Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00246

 

 

“...банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/00670 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 883 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “...банк” ХХК

          Хариуцагч: Ж.Ч-

          Хариуцагч: Н.Д- нарт холбогдох

          нийт 39,660,584 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын төлөөлөгч Г.Оюунболдын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жавхлан, З.Баярбилэгт, хариуцагч нарын төлөөлөгч Г.Оюунболд, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Ж.Ч-, Н.Д-, Ч.Буяндэлгэр нар нь 2017-01-27-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 30сая төгрөгийн зээлийг хувийн хэрэглээ зориулалтаар 36 сарын хугацаатай, нэг жилийн 36%-н хүүтэйгээр зээлж авсан. Ж.Ч-, Н.Д- нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээлээ хугацаанд нь төлөөгүй. 2018-5-19-с 2019-3-01-ний өдөр хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 25,773,237.17 төгрөг,зээлийн хүү 7,270,171.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 494,296.81 төгрөг,нотариатын зардал 15,700 төгрөг нийт 39,660,584.83 төгрөг нэхэмжилж байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч нарын төлөөлөгч тайлбартаа: Ж.Ч-, М.Д-, Ч.Буяндэлгэр нар 2017-1-27-ны өдөр 30сая төгрөгийг 36 сарын хугацаатай, 36%-н хүүтэй зээлсэн. Хариуцагч нар зээлийн төлбөрт 8,348,800 төгрөг төлсөн. 6 удаагийн төлөлтийг хийгээгүй, хуваарь зөрчсөн гээд нэхэмжлэгч гэрээг цуцалсан бөгөөд үүнтэй маргаагүй. Харин гэрээг өөрсдийн санаачилгаар цуцалчихаад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож байгааг  зөвшөөрөхгүй. ИХ-н 205.1 болон гэрээнд заасны дагуу аль нэг талын гэрээнээс татгалзсан, талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар болон түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан тохиролцож, буцааж авах үүрэгтэй гэж заасан. Иймд нэхэмжлэлд нэмж 7,764,468 төгрөг шаардсан нь үндэслэлгүй. Зээлийг Ч.Буяндэлгэр хэрэглэсэн тул М.Д-, Ж.Ч- нар бус,харин Ч.Буяндэлгэр төлөлтийг хийх үүрэгтэй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 181/ШШ2019/00670 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Ч-, Н.Д- нараас нийт 31,880,416.73 төгрөг  гаргуулан ...банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7,780,168 төгрөгийн шаардлагыг   хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, Бага тойруу гудамж, .. дүгээр байр, .. тоот 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 526,812.07 төгрөгөөс 426,374 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 100,437 төгрөгийг Ж.Ч-, М.Д- нараас гаргуулах 387,552 төгрөгийн хамт ...банк ХХК олгохоор шийдвэрлэжээ.

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 883 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/00670 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна. 

     Хариуцагч нарын төлөөлөгч Г.Оюунболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх “.. ... банк” ХХК нь Ж.Ч-, Н.Д- Ч.Буяндэлгэр нарт холбогдох нэхэмжлэл гаргасан боловч Ч.Буяндэлгэрт-с татгалзсан хүсэлт гаргасан ба 2019-01-29-ны өдрийн 181/Ш32019/1440 захирамжаар Ч.Буяндэлгэрт холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон ба ИХ-н 242.3-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй бөгөөд ИХШХШТХ-н 26.3-т зааснаар нэхэмжлэгч нь хэнд холбогдуулж нэхэмжлэл гаргах эрхийг эдэлдэг тул зарим хариуцагчид холбогдох хэргийг шийдвэрлэсэнийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна зээлийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан Ч.Буяндэлгэрийг хамтран хариуцагчаар зайлшгүй оролцуулах ёстой гэх нь мөн хуулийн 242.1, 242.3 дах хэсэгт нийцэхгүй...” гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь Ч.Буяндэлгэрээс яг юу шаардаж байгаа нь тодорхойгүй, Ч.Буяндэлгэрт холбогдох хэсэг нь юу байсан нь тодорхойгүй байхад захирамж гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн 2019-01-29-ний өдрийн 181/Ш32019/01440 дугаар захирамж үндэслэлгүй, хууль бус байсан. Шүүгчийн захирамжийг үндэслэж ХХША-г цаашид явуулж гаргасан шүүхийн шийдвэр нь өөрөө ХХША-г ноцтой зөрчсөн ба магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн гэж үзэхгүй байна. Хариуцагчид холбогдох ямар хэсэг байсан нь тодорхойгүй нэхэмжлэлд дурьдаагүй байхад шүүх хүсэлтийг хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэж тусдаа шийдвэр гаргасан нь 1 хэрэг маргааныг шийдвэрлэхийн тулд 2 тусдаа шийдвэр гаргасан нь алдаатай болсон. Иймд хуулийн зохицуулалтыг шүүх үндэслэл болголгүй ХХША-ны журмыг ноцтой зөрчсөн нь дээрх хуулийн зохицуулалтаар харагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгч тал ИХШХШТХ-д зааснаар хариуцагчаа өөрөө сонгох эрхтэй хэдий ч уг хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдсэн процесс ажиллагаа нь хууль бус, Ч.Буяндэлгэрээс татгалзсан гэж үзэх үндэслэлгүй. Ч.Буяндэлгэр нь “...” банктай байгуулсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр орсон, “...” банкнаас авсан зээлийг зарцуулсан субъект тул энэ хэрэгт зайлшгүй хариуцагчаар оролцох ёстой юм. Мөн нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, цуцалсан хугацаа нь 2017-09-01-ний өдөр Ж.Ч-д хүргүүлсэн Мэдэгдэл №1-д дурдсан 2017-09-05-ны өдөр байх бүрэн боломжтой юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, цуцалсан огноо нь 2017-09-05-ны өдөр бөгөөд үүнээс хойш 2018-09-19-ний өдөр хүртэл тооцсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүх хасч тооцох ёстой байсан. Иймд магадлалыг хүчингүй болгож, буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       ...банк ХХК 2018-03-19-ний өдөр Ж.Ч-, Н.Д-, Ч.Буяндэлгэр нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нийт 39,660,584 төгрөг шаардаж, үндэслэлээ “...2017-01-27-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээний дагуу 30 сая төгрөг 36 сарын хугацаатай, жилийн 36%-н хүүтэй зээлсэн...зээл төлөгдөөгүй тул Ж.Ч-, Н.Д- нараас үндсэн зээл 25,773,237.17 төгрөг, хүү 13,288,594 төгрөг., нэмэгдүүлсэн хүү 583,051 төгрөг төгрөг, нотариатын зардал 15,700 төгрөг авна... үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү...Ч.Буяндэлгэрт холбогдох нэхэмжлэлээс татгалзаж байна..” гэжээ. 

     Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө 30 сая төгрөг зээлсэн... төлбөрт 8,348,800 төгрөг төлсөн... гэрээг нэг талын санаачилгаар цуцалсанд маргаагүй...харин өөрөө гэрээг цуцалсан атлаа нэмж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож байгааг зөвшөөрөхгүй... зээлийг Ч.Буяндэлгэр хэрэглэсэн тул тэр зээлийг төлөх үүрэгтэй..” гэжээ.

      Анхан шатны шүүх Ж.Ч-, Н.Д- нараас 31,880,416.73 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

      Хариуцагч нарын төлөөлөгч хяналтын гомдолдоо “...нэг хэрэгт 2 шийдвэр гаргасан... Ч.Буяндэлгэрт холбогдох нэхэмжлэл нь тодорхойгүй байгаа... 2019-01-29-ний өдрийн 181/Ш32019/01440 дугаар захирамж үндэслэлгүй... гэрээнээс татгалзаж, цуцалсан огноо нь 2017-09-05-ны өдөр бөгөөд үүнээс хойш 2018-09-19-ний өдөр хүртэл тооцсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасах ёстой..” гэжээ.   

      Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч нарын төлөөлөгчийн гомдол хуульд нийцээгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. “...шүүх нэг хэрэгт хоёр шийдвэр гаргасан...” гэх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь Ж.Ч-, Н.Д-, Ч.Буяндэлгэр нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2017-01-27-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан боловч Ч.Буяндэлгэрт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, мөнгийг Ж.Ч-, Н.Д- нараас нэхэмжилжээ.

      ...банк ХХК нэг хариуцагчид холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тул шүүх 2019-01-29-ний өдөр 181/Ш32019/01440 дугаартай захирамж гаргаж, Ч.Буяндэлгэрт холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг батлаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.   

      Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд тухайн асуудлаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй юм.

      Иймд 2019-01-29-ний өдрийн 181/Ш32019/01440 дугаар захирамж гарснаар ...банк ХХК Ч.Буяндэлгэрээс 2017-01-27-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргах боломжгүй болжээ. 

     Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй

    ...банк ХХК 2017-01-27-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг Ж.Ч-, Н.Д- нараас бүхэлд нь шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.     

    Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардсан бөгөөд шүүх Ч.Буяндэлгэр, Ж.Ч-, Н.Д- нараас бус, харин Ж.Ч-, Н.Д- нараас төлбөрийг гаргуулжээ.

   Иймд шүүх “...нэг хэрэг маргааныг шийдвэрлэхийн тулд хоёр шийдвэр гаргасан.... Ч.Буяндэлгэр хамтран зээлдэгч бөгөөд зээлийг зарцуулсан... хэрэгт зайлшгүй хариуцагчаар оролцох ёстой...” гэх гомдол шийдвэрийг хүчингүй болгох нөхцөлд хамаарахгүй. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйл, 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.  

   2. Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.

   ...банк ХХК нь Ч.Буяндэлгэрт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг шүүх хүлээн авсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна. 

    Иргэн өөрийн биеэр эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно.  

   Ч.Буяндэлгэрийг түүний эцэг эх буюу Ж.Ч-, Н.Д- нар төлөөлөх эрхтэйг нотлох баримт хэрэгт байхгүй тул “......банк ХХК-ны Ч.Буяндэлгэрт холбогдох нэхэмжлэл тодорхойгүй... 2019-01-29-ний өдрийн 181/Ш32019/01440 дугаар захирамж  хууль бус..” эсэх талаар хариуцагч нар гомдол гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтад нийцэхгүй юм. 

     3. “...нэхэмжлэгч 2017-09-05-ны өдөр гэрээнээс татгалзсан... үүнээс хойш 2018-09-19-ний өдөр хүртэл тооцсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүх хасч тооцох ёстой..” гэсэн гомдол хуулийн үндэслэлгүй байна. 

    Талууд 2017-01-27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, “...банк” ХХК 30,000,000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай Ж.Ч-, Н.Д-, Ч.Буяндэлгэр нарт зээлдүүлэх үүрэг хүлээсэн байх бөгөөд энэ үүргээ биелүүлж мөнгийг өгсөн нь тогтоогджээ.

   Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээгээр зээлдэгч зээл, хүү төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон байна. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 451, 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцжээ. 

     Зээлдэгч нар зээл, зээлийн хүүд нийт 11,071,265 төгрөг төлж, 2017-10-24-ний өдрөөс хойш төлбөр хийгээгүй үүргээ зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, үүнийг хариуцагч нар үгүйсгэж чадаагүй байна.

     Шүүх нэхэмжлэлээс нийт 31,880,416.73 төгрөг гаргуулахдаа Иргэний хуулийн 225, 451, 452, 453 дугаар зүйлийг үндэслэсэн нь зөв байх бөгөөд 7,764,468 төгрөг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдоогүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ. 

     Шаардлага болон татгалзлаа нотлох үүргийг талууд хүлээнэ. Шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд шийдвэр гаргана. 

     Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/00670 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 883 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 319,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