Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 471

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын 5 дугаар баг, 12-4 тоотод оршин суух, 1958 онд төрсөн, 59 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОВ58102000, Ламаанхан овогт Цэрэвийн Оюунгэрэлийн,

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Ц.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1958 онд төрсөн. Би 1978 оноос хойш тасралтгүй улсад 35 жил ажиллаад 2013 онд 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Миний улсад ажилласан жилээс 1986 оны 10 сараас 1990 оны 10 сар хүртэл буюу 4 жилийн бичилтийг зөрчилтэй гэж үзэж ажилласан жилээс хасаж тооцсон. Тэтгэвэр тогтоолгох үеэр эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хотод эмчлүүлэх шаардлагатай болсон тул энэ зөрчлөө зөвтгүүлж чадаагүй юм. Миний бие нь 1986 оны 10 сараас 1990 оны 10 сар хүртэл Давст сумын эмнэлэгт бага эмч, сургуульд байрны багш гэсэн орон тоон дээр ажиллаж байсан билээ. Тухайн үед сургуулийн хүүхдүүдийн дунд өвчлөл их ялангуяа байрны хүүхдүүдийн дотор хамуу, улирлын чанартай ханиад, хоолны хордлого их гардаг мөн сурагчдын ариун цэвэр муу байсан учраас сумын удирдлага болон сургуулийн захиргаа, эмнэлгийн эрхлэгч эмч нар зөвшилцсөний үндсэн дээр дотуур байранд эмч ажиллуулах шаардлагатай гэж үзсэн боловч албан ёсны орон тоо байхгүй байсан учраас намайг дотуур байрны хүмүүжүүлэгчбагш гэсэн орон тоон дээр ажиллуулж байсан. Мөн манай нөхөр хэсгийн төлөөлөгчийн ажилтай тул очсон сумын захиргаанаас ар гэрийг нь ажлын байраар хангадаг байсан юм. Ингээд 1986 оны 10 дугаар сараас 1987 оны 9 дүгээрсар хүртэл Давст сумын хүн эмнэлэгт өвчтэй, жирэмсний амралттай ажилтны орон тоон дээр ажиллаж байгаад 1987 оны 9 дүгээр сараас Давст сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны багш гэсэн орон тоон дээр мэргэжлийнхээ ажил хийж байсан. Ингээд 1990 оны 9 дүгээр сараас 2013 оны 12 дугаар сар хүртэл Сагил сумын эмийн сангийн эрхлэгч, сумын эрүүл мэндийн төвд бага эмчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. 1995 онд Сагил суманд ажиллаж байхад хөдөлмөрийн дэвтрийн үзлэг ирэхэд миний Давст суманд 1986 оны 10 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сар хүртэл ажиллаж байсан үеийн бичилт хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдээгүй байсан. Тухайн үед Давст сумын хүн эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байсан Дорждэрэм дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт хийгээгүй байсан. Намайг Сагил суманд шилжиж ирсний дараа Давст сумын хүн эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байсан Дорждэрэм гуай мөн Сагил сумын хүн эмнэлэгт эмчлэгч эмчээр шилжиж ирсэн байсан бөгөөд Давст суманд миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт хийгдээгүй талаар хэлэхэд өөрөө бичилтийг нь хийгээд Сагил сумын хүн эмнэлгийн тамга дарж өгсөн. Би ч тухайн үед нарийн учрыг нь мэдэхгүй хөдөлмөрийн дэвтрээ бөглүүлсэн. Гэтэл энэ нь зөрчил болж гараад миний Давст суманд 1986 оны 10 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сар хүртэл ажилласан 4 жил ажилласан жилээс хасагдаж тооцогдсон. Аймгийн архив болон Давст сумын архиваас тухайн үед ажиллаж байсан тушаал, захирамж олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд миний 1986 оны 10 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сарыг дуустал Давст сумын 8 жилийн дунд сургуульд эмчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Надтай Давст сумын хүн эмнэлэгт хамт ажиллаж байсан сувилагч М.Байгаль, сургуулийн дотуур байранд хамт ажиллаж, нэг ээлжинд гарч байсан байрны багш М.Эрдэнэчимэг нарыг гэрчээр асууж өгнө үү. гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Ц.Оюунгэрэл нь 1986 оны 10 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Давст сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багш, эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

        Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 266 дугаар архивын лавлагаанд: Увс аймгийн Давст сумын сургуулийн 1987-1990 оны тушаалыг шүүн үзэхэд Цэрэв овогтой Оюунгэрэлтэй холбогдох баримт гараагүй болно. Давст сумын Хүн эмнэлгийн 1986-1987 оны тушаал манай архивт шилжиж ирээгүй тул Ц.Оюунгэрэлийн тушаалыг шүүн үзэх боломжгүй байна гэжээ.

         Анагаах ухааны дунд сургуулийн захиргаанаас 1976 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ц.Оюунгэрэлд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ...1986 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Давст сумын Хүн эмнэлгийн бага эмчээр томилон ажиллуулав, 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Давст сумын бага эмчийн ажлаас чөлөөлөв... гэжээ.

         Мөн Увс аймгийн Давст сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны цалингийн тооцооны хүснэгтэд: Байрны хүмүүжүүлэгч багш Ц.Оюунгэрэлийн 1988 оны 4-5, 9 дүгээр сарууд, 1988 оны 8-9 дүгээр саруудын үндсэн цалин, ажилласан өдөр бичигджээ.

          Давст сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 48 дугаар тушаалд: ...Байрны багш Ц.Оюунгэрэлийг 6 дугаар сарын 09-нөөс 6 дугаар сарын 11-нийг дуустал өвчтэй байх хугацаанд М.Эрдэнэчимэгийг авч ажиллуулсугай гэжээ.

          Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч М.Байгаль, М.Эрдэнэчимэг нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрчМ.Байгаль Миний бие нь 1986-2016 он хүртэл Увс аймгийн Давст сумын Хүн эмнэлэгт лаборант, сувилагчаар ажиллаж байсан. Ц.Оюунгэрэл нь 1986 оноос эхлэн Давст сумын Хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан бөгөөд миний бие 1987 онд жирэмсний амралтаа авахад Ц.Оюунгэрэл нь үргэжлүүлэн миний оронд лаборантаар ажиллаж байгаад 1987 оны 9 дүгээр сараас 1990 он хүртэл Давст сумын 8 жилийн дунд сургуульд дотуур байрны багшаар ажиллаж байсан. Бид нар нэг нутаг усанд амьдарч байсан болон нэг байгууллагад ажиллаж байсны хувьд би Ц.Оюунгэрэлийн ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна. Тухайн үед Давст сумын Хүн эмнэлгийн даргаар Дорждэрэм эмч ажиллаж байсан гэж, гэрч М.Эрдэнэчимэг Миний бие нь 1987 оноос одоог хүртэл Увс аймгийн Давст сумын 8 жилийн дунд сургууль буюу одоогийн Увс аймгийн Давст сумын 9 жилийн дунд сургуульд дотуур байрны багшаар ажиллаж байна. Ц.Оюунгэрэл нь 1987 оны 9 дүгээр сараас эхлэн дотуур байрны багш, эмч гэсэн орон тоон дээр Увс аймгийн Давст сумын 8 жилийн дунд сургуульд дотуур байрны багшаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1990 оны 9 дүгээр сар хүртэл тус сургуульд ажиллаж байгаад нөхөр нь өөр газар шилжин ажиллахаар болоход нөхрөө даган Сагил сум руу шилжиж байсан. Тухайн үед Давст сумын 8 жилийн дунд сургуулийн захирлаар Отгонбаяр гэх хүн ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

         Давст сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 48 дугаар тушаалын он, сар, өдөр нь бичигдээгүй, хэзээ гарсан нь тодорхой бус байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Оюунгэрэлийг 1986-1990 онуудад Давст сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд ажиллаж байх хугацаанд түүний хөдөлмөрийн дэвтэрт Давст сумын Хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан талаар бичилт хийгдэж, Сагил сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн тамга дарагдсан байх тул хөдөлмөрийн дэвтрийн энэ хэсгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

         Хэдийгээр Ц.Оюунгэрэлийн 1986-1990 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй байх боловч нэхэмжлэгч нь 1986 оны 10 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Давст сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багш, эмчээр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Давст сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны цалингийн тооцооны хүснэгт,гэрч М.Байгаль, М.Эрдэнэчимэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

           Иймд нэхэмжлэгч Ц.Оюунгэрэлийн хүсэлтийг хангаж, түүний 1986 оны 10 дугаар сараас 1990 оны 9 дүгээрсарыг дуустал Увс аймгийн Давст сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багш, эмчээр 4 жил ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

         Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

         Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ламаанхан овогт Цэрэвийн Оюунгэрэлийн 1986 оны 10 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Давст сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багш, эмчээр 4 /дөрөв/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