| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2018/02463/и |
| Дугаар | 001/ХТ2020/00167 |
| Огноо | 2019-04-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2020/00167
Б.Чийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00439 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 748 дугаар магадлалтай,
Б.Чийн нэхэмжлэлтэй
П.Цд холбогдох
Баталгааны гэрээний үүрэгт 11 371 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч П.Ц, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд, хариуцагч П.Ц, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ч нь 2015 онд Хар хорин худалдааны төвийн 11 дүгээр лангууг түрээслэн ажиллуулдаг П.Ад 11 371 000 төгрөгийн үнэ бүхий гурил нийлүүлсэн байна. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор гурилын үнэ болох 11 371 000 төгрөгийг өгөхөөр тохиролцож барааг хүлээлгэн өгсөн байна. Үүнээс хойш П.Агийн эрүүл мэнд нь муудаж, түүний төрсөн эгч П.Ц нь гурилын үнэ 11 371 000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулах нөхцөлтэйгөөр 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталгааны гэрээ байгуулсан. Гэтэл П.Ц нь өнөөдрийг хүртэл мөнгө өгөөгүй байна. Иймд П.Цгээс 11 371 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Чээс ямар нэгэн бараа, гурил будаа зээлээр авсан асуудал байхгүй. П.Агийн сэтгэцийн байдлыг далимдуулан гурил, будаа авсан хэмээн цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан бөгөөд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэг хариуцах чадваргүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Баталгааны гэрээ гэх баримтын тухайд П.Ад цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байснаас гадна танд ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж хууран мэхэлж гарын үсэг зуруулсан нь миний хүсэл зориг биш байсан. Нэхэмжлэгч Б.Ч нь П.Атай байгуулсан ямар нэгэн гэрээ хэлцэл байдаггүй, цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө их хэмжээний үнийн дүн бүхий будааг авсан талаар дурдсан ба түүнийгээ нотлох баримт байдаггүй. Дүүд маань гурил зээлээр өгөхийг би мэдээгүй, баталгаа гаргасан зүйл байхгүй, сүүлд ийм хэмжээний өртэй гэдгийг мэдсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00439 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Цгээс 11 371 000 төгрөг төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Чийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196 886 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 748 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00439 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Цгээс 11 371 000 /арван нэгэн сая гурван зуун далан нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Чт олгосугай гэж, 2 дахь заалтын ...хэвээр гэсний дараа ...үлдээж, хариуцагч П.Цгээс 196 886 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196 890 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч П.Ц, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нар хяналтын гомдолдоо: ...Хариуцагч П.Цгийн дүү П.А болон нэхэмжлэгч Б.Ч нарын хооронд Иргэний хуулийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх. П.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан, баримтаар тогтоогдоогүй, Иргэний хуулийн 231.3, 234.1 дэх хэсгүүдэд баталгаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох, үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болохоор зааснаас үзэхэд нэхэмжлэгч Б.Ч П.А нарын хооронд тодорхой үүрэг үүссэн байх, энэхүү үүргийн талаар баталгаа гаргагч мэдэж байхыг шаардана. Гэтэл нэхэмжлэгч нь П.Ад хэдий хэмжээний гурил авсан, түүний үнэ хэдэн төгрөг болсон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Баянгол дүүргийн прокурорын тогтоолд 11 466 000 төгрөгийн гурил будааг Б.Ч, Оюунсайхан нараас залилсан гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн болохоос, бусад байдлаар хэдэн кг ямар гурил, цагаан будааг авсныг шалгаж тогтоогоогүй, өвчний учир хэрэг хариуцах чадваргүй байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймээс магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч П.Цд холбогдуулан баталгааны гэрээний үүрэгт 11 371 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дүү П.А зээлээр гурил, будаа авсан баримт байхгүй, ...баталгааны гэрээнд хууран мэхэлж, гарын үсэг зуруулсан гэх үндэслэлээр маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжтой байна.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн баталгааны гэрээг зохигч маргажээ. Уг гэрээнд “...П.А нь Хар хорин захын гурилын 11 дүгээр лангууг ажиллуулдаг. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор гурилын үнэ 11 371 000 төгрөг өгөхөөр тохиролцож, бараа бүтээгдэхүүнийг Б.Чээс П.Ад хүлээлгэн өгөн, үүнээс хойш П.Агийн эрүүл мэнд муудаж, гурилын үнэ 11 371 000 төгрөгийг төлөөгүй болохыг, мөн баталгааны гэрээний 1-д ...баталгаа гаргагч П.Ц нь төрсөн дүү П.Агийн Б.Чт төлөх ёстой бараа бүтээгдэхүүний үнэ 11 371 000 төгрөгийг 2016.01.15-ны өдөр төлөхөөр тохиролцов...” гэх нөхцөлүүдийг тусган, талууд гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлжээ.
Давж заалдах шатны шүүх баталгааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.
Баталгаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол баталгаа гаргагч үл маргах журмаар түүний үүргийг биелүүлэх үүрэгтэй байдаг.
Баталгаа гаргагчаас үүргийг хангуулахын тулд үүрэг гүйцэтгэгч буюу үндсэн гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээд үүргээ биелүүлээгүй байх, үүрэг гүйцэтгүүлэгч баталгаа гаргагчид холбогдуулан шаардлага гаргасан байх урьдчилсан нөхцөлүүдийг Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4-т заасан байхад давж заалдах шатны шүүх энэ талаар зайлшгүй хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийхгүйгээр зөвхөн баталгааны гэрээнд тулгуурлан нэхэмжлэлийг хангасан нь хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзнэ. Үндсэн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй байх нөхцөл нь үндсэн гэрээ байгуулагдсан, үүрэг үүссэн эрх зүйн үйл баримт тогтоогдсон байхыг шаардана.
Хэрэгт байгаа баримтын хүрээнд Б.Ч болон П.А нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу үндсэн үүрэг үүсээгүй, гэрээ байгуулагдаагүй тул үүрэг гүйцэтгэх, үүргийг хангуулах эрх зүйн үр дагавар байхгүй, улмаар баталгааны гэрээний дагуу шаардах эрх үүсээгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.
Б.Ч нь П.Ад гурил, будаа хүлээлгэн өгсөн баримт байхгүй, П.А нь 11 371 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн үйл баримт нотлогдоогүй байх ба анхан шатны шүүх баталгааны гэрээний дагуу шаардах эрхийн хуульд заасан урьдчилсан нөхцөлийн талаар зохих дүгнэлтийг хийж, баталгаа гаргагчийн хүлээх үүрэг буюу Б.Ч, П.Ц нарын хооронд үүрэг үүссэн байдал тогтоогдоогүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс П.Ад гурил, будаа худалдсан үйл баримт Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1560 дугаар тогтоолоор тогтоогдсон гэж үзэж байгаа нь үндэслэл муутай байна. Уг тогтоолд “...П.Аг эрүүгийн журмаар шалгахад С.Сүрэнд үлэмж хэмжээний хохирол, Н.Жүрмэддоржид бага бус хэмжээний хохирол, Б.Ч, н.Оюунсайхан нараас 11 466 000 төгрөгийн гурил, цагаан будааг авч ..., ...залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 565 дугаар дүгнэлтээр П.А нь хэрэг хариуцах чадваргүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж дүгнэжээ. /хх 86,87/
Дээрх баримт нь П.Ад холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн агуулгатай болохоос Б.Ч, П.А нарын хооронд хэлцэл байгуулагдсан эсэх, үүрэг үүссэн эсэх асуудал нэхэмжлэгчийн зүгээс иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотолбол зохих зүйл юм. Иргэний эрх зүйн харилцаанд хэлцлийг байгуулагдсан гэж үзэхдээ эрх, үүрэг үүсгэх талуудын хүсэл зориг, хүсэл зоригоо илэрхийлсэн буюу үйлдэл, эс үйлдэл байсан эсэхийг тогтоодог. Хэрэв хүсэл зоригоо илэрхийлэх үйлдэл хийхдээ эрх зүйн дагуу биш эрх зөрчсөн үйлдэл гаргасан бол энэ нь захиргааны зөрчил, эрүүгийн хэрэг болдог тул П.Ад холбогдох эрүүгийн хэргийг шалгаж, эрүүгийн журмаар бүрдүүлсэн баримт нь иргэний хэрэгт нэхэмжлэлийг нотлох баримт болдоггүй юм.
Б.Ч нь хэлцэл байгуулагдсан эсэхийг нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй, улмаар үндсэн үүрэг байхгүй тул нэмэлт үүргийг шаардах эрхгүй байжээ.
Түүнээс гадна Б.Ч нь 2016.03.31-ний өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргахдаа “...будаа захиалж, П.Агийн Хаан банкны 5057175468 тоот дансанд 4 200 000 төгрөг, 2015 оны 11 сарын 11-нээс 18-ны хооронд гурил захиалж 5 011 000 төгрөг бэлнээр өгсөн, 2015.11.20-ны өдөр 2 255 000 төгрөгийг манай эхнэрээс залилж авсан байна. Нийт 11 466 000 төгрөгийг П.А нь итгэл эвдэн залилж авсан...” гэснээс үзэхэд гурил будаа худалдсан гэх үндэслэлээр түүний үнийг шаардсан нэхэмжлэлийн үндэслэл эргэлзээтэй байна. /хх-88/
Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 748 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00439 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196 886 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА