Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00072

 

Ц.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00204 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 52 дугаар магадлалтай,

Ц.Нгийн нэхэмжлэлтэй,

С.Л, С.Ж нарт холбогдох,

“Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 3 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч С.Лгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч С.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Л 2015.01.09-ний өдөр надаас 4 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлдэж аваад өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо хийхгүй намайг хохироосоор байна. С.Лгээс авах ёстой төлбөрөө тооцвол үндсэн төлбөр 4 000 000 төгрөг, зээлийн хүү 2 160 000 төгрөг, алданги 2 000 000 төгрөг, нийт 8 160 000 төгрөг авахаас 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 500 000 төгрөг төлөөд түүнээс өөр төлбөр хийгээгүй учир нийт төлөх төлбөрөөс нь түүний төлсөн мөнгийг хасаад 7 660 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие 2015 онд Ц.Н гэдэг хүнээс ямар ч зээл аваагүй энэ хүний барааг нь ч хараагүй танихгүй болно. Харин 2014.10.09-ний өдөр “Андын сор” ХЗХ-оос 1 500 000 төгрөгийн зээл аваад буцааж төлж  дуусгасан юм. Ингэхдээ өөрийн өмчлөлийн Хүрэнбулаг багийн 4-20-66 тоот байрны гэрчилгээг барьцаанд тавьсан байсан бөгөөд буцааж гэрчилгээгээ одоо хүртэл аваагүй болно. Харин миний дүү С.Ж нь манай хашаа байшингийн гэрчилгээг намайг зээл авахаас өмнө барьцаанд тавьж тус хоршооноос зээл авсан байсан бөгөөд 2014 оны 10 хүүхэд хурим хийх гээд мөнгө яаралтай хэрэг болж дүүдээ хэлээд тэгээд л тус хоршооноос 1 500 000 төгрөгийг байрныхаа гэрчилгээг тавьж зээлсэн юм. Өөр ямар ч зээл авч байгаагүй. Сургийг нь сонсоход энэ хүн “Андын сор” ХЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн гэж сонслоо. Иймээс энэ хүн миний ХЗХоршоонд бүрдүүлж өгсөн баримтуудыг ашиглан засварлаж энэхүү нэхэмжлэлийг гаргажээ гэж ойлгож байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Ц.Н зээлдэгч С.Лд холбогдуулан 2015 оны 01 сарын 09-нд авсан 4 000 000 төгрөгийн зээлээ төлөхгүй байсаар 2016 оны 05 сарын 12-нд 500 000 төгрөг төлөөд түүнээс хойш мөнгө төлөөгүй учир шүүхэд хандаж үндсэн зээлийн үлдэгдэл 3 500 000 төгрөг, зээлийн хүүд 2 160 000 төгрөг, алданги 2 000 000 төгрөг, нийт 7 660 000 төгрөг гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд С.Лхавасүрэнгийн төрсөн дүү С.Ж 2015 оны 02 сарын 09-ний өдрөөс хойш зээлийн хүүд 3 281 000 төгрөг төлсөн байх учир С.Жыг хамтран хариуцагчаар татаж байгаа болно.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа 4 160 000 төгрөгөөр багасгаж үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 3 500 000 төгрөгийг гаргуулан авахаар шаардлагаа өөрчиллөө.

Иймд С.Л, С.Ж нараас 3 500 000 төгрөг гаргуулан авахаар шаардлагаа өөрчилж байна гэжээ.

Хариуцагч С.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Ц.Нтэй хамт ажилладаг байсан болохоор “Андын сор” ХЗХ-оос 2012 оноос хойш хэрэгцээтэй үедээ мөнгө зээлж авдаг байсан. Гэхдээ би 2015 оны 01 сарын 09-нд 4 000 000 төгрөг зээлж аваагүй. Харин өмнө нь авч байсан зээлүүд чинь нийлээд 4 000 000 төгрөг болсон шүү, хүү нь сар бүр 180 000 төгрөг төлөөрэй гэж нярав н.Алтанцэцэг нь хэлээд 2015 оны 02 сараас эхлээд сар бүр төлж байсан. Мөн үндсэн зээлд ч мөнгө төлж байсан. Би яг одоо нарийн он сарыг нь мэдэхгүй байна. Маш их мөнгө төлсөн. Сүүлдээ би 2016 оны 08 сараас хойш төлөхөө больсон. Яагаад гэвэл бөөнөөр өгсөн мөнгийг ерөөсөө хасаж тооцоогүй байхаар нь тэр чигт нь хаясан. Тэгээд би ер нь тооцоо дууссан гэж бодоод явж байтал 2017 оны 08 сард ах С.Л над руу чи нөгөө зээлийг төлж дуусаагүй юм уу, 1 000 000 төгрөгийг яагаад тушаагаагүй юм бэ гэж уурласан. Би 1 500 000 төгрөг авсан зээлийг ярьж байна гэж ойлгоод төлчихсөн. Наадуул чинь миний авсан зээлээс өгсөн мөнгийг минь хасахгүй болохоор нь би уурласан юмаа. Тэгээд л тань руу ярьж байгаа юм, буруу гэж хэлсэн. Энэ Ц.Н миний авч төлж байсан зээлд ямар ч хамаа байхгүй. Ах С.Л ч би ч Ц.Нгээс 4 000 000 төгрөг зээлж аваагүй. Би энэ “Андын сор” ХЗХ-д 2015 оны 02 сарын 09-ний өдрөөс 2016 оны 7 сарыг дуустал одоо хэрэг дотор байгаа баримтаар /орлогын/ 3 811 750 төгрөг төлсөн байсан. Уг нь би үүнээс илүү мөнгө төлсөн гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00204 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ц.Нгийн хариуцагч С.Лд холбогдуулан гаргасан 3 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Н хариуцагч С.Жд холбогдуулан гаргасан 3 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 137 510 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 52 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00204 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ц.Нгийн хариуцагч С.Лд холбогдуулан гаргасан 3 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг, “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.4.-т зааснаар хариуцагч С.Лгээс зээл 2 378 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 121 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, шийдвэрийн 3 дахь заалтанд “улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хариуцагч С.Лгээс 53 007 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 137 510 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 71 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Л хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00204 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 52 дугаар магадлалтай, Ц.Нгийн нэхэмжлэлтэй С.Л надад холбогдох иргэний хэргийг хянуулахаар гомдол гаргаж байна.

Уг нь анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн юм. Гэтэл давж заалдах шатны шүүх намайг Ц.Нгээс 2015.01.09-ний өдөр 4 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийж авсан байна. Энэ мөнгөнөөс 2 378 600 төгрөг төлөх ёстой гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсанд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх “Андын сор” ХЗХ-ны бичиг баримтанд хийсэн үзлэгийн тэмдэглэл болон хуулбарлаж авсан баримтуудыг судлалгүй дүгнэлт хийж ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2. дахь заалтыг зөрчсөн.

Би тус хоршооноос 1 500 000 төгрөг зээлж аваад төлсөн нь үнэн. Зээл авах үед олон цаасан дээр гарын үсэг зуруулж байсан ба тухайн үед би хот явах гээд маш их яарч байсан болохоор анзаараагүй. Миний төрсөн дүү С.Ж энэ ХЗХ-ны Ц.Н гэдэг хүнтэй хамт ажилладаг болохоороо олон удаа зээл авсан юм шиг байна лээ. Тэгээд зээлээ төлөхгүй болохоор нь намайг ашиглаж зээл авсан, төлүүлсэн мэтээр баримт бүрдүүлж байгаад шүүхэд өгсөн гэж үзэж байна.

“Андын сор” ХЗХ-ны санхүүгийн баримтад шүүхээс үзлэг хийхэд С.Ж нь олон удаа мөнгө төлсөн баримтууд гарч ирснээр С.Жыг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан. Би ийм олон удаа, ийм их мөнгө төлснийг мэдэхгүй, Ц.Н гэдэг хүнийг танихгүй. С.Ж олон удаа зээл авч байсан, зээлийн хүү төлөөд яваад байсан, сүүлдээ маргалдаад төлөхөө байсан гэсэн утга агуулгатай тайлбарыг шүүхэд өгөөд байсныг анхаарч үзнэ үү.

Шүүхээс санхүүгийн баримтад үзлэг хийхэд Энхбаяр гэдэг хүний хар дэвтэрт 2015.01.09-ний зээл гээд дээр нь Лхагвасүрэн гэж оруулга болгож бичсэн байгааг анхаарна уу. Хэрэв би мөнгө авсан бол оруулга гэж бичих шаардлагагүй гэж үзэж байна. Үүнийг хожим шүүхэд намайг өгөхийн тулд хийсэн байх гэж бодож байна.

Шүүхээс “Андын сор” ХЗХ-ны санхүүгийн баримтад үзлэг хийхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн зээлийн гэрээ мөнгөний баримт зэргийн эх нь тус хоршоонд байхгүй гэж байсан. Хэрэв би хоршооноос мөнгө авсан бол мөнгө хүлээлгэж өгсөн баримт нь санхүүгийн баримтад хавсаргагдсан байх ёстой гэж бодож байна.

Миний бие саяхан шүүхэд “Андын сор” ХЗХ-ноос хашаа байшингийн болон орон сууцны гэрчилгээ гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Эдгээрийг дүү С.Ж зээл авахдаа хэрэглэнэ гээд “Андын сор” ХЗХ-нд барьцаанд тавьсан гэж байсан. Гэтэл “Андын сор” ХЗХ нь шүүхэд өгсөн тайлбартаа С.Жтай шүүхдэлцэж өөрийн төлсөн мөнгийг олж авна гээд гэрчилгээг Ц.Н аваад явсан шэж бичсэн байсан. Үүнээс үзэхэд Ц.Н надтай биш С.Жтай тооцоотой болох нь тодорхой байна.

Давж заалдах шатны шүүх намайг дээрх мөнгийг аваагүй гэдгээ нотлох баримтаар няцааж чадаагүй гээд надаар мөнгө төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийж чадаагүйтэй холбоотой гэж үзэж байна.

“Андын сор” ХЗХ-ноос мөнгө хүлээж авсан баримт нь миний гарын үсэг гэж шинжээч үзсэн ч 4 000 000 төгрөг хүссэн Ц.Нгийн өргөдөл, 1 500 000 төгрөг хүссэн өргөдөл аль алин дээр нь 2015.01.09-ний өдрийн зээлийн хорооны шийдвэр гарсан гэж тэмдэглэгдсэн байгаа нь тухайн өдөр надаар олон цаасан дээр гарын үсэг зуруулж авч байснаа ашигласан гэж үзэхэд хүргээд байна. Энэ баримт миний мөнгө аваагүйг нотолно.

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээ болон мөнгө хүлээж авсан баримтуудын эх нь тус хоршоонд байхгүй гэж захирал Энхбаяр хэлсэн, мөн шүүхэд баримтын эхийг нь өгөөгүй нь мөнгө өгөөгүй гэдгийг нотолж байна.

Ц.Н нь “Андын сор” ХЗХ-ноос 5%-ийн хүүтэй зээл авчихаад яагаад надад 4.5%-ийн хүүтэйгээр зээлүүлдэг юм бэ. Ингэж хохирон байж надад мөнгө авч өгөх ямар шаардлага, сонирхол түүнд байсан юм бол. С.Жы мөнгө төлөөд байгаа баримтууд нь намайг мөнгө аваагүй гэдгийг нотолно. Мөн Ц.Н надад 4 000 000 төгрөг өгсөн гэх баримт хэрэгт байхгүй нь намайг мөнгө аваагүй гэдгийг нотолно.

2015.01.09-ний өдөр тус хоршооноос 4 000 000 төгрөг зарлагадсан баримт байхгүй гэж үзлэг хийх үед хоршооны дарга Энхбаяр хэлж байсан. Бүх бичиг баримтаа санхүүгийн зохицуулах хорооноос ирээгүй гэж байсан.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Н 2015 оны 01 дүгээр сарыг 09-ний өдрийн “Зээлийн гэрээ”-г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож, зээлдэгч С.Л нь 4 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4.5%-ийн хүүтэй зээлэх, зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 1%-ийн алданги төлөх үүрэг хүлээсэн. Гэрээний дагуу зээлдэгч 4 000 000 төгрөгийг авсан, зээлийн гэрээний үүрэгт 3 281 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 3 500 000 төгрөгийг нэхэмжилнэ гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч С.Л гэрээний дагуу мөнгө аваагүй, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Андын сор” ХЗХ-ноос 1 500 000 төгрөгийн зээлийг дүү С.Жаар дамжуулж авахад нилээд олон баримтад гарын үсэг зуруулсныг ашигласан байх боломжтой, нэхэмжлэгч Ц.Н нь энэ хугацаанд надаас зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаагүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Н нь зээлийн мөнгө 4 000 000 төгрөгийг М.Лхагвасүрэнд шилжүүлэн өгсөн нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.дэх заалтад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа нэхэмжлэлийг эс зөвшөөсөн хариуцагчийн тайлбар, татгалзал, түүнтэй холбоотой бусад баримтыг хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан, шүүх хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх зарчимд нийцээгүй, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ нь зээлдэгч, зээлдүүлэгч хоёр талын хүсэл зоригийг илэрхийлсэн, харилцан зөвшилцөлд тулгуурласан, нэг тал нь мөнгө зээлэх, эсхүл зээлдүүлэх тухай санал гаргаж, нөгөө тал нь хүлээн зөвшөөрсний үндсэн дээр байгуулагдана. Гэрээний дагуу нэг талаас мөнгө шилжүүлж өгөх, нөгөө тал зээлсэн мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг талууд хүлээнэ. Түүнээс гадна энэ мөнгөн дүнд хүү тооцох эсэхийг гэрээ байгуулах үед тодорхойлно.

Хэрэгт авагдсан зээлдэгч С.Лгийн “...зээлдүүлэгч Ц.Нг танихгүй, түүнтэй гэрээ байгуулахаар тохиролцоогүй, гэрээ байгуулаагүй, мөнгө зээлээгүй...,” гэх тайлбар, зээлийн гэрээ үйлдэгдснээс хойш гэрээнд заасан зээлийн мөнгийг буцаан төлөх хугацаа өнгөрсөн боловч энэ хугацаанд зээлдэгч нь зээлдүүлэгчид төлбөр төлөөгүй байдал, зээлдүүлэгч зээлийн төлбөрийг зээлдэгчээс нэхэж байгаагүй үйл баримтад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй, хоёр талын хүсэлт зоригийн үндсэн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 52 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2019/00204 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч С.Лгийн гомдлыг хангасаугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч С.Лгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53 007 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР     

                           ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД