Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00207

 

 

Х.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

         Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

         2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШШ2019/00192 дугаар шийдвэр

         Төв аймгийн эрүү,иргэний иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 223/МА2019/00011 дугаар магадлалтай 

         Нэхэмжлэгч: Х.О-

         Хариуцагч: Ц.Э-

         Хариуцагч: Д.У- нар

      Нэхэмжлэлийн шаардлага: Х.О-, Ц.Э- нарын хоорондын 2012-04-18-ны өдрийн 463 , 2013-05-13-ны өдрийн 808 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж   тооцуулах, эдгээр хоёр гэрээнд өгөөгүй мөнгийг өгсөн болгож бичиж оруулсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, 2,185,000,000 төгрөг гаргуулах

       Хариуцагч Ц.Э-ын сөрөг нэхэмжлэл: нийт 2,340,000,000 төгрөг гаргуулах

       Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч болон хариуцагч Ц.Э-ын гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.О-, түүний өмгөөлөгч Ц.Баасандорж, Д.Хишигбаяр, хариуцагч Ц.Э-, түүний өмгөөлөгч Б.Баяраа, Р.Болдбаатар, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов. 

     Нэхэмжлэгч Х.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: НЭГ: 2005-11-28-ны өдөр Ц.Э-оос 2006-11-01-ний өдөр хүртэл буюу 11 сар 25 хоногийн хугацаатай гэрээ байгуулж, 64 сая төгрөгийг 4.2 хувийн хүүтэй зээлж, гэрээг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлсэн. Энэхүү гэрээний дагуу зээлсэн мөнгийг 2006-11-01-ний өдөр төлж дуусгахаар тохиролцож, хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0,5 хувийн алданги төлөхөөр заасан. Мөнгийг хугацаанд нь 2006-11-01-нд өгч чадаагүй, үүнээс хойш алданги тооцогдож, 64 сая төгрөг, хүү 2,688,000 төгрөг, алданги 32 сая төгрөг нийт 98,688,000 төгрөг болсон. 2012 онд Ц.Э-, эхнэр Д.У- нар нь намайг дуудаж 2005 оны зээл, хүү, алдангийн асуудлаар гэрээгээ шинэчилж байгуулъя гэсэн. Нотариат дээр нэг гэрээнд гарын үсэг зуруулсан ба тухайн гэрээнд үнийн дүн бичээгүй байсан. Гарын үсэг зурсны дараа намайг явж бай, тэгж байгаад ирээд гэрээгээ аваарай гэсэн. Дараа нь гэрээгээ автал гэрээнд миний зээлсэн мөнгийг 1,2 тэрбум төгрөг гэж бичсэн байсан бөгөөд лавлахад 2005 оны зээл чинь хүү, алдангитайгаа нийлээд ийм болсон гэсэн. Би “... хэрвээ нотариат дээр гэрээ байгуулах үед энэ мөнгийг бичсэн байсан бол би хэзээ ч гарын үсэг зурахгүй байсан, үнийн дүн бичээгүй гэрээнд гарын үсэг зуруулчихаад  дараа нь гараараа нэмж бичсэн байна,тэгнэ гэж бодоогүй..” гэж хэлсэн. Тэр гэрээний 3 дахь заалтад надад тэр мөнгийг бэлнээр өгсөн гэж гараараа худлаа зүйл бичсэн байдаг ба бодит байдал дээр ийм юм огт болоогүй. Үүний дараа 2013-03-13-нд дахин намайг дуудаж “....2012 оны гэрээний хүү, алданги нэмээд шинээр гэрээ байгуулна, чи гарын үсэг зур, зурахгүй бол өмнө нь зурсан гэрээг шүүхэд шилжүүлж мөнгөө нэхэмжилнэ, чи гарын үсэг зурсан болохоор чи шүүхэд ялагдана...” гэсэн тул 2012 оны 1,2 тэрбум төгрөгийн гэрээний хүү, алданги нэмж 1,560 сая төгрөг болгож, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулсан. Тус зээлийн гэрээний 2-т 2012 онд байгуулсан 1,200,000,000 төгрөгөөс хүү тооцох тухай бичиж, 3-т мөн л 1,560,000,000 төгрөгийг зээлдүүлэгч нь шилжүүлэхээр тохиролцон бичсэн гэж гараараа худлаа зүйл бичсэн байдаг. 2016 онд хуурамчаар гарын үсэг зуруулсан 1,560,000,000 төгрөгийн гэрээний үнийн дүндээ хүү нэмээд бас гарын үсэг зуруулсан, тэр гэрээгээ надад харуулаагүй болохоор хэд гэж бичсэнийг мэдэхгүй. Хэрвээ тухайн гэрээ гарч ирвэл уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлнэ. Үндсэндээ 2012, 2013 онд байгуулсан энэхүү гэрээнүүдэд дурдсан үнийн дүн болох 1,560сая гаруй төгрөг, 1,200сая төгрөгийг талууд хоорондоо өгч авалцаагүй тул гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. 2012 оны гэрээнд заасанчлан 1,200сая төгрөгийг шилжүүлээгүй, бэлнээр авсан өгсөн зүйлгүй байхад, гэрээнд нөхөж бэлнээр авсан гэж гараар бичсэн байсан. 2013 оны гэрээнд 1,200 сая төгрөг дээр 1 жилийн хүү, алдангийг нэмээд 1,560 сая төгрөг шаардаж, 1,200сая төгрөгөөс хүү тооцож гаргуулахаар гэрээ байгуулсан нь шууд хүчин төгөлдөр бус гэдэг нь илэрхий ойлгомжтой. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, хуульд харшилсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд дордуулсан гэрээнүүд байна.Иймд Ц.Э-од холбогдуулан 2012-04-18, 2013-05-13-ны өдрийн 808 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож, өгөөгүй мөнгөө өгсөн гэж гараараа хуурамчаар бичиж оруулсан Ц.Э-ын үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү. ХОЁР: Би 2014-11-07-ны өдөр 684,000,000 сая төгрөг, 2016-09-12-ны өдөр 1,600,000,000 төгрөгийг Ц.Э-, Д.У- нарт бэлнээр өгсөн. Ц.Э-, Д.У- бид нар олон жил хамтран ажилласан, найз нөхөд байсны хувьд би итгэж зээлдүүлсэн ч өнөөдрийг хүртэл нийт 2,284,000,000 төгрөгийг буцааж өгөөгүй тул уг мөнгийг нэхэмжилнэ. Иймд 2,284,000,000 төгрөгөөс 98,688,000 төгрөгийг хасаж үлдэх 2,185,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

