Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2020/00266

 

С Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 139/ШШ2019/00045 дугаар шийдвэртэй,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 218/МА2019/00009 дугаар магадлалтай,

С Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

25.795.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор Ш.О, нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С Х ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай компани нь ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг. Өмнөговь аймгийн засаг даргын Тамгын газартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх талбайг шинээр зүлэгжүүлэх ажлын гэрээг 2015 оны 6 сарын 10-ны өдөр байгуулсан. Тус гэрээний дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх 10448 м.кв талбайг шинээр зүлэгжүүлэх ажлыг олон улсын стандартад нийцсэн 5-8 төрлийн холимог сортын үрээр Швед технологоор техникийн нөхцөлд заасны дагуу чанартай гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгч үүргээ биелүүлсэн болно. Дээрх гэрээний зүйл болон ажлын үр дүн, гүйцэтгэл, ажлын хөлсний талаар талууд маргаангүй болно. Харин Говь шанх наадам зохион байгуулагдсанаас болж үүссэн халцралтыг зассан үнийг нэхэмжилж байгаа юм. Бага хэмжээгээр халзарсан бол манайх засаж янзлана, харин их байвал Өмнөговь аймгийн тамгын газар санхүүжүүлж янзална гэж тухайн үед комисс гаргаж тохиролцон ажиллаж байсан. Иймд гэрээгээр гүйцэтгэвэл зохих үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар болон гэрээний 14-т зааснаар захиалагч нь гэрээний заалтын дагуу төлөх бусад дүнг гэрээнд заасан хэлбэрээр гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй тул ажлын хөлс 25.795.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч компанитай Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг зүлэгжүүлэх ажлыг 150.000.000 төгрөгөөр гүйцэтгэх гэрээг 2015 оны 6 сарын 10-ны өдөр байгуулсан. Гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг 2015 оны 7 сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөхөөр талууд тохирсон боловч гүйцэтгэгч тал ажлыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд дуусах боломжгүй болсон тул аймгийн төлөвлөгөөт ажил Говь шанх 5 хурдан морины уралдааны ёслолын ажиллагааг төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд зохион байгуулсан. Нэхэмжлэгч компаний нөхөн тариалалт хийх зардал хүссэн албан бичигт 2015 оны 7 сарын 30-ны өдөр албан бичгээр зардал гаргах боломжгүй, мөн ажлын гүйцэтгэлийг сайжруулах зөвлөмжиийг гүйцэтгэгчид хүргүүлсэн. 2015 оны 8 сарын 20-ны өдрийн ажил хүлээлцсэн актад гэрээний дагуу 133.886.035 төгрөг гүйцэтгэгч талд төлснөөс үлдэгдэл 16.113.935 төгрөгийг төлөх, нөхөн тариалалтын зардал 25.795.000 төгрөгийг хянаж олгох нь зүйтэй гэж тамгын газрын дарга Б.Түвшинбаярын тэргүүлсэн ажил хүлээн авах комисс үзсэн хэдий ч албан ёсны шийдвэр биш юм. Тухайн ажилтай холбогдуулан санхүүжилт олгох талаар Тамгын газрын даргын шийдвэр гараагүй байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч тал гэрээний хугацаа хэтрүүлснээс үүссэн үр дагаварыг захиалагч хариуцах боломжгүй. Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас нөхөн тариалалт хийсний зардал 25.795.000 төгрөг гаргуулах тухай С Х ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 139/ШШ2017/00045 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар С Х ХХК-ний нэхэмжлэлтэй Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс 25795000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 218/МА2019/00009 дугаар магадлалаар Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 139/ШШ2017/00045 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 25.795.000 төгрөг гаргуулж С Х ХХК-д олгосуай гэж өөрчлөн, Шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 286925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 286.925 төгрийг гаргуулж нэхэмжлэгч С Х ХХК-д олгосугай гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286925 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...2015 оны 6 сарын 10-ны өдөр захиалагч болох аймгийн Засаг даргын Тамгын газар, гүйцэтгэгч С Х ХХК-ийн хооронд Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг шинээр зүлэгжүүлэх ажлын 150.000.