Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2158

 

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/02158

 

 

А.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/02129 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.А-, П.Б- нарт холбогдох,

 

А.Н-гаас А.А-ийн нэр дээр 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 83-86 УНБ улсын дугаартай Синотрак ZZ3257  маркийн автомашин, 43-52 УНО улсын дугаартай Хово LZZ3257 маркийн автомашины шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, автомашины хууль ёсны өмчлөгч нь А.Н- мөн болохыг тогтоолгож, А.А-, П.Б- нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас уг хоёр автомашиныг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.С

Хариуцагч нарын өмгөөлөгч: А.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 онд 43-52 УНО улсын дугаартай Хово LZZ3257 маркийн LZZ5ELND17W554464 арлын дугаартай автомашиныг, 2012 онд 83-86 УНБ улсын дугаартай Синотрак маркийн, LZZ5ELND0BN644754 арлын дугаартай автомашиныг БНХАУ-ын Эрээн хотоос худалдан авч, зохих журмын дагуу улсын дугаар аван тээвэрт явуулдаг байсан.

Миний төрсөн дүү болох А.А- тухайн үед эрхэлсэн ажилгүй байсан бөгөөд би түүнийг 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 43-52 УНО улсын дугаартай автомашины жолоочоор ажиллуулж эхэлсэн. А.А- нь тээврийн ажил хийж, тээвэрлэлтийн хөлсийг өөрийн дансаар авч өөрийнхөө цалин болон А.Н- миний зээлийн мөнгийг суутган авч, үлдэгдэл мөнгийг надад тайлагнан өгч байхаар тохиролцон ажиллаж байсан.

2013 онд би Хаан банк болон Төрийн банкинд зээлтэй байсан учир өөрийн хоёр машины аль нэгийг нь худалдан борлуулж, зээлээ төлөх гэтэл дүү А.А- нь "Би П.Б-аас хүүгүйгээр 50 000 000 төгрөгийг эзэлчихье. Тэгээд зээлээ төлчих, машинаа заавал зарах хэрэггүй” гэсний дагуу дүү А.А- нь П.Б-аас 50 000 000 төгрөгийг зээлж, уг мөнгө миний дансанд орж ирсэн.

Уг мөнгийг миний эхнэр Б.Үзмээ дур мэдэн данснаас авч, захиран зарцуулсан байдаг. 2014 онд би банкнаас зээл авах гэж байсан ба барьцаа мөнгө хэрэгтэй болсон тул аргаа баран П.Б-аас 20 000 000 төгрөг зээлсэн боловч банкны зээл бүтээгүй. Энэ хугацаанд банкны зээл, хүүгийн хэмжээ ихэссээр байсан тул орлого оруулдаг хоёр автомашиныг маань банкнаас хураан авах, авсан тохиолдолд орлого олох боломжгүй болно гэх эрсдэлээс айсны үндсэн дээр дүү А.А-тэй харилцан тохиролцож би банкны зээлээ бүрэн төлж дуусах хүртэл уг хоёр машинаа дүү А.А-ийн нэр дээр түр шилжүүлэхээр болсон.

Үүний дагуу 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр уг хоёр автомашиныг дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн. Гэтэл дүү А.А- нь П.Б-тай үгсэн тохиролцож 43-52 УНО улсын дугаартай “Хово” маркийн, автомашиныг, 83-86 УНБ улсын дугаартай “Синотрак” маркийн 2 ширхэг автомашиныг минь үндэслэлгүйгээр П.Б-ын нэр дээр 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлэн өгсөн байдаг.

Өнгөрсөн хугацаанд дүү А.А- нь тээвэрт явсан ажлын хөлснөөс 31 520 000 төгрөгийг, харин миний зүгээс 24 000 000 төгрөгийг нийтдээ 55 520 000 төгрөгийг П.Б-ад өгч, 14 480 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байхад П.Б-ад нь энэхүү 14 480 000 төгрөгийн зээлийн барьцаа гэх нэрийдлээр 2 автомашиныг минь дүү А.А-ээс өөрийн нэр дээр шилжүүлж авсан явдлыг хууль бус явдал хэмээн үзэж байна.

Учир нь миний нэрээр зээлсэн гэх 70 000 000 төгрөгийг анх П.Б-аас авахдаа талуудын хооронд ямар нэгэн зээлийн болоод барьцааны гэрээ хийгдээгүй бөгөөд уг хоёр машин нийлээд 116 000 000 төгрөгийн үнэ хүрэх байтал 14 480 000 төгрөгийн барьцаа гэх нэрийдлээр хоёр автомашиныг П.Б- нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан үйлдэл болон дүү А.А-ийн хамтаар өнөөг хүртэл автомашинуудыг тус тус ашиглаж орлого олж байгаа нь хууль бус, үндэслэлгүй хөрөнгөжиж буй явдал гэж үзэж байна.

