, 2015 оны 11 сард дахиад 10,000,000 төгрөг төлсөн. Тухайн үед н.Базарсадын эхнэр гэрчээр асуугдаад энэ талаар тайлбараа хэлсэн. 2014 оны 08 сарын 13-ны өдөр зээлийн төлбөрт авсан байгаа П.Баярбатын төлбөрүүд энэ баримтаар үгүйсгэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл 2014 оны 08 сарын 13-ны өдрөөс хойш А.Нямдаваагийн зээлийн төлбөр төлөгдсөн байх ёстой. Зээлийн харилцаа яваад дууссан бол энэ машиныг П.Баярбат 2011 оны 08 сард авсан гэдэг нь худлаа тайлбар гэдэг нь харагдаж байна. Үүний дараа А.Алтансүх нь А.Нямдааваагийн жолоочоор ажиллаж байсан бөгөөд 2014 оны 08 сарын 13-ны өдөр машин шилжүүлж өөр дээр нь өгч байхад П.Баярбатын данс руу 2,100,000 төгрөг төлдөг байсан нь дансны хуулгаар харагддаг. 2014 оны 08 сарын 14-нээс хойш зээлийн төлбөрт машиныг авсан гэдэг боловч 13 удаагийн А.Алтансүхийн данснаас П.Баярбатын зээлийн төлбөр гэж шилжүүлсэн баримт байдаг. Иймд нөгөө хүн нь зээлийн төлбөрт 2 машин авсан гэж байгаа боловч хавтас хэрэгт авагдсан баримтуудаар 70,000,000 төгрөгийн зээлийг буцааж авч байсан баримт байгаа. Иймд хариуцагчийн зүгээс зээлийн төлбөрт авсан гэж байгаа нь цаг хугацааны дарааллаар хавтас хэрэгт авагдсан баримтуудаар бүтэн үгүйсгэгдэж байгаа. 2014 онд зээлийн төлбөрт шилжүүлсэн бол яагаад зээлийн төлбөр гэж төлөх вэ. Үнэ төлбөргүй автомашин шилжүүлсэн гэж үзэж байгаа бол энэ нь бэлэглэлийн гэрээ гэж тайлбар хэлж байна. Хэлцлийг амаар хийж бэлэглэлийн гэрээ гэж үзвэл саяны нөхцөл байдлуудаар 70,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт холбогдож байгаа учир энэ бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцэл байгаа. Ямар учраас дүр үзүүлж хийсэн бэ гэхээр А.Нямдаваагийн Төрийн банк болон Хаан банкны зээлийн асуудлаас болсон. Өмчлөгчийн хувьд Гаалийн ерөнхий газраас энэ 2 машиныг яаж оруулж ирсэн талаар лавлагаа авсан. Нэг машин нь хуулийн этгээдийн нэр дээр нэг нь А.Нямдаваагийн нэр дээр орж ирсэн. Хуулийн этгээдэд орж ирсэн талаар гэрч н.Энхболор ямар шалтгаанаар оруулж ирж А.Нямдаваагийнх болсон талаар шүүхэд тайлбарласан. Нэгэнт дүр үзүүлж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцож байгаа учраас өмчлөгч нь өөрөө тухайн хөрөнгийг авах ёстой. Энэ хөрөнгүүдийн өмчлөгч нь А.Нямдаваа гэдэг нь тодорхой байгаа. П.Баярбатын хувьд 70,000,000 төгрөгтэй холбогдуулж эрүүгийн хэрэг үүсч дараа нь үүсгэхээс татгалзсан тогтоолд Иргэний журмаар хоорондын төлбөр тооцооны асуудал байна гэхдээ А.Нямдаваагийн хүсэлтээр шалгуулж Улсын прокурор дээр очсон боловч анхан шатны прокурорын тогтоолыг хэвээр үлдээсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болсон тогтоолыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Өмчлөгчийг тогтоохын тулд Иргэний хуулийн 106.2-д зааснаар А.Алтансүхэд шилжсэн. Гэвч дүр үзүүлэн хийсэн хэлцэл байгаа учраас өмчлөгч нь А.Нямдаваа гэдгийг Гаалиас ирсэн лавлагаа, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогддог. Зээлийн төлбөр тооцоотой холбоотойгоор П.Баярбат нь А.Нямдавааг дарамталсан байдаг юм уу ийм байдлаар мессэжээр харилцаж байсан баримт байгаа. Бид тухайн мессэжийг шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн байгаа. Энэ зээлийн төлбөрүүдийг төлөөд машинаа ав гэсэн санааг хэлсэн байдаг. П.