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ТГ/ӨМ2015/44 гэрээг байгуулсан. Гүйцэтгэгч тал гэрээгээр тохиролцсон хугацаанд ажлаа дуусгаж хүлээлгэн өгөөгүйн улмаас 2015 оны 7 сарын 27-ны өдөр талууд харилцан тохиролцож ТГ/ӨМ2015/44-1 дугаартай нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр зөвхөн ажил хүлээн авах хугацааг 1 сарын хугацаатай сунгаж 2015 оны 8 сарын 20-ны өдөр болгон өөрчлөлт оруулахдаа “Дээрх хугацаанаас бусад нь үндсэн гэрээний заалт хэвээр байх болно” гэж ажил хүлээн авах хугацаа сунгаснаас бусад асуудлыг тухайн гэрээгээр зохицуулаагүйг тодорхойлж өгсөн юм. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 7 сарын 22-ны өдрийн а/118 дугаар тушаалаар байгуулагдсан “Ажил хүлээн авах комисс”-ын тэмдэглэл, дүгнэлтэд “нөхөн тариалалт хийлгэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдүүлэх, нөхөн тариалалт хийсний санхүүжилтийг олгох нь зүйтэй” гэж дүгнэсэн байдаг ч энэ нь захиалагч буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны байр суурь, шийдвэр биш байсан. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь хуулийн этгээд тул түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрх Тамгын газрын даргад олгогдсон байдгаас үзэхэд ажил хүлээн авах комиссын гишүүдийн “хөрөнгө шийдүүлэх нь зүйтэй ...гэж дүгнэв” гэсэн дүгнэлтийг аймгийн Засаг даргын Тамгын газрын шийдвэр гэж үзэх, эсхүл нэмэлт гэрээ байгуулан, гэрээний үнэд өөрчлөлт оруулах эрхийг тухайн комисст олгосон гэж үзэх үндэслэлгүй юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Худалдан авах гэрээнд дараахь өөрчлөлт хийхийг хориглоно”, 41.1.2-т энэ хуулийн 40.4-т зааснаас бусад тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх” гэж заасан тул захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд үүссэн харилцааг зохицуулсан тухайн хуулийн хориглолтод үнэ нэмэгдүүлэх нь хамаарч байгаа тул захиалагчаас гэрээний үнийг нэмэгдүүлж гэрээ байгуулах боломжгүй байсан. Шүүхийн магадлалд “...хариуцагч тал тухайн үедээ гэрээгээр тохирсон ажлын гүйцэтгэлийн талаар Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар захиалагч талаас гүйцэтгэгч С Х ХХК гэрээний нөхцөл зөрчсөн тухай яриагүй, ажлын үр дүнд ямар нэгэн доголдол байсан талаар гомдлын шаардлага гаргаагүй байна” гэж дүгнэсэн нь ажил хүлээн авах комиссын 2015 оны 7 сарын 22-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсан “Б.Пүрэвтулга: Техникийн нөхцөлд эхний удаад тайралт хийлгэж хүлээн авна гэж заасан байгаа, тэгэхээр өндөр нь 7-10 см ургасан байх”, “Н.Мөнхгэрэл: Одоогоор 10488 м2 талбайн 15 хувьд нь 5-7 см, 75 хувь нь 3-4 см, 6.5 хувь нь 1-2 см өндөр зүлэгтэй байна. 3 хувь нь дөнгөж соёолж байгаа, 0.5 хувь нь соёолж амжаагүй байна”, “Ц.Алтангэрэл: Гэрээ дуусч байна. Гэтэл зарим хэсгээрээ халцгай болох нь ойлгомжтой харагдаж байна, бүрэн ургасны дараа нөхөн тариажилт хийгдэнэ...” гэсэн техникийн нөхцөлд заасан зүлэгний ургасан байх хэмжээ, түүнчлэн гэрээний хугацаа дууссаны дараа зүлэгний ургалтын хэмжээ, баяр наадам зохион байгуулагдаагүй байхад зарим хэсгээрээ халцгай болох нь тодорхой байгаа байдал, энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан ажлыг хүлээн авах боломжгүй байгаа зэрэг үйл баримтыг үнэлээгүй байна. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дууссан ч техникийн нөхцөлд заасан зүлэгний ургах хэмжээнд хүрээгүй байгаа үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, тус өдрийн комиссын хуралдааны тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь хэсэгт “Зүлэгний ургалт, үндэсний бэхжилт сайжрах, зүлэг хоорондын зай багасч өтгөн ургасан дараа нь хүлээж авахаар гэрээг 8 сарын 15-н хүртэл сунгахаар шийдвэрлэв” гэсэн байхад давж заалдах шатны шүүхээс “ажлын гүйцэтгэлийн доголдлын талаар 352 дугаар зүйлийн 352.4-т заасан эрхээ хэрэгжүүлээгүй...” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. 2015 оны 6 сарын 10-ны өдөр захиалагч болох аймгийн Засаг даргын Тамгын газар, гүйцэтгэгч С Х ХХК-ийн хооронд Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг шинээр зүлэгжүүлэх ажлыг гэрээний хугацаанд хүлээн авалгүй 2015 оны 7 сарын 27-ны өдрийн ТГ/ӨМ2015/44/-1 дүгээр нэмэлт гэрээ байгуулагдах болсон бодит шалтгаан нь гүйцэтгэгч буюу С Х ХХК нь гэрээт ажлыг хугацаандаа эхлүүлж, мөн хугацаандаа хүлээлгэн өгөөгүйтэй холбоотой юм. Энэхүү ТГ/ӨМ2015/44/-1 дүгээр гэрээгээр ажил хүлээн авах хугацааг нэгдүгээр заалтаар сунгаад, хоёрдугаар заалтаар “ажил хүлээн авах хугацаа сунгаснаас бусад үндсэн гэрээний заалт хэвээр мөрдөгдөнө” гэж зохицуулж байгаа харилцааг тодорхой заасан байхад давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Дээр дурдсан хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гаргасан гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

С Х ХХК, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан нэмэлт ажлын хөлс 25.795.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

  1. Хэргийн баримтаар дараах байдал тогтоогдсон байна.

Зохигчийн хооронд 2015.06.10-ны өдөр байгуулагдсан гэрээгээр С Х ХХК нь Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар тус аймгийн Даланзадгад сумын Төв цэнгэлдэх хүрээлэн доторхи 10488 м.кв талбайг зүлэгжүүлэх ажлыг 2015.06.10-7.20-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх, захиалагч ажлын хөлсөнд орон нутгийн төсвийн хөрөнгөөс 150.000.000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

Захиалагч талаас 2015.07.22-ны өдөр ажил хүлээн авах комисс томилсон байх бөгөөд 2 талын төлөөлөгч оролцсон комиссын мөн өдрийн хуралдааны тэмдэглэлд “...ажлыг хожуу эхэлсэн, цаг агаар ч нөлөөлсөн, зарим газраа дөнгөж соёолж байна, техникийн нөхцөлд 7-10 см ургасан байх, эхний удаад тайралт хийлгэж хүлээн авна гэсэн, одоогоор 10488 м.кв талбайн 15 хувьд 5-7 см, 75 хувьд 3-4 см, 6.5 хувь 1-2  см  зүлэгтэй, 3 хувь нь дөнгөж соёолж байгаа 0.5 хувь нь соёолж амжаагүй байгаа, гэрээ дуусч байна, гэтэл зарим хэсгээрээ халцгай болох нь ойлгомжтой харагдаж байна, бүрэн ургасны дараа нөхөн тарилт хийгдэнэ, зүлэг сийрэг байна, баяр наадмын үйл ажиллагаатай холбоотой зүлэг их хэмжээгээр халзарч сүйдвэл бид комиссоороо ярилцаж байгаад зардал мөнгийг шийдүүлээд нөхөн тарилт хийлгэх саналтай байна.” гээд гэрээний хугацааг сунгахаар ярилцжээ. /хх-103-104-р тал/

2015 оны 07 сарын 24-26-ны өдрүүдэд баяр наадмын арга хэмжээ зохион байгуулагдсан ба талууд 2015.07.27-ны өдөр 44/1 тоот нэмэлт гэрээ бичгээр байгуулж, ажлын үр дүнг хүлээн авах хугацааг 2015.08.20 хүртэл сунгасан, /хх-196-р тал/ 2015.07.28-ны өдөр 2 талын мэргэжилтэн ажлыг газар дээр нь үзээд зарим газар халцарсан байна гэж, нэмж тарих санхүүжилтийг дарга нарт уламжлахаар тогтсон /хх-101-р тал/, 2015.08.20-ны өдрийн актаар ажлын үр дүнг хүлээн авсан /хх-6-р тал/, захиалагч анх тохирсон ажлыг хөлс 150.000.000 төгрөгийг бүрэн төлсөн талаар зохигч маргаагүй байна.

2. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ болохыг хоёр шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа, “...5450 м.кв талбайд нөхөн тарилт хийх талаарх талуудын тохиролцоо нь тэдгээрийн тайлбар, 2015.07.27-ны өдрийн 44/1 тоот гэрээгээр тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасантай нийцсэн гэж үзэв, ...хариуцагчийн татгалзал хэргийн баримтаар үгүйсгэгдсэн” гэсэн нь үндэслэл муутай байна.

Тухайлбал, зохигч нүүр тулан нэмэлт гэрээ байгуулахаар амаар тохиролцсон, уг гэрээгээр хариуцагч нэмэлт ажлын санхүүжилтэд нэхэмжлэлээр шаардсан 25.795.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн гэж дүгнэсэн нь хэргийн баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасныг зөрчсөн, материаллаг хууль хэрэглээний хувьд алдаатай байна. Иймд магадлалыг хүчингүй болгов.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн баримтад үндэслэгдсэн дүгнэлт хийж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.5-д ажил гүйцэтгэх зарим төрлийн гэрээний онцлог зохицуулалтыг тусгай хуулиар зохицуулж болохыг заасан бөгөөд  ажил гүйцэтгэгч С Х ХХК, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил гүйцэтгэхээр тохиролцсон тул тусгайлсан хууль буюу Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтын холбогдох зохицуулалтыг хэрэглэсэн нь зөв байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид “худалдан авах гэрээ” гэх/-тэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулдаг байна.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд ажил гүйцэтгэгч ямар нэгэн зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх бөгөөд доголдолгүй үр дүнг гэрээгээр тогтоосон хугацаанд хүлээлгэн өгөх үүргийг Иргэний хуулийн 350.1.1, 350.1.6-д зааснаар хүлээнэ.

Гэрээнд, ажлын гүйцэтгэлийг тайлангийн хамт төслийн менежерт 2015.07.18-ны өдөр, аймагт 2015.07.19-ний өдөр тус тус хянуулж, ажлыг 2015.07.20-ны өдөр ажлын үр дүнг хүлээлгэн өгнө гэснээс үзвэл, ажил гүйцэтгэгч С Х ХХК нь баяр наадмын өмнө гэрээний үүргээ биелүүлэх ёстой байжээ.

2015.07.22-ны өдрийн тэмдэглэлд, “...хөрс боловсруулалтын ажлыг 6 сарын 15-наас эхэлсэн, уг ажил нилээд хэдэн хоног хийгдсэн, тарилт 6.27-нд дууссан...” гэснээс үзвэл, ажлыг гэрээнд заасан хугацаанаас хожуу эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон бол энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй боловч хэрэгт авагдсан баримтаар энэ байдал тогтоогдоогүй байна.

Түүнчлэн тариалалт явагдсан 6,7 дугаар сард орсон хур тунадас олон жилийн дундажаас их байсан буюу цаг агаарын байдал тодорхой хэмжээгээр зүлэг ургалтад нөлөөлсөн байж болохыг зохигч хүлээн зөвшөөрчээ.

Дээрхи байдлаар ажил гүйцэтгэгчийн ажлаа хугацаа хэтрүүлж эхэлсэн болон цаг агаарын байдлаас шалтгаалж гүйцэтгэсэн ажил тодорхой үр дүнд хүрээгүй байсан үед баяр наадмын арга хэмжээ зохиогдсныг зохигч хэн аль нь маргаагүй байна.

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үздэг бөгөөд гэрээний хугацаа дуусахад гүйцэтгэсэн ажил тохиролцсон шаардлагад нийцээгүй тул тодорхой үр дүн хүлээн авахын тулд талууд хугацааг сунгахаар тохиролцсон гэж үзнэ.

Тусгайлсан буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т худалдан авах гэрээнд заавал тусгах нөхцөлд гэрээний үнэ, төлбөр хийх нөхцөл, хэлбэр, гэрээний үнэд тохируулга хийх бол тохируулга хийх нөхцөл, аргачлалыг заавал тусгана гэж заасан бөгөөд гэрээний 2.11-д зааснаар гэрээний ерөнхий нөхцөл болон гэрээний үнэд тохируулга хийж болохгүй гэжээ.

Ажил гүйцэтгэгч зүлэгжүүлэх ажлыг нэмж хийсэн нь тогтоогдсон боловч  зохигчийн тайлбар, 2015.07.22-ны, 2015.8.18-ны болон 2015.08.20-ны өдрийн ажил хүлээн авсан комиссын тэмдэгдлэлд тусгагдснаар нэмэлт ажил хийх шалтгаан нь зөвхөн баяр наадмын үйл ажиллагаатай холбоогүй, анхнаасаа тарилт сийрэг, зарим газар халцархай байсантай холбоотой байна.

Аливаа гэрээ байгуулахад гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн байх шаардлагатай ба захиалагч 5450 м.кв талбайд нөхөн тарилт хийлгэж, 25.795.000 төгрөг төлөх талаар гэрээний талууд тохиролцож нэмэлт гэрээ байгуулсан гэх үндэслэл хэргийн баримтаар үгүйсгэгдсэн байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга ажил гүйцэтгэгчийн 2015.07.29-ний өдрийн 40 дүгээр албан бичигт 2015.07.30-ны өдрийн 2-1503 тоотоор хариу хүргүүлэхдээ  зүлэгжүүлэлтийн ургалт бүрэн гүйцээгүй байхад баяр наадам хийсэн, ажлыг хүлээн авах хугацааг хойшлуулахдаа их хэмжээний халцархай үүсч сүйдсэн тохиолдолд зардал мөнгийг шийдвэрлүүлэх, бага хэмжээний ажлыг гүйцэтгэгч нөхөн тарилт хийж хүлээлгэн өгөхөөр комисс, гүйцэтгэгч шийдвэрлэсэн, бөх барилдах хэсгээс бусад газарт наадамчин олныг оруулалгүйгээр хамгаалсан тул бусад хэсгээр халцарсан газар бага боловч ус дутагдсан, бөх барилдсан хэсгээр зүлэг шарласан, сийрэгжсэн байдалтай байна. Бага хэмжээний халцгай тул компанийн зардлаар хүлээлгэн өгөх, тухайн газарт нөхөн тарилт хийж өгнө үү гэсэн хариу өгч байжээ./хх-311-р тал/

Ажил хүлээн авах комиссын гишүүд гэрээний тал, шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 218/МА2019/00009 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 139/ШШ2019/00045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