Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2019/01222

 

 

 

 

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2019/01222

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Т,

Нэхэмжлэгч: П.Д нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.С,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нарт холбогдох Зээлийн болон Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Б.Т-г Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, СОТ-1-4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч /үнэмлэх 0309/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч О.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С, П.Д нарын хооронд байгуулагдсан 2015 оны 01-р сарын 27-ны өдрийн 43 000 000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж шаардлага гаргасан. Б.С нь гэрээний дагуу 43 000 000 төгрөгийг бодитоор өгөөгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлдүүлэгч зээлдэгчид мөнгийг шилжүүлэн өгснөөр хүчин төгөлдөр болдог, мөнгийг өгөөгүй нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Харин 2015 оны 01-р сарын 27-ны өдөр н.Даваасүх, П.Д нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээнд П.Д-д 43 000 000 төгрөгийг хүлээлгэн өгөв гэсэн бичиглэл байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн П.Д-ийн гарын үсэг мөн гэсэн дүгнэлт гаргасан, энэнь Б.С мөнгө хүлээлгэн өгснийг нотлохгүй. Гэрч Даваасүх мэдүүлэхдээ ... П.Д бидний хооронд бодитой гэрээ хийгдээгүй, энэ бол Б.С д гэрээг зуучилж, баталгаажуулах зорилгоор гэрээг бичгээр байгуулсан гэдэг. Хариуцагч талаас П.Д, Б.С нарын хооронд 43 000 000 төгрөг өгч авалцсан гэдгийг нотлох зорилгоор CD авчирдаг. Энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р зүйлийн 38.5 дахь хэсэгт нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Тэгэхээр 43 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийгээгүй, 2014 онд Сүхбаатар гэдэг хүнээс П.Днь 15 000 000 төгрөг зээлсэн, үүнээс үүдэлтэй энэ гэрээг хийх үндэслэл болсон. Иймд П.Д, Б.С нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү. Б.Тнь Б.Стай 2015 оны 5-р сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж, Баянгол дүүргийн 4-р хорооны 2-р хорооллын СОТ 1-4 тоот 2 өрөө байраа түүний өмчлөлд шилжүүлсэн. Б.Төгөлдөрийн бэр эгч П.Д-д мөнгөний хэрэг гарч Сүхбаатар гэдэг хүнээс 2014 оны 12-р сарын 20-ны өдрөөс 2015 оны 01-р сарын 20-ны өдрийг хүртэл сарын 5 хувийн хүүтэйгээр, 0,5 хувийн алданги төлөхөөр тохирч зээлсэн. Гэрээний хугацаа дуусахад П.Днь төлбөр төлөх боломжгүй байсан учир хэсэгчлэн 10 000 000 орчим төгрөгийг төлсөн байдаг. Мөнгө хүүлэгч Д, Б.С нар нь зээлээ бүрэн төлж чадахгүй нөхцөл байдал, эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан хэд хэдэн зээлийн гэрээг бичгээр дүр эсгэн байгуулсан бөгөөд 15 000 000 төгрөг нь хүү, алдангитайгаа 52 000 000 төгрөг болж өссөн. Ингээд Б.С нь 2015 оны 5-р сарын 13-ны өдөр 52 000 000 төгрөгт тооцож, Б.Т-ийн орон сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлж авсан. Б.Тнь Б.С-аас мөнгө зээлж байгаагүй. Б.Т, Б.С нарын хооронд 2015 оны 01-р сарын 27-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний 7-р зүйлд барьцаалагчийн эрх нь барьцаалбараар гэрчлэгдэх бөгөөд барьцааны шаардлагыг шүүхийн журмаар хангуулна гэж тодорхой заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 43-р зүйлийн 43.1 дэх хэсэгт барьцааны зүйлийг талууд шүүхээс гадуур, эсхүл шүүхийн журмаар худалдаж болно, 44.1 дэх хэсэгт барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах ажиллагааг хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж заасан. Гэтэл 2015 оны 1-р сарын 27-ны өдрийн гэрээний тохиролцоог зөрчиж, шууд худалдах, худалдан авах гэрээнд Б.Т-өр гарын үсэг зуруулсан. Мөн 2015 оны 5-р сарын 13-ны өдрийн үүрэг дуусгавар болсон хэлцэлд үл хөдлөх эд хөрөнгийн эзэн болох Б.Т-йг оролцуулаагүй, П.Д-тэй барьцаа хөрөнгөөр үүргийг дуусгавар болгож гэрээ хийсэн. Б.Т худалдах, худалдан авах гэрээгээр ямар ч мөнгө аваагүй. Тэгэхээр шүүхээр үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар шийдвэр гаргуулахгүй, худалдах, худалдан авах гэрээг хийгээд байгаа нь хууль зөрчсөн байна. Иймд Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 01-р сарын 27-ны өдөр П.Д нь Б.Саас 43 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 02-р сарын 27-ны өдөр дуусахад үндсэн зээл 43 000 000 төгрөг, хүү 2 150 000 төгрөг нийт 45 150 000 төгрөгийг төлөх байсан. Гэтэл төлбөрөө төлөөгүй, удаа дараа шаардсан, улмаар 74 хоног хугацаа хэтэрсэн. Гэрээгээр тохирсон 1 өдрийн алданги 225 750 төгрөг болох ба 2015 оны 5-р сарын 13-ны өдөр хүртэл 74 хоногийн алданги 16 705 500 төгрөг болсон. Ингээд 2015 оны 5-р сарын 13-ны байдлаар 61 855 500 төгрөгийг төлөх ёстой байсан. Зээлдэгч П.Д нь ээж Н.О-хээ эмчилгээний зардалд 20 000 000 төгрөгийг зарцуулж, бусад мөнгийг хүнд өгөөд авч чадаагүй гэдэг. П.Д нь ээжийгээ тэтгэвэр тогтоолгохоор 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний цалин авна, энэ нь 25 000 000 төгрөг болно, үлдэх мөнгийг хамаатны ахаасаа авч өгнө гэдэг тайлбарыг тавьдаг байсан. Гэтэл энэ асуудал нь бүтээгүй тул 2015 оны 5-р сарын 13-ны өдөр Б.Т, П.Д, Б.С, н.Д нар зээлийн гэрээгээ дүгнэсэн. Нийт 61 855 500 төгрөг төлөхөөс алдангиасаа хасч өгөөч гэж хүсэлт гаргаж 9 855 500 төгрөгийн алдангиасаа татгалзаж, 52 000 000 төгрөгийг төлөхөөр болсон. Ингээд П.Д, Б.С нар нь 52 000 000 төгрөгийн үүрэг дуусгавар болгох хэлцэл хийсэн. Энэ төлбөртөө барьцаа хөрөнгөө шилжүүлж өгье гэж тохироод, Б.Т, Б.С нар худалдах, худалдан авах гэрээ хийж, Б.Т өөрөө гарын үсэг зурсан. Улмаар байраа чөлөөлж өгөхгүй байсан учир 2015 оны 10-р сард Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан. Үүнийг Б.Т-ийн ээж н.О мэдээд, энэ асуудлыг эвийн журмаар шийдье гэж 2, 3 сар явсан, Б.С, нөхөр Э нарыг ээжтэй нь уулзуулсан. Уулзалтаар 43 000 000 төгрөгийг авсан гэдгээ хэлдэг. О би байраа буцааж авъя, гэхдээ манай худ Н.О, бэр П.Д хоёр мөнгө өгнө гэдэг нь эргэлзээтэй гэсэн. Б.Т-ийн одоо хүчин төгөлдөр буст тооцуулах гээд байгаа гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнээд хууль бус эзэшлээс байрыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Ингээд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, гэтэл 2016 оны 01-р сарын 27-ны өдрийн шүүхийн шийдвэрийг Н.О гуай шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан, шүүх хүсэлтийг хангаагүй. Үндсэндээ худалдах, худалдан авах гэрээний талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.4, 120-р зүйлийн 120.4 дэх хэсэгт заасан нэгэнт шүүхээр тогтоогдсон үйл баримт хавтаст хэрэгт байгаа. Зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй асуудал бас ярьдаг. н.Д нь П.Д, Б.С нарыг холбож өгсөн, Д мөнгөө бэлнээр авах хүсэлт тавьсаны дагуу 2015 оны 01-р сарын 27-ны өдөр Б.С нь хүүхдийн 100-н Голомт банкны өөрийн данснаас 40 850 200 төгрөгийг П.Д-д зээлдүүлэв гэдэг утгатайгаар зарлага гаргасан. Тухайн өдөр П.Д, Н.О, н.Д, Б.С нар хамт явж байсан, мөнгийг тоолж аваад үлдэх төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн П.Д, н.Д нарын хооронд давхар гэрээ хийгдсэн. Үүнийг н.Д тайлбарлахдаа П.Д-д мөнгө зээлээгүй, Б.С надаар дамжуулж мөнгө зээлж байгаа учир би хөрөнгийг нь хамгаалах зорилгоор гэрээ хийсэн гэж тайлбарладаг. Б.С нь орон сууцаа томруулахаар хадгалж байсан мөнгөө П.Д-д зээлүүлсэн. Удаа дараа утсаар ярьснаа бичлэг болгон хадгалсан, үүнийгээ CD болгож өгсөн. Мөн 2015 оны 8-р сарын 31-ний өдөр, 2015 оны 8-р сарын 28-ны өдөр, 11-р сарын 05-ны өдөр гээд Н.О гуайн 99014355 дугаарын утас руу н.Энхтайваны 88117788 дугаарын утаснаас ярьснаа үзлэг хийлгэсэн. н.Д-тэй байгуулсан зээлийн гэрээнд зурсан гарын үсэг П.Д-ийн өөрийн гарын үсэг мөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иргэнийхуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь Б.С болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-1 дүгээр байрны 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн, нэхэмжлэгч П.Д нь Б.Сд холбогдох 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Б.Т нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Харин шүүх бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