Иймд А.Н-гаас А.А-ийн нэр дээр 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 83 86 УНБ улсын дугаартай “Синотрак ZZ3257” маркийн автомашин, 43 52 УНО улсын дугаартай “Хово LZZ3257” маркийн автомашины шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, автомашины хууль ёсны өмчлөгч нь А.Н- мөн болохыг тогтоолгож, А.А-, П.Б- нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас уг хоёр автомашиныг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.А- шүүхэд гаргасан тайлбартаа: А.Н- нь П.Б-аас 70 000 000 төгрөг зээлж, өөрийнх нь хувийн данс руу шилжүүлэгдсэн. Энэхүү гэрээний дагуу төлбөрөө нэхэхэд зээлийн үлдэгдэл төлбөртөө дээрх 2 автомашиныг өрөндөө шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр П.Б- нь иргэний үнэмлэхгүй явж байсан тул миний нэр дээр харилцан тохиролцож шилжүүлсэн.

Маргаан бүхий 2 машины өмчлөлийг дараа нь П.Б-ын өөрийнх нь нэр дээр шилжүүлсэн. Иймд нэхэмжлэл шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Н- нь надаас 2013 оны 09 сарын 05-ны өдөр 50 000 000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөг нийт 70 000 000 төгрөг зээлж, өөрийнх нь хувийн данс руу шилжүүлсэн.

Энэхүү гэрээний дагуу төлбөрөө нэхэхэд удаа дараа худал хэлж, нилээдгүй хугацаа өнгөрсний эцэст маргаан бүхий дээрх 2 автомашиныг өрөндөө шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би иргэний үнэмлэхгүй явж байсан тул өөрийн дүү А.А-ийн нэр дээр харилцан тохиролцож шилжүүлсэн. Тухайн үед сайн дураараа, өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр харилцан тохиролцсон асуудлыг 3 жилийн дараа гэнэт гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Маргаан бүхий 2 машины өмчлөл нэг нь иргэн А.А-ийн нэр дээр, нөгөө нь гуравдагч этгээдэд зарагдсан байгаа тул нэхэмжлэгч А.Н-гийн өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байхаас гадна өмч хууль ёсны дагуу өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр бусдад шилжсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.5, 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч А.А-, П.Б- нарт холбогдох А.Н-гаас А.А-ийн нэр дээр 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 83-86 УНБ улсын дугаартай “Синотрак ZZ3257” маркийн, 43-52 УНО улсын дугаартай “Хово LZZ3257” маркийн автомашиныг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, автомашины хууль ёсны өмчлөгч нь А.Н- мөн болохыг тогтоож, А.А-, П.Б- нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас уг хоёр автомашиныг гаргуулах тухай А.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 737 950 төгрөгөөс илүү төлсөн 527 350 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч А.Н-д олгож, үлдэх 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

А.Н- болон П.Б- нарын хооронд 70 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэнийг зөв дүгнэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар уг зээлийн төлбөрийн ихэнх хэсэг төлөгдсөн байгааг огт анхаарч үзээгүй. Уг 70 000 000 төгрөгийг 2 хуваан авч зээлсэн бөгөөд хариуцагч нарын зүгээс Цагдаагийн байгууллага болон шүүхэд гаргасан тайлбартаа байнга худал зөрүүтэй тайлбарыг хийдэг.

А.Н-гаас нийтдээ зээлийн төлбөрт 57 400 000 төгрөг төлсөн болохыг шүүх огт анхаарч үзээгүй. Энэхүү төлбөрийг хийсэн цаг хугацааны хувьд авч үзвэл П.Б-аас зээлийн төлбөрт автомашинаа өгсөн гэх тайлбар эсхүл барьцаанд тавьсан гэх хариуцагч нарын тайлбар нь огт үндэслэлгүй болох нь илэрхий харагдана. Төлбөр төлсөн цаг хугацааг нарийвчлан авч үзвэл 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөг Базарсадаас Баярбатын Хаан банкны дансанд шилжүүлсэн байх бөгөөд гэрч Г.Энхболорын шүүхэд өгсөн мэдүүлгээр А.Н-гийн өмнөөс төлбөр төлсөн нотлогдоно.

2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 14 000 000 төгрөг н.Базарсадаас н.Баярбатын Хаан банкны дансанд шилжүүлсэн байх бөгөөд гэрч Г.Энхболорын шүүхэд өгсөн мэдүүлгээр н.Нямдаваагийн өмнөөс төлбөр төлсөн нотлогдоно.

А.А-ийн данснаас зээлийн төлбөрт гэж нийтдээ 23 удаагийн гүйлгээгээр П.Б-ын дансруу 2013 оны 10 дугаар сараас 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд нийт 33 400 000 төгрөг шилжүүлсэн. А.А- нь А.Н-гийн машинаар тээвэр хийж олсон орлогыг өөрийн дансаар авч байсан. Баярбатаас зээлсэн мөнгийг уг орлогоос шилжүүлж байсан. Үүнийг ч П.Б- нь хүлээн зөвшөөрч цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо 40 000 000 төгрөгийг А.Н- нь төлөөгүй байгаа гэж дурьдсан.

Энэ бүхнээс харвал нийтдээ 57 400 000 төгрөгийг төлсөн байх бөгөөд П.Б-ад А.Н- нь өнөөдрийн байдлаар 12 600 000 төгрөгийн өртэй байгаа. Гэтэл нь П.Б- нь 2 автомашиныг шилжүүлэн авч байгаа нь хууль бус үйлдэл болох нь тодорхой харагдана. Иймд 12 600 000 төгрөгийн төлбөрт 116 000 000 төгрөгийн үнэ бүхий 2 автомашиныг шилжүүлж авсан гэх хариуцагч П.Б-ын тайлбар нь илт үндэслэлгүй худал тайлбар болно. Энэ талаар ч талуудын хооронд ямар нэгэн тохиролцоо, гэрээ хэлцэл байхгүй болно.

А.А- болон А.Н- нарын хооронд Иргэний хуульд заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлж 2 автомашиныг шилжүүлээгүй бөгөөд банкны зээлийн үүргийн гүйцэтгэлээс зугатаалгах, банкинд хураалгахаас айсны үндсэн дээр А.Н- нь А.А-эд дүр үзүүлсэн хэлцлийг хийсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт А.Н- нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан эрхийнхээ дагуу А.А-эд шилжүүлсэн байх тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл биш гэж дүгнэжээ. Автомашиныг Авто тээврийн тухай хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэнээр өмчлөх эрхээ баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан өмчлөх эрх гэрчилгээ авсанаар үүсч байгаа юм.

Автомашиныг бусдад шилжүүлэх хэлцэл нь Улсын бүртгэлд бүртгэгдсэнээр байгуулагдсан тооцдог тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасанаар дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцогдохын тулд хэлцэлийг автомашин өмчлөгч нь хийсэн байх ойлголтыг шүүхээс огт анхаарч үзэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болно. Мөн А.А- нь уг тээврийн хэрэгсэлүүдийг шилжүүлэн авах ямар ч хүсэл зориолгогүй болохоо шүүхэд тайлбарлаж байсан. А.Н- ямар учир шалтгааны улмаас А.А-эд автомашинаа шилжүүлсэн болохоо нотлох баримтаар гаргасан. А.А- нь 2 автомашиныг шилжүүлэн авах хүсэл зориггүй болохоо илэрхийлсээр байтал шүүхээс нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Мөн П.Б- нь өөрийн утаснаас А.Н-гийн утас руу машин авах сонирхолгүй зээлийн төлбөрөө төл гэх зэрэг мессэж илгээж байсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Н-гийн утсанд үзлэг хийлгэж бэхжүүлж авсаныг огт анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн юм.

Нэхэмжлэгч талаас уг 2 автомашиныг хэрхэн худалдан авч байсан талаар холбогдох нотлох баримтыг шүүхээр дамжуулан Гаалийн ерөнхий газраас гаргуулсан, мөн Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулсан лавлагаанд уг 2 машин Монгол Улсад орж ирсэн цагаас эхлэн А.Н-гийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь нотлогдож байгаа.

Харин эсрэгээрээ хариуцагч нар нь хэрхэн ямар гэрээ хэлцэлийн үндсэн дээр дээрх 2 автомашиныг өөрсдийн эзэмшилд авсанаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй бөгөөд зээлийн гэрээний төлбөрт авсан гэх худал тайлбарыг шүүхэд гаргасаар байгаа юм. Шүүхээс хэргийг шийдэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасаны дагуу үнэлж чадаагүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан Гаалийн ерөнхий газрын лавлагаа, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, 2 гэрчийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар уг 2 автомашины хууль ёсны өмчлөгч нь А.Н- болох нь хангалттай нотлогдож байгаа болно.

А.Н- нь шүүхэд нэхэмжлэлээ 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан. Ийнхүү нэхэмжлэл гаргах үед 2 автомашин хариуцагчийн нарын нэр дээр бүртгэлтэй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно. 83-86 УНБ синотрак маркийн автомашин нь нэхэмжлэл гаргах цаг үед П.Б-ын нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд П.Б- нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсанаас 7 хоногийн дараа зориуд санаатайгаар бусдын нэр дээр шилжүүлсэн. Энэ нь хавтаст хэрэг байгаа шүүхээс хийсэн ажиллагааны баримт болон Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар нотлогддог.

Мөн 43-52 УНО улсын дугаартай хово маркийн автомашин нь А.А-ийн эзэмшилд байгаа бөгөөд А.А- нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хас банкинд зээлийн барьцаанд тавьсан болох нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа болон А.А-ийн өөрийх нь шүүхэд өгсөн тайлбараар нотлогддог. Банкны барьцаанд байгаа эд хөрөнгийг Хас банкны эд хөрөнгө гэж үзэх боломжгүй бөгөөд энэ нь зөвхөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор түр хугацаагаар барьцаалсан үйлдэл юм. Барьцаанд байгаа эд хөрөнгийн эзэмшигч нь А.А- болно. Гэтэл шүүхээс энэ бүхнийг үл харгалзан нотлох баримтыг үнэлэлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байгааг тодорхой харуулж байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэг авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч А.Н- нь хариуцагч А.А-, П.Б- нарт холбогдуулан А.Н-гаас А.А-ийн нэр дээр 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 83-86 УНБ улсын дугаартай “Синотрак ZZ3257” маркийн автомашин, 43-52 УНО улсын дугаартай “Хово LZZ3257” маркийн автомашины шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, автомашины хууль ёсны өмчлөгч нь А.Н- мөн болохыг тогтоолгож, А.А-, П.Б- нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас уг хоёр автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ банкны зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 2 автомашиныг банкинд хураалгахаас зайлсхийх зорилгоор А.А-эд 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн, хэлцэл хийх зорилгогүй, дүр үзүүлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байна гэж тайлбарлажээ.

 

            Хариуцагч нар нь нэхэмжлэлийн үндэслэлийг эс зөвшөөрч зээлийн төлбөрт автомашиныг шилжүүлсэн гэж маргажээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

 

            Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаанд 83-86 УНБ улсын дугаартай “Синотрак ZZ3257” маркийн автомашиныг 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр А.Н-гийн нэр дээр, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр А.Н-гаас А.А-эд, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А.А-ээс П.Б-ын нэр дээр, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр П.Б-аас Ш.Батбаатарын нэр дээр шилжүүлж бүртгэсэн /хх-ийн 49 дүгээр тал/, 43-52 УНО улсын дугаартай “Хово LZZ3257” маркийн автомашиныг 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдөр А.Н-гийн нэр дээр, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр А.Н-гаас А.А-эд, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А.А-ээс П.Б-ын нэр дээр, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр П.Б-аас А.А-ийн нэр дээр, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр А.А-ээс “Хас банк” ХХК-ийн нэр дээр тус тус шилжүүлснийг бүртгэсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 53, 54 дүгээр тал/

 

            Хариуцагч П.Б-аас нэхэмжлэгч А.Н- нь 70 000 000 төгрөгийг зээлж авсан талаар зохигчид маргаагүй тул уг үйл баримтыг тогтоогдсон гэж дүгнэнэ.

 

            Дээрхи 2 автомашины тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийг А.Н-гийн эзэмшлээс А.А-ийн эзэмшилд 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлж бүртгэх хүртэл уг 2 автомашин А.Н-гийн өмчлөлд байсан нь баримтаар тогтоогдсон, талууд маргаагүй.

 

            2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 2 автомашины эзэмшлийг шилжүүлэх хэлцлийн үндэслэлийг нотолсон бичгийн нотлох баримт үгүй байна.

 

            Гэрч Д.Дэлгэрнарангийн мэдүүлгээс үзвэл “А.Н- банкны зээлийн өртэй, 2 автомашиныг нь банк барьцаандаа авах байх гэж тооцоод төрсөн дүү А.А-ийн шаардлагаар түүнд шилжүүлсэн гэж хэлж байсан” гэжээ. Үүнээс дүгнэвэл Д.Дэлгэрнаран нь А.Н-гаас уг үйл явдлыг сонсож мэдсэн тул тэрээр А.Н- болон А.А- нарын хооронд 2 автомашиныг шилжүүлэх болсон үндэслэл нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл байсан гэдгийг шууд нотлохгүй байна.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “А.Н- А.А-эд машинаа зарж байгаа гэсэн талаар ярьж байсан уу гэх асуултад гэрч Г.Энхболор “Авч байгаа гэж сонсоогүй. Нямкагийн (А.Н-гийн) эхнэр 2014 оны 06 сард нас барсан. ...эхнэр нь өр ширнээс болж нас барахад тэр (А.Н-) өрөнд нь машинаа барьцаалуулна гэж бодоод А.А-ийн нэр дээр шилжүүлсэн. Түүнээс зарсан гэж мэдэхгүй” гэж, хариуцагчийн өмгөөлөгчийн асуултад гэрч Г.Энхболор “А.Н- ч гэсэн алдаж магадгүй гээд төрсөн дүүлүүгээ шилжүүлнэ гэж ярьж байсан. Төрийн банкны гадаа Нямка байж байхдаа энэ талаар ярьж байсан” гэсэн мэдүүлгээс үзвэл 2 автомашины эзэмшлийг шилжүүлэхээр А.Н-, А.А- нарыг тохиролцох болсон үндэслэлийг шууд нотлохгүй бөгөөд зөвхөн А.Н-гийн хэлж ярьсан зүйлээс иш татаж мэдүүлэг өгсөн байна.

 

            Иймд хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн гэдэг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул уг хэлцлийг хүсэл зоригийг бүрэн илэрхийлж, гарах үр дагаврыг ухамсарлан хийсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй гэж дүгнэлээ.

 

            Түүнчлэн хэлцэл хүчин төгөлдөр байх тул хэлцлийн хүчин төгөлдөр бус байдлаас гарах үр дагаврыг нэхэмжлэгч шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

            Нэхэмжлэгч тал 2 автомашины үнэ 116 000 000 төгрөг бөгөөд 70 000 000 төгрөгийн зээлийн үүрэгт 57 400 000 төгрөг төлсөн үлдэх төлбөр 12 600 000 төгрөг байх тул зээлийн төлбөрт 2 автомашиныг шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж давж заалдах гомдол гаргасан.

 

            А.Н- нь 2 автомашиныг 2011, 2012 онд тус тус худалдаж авсан, уг автомашинаар ажил гүйцэтгэж байсан, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр А.А-ийн нэр дээр шилжүүлсэн байдлаас үзвэл 2-3 жил ашиглагдсан, элэгдэл хорогдол, засвар үйлчилгээг харгалзан үзэхэд 116 000 000 төгрөгөөр 2014 онд үнэлэгдэнэ гэсэн баримтгүй, талууд зээлийн гэрээний үүргийг тооцуулахаар маргаагүй, зээлийн гэрээний үүрэгт н.Базарсадаас П.Б-ад шилжүүлсэн 24 000 000 төгрөгийн хэмжээнд зээлийн үүрэг төлөгдсөн байж болох боловч А.А-ээс П.Б-ад шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг А.Н-гийн зээлсэн 70 000 000 төгрөгийн төлбөрт шууд хасч дүгнэхэд эргэлзээтэй байх тул 12 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөрт 116 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг шилжүүлэх боломжгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах гомдол хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй байна.

 

            Гар утаснаас илгээсэн мэссэжийг үнэлүүлэхээр гэрэл  зургийг баримтаар нэхэмжлэгч тал гаргаж өгсөн боловч үзлэгийн тэмдэглэл дутуу, хэнээс хэнд ямар агуулгатай мэдээлэл илгээснийг сийрүүлж бичээгүй, энэ үзлэгийн тэмдэглэлд хэн аль нь засвар оруулах, дахин гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаагүй тул уг мэдээллийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй баримт гэж үзнэ.

 

            Иймд А.Н- нь П.Б-аас 70 000 000 төгрөг зээлсэн, зээлийн үүрэгт тооцуулахаар 2 автомашиныг шилжүүлсэн гэх хариуцагч талын тайлбар илүү  үндэслэлтэй байна.

 

            Энэ шийдвэр нь талуудын хооронд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэх, зээлийн үүрэгт төлсөн үүргийн хэмжээ, автомашины бодит үнэ, үнээс тооцох төлбөрийн талаар маргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/02129 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 737 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                ШҮҮГЧИД                                                      С.ЭНХТӨР

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА