Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 74

 

  М.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                         Б.Манлайбаатар

                                                       Ц.Амаржаргал

Прокурор                                       О.Доржмаа

Хохирогч                                        Н.Б-

Хохирогчийн өмгөөлөгч                Л.Цуурай

Шүүгдэгч                                        М.Д-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж шийдвэрлэсэн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 323 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч М.Д-гийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-ын Д-д холбогдох эрүүгийн 1818001980168/Э тоот, 166/2018/0294/Э индекстэй 1 хавтастай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, И- овогт М-ын Д- /РД: **********/, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Хохирогч Н.Б-гийн нөхөр И.Э-, шүүгдэгч М.Д- нар нь гэр бүлээс гадуур дотно харилцаатай болсноос хохирогч, шүүгдэгч нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн ба шүүгдэгч М.Д- нь 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр 19 дүгээр байрны гадна иргэн Н.Б-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун талын 2 хавиргын хугарал, нүүр, цээжний баруун тал, зүүн тохой, зүүн хөлийн гадна шагай, шилбэний доод хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 323 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч И- овогт М-ын Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 405.000 /дөрвөн зуун таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Х- овогт Н-ийн Б- /РД: **********, утас:********/-д олгож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Д-г 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Д-д оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан- Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан щийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж,

-Шүүгдэгч М.Д-гийн Төрийн банкин дахь 140000449030 тоот дансанд байх 1.199.604 /нэг сая нэг зуун ерэн есөн мянга зургаан зуун дөрөв/ төгрөгийг битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

-Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Д- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Миний бие Н.Б-г олон удаа өшиглөж, дээрх гэмтлүүдийг үүсгээгүй, харин Н.Б- намайг өшиглөхөөр нь буцаагаад би 1 удаа өшиглөсөн, хохирогчийн нүүр болон 2 хавирганы хугарал зэрэг гэмтлийг би үүсгээгүй гэдгээ удаа дараа цагдаагийн байгууллага болон шүүхэд мэдүүлж ирсэн.

Н.Б- гэмтсэн асуудлынхаа талаар зөрүүтэй мэдүүлэг өгдөг, хохирогч Н.Б- нь өгсөн мэдүүлгүүд дээрээ нэг болохоор орцны гадаа зодуулсан гээд эсвэл орцноос үсдэж чирж гарсан гэсэн зөрүүтэй мэдүүлгүүд өгдөг. Өөрөө согтуу байсан болохоор уг зодуулсан гэх үйл явдал хаана болсныг санахгүй, ухаан алдсан гэх мэтээр илт зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг.

Хохирогч Н.Б-гийн өгсөн мэдүүлэг: Би гэртээ орох гэж байтал нэг эмэгтэй хүн хойноос өшиглөх шиг болсон. Намайг унахад нүүр, нүдгүй өшиглөөд байсан, би ухаан алдсан. Намайг орцноос гарангуут хоёр хүн барьж аваад нэг нь намайг өшиглөсөн. Цаашид юу болсныг санахгүй байгаа” гэх зэргээр зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг.

Гэтэл насанд хүрээгүй гэрч М.М-гийн мэдүүлгээс харахад миний бие Н.Б-г орцны гадаа үсдэж чирч, өшиглөж зодож гэмтээгээгүй, намайг орцноос гарч ирсэн гэж мэдүүлсэн байдаг.

Намайг 19-р байрны 4-р орц руу ороход Н. Б- орцондоо өөрөө унаад “ёо ёо” гээд сууж байсан бөгөөд гэр бүлийн нь хүн болох И.Э- нь босгох гээд гараас нь татаад зогсож байхад Н.Б- өөрөө намайг харчихаад босож ирээд намайг зүүн хөл рүү өшиглөсөн, дахиж намайг цохих гээд дайрахад нь би орцноос зугатаж гарсан, миний дүү М.М- гадаа З-р орцны харалдаа зогсож байсан.

Анхны үзлэг хийсэн хүлээн авахын эмч Н.Б-г согтуу байсан гэдгийг үзлэг дээрээ тэмдэглэсэн байдаг, мөн рентгений эмч болон гэмтлийн эмч нар 2 хавирганы хугарал нь шинэ биш хуучин бороолсон хугарал байна гэж рентген зураг болон үзлэгээрээ тодорхойлсон байхад шүүх эмнэлгийн 2 удаа хийсэн дүгнэлт шинэ хугарал гэж дүгнэлт гаргасанд эргэлзэж байна.

2018 оны 3 сарын 14-ний өдөр 16-р багийн хэсгийн цагдаагийн өрөөнд очиж мэдүүлэг өгөхөд хэсгийн байцаагч 19-р байрны 5 дугаар орцны харалдаа байдаг камерийн бичлэгийг харж байсан, намайг орцноос гараад гүйхэд миний араас Н.Б- гарч гүйж байгаа нь тэр бичлэг дээр харагдаж байсан. Хавтаст хэрэгт нотлох баримт болох ёстой энэ камерийн бичлэгийг хавсаргаагүйд гайхаж байна. Шүүх хурал дээр Н.Б- тухайн камерийн бичлэгийн талаар дурдаж байсан.

Дээрх нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, болсон асуудлын талаар удаа дараа тогтвортойгоор үнэн зөвөөр мэдүүлэг өгсөөр байтал миний биеийг гэм буруутайд тооцож, 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг эс зөвшөөрч, Н.Б-д хөнгөн хохирол учруулаагүйд тооцож энэ хэргээс цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч М.Д- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Н.Б- намайг эхэлж өшиглөсөн. Би 16-р багийн цагдаад тайлбар өгөхөд н.С- байцаагчийн үзүүлсэн 19-р байрны камерын бичлэгээс “Н.Б- намайг доромжилж араас гарч ирсэн байдаг” бөгөөд уг камерын бичлэгийг нотлох баримтын хүрээнд авч үзээгүй. Анхны түргэн тусламжийн эмчийн дүгнэлтээр Н.Б- согтолттой байсан болох нь нотлогддог.

Би Н.Б-гийн хавирга руу өшиглөөгүй, нүүр, ам руу нь цохиогүй. Н.Б- мэдүүлэгтээ “тухайн шөнө юу болсныг санахгүй байна, учир нь би согтуу байсан” гэж хэлсэн байдаг. Дээрх байдлаар Н.Б- нь ийм зөрүүтэй худал мэдүүлэг өгч намайг хэрэгтэн болгож байгаад болон камерын бичлэгийг нотлох баримт болгоогүйд миний бие гомдолтой байна” гэв.

Хохирогч Н.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“Тайлбар байхгүй” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Шүүгдэгч М.Д- нь хохирогч Н.Б-гийн гар утсыг авсан болох нь мэдүүлгээр нотлогддог. М.Д- мэдүүлэгтээ “Н.Б-гийн гар утсыг андуураад авсан” гэдэг, гэтэл М.Д- Н.Б-гийн гар утсыг авч мессежүүдийг нь нөхөр лүү нь явуулсан байдаг. Шүүгдэгчтэй хамт явж байсан эмэгтэй мэдүүлэгтээ “Эгч минь н.Э- ахын араас явсан, гарч ирэхдээ яарч сандраагүй байдалтай байсан” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч М.Д- тухайн үед камерын бичлэгийг авах талаар хүсэлт гаргаагүй, дараа нь бичлэг устсан байсан, мөн бичлэг дээрх дүрс бүдэг байсан. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор О.Доржмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Камерын бичлэгийн талаар мөрдөн байцаалтын шатанд яригдаагүй, гэтэл анхан шатны шүүх хурлын шатанд ярьсан. Шүүгдэгч М.Д- нь “н.С- хошуучид очиход надад камерын бичлэг үзүүлсэн” гэдэг. Хавтаст хэрэгт камерын бичлэг нотлогдсон талаар үзлэг хийсэн тэмдэглэл авагдаагүй. Нотлогдвол зохих байдлыг бүрэн нотолсон, бүх ажиллагааг хийсэн гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч хохирогч Н.Б-гийн нөхөр И.Э-, шүүгдэгч М.Д- нар нь гэр бүлээс гадуур дотно харилцаатай болсноос хохирогч, шүүгдэгч нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүсч шүүгдэгч М.Д- нь 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт 19 дүгээр байрны гадна иргэн Н.Б-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун талын 2 хавиргын хугарал, нүүр, цээжний баруун тал, зүүн тохой, зүүн хөлийн гадна шагай, шилбэний доод хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, шүүгдэгч М.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх, энэ ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчээс 405.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Б-д олгох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан щийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, М.Д-гийн Төрийн банкин дахь 140000449030 тоот дансанд байршилтай 1.199.604 төгрөгийг битүүмжилсэн прокурорын 10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.Д- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн үйл баримт нь хохирогч Н.Б-, гэрч И.Э-, П.Бадам нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нь өөрөө хохирогчийг өшиглөсөн гэдгээ хүлээн мэдүүлсэн, тухайн цаг хугацаанд шүүгдэгч М.Д-гээс өөр хүн хохирогчид халдаж биед нь гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй  байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Д-гийн үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, оногдуулсан ял шийтгэл нь үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байх тул энэ үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн ....хөнгөн хохирол учруулаагүй тул цагаатгаж өгнө үү...гэх гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                               ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                   ШҮҮГЧИД                                        Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                            Ц.АМАРЖАРГАЛ