Баярбат нь шүүхэд ирдэггүй. П.Баярбат, А.Алтансүх нарын хууль бус эзэмшлээс 2 машин гаргуулж өгнө үү. Төлбөр тооцоо үлдэгдлийг бид өөрсдийн төлсөн болоод үлдэгдэл төлбөрийг ч хүлээн зөвшөөрдөг. Нийт 23 удаагийн гүйлгээгээр А.Алтансүх нь А.Нямдаваагийн машинаар олсон орлого болох 33,400,000 төгрөгийг П.Баярбатад шилжүүлсэн байдаг. Мөн н.Базарсад гэж иргэнээс П.Баярбатад 24,000,000 төгрөгийг шилжүүлж нийт 57,400,000 төгрөгийг П.Баярбатад өгсөн. Ийм тохиолдолд үлдэгдэл 12,600,000 төгрөгт 116,000,000 төгрөгийн тээврийн хэрэгсэл шилжүүлж авсан мэтээр хариуцагчийн хэлж байгаа тайлбар нь үндэслэлгүй байгаа тул дээрх гурван нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Алтнасүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Нямдаваагийн нэхэмжлэлтэй, П.Баярбат, А.Алтансүх нарт холбогдогдох, хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 8386 УНБ улсын дугаартай “Синотрак” маркийн автомашин болон 4352 УНО улсын дугаартай “Хово” маркийн автомашиныг тус тус өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мөн болохыг тогтоолгож, бусдын хууль бус эзэмшил ашиглалтаас гаргуулах тухай иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. А.Нямдаваа нь П.Баярбатаас 70,000,000 төгрөг зээлж, өөрийнх нь хувийн данс руу шилжүүлсэн. Энэхүү гэрээний дагуу төлбөрөө нэхэхэд зээлийн үлдэгдэл төлбөртөө дээрх 2 автомашиныг өрөндөө шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр П.Баяртбат нь иргэний үнэмлэхгүй явж байсан тул миний нэр дээр харилцан тохиролцож шилжүүлсэн. Маргаан бүхий 2 машины өмчлөлийг дараа нь П.Баярбатын өөрийнх нь нэр дээр шилжүүлсэн. Иймд нэхэмжлэл шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Баярбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Нямдаваагийн нэхэмжлэлтэй, П.Баярбат, А.Алтансүх нарт холбогдох, хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 8386 УНБ улсын дугаартай “Синотрак” маркийн автомашин болон 4352 УНО улсын дагаартай “Хово” маркийн автомашиныг тус тус өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мөн болохыг тогтоолгож, бусдын хууль бус эзэмшил ашиглалтаас гаргуулах тухай иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. А.Нямдаваа нь надаас 2013 оны 09 сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөг, 2014 оны 05 сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг нийт 70,000,000 төгрөг зээлж, өөрийнх нь хувийн данс руу шилжүүлсэн. Энэхүү гэрээний дагуу төлбөрөө нэхэхэд удаа дараа худал хэлж, нилээдгүй хугацаа өнгөрсний эцэст маргаан бүхий дээрх 2 автомашиныг өрөндөө шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би иргэний үнэмлэхгүй явж байсан тул өөрийн дүү А.Алтансүхийн нэр дээр харилцан тохиролцож шилжүүлсэн. Тухайн үед сайн дураараа, өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр харилцан тохиролцсон асуудлыг 3 жилийн дараа гэнэт гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Маргаан бүхий 2 машины өмчлөл нэг нь иргэн А.Алтансүхийн нэр дээр, нөгөө нь гуравдагч этгээдэд зарагдсан байгаа тул нэхэмжлэгч А.Нямдаваагийн өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байхаас гадна өмч хууль ёсны дагуу өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр бусдад шилжсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Алтансүх, П.Баярбат нарын өмгөөлөгч А.Зүмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь 2014 оны 08 сарын 13-ны өдрийн машин шилжүүлсэн хэлцлээ хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан бөгөөд маргаан бүхий машинуудын хууль ёсны эзэмшигчээр тогтоож бусдын хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү гэсэн. Процесс 2014 оны 08 сарын 13-аас өмнө 2013 оны 09 сарын 05 болон 2014 оны 05 сарын 16-ны өдрүүдэд А.Нямдаваа нь П.Баярбатаас нийт 50,000,000 төгрөг, үүнээс 10,000,000 төгрөгийг төлж нэмж зээл аваад нийт 70,000,000 төгрөгийн зээл авсан байдаг. Талууд бичгээр гэрээ хийгээгүй бөгөөд амаар тохиролцож 6 хувийн хүүтэй байхаар тохирсон бөгөөд зээлийн гэрээ байгуулсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа. Ингэж явж байгаад нэхэмжлэгч нь ар гэрийн гачигдал болоод бизнесийн асуудалд орсон учир зээлээ төлөх боломжгүй болсон. 2014 оны 08 сарын 13-ны өдөр маргаан бүхий 2 машиныг дээрх зээлийн үлдэгдэл өр төлбөрт шилжүүлсэн байдаг нь хэрэгт авагдсан баримт болон эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлгээр харагддаг. П.Баярбат нь өөрийн өр төлбөрт авсан гэдэг. А.Алтансүх нь өр төлбөрт нь авсан би бичиг баримтгүй байсан учраас энэ машиныг шилжүүлсэн гэж тайлбарладаг. Иймд заавал нийт хэдэн төгрөгийн үнэтэй машиныг бусдад шилжүүлж үүргийн гүйцэтгэлийг хангах ёстой гэсэн зүйл байхгүй. Машин нь хэдэн төгрөгийн үнэтэй байж болох бөгөөд бэлэглэлийн гэрээгээр үнэгүй ч шилжүүлэх явдал байдаг. Нэхэмжлэгч талаас үлдэгдэл төлбөрийн асуудал ярьдаг боловч хэрэгт авагдсан баримтаар 2014 оны 08 сарын 13-ны өдрөөс хойш буюу маргаан бүхий машинууд А.Алтансүх, П.Баярбат нарт шилжсэнээс хойш шилжүүлсэн мөнгө дүн нь үндсэн нэхэмжлэлд дурдсанаар зээлийн төлбөрөөс хасагдах ямар ч үндэслэлгүй. Хариуцагч нар зарим төлбөрийг хүүд бодож авч байсан гэдэг. Бичгээр байгуулаагүй хэлцэлд хүү авах эрхгүй ч гэсэн хүүд шилжүүлсэн бол буцаан шаардах эрх үүсэхгүй. Нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 62-д зааснаар бүрдүүлбэр хангасан байх ёстой байдаг. Энэ машинуудын үнийг нэхэж байна уу эвсэл машиныг гаргуулахаар нэхэж байна уу гэдгийг тогтоох ёстой. Мөн А.Алтансүх болон П.Баярбат нараас юуг нь нэхэж байгаа гэдэг нь ойлгомжгүй. 2014 оны 08 сарын 13-ны өдрийн хэлцэл буюу А.Алтансүхэд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэсэн шаардлага гаргаад байна. А.Алтансүхэд машинаа шилжүүлж А.Алтансүхээс машинаа гаргуулах гэж байгаа бол П.Баярбат нь ямар хамааралтай вэ. Хэрэв А.Алтансүх нь П.Баярбат руу шилжүүлсэн бол хууль ёсны эзэмшигч нь шилжүүлсэн харагдаж байна. Талууд тайлбарлахдаа П.Баярбат бичиг баримтгүй байсан учраас А.Алтансүхийн нэр дээр шилжүүлсэн гэдэг. Энэ хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа бол Иргэний хуулийн 56-д зааснаар аль үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй байгаа. Хуульд заасан үндэслэлээр аливаа нэг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцно түүнээс өглөг, авлага, тооцоо нь нийлэхгүй байна гэдгээр хүчин төгөлдөр бусад тооцохгүй. Хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь эзэмшилд хэнд байгаагаас өмчлөгч нь тодорхойлогдоно. Маргаан бүхий 2 машиныг 2014 оны 08 сарын 13-ны өдөр А.Алтансүхийн нэр дээр шилжүүлсэн байна. Эрүүгийн хэргийн мэдүүлэгт ч мөн адил А.Нямдаваа нь П.Баярбат намайг шилжүүл гэхээр нь би шилжүүлсэн. Ямар нэгэн дарамт шахалтгүйгээр шилжүүлсэн. Өмнө нь П.Баярбатад өр төлбөрийн харилцаа байсан. Иймд ямар ч байсан А.Нямдаваагаас А.Алтансүхэд шилжүүлсэн нь хууль ёсны дагуу байна. Зээл авсан этгээдэд заавал эрх зүйн харилцаанд орсон этгээдэд машин шилжүүлэх шаардлага байхгүй. А.Алтансүхэд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага нь маргаан бүхий 2 машины хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэж байгаа боловч өөр этгээдийн өмчлөлд байгаа машинуудыг хууль ёсны эзэмшилд шилжүүлнэ гэж байгаа нь тодорхойгүй байна. Машин нь хууль ёсоор гуравдагч этгээдэд шилжсэн. Эдгээр этгээдүүд хэрэгт орж ирээгүй. Ийм тохиолдолд бусдын шударгаар олж авсан хөрөнгийг буцаан шилжүүлэх боломж байхгүй. Шүүхийн шийдвэр биелэгдэж болохуйц байх ёстой бөгөөд нэхэмжлэлийн шаардлага мөн адил биелэгдэх боломжтой байх ёстой.  Маргаан бүхий 2 машин нь нэг нэгээрээ А.Алтансүх болон П.Баярбат нарын нэр дээр шилжсэн байдаг тул шууд өөр этгээдийг хууль ёсны эзэмшигчээр тогтоох боломжгүй байна. Мөн А.Алтансүх, П.Баярбат нарын хууль бус эзэмшлээс маргаан бүхий 2 машиныг хууль бус эзэмшлээс гаргаж өгнө үү гэсэн байдаг. Хууль бус хэлцэл гэдгийг юугаар тогтоож байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлд заасан үндэслэлүүдэд хамаардаггүй. Нэхэмжлэлийн шаардлагад ч гэсэн хууль бусаар тооцуулах тухай баримт байдаггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч А.Нямдаваа нь хариуцагч А.Алтансүх, П.Баярбат нарт холбогдуулан А.Нямдаваагаас А.Алтансүхийн нэр дээр 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 8386 УНБ улсын дугаартай “Sinotruk ZZ3257” маркийн, 4352 УНО улсын дугаартай “Howo  LZZ3257”  маркийн 2 автомашины шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, тус автомашины хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгож, А.Алтансүх, П.Баярбат нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас уг 2 машиныг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч А.Нямдаваа нь өөрийн эзэмшлийн 8386 УНБ улсын дугаартай “Sinotruk ZZ3257” маркийн, 4352 УНО улсын дугаартай “Howo  LZZ3257”  маркийн 2 автомашиныг 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр А.Алтансүхийн нэр дээр шилжүүлсэн байна. Шилжүүлэх болсон шалтгааныг банкны зээл төлөх боломжгүй болсон тул барьцаанд хураалгахгүйн тулд А.Алтансүхийн нэр дээр шилжүүлсэн. Ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан бэлэглэлийн гэрээний агуулгатай дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэжээ.

 

Хариуцагч нар дээрх тайлбарыг үгүйсгэж нэхэмжлэгч А.Нямдавааг хариуцагч П.Баярбатаас зээлсэн 70,000,000 төгрөгийн үлдэгдэл 40,000,000 төгрөгийн төлбөрт маргаан бүхий 2 автомашиныг шилжүүлэхээр тохиролцсон боловч тухайн үед П.Баярбат бичиг баримтгүй байсан тул А.Алтансүхийн нэр дээр шилжүүлж, улмаар А.Алтансүх уг 2 автомашиныг П.Баярбатын нэр дээр шилжүүлсэн гэж тайлбарлан маргасан.

 

Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаанд 8386 УНБ улсын дугаартай “Sinotruk ZZ3257” маркийн автомашиныг 2012 оны 03 сарын 28-нд А.Нямдаваагийн нэр дээр, 2014 оны 08 сарын 13-ны өдөр А.Нямдаваагаас А.Алтансүхэд, 2015 оны 11 сарын 20-ны өдөр А.Алтансүхээс П.Баярбатын нэр дээр, 2017 оны 02 сарын 24-ний өдөр П.Баярбатаас Ш.Батбаатарын нэр дээр шилжсэнийг /хх-ийн 49 дүгээр тал/, 4352 УНО улсын дугаартай “Howo  LZZ3257”  маркийн автомашиныг 2011 оны 03 сарын 18-нд А.Нямдаваагийн нэр дээр, 2014 оны 08 сарын 13-ны өдөр А.Нямдаваагаас А.Алтансүхэд, 2015 оны 11 сарын 20-ны өдөр А.Алтансүхээс П.Баярбатын нэр дээр, 2017 оны 02 сарын 02-ны өдөр П.Баярбатаас А.Алтансүхийн нэр дээр, 2017 оны 02 сарын 09-ний өдөр А.Алтансүхээс Хас банк ХХК-ийн нэр дээр тус тус шилжилт хийж бүртгүүлсэн болохыг тэмдэглэсэн байна. /хх-ийн 53, 54 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч А.Нямдаваа, хариуцагч П.Баярбат нарын хооронд 70,000,000 төгрөгийн зээл, түүний төлбөр тооцоотой холбоотой харилцаа үүссэн байсан нь зохигчдын тайлбараар үгүйсгэгдэхгүй боловч уг 2 автомашиныг зээлийн төлбөрт шилжүүлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч маргаан бүхий 2 автомашиныг хариуцагч А.Алтансүхийн нэр дээр 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өөрийн хүсэл зоригийн дагуу, бусдын дарамт шахалтгүйгээр, гарах үр дагаврыг ухамсарлан шилжүүлсэн байна.

 

Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй. Нэхэмжлэгч А.Нямдаваа маргаан бүхий 2 автомашиныг өөрөө хариуцагч А.Алтансүхийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэн шилжүүлсэн тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан эрхийнхээ дагуу хийсэн үйлдэл гэж үзэх бөгөөд үүнийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан. Маргаан бүхий 2 автомашины өмчлөл хэрэгт авагдсан нотлох баримтаар А.Нямдаваагаас А.Алтансүхэд, А.Алтансүхээс П.Баярбатад, П.Баярбатаас А.Алтансүх болон Ш.Батбаатарт хуулийн дагуу шилжсэн байх тул нэхэмжлэгч А.Нямдавааг тус 2 автомашины өмчлөгч гэж үзэхгүй.

 

Иймд хариуцагч А.Алтансүх, П.Баярбат нарт холбогдох А.Нямдаваагаас А.Алтансүхийн нэр дээр 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 8386 УНБ улсын дугаартай “Sinotruk ZZ3257” маркийн, 4352 УНО улсын дугаартай “Howo  LZZ3257” маркийн автомашиныг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, автомашины хууль ёсны өмчлөгч нь А.Нямдаваа мөн болохыг тогтоож, А.Алтансүх, П.Баярбат нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас уг хоёр машиныг гаргуулах тухай А.Нямдаваагийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.5, 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч А.Алтансүх, П.Баярбат нарт холбогдох А.Нямдаваагаас А.Алтансүхийн нэр дээр 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 8386 УНБ улсын дугаартай “Sinotruk ZZ3257” маркийн, 4352 УНО улсын дугаартай “Howo  LZZ3257”  маркийн автомашиныг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, автомашины хууль ёсны өмчлөгч нь А.Нямдаваа мөн болохыг тогтоож, А.Алтансүх, П.Баярбат нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас уг хоёр машиныг гаргуулах тухай А.Нямдаваагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 737,950 төгрөгөөс илүү төлсөн 527,350 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч А.Нямдаваад олгож, үлдэх 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР