Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1595

 

С.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/01745 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Мөнхцэцэгт холбогдох

 

6 600 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

6 888 615 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баяржаргал,

Хариуцагч Б.Мөнхцэцэг,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамж 28 дугаар байрны 38 тоотод байрлах Тэлэмүгэн цайны газрыг сарын түрээсийн төлбөрийг 1 200 000 төгрөгөөр тооцож 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 11 500 000 төгрөгийг Д.Оюунгэрэлд хүлээлгэн өгсөн. Д.Оюунгэрэл нь намайг байлцуулан тухайн байрыг цайны газрын зориулалтаар засч тохижуулсан төлбөрөө аваад үлдсэн 1 500 000 төгрөгийг байрны эзэн Б.Мөнхцэцэг, Б.Мөнх-Эрдэнэ нарт хүлээлгэн өгснөөр тэдний хоорондын тооцоо дуусч миний бие тухайн обьектыг түрээслэн ажиллуулах болсон. Түрээслэх хугацаанд буюу 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б.Мөнхцэцэгийн данс руу 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч тодорхой шалтгааны улмаас цаашид түрээслэн ажиллуулах боломжгүй болсон тул Б.Мөнхцэцэгтэй харилцан ярилцаж дараагийн түрээслэгчийн төлсөн төлбөрөөс үлдэгдэл тооцоог төлж дуусгахаар тохиролцсон. Б.Мөнхцэцэг нь тухайн цайны газрыг 2015 оны 12 дугаар сарын 10-наас М.Уранбаяр түрээслүүлж сарын 1 300 000 төгрөгөөр тооцож 6 сарын төлбөрт 7 800 000 төгрөг авсан байсан. Гэтэл Б.Мөнхцэцэг түрээслэгч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байна, өгсөн нь энэ шүү гээд миний данс руу 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч нь энэ оны 6 дугаар сард дараагийн Д.Лхагвасүрэн гэх түрээслэгчээс 2 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр 2 300 000 төгрөг, барьцаа 1 300 000 төгрөг авч нийт 3 600 000 төгрөгийг бэлнээр надад өгсөн. Иймд Б.Мөнхцэцэгээс миний өгсөн нийт 12 500 000 төгрөгөөс түрээслэсэн төлбөр 300 000 төгрөг, эргүүлэн өгсөн 5 600 000 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр 6 600 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Бага тойруугийн 28 дугаар байрны 30 тоотод байрлах цайны газрыг засварлахыг дүү Б.Мөнх-Эрдэнэд хариуцагч даалгасан. Б.Мөнх-Эрдэнэ нь засвар хийлгэхээр хөөцөлдөх явцад Д.