| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 183/2017/00427/И |
| Дугаар | 001/ХТ2020/00217 |
| Огноо | 2020-05-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2020/00217
АБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00469 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 801 дугаар магадлалтай,
АБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Э.Ц-д холбогдох
Д.Т-гийн бие даасан шаардлагатай
Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 212.802.999 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2012 оны 4 сарын 27-ны өдөр 12/17 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үндэслэлгүй төлсөн 206.150.350 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, Э.Ц-г Баянгол дүүргийн 10 хороо, Зүүн Наран 18-р гудамж, 61 а тоотод байрлах 411 м.кв талбайтай хувийн орон сууц, 142 м.кв талбай газрын өмчлөгч болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, өмгөөлөгч Г.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.З-, өмгөөлөгч М.Ц, Н.Д, гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.Х, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч АБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Э.Ц-тэй 2012 оны 4 сарын 27-ны өдөр 12/17 тоот зээлийн гэрээ байгуулж 168.000.000 төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай авсан. Гэвч Э.Ц- зээлийн төлбөрийг 2015 оны 5 дугаар сараас хойш огт төлөөгүй тул гэрээний 4.2.3 дахь заалтыг үндэслэн банк нь Иргэний хуулийн 225, 227 дугаар зүйл, 12/17 тоот зээлийн гэрээнд заасныг тус тус үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлдэгчээс үндсэн үлдэгдэл 151.711.257 төгрөг, үндсэн хүүд 60.556.199 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 525.543 төгрөг, нотариатын зардал 10.000 төгрөг нийт 212.802.999 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Ц-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие 2012 оны 3 сард БГД, 10 хороо Зүүн Наран 18 гудамж, 61 а тоотод байрлах 411 м2 хувийн орон сууц, гараж /Ү-2205036217, 80 хувийн гүйцэтгэлтэй/, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 142 м2 өмчлөлийн газрыг /Г-2205003585/ худалдах тухай зарын дагуу Эрэл банкны зээлийн эдийн засагч О.Анхбаяртай уулзахад 240 сая төгрөгөөр худалдах гэж байгааг мэдэгдсэн. Обьектыг зээлээр худалдах, худалдан авах талаар банкинд санал тавихад Банкны тухай хууль болон БЭБХЭМХ,ТТ,3-ийн үйл ажиллагааны тухай хуулиар банк нь үл хөдлөх хөрөнгө худалдан ашиг олох эрхгүй, банк үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулах нь хуульд харшлах тул зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжгүй гэсэн тайлбарыг өгч, банкнаас зээл аван обьектыг авах гэсний дагуу зээлэхээс өөр аргагүй байдалд орж, 2012 оны 4 сарын 18-ны өдөр урьдчилгаа 30 хувь болох 72 сая төгрөгийг ээжийнхээ орон сууцыг зарж бүрдүүлэн банкинд төлж, үлдэх төлбөр 168 сая төгрөгийг 10 жилийн хугацаанд 1.9 хувийн хүүтэй зээлсэн. Хэрэв зээлээр худалдан авах гэрээ байгуулан авсан бол 240 сая төгрөг төлөх, банкны зээлийн гэрээний дагуу төлөх графикаар 96 сая төгрөг төлөх ёстой, гэтэл зээлийн гэрээгээр одоо 206 сая төгрөг төлсөн. Банкны 2012 оны 4 сарын 27-ны өдрийн 1217 тоот Зээлийн хорооны гишүүдийн шийдвэрээр уг объектын 40 хувь буюу 96 сая төгрөгийг банкинд урьдчилан төлсөн тохиолдолд миний нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээ үйлдэнэ, сарын 1.9 хувийн хүүтэй зээл олгох боломжгүй гэснээр 168 сая төгрөгийг сарын 2,1 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлэхээс өөр аргагүйд хүрч Зээлийн гэрээ болон Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ байгуулсан ба зээлийн гэрээг зээлээр худалдан авах гэрээ гэж ойлгож болно. Учир нь банкнаас олгох зээлийн гэрээ нь ИХ-ийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг бүхэлд нь агуулсан хэмээн банкны зүгээс тайлбарласан. Хариуцагч нь 2012 оны 4 сарын 27-ноос 2015 оны 4 сарын 27-ныг хүртэл нийт 206.150.350 төгрөг төлж байгаад банкны эдийн засагч солигдсон, объектын үлдэгдэл төлбөрийг тулган баталгаажуулалт хийх талаар хэлэхээр банкинд очиход Зээлийн хувийн хэрэгт үл хөдлөх эд хөрөнгө болон газрын хууль ёсны өмчлөгч нь Д.Т- болохыг мэдсэн. Зээлийн гэрээний 1.1-д Зээлдэгч нь худалдан авсан нийтийн орон сууцны зориулалттай объектын үнийн дүнгийн 40 хувийг банкинд бүрэн төлснөөр банк объектыг зээлдэгчийн нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээ үйлдэх болно гэж заасан гэрээний үндсэн нөхцөл нь бодит байдал дээр огт хэрэгжих боломжгүй ба би объектын үнийн дүнгийн 40 хувь болон үлдэгдэл төлбөрийг банкинд бүрэн төлсөн ч банк уг худалдан авагч миний нэр дээр шилжүүлэх хууль зүйн хувьд боломжгүй юм. Учир нь ЭХӨЭТХЭХБЭУБтХ-ийн 4.2-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр 1 этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно", 24.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана" гэж заасан тул миний бие объектын хууль ёсны өмчлөгч иргэнтэй Зээлээр худалдах, худалдан авах гэрээ огт байгуулаагүй, урьдчилгаа төлбөр болох 72 сая төгрөг бэлнээр болон бэлэн бусаар шилжүүлээгүй, банкнаас үл хөдлөх эд хөрөнгийг түүний өмнөөс худалдан борлуулах, захиран зарцуулах, барьцаалах итгэмжлэл, баталгаа Зээлийн хувийн хэрэг"-т байхгүй болно. Зээлийн гэрээ нь Зээлээр худалдан авах гэрээ болох нэг нотолгоо нь Монгол Улсын Зээлийн мэдээллийн тухай хуулиар иргэн, аж ахуйн нэгжээс ямар нэгэн арилжааны тодорхой хэмжээний зээл авсан тохиолдолд зээлийн нэгдсэн мэдээллийн бүртгэж оруулах үүрэгтэй ч банк бүртгүүлээгүй байдал юм. Хэрэв гэрээ нь Зээлийн гэрээ байсан бол 2 тал хүлээн зөвшөөрч дээрх хууль болон Зээлийн мэдээллийн сангийн журамд заасны дагуу зээлдэгчийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд 2012 оны 4 сард оруулах боломжтой байсан. Тус эрсдэлтэй хүчин зүйлээс шалтгаалж 2015 оны 4 сард банкны гүйцэтгэх захирал Д.Т-, хуулийн зөвлөх Хүрэлбаатар нартай уулзаж, зээлээр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Т-гийнх болох, урьдчилгаа төлбөр болон 134 150 350 төгрөгийг банкинд төлж байсан, цаашид объектын үлдэгдэл төлбөрийг банкинд төлөх үндэслэлгүй, учир нь хууль ёсны өмчлөгчтэй Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрийг Төмөрхүүд төлөөгүй нь худалдан авагчийн хувьд маш их эрсдэлтэй байгаа тул өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлж өгөх эсвэл шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагыг тавьсан. Гэвч Гүйцэтгэх захирал Д.Т- нь гэрээнд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн 40 хувь буюу 96 сая төгрөг төлсний дараа өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр минь улсын бүртгэлд бүртгүүлнэ, банк аливаа өмчлөлийн зүйлс болох газар болон үл хөдлөх эд хөрөнгийг гүйцэтгэх захирлын нэр дээр гаргуулан бүртгэдэг, тухайн объектын хууль ёсны өмчлөгч банк бөгөөд гэрчилгээгээр миний нэр дээр бүртгэгдсэн байгаа нь үнэн, миний шаардлагыг Зээлийн хорооны гишүүдийн хурлаар оруулах боловч зээлийн хороог би ахалдаг тул шаардлагыг чинь биелүүлэх боломжгүй гэдгийг урьдчилан хэлж, би гэрээний дагуу явна, чи бизнес хийдэг хүн, шүүхээр маргаан үүсгэвэл дахин Монголд чамд бизнес хийх боломжгүй болгож чадна, би Монголын Банкуудын Холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд бусад банкуудтай харилцахад хар тамга дарж чадна гэсэн тайлбар өгч, дарамталсан байр сууринаас хандсанаар би гэрээнээс татгалзаж гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Объект нь ЭХӨЭТХБЭУБтХ-ийн 4.1-д "өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж авснаар баталгаажна, 4.3-т үл хөдлөх эд хөрөнгө хөрөнгө, өмчлөх эрхтэй холбоотой энэ хуулийн 3.2-т заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөрт тооцогдоно гэж заасан тул банк бус, Д.Т-гийн өмч болох нь тодорхой. Банкны тухай хуулийн 34.1-т “Банкны гүйцэтгэх удирдлага гэрээний үндсэн дээр ажиллана" гэж, Компанийн тухай хуулийн 83.6-т гүйцэтгэх удирдлага нь ТУЗ /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулна гэж заасан ба Д.Т- нь банктай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа, банкны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүн бус тул түүний нэр дээрх үл хөдлөх болон бусад хөрөнгө нь түүний хувийн өмч юм. Мөн хуулийн 83.1-т Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компаний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна" гэж заасан ба Д.Т-д объект, газрыг өөрийн нэр дээр бүртгүүлэх тухай банкны ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн албан ёсны ямар нэгэн шийдвэр байхгүй, Бүртгэлийн хэлтсийн 2015 оны 10 сарын 23-ны өдрийн албан бичигт Ч.Энхбат, Ш.Оюунцэрэн нараас 2011 оны 12 сарын 01-ний өдрийн Амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Газар худалдан авах гэрээгээр өмчлөх эрх тус бүрийг 1.500.000 төгрөгөөр шилжүүлж авсан байдаг. АБ ХХК нь 2012 оны 4 сарын 27-ны өдөр байгуулсан Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн ба үүргийн гүйцэтгэл хангагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд нэхэмжлэгчийн бусад эд хөрөнгөөр төлүүлэх зорилгыг агуулж байсан нь нотлогдоно. Миний банкинд хувийн орон сууцны урьдчилгаа төлсөн 72 сая, үлдэгдэл 168 сая, нийт 240 сая төгрөгийг Ч.Энхбатын данс руу зээлийн эдийн засагч нь дур мэдэн БЭБХЭМХ, ТТ, Зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15.3-т “төлбөрийн нэхэмжлэлээр хийх төлбөрийг гагцхүү төлбөр хариуцагчийн мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн нөхцөлд гүйцэтгэнэ" гэж заасныг зөрчиж хууль бусаар шилжүүлсэн байсныг 458 дугаар шийдвэр болон гэрчийн мэдүүлгээр гүйлгээ хийснээ хүлээн зөвшөөрсөн. Банкинд төлсөн 206.150.350 төгрөгийг буцааж өгөх ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Т-гийн шүүхэд гаргасан шаардлагад: ...Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 18-р гудамж 61а тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205036271 дугаар 411 м.кв талбайтай гурван давхар хувийн сууц гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2205003585 дугаар 142 м.кв газар нь миний дээр бүртгэлтэй байгаа, өнөөдрийг хүртэл уг обьектыг эзэмшиж ашигласан зүйл байхгүй Улсын дээд шүүхийн 2017 оны 01 сарын 10-ны өдрийн 17 тоот тогтоолоор өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж бодит өмчлөлдөө байлгаж байгаа Э.Ц-гийн өмчлөл болохыг тогтоосон тул өмчлөлийг шилжүүлэн өгөх хүсэлтэй байна. Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 18-р гудамж 61а тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205036271 дугаар 411 м.кв талбайтай гурван давхар хувийн сууц гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2205003585 дугаар 142 м.кв газрын өмчлөгч Э.Ц- болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.З-гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Э.Ц- АБтай анх тохиролцсны үндсэн дээр Баянгол дүүргийн 22 дугаар /хуучнаар 10 дугаар/ хороо Зүүн нарангийн 18 дугаар гудамжны 61А тоотод байрлах Амины орон сууц, газрыг урьдчилгаа 30 хувь 72.000.000 төгрөг банкинд бэлэн төлж, үлдэгдэл 168.000.000 төгрөг шаардлагатай байгаа тухайд банкнаас 10-н жилийн хугацаатай авч зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр өмчийн нийт үндсэн үнэ 240.000.000 төгрөгөөр төлөөд банкнаас худалдан авч, өмчтөй болох зорилготой байсан, банк зөвшөөрсөн, энэ бол банкны анхны хувилбар бөгөөд банк тухайн үед шийдвэрээ гэнэт өөрчилж хуулиараа Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, борлуулах зэргээр зээл, түрээсээс өөр төрлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй тул Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжгүй байна гэж хэлээд 2 дах хувилбар хэлж АБ Э.Ц-тэй 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 12/17 тоот Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ, 12/17 Зээлийн гэрээ гэж 2 гэрээ байгуулж, иргэн Э.Ц-г төөрөгдүүлэн, 12/17 тоот Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээгээр шударга бус үйлдэл хийж, үр дагаварт нь гурван жилийн турш санхүүгийн түрээст 134.150.350 төгрөг төлүүлж, эцэст нь 12/17 тоот Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус болж банкны зүгээс энэхүү хэлцлээ хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн. Банк нь Иргэний эрх зүйн гэрээний харилцааг ашиглан, иргэд бидний итгэлийг эвдсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээнд худалдах үйл ажиллагаа, төлбөр төлөх үүргийг хэсэгчлэн тусгаснаар Зээлээр худалдах, худалдах авах гэрээний шинжийг агуулсан халхавчлах зорилгоор хуурч төөрөгдүүлэн гэрээ хийсэн тул хүчин төгөлдөр бус хууль зөрчсөн гэрээ юм. Банк Э.Ц-тэй зээлийн гэрээнд Үл хөдлөх эд хөрөнгө, газрын үндсэн үнэ 240.000.000 төгрөгийн 40 хувь 96.000.000 төгрөг төлөгдснөөр өмчлөлийг зээлдэгчийн нэр дээр шилжүүлж барьцааны гэрээг байгуулна гэж тохиролцсон. Үүнийг АБны зээлийн хорооны гишүүдийн хурлын шийдвэрт тодорхой тусгаж өгсөн, хурлын шийдвэр нь 1217 тоот зээлийн гэрээгээр тохиролцсон хэлбэр, нөхцлийг баталдаг. Зээлийн гэрээнд олгосон 168.000.000 төгрөгийн 40 хувь болох 67.200.000 төгрөг банкинд төлөх талаар огт дурдаагүй. Банк зээлийн гэрээнд заагаагүй, тусгагдаагүй нөхцөл хэлж, Үл хөдлөх эд хөрөнгө, газрыг Э.Ц-гийн нэр дээр шилжүүлж, Барьцааны гэрээ байгуулна гэдэг нь хууль бус бөгөөд, банк зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх хууль зөрчсөн үйлдэл нь олгосон зээлийн 168.000.000 төгрөгийн 40 хувь буюу 67.200.000 төгрөг төлөх тухайд огт биш зээлийн гэрээний зүйл нь АБны өмч биш тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүйгээс гадна зээлийн гэрээнд тохиролцсон хэлбэр нь зөрчигдөж байна. Банк өөрөө өмчлөгч биш учраас захиран зарцуулах эрхгүй зүйлийг зээлдэгчийн нэр дээр шилжүүлнэ гэж гэрээ хийсэн болохыг Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын18-ны өдрийн 1865 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/01656 дугаар тогтоолд гэрээний зүйл нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө биш өөрөөр хэлбэл АБ ХХК-ийн эд хөрөнгө биш гэж тогтоосон тул банк энэхүү 12/17 тоот зээлийн гэрээг 12/17 тоот санхүүгийн түрээсийн гэж 12/17 тоот санхүүгийн түрээсийн барьцааны гэрээгээр төөрөгдүүлсэн учир 12/17 тоот зээлийн гэрээ хийсэн нь тэр үеэсээ хууль бус хэлцэл юм. Хоёрдугаарт банк энэхүү зээлийн гэрээнд худалдан авсан өмчийн үнийн дүнгийн 40 хувь 96.000.000 төгрөг банкинд төлөхөөр тохиролцсон, банк гэрээнд тусгагдаагүй нөхцөл хэлж гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн учир хууль бус хэлцэл гэж үзэж байна. Гуравдугаарт: Банк энэхүү зээлийн гэрээнд Э.Ц-гийн нэр дээр амины орон сууц газрын өмчлөлийг шилжүүлэх үүрэг хүлээж, энэ үүрэг нь банкны өмч биш тул банкны зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг хэзээ ч биелэгдэхгүй, банк зээлийн гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн тул хууль бус хэлцэл гэж үзэж байна. Дөрөвдүгээрт: Банк энэхүү зээлийн гэрээнд хөрөнгө оруулалтын зээлээр 168.000.000 төгрөг сарын 2.1 хувь, жилийн 25.2 хувийн хүүтэй 10 жилийн хугацаатай зориулалтын бус зээлийг олгож мэхэлсэн бөгөөд хөрөнгө оруулалтын зээл авах нөхцөл нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ оффисын зориулалттай обьект, ажлын байр, талбай оффисын тавилга эд хогшил, тоног төхөөрөмж худалдан авахад зориулагддаг бөгөөд урьдчилгаа 30 хувь төлүүлдэггүй, уг зээлийг авахад тодорхой материалыг бүрдүүлдэг бөгөөд үүн дотор барьцаалах эд хөрөнгийн гэрчилгээ шаарддаг, гэтэл 168.000.000 төгрөг барьцаа хөрөнгө байхгүй, батлан даалт байхгүй, иргэн Э.Ц- худалдан авсан өмчийн гэрчилгээ байхгүй байгаа зэрэг нь уг хэлцэл хууль бус байна гэж үзэж байна. Иймд АБ ХХК иргэн Э.Ц-тэй 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хууран мэхэлж хэлцэл хийсэн тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хууль зөрчсөн болохыг тогтоож, Э.