Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2020/00239

 

Х.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/00662 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 796 дугаар магадлалтай,

Х.Эын нэхэмжлэлтэй

Г.Хт холбогдох

Орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Х.Эын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Э, хариуцагч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Х гэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр миний ээж Г.Этэй зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг зээлж, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11-101 тоот 3 өрөө, 5 хүний өмчлөлд байдаг, орон сууцанд минь хууль бусаар орж суусан байх бөгөөд миний бие Дорнод аймагт албан томилолтоор ажиллаж байгаад ирээд энэ талаар мэдсэн болно. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ иртэл Г.Х нь орон байранд маань суучихаад 15.000.000 төгрөг зээлүүлсэн. Зээлийн гэрээг үзвэл 1 жилийн хугацаатай, хүүгүй, зээлийн хугацаа дуусахад үндсэн зээлийг бүрэн шилжүүлсэн байна. Зээлийн барьцаанд ямар нэгэн эд хөрөнгө барьцаалаагүй болно. Иймд Г.Хыг Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11- 101 тоот 3 өрөө байрнаас албадан гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шуурхай зар сонин дээр хэвлэгдсэн 15.000.000 төгрөг зээлж 2 өрөө байрандаа суулгана гэсэн зарын дагуу Г.Эгэж хүнтэй холбогдож, уулзсан. Надтай уулзахдаа хүү хөдөө ажиллаж байгаа гэж хэлсэн. Яагаад 3 өрөө байраа 2 өрөө байр гэсэн юм бэ гэхэд бид өөрсдийн эд зүйлээ нэг өрөөндөө хийж цоожилсон. 2 өрөөг нь түрээслүүлнэ. Банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй байгаа. Энэ зээлийг ямар ч байсан дараад өг. Гэрчилгээ нь банк бус санхүүгийн байгууллага дээр байгаа учраас түрээсийн гэрээ хийх боломжгүй байна. Зээлийн гэрээ хийе гээд зээлийн гэрээ хийсэн. Тэгээд би 15.000.000 төгрөгийн зээлийг нь банк бус санхүүгийн байгууллагад төлж өгсөн. Нэг жилийн хугацаатай 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл байранд нь амьдрахаар тохиролцоо хийсэн. Г.Эгэж хүн манай хүү ирж хувцас хунараа авна гэж хэлж байсан. 10 дугаар сард хүү нь байранд орж ирээд бидэнтэй зүй бусаар харьцаж байсан. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрэв 15.000.000 төгрөгийг буцаан өгвөл байр чөлөөлж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/00662 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байр, 101 тоот орон сууцыг хариуцагч Г.Хын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Х.Эын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Эоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 796 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/00662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.Э хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв үнэлээгүйгээс шийдвэр хууль бус, шударга бус боллоо гэж үзэн гомдолтой байна. Иргэн Г.Х нь 2018 оны 09 сарын 25-ны өдөр иргэн Г.Этэй нэг жилийн хугацаатай 15 сая төгрөгийг хүүгүйгээр зээлсэн бөгөөд зээлийн гэрээний 2.5-д Зээлийн хугацаа дуусахад үндсэн зээлийг бүрэн төлсөн \шилжүүлсэн\ байна 3.6-д “Зээлийн барьцаанд ямар нэгэн эд хөрөнгө бариулаагүй” гэжээ. Зээлийн гэрээ нь Г.Х, Г.Энарын хооронд байгуулагдсан, Г.Х нь надтай миний зээлийг төлөх талаар нэг ч үг яриагүй, би ийм байдлаар зээл төлүүлэх эсэхээ өөрөө шийдвэрлэх бүрэн чадамжтай, насанд хүрсэн хүн. Давж заалдах шатны шүүх үйл баримт тогтоогдсон гэж маргааныг шийдвэрлэсэн байна. Харин манай гэр оронд ээж бидний дунд энэ асуудлаас болж маргаан болж, би өнөөдөр орох оронгүй, зочид буудал хэсч амьдарч байна. Миний бие банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахдаа гэр орондоо амьдраад хуульд заасан журмаар нь орон сууцаа барьцаалаад дүрэм журмын л дагуу байсан шүү дээ. Хариуцагч надтай холбоотой өрийг төлж байгаа бол өөр хүнтэй гэрээ байгуулж миний өрийг төлөх, миний өрийг төлсөн нь орон сууцанд хууль ёсоор суух эрх болно гэдгийг би зөвшөөрөхгүй гомдолтой байна. Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1-д заасан “...Г.Хын эзэмшлийг хууль бус гэж үзэх эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй...” гэхийг би зөвшөөрөхгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна гэж үзэж гомдолтой байна. Шүүхийн шийдвэрт заагаад байгаагаар талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаагүй. Энэ хэрэгт байхгүй баримт дурьдаж гэрчээр оролцсон этгээдийн хариуцагчтай хийгээгүй гэрээний талаар шүүх дүгнэлт хийж “Г.Э, Г.Х нарын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх хэлцэл хуульд заасан агуулга, талуудын хүсэл зоригт нийцсэн хүчин төгөлдөр байна” гэх нь ойлгомжгүй, хууль бус байна. Миний өмчлөлийн орон байрыг миний зээлийг төлж байгаад эзэмшиж ашиглах ямар ч хэлцэл гэрээг би байгуулаагүй. Миний өмнөөс гэрээ байгуулагдаж миний эрх ашиг зөрчигдөхийг хууль бас хамгаалдаг гэж би ойлгож байгаа тул шүүхийн шийдвэрийг шударга бус гэж үзнэ. Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хууль бусаар оршин суугаа иргэн Г.Хыг миний байрнаас албадан гаргаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Г.Хт холбогдуулж Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байр, 101 тоот орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар зохих дүгнэлт хийж, өмчлөгчийн шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй талаар Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргаж буй этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч байхаас гадна эд хөрөнгийг өөртөө байлгаж буй этгээдийн эзэмшил хууль бус бол өмчлөгчийн эрх хамгаалагдах учиртай байна.

Х.Э нь маргаж буй орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамт дундаа хамтран өмчилдөг, өмчлөгч мөн хэдий ч хариуцагч Г.Хын эзэмшил хууль бус учир орон сууц чөлөөлүүлэхийг шаардах эрхгүй нь тогтоогджээ.

Орон сууцны хамтран өмчлөгч, нэхэмжлэгчийн ээж Г.Энь Г.Хтай 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 15 000 000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай зээлэх, зээлийн хүүд 3 өрөө орон сууцаа хөлслүүлэхээр харилцан тохиролцсон байна. Х.Э нь Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-иас зээл авсан боловч 14 930 649 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байсан, зээлийг төлөхийн тулд түүний ээж Г.Эзээлийн гэрээ байгуулсан, Г.Х нь гэрээний дагуу Х.Эын зээл 14 901 200 төгрөгийг Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-д шилжүүлсэн, улмаар орон сууцыг эзэмшсэн үйл баримт тогтоогджээ. Х.Э нь дээрх байдлаар өөрийн өр төлөгдснийг мэдсэн, дундын хамтран өмчлөлийн зүйл болох орон сууцыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Хяналтын шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Х.Э нь орон сууцаа хүлээж авсан, хариуцагч нь орон сууцыг чөлөөлсөн талаар тус тус тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч нь гомдлоо дэмжиж оролцсон болно.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлд хамаарахгүй тул нотлох баримтын бүрдэл, үнэлгээ, маргааны үйл баримтын талаарх гомдлыг хяналтын шатны шүүх хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/00662 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 796 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                      П.ЗОЛЗАЯА