     Хариуцагч тал хариу тайлбартаа: Х.О- Ц.Э-оос 2012-04-18-ны өдөр 463 тоот зээлийн гэрээ байгуулж 1,200,000,000 төгрөг зээлж авсан.Энэ мөнгөө хугацаандаа төлөөгүй тул үндсэн зээл, хүү, алдангийн тооцоог харилцан тохиролцон 1,500,000,000 төгрөгийн хэмжээгээр гэрээгээ шинэчлэн байгуулж,хугацааг 2012-04-18-ны өдрөөс 2013-10-18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаагаар өөрчлөн сунгаж, 1,200сая төгрөгөөс сарын 2.5 хувийн хүү тооцохоор болж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.2 хувийн алдангитай тохиролцсон. Х.О- нь энэхүү мөнгөө өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Зээлсэн мөнгөө өгөхгүй байх санааг илтэд агуулж, бусдын итгэлийг эвдэж, хуурч мэхлэх аргаар Ц.Э-оос мөнгө авсан нь илэрхий байна. Ц.Э-ын санхүүгийн хувьд бусдаас зээл авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Х.О-оос зээл авч байгаагүй. Ц.Э-ын хувьд Х.О-той хамтран худалдаж авсан "У..." ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдсантай холбоотойгоор Х.О-оос авах авлагын асуудлын маргаан байдаг. Энэхүү мөнгө төгрөгийн асуудлыг зээлдүүлсэн мэт бичсэн нь үндэслэлгүй. 2002 оноос хойш эхлэн Х.О-од мөнгө зээлдэг, түлш шатахуун болон хүнсний зүйлийг зээлээр өгдөг байсан. Олон жил зээл өгч тусламж үзүүлдэг байсан учраас бид хоёрын хооронд итгэлцэл үүсч эхэлсэн. 2005-2006 оны хооронд Заамар суманд Заамарын их хоёр гэдэг газарт хайгуулын лиценз талбайг өөрийнхөө 65сая төгрөгөөр Мягмар гэж хүнээс худалдаж авсан. Худалдаж авсан хайгуулын лицензтэй талбайдаа 2008-2009 оны хооронд нөөцийг тогтоосон. Ингэхдээ Х.О- надаас 200сая төгрөг авсны дагуу ашигт малтмалын МҮ01963 хайгуулын лицензтэй болсон. Х.О- нь миний хувийн мөнгө болох 300сая төгрөгөөр ашиглалтын лицензтэй болсон. 2005 онд би Х.О-од 64сая төгрөгийг зээлүүлж, хүү алдангитай нь нийлүүлээд 98.688.000 төгрөгийг удаалгүй буцааж төлсөн, энэ цагаас эхлэн бид хоёрын бизнесийн харилцаа эхэлсэн. Х.О- бол надад алтаа өгдөг байсан. Би өөрөө хөрөнгө оруулсан болохоор танай компанийн ажилд оролцохгүй харин ашиглалтын лиценз дээр миний нэрийг оруул гэж хэлдэг байсан. Ашиглалтын лицензийн төлбөрийг Х.О- бид хоёр ээлжлэн төлдөг байсан. Энэ талаар нотлох баримт байгаа. 2010 оноос эхэлж Х.О-ын биеийн байдал муудаж Солонгос улс руу явж эмчлүүлж эхэлснээс хойш компанийнх нь үйл ажиллагаа доголдсон. 2012 онд Төв аймгийн Заамар сумын Наймган болон Гахайн байрны ойролцоо том үйл ажиллагаа явуулахын тулд надаас 1.200сая төгрөгийг бэлнээр зээлсэн. Уг мөнгийг О-од би мөнгөө оффистоо өгсөн. 2014-11-07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг Уулс ..... ХХК-ийн захирал Ц.Б- гэдэг хүнд компанийн талбайн нөөцийн 20 хувийг 4.2 тэрбум төгрөгөөр зарсан. Тухайн өдөр эхний ээлжид Уулс ... ХХК-ийн захирал Ц.Б- нь 1.200сая төгрөгийг Х.О-од өгсөн. Үүний дараагаар Уулс ... ХХК-ийн захирал Ц.Б- Х.О- би2-г залилсан гэж Цагдаад өргөдөл өгсөн. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар бид хоёр байцаалт өгсөн. Байцаалт өгөхдөө 2014-11-07-ны өдөр худалдах, худалдах авах гэрээ байгуулаад 1.200.000.000 төгрөгийг Х.О- авсан талаар хэлсэн. 684сая төгрөг өгсөн зүйлгүй байхад Х.О- нь намайг 684сая төгрөг авсан гэж гүтгэж байна. 2016 оны 09 сард Ц.Б-тай эвлэрээд, 4.400.000.000 төгрөгөөр ашиглалтын лиценеээ худалдах, худалдах авах гэрээгээр өгсөн. 2016 оны 09сард намайг Төв аймгийн Заамар суманд ажлаар явж байхад Х.О- “ирж мөнгө ав” гэж утсаар ярьсан тул эхнэр Д.У-, дүү Ц.Б- нар Уулс ... ХХК-ийн захирал Ц.Б-ын оффист очиж 1.600.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Ингээд үлдэгдэл 700.000.000 төгрөгийг надад дараа нь шилжүүлж өгөхөөр тохиролцож, Х.О- компанийнхаа албан бланк нь дээр бичиг хийж өгсөн. Үүний дагуу дараа Уулс ... ХХК-ийн захирал Ц.Б-тай уулзаад мөнгө авах гэсэн чинь манай өмгөөлөгчтэй уулз гэж хэлсэн. Гэтэл өмгөөлөгч надад Уулс .. ХХК болон У... ХХК хоёрын хоорондын асуудал болохоос энэ 700сая төгрөг чамд ямар ч хамаагүй гэж хэлсэн. Би одоо 700сая төгрөгөө Уулс ...ХХК-иас нэхэмжилнэ. Би Х.О-оос амьдралдаа нэг ч төгрөг зээлж аваагүй.Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

       Хариуцагч Ц.Э- сөрөг нэхэмжлэлдээ: 2012-04-18-ны өдөр 463 тоот зээлийн гэрээ байгуулж 1,200сая төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй 7 сарын хугацаатай нэхэмжлэгчид зээлүүлсэн ч төлөөгүй. Иймд 2013-05-13-ний өдөр үндсэн зээл, хүү, алдангийн нийт үнийн дүн буюу 1,560,000,000 төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээг шинэчлэн байгуулахдаа 2013-10-18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаагаар сунгаж, 1,200,000,000 төгрөгөөс сарын 2.5 хувийн хүү, 0.2 хувийн алданги тооцохоор тохирч 808 тоот гэрээ байгуулсан. Х.О- мөнгөө төлөөгүй тул 2014-01-28-ны өдөр тооцоо нийлж, баталгаажуулан 1,770,000,000 төгрөгийг төлөхөөр болсон. Мөн надаас дахин 113,514,000 төгрөг бэлнээр авсан тул 1,770,000,000 төгрөгийн хамт нийт 1,883,514,500 төгрөг болсон. Уг мөнгийг төлнө гэж 2016-09-07-ны өдөр баталж баталгаа бичиж өгсөн. Х.О- 2012 оны 463 тоот зээлийн гэрээний дагуу зээл авснаас хойш төлбөр төлөөгүй. 2017-05-23-ны өдрийн байдлаар тооцвол үндсэн зээл 1,200,000,000 төгрөг., 2012-04-18-ны өдрөөс 2013-10-18-ны өдөр хүртэлх 18 сарын хүү 540 сая төгрөг., 2013-10-19-ны өдрөөс 2017-05-23-ны өдөр хүртэл 1309 хоногийн алданги 50 хувиас хэтрэхгүйгээр 600 сая төгрөг нийт 2,340сая төгрөг нэхэмжилнэ гэжээ.

     Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Х.О- Ц.Э-оос 2005 онд 64,000,000 төгрөг зээлж хүү, алдангийн хамт нийт 98,688,000 төгрөг төлөхөөс хугацаа хэтрүүлэн төлсөн байгаа. 2012 онд Ц.Э-, Д.У- нар нотариат дээр гарын үсэг зуруулахдаа үнийн дүнг  1,200,000,000 төгрөг гэж бичсэн байсан,дараа нь уг мөнгөний хэмжээг 1,560,000,000 төгрөг болгож дахин гэрээ хийсэн ч бодит байдал дээр ийм мөнгө өгч авалцаагүй. Энэхүү гэрээ нь илт хүчин төгөлдөр бус юм. Аваагүй байхад авсан болгож сүүлд нь нөхөж бичээд байгаа нь өөрөө хууль бус үйлдэл. Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

     Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 151/ШШ2019/00192 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасныг баримтлан 2012-04-18-ны өдрийн 463, 2013-05-13-ны өдрийн 808 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Ц.Э-,Д.У-  нараас 2,185,000,000 төгрөг гаргуулах тухай Х.О-ын нэхэмжлэл болон  нэхэмжлэгчээс 2,340,000,000 төгрөг гаргуулах тухай Ц.Э-ын сөрөг нэхэмжлэлийг  тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 19,040,950 төгрөг, Ц.Э-ын төлсөн 11,857,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсэн байна. 

     Төв аймгийн эрүү,иргэний иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 223/МА2019/00011 дугаар магадлал гаргаж, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШШ2019/00192 дугаар шийдвэрийн 1,2,3 дахь заалтад өөрчлөлт оруулж,  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.3., 59 дүгээр зүйлийн 59.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ц.Э-, Д.У- нарт холбогдох 2012-04-18, 2013-05-13-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, нийт 2,185,000,000 төгрөг гаргуулах Х.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 хэсэгт зааснаар Х.О-оос 936,000,000 төгрөг гаргуулж, Ц.Э-од олгож, сөрөг нэхэмжлэлээс 1,404,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд Х.О-ын төлсөн 19,040,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүгчийн захирамжаар төлөхийг хойшлуулсан 6,000,000 төгрөгийг Х.О-оос нөхөн гаргуулан улсын орлогод оруулах, Ц.Э-оос төлсөн 11,857,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 4,837,950 төгрөг гаргуулан Ц.Э-од олгох, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж давж заалдах гомдол гаргахдаа Х.О-ын төлсөн 11,100,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ц.Э-ын төлсөн 11,857,950 төгрөгийг буцаан олгохоор заажээ.  

      Нэхэмжлэгч тал хяналтын гомдолдоо: Шүүх эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, гомдолд дурдаагүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад байхгүй үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангачихлаа. Х.О- Ц.Э- нарын хооронд 2005-11-28-ны өдөр зээлийн гэрээгээр 64,000,000 сая төгрөгийг 4.2 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаагаа зээлдүүлсэн. Уг гэрээний үүргийг Х.О- нь биелүүлж чадахгүй явсан  байдлыг хариуцагч нар ашиглаж, улмаар хүү, хүүгийн хүүгийн хүү нэмж хүчин төгөлдөр бус гэрээг 2012 онд 463 дугаартайгаар, 2013 онд 808 дугаартайгаар байгуулсан нь нотлогддог. Давж заалдах шатны шүүх “....Х.О-оос 2012.04.18, 2013.05.13-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг “хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” эсхүл “хүчин төгөлдөр бус гэж тооцуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн аль нь болох нь тодорхойгүй байхад шүүх өөрийн санаачлагаараа “ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл'’ гэж үзэж, дээрх зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцсон нь ИХ-н 57.1-г зөрчсөн байна. Зээлийн гэрээнүүдийг “хүчин төгөлдөр бус гэж тооцох хэлцэл” эсхүл хийгдсэн үеэсээ “хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдоогүй..” гэжээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ өөрөө тодорхойлох хуульд заасан эрхийнхээ дагуу 2016.11.16-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж гарган өгсөн бөгөөд нэхэмжлэл гаргаж байгаа нь ИХ-н 57.1-д “...сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно...” гэсэнтэй нийцнэ. Нэхэмжлэгч нь хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, улмаар хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцсон 2019.02.01-ний 192 дугаар шийдвэрийг гаргасан болно. ИХ-н 281.1, 282. 4-т мөнгө зээлдүүлсэн тохиолдолд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөхөөр заасан бөгөөд мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Ц.Э- 2012 онд 463 дугаартай зээлийн гэрээгээр 1,200,000,000 төгрөг, 2013 онд 808 дугаар гэрээний дагуу 1,560,000,000 төгрөгийг өгсөн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр байж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Гэтэл Ц.Э-оос  1,200,000,000 төгрөг, 1,560,000,000 төгрөг бэлнээр болон дансаар өгсөн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, ийм баримт байхгүй. Гэтэл шүүх гэрээнүүдийг байгуулагдсанд тооцож,  Х.О-ын аваагүй мөнгийг авсан болгож шийдвэрлэсэн нь ИХ-ийн 281, 282 дугаар зүйлүүдийг буруу хэрэглэж, хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл байгуулагдсан байхад хуульд заасан нөхцөл шаардлагыг үгүйсгэсэн дүгнэлтийг хийсэн. Д.У- нь хх 109-111, 137-149-р талд авагдсан гар бичмэл баримтуудыг үйлдсэн байдаг бөгөөд энэхүү баримтуудаас үзэхэд 2005 оноос хойш зээлдүүлсэн гэх мөнгөнүүдэд хүү, алданги, хүүгийн хүүгийн хүү тооцож жил бүр тооцоо нийлсэн акт байдлаар үйлдсэн. Энэхүү гар бичмэл бүхий дэвтэрийн баримтуудыг Д.У- нь бичиж, Х.О-од төлбөр нь хүү, алданги, хүүгийн хүүтэйгээ нийлээд өсөж байгааг хэлж, гарын үсэг зуруулсан байдаг. Жишээ нь,хх 110-р хуудсанд байх баримтаар 2010.08.21-ний өдөр О- 499,000,000 төгрөгийн тооцоотой гээд “...Урана...” гэж гарын үсэг зурсан байдаг. Мөн 2012.01.02-ны өдөр гээд О- тооцоо гээд 1,085,435,000 төгрөгийн тооцоог хийв гээд “...Д.Уранаа...” гээд гарын үсэг зурсан байдаг. Эдгээр тэмдэглэлийн дэвтэр, цаасан дээр зурсан баримтуудыг Д.У- зурсан болохыг тодруулахаар шүүхэд хандсан боловч хүлээн аваагүй, мөн Д.У-ийг гэрчээр асуулгахаар хүсэлтийг хүлээн авсан боловч гэрчийн мэдүүлгийг хуульд заасан байдлаар аваагүй. Улмаар хариуцагчаар татуулсан боловч шүүх тайлбар гаргуулан авах ажиллагааг огт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтойгоор зөрчсөн. Дээрх баримтуудаас харахад Х.О-од зээлдүүлсэн мөнгөө жил бүр тооцоо гэж Д.У- хийж нэмэгдүүлж явсаар 2012 оны 1,200,000,000 сая төгрөг болгож гэрээ байгуулсан. Улмаар түүнээсээ хүү, алданги нэмж Х.О-ын эрүүл мэндийн байдлыг нь далимдуулж 2013 онд 1,560,000,000 төгрөгийг хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан. Улмаар уг гэрээнүүдийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж, зохиомол тоо үүсгэж байгааг нэхэмжлэгч мэдсэн даруйдаа шүүхэд хандаж, нотлох баримтуудаа гаргасан ч анхаарч үзсэнгүй. Шүүх “... 2.185.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан нь нотлогдоогүй...” гэжээ. Иргэний хуулийн 39.1, 42.1-д заасны дагуу Ц.Э-, Д.У- нар Х.О-оос 2014.11.7 өдөр 684,000,000 төгрөгийг, 2016.09.12-ны өдөр 1,600,000,000 төгрөгийг зээлсэн. Гэрээг заавал бичгээр хийхийг шаардахгүй, Х.О- нь 2014.11.7 өдөр 684,000,000 төгрөгийг, 2016.09.12-ны өдөр1.600.000.000 төгрөгийг Ц.Э-, Д.У- нарт шилжүүлсэн нь  нотлогддог. Ц.Э- 2014.11.07-ны өдөр 684,000.000 төгрөгийг бэлнээр У-ийн хамт авсан. 2016.09.01-ны өдөр 1,600,000,000 төгрөгийг У-, дүүгийн хамт ирж  авсан. Энэ тухай тэд цагдаагийн газарт мэдүүлсэн. Ц.Э- нь Х.О-оос 2014.11.07-ны өдөр 684,000.000 төгрөгийг, мөн 2016.09.01-ны өдөр 1,600,000,000 төгрөг нийтдээ 2,284,000,000 төгрөг зээлж авсан гэдгээ шүүх хуралдаан бүртээ буюу 2018.09.07-ны өдрийн, 2018.11.21-ний өдрийн 2019 оны 02.01-ний өдрийн 2019.04.10-ны өдрийн шүүх хуралдаан дээр хэлсэн. Энэхүү тайлбар нь нотолгооны хэрэгсэлд тооцогдож, нотлох баримтаар үнэлэх ёстойг шүүх анхаарч үзээгүй. 2016.01.25-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн мэдүүлэгтээ /хх181-182/ “... 2005 онд 65 сая төгрөг өгсөн. “Заамарт миний бие ажлаар явж байхад 2016.09.01-ний өдөр 1.6 тэрбум төгрөгийг эхнэр Д.У-, дүү Байгальмаагийн хамт бэлнээр Х.О-оос авсан...” гээд Ц.Э- нь 4.3 тэрбум төгрөгөөр лиценз зарсан. 2.4 тэрбум төгрөгөөс надад 2 тэрбум 150 сая төгрөг нь өгөх ёстойгоос 1.6 тэрбум төгрөгийг өгсөн...” гэж мэдүүлсэн байдаг. Эрүүгийн цагдаагийн газарт Ц.Э- өгсөн мэдүүлэгтээ/хх95-97/ Х.О- “ ..Б-аас 1,6 тэрбум төгрөгийг надад өгсөн...” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 2016.11.23-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газарт Ц.Э- өгсөн мэдүүлэгтээ “...У...ХХК-ийн 50 хувь минийх Х.О- тус компанийн нэр дээр байсан лицензийн зарсан. Тэгээд 50 хувийг нь надад өгөхгүй байгаа..” гэх мэдүүлэг өгсөн байдаг. Ц.Э-ын эхнэр Д.У- /хх1-н 92-94/ 2016.11.10-нд Эрүүгийн цагдаагийн газарт өгсөн Д.У- нь мэдүүлэгтээ: Х.О- нөхөр бид хоёроос мөнгө зээлж үйл ажиллагаандаа ашигладаг байсан. Бид хоёроос 2 хуваарь мөнгө зээлдэг байсан. Мөнгөний тоог нарийн сайн мэдэхгүй байна. 2016.09 сард Х.О-оос бэлнээр 1 тэрбум 600 сая төгрөгийг авсан гэж мэдүүлсэн. Хх1-н 175-178-т 2016.01.29-ны өдөр өгсөн сэжигтнээр өгсөн мэдүүлэгтзэ: Миний бие дүү Б-гийн хамт тооцоо хийж 1.6 тэрбүм төгрөгийг бэлнээр очиж авсан. Лицензийг манай хоёр гэр бүл хамтарч худалдаж авсан. Тийм учраас уг газрыг борлуулахад нөхөр бид 2 тодорхой хувийг авах ёстой байсан учраас дээрх мөнгийг авсан гэх зэрэг тайлбар мэдүүлгүүдийг өгсөн. Дээр дурдсан Ц.Э-, Д.У- нарын мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан. Үндсэндээ бол дээрх баримтуудаас харахад Х.О-оос нийтдээ 2 ,284,000,000 төгрөгийг Ц.Э- зээлж авсан болох нь хангалттай тодорхой нотлогддог.Иймд дээрх нотлох баримтыг шүүх үнэлж дүгнэх нь зайлшгүй бөгөөд шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагч нарын тайлбарт ч эдгээр мөнгийг авсан болохыг хангалттай тодорхой тайлбарлан бичсэн байдаг.Үүнийг ч анхан шатны шүүхийн шийдвэрт дурдахдаа Ц.Э- Х.О-оос нийтдээ 2, 284,000,000 төгрөгийг авсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ мөнгө нь “У...” ХХК-ийн нэр дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдах-худалдан авах гэрээтэй холбогдох баримт гэж үзэх үндэслэлтэй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Ц.Э- нь “У...” ХХК-ийн нэр дээр байсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан гэж нэг бус удаа тайлбарлаж мэдүүлэг өгсөн, шүүх түүнийг үндэслэн тайлбарладаг ч Ц.Э- нь хэзээ ч тус компанийн хувьцаа эзэмшигчээр байгаагүй нь нотлогддог. Нэхэмжлэгчийн зүгээс 2005 онд зээлсэн 64,000,000 төгрөгийг хүү алдангийн хамт тооцож 98,688,000 төгрөг болохыг тодорхойлж, Ц.Э-од өгсөн мөнгөнөөсөө хасч 2,185 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь Ц.Э-, Д.У- нарын 2014.11.07-ны өдөр 684,000.000 төгрөгийг авсан, мөн 2016.09.01-ны өдөр 1 тэрбум 600 сая төгрөг нийтдээ 2 тэрбум 284,000,000 төгрөгийг авсан гэдгээс үндэслэж гарсан нэхэмжлэлийн шаардлага бөгөөд энэ мөнгийн авсан гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч тайлбар, мэдүүлэг гаргасан нь шүүх нотлох баримтаар үнэлээгүй нь үндэслэлгүй бөгөөд ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлтэй нийцээгүй. Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл муутай болсон байна гэж дүгнэсэн. Ингэхдээ 2012 оны 463,2013 оны 808 дугаар зээлийн гэрээнүүд, 2014.01.28-ны өдрийн “Өр барагдуулах тухай харилцан тохиролцоо”, 2016.09.07-ны өдөр төлбөр барагдуулах талаар баримтад талууд гарын үсэг зурсан байхад огт үнэлээгүй нь ИХШХШТХ-ийн 40.1-д заасан “...Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” мөн зүйлийн 40.2-д “...Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ...” гэснийг зөрчсөн гэж мөн 2012 оны 463, 2013 оны 808 тоот зээлийн гэрээнүүдэд зээлдүүлсэн гэх мөнгийг “...бэлнээр...” хэмээн бичсэн нь мөнгийг авсан гэдгийг нотолсон мөн өр барагдуулах тухай 2014.01.28-ны өдрийн бичсэн байна. Үүнийг талууд хүсэл зоригоо илэрхийлээгүй гэж үзэх, эсхүл талуудын гэрээний эрх чөлөөний зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж, 2016.09.07-ны өдрийн үйлдсэн баримтад дээр “834,000,000 төгрөгийг төлж, үндсэн 1,049,000,000 төгрөгийг 2017 онд багтааж төлж барагдуулна” гэсэн байх ба 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн баримтаар “...Жич уг мөнгөнд хүү болон алданги тооцохгүйгээр тохиролцов...” гэсэн байгаа учраас 1,770,000,000 төгрөгөөс 834,000,000 төгрөгийг хасч,936,000,000 төгрөгийн хэмжээгээр хариуцагч Ц.Э-ын сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь ИХ-ийн 282.1, 232.4 дэх хэсэгт нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ гэжээ. Сөрөг нэхэмжлэлд 2012.04.18-ны өдөр 463 дугаартай зээлийн гэрээг байгуулж 1,2 тэрбум төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй 7 сарын хугацаатай зээлдүүлсэн. Түүний дараа зээлээ төлөхгүй болохоор  2013.05.13-нд буюу 11 сарын дараа үндсэн зээл, хүү, алдангийн үнийн дүн 1,560.0 тэрбум төгрөгийн хэмжээгээр зээлийн гэрээгээ шинэчлэн байгуулж, 2012.04.18-2013.10.18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаагаар өөрчлөн сунгаж, 1,2 тэрбум төгрөгөөс сарын 2,5 хувийн хүү, 0,2 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон 808 тоот зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан талаар дурдсан байдаг. Гэвч дээрх нөхцөл байдлаас авч үзвэл бодит нөхцөл байдал дээр зээлдэгч зээлдүүлэгч нарын хооронд 1,2 тэрбум төгрөг огт шилжээгүй, шилжсэнтэй холбоотой баримт ч байхгүй байдаг. Ийм байхад мөнгө авсан өгсөн нь нотлогдож, гарын үсэг зурсан байна хэмээн үзэж сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 2012.04.18-11.18 нийт 7 сарын хугацаатай байгуулсан. Түүний дараагаар 6 сарын дараа буюу 2013.05.13-нд 2013.10.18-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулсан байхад гэрээнүүдийн хоорондох хугацааг нэмж тооцож нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаад байхад хүчин төгөлдөр гэрээнүүд байна гэж үзэж улмаар Иргэний эрх зүйн ойлголт болох хугацаатай байгуулсан гэрээний хугацаанд л үүссэн үүргийн гүйцэтгэл шаардлага гаргах эрхтэй байх ойлголтыг үгүйсгэж үнэлэлт дүгнэлт өгсөн нь учир дутагдалтай. Ц.Э- татгалзлаа нотолсон баримтаа огт гаргаж ирүүлээгүй. Уг мөнгийг хаанаас гаргаж өгсөн, ямар дэвсгэртүүд байсан, нотариатын өмнө өгсөн эсэх, хаана өгсөн зэрэг баримтууд гэрчүүд байхгүй байдаг. Ц.Э- нь Х.О-од зээлдүүлсэн гэх мөнгийг огт шилжүүлээгүй. Мөн нэг л Б.Энхээ гэх Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатоор гэрээнүүдийг гэрчлүүлж, нотариатоор гэрээг бөглүүлж, мөнгийг бэлнээр аваагүй байхад авсан болгож сүүлд нь нөхөж бичээд байгаа нь өөрөө хууль бус үйлдлийг тангараг өргөсөн этгээдтэй хуйвалдан хийсэн, хууль зөрчсөн ноцтой үйлдэл, үйл явц болсон байхад давж заалдах шатны шүүх “.....2014.01 28-ны өдрийн “Өр барагдуулах тухай харилцан тохиролцоо”, 2016.09.07-ны өдөр төлбөр барагдуулах тухай гараар бичсэн нэг хуудас бүхий баримтаар нотлогдож байна...” гэж шийдвэрлэсэн.Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хальсан хүрээнээс гарч, хэрэгт авагдсан бичвэрийг үндэслэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Сөрөг нэхэмжлэлд 2012 оны 463, 2013 оны 808 тоот гэрээнүүд нь хүчин төгөлдөрт тооцуулж, 1,2 тэрбум, хүүнд зохиомол 18 сар гэж тоо үүсгэн 540 сая төгрөг, алдангид 600 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байхад “...2016.09.07-ны өдрийн үйлдсэн баримтад дээр “834,000,000 төгрөгийг төлж, үндсэн 1,049,000,000 төгрөгийг 2017            онд багтааж төлж барагдуулна” гэсэн байх ба 2014-01-28-ны өдрийн баримтаар “ ..Жич уг мөнгөнд хүү болон алданги тооцохгүйгээр тохиролцов...” гэсэн байгаа учраас 1,770,000,000 төгрөгөөс 834,000,000 гөгрөгийг хасч, 936,000,000 төгрөгийн хэмжээгээр хариуцагч Ц.Э-ын сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь ИХ-ийн 282.1, 232.4 дэх хэсэгт нийцнэ...” гэж дүгнэсэн. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүй 1,770,000,000 төгрөгөөс 834,000,000 төгрөгийг хасч улмаар 936,000,000 төгрөгийн хэмжээгээр Х.О-оос уг аваагүй мөнгийг авсан байна хэмээн үзээд байгаа нь ойлгомжгүй. Ц.Э- 1,770,000,000 сая төгрөгийг ямар эх үүсвэрээс ямар байдлаар гаргаж өгсөн гэдэг хэрэгт нэгч баримт байхгүй, эрүүл мэндийн байдлыг нь далимдуулж авсан бичвэрийг үндэслэж, түүнд дээр үнэн эсэх нь тодорхойгүй 834,000,000 төгрөгийг Х.О- өгсөн байна гэж уг мөнгийг Х.О- хэрхэн өгсөн бэлнээр дансаар өгсөн эсэхийг тодруулалгүйгээр хасалт хийж, улмаар 136.000.000  төгрөгийн хэмжээгээр Ц.Э- олгох нь зүйтэй гэсэн үндэслэлгүй. Хэрвээ шүүх сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзвэл шаардлагын хүрээнд үндсэн төлбөр 1.200.000.000 , түүний хүү 540,000,000 , алданги 600,000,000 нийт 2,340,000,000 төгрөгөөс тооцоолон гаргах нь шүүхийн эрх хэмжээ, хуульд нийцэхээр байлаа. Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан хүү, алдангийг хэрхэн тооцоолж байгаа нь ойлгомжгүй, хамгийн сүүлийн байдлаар гэрээний төлбөрийг үлдэгдэл 1,770,000,000 төгрөг байна хэмээн өөрсдөө үзэж, улмаар нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй үндэслэлээр шүүх эрх хэмжээгээ хэтрүүлэн өөрсдөө шаардлага бий болгож дүгнэлт хийсэн нь алдаа болсон.  Давж заалдах шатны шүүхийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэл нь хэрэглэх хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Сөрөг нэхэмжлэлийг 2017.05.29-ний өдөр хариуцагч Ц.Э- нь гаргасан бөгөөд шүүхээс 2017.05.30-ны өдрийн 151/11132017/01784 тоот захирамжаар хүлээн авахаас татгалзсан. 1784 дүгээр захирамжаар “...Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ...” гэж заасантай нийцэхгүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах буюу нэхэмжлэгчийг эсэргүүцэхийн тулд үндэслэлгүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй ба үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох гэрээ хэлцэл биш байна гэж дүгнэсэн шүүгчийн захирамж гарч Х.О-ын нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлэх боломжгүй...” гэж үзсэн. Энэ захирамж хүчин төгөлдөр хэвээр байгаа. Гэтэл 2017.06.06-ны өдөр дахин гаргасан сөрөг нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжийг дахин төлөлгүйгээр өмнөх төлсөн баримтаа хавсаргаж гаргахад буцаалгүйгээр түүнийг нь хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчсөн. Шүүх нөхцөл байдал болон маргааны үйл баримтыг зөв тогтоогдоогүй байж, зээлийн гэрээний харилцааг үүссэн гэж  936.000.000      төгрөгийг хариуцагч биш этгээдээс гаргуулахаар шийдвэрлэсэн. ИХШХШТХ-ийн 37.1, 37.2, 25.2, 25.2.2, 42.1, 107.3-г зөрчсөн. Хариуцагч нар шүүх хуралдаан дээр ч цагдаагийн газарт ч Х.О-оос 684,000,000 сая төгрөг, 1,600,000,000 сая төгрөгүүдийг авсан гээд тайлбарлаад байхад энэ мөнгө нь зээл биш байна харин “У...” ХХК-ийн нэр дээрх лиценз зарсан төлбөр байна гэдэг дүгнэлтийг гаргасан нь нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд ямар ч дүгнэлтийг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. “У....” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаагаар хариуцагч нар нь хувьцаа эзэмшигч биш, компаниас ногдол ашиг хүртэх, эд хөрөнгийг худалдан борлуулсанаас олох ашиг хүртэх эрхгүй нь нотлогдоод байхад дүгнээгүй. “У....” ХХК-ийн нэр дээрх лицензийг Уулс .... ХХК-д Х.О- төлөөлж Эрх шилжүүлэх гэрээ, худалдах худалдах авах гэрээгээр худалдсан байхад түүнийг нотлох баримтаар үнэлээгүй . Гэтэл анхан шатны шүүхийн хх17-н 2 дахь догол мөрөнд 2012 онд 463 дугаартай, 2013 онд 808 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, харин 684,000,000 төгрөг, 1,600,000,000 сая төгрөг нийт 2,185,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагаыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэсний зөв ойлгож дүгнэлгүй, үндэслэлтэй гарсан дүгнэлтийг үгүйсгэж, өөрсдийн гаргасан шийдвэрээ нотлох гэсэн урьдчилан дүгнэлт хийж түүнийгээ батлах гэсэн дүгнэлт гэж үзэхээр байна. Сөрөг нэхэмжлэлийн алданги болох 600,000,000 сая төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлээд байгаа эсэх нь тодорхойгүй, 936,000,000 төгрөгийг аль хэсэг нь алданги болох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан алдангийн талаар давж заалдах шатны шүүх тооцоолол хийж, дүгнэлт огт хийгээгүй хууль бус үндэслэл бичиж дүгнэлт хийн магадлал гаргасан. Улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох зохицуулалтыг хэрэглэж, зөвтгөх байтал түүнийг зөвтгөөгүй, огт тогтоох хэсэгтэй дурдаагүй. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээ хангуулсантай холбогдуулж төлсөн улсын тэмдэгтийн хураамжаа буцаан авч чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Энэ нь ИХШХШТХ-ийн 56.2, 60.1 дэх заалтуудыг зөрчигдсөн.Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт 2,185,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ. 

       Хариуцагч Ц.Э- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэрэгт байгаа  баримтыг давж заалдах шатны шүүх буруу ойлгож 834 сая төгрөгийг төлөгдсөн гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсон. Иймд уг мөнгийг хариуцагчаас нэмж гаргуулж, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.   

ХЯНАВАЛ:

    Х.О- 2016-11-16-ны өдөр шүүхэд хандаж “... 2012-04-18, 2013-05-13-ны өдрийн 463, 808 дугаар гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах... эдгээр хоёр гэрээнд өгөөгүй мөнгийг өгсөн болгож бичиж оруулсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгох... 2,185,000,000 төгрөг гаргуулах...” шаардлагыг Ц.Э-, Д.У- нарт холбогдуулан гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрсөн байна.

       Ц.Э- 2017-06-06-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж, Х.О-оос 2,340,000,000 төгрөг шаардсаныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй маргажээ.

      Анхан шатны шүүх 2012 оны 463, 2013 оны 808 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, 2,185,000,000 төгрөг гаргуулах Х.О-ын нэхэмжлэл, 2,340,000,000 төгрөг гаргуулах Ц.Э-ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон байна. 

      Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлээс 936,000,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг нь үндсэн нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгожээ. 

     Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  1. Нэхэмжлэлийн талаар

     а/. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг тодруулаагүйгээс Х.О-ын шаардлагыг анхан шатны шүүх бүрэн шийдвэрлэсэн эсэх талаар тус шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна. 

    Х.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... 2012-04-18-ны өдрийн 463 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах... 2013-05-13-ны өдрийн 808 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах... эдгээр хоёр гэрээнд өгөөгүй мөнгийг өгсөн болгож бичиж оруулсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгох... 2,185,000,000 төгрөг гаргуулахыг хүсэж байна..” /хх1-н 1-2,39/ гэжээ.

    Хоёр шатны шүүх шийдвэр болон магадлалдаа Х.О-ын нэхэмжлэлд дурдсан дөрвөн шаардлагыг бичсэн боловч тогтоох хэсэгтээ “...өгөөгүй мөнгийг өгсөн болгож гэрээнд бичсэн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох..” шаардлагын талаар шийдвэр гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 118.2, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй байна.      

    Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараас үзвэл, “...өгөөгүй мөнгийг өгсөн болгож гэрээнд бичсэн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох..” гэсэн нь “... 2012 оны 463, 2013 оны 808 дугаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах...” шаардлагын үндэслэл байж болохоор байна. 

    Иймд энэ талаар тодруулах буюу энэ нь нэхэмжлэлийн шаардлага эсхүл үндэслэл эсэхийг тогтоосны эцэст нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлэх нөхцөл бүрдэнэ.

    Дээр дурдсан нөхцөл байдлын талаар зохигч нар мэтгэлцээгүй тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийг тодруулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг зөрчинө. 

   б/. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйл болон 58-60 дугаар зүйлийг зааглан дүгнэх шаардлагатай гэж үзнэ.

    Шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно. Нэхэмжлэгч 2012 оны 463, 2013 оны 808 дугаар гэрээг тус бүр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах /хх 1-н 1-2, 39, хх3-н 183/-г хүссэн боловч энэ нь Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан аль нөхцөлд хамаарч буйг  заагаагүй байна. Иймд энэ талаар тодруулж, талуудын тайлбар нотлох баримтыг үнэлж нэхэмжлэлийн энэ шаардлагыг шийдвэрлэх боломжтой.

    Гэрээг хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал байгаа эсэх талаар шүүх дүгнэлт хийх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг зөрчихгүй юм. 

    в/. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас 2,284,000,000 төгрөг шаардахдаа 2005-11-28-ны өдрийн гэрээнд заасан мөнгийг хүү, алдангийн хамт тооцож хассан байна.  

    Ц.Э- шүүхэд өгсөн тайлбартаа 2005-11-28-ны өдрийн гэрээний дагуу Х.О- төлбөрөө төлж дууссан гэх бөгөөд уг нөхцөл байдал нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тул энэ талаар тухайлан дүгнэлт хийх нь зүйтэй.     

    2005-11-28-ны өдрийн гэрээнд заасан үүргээ Х.О- биелүүлсэн агуулгатай тайлбар өгсөн /хх1-н 163/-г нэхэмжлэгч хариуцагчийн тайлбарыг зөвшөөрсөн гэж дүгнэхэд дутагдалтай байна. Учир нь, Х.О-ын 2016-11-02-ны өдөр олгосон итгэмжлэл /хх1-н 9/-р Л.Батбилэг сөрөг нэхэмжлэлд тайлбар гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 42 дугаар зүйлийн 42.6 дахь хэсгийн зохицуулалтыг анхаараагүй гэж үзнэ.

    г/. Нэхэмжлэгч нь 2014-11-07-ны өдөр 684,000,000 төгрөг, 2016-09-12-ны өдөр  1,600,000,000 төгрөг нийт 2,284,000,000 төгрөгөөс 2005-11-28-ны өдрийн гэрээний үүрэг  нийт 98,688,000 төгрөгийг хасаж, үлдэх 2,185,000,000 төгрөг нэхэмжилсэнг дээр дурдсан.

 Нэхэмжлэгч нь нийт 2,284,000,000 төгрөг хариуцагч нарт бэлнээр өгч, зээлүүлсэн гэх боловч иргэд хооронд зээлийн эсхүл хамтран ажиллах, хөрөнгө оруулах зэрэг харилцаа үүссэн эсэх талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагатайгаас гадна шүүх нэхэмжлэлд дурдаагүй хувьцаатай холбоотой асуудлын талаар дүгнэлт өгсөн нь зөрчилтэй болжээ.

    2/. Сөрөг нэхэмжлэлийн талаар

    а/. Ц.Э- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ “... 2012-04-18-ны өдрийн 463 дугаар, 2013-05-13-ны өдрийн 808 дугаартай гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгох... 2,340,000,000 төгрөг гаргуулахыг хүсэж байна...” /хх 1-н 149-151/ гэжээ.

   Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ гурван шаардлага тавьсан мэт боловч “...2012-04-18-ны өдрийн 463 дугаар, 2013-05-13-ны өдрийн 808 дугаартай гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгох...” гэсэн нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбарын “үндэслэл” нь  байна.

   Иймд хоёр шатны шүүх “...2,340,000,000 төгрөг гаргуулах..” тухай сөрөг нэхэмжлэлийг  шийдвэрлэхдээ 2012 оны 463 болон 2013 оны 808 дугаартай гэрээ хүчин төгөлдөр гэж маргасан хариуцагчийн тайлбар хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт хийсэн нь буруу биш юм.  

   Өөрөөр хэлвэл, Ц.Э- нь “...2,340,000,000 төгрөг гаргуулах..” тухай сөрөг  нэхэмжлэл гаргасан, энэ талаар зохигч мэтгэлцэж, шүүх шийдвэрээ гаргасан байх тул энэ сөрөг нэхэмжлэлийн хэмжээнд зохигчийн гомдлын талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийнэ. 

   б/. Хариуцагч нь 2012-04-18-ны өдрийн, 2013-05-13-ны өдрийн гэрээг сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгодог.

  2012-04-18-ны өдрийн 463 дугаартай гэрээнд “...Ц.Э- нь Х.О-од 1,200,000,000 төгрөгийг 2012-04-18-ны өдрөөс 2012-11-18-ны өдөр хүртэл 7 сарын хугацаатай 2,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиров...хүүг үндсэн мөнгө төлөхдөө хамт төлнө...Ц.Э- нь 1,200,000,000 төгрөгийг 2012-04-18-ны дотор шилжүүлэх үүрэгтэй..мөнгийг бүрэн хүлээн авснаар гэрээ байгуулагдсанд тооцно...зээлдэгч тогтоосон хугацаанд мөнгийг буцааж өгөх үүрэгтэй....үүргээ гүйцэтгээгүй бол хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө... 2012-04-18-нд мөнгийг бэлнээр авсан...” гэж

  2013-05-13-ны өдрийн 808 дугаартай гэрээнд “... Ц.Э- нь Х.О-од 1,560,000,000 төгрөгийг 2012-04-18-ны өдрөөс 2013-10-18-ны өдөр хүртэл 18 сарын хугацаатай 2,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиров...хүүг 1,200,000,000 төгрөгөөс тооцож бодно...Ц.Э- нь 1,200,000,000 төгрөгийг 2012-04-18 /1,200,000,000/ ..Х.О-од  шилжүүлэх үүрэгтэй...мөнгийг бүрэн хүлээн авснаар гэрээ байгуулагдсанд тооцно...зээлдэгч тогтоосон хугацаанд мөнгийг буцааж өгөх үүрэгтэй....өгөөгүй бол үндсэн мөнгө 1,200,000,000 төгрөгөөс 0,2 алданги төлнө... ” гэж тус тус заасан байна.

   Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа 2016-09-07-ны өдрийн баримтыг үндэслэсэн боловч уг баримтад 834,000,000 төгрөгийг төлсөн гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаагүй байна.

  Иймд шүүх “...1,883,514,500 төгрөгийн зээлээс 834,000,000 төгрөгийг төлж үлдсэн 1,049,000,000 төгрөгийг 2017 онд багтааж төлж барагдуулна...” /хх 2-н 114/ гэсэн баримтыг үнэлэхдээ Иргэний хуулийн 198 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3 дахь хэсгийн зохицуулалтыг анхаараагүй гэж үзлээ.     

   в/. Х.О- нь 2005-11-26-ны өдөр Ц.Э-оос 64 сая төгрөг зээлж авсан гэх бөгөөд энэ талаар зохигч нар маргаагүй, харин уг гэрээтэй 2012-04-18-ны өдрийн 463, 2013-05-13-ны өдрийн 808 дугаар гэрээнүүд холбоотой эсэх талаар маргаж талууд нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг.  

   2005-11-26-ны өдөр Ц.Э-оос 64 сая төгрөг зээлж авсан талаар зохигч нар маргаагүй тул уг үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ. 

   Талууд 2012 оны 463, 2013 оны 808 дугаар гэрээтэй холбоотой асуудлаар маргадаг. Тухайлбал, нэхэмжлэгч нь “...2005 оны гэрээний үүрэг биелэгдээгүй учир 2012, 2013 оны гэрээ хийж 64 сая төгрөгт хүү алданги нэмж 1,200,000,000 төгрөг мөн 560,000,000 төгрөг болгож бичсэн гэж...” , харин хариуцагч нар нь “...2005 онд зээлсэн 64 сая төгрөгийг нэхэмжлэгч төлж дууссан... 2012 онд 1,200,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн ..гэвч зээлээ төлөөгүй...” гэсэн байна. Иймд 2005 оны гэрээ дуусгавар болсон эсэх, 2012, 2013 оны гэрээтэй холбоотой эсэх, уг гэрээний дагуу мөнгө олгогдсон эсэх талаар тухайлан дүгнэлт хийвэл зохино.

  г/. Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино.

  Зохигч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар талууд маргаагүй, 2005,2012,2013 оны гэрээнүүд хоорондоо холбоотой эсэх талаар маргаж, энэ үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчгүй болжээ. 

   3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

   а/. 2017-05-30-ны өдрийн 151/Ш32017/01784 дугаар захирамж хүчин төгөлдөр байхад шүүх сөрөг нэхэмжлэлийг дахин хүлээн авсан нь, мөн өмнө төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн баримтыг сүүлд гаргасан сөрөг нэхэмжлэлд хавсаргасныг хүлээн авсан нь тус тус хуульд нийцээгүй гэх гомдол магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна.

   Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ц.Э- нь 2017-03-13-ны өдөр “...2,340,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан /хх1-н 135/-г шүүх 2017-05-30-ны өдрийн 151/ШЗ2017/01784 дугаар захирамж /хх1-н 137/-р хүлээн авахаас татгалзахдаа “... нотлох баримт байгаа эсэх, энэ талаар хүсэл зоригоо баримтаар илэрхийлээгүй..” гэсэн үндэслэл заажээ.

   Хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзана. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан явдал нь нэхэмжлэлийг хүлээн авахад саад болсон зөрчлийг залруулж дахин шүүхэд хандахад саад болохгүй бөгөөд энэ нь сөрөг нэхэмжлэлд нэгэн адил хамаарна. Иймд энэ тухай нэхэмжлэгчийн гомдол  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйл, 65 дугаар зүйлийн 65.1.11, 65.2 дахь хэсэг, 73 дугаар зүйлд нийцээгүй байна. 

  Шүүх 2017-05-30-ны өдөр 151/ШЗ2017/01784 дугаартай захирамж гаргахдаа  Ц.Э-оос улсын тэмдэгтийн хураамж 11,857,950 төгрөгийг буцааж олгохоор заасан ба уг мөнгийг Ц.Э- нь аваагүй нь татварын хэлтсийн 2017-06-05-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдсон байна. 2017-06-06-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлд уг баримтыг хавсаргасан, шүүх хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй.

  б/. Давж заалдах шатны шүүх 2018-11-21-ний өдрийн 223/МА2018/00027 дугаар магадлалаар 2018-09-07-ны өдрийн 151/ШШ2018/00984 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааснаас хойш шүүх 2019-01-10-ны өдөр гаргасан нэхэмжлэгчийн хүсэлт /хх4-н 276/-г үндэслэн 2019-01-10-ны өдөр 144 дугаартай захирамж /хх4-н 278/-р Д.У-ийг хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн хувийг гардуулж /хх4-н 290/, Д.У- болон хэргийн бусад оролцогч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан хэргийн материалтай танилцуулах /хх4-н 269, 291/ ажиллагааг хийсэн байна. 

  Хариуцагч Д.У- 2019-01-30-ны өдөр итгэмжлэл /хх4-н 303/ олгосноор Ц.Э- нь Д.У-ийг бүрэн төлөөлөх эрхтэй болжээ.

 Эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх нь хэргийн оролцогчийн эрх юм. Иймд хариуцагч Д.У- нэхэмжлэлийг хүлээн авсан боловч шүүх хуралдаанаас өмнө тайлбар өгөөгүй буюу эрхээ эдлээгүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамааруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт нийцэхгүй юм. 

   Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хяналтын шатны шүүхээс өөрчлөлт оруулах боломжгүй байх тул шийдвэр магадлалыг тус тус хүчингүй болгов.      

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 01-ний өдрийн 151/ШШ2019/00192 дугаар шийдвэр, Төв аймгийн эрүү,иргэний иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 223/МА2019/00011 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн анхан шатны шүүхэд буцаасугай. 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 59.3-т   заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  2019 оны 05 дугаар сарын 06 ны өдөр төлсөн 15,762,950 төгрөгийг Х.О-д, 2019-05-07-ны өдөр төлсөн 4,327,950 төгрөгийг Ц.Э-д тус тус захирамжаар буцааж олгосугай. 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