П.Д нь Б.Стай 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 43 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохирч, Б.Т-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205020372 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-1-4 тоот 2 өрөө сууцыг барьцаалжээ. /1-р хавтас, хх 10,53, 222-226/

Барьцааны гэрээг өмчлөгчөөс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр байгуулсан /1-р хх-187/,барьцааны гэрээг Иргэний хуулийн 156-р зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр /1-р хавтас хх 53, 224-225/ байна.

Нэхэмжлэгч П.Д нь Б.С-тай байгуулсан зээлийн гэрээг ... Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч зээлдэгчид 43 000 000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй нь 56-р зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан бол хариуцагч нэхэмжэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...Б.С нь Голомт банкнаас 40 850 200 төгрөгийг П.Д-д зээлдүүлэв гэсэн утгатайгаар зарлага гаргасан, бусад мөнгийг бэлнээр шилжүүлсэн, гэрч С.Д-ийн мэдүүлгээр нотолсон гэж тайлбарлажээ.

Хариуцагч Б.С нь Голомт банк дахь 248810339 тоот харилцах данснаас 2015 оны 1-р сарын 27-ны өдөр 40 850 000 төгрөгийг Д-д зээл олгов гэсэн утгатай зарлага гаргасан /1-р хавтас хх 188, 231/,гэрч С.Д-ийн ... 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 1, 2 хоногийн өмнө байх Н.О гэдэг хүн холбогдоод үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авах гэсэн юм гэсэн. Би Б.Стай холбогдож зээл өгөх үү гэхэд чамд итгээд өгнө гэсэн. Тэгээд Б.Стай миний хажууд Баянгол дүүргийн нотариат дээр гэрээгээ хийгээд 43 000 000 төгрөгийг аваад явсан ... мөнгийг Хүүхдийн 100-ийн Голомт банкнаас авч өгсөн санагдаж байна ... Б.С мөнгийг П.Д-д өгсөн... би Б.С-ын итгэлийг алдахгүйн тулд түүнийг нь давхар хамгаалах маягаар өөр дээрээ гэрээ хийсэн. Би тэр гэрээний дагуу ямар нэгэн юм шаардаагүй ... гэх мэдүүлэг /2-р хавтас хх 37-38/, С.Д-н П.Д-тэй хийсэн, бодитоор мөнгө шилжүүлээгүй гэх гэрээнд 43, 000, 000 төгрөг бэлнээр хүлээж авав. П.Д гэсэн баримт /2-р хавтас хх 108/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03-р сарын 22-ны өдрийн 1184 тоот Шинжилгээнд ирүүлсэн 2015.01.27 огноотой, Зээлийн гэрээ гэсэн баримтын зүүн доод хэсэгт байх 43,000,000 төгрөг бэлнээр хүлээж авав. П.Д гэсэн гар бичмэлийн бичгийн хэв нь П.Д-гийн гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна гэсэн дүгнэлт /2-р хавтас 135-145/ зэрэг баримтуудаар зээлдүүлэгч Б.С нь П.Д-д 43 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн нь тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 196-р зүйлийн 196.1.1.эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор заасан байх ба харин энэ хуулийн 282-р зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор хуульд заасан байна. Хуулийн энэ заалт нь Б.Саас П.Д-д гэрээгээр тохирсон 43 000 000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэл болох ба харин зээлийн гэрээг хууль зөрчсөн буюу Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар хуульд заагаагүй байна.

