Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00155

 

А.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/02129 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2158 дугаар магадлалтай,

А.Н-гийн нэхэмжлэлтэй,

А.А, П.Б нарт холбогдох,

8386 УНБ, 4352 УНО улсын дугаартай автомашинуудыг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, автомашины хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгож, А.А, П.Б нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас авто машин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч А.Н-, түүний өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Н-, түүний өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, хариуцагч нарын өмгөөлөгч А.Зүмбэрэл, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч А.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2011 онд 4352 УНО улсын дугаартай Ноwо LZZ3257 маркийн автомашиныг, 2012 онд 8386 УНБ улсын дугаартай Sinotruk маркийн автомашиныг БНХАУ-ын Эрээн хотоос худалдан авч, тээвэрт явуулдаг байсан. Миний төрсөн дүү болох А.А тухайн үед эрхэлсэн ажилгүй байсан бөгөөд би түүнийг 2011 оны 03 сарын 18-ны өдрөөс эхлэн 4352 УНО улсын дугаартай автомашины жолоочоор ажиллуулж эхэлсэн. А.А нь тээврийн ажил хийж, тээвэрлэлтийн хөлсийг өөрийн дансаар авч өөрийнхөө цалин болон миний зээлийн мөнгийг суутган авч, үлдэгдэл мөнгийг надад тайлагнан өгч байхаар тохиролцон ажиллаж байсан. 2013 онд би банканд зээлтэй байсан учир өөрийн хоёр машины аль нэгийг нь худалдан борлуулж, зээлээ төлөх гэтэл дүү А.А нь "би П.Баас хүүгүйгээр 50.000.000 төгрөгийг эзэлчихье. Тэгээд зээлээ төлчих, машинаа заавал зарах хэрэггүй” гэсний П.Баас 50.000.000 төгрөгийг зээлсэн. Уг мөнгийг миний талийгаач эхнэр данснаас авч, захиран зарцуулсан байдаг. 2014 онд би П.Баас 20.000.000 төгрөг зээлсэн боловч банкны зээл бүтээгүй. Энэ хугацаанд банкны зээл, хүүгийн хэмжээ ихэссээр байсан тул зээлээ бүрэн төлж дуусах хүртэл уг хоёр машинаа дүү А.Аийн нэр дээр түр шилжүүлэхээр болсон. Гэтэл дүү А.А нь П.Бтай үгсэн тохиролцож 2 ширхэг автомашиныг минь үндэслэлгүйгээр П.Бын нэр дээр шилжүүлэн өгсөн. Өнгөрсөн хугацаанд дүү А.А нь тээвэрт явсан ажлын хөлснөөс 31.520.000 төгрөгийг, харин миний зүгээс 24.000.000 төгрөгийг нийтдээ 55.520.000 төгрөгийг П.Бад өгч, 14.480.000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байхад барьцаа гэх нэрийдлээр 2 автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан явдлыг хууль бус явдал хзмээн үзэж байна. Учир нь миний нэрээр зээлсэн гэх 70.000.000 төгрөгийг анх П.Баас авахдаа талуудын хооронд ямар нэгэн зээлийн болоод барьцааны гэрээ хийгдээгүй.

Иймд А.Н-гаас А.Аийн нэр дээр 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 8386 УНБ улсын дугаартай “Sinotruk ZZ3257” маркийн автомашин, 4352 УНО улсын дугаартай “Howo LZZ3257” маркийн автомашины шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, автомашины хууль ёсны өмчлөгч нь А.Н- мөн болохыг тогтоолгож, А.А, П.Б нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас уг хоёр машиныг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.А шүүхэд гаргасан тайлбартаа: А.Н- нь П.Баас 70.000.000 төгрөг зээлж, өөрийнх нь хувийн данс руу шилжүүлсэн. Энэхүү гэрээний дагуу төлбөрөө нэхэхэд зээлийн үлдэгдэл төлбөртөө дээрх 2 автомашиныг өрөндөө шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр П.Баяртбат нь иргэний үнэмлэхгүй явж байсан тул миний нэр дээр харилцан тохиролцож шилжүүлсэн. Маргаан бүхий 2 машины өмчлөлийг дараа нь П.Бын өөрийнх нь нэр дээр шилжүүлсэн. Иймд нэхэмжлэл шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Б шүүхэд гаргасан тайлбартаа: А.Н- нь надаас 2013 оны 09 сарын 05-ны өдөр 50.000.000 төгрөг, 2014 оны 05 сарын 16-ны өдөр 20.000.000 төгрөг нийт 70.000.000 төгрөг зээлж, өөрийнх нь хувийн данс руу шилжүүлсэн. Маргаан бүхий дээрх 2 автомашиныг өрөндөө шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би иргэний үнэмлэхгүй явж байсан тул өөрийн дүү А.Аийн нэр дээр харилцан тохиролцож шилжүүлсэн. 2 машины өмчлөл нэг нь иргэн А.Аийн нэр дээр, нөгөө нь гуравдагч этгээдэд зарагдсан байгаа тул нэхэмжлэгч А.Н-гийн өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/02129 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.5, 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч А.А, П.Б нарт холбогдох А.Н-гаас А.Аийн нэр дээр 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 8386 УНБ улсын дугаартай “Sinotruk ZZ3257” маркийн, 4352 УНО улсын дугаартай “Howo LZZ3257” маркийн автомашиныг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, автомашины хууль ёсны өмчлөгч нь А.Н- мөн болохыг тогтоож, А.А, П.Б нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас уг хоёр машиныг гаргуулах тухай А.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 737.950 төгрөгөөс илүү төлсөн 527.350 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч А.Н-д олгож, үлдэх 210.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2158 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/02129 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 737.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Н- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/02129 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 2158 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Би 2011, 2012 онд Эрээн хотоос хоёр хово машиныг цоо шинээр нь худапдан авч тээвэрт явуулдаг байсан. Ингэхдээ өөрийн төрсөн дүү Алтансүхийг 43-52 машиныхаа жолоочоор ажиллуулж Алтансүхэд би цалин хөлсийг өгсөөр байсан. Тухайн үед нэг жилийн зайтай 2 машинаа авахад 120 гаруй сая төгрөг төлж байсан. Маш их зээл авсан. Эдгээр баримтыг шүүхийн хэргийн материалд нотолсон байдаг. Уг хоёр машиныг би худалдан авахад Алтансүхийн ямар ч санхүүжилт ороогүй. Иймээс миний тээврийн орлогоноос төлөлтийг Баярбатад төлсөөр байсан. Би 2 машиныг Баярбатын нэр дээр шилжүүлэхийг огт зөвшөөрөөгүй. Гэтэл Баярбат “намайг чи муу санаатай байна, чи надад итгэхгүй байгаа юм бол төрсөн дүү Алтансүхийнхээ нэр дээр банкны зээлээ төлтлөө хоёр машинаа түр шилжүүлээч, тэгэхгүй бол банк барьцаандаа машинуудыг чинь авчихдаг юм” гэсэн. Алтансүх ч намайг зээлээ төлж дуустлаа миний нэр дээр 2 машинаа түр шилжүүлчих банк зээлэндээ хураан авах эрсдэлтэй шүү” гээд байсан юм. Тухайн үед би банкинд 40 гаруй сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. 2013-2016 онуудад 43-52 машины тээврийн орлогоноос 300-аад сая төгрөг Алтансүх надад мэдэгдэлгүй завшсан байдаг мөртлөө Баярбатад 33,4 сая төгрөг л шилжүүлж, Би 83-86 машинаа жолоодон тээврийн орлогоосоо Баярбатад 24сая төгрөг төлсөн. Харин би Баярбатаас 70 сая төгрөгийг зээлж тохирсон ёсоор миний машинуудын тээврийн орлогоор Баярбатад зээлээ хэвийн төлсөөр явж байсан ба Баярбатад 12 сая 600 мянган төгрөг өгөх дутуу байхад машин битүүмжлэх нэрээр миний 83-86 УНБ машиныг Баярбат аваад ашигласаар байгаа. Алтансүх 43-52 машиныг ашиглан орлого олсоор байдаг. Энэ 2 хүн бол үндэслэлгүй хөрөнгөжиж байна. Банкны зээлээс дүр үзүүлэн Нямдаваа Алтансүхийн нэр дээр 2 машиныг түр шилжүүлснийг нотлох гэрч Энхболорын мэдүүлэг, 2 машиныг Нямдаваа биеэр ирж Алтансүхэд шилжүүлэв гэх болон дэлгэрэнгүй авто тээврийн төвийн баримтууд, СБД-ийн цагдаад Баярбат, Алтансүх нарын гаргасан худал мэдүүлгүүд болон, санхүүгийн бусад бүх баримтууд, хил, гааль, татварын баримт, Баярбат машинуудыг нууцаар нэр дээрээ шилжүүлж авсан тухай маргааны мессежийг хэвлэсэн баримт, Нямдаваа миний нокиа маркийн гар утаснаас мессежийг шүүгчид үзлэг хийлгэсэн, Алтансүх нууцаар 2 машиныг Баярбатад шилжүүлсэн гэх гэрч Дэлгэрнарангийн мэдүүлэг миний өөрийн үнэн зөв тайлбар гомдол гээд бүгдийг он сар дарааллаар нь нотлон гаргаж өгсөн. Хариуцагч нарын өмгөөлөгч 70 сая төгрөгийг хүүтэй зээлсэн гэж ярих юм. Тийм зүйл огт байхгүй. Алтансүх, Баярбат нар ингэж миний машинуудыг мэхлэн авчхаад Баярбат 83-86 УНБ машиныг 2016 оны 10 сараас эхлэн ажилд явуулж орлого олсоор мөн миний худалдан авсан 2 машины орлогоос 57,4 сая төгрөг Баярбат авчхаад, Алтансүх 43-52 машиныг цоо шинээр нь 2011оноос эхлэн жолоочоор ажилласан нэртэйгээр намайг хууран мэхэлж, би Алтансүхэд ямар ч өглөггүй байтал миний 43-52 машинд эзэн сууж ашиглаж, миний бүх орлогыг завшсаар байгаа нь шүүхийн материалд бүрэн нотлогдож байхад шүүх нь хариуцагчдын зөвхөн амаар өгсөн худал зөрүүтэй үгийг үндэслэж байгаа нь хэт зохисгүй бөгөөд би маш их хөрөнгө мөнгөөр хохирч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/02129 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 цугаар сарын 2-ны өдрийн 2158 тоот магадлалыг эс зөвшөөрч байна.

А.Н- нь 2011 онд 13-52 УНО улсын дугаартай Хово 1223257 маркийн авто машиныг, 2012 онд 83-86 УНБ улсын дугаартай Синотрак маркийн авто машиныг тус гус худалдан авсан. Эдгээр машиныг БНХАУ-аас худалдан авсан бөгөөд эдгээр машинаар тээврийн ажил гүйцэтгэж үйл ажиллагаа явуулдаг байсан. А.Н- нь Төрийн банк болон ХААН банкнаас зээлтэй байсан бөгөөд зээлийн төлбөр төлөх хэрэгцээ шаардлага байнга үүсч байсан. Ингээд А.Н- нь автомашиныхаа нэгийг нь зарж өр зээлийн асуудлыг дуусгах гэсэн боловч А.А нь би ажилгүй болно та намайг бодооч гэж гуйгаад хүнээс хүүгүй мөнгө зээлж өгье, зээлийн төлбөрийг хийсэн ажлын орлогоороо төлж болно гэж гуйсаар машиныг нь гаргуулаагүй бөгөөд П.Баас эхлээд 50.000.000 төгрөгийг 2013 онд дараа 20.000.000 төгрөгийг 2014 онд тус тус зээлж өгсөн. Гэтэл 2016 оны 6 дугаар сард Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс дуудсан бөгөөд П.Бын гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. П.Б нь А.Н-г залилан хийж 40.000.000 төгрөг авсан гэх үндэслэлээр гомдол гаргасан байсан. Эрүүгийн хэрэг нь иргэд хоорондын зээлийн асуудал байгаа тул хэрэгсэхгүй болж прокурорын тогтоол 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гарсан. А.А нь түр хугацаагаар дүр үзүүлэн шилжүүлсэн 2 машиныг А.Н-д огт мэдэгдэлгүйгээр П.Бын нэр дээр шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. А.Н- болон П.Б нарын хооронд 70 сая төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэнийг зөв дүгнэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар уг зээлийн төлбөрийн ихэнх хэсэг төлөгдсөн байгааг огт анхаарч үзээгүй. Уг 70 сая төгрөгийг 2 хуваан авч зээлсэн бөгөөд хариуцагч нарын зүгээс Цагдаагийн байгууллага болон шүүхэд гаргасан тайлбартаа байнга худал зөрүүтэй тайлбарыг хийдэг. А.Н-гаас нийтдээ зээлийн төлбөрт 57.400.000 төгрөг төлсөн болохыг шүүх огт анхаарч үзээгүй. А.Н- нийтдээ 57.400.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд П.Бад А.Н- нь өнөөдрийн байдлаар 12.600.000 төгрөгийн өртэй байгаа. Гэтэл нь П.Б нь 2 автомашиныг шилжүүлэн авч байгаа нь хууль бус үйлдэл болох нь тодорхой харагдана. Иймд 12.600.000 төгрөгийн төлбөрт 116.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 автомашиныг шилжүүлж авсан гэх хариуцагч П.Бын тайлбар нь илт үндэслэлгүй худал тайлбар болно. Энэ талаар ч талуудын хооронд ямар нэгэн тохиролцоо, гэрээ хэлцэл байхгүй болно. А.А болон А.Н- нарын хооронд иргэний хуульд заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлж 2 авто машиныг шилжүүлээгүй бөгөөд банкны зээлийн үүргийн гүйцэтгэлээс зугтаалгах, банканд хураалгахаас байсны үндсэн дээр А.Н- нь А.Аэд дүр үзүүлсэн хэлцлийг хийсэн. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан өмчлөх эрх гэрчилгээ авснаар үүсч байгаа юм. Авто машиныг бусдад шилжүүлэх хэлцэл нь Улсын бүртгэлд бүртгэгдсэнээр байгуулагдсан тооцдог тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцогдохын тулд хэлцлийг авто машин өмчлөгч нь хийсэн байх ойлголтыг шүүхээс огт анхаарч үзэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болно. П.Б нь өөрийн утаснаас А.Н-гийн утасруу машин авах сонирхолгүй зээлийн төлбөрөө төл гэх зэрэг мессэж илгээж байсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Н-гийн гар утсанд үзлэг хийлгэж бэхжүүлж авсныг огт анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн юм. Үүнийг мөн давж заалдах шатны шүүх илт үгүйсгэж шийдвэрлэсэн нь хэргийг шударгаар шийдвэрлэсэн гэхэд эргэлзээ төрүүлж байна. Хавтаст хэрэгт авагдсан Гаалийн ерөнхий газрын лавлагаа, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, 2 гэрчийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар уг 2 авто машины хууль ёсны өмчлөгч нь А.Н- болох нь хангалттай нотлогдож байгаа болно. П.Б нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас 7 хоногийн дараа зориуд санаатайгаар бусдын нэр дээр шилжүүлсэн. Энэ нь хавтаст хэрэг байгаа шүүхээс хийсэн ажиллагааны баримт болон Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар нотлогддог. Мөн 43-52 УНО улсын дугаартай хово маркийн авто машин нь А.Аийн эзэмшилд байгаа бөгөөд А.А нь 2017 оны 2 дугаар сарын 9-ны өдөр Хас банканд зээлийн барьцаанд тавьсан болох нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа болон А.Аийн өөрийнх нь шүүхэд өгсөн тайлбараар нотлогддог.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны 102/ШШ2017/02129 дугаар шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 2158 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч А.Н- нь хариуцагч А.А, П.Б нарт холбогдуулан “...8386 УНБ, 4352 УНО улсын дугаартай автомашинуудыг А.Аэд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг автомашины хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, ...хууль бус эзэмшлээс машин гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... машиныг зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Маргааны зүйл болох 40.733.721 төгрөгийн үнэтэй Ноwо маркийн автомашин 2011 оны 3 дугаар сарын 13-ний өдөр, 64.458.558 төгрөгийн үнэтэй 83-86 дугаартай Sinotruk маркийн машин 2012 оны 3 дугаар сарын 26-ний өдөр Монгол улсад орж ирсэн ба Sinotruk маркийн машин 2012 оны 3 дугаар сарын 28-ний өдөр А.Н-гийн, 2014 оны 8 дугаар сарын 13-ний өдөр Б.Алтансүхийн, 2015 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр П.Бын, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Ш.Батбаатарын нэр дээр, 43-52 дугаартай Ноwо маркийн 2011 оны 3 дугаар сарын 18-нд А.Н-гийн, 2014 оны 8 дугаар сарын 13-ний өдөр А.Аийн, 2015 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр П.Бын, 2017 оны 2 дугаар сарын 2-ний өдөр А.Аийн, 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Хас банкны нэр дээр шилжсэн нь тус тус улсын бүртгэлд бүртгэгджээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүх зохигчдын хооронд үүсэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.  

Тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн санд механикжсан тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, шилжилт хөдөлгөөн, ашиглалт, засвар, оношилгооны бүртгэл, мэдээллийг хамруулахаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т заасан. Хуулийн энэхүү зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн тэмдэглэл үнэн зөв байх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх зохицуулалтаас ялгаатай болохыг шүүх анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн шилжилтийг  бүртгэсэн  бүртгэл  нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчийг тогтоох үндэслэл болохгүй тул “....маргаан бүхий 2 автомашины өмчлөл А.Н-гаас А.Аэд, А.Аээс П.Бад, П.Баас А.А болон Ш.Батбаатарт хуулийн дагуу шилжсэн, А.Н-г өмчлөгч гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т нийцээгүй байна.        Нэхэмжлэгч нь автомашиныг А.Аэд шилжүүлэх болсноо “...тухайн үед банкинд 40 гаруй сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан, ...тул төлбөрт хураагаад авчих байх гэж айгаад дүү А.Аийн нэр дээр шилжүүлсэн, ...зээлээ төлж дуусгаад машинаа шилжүүл гэхэд П.Б руу шилжүүлсэн байсан” гэж,  хариуцагч  нар “...40.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт шилжүүлсэн” гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

Шүүх зохигчид 2 машиныг зээлийн төлбөрт шилжүүлэхээр тохиролцсон нь тогтоогдоогүй гэсэн атлаа машин хариуцагч нарт хуулийн дагуу шилжсэн гэж  дүгнэсэн нь  хоорондоо уялдаа холбоогүй бөгөөд ойлгомжгүй болжээ. 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2.-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол өмнөх үүргийн харилцаа дуусгавар болох ба үүрэг гүйцэтгүүлэгч, эсхүл эрх бүхий этгээдийн үлдсэн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тухай баримт бичигт өрийн төрөл, хэмжээ үүрэг гүйцэтгэгчийн буюу өр төлсөн этгээдийн овог, эцгийн нэр, үүрэг гүйцэтгэсэн газар, хугацаа зэргийг заахаар мөн зүйлийн 236.6-т тодорхойлжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч П.Баас 70.000.000 төгрөг хүүгүй зээлснээ үгүйсгээгүй боловч машин А.Аээс П.Бын нэр дээр шилжих үед зээлийн төлбөрт хэдэн төгрөг төлсөн, машиныг зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн бол баримт үйлдсэн эсэх нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.  

Хэрэв нэхэмжлэгч машинаа зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн бол зээлийн гэрээгээр хүлээх үүргийн хэмжээ шилжүүлсэн машины үнэ хоорондоо тохирч байсан эсэх нь тодорхой бус, шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн  118.4-т нийцээгүй байна.

Хэргийн нөхцөл байдал тодорхой бус, энэ тохиолдолд шүүх хууль буруу хэрэглэсэн алдааг хяналтын шатны шүүх залруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/02129 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2158 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 742.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