Ц- нь энэ гэрээний үр дагаварт банкинд 206.150.350 төгрөг үндэслэлгүйгээр төлж гурван жилийн дараа бодит хохирогч болсон тул АБ ХХК-иас 206.150.350 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү. Хэдийгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсан ч энэ маргаантай асуудал үүссэнээс хойш уг үл хөдлөх хөрөнгийг ашиглахгүй байгаа бөгөөд тухайн үед бидний өмчлөлд шилжүүлээгүйгээс хойш бид ашиглаагүй. Иймд уг эд хөрөнгийг бид авахгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...АБ ХХК нь иргэн Э.Ц-тэй 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 12/17 тоот Зээлийн гэрээг байгуулж, 168.000.000 төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэйгээр, 120 сарын хугацаатайгаар, обьект худалдан авах зориулалтаар олгосон байна. Уг зээлийн гэрээг байгуулах үндсэн санаачилга нь 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн иргэн Э.Ц-гийн АБинд хаягласан өргөдөл байна. Э.Ц-гийн гаргасан энэхүү өргөдөл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу гаргасан зээл авахыг хүссэн хүсэл зоригийн илэрхийлэл юм. Уг хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу хүчин төгөлдөр хүсэл зоригийн илэрхийлэл юм тухайн хүсэлтэд зээл хүсэгч Э.Ц- нь 240.000.000 төгрөгөөр объект авах гэж байгаа бөгөөд 72.000.000 төгрөгний урьдчилгаа дансанд байгаа 168.000.000 төгрөгийн зээл олгож өгөөч хэмээн хүсэл зоригоо бүрэн илэрхийлж гаргасан байдаг. Энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь АБ ХХК-иас 168.000.000 төгрөгийг 120 сарын хугацаатайгаар зээлэх агуулга бүхий юм. Харин уг зээлийн зориулалт нь нийтийн зориулалттай обьектийг худалдан авах юм. Гэтэл хариуцагч Э.Ц- нь АБ ХХК-ийг зээлийн гэрээг байгуулахдаа хууран мэхэлсэн хэмээн буруутгаж буйг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ болон уг зээлээр худалдан авч буй гэрээ нь тус тусдаа өөр өөр харилцаа. АБ ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу зөвхөн зээлдэгч Э.Ц-д зээл олгох үүрэгтэй. Уг үүргээ ч гэрээний дагуу бүрэн биелүүлж, зээлдэгч Э.Ц- нийт 168.000.000 төгрөг олгосон. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож байгаа болно. Хариуцагч Э.Ц- нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран, 18 дугаар гудамжны 61а тоотод байрлах, Ү-2205036271 тоот улсын бүртгэлийн дугаартай, 411 м.кв талбай бүхий 3 давхар хувийн сууц, гаражийн хамт болон Г-2205003585 тоот улсын бүртгэлийн дутаартай, 142 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрын өнөөдрийг хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаа. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож буй Д.Т- нь дээрх хөрөнгийн өмчлөгч нь Э.Ц- тул хүлээлгэн өгөх тухай асуудал тавьж байна. Үүнээс харахад иргэн Э.Ц- нь зээлийн гэрээний хугацаанд өөрийн буруугаас зээлийг хугацаанд нь төлж чадаагүй буруутай болохоос бусдын буруутай үйлдэл харагдахгүй байна. Учир нь Э.Ц-гийн зээл төлөх эх үүсвэр нь уг хувийн сууцыг бусдад түрээслүүлэх байсан бөгөөд дээр дурдсан хувийн сууц Э.Ц-гийн эзэмшил, ашиглалтанд байсан учир тэрээр бусдад түрээсэлж байсан болно. Нөгөөтэйгүүр, Э.Ц-д ямар хохирол учраад байгааг нэхэмжлэгчийн зүгээс ойлгохгүй байна. Мөн Э.Ц-гийн өмчлөлд уг хөрөнгө бүртгэлтэй байсан ч зээл, зээлийн хүүгийн төлөлт гэрээ болон хуульд заасны дагуу бодогдох бөгөөд нөхцөл байдал өөрчлөгдөхгүй юм. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 206.150.360 төгрөг нь бүхэлдээ үндэслэлгүй байх бөгөөд задлан авч үзвэл 134.150.350 төгрөг нь хууль ёсны дагуу байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох зээл, хүүний төлбөрт төлж байсан төлбөр, харин 72.000.000 төгрөг нь банканд төлсөн мөнгө гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд өөрийн дансандаа байршуулж байгаад зээлийн 168.000.000 төгрөгтэй нийлүүлэн 240.000.000 төгрөгийг объектын үнэ хэмээн Ч.Энхбатын дансанд төлсөн мөнгө байх бөгөөд тус мөнгийг банкнаас нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байхгүй юм. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэл нь тогтоогдохгүй байх бөгөөд үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангалгүй үндсэн нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00469 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Ц-гээс зээлийн гэрээний үүрэгт 172 111 659 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АБ ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 40 691 340 төгрөгийг, зээлийн гэрээг ноцтой төөрөгдүүлж, хуурч мэхлэн, дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус гэж тооцуулах хариуцагч Э.Ц-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Ц-г Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 18-р гудамж 61а тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205036271 дугаар 411 м.кв талбайтай гурван давхар хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн болон тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2205003585 дугаар 142 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 18-р гудамж 61а тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205036271 дугаар 411 м.кв талбайтай гурван давхар хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн болон тус хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2205003585 дугаар 142 м.кв газрын өмчлөгчөөс Могойнхон овгийн Даваахүүгийн Төмөрхүүг хасч, өмчлөгчөөр Тэрт овгийн Эрдэнэбилэгийн Цогхүүг бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч АБ ХХК нь хариуцагч Э.Ц-г үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 221 966 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 188 701 төгрөгийг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Ц-гээс улсын тэмдэгтийн хураамжинд 1 018 508 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 801 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00469 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.З-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.207.209 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Харин зээлдэгч гэрээний зүйл болох 168.000.000 төгрөгийг өөрөөр захиран зарцуулсан эсэх 168.000.000 төгрөгийг хэнд ямар зориулалтаар шилжүүлсэн, уг зээл гэрээний 1.1-д зааснаар нийтийн сууцны зориулалттай обьектын үнэд шилжигдсэн эсэх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах харилцаа хэн хэний хооронд үүссэн, гэрээний зүйл нь үл хөдлөх хөрөнгийн одоогийн өмчлөгч Д.Т-д эсхүл өмнөх өмчлөгч Ч.Энхбат, Ш.Оюунцэрэн нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжигдсэн эсэх нь тодорхойгүй байна” гэжээ. Иргэн Э.Ц- нь 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр АБид өргөдөл гаргаж, 168.000.000 төгрөгийн зээлийг, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны 61 А тоот нийтийн зориулалттай хувийн сууцыг газрын хамт худалдан авах зориулалтаар хүссэн. Нэхэмжлэгч АБ ХХК-ийн зүгээс хүсэлтийг хүлээн авч Э.Ц-тэй 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу АБ ХХК-ийн зүгээс Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.4 болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу зээлдэгч Э.Ц-гийн 2102004114 тоот Зээлийн дансанд 168.000.000 төгрөгийг олгож, уг данснаас Э.Ц-гийн 2102004055 тоот харилцах дансанд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан “Диспозит дансны хуулга”, “Мемориалын баримт”-аас маш тодорхой харагдаж байгаа. Улмаар зээлдэгч Э.Ц- нь өөрийн эзэмшлийн 2102004055 тоот харилцах данснаас 239.496.000 төгрөгийг Ч.Энхбатын эзэмшлийн 2102001541 тоот харилцах дансанд “Хашаа байшингийн үнэ” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн нь 2 дугаар хавтаст хэргийн 77 дугаар талд авагдсан “Кассын орлогын баримт”, 78 дугаар талд авагдсан “Депозит дансны хуулга”, 79 дүгээр талд авагдсан “Шилжүүлгийн маягт” зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Түүнчлэн хэргийн 131-156 дугаар талд Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримтуудаар зээлдэгч Э.Ц-гийн худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, лавлагаа бүрэн авагдсан. Гэтэл давж заалдах шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг дүгнээгүй бөгөөд нотлох баримт хангалттай байсаар байтал хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа нь үндэслэлгүй юм. Нөгөөтэйгээр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дахин тодруулахаар асуусан асуултууд нь хэрэгт нотлох баримтаар авагдсан учир дүгнэх бүрэн боломжтой байхад ийнхүү анхан шатны шүүх рүү буцааж байгааг ойлгоход бэрх байна. Мөн магадлалд Э.Ц-гийн 2102004055 тоот зээлийн данснаас иргэн Ч.Энхбатын 2102001541 тоот данс рүү “Хашаа байшингийн үнэ” гэж 239.496.000 төгрөг шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн байна. Хариуцагч Э.Ц- нь уг гүйлгээг өөрөө хийгээгүй хэмээн маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг баримтад зурагдсан гарын үсэг хашаа байшингийн үнэ гэх бичиглэлд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2018 оны 4518 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч уг захирамжийн биелэлт хангагдаагүй байна. Хэрэг шинжээчид байх цаг хугацаанд Монгол Улсад байгаагүй гарын үсгийн загвараа өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж хариуцагч тайлбарласан байхад шүүх учир шалтгааныг нь тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн байна” гэжээ. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183/Ш32018/04518 тоот “Хүсэлт шийдвэрлэж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар хэргийг түдгэлзүүлж, шинжээч томилсон. Уг захирамжид “Тус хэрэгт дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрыг шинжээчээр томилсугай”, “Шинжээч нь дор дурдсан асуултанд хариулт өгч, дүгнэлтээ 2018 оны 05 дугаар сарын 01-ний дотор ирүүлэхийг даалгасугай” гэжээ. Гэтэл хариуцагч Э.Ц- нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газраас гарын үсгийн хувь авахаар дуудахад удаа дараа ирээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулсан байдаг. Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасныг үндэслэн “Хүсэлт” гаргаж, уг хүсэлтийн дагуу хэргийг сэргээн явуулсан. Өөрөөр хэлбэл хэрэг түдгэлзсэнээс хойш бүтэн 6 сарын хугацаа өнгөрсөн байхад хариуцагч Э.Ц- гарын үсгийн хувийг шинжээчид өгөөгүй болох нь нотлогдсон юм. Уг шүүгчийн захирамжид “Энэ захирамжийг эс зөвшөөрвөл тухайн шатны шүүхэд 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйг дурдсугай” гэж заасан. Гэтэл хариуцагч Э.Ц-, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс уг захирамжтай холбогдуулан гомдол гаргаагүй. Түүнчлэн шинжээч томилуулах асуудлаар дахин хүсэлт гаргаагүй байж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа шүүгчийн захирамжийн биелэлтийг хангах талаар дурдсан нь үндэслэлгүй байсан. Түүнчлэн, хэрэгт хариуцагч Э.Ц-г гадагшаа явсан талаарх ямарч нотлох баримт авагдаагүй бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч түүнийг ямарч нотлох баримтгүйгээр тайлбарладаг. Гэтэл давж заалдах шатны шүүх уг асуудалд анхан шатны шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв хариуцагчийн зүгээс үнэхээр уг нотлох баримтад гарын үсэг зураагүй байр сууриа хадгалж байсан бол шүүгчийн захирамжид гомдол гаргаж, дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргаж, Э.Ц-г гадаадад байгаа талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх байсан. Нэгэнт хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс хуульд заасны дагуу ажиллагаа, хүсэлт гаргаагүй асуудалд шүүгч буруугүй учир магадлалын уг дүгнэлт үндэслэлгүй байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 801 тоот магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 183/ШШ2019/00469 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
АБ ХХК, Э.Ц-д холбогдуулан Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 212.802.999 төгрөг гаргуулах нэхэмжлэл,
Э.Ц-, АБ ХХК-д холбогдуулан 2012 оны 4 сарын 27-ны өдөр 12/17 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үндэслэлгүй төлсөн 206.150.350 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг зохигч хэн аль нь зөвшөөрөөгүй маргажээ.
Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад Д.Т- гуравдагч этгээдээр оролцож, Э.Ц-г Баянгол дүүргийн 10 хороо, Зүүн Наран 18-р гудамж, 61 а тоотод байрлах 411 м.кв талбайтай хувийн орон сууц, 142 м.кв талбай газрын өмчлөгч болохыг тогтоолгох бие даасан шаардлага гаргасан байна.
Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсэг болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хангаж, үндсэн нэхэмжлэлийн үлдэх хэсгийг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бөгөөд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. АБ ХХК болон Э.Ц- нарын хооронд 2012 оны 4 сарын 27-ны өдөр 12/17 тоот зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болох, зээлдүүлэгч үүргээ биелүүлж мөнгийг Э.Ц-гийн дансанд шилжүүлсэн, зээлдэгч зээлээс нийт 134.150.350 төгрөг төлснийг Э.Ц-гийн нэхэмжлэлтэй АБ ХХК-д холбогдох “зээлийн гэрээ болон санхүүгийн түрээсийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 206.150.350 төгрөг гаргуулах” шаардлагатай хэргийг хэлэлцсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 17 дугаар тогтоолоор тогтоосон үйл баримт байна.
Э.Ц- нь анх АБ ХХК-ийн объект худалдана гэсэн зарын дагуу тус банкны эдийн засагчтай холбогдож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахын тулд урьдчилгаа 72.000.000 төгрөгийг байршуулж, улмаар 168.000.000 төгрөг зээлж, нийт 240.000.000 төгрөгөөр тухайн хөрөнгийг худалдан авч, эзэмшиж байсан нь зохигчийн тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон байна.
Дээрх хөрөнгө нь Ч.Э, Ш.О нарын өмч байсан, тэдний АБ ХХК-с авсан зээлийн гэрээний үүргийг хангуулах баталгаа болгож, тус банкны захирал Э.Т-гийн өмчлөлд бүртгэгдсэн, зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс уг үл хөдлөх хөрөнгийг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсан, анх тухайн хөрөнгийн худалдах зарыг АБ тавьсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогджээ.
Э.Ц- нь АБ ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлээ “зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж, 206.150.350 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон хэдий ч түүний удаа дараагийн тайлбараас үзвэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаас татгалзсан агуулга илэрхийлэгджээ. Түүнчлэн хариуцагчийн 206.150.350 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагад зээлийн гэрээний үүрэгт төлсөн 134.150.350 төгрөгөөс гадна эд хөрөнгийн үнэд төлсөн 72.000.000 төгрөг орж тооцогдсон байгаа учир шалтгааныг шүүх тодруулаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.
Иймд худалдах-худалдан авах харилцаа зохигчийн хооронд үүссэн эсэх, гэрээний дагуу хэн ямар үүрэг хүлээсэн, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ хэний аль үүргийн гүйцэтгэлд шилжсэн нь тодорхой бус гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
2. Мөнгө шилжүүлсэн гарын үсэг өөрийнх биш, АБ ХХК-ийн эдийн засагч О.А дуурайлган зурсан гэж маргаж, энэ талаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулахыг хүссэн хариуцагч талын хүсэлтийг шүүх хангажээ. Уг захирамжийн биелэлт хангагдаагүй буюу шинжээч дүгнэлт гаргаагүй байхад шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хариуцагчийн хүссэн нотлох баримт бүрдүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзсэн нь буруу биш байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно гэж заажээ.
Анхан шатны шүүх, АБ ХХК-ийн үндсэн нэхэмжлэл, Э.Ц-гийн сөрөг нэхэмжлэлийн “маргааны зүйл”-ийг зээлийн гэрээ, уг гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргийн биелэлттэй холбоотой гэж энэ хүрээнд дүгнэлт хийсэн атлаа “Э.Ц-г үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох“ Д.Т-гийн бие даасан шаардлага нь худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамааралтайг анхаараагүй, энэ талаар тодруулалгүйгээр уг шаардлагыг хангасан нь учир дутагдалтай байна.
4. Дээр дурдснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй тухай магадлалд зааж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг зөрчөөгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 801 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2.207.209 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