Оюунгэрэл нь өөрөө засвар хийн улмаар түрээслэн ажиллуулах, түрээсийн төлбөртөө засварын зардлыг тооцохоор тохирсон. Гэтэл Д.Оюунгэрэл нь хариуцагчийн байрыг өөрийн байр мэтээр зар өгч С.Мөнхцэцэгтэй түрээслэхээр тохирсон байсан. Энэ асуудлыг мэдээд би ийм зүйл байхгүй, Д.Оюунгэрэлийг бусдын эд хөрөнгийг ашиглан залилан мэхэлсэн асуудлаар цагдаад хандах гэтэл Ц.Мөнхцэцэг болиулсан. Удахгүй С.Мөнхцэцэг нь би болилоо, М.Уранбаяр гэх эмэгтэйд түрээслүүлэхээр боллоо гээд түүнд бас шилжүүлсэн. М.Уранбаяр нь мөнгөө хагас төлөөд болилоо гэсэн. Гэтэл С.Мөнхцэцэг надруу яриад би М.Уранбаяраас хүлээгээд авсан. Одоо н.Лхагвасүрэн гэдэг хүнд түрээслэнэ гээд шилжүүлсэн. Гэтэл н.Лхагвасүрэн нь бас түрээслэхээ больсон. С.Мөнхцэцэг нь н.Лхагвасүрэнгээс 4 100 000 төгрөг авсан байсан. Би С.Мөнхцэцэгтэй гэрээ хийгээгүй, түүнд мөнгө төлөх үүрэг байхгүй. Анхны засвар хийсэн Д.Оюунгэрэлтэй тэр хүн тооцоо хийх ёстой. Би үүнийг ойлголгүй харин С.Мөнхцэцэгт 6 600 000 төгрөг өгсөн байдаг. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Сөрөг нэхэмжлэлээс баримтгүй 788 615 төгрөгийг хасч нэхэмжлэгчээс 6 100 000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлагаа дэмжиж байна. Цайны газрыг засварлахыг дүү Б.Мөнх-Эрдэнэд даалгасан ба Б.Мөнх-Эрдэнэ нь засвар хийлгэхээр хөөцөлдөх явцад Д.Оюунгэрэлтэй тааралдаад өөрөө засвар хийн улмаар түрээслэн ажиллуулна гэсэн. Түрээсийн төлбөртөө засварын зардлыг тооцохоор тохирсон байна. Гэтэл Д.Оюунгэрэл нь миний байрыг өөрийн байр мэтээр зар өгч С.Мөнхцэцэгтэй түрээслэхээр тохирсон байсан. Удахгүй С.Мөнхцэцэг нь М.Уранбаяр гэх эмэгтэйд түрээслүүлэхээр боллоо гээд түүнд бас шилжүүлсэн. Би М.Уранбаяртай Иргэний хуулийн дагуу гэрээ хийж, нотриатаар батлуулсан. Энэ үед тэрээр мөнгөө хагас төлөөд, би болилоо гэсэн. Гэтэл С.Мөнхцэцэг би М.Уранбаяраас хүлээгээд авсан. Одоо Д.Лхагвасүрэн гэдэг хүнд түрээслэнэ гээд шилжүүлсэн. Энэ үед мөн л хуулийн дагуу Д.Лхагвасүрэнтэй гэрээ хийж, нотариатаар батлуулсан. Бас түрээслэхээ больсон. Учир нь С.Мөнхцэцэг нь анх Д.Оюунгэрэлд мөнгө өгсөн, мөнгөө түрээсээс авна гэж яриад миний байрыг түрээслэх хүмүүсээс урьдчилан мөнгө авчихсаны дараа нь ахин мөнгө нэхэж хүмүүсийн дургүйг хүргэн, нөгөө талаас өмчийн маргаантай мэтээр түрээслэх гэж байсан М.Уранбаяр, Д.Лхагвасүрэн нарт ойлгуулсанаас болж, удаа дараа гэрээ цуцлагдаж, миний бие алдагдалд орсон.

Би Д.Оюунгэрэл, С.Мөнхцэцэг нартай түрээсийн гэрээ байгуулаагүй, харин Д.Оюунгэрэлийн хувьд засвар эхлээд хийгээд дараа нь түүнийгээ түрээсэнд тооцохоор ярьж байсан нь үнэн. Гэхдээ хэдэн төгрөгийн засвар хийсэн гэдэг нь тодорхойгүй, түүнийг нь би хүлээн аваагүй, би өөрөө түрээслэхээ болилоо, харин засварын мөнгөө С.Мөнхцэцэгээс авахаар боллоо гээд алга болсон. Миний хувьд Д.Оюунгэрэлтэй ямар нэгэн гэрээ хийгээгүй учраас хэнээс хэдэн төгрөг авч зассан, дараа нь засварын мөнгө хэнээс яаж гаргаж авч байгааг нь ойлгоогүй, ойлгохыг ч хүсээгүй юм.

Гэхдээ С.Мөнхцэцэгт нь мөнгө өгөх ёстой юм байлгүй гэж бодоод М.Уранбаяраас авсан 2 000 000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг авсан гэдгээ нэхэмжлэл болон хариу тайлбартаа хүлээн зөвшөөрсөн. Дараа нь Д.Лхагвасүрэнгээс эхлээд 500 000 төгрөг дараа нь Д.Лхагвасүрэн болон эхнэр, миний бие хамтран байлцах үед шууд С.Мөнхцэцэгт 3 600 000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгөний хувьд С.Мөнхцэцэг нь 3 100 000 төгрөгийг авсан гэж хүлээн зөвшөөрдөг бөгөөд 500 000 төгрөгийг аваагүй гэдэг. Гэвч шүүхэд Д.Лхагвасүрэн нь мэдүүлэг өгөхдөө 3 600 000 төгрөгийг өгсөн. Өмнө нь 500 000 төгрөгийг өгсөн гэж гэрчилсэн. Мөн түүнчлэн түрээсийн гэрээтэй М.Уранбаяраас ашиглалтын зардал 788 615 төгрөгийг би авах ёстой байтал С.Мөнхцэцэг нь би М.Уранбаяртай тооцоо хийгээд, хүлээн авлаа, түүнийг явуулчихлаа гэсэн. Түүнээс энэ мөнгийг С.Мөнхцэцэг надад төлөх ёстой. Иймд өөрийн нь хүлээн зөвшөөрч байгаа М.Уранбаяраас авч өгсөн 2 000 000 төгрөг. өөрийнх нь мэдүүлэг болон Д.Лхагвасүрэнгийн мэдүүлгээр нотлогдож байгаа М.Уранбаярын төлөх ёстой, өмнөөс нь тооцоо хийхээр тохирсон 788 615 төгрөг, нийт 6 888 615 төгрөгийг С.Мөнхцэцэгээс нэхэмжилж байна. Д.Оюунгэрэлд өгөх ёстой мөнгөө андуурч өгсөн С.Мөнхцэцэгээс нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мөнхцэцэгээс 3 100 000 төгрөг авсан. Гэрээнд түрээсийн нийт төлбөр 3 600 000 төгрөг гэдгийг тусгасан байдаг. Энэ нь 1 200 000 төгрөгөөр 3 сарын түрээсийн төлбөр байсан. Д.Лхагвасүрэн нийт 4 500 000 төгрөг өгсөн гэж худал мэдүүлж байгаа. Ингээд 5 дугаар сарын 09-ний өдрөөс Д.Лхагвасүрэн ажиллаж эхэлсэн. Дараагийн түрээс өгөх хугацаа 7 дугаар сарын 09-ний өдөр байсан ба Б.Мөнхцэцэг мөнгөө нэхэхэд та нар барахгүй шүү гэсэн учир битүүлэг хариу өгсөн. 7 дугаар сарын 20-ны үед Д.Лхагвасүрэнтэй очиж уулзахад 9-нд түрээсээ аваад явсан гэж хэлсэн. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Мөнхцэцэгээс 6 100 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Мөнхцэцэгт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 500 000 төгрөгийн шаардлагыг хариуцагч Б.Мөнхцэцэгийн нэхэмжлэгч С.Мөнхцэцэгээс 6 100 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Мөнхцэцэгийн төлсөн 120 550 төгрөг, хариуцагч Б.Мөнхцэцэгийн төлсөн 141 167 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Мөнхцэцэгээс 112 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Мөнхцэцэгт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасныг удирдлага болгон давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Миний бие Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруугийн 28 дугаар байрны 30 тоот байрлах цайны газар засварлахыг дүү Б.Мөнх-Эрдэнэд даалгасан. Б.Мөнх-Эрдэнэ нь засвар хийлгэхээр хөөцөлдөх явцад Д.Оюунгэрэлтэй тааралдаад өөрөө засвар хийн улмаар түрээслэн ажиллуулна гэсэн. Түрээсийн төлбөртөө засварын зардлыг тооцохоор тохирсон. Гэтэл Д.Оюунгэрэл нь миний байрыг өөрийн байр мэтээр зар өгөн С.Мөнхцэцэгтэй түрээслэхээр тохирсон байна. Удахгүй С.Мөнхцэцэг нь болилоо гээд М.Уранбаярт түрээслүүлэхээр болж түрээсийн гэрээний дагуу нотариатаар батлуулан шилжүүлсэн боловч мөнгөө хагас төлөөд алга болсон. Тэр үед С.Мөнхцэцэг М.Уранбаяраас хүлээгээд авсан. Одоо Д.Лхагвасүрэн гэдэг хүнд түрээслэнэ гэж яриад шилжүүлсэн. Энэ үед мөн хуулийн дагуу гэрээ байгуулж нотариатаар батлуулсан боловч бас больсон.

Учир нь С.Мөнхцэцэг нь анх Д.Оюунгэрэлд мөнгө өгсөн, мөнгөө түрээсээс авна гээд миний байрыг түрээслэх хүмүүсээс урьдчилан мөнгө авчихаад, дараа нь дахин мөнгө нэхэж бусдын дургүйг хүргэн, нөгөө талаар өмчийн маргаантай мэтээр ойлгуулсанаас болж удаа дараа гэрээ цуцлагдаж, алдагдалд орсон. Мөн Д.Оюунгэрэл, С.Мөнхцэцэг нартай түрээсийн гэрээ байгуулаагүй, харин Д.Оюунгэрэлийн хувьд засвар эхлээд хийгээд дараа нь түүнийгээ түрээсэнд тооцохоор ярьсан байсан. Гэвч хэдэн төгрөгийн засвар гэдэг нь тодорхойгүй, мөн түүнийг би хүлээн аваагүй. Д.Оюунгэрэл нь өөрөө түрээслэхээ болилоо, засварын мөнгөө С.Мөнхцэцэгээс авахаар боллоо гээд алга болсон. Д.Оюунгэрэлтэй ямар нэг гэрээ хийгээгүй учраас засварыг хэнээс, хэдэн төгрөг авч зассан, дараа хэнээс хэдэн төгрөг гаргуулж авч байгааг ойлгоогүй боловч С.Мөнхцэцэгт мөнгө өгөх ёстой юм байна гээд М.Уранбаяраас авсан 2 000 000 төгрөг, Д.Лхагвасүрэнгээс эхлээд 500 000 төгрөг, дараа нь Д.Лхагвасүрэн болон эхнэрийг нь хамт байлцах үед түүнээс С.Мөнхцэцэгт 3 600 000 төгрөгийг өгсөн. Д.Оюунгэрэлд өгөх ёстой мөнгөө андуурч өгсөн. Ийнхүү миний зүгээс Д.Оюунгэрэлд өгөх ёстой мөнгөө андуурч С.Мөнхцэцэгт өгсөн. Энэ шаардлагын үүднээс сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэх агуулгатай үндэслэл давхацсан гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч төлөхөөр тохирсон мөнгөө төлөхгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж сөрөг нэхэмжлэлээс татгалзсан нь үндэслэлгүй юм. Миний бие Д.Оюунгэрэл болон С.Мөнхцэцэг нартай ямар нэг гэрээ хийгээгүй, гэрээний харилцаа үүсээгүй, мөнгө төлөхөөр тохирсон зүйл байхгүй. Засварын зардлыг Б.Мөнх-Эрдэнэ, Д.Оюунгэрэл, С.Мөнхцэцэг нар 10 000 000 төгрөг гэж тооцсон, түүнээс 1 500 000 төгрөг авсан гэдэг. Зөвхөн Б.Мөнх-Эрдэнэ. Д.Оюунгэрэл, С.Мөнхцэцэг нар хоорондоо ярьсан яриа байдаг. Түүний тохирсон зардлыг би төлөх ёсгүй. Энэ үнэлгээг би хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний байгууллагын дүгнэлтээр засварын зардлыг 6 сая төгрөг гэж тогтоосон байдаг. Гэтэл шүүх тухайн баримтыг үнэлэлгүйгээр засварын зардлыг шууд 11 500 000 төгрөг гэж тооцож нэхэмжлэгчид 6 100 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг үнэлээгүй буруу шийдвэр байна.

Иймд бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжөөгүй учир нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.Мөнхцэцэг нь хариуцагч Б.Мөнхцэцэгт холбогдуулж 6 600 615 төгрөг гаруулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 6 888 615 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 28 дугаар байрны 38 тоотод орших цайны газрын засварт Д.Оюунгэрэлийн хийсэн засварын зардлыг гаргуулахаар шаардаж буй үндэслэлээ “Б.Мөнхцэцэгийн өмчлөлийн тус цайны газрыг Д.Оюунгэрэл түрээслэж байхдаа хийсэн засварын ажлын зардлыг түрээсийн төлбөрт тооцохоор тохиролцсон байсны дагуу би уг засварын зардлыг Д.Оюунгэрэлд төлж, уг цайны газрыг түрээслэх болсон” гэж буюу түүний гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлэн авсан гэх агуулгатай тайлбарыг гаргажээ.

 

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэж, бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих гэсэн гэрээний бус үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Б.Оюунгэрэлтэй ямар гэрээ байгуулсан болон нэхэмжлэгчид Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасан журмын дагуу шаардах эрх шилжсэн эсэхэд шүүх дүгнэлт хийх шаардлагатай юм.

 

Түүнчлэн талуудын маргааны зүйл болсон Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 28 дугаар байрны 38 тоотод орших цайны газрын үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх хэний нэр дээр бүртгэлтэй буюу хариуцагч Б.Мөнхцэцэг өмчлөгч мөн эсэх, бусдад гэрээний үндсэн дээр ашиглуулах эрх бүхий этгээд болох нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Өөрөөр хэлбэл, дээрх үйл баримт тодорхой байх нь талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн талаар дүгнэлт хийж, хуулийг оновчтой, зөв тайлбарлаж хэргийг хууль ёсны бөгөөд үндэсэл бүхий шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батсайхан нь нэхэмжлэгчийн гар утсанд үзлэг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүгчийн 101/ШЗ2016/31587 тоот захирамжаар хүсэлтийг хангаж, үзлэгийг мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цагт товлогдсон шүүх хуралдаан дээр хийхээр тогтоосон байх боловч уг захирамжийн биелэлт хангагдсан гэх байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэг зөрчигдсөн гэж үзнэ. /хэргийн 52 дугаар тал/

 

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг зөвтгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/01745 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Б.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 000 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.МӨНХЗУЛ

 

          ШҮҮГЧИД                         Т.ТУЯА

 

                                                          С.ЭНХТӨР