Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00213

 

Ш.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/00526 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 827 дугаар магадлалтай,

Ш.Дгийн нэхэмжлэлтэй

“Ш Ш”ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ш.Дгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш Ш”ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Ш.Д миний бие “Ш Ш”ХХК-ийн захирлын 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай тушаалаар тус компанид анх ажилд орж, 2008 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хуулийн зөвлөхөөр 10 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд ямар нэг алдаа дутагдал гаргаагүй, компанийн үе үеийн удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ирсэн бөгөөд сахилгын болон зөрчлийн арга хэмжээ авагдаж байсангүй. Компанийнхаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн дагуу хамгаалж, хууль зүйн зөвлөгөө өгч ажилласаар ирсэн. “Ш Ш”ХХК намайг ажилд орохоос өмнө буюу 2004 оноос уурхайн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж 2009 онд баяжуулах үйлдвэр, үйлдвэрийн хаягдлын далан, уурхайн кемпын хэсгүүдээ барилгын техникийн комисс болон уурхай хүлээн авах комисст хүлээлгэн өгч уурхай, баяжуулах үйлдвэрүүдээ туршилтын журмаар ажиллуулж эхэлсэн. Гэтэл Баяжуулах үйлдвэрийн хаягдлын байгууламж нь чанаргүй баригдсаны улмаас газрын гүнд нилээд их хэмжээний шүүрэлт гарч уурхайн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, цагдаагийн байгууллагаас хамтарсан шалгалтаар зогсоож 2010, 2015 онуудад Улсын мөрдөн байцаах газраас мөрдөн шалгаж, байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн байцаах, прокурорын шатанд тогтоогдож хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр уг хэрэг хэрэгсэхгүй болсон. Үйлдвэрийн хаягдлын байгууламж нь 56 га газарт 36 метрийн гүнтэй 6 төрлийн химийн хорт бодис, хар тугалга, цайр, уран гэх мэт химийн хорт бодис болон хүнд металлуудын хольцтой бохир хаях зориулалттай байгууламж юмаа. Энэхүү байгууламжийн ойролцоо гүний усны орд газар байдаг, энэ усны ордоос “Ш Ш”ХХК-ийн ажилчид болон ойролцоох хэд хэдэн багийн иргэд ундаалдаг ба тус хаягдлын байгууламжийн дор газрын гүнд ч усны судал байх магадлалтай гэж усны мэргэжилтнүүд үздэг. Шүүрэлт гарсан үйлдвэрийн хаягдлын даланг дахин шинэчлэн засварлах, бүтээгдэхүүн тээвэрлэх замын чиглэлийг тогтоох асуудлаар миний бие компанийн гүйцэтгэх захирлын өгсөн чиглэлүүдийн дагуу холбогдох хууль тогтоомжууд, ажлын заавар, журам, норм, стандартуудыг нэг бүрчлэн судалсны үндсэн дээр үйлдвэрийн хаягдлын байгууламжид онцгой анхаарч арга хэмжээ авахгүй бол уурхайн ажилчид, хүн ам, хүрээлэн байгаа орчинд ноцтой хохирол учруулах, улмаар компанид эрсдэлтэй талаар тодорхой хууль зүйн зөвлөгөөг 2015 онд “Ш Ш”компанийн тухайн үеийн удирдах албан тушаалтнуудад өгсөн боловч харамсалтай нь миний өгсөн хууль зүйн зөвлөгөөг хүлээж аваагүй. Миний бие сүүлийн жилүүдэд Монгол Улсын хууль дээдлэх зарчмыг үл хүндэтгэдэг шинээр томилогдон ирсэн компанийн удирдлагад хавчигдаж, хүнд нөхцөлд ажиллаж байсан бөгөөд 2008-2017 оныг хүртэл компанийн үе үеийн удирдлагуудад хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар саналаа удаа дараа илэрхийлсэн боловч гэрээ байгуулах эрх бүхий удирдах албан тушаалтнууд хятадад байгаа, хотод байгаа ирэхээр нь хөдөлмөрийн гэрээ байгуулъя, толгой компанийн хуулийн хэлтэст хандаж гэрээ боловсруулна, эсхүл удирдлагууд удаан хугацаагаар нутаг явсан гэсээр 2018 оны 2 дугаар сарыг хүртэл надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтан надаас шалтгаалаагүй юмаа. 2007 онд “Ш Ш”ХХК-ийн цайр, хар тугалгын олборлох үйлдвэрийн хаягдлын далангийн суурийг мэргэжлийн бус компани норм, стандартын дагуу хийгээгүйгээс далангийн сууриас шүүрэлт гарч байгаль орчинд онц их хэмжээний хохирол учирсан нь 2013 онд эрүүгийн журмаар шалгагдан тогтоогдсон. Үүнээс хойш намайг хавчиж, заавал буруутгах зүйл хайж эхэлсэн. 2015-2018 онуудад Улаанбаатар хот дахь салбар газрын дарга Хөхбар нь надад ажил өгөх, захиралтай уулзуулах дургүй, захиралтай уулзахад орчуулга бүрэн хийгдэхгүй, ажил дээр суулгахгүй, улмаар дуудахаар ирж бай гэж зааварчилгаа өгсөн ба энэ хугацаанд компаниас цалин хөлсийг минь төлсөөр байсан. Энэ хугацаанд миний бие удаа дараа компанийн удирдлагуудтай уулзаж ажил өгөхгүй байгаа шалтгааныг тодруулахаар уулзахад компанийн удирдлагууд тодорхой юм хэлэхгүй байсаар ирсэн. Ингэж явсаар миний бие 2018 оны 2 сард компанийн гүйцэтгэх захирал Ли женд бичгээр ажлын байраа баталгаатай болгуулах, ажил өгөхгүй байгаа шалтгааныг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсч дахин хүсэлт гаргасан. Гэтэл миний гомдол хүсэлтэд хариу огт өгөөгүй, харин хөдөлмөрийн гэрээ байгуулах, дотоод журам, ажлын байрны тодорхойлолттой танилцаж хүлээн зөвшөөрөхийг шаардсан мэдэгдэл ирүүлсэн. Надад ирүүлсэн мэдэгдэлтэй танилцахад хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтууд нь намайг ажлаас халах зорилготой нь илэрхий байсан, хөдөлмөрийн дотоод журамтай танилцахад хүний эрх зөрчих магадлалтай заалтууд орсон байсан тул хөдөлмөрийн гэрээ байгуулах гол нөхцөл болох ажиллах нөхцөлийн талаар компанийн удирдлагуудаас асууж тодруулахад “Ш Ш”компанид хууль зүйн туслалцаа үзүүлж буй Нандинцэцэг хуульч энэ талаар МХЕГ дүгнэлт гаргана та энэ талаар ярьж шаардах эрхгүй гэж хэлсэн. Миний бие хуульчийн хувьд хүн, ам, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг ханган ажилласныхаа төлөө хүний хувьд бурханы шашин шүтдэг, бурханы шашинд ус, ургамал, ан амьтан, хөрс, шороо бүгд хүнтэй адил амьтай гэж үздэг учир Байгаль орчныг бохирдуулж болохгүй тухай үзэл бодлоо илэрхийлж, засч залруулахыг шаардсаныхаа төлөө ялгаварлан гадуурхагдаж, хавчигдсаар ажлаас үндэслэлгүй халагдсан. “Ш Ш”ХХК Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 -д Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэснийг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно гэж заасныг зөрчиж ялгаварлан гадуурхаж ажлаас орон тоо хассан гэх үндэслэлгүй бодит байдалд нийцэхгүй үндэслэлээр өөрсдийн давуу байдлаа ашиглан намайг халсан. “Ш Ш”компаниас хуулийн зөвлөхийн орон тоо хассан үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өгч, Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай гүйцэтгэх захирлын тушаалыг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ш.Д надад гардуулсан. Мэдэгдлийг гардан авч орон тоо хассан нь үндэслэлгүй талаар “Ш Ш”ХХК-ийн гүйцэтгэх захирал Ли Женд гомдол гаргасан боловч надад ямар нэг хариу ирүүлэхгүй байсаар 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр орон тоо хассан үндэслэлээр намайг ажлаас халсан тухай тушаалыг гардуулсан тул би шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. “Ш Ш”ХХК-д хуулийн зөвлөхийн хийх ажил, чиг үүрэг хэвээр байгаа нь бодит үнэн. Тиймээс би энэ мэдэгдэл, тушаалд бичсэн орон тоо хассан гэх үндэслэл нь үнэнд нийцэхгүй гэж үзэж байна. “Ш Ш”ХХК 2018 оны 5 дугаар сарын 25 буюу орон тоо хассан мэдэгдлийг надад өгсөн өдрөө Монголын Хуульчдын холбооны хариуцлагын хороонд намайг байгууллагын зөвшөөрөлгүйгээр Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж байгууллагын нууцыг задалсан, мэргэжлийн хяналтын газрын ажлыг хийлгэхгүй байнга гомдол гаргаж дарамталдаг гэх мэт зүйлийг дурдаж надад хариуцлага хүлээлгэхийг хүсч гомдол гаргасан байдаг. Ийнхүү “Ш Ш”ХХК-иас Монголын Хуульчдын холбоонд гаргасан 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн гомдолд байгууллагын удирдлагаас зөвшөөрөл авалгүйгээр Мэргэжлийн хяналтын газарт хандсан, байгууллагын нууцыг задалсан гэж бичсэн нь намайг Мэргэжлийн хяналтын газарт хандсанд илэрхий дургүйцсэн нь энэхүү баримт бичгээр нотлогдоно. Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооноос 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2/79 дүгээр захирамжаар “Ш Ш”ХХК-н гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Мөн Дачэн хуулийн нөхөрлөлтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй ажилладаг гэдгийг тус нөхөрлөлийн хуульч Норжинсүрэн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр батлан хэлсэн. “Ш Ш”ХХК-д миний өгч байсан хууль зүйн зөвлөгөөг Дачэн хуулийн нөхөрлөл өгч байгаа зэрэг үйл баримтуудаас миний ажлын албаны чиг үүрэг хэвээр байгаа, зөвхөн Ш.Д намайг халах гэсэн нь илэрхий бөгөөд, хэрэгт байгаа баримт бичгүүдээр нотлогдоно. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 32 042 714 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани анх Ш.Дтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь үнэн. Гэхдээ манайх хөдөлмөрийн гэрээ, журам өөрчлөөд явж байгаа. Ш.Дтай хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар удаа дараа хүсэлт гаргасан ч хуульд заасан эрхийг хөндөж байна гээд байгуулаагүй. Хэрэв эрх ашгийг нь зөрчиж байна гэж үзсэн тохиолдолд шүүхэд хандах ёстой байсан ч Хүний эрхийн үндэсний комисст хандаж зөвлөмж авч байгаа нь үндэслэлгүй байна. Манайх Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн зөвлөмжийг хүлээж авсан. Гэхдээ тухайн зөвлөмжид хүний эрхийг зөрчсөн талаар ямар ч зүйл байгаагүй. Бид нарын буруугаас болж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж байна. Бидний зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь нэхэмжлэгчийн буруу гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т зааснаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр 1 сарын өмнө мэдэгдэж, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарсан. “Ш Ш”ХХК нь 2016 оноос хойш өмгөөллийн Дачэн гэх нөхөрлөлтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Ш.Д хэлэхдээ 2016 оноос хойш надад ажил өгөхгүй байсан гэж байна. Компани өөр нөхөрлөлөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Гэтэл яагаад заавал том компанид хуульчийн орон тоо байх ёстой гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Ажил олгогчийн зүгээс өмгөөллийн нөхөрлөлтэй гэрээ байгуулсан учир хуульчийн орон тоог хасах эрх нь байгаа. Компанийн бүтэц өөрчилж, орон тоо хасах нь Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчийн эрхийн асуудал. Харин Ш.Дгийн ярьж буй зүйл нь ямар ч үндэслэлгүй. Ш.Дг ажлаас халсан тушаалд компанийн нууцыг задруулсан тул ажлаас халсан гэх үг үсэг байхгүй. Манайх орон тоо хасагдсан гэх үндэслэлээр л ажлаас халсан. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ажлын байрны тодорхойлолтод шаардлагатай тохиолдолд уурхай явж ажиллахаар заасан гэж байна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд уурхай явж ажиллахаар заасан нь үүрэг болгосон зүйл биш. Мөн Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөхгүй гэж хэлсэн гэж байна. Энэ нь хүнийг гүтгэсэн асуудал. Тиймээс манай компанийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг халсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/00526 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Ш.Дг “Ш Ш”ХХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, “Ш Ш”ХХК-аас 29 634 872 төгрөг гаргуулан Ш.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажлын байрны орон тоо хассан нь үндэслэлгүй болохыг тогтоолгох болон 2 063 252 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны дээрх цалингийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 827 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/00526 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “Ш Ш”ХХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 125 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Д хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэг. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчсөн тухайд: ...Дээр дурдсанчлан надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах баримт бичгүүд хууль зүйн үндэслэлгүй болсон ба хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг “ажил албан тушаалын жагсаалтаас хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр цуцалсан хэмээн дараах 2 баримтыг үндэслэн тайлбарладаг боловч тэдгээр нь дор дурдсан байдлаар үндэслэлгүй болно. 1. Гүйцэтгэх захирлын 356 дугаар тушаал: Энэ тушаал дараах байдлаар үндэслэлгүй: - ГЗ-ын эрх хэмжээ тодорхойгүй. Компанийн дүрмийн 7.2 дахь хэсэгт “Гүйцэтгэх захирлын эрх хэмжээг түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээр тодорхойлно” гэж заасан боловч хариуцагчийн зүгээс Гүйцэтгэх захирал ямар эрх хэмжээтэйг буюу тушаалд дурдсан эрх хэмжээг буюу компанийн ажил, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй эсэх байдлыг нотлоогүй. - Хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан гэх нь тушаалаас харагдахгүй, Хариуцагч тайлбарын энэхүү үндэслэлээ нотлоогүй. 2. Хувьцаа эзэмшигчийн компанийн бүтэц, орон тоог өөрчлөх тухай 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр: Энэхүү шийдвэрийг эрх бүхий этгээд гаргаагүй болох нь нотлогдсон байхад давж заалдах шатны шүүх “хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан” гэх баримтаар нотлоогүй дүгнэлтийг хийсэн ба энэхүү дүгнэлт нь дараах байдлаар үгүйсгэгдэнэ. - УБЕГ-аас ирүүлсэн “Ш Ш”ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, дүрмээс харахад тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Грейт Промис энтерпрайз компани байх бөгөөд “Ш Ш”ХХК-ийн дүрмийн 7 дахь хэсгийн 7.1 дэх хэсэгт “Компанийн эрх бүхий дээд байгууллага нь “хувьцаа эзэмшигч өөрөө байна” гэж заасан ба дүрмийн аль ч заалтаар төлөөлөгч эрх бүхий дээд байгууллагын эрхийг хэрэгжүүлэх асуудлыг зохицуулаагүй. -”Ш Ш”ХХК-ийн дүрмийн 9.1 дэх хэсгийн заалтаар Компанийн эрх бүхий албан тушаалтанд Хувьцаа эзэмшигч, Гүйцэтгэх захирал, Ерөнхий нягтлан бодогчийг тооцох тухай заасан ба энд мөн хувьцаа эзэмшигчийн төлөөлөгчийг эрх бүхий албан тушаалтанд тооцох тухай зохицуулалт байхгүй. - “Ш Ш”ХХК-ийн дүрмээр дээр дурдсанчлан төлөөлөгч эрх бүхий албан тушаалтанд тооцогдох эсэх асуудлыг зохицуулаагүй хэдий ч хувьцаа эзэмшигчээс эрхээ шилжүүлсэн, итгэмжлэл олгосон эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй буюу хариуцагч тушаалынхаа хууль зүйн үндэслэлийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. - Хариуцагчаас эрх бүхий этгээд “орон тоо хасах шийдвэр гаргасан” гэх үйл баримтыг нотлохоор 2 баримт гаргаж өгсөн боловч тэдгээр нь дараах байдлаар хариуцагчийн тайлбарыг бүрэн нотлохгүй буюу үгүйсгэж буйг давж заалдах шатны шүүх зөв үнэлээгүй. ... Дээр дурдсанчлан орон тоо хасах эрх бүхий этгээдийн шийдвэр хууль ёсоор гараагүй байхад Давж заалдах шатны шүүх “хуулийн зөвлөхийн орон тоо” хасагдсан хэмээн дүгнэж, тус шийдвэрийг үндэслэн гаргасан Ш.Дтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан 395 дугаар тушаалыг зөвтгөн дүгнэсэн шийдвэр гаргасан нь ИХШХШТХ-иар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн бөгөөд энэ үндэслэлээр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. 3. Шүүх хариуцагчийн миний хөдөлмөрлөх эрхийг боогдуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан нөхцөлд ажиллуулах, тус нөхцөлөөр хангах үүргээ хэрэгжүүлээгүй, миний хариуцагч-ажил олгогчоос тус үүргээ биелүүлэхийг шаардсаны улмаас Хөдөлмөрийн гэрээ байгуулагдах эсэх дээр маргаантай асуудал үүсч байсан үйл баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь зөв үнэлэлгүйгээр, хариуцагчид илт давуу байдал олгох байдлаар “...хөдөлмөрийн харилцааны явцад зохигчдын хооронд маргаантай асуудал үүсч байсан бодит үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэснээр ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн заалтаар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг мөн зөрчсөн. Хоёр. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Шүүх дээр дурдсанчлан нотлох баримтыг илтэд нэг талыг баримтлан үнэлснээс, мөн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүйгээс хуулийг дараах байдлаар буруу тайлбарлан хэрэглэсэн: - Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Компанийн тухай хуулийн 16, 59, 62, 63, 83, 84 дүгээр зүйлийн заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Тодруулбал, шүүх хуулийн эдгээр заалтыг хэрэглээгүйн улмаас эрхгүй этгээдийн “орон тоо хасах тухай” шийдвэрийг үндэслэлтэйд тооцон “хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан байна” гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй болсон. - Хариуцагч-ажил олгогч шүүхэд “Манай компани нэхэмжлэгч Ш.Дтай Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй” хэмээн хариу тайлбар гаргаж, “байгуулаагүй Хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл” өгч, улмаар “байгуулаагүй Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал” гаргаснаа зөвтгөн мэтгэлцсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээ гэж ... харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ” гэж томъёолон хуульчилсан. Тодруулбал, хуулийн тус заалтаар ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсон нөхцөлөөр Хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагыг хуульчилсан байтал шүүх ажил олгогч, ажилтан Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохироогүйн улмаас /гомдлын 1 дүгээр хэсгийн 3 дугаар заалтад заасан шалтгааны улмаас/ гэрээ байгуулагдаагүй байсан үйл баримтыг ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийн “Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй” гэж заалтыг буруу хэрэглэж, надтай байгуулсан гэрээг цуцалсныг зөвтгөн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Гомдлыг хүлээн авч, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч “Ш Ш”ХХК-д холбогдуулан хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, олговор 29 634 872 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх ажил олгогчийн тушаалын үндэслэлийг зөрүүтэй байдлаар дүгнэснээс өөр өөр шийдвэрийг гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Хөдөлмөрийн хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн ба магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна. Магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино.

Ш.Д нь 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс “Ш Ш”ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 395 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар ажлаас чөлөөлөгджээ. Анх ажилд томилсон ажил олгогчийн тушаалд Ш.Дг “хуулийн зөвлөх, хүний нөөцийн ажилтнаар томилсугай...” гэж заасан боловч Ш.Д нь зөвхөн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан, ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд тохирсон цалин хөлсөө авч байсан үйл баримт тогтоогджээ.

“Ш Ш”ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Грейт промис энтерпрайз компани болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаагаар тогтоогдсон ба “Ш Ш”ХХК-ийн үр ашгийг нэмэгдүүлэх, оновчтой шийдвэр гаргах, хяналтыг бэхжүүлэх зорилгоор тус компанийн ажилчдын ажил, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах эрхийг гүйцэтгэх захирал Л.Жд олгожээ. /хх101-104, 135/ Хувьцаа эзэмшигчийн дээрх шийдвэрийг үндэслэн “Ш Ш”ХХК-ийн гүйцэтгэх захирал 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 356 дугаар тушаалаар компанийн бүтцийг тогтоож, үүнд хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр а-18-171 дугаар мэдэгдлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг Ш.Дд мэдэгджээ. /хх-14-15, 43-46/ Ажил олгогч нь бүрэн эрхийн дагуу компанийн орон тоо, бүтцийг тодорхойлсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн зүйлийн 40.5.-д заасан журмыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх ажил олгогчийн эрх, орон тоо хасагдсан үндэслэл, энэ талаар ажилтанд мэдэгдсэн байдал, тэтгэмж олгох эрх зүйн асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1-д заасан хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан шаардлагад нийцжээ.

Ажил олгогч нь хуулийн зөвлөхийн орон тоог хасч, эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээ явуулдаг хуулийн этгээдтэй гэрээ байгуулан ажиллахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийг халах зорилгоор орон тоог хассан шийдвэр гаргасан гэж үзэх хангалттай баримт, нотолгоо хэрэгт байхгүй байна.

Анхан шатны шүүх орон тоо нэмэгдсэн, хуулийн зөвлөхийн ажил үүрэг хэвээр байгаа гэж үзсэн нь ажил олгогчийн эрх хэмжээг үгүйсгэсэн, хуулийн үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй ба ажилтанд адил чанарын өөр ажил, албан тушаал санал болгоогүй гэж дүгнэсэн нь орон тоо хасагдсан болохыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай болсон, улмаар Хөдөлмөрийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгчийн гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгох боломжгүй байна. Зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч хөдөлмөрийн харилцаа үүссэн, хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу дуусгавар болох ёстой тул гэрээг бичгээр байгуулаагүй нь орон тоо хассан ажил олгогчийн шийдвэрийг буруу гэж үзэх үндэслэл болохгүй болно. “Ш Ш”ХХК-ийн үүсгэн байгуулагч, хуулийн этгээд Грейт промис энтерпрайз компаниас гүйцэтгэх захирал Л.Жд эрх олгосон тушаал, уг тушаалд гарын үсэг зурж, компаний тамга дарагдсан байгаа нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно.” гэж заасныг зөрчөөгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 827 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Дгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                                          П.ЗОЛЗАЯА