| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ядамсүрэнгийн Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0294/Э |
| Дугаар | 75 |
| Огноо | 2018-11-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 75
Б.Н-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Я.Туул
Шүүгчид Б.Манлайбаатар
Ц.Амаржаргал
Прокурор А.Оргилбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туулын даргалж 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 331 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н-ийн гаргасан давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-т холбогдох эрүүгийн 1818005950338 тоот 1 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, И- овогт Б-ын Н- /РД: **********/ нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар цэцэрлэгийн хажуу талын гудамжинд П.Б-ийг “нөхөртэйгээ хардаж, хэрүүл маргаан үүсгэлээ” хэмээн маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Б.Н-т холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1350 нэгжтэй тэнцэх буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
Шүүгдэгч Б.Н- шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “Би гэм буруугийн тал дээр ямар нэгэн байдлаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, гэмшсэн. Урьд нь ямар нэгэн зөрчил гаргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардал 270.000 төгрөг төлж хохиролгүй болгосон байдлыг харгалзан үзэж торгох ялыг багасгаж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгуулийн доод хэмжээгээр торгож ахуй амьдралд минь туслана уу” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Атарбямба давж заалдах гомдлыг дэмжиж тайлбарлахдаа: Шүүгдэгч ялыг багасгаж, доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулах, гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа ойлгож байна гэж давж заалдах гомдлын үндэслэл гаргасан. Өмгөөлөгчийн хувьд гэмт хэрэг гарсан шалтгаан, гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ялын хэмжээг багасгах боломжтой гэж үзэж байна. Хэрэг гэр бүлийн маргаанаас болсон гэж ярьдаг боловч Б.Н- өөрийнхөө 10 настай хүүхэдтэй өдөр явж байсан, гэтэл Б.Н-ийн хамар луу цохьсон байдаг. Хохирогч намайг мөргөөд хамраас цус гарсан гэж гуйвуулж ярьсан байдаг. Хэргийн талаар нотлох гэрч нь 10 настай охин нь байна. Хохирогчийн хувийн байдлын хувьд худал хэлдэг болох нь харагддаг. Зогсож бай гэж орилоод гүйсэн, нөхөр нь цаашаа гэрлүүгээ орсон гэдэг. Б.Н- бусад эд зүйлээр цохиогүй, согтуу байгаагүй. Б.Н-ийн хүзүү бас урагдсан нөхцөл байдалтай байсан. Хардаад байгаа зүйл нь нууцлаад байх зүйл байгаагүй. Өдрийн цагаар бага насны хүүхэдтэйгээ явж байсан болохоор хардах үйлдэл хийх боломжгүй. Б.Н- нь цайны газарт ажиллаж сард 250.300 төгрөгийн цалин авдаг, хүүхдээ тэжээдэг, ээж нь бие муутай, ар гэрээ авч явдаг. Торгуулийн ял болох 1.350.000 төлөхөд боломжгүй учраас давж заалдах гомдол гаргасан гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оргилбаяр гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна. Гэхдээ давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар өөрчлөлт оруулан ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.
Тодорхойлох нь:
Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 3 дугаар цэцэрлэгийн хажуугийн гудамжинд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18:00 цагийн орчим Б.Н- нь П.Б-тэй маргалдаж, түүнийг зодож биед нь гэмтэл учруулсан үйл баримт тогтоогджээ.
Б.Н-ийн дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж үзээд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөх ажиллагаа явуулж, Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Б.Н-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл оногдуулжээ.
Шүүгдэгч Б.Н- анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо “... урьд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардал 270.000 төгрөг төлж хохиролгүй болсон байдлыг анхааран үзэж торгох ялыг багасгаж...” өгөхийг хүссэн үндэслэл гаргасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Н- нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18:00 цагийн орчим хохирогч П.Б-ийг өөрийн нөхөр Н.Отгонбаяртай хардаж маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч Б.Н-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, Б.Н-т шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 331 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Ц.АМАРЖАРГАЛ