Улмаар Б.С, П.Д нар нь 2015 оны 05-р сарын 13-ны өдөр харилцан тохиролцож 2015 оны 1-р сарын 27-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний үүргийг дуусгавар болгосон /1-р хавтас хх 55/ нь зээлдүүлэгч зээлдэгчид гэрээгээр тохирсон мөнгийг шилжүүлснийг нотолсон гэж дүгнэлээ.

Нөгөө талаас, нэхэмжлэгч нь 2015 оны 1-р сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа нэг үндэслэлээ 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ж.С-аас 15 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр зээлсэн, зээлээ төлөх чадваргүй байсан, үүнд хүү, алданги тооцож, хууль зүйн мэдлэггүй байдлыг ашиглан зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тодорхойлжээ.

2014 оны 12-р сарын 02-ны өдөр Ж.С нь Б.Т-тэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-1-4 тоот дахь 2 өрөө орон сууцыг барьцаалахаар тохирч, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /2-р хавтас хх 2-5/

Улмаар зээлдүүлэгч Ж.С, зээлдэгч Б.Тнар нь 2014 оны 12-р сарын 22-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээний үүргийг дуусгавар болгосон /2-р хавтас хх 103-104/ байна.

Үүнээс дүгнэвэл, Б.Т, Ж.С нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг дүгнэж, хүү, алданги нэмж тооцон П.Д, Б.С нар зээлийн гэрээ байгуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ 2 гэрээ нь хоорондоо хамааралгүй нь гэрч Ж.С-ын ...Б.Т-тэй зээлийн гэрээ байгуулж 15 сая төгрөг зээлүүлж байсан, мөнгөө буцааж төлсөн, С гэдэг хүнийг танихгүй, Дгэдэг хүнийг танихгүй, мөнгө зээлүүлж байгаагүй гэсэн мэдүүлгээр /2-р хавтас хх 126-126-128/ тогтоогджээ.

Эдгээр үндэслэлээр П.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

П.Д, Б.С нар нь 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 43 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулахдаа Б.Т-н өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205020372 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-1-4 тоот 2 өрөө сууцыг барьцаалжээ. /1-р хавтас, хх 10,53, 222-226/

Барьцааны гэрээг Иргэний хуулийн 156-р зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр /1-р хавтас хх 53, 224-225/ байна. Энэ талаар талууд маргаагүй байна.

Харин Б.С, П.Днар нь 2015 оны 05-р сарын 13-ны өдөр харилцан тохиролцож 2015 оны 1-р сарын 27-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний үүргийг дуусгавар болгосон /1-р хавтас хх 55/, улмаар 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Б.Тнь Б.Стай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн дээрх орон сууцаа зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох 52 000 000 төгрөг тооцож Б.Сын өмчлөлд шилжүүлэхээр /1-р хавтас хх 6/ тохирчээ.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авснаар үүргийг дуусгавар болгож болох ба талууд зээлийн гэрээний үүргийг барьцааны зүйлээр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 109-р зүйлийн 109.2 дахь хэсэгт ...үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл...нотариатаар гэрчлүүлэх, 110-р зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болохоор заасныг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах хэлцлийн үндсэн дээр Б.Т-ийн өмчлөх эрх Б.Сын өмчлөлд шилжиж, улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн 000392427 тоот гэрчилгээ олгогдсоноор /хх 6/ Б.Т-ийн өмчлөх эрх дуусгавар болсон нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1-р сарын 27-ны өдрийн 000941 тоот шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, Иргэний хуулийн 183-р зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэл үнэн зөв байна.

Талууд 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн барьцааны гэрээний 7-р зүйлд ...барьцааны шаардлагыг шүүхийн журмаар хангуулахаар тохирсон нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах ажиллагааг хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж заасныг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл, талууд барьцааны зүйлийг гэрээгээр тохирч шилжүүлжээ.

2-р хавтаст хэргийн 19 дэх талд авагдсан П.Д, Н.О болон Г.Э нарын утсаар ярьсан гэх 2 ширхэг CD бичлэг нь нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулахыг хориглосон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул энэ шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар Б.Сд холбогдох 2015 оны 01-р сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн П.Д-н, Б.Сд холбогдох 2015 оны 05-р сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-1 дүгээр байрны 4 тоот сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Б.Т-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.Т татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т-өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417 950 төгрөг, нэхэмжлэгч П.Д-ээс төлсөн 348 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА