Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 79

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Болормаа,

Улсын яллагч Ж.Отгонбаяр,

Хохирогч С.Пүрэвдорж,

Гэрч Ц.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч Н.Анхбаяр, түүний өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг /ҮД: 0-542/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамдинбишрэлт овогт Нэргүйн Анхбаярт холбогдох эрүүгийн 201525020762 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 19-ний Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Милиан дримм” ХХК-д сантехникч ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 1-28 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Дамдинбишрэлт овгийн Нэргүй овогтой Анхбаяр, /РД: УХ91091917/,         

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Анхбаяр нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Бүрд” худалдааны төвийн баруун талд иргэн А.Пүрэвдоржийн тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн зодож биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Бүрд” худалдааны төвийн хажууд би найзтайгаа юм яриад алхаж явахад араас машин ирээд дуут дохио өгсөн, гэрлээрээ дохьсоныг анзаараагүй, хажууд ирээд “гуйлгачин архичид минь замаас зайлаач” гэж жолоочийн хажууд сууж байсан эмэгтэй хэлэхээр нь би эмзэглэсэн. Би сургуулиасаа чөлөө аваад ажил хийдэг ядуу гэдэг үгэнд эмзэглээд жолооч дээр очиж маргаан үүсгэсэн. Ядуу гэж хэлсэн үгэнд гомдож миний гаргасан үйлдэл буруу. Би хохирогч дээр очоод “хүний унаагүй юм унадаг юм шиг яагаад ингэж хэлж байгаа юм” гэж хэлээд цонхоор нь нясалсан. Тэгсэн энэ ах чи тэгээд яах юм гээд машинаасаа бууж ирээд заамдалцаж аваад бид хоёр газар унасан. Газар унаад босохдоо энэ ахын нүүрэнд зулгаралтын байдалтай, би гараараа тулаад унасан байсан болохоор миний алга жоохон шалбарсан байсан. Хохирогч намайг цохиогүй, би ч хохирогчийг цохиогүй. Хохирогчийн эхнэр нь та хоёр нийлж хүн зодлоо гэж улаан цайм гүтгэсэн. Би хүн зодоогүй, цагдаагаа дууд гэж хэлсэн. тэгээд би цагдааг иртэл хохирогчийг тавиагүй. Цагдаа ирээд намайг хэсэг рүү аваад явсан…” гэв.

 

Шүүгдэгч Н.Анхбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шөнө 23 цагийн үед найз Ган-Эрдэнийн хамтаар Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо “Бүрд” худалдааны төвийн баруун талын шороон туслах зам дээр явж байсан. Бид хоёрын араас нэг жижиг тэрэг сигналдаад жолоочийн хажууд сууж байсан эмэгтэй “замаас зайлаач” гэж хэл амаар доромжилсон. Би намайг хэл амаар доромжилсон болохоор нь уурлаад жолооч талынх нь цонхон дээр очиж жолоочтой нь эвтэйхэн үг хэлж болдоггүй юм уу гэж уурлаж хэлэхэд жолооч залуу нь бууж ирээд надтай барьцалдаад авсан. Тэгээд ноцолдож байхдаа газарт хоёулаа унасан. Газарт унахдаа тэр эрэгтэй миний доор орж унасан юм. Газар унаад босож ирэхэд жолооч залуугийн нүүр нь халцарсан байдалтай босож ирсэн. Тухайн үед эрэгтэйн хамарнаас нь цус гарсан юм шиг харагдсан. Хажуугаас нь эхнэр нь манай найз бид хоёрыг нийлж хүн зодлоо гээд дайраад цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирж байгаа гэхээр нь би цагдаа ирэхээр нь болсон хэргийн талаар хэлнэ гээд хүлээгээд цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлсэн..." гэсэн мэдүүлгээр /хх-ийн 35-36 дугаар хуудас/,  

 

Хохирогч А.Пүрэвдорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр эхнэр хүүхэдтэйгээ гэртээ харих гээд “Баянбүрд” худалдааны төвийн баруун талын туслах зам руу орох гээд явж байхад замын голд хоёр залуу юм яриад зогсоод байсан. Тухайн үед бүрэнхий болсон байсан болохоор би гэрлээ асаасан явж байсан. Зам тавьж өгөхгүй болохоор нь гэрлээрээ дохиод, сүүлдээ дуут дохио өгсөн боловч зам тавьж өгөөгүй. Тэгснээ шүүгдэгч жолооч талаар хүрч ирээд дуугай зайлаарай гээд цонхоор гараа оруулж ирээд нясалсан, тэгээд хойшоо явахдаа машин өшиглөөд явсан. Тэгээд би буугаад араас нь зуурахад эргэж хараад намайг цохиод унагасан. Би босож ирээд цагдаагийн байгууллага иртэл энэ залууг зуураад байж байсан. манай эхнэр тэр хавиар тусламж гуйж орилоод, манай хүүхэд тухайн үед жоохон байсан. Хүүхэд чарлаад байхад шүүгдэгч энэ мууг алчихъя гэж хэлээд тохуурхаад боож эхэлсэн. Цуг явж байсан залуу нь “наад муу чинь яах гээд байгаа юм алчих наадхаа” гээд тохуурхаад байсан. Танхай гэж үүнийг л хэлнэ. Ингээд байж байтал цагдаа ирэхэд шүүгдэгч “ахаа намайг битгий зод л доо” гээд жүжиг тавьж эхэлсэн. Тухайн үед миний шил алга байсан. Цохилтын улмаас зулгарсан байсан. Энэ зулгарсан сорви арилаагүй, арилахгүй, ийм болохоор би шүүгдэгчээс 3.000.000 төгрөг нэхэмжилж байсан. Гэвч хавтаст хэрэгт баримтаар авагдсан хохирлоо барагдуулж авсан. Одоо миний зүгээс гомдол санал алга…” гэв.

 

Хохирогч А.Пүрэвдорж нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр  23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо “Бүрд” худалдааны төвийн баруун талын шатахуун түгээх станц руу орох туслах замаар өөрийн эзэмшлийн машинтайгаа явж байтал зам голлоод 2 согтуу залуу зогсож байсан. Гэрлээр дохисон боловч холдохгүй байсан. Сигналдсан чинь холдохгүй байсан. Гэтэл цагдаад баригдсан өндөр залуу тойрч ирээд миний нүүрлүү няслаад “дуугүй зайл пизда минь” гэсэн, тэгээд тойроод миний машины баруун ар хэсэгт нэг удаа өшиглөсөн. Би буугаад чи яаж байгаа юм бэ гэсэн чинь миний цамцны захаар хоолойг боогоод нүүрээр газар луу нидрээд унагаасан. Манай эхнэр тусламж эрээд орилсон, хүүхэд уйлж байсан. Тэр 2 залуу “та нар яах юм бэ пизда минь” гэх мэтээр хэл амаар доромжилж байсан. Нөгөө өндөр залуу нь намайг хоолой боосон чигээр татаж босгож нөгөө гараараа багалзуурдсан энэ үед эхнэр “цагдаа дуудаарай” гэж хашгирахад хажууд зогсож байсан хүүхэн цагдаа дуудаж байх шиг байсан. Миний хувьд цагдаа иртэл саатуулж байхын тулд энгэрээс нь зуурч байхаас өөр эсэргүүцэл үзүүлж чадаагүй...” гэсэн мэдүүлгээр /хх–ийн 4, 20-23 дугаар хуудас/,

 

Гэрч Х.Энхтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо “Бүрд” худалдааны төвийн баруун талын шатахуун түгээх станц руу орох туслах замаар өөрийн эзэмшлийн машинтайгаа явж байтал зам голлоод 2 согтуу залуу зогсож байсан. Гэрлээр дохисон боловч холдохгүй байсан. Сигналдсан чинь холдохгүй байсан. Тэгсэн нэг өндөр залуу нь манай нөхрийн талаар очоод “дуугай зайл” гэж хэлчихээд яваад машины ар талд нэг удаа цохих шиг болсон. Тэгээд манай нөхөр машинаасаа буугаад очиход тэр залуу заамдаж аваад газар унагахаар нь би машинаасаа буугаад очсон. Намайг очиход тэр залуу манай нөхрийг газар унагасан байсан. Тэгээд би тусламж гуйгаад орилсон, тэр үед машин дотор манай хүүхэд уйлж байхад тэр залуу тоохгүй байсан. Бид нарын хажууд зогсож байсан эмэгтэй цагдаа дуудсан. Манай нөхөр бас цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нарыг ирэх хооронд манай нөхөр тэр залууг явуулахгүйн тулд зуураад байж байсан...” гэсэн мэдүүлгээр /хх-70 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Батзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бэлх-112 дуудлагатай хөдөлгөөнт эргүүлийн ахмад Б.Ариунсумъяагийн хамтаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Бэлх-112 “Бүрд” худалдааны төвийн хажууд хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагыг авч 23 цагт шалгахад Нэргүй овогтой Анхбаяр гэх залуу Алтанцэцэг овогтой Пүрэвдоржтой маргалдан зодож танхайрч байсныг таслан зогсоосон...” гэсэн мэдүүлэг /хх 24-25 дугаар хуудас/,

Гэрч Ц.Ган-эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…32-ын тойргоос 100 айл руу эргэхэд шороон зам байдаг, тэр замаар явж байхад нэг машин тулж ирээд маш чангаар дуут дохио өгөөд хоёр “гуйлгачин минь замаас зайлаач” гэж жолоочийн хажууд сууж явсан эмэгтэй хэлсэн. Тойроод гараад явах хангалттай өргөн зам байсан. Тэрнээс болоод муудалцаад энэ ах машинаасаа бууж ирээд барилцаад авсан. Нэг нэгийгээ цохьсон зүйл байхгүй, хоёулаа унасан. Унахдаа л тэр ах шалбарсан байх. Тэрнээс болоод цагдаа дуудаад цагдаа ирээд аваад явсан…” гэв.

 

Гэрч Ц.Ган-эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо “Бүрд” худалдааны төвийн баруун талд шороон зам дээр явж байтал бид хоёрын араас машинтай эрэгтэй эмэгтэй хоёр хүн ирээд жолоочын хажуу талд сууж байсан эмэгтэй гуйлгачид минь замаас холдооч гэж хэл амаар доромжилсон. Н.Анхбаяр машин унаж байсан эрэгтэйн хажууд очоод хэл амаар доромжилж байгаа юм уу гээд хоорондоо жаахан маргалдаж эхэлсэн. Тухайн машиныг барьж явсан ах машинаасаа бууж ирээд манай найз Анхбаяртай барьцалдаж нэг нэгнээ чангааж нааш цааш түлхэж байгаад газар хамт унасан. Анхбаяр тэр ах хоёр хоёулаа газраас босож ирсэн. Анхбаяртай барьцалдаж байгаад газарт унасан ахын хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. Жолоочийн хажууд сууж байсан эмэгтэй цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлгээр /хх -26-27 дугаар/,

 

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт ¹6703:

  1. Пүрэвдоржийн биед тархины доргилт, хамрын нурууны шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамрын нуруу ба хамрын доод хэсгийн зулгаралт, хүзүү баруун шууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлтээр /хх 29 дүгээр хуудас/

 

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 42 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 44-53/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 64-66/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.Анхбаяр нь согтуурсан үедээ 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрд” худалдааны төвийн баруун талд автомашинтай явж байсан иргэн А.Пүрэвдоржийн “автомашины замаас холдох талаар” тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин хэл амаар доромжилж, нүүрэн тус газар нь няслан, автомашиныг цохиж улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч А.Пүрэвдорж, гэрч Х.Энхтуяа, Г.Батзориг, Ц.Ган-Эрдэнэ нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №6703 дугаартай акт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Н.Анхбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлж, харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан болон түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэж хорих ялыг биечилэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Н.Анхбаяр нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүхээс оногдуулсан хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.    

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогчийн зүгээс зүй бус харьцсан буруутай тул зүйлчлэлийг анхаарч үзнэ үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь хохирогчийн зүгээс шүүгдэгч нарыг автомашины зам дээр явж байхад нь холдох талаар дуут дохио гаргаснаас өөрөөр шүүгдэгчийг доромжилсон элдэв үг хэллэг хэлж, үйлдэл хийгээгүй болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна.  

 

Хохирогч А.Пүрэвдорж нь шүүх хуралдаанд “хохирлын 160.000 төгрөг хүлээн авсан. Хохирлыг бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Анхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Дамдинбишрэлт овогт Нэргүйн Анхбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Анхбаярыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн  181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/  жил 1 /нэг/  сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Анхбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Анхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Анхбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын  хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хариуцуулсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Анхбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

            8. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Анхбаярт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН