Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 1096

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.А-холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Оюунжаргал,

шүүгдэгч Ц.А-, түүний өмгөөлөгч Т.Баярцэнгэл, С.Мягмарсүрэн,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1396 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.А-гийн өмгөөлөгч Т.Баярцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.А-холбогдох эрүүгийн 180606001 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О овгийн Ц-ийн А, 19...оны .. дугаар сарын ..-ны өдөр .......тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............/;

 

Ц.А- нь 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 14 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Жанжин” захын хойд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д “...жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэж заасныг зөрчин 1,14 хувийн согтолттой үедээ “Альфамарал” ХХК-ийн эзэмшлийн “Киа бонго пронтер” загварын 02-78 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа мөн дүрмийн “...2.3-ын а/-д “...хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем... ажиллахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэж, 5.1-д “...хориглосон дохиогоор жолооч “Зогс шугам” тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно...” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч 13 настай Э.Э-мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Ц.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Оорцог овгийн Цэдэнгийн Амарсанааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ц.А-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.А-оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Ц.А- цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.А-авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.А-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.А-гаас 2.500.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаан хуарангийн 1 дүгээр гудамжны 18 тоотод оршин суух /РД:ЛИ62121365/ М.Э-олгох, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2664 дугаартай шүүгчийн захирамжаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 01120179 дугаартай “Kia Bongo Prontier” маркийн 02-78 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг “Альфамарал” ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.А-гийн өмгөөлөгч Т.Баярцэнгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дээрх хэргийг шалгах явцдаа мөрдөгч нь насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авахдаа өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгчийг байлцуулаагүй. /хх-ийн 70/ Зам тээврийн осол гарах үед шүүгдэгчийн жолоодон явсан 02-78 УНТ улсын дугаартай Киа бонго загварын автомашины тээврийн хэрэгслийн ажлын тормосны системийн бүтэн байдлыг Ц.А- өөрөө мэдэх боломжгүй байсан.

Энэхүү машин нь иргэн Ц.Б-өмч болох нь нотлогдсон байгаа /хх-ийн 49-50/. Иргэний хариуцагч Ц.Б- “...хохирогчид учирсан эмчилгээний мөнгө төгрөгийг төлөхөд татгалзал байхгүй” /хх-ийн 87/ гэсэн мэдүүлгийг шүүх огт үнэлээгүй нь буруу юм.

 Ц.А- нь 20 настай, оюутан охин Ану, зээ хүү Анугийн Очирхуяг /1 нас/ нарын хамт, ам бүл гурвуулаа амьдардаг, өрх толгойлсон эцэг болох нь нотлогддог.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох М.Э-гийн нэхэмжилсэн 3,123,250 төгрөгөөс төлсөн 676,700 төгрөгийг хасаад үлдэгдэл 2,446,550 төгрөг. Үүнээс Хөх хотод эмчлүүлсэн гэх 1,820,000 төгрөгийг хасахад, бодит үлдэгдэл нь 626,550 төгрөг болж байна. Хохирогчийн нэхэмжилж буй мөнгөнөөс Хөх хотод эмчлүүлсэн зардлын баримтууд нь албан ёсоор монгол хэлээр орчуулагдаагүй, нотариатаар гэрчлэгдээгүй нотлох баримт бөгөөд хууль ёсны шаардлагыг хангаагүй байна. Эдгээр нотлох баримтуудыг шүүх үнэлсэн алдаатай байгаа тул шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байгаа. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.А-гийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.А- нь өрх толгойлсон эцэг болох нь /хх 87/ цагдаагийн цахим сангийн бүртгэл /хх 86/, охин Ану нь Шинжлэх ухаан техникийн их сургуулийн 2 дамжааны оюутан болох нь тодорхойлолт /хх 88/-оор тус тус тогтоогддог. Шийтгэх тогтоолд шүүгчийн захирамжаар залруулга хийсэн. Уг шүүгчийн захирамжид дурдсан асуудал нь техникийн шинжтэй алдааны залруулга мөн эсэх нь эргэлзээтэй. Шүүгдэгч Ц.А- нь анхан шатны шүүхээс гаргуулахаар заасан 2,500,000 төгрөгийн хохирлоо төлсөн. Нотлох баримтыг шүүх хуралдаан дээр гаргаж өгч байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Хохирогч Э.Э-д хохирлыг төлж барагдуулсан. Би охин, зээ нарын хамт гурвуулаа амьдардаг, надаас өөр орлоготой хүн байхгүй. Бид нарын амьдардаг газар газарт орж байгаа тул гэрийнхэн маань одоогоор орох оронгүй болж байгаа тул ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хохирлоо төлсөн байна. Давж заалдах гомдолд “тэнсэж өгнө үү” гэсэн байна. Энэ гэмт хэрэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, явган хүний гарц дээр явган зорчигчийг мөргөсөн тул ял шийтгэлийг тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Ц.А- нь 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 14 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Жанжин” захын хойд талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “...2.7-д “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэж заасныг зөрчин 1,14 хувийн согтолттой үедээ “Киа бонго пронтер” загварын 02-78 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа, мөн дүрмийн “...2.3-ын а/-д “хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем... ажиллахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэж, 5.1-д “хориглосон дохиогоор жолооч “Зогс шугам” тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно...” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч 13 настай Э.Э-мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Ц.А-гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 80/,

гарцаар гарч явсан охиныг зүүнээс баруун чиглэлд явж байсан цагаан өнгийн пронтер маркийн автомашин мөргөсөн болохыг мэдүүлсэн гэрч Ч.Амартайван /хх 29/, гэрч Б.Энхбат /хх 32/ нарын мэдүүлэг,

“...Э.Э-гийн биед бүсэлхийн нурууны 2 болон 4 дүгээр нугаламуудын зүүн талын хөндлөн сэртэн, ууцны 1 дүгээр нугаламын зүүн талын латериал массын ирмэг дайрсан далд хугарал, зүүн зулайн хуйх, дух, зүүн тохой, шуу, сарвуу, баруун сарвуу, бүсэлхийн нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8690 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 52-55/,

зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, тээврийн хэрэгсэл түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 12-19/,

тухайн цаг хугацаанд Ц.А-гийн согтолтыг драйгер багажаар шалгахад  1.14% байсан болохыг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16,19/,

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн “Хариулт 2: хойд тэнхлэгийн дугуйн тормосны хүчний зөрүү, зогсоолын тормос стандартын шаардлага хангахгүй байна. Хариулт 4: Уг эвдрэл гэмтлийн үед автомашин тормос гишгэх үед тухайн замын гадаргуугийн байдал автомашины хурд зэргээс хамаарч тормосны зам уртасна” гэх дүгнэлт /хх 64-69/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 191 дугаартай “...1. Киа бонго фронтер маркийн 02-78 УНТ улсын дугаартай автомашины жолооч Ц.А- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1, 2.7.а, 2.3.а заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй. ...” гэх мөрдөгчийн магадлагаа /хх 70/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Ц.А-г “...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ...гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.А-гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “хохирлыг иргэний хариуцагчид хариуцуулаагүй, хохирлыг буруу тооцож гаргуулахаар заасан” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө шүүгдэгч Ц.А- нь хохирлыг нөхөн төлсөн байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э- нь давж заалдах шатны шүүхэд “...Миний бие шүүгдэгч Ц.А-гийн охин Анугаас хохирлын мөнгө 2,500,000 төгрөгийг 5750484127 тоот дансаар авсан. ...Цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй. ...Амарсанаа нь охин Ану, ач хүү Очирхуяг нартайгаа хамт амьдардаг, хашаа байшин нь газарт орж орон байргүй болсон аавынх нь тус дэм хэрэгтэй байгаа тул хорихоос өөр төрлийн ял оногдуулахыг зөвшөөрч байна. ...” гэсэн хүсэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргаж байна.

 

Шүүгдэгч Ц.А-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын төлбөрийг төлсөн болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд Ц.А-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жил /хоёр/-ийн хугацаагаар тэнсэж,  түүний согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “...согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох;...” хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1396 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ц.А-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.А-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялыг оногдуулахгүйгээр 2 жил /хоёр/-ийн хугацаагаар тэнссүгэй...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Ц.А-согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай...” гэсэн,

“...Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчвөл  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Ц.А-мэдэгдсүгэй...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.А-оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялын хугацааг хязгаарлалт тогтоосон үеэс эхлэн тоолсугай...” гэсэн тус тус нэмэлт заалтуудыг оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ц.А- 62 /жаран хоёр/ хоног цагдан хоригдсон, шийтгэх тогтоолын 7 дахь заалтад заасан 2,500,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э-шүүгдэгч Ц.А- төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

3. Шүүгдэгч Ц.А-г нэн даруй сулласугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