Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 202/ДШМ/67

 

Б.Г, А.Б, П.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Д.Дэлгэрбаяр,

            Шүүгдэгч: А.Б, П.Э,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: З.Алтанцэцэг, Ж.Энхчулуун, Г.Тунгалаг, Ж.Чимэг,

            Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: Э.Эрдэнэбаатар,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

            Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2018/ШЦТ/121 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Г, А.Б, П.Э нарт холбогдох, эрүүгийн 201610000296 дугаартай, 5 хавтас, 1006 хуудас бүхий хэргийг прокурор Д.Дэлгэрбаярын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг, Д.Тунгалаг, шүүгдэгч А.Б нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдимйн хамт ....., урьд ял шийтгэлгүй, Цээрэн овогтой Б-ийн Г  /РД:ЕЮ80111715/-нд холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар,

         Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Автозам, барилгын инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Дорноговь аймгийн АЗЗА ТӨХК-д захирлаар ажиллаж байсан. Ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ...., урьд ял шийтгэлгүй, Шаваг овогтой, А-ийн Б/РД: ЕЭ73091270/,

      Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд болосролтой, замын инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Төгс зам ХХК-д инженерээр ажиллаж байсан. Ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ....., урьд ял шийтгэлгүй, Жохон овогт П-ын Э /РД:ЙР89100115/ нарт холбогдуулан  Эрүүгийн хуулийн /2002 оны/  тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

         Шүүгдэгч Б.Г нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт 95-76 ДГО улсын дугаартай УАЗ2206 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, З.Гиймаа, Г.Тэмүүжин нарын буюу 2 хүний амь насыг хохироосон,

        Шүүгдэгч А.Б, П.Э нар нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт зам засварын ажил хийхдээ MNS:4596-2014 Монгол Улсын стандартын 4.2.22, 4.6.40 дугаартай заалтуудыг зөрчиж, тэмдгийг стандартын шаардлагын дагуу хийж байршуулалгүй, аюулгүй ажиллагааны журам зөрчиж улмаар яллагдагч Б.Г 95-76 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, З.Гиймаа, Г.Тэмүүжин нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

         Анхан шатны шүүх: Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Б, П.Э нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,

         Шүүгдэгч Цэерэн овогт Б-ийн Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруугүйд тооцож, цагаатгаж,

         Шүүгдэгч Шаваг овогт А-ийн Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто зам, байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

         Шүүгдэгч Жохон овогт П-ын Э-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто зам, байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

         Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч П.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж,

         Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, П.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

          Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, П.Э нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж,

          Шүүгдэгч Б.Г-ийн 286436 дугаартай жолооны үнэмлэхийг буцаан олгож,

        Шүүгдэгч А.Б, П.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

        Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Төгс зам” ХХК-аас 6901288 төгрөгийг, иргэний хариуцагч “Дорноговь АЗЗА” ТӨХК-аас 6901288 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Г.Гантулгад 3435030 төгрөгийг, хохирогч З.Жавзандуламд 10367545 төгрөгийг тус тус олгож, хохирогч Г.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагаас 10 000 000 төгрөгийг, хохирогч З.Жавзандуламын нэхэмжлэлийн шаардлагаас 698455 төгрөгийг, нийт 10698455 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Ггийн эзэмшлийн 6 000 000 төгрөгийн үнэ бүхий 95-76 ДГО улсын дугаартай УАЗ 2206 маркийн тээврийн хэрэгслийг, Дорноговь “АЗЗА” ТӨХК-ийн эзэмшлийн 15 000 000 төгрөгийн үнэ бүхий 51-91 ДГА улсын дугаартай автомашиныг тус тус буцаан олгож,

          Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, П.Э, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

         Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

        Прокурор Д.Дэлгэрбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Г-г зорчигч тээвэрлэсэн автомашиныг жолоодож явахдаа зам засварын тэмдэг тэмдэглэгээгүй уг замын гадаргуутай ижил өнгийн барагшинг замын зорчих хэсгийн голд нь асгасан байсныг машины гэрлийн тусгалд олж харахдаа зогсоох боломжгүй зайд саадыг тойрч гарсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна гэж дүгнээд түүнийг  цагаатгаж,  Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б, Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Г-г цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд “уг тээврийн хэрэгслээс А цэг хүртэл ямар нэгэн тоормосны мөр байхгүй байв” гэж тэмдэглэгдсэн /1хх-4-8, 12-15/, Шүүхийн шинжилгээний албаны 2016.10.21-ниы өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-80-81/, Шүүхийн шинжилгээний албаны 2016.10.21-ний өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-92-93/, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016.10.19-ний өдрийн 68 дугаартай дүгнэлт “УАЗ-2206 маркийн 95-76 ДГО улсын дугаартай цагаан өнгийн автомашиныг жолоодож явсан Г нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасныг зөрчсөн байна” гэсэн дүгнэлт /1хх-89-90/, Замын цагдаагийн албаны шинжээчийн 2016.11.21-ний өдрийн 643 дугаартай шинжээчийн дүгнэлт “Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Батцэвэрийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсгийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...Уг зам тээврийн хэрэг, осол үйлдэгдсэн зам нь нийтийн хэрэгцээний зам мөн болно” гэсэн дүгнэлт /1хх-128-129/, 2017.02.01-ний өдөр болон 2017.12.16-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-21-22, 3хх-36-39/, хохирогч Жавзандуламын “талийгаач Гиймаа хүү Тэмүүжинтэй Сайншанд сумаас Хатанбулаг сум руу фургонтой явж байгаад зам тээврийн осолд орж Гиймаа, Тэмүүжин хоёр нас барсан байсан” гэсэн мэдүүлэг /1хх-25-26, 2хх-97/, хохирогч Гантулгын “2016.10.01-ний орой 21 цаг өнгөрч байхад талийгаач Гиймаа хүү Тэмүүжинтэй унаанд суучихлаа шөнө тосч аваарай гэж хэлсэн. Би тухайн үед унаа тэрэг чинь зүгээр юм уу гэж асуухад дажгүй автомашин байна. Би голын суудалд суучихлаа, одоо хэдэн хүнээ аваад гарлаа гэж байна гэж ярьсан. Зүүнбаянгийн эмнэлэг дээр ирэхэд эхнэр, хүүхэд хоёроо нас барсан талаар нь мэдсэн. Би одоо хоёрын хоёр хүний амь алдагдсан болохоор хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /1хх-30-32/, гэрч Алтанцоожийн “машин унасны дараа бид нар машины дээд талын салхивчаар гарсан. Гарч ирээд хүмүүсээ бүртгэтэл 1 хүүхэдтэй хүн байхгүй байсан. Бид нар машинаа өргөтөл машины доор хавчуулагдчихлаа гээд автомашинаа өргөсөн. Нөгөө талийгаач Гиймаа гэх эмэгтэй хүүхэдтэйгээ хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг /1хх-36-39/, гэрч Нандинцэцэгийн “тэгээд зүүнбаян багаас баруун урагш хар асфалтан замаар явж байхад зам дээр овоолсон хар шороо байсан. Тэгээд жолооч тухайн үед гэнэт баруун гар тал руугаа дараад замын хажуу руу гарсан. Тухайн үед дээшээ доошоо ойгоод л явчихсан. Тэгээд давайлзаж байгаад хурд нь саарч ирээд хажуу баруун тал руу их зөөлхөн унасан” гэсэн мэдүүлэг /1 хх-41-43/, гэрч Х.Эрдэнэбаярын “машин унасны дараа бид нар машины дээд талын салхивчаар гарсан. Гэрч ирээд хүмүүсээ бүртгэтэл 1 хүүхэдтэй хүүхэн байхгүй байсан. Бид нар машинаа өргөтөл машины доор дарагдчихсан байсан” гэсэн мэдүүлэг /1хх-44-47/, гэрч Г.Гантулгын “хүмүүсээ бүртгэтэл 1 хүүхэдтэй хүүхэн байхгүй байсан. Машинаа өргөөд босготол яг хаалган доор нь хүүхэдтэй эмэгтэй байсан гэсэн мэдүүлэг” /1хх-48-51/, гэрч Г.Лхам-Очирын “Зүүнбаян сум өнгөрөөд явж байсан ба би хамгийн арын суудал дээр урагшаа хараад явж байсан би зүүрмэглээд явж байтал гэнэт машин дайвалзаад тэгээд гэнэт баруун талаараа газар унасан... машиныг өргөөд босгоод иртэл 2 талийгаач машины доод талд байсан” гэсэн мэдүүлэг /1хх-56-59/, гэрч Зоригтбаатарын “суугаад нам унтчихсан явж байтал гэнэт машин дайвалзаад тэгээд гэнэт баруун талаараа газар унахыг мэдэрсэн. Бид нар сандраад хүүхэдтэй хүүхэн байхгүй байна гээд машиныг өргөөд босоод иртэл хүүхэдтэй хүүхэн цус нөж болчихсон байсан гэсэн мэдүүлэг”/1хх-60-65/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа болно.

          Зам засварын ажил хийхэд аюулгүй ажиллагааг хангах эрх бүхий субъект заавал байх ёстой. Хэн нэгнийг томилоогүй юм бол энэ ажлыг өөрөө хариуцах ёстой гэдэг утгаараа Быг яллагдагчаар татсан. Аюулгүй ажиллагааг хангах үүрэгтэй хүнээр Эыг татсан гэж ярьж байна. Эыг татахдаа ямар нэгэн үүрэг хариуцуулаагүй гэж өмгөөлөгч нь дурдчихлаа. Ямар үүрэгтэй байх талаар тушаалдаа заагаад өгчихсөн. Нэгэнт үйл ажиллагаа явагдаж байгаа бол өөрийн ажилчдын болон бусад хүмүүсийн аюулгүй ажиллагааг хангах үүрэгтэй байсан гэдэг утгаар нь 2 шүүгдэгчийг энэ гэмт хэрэгт яллагдагчаар татаад, гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байгаа. Өмгөөлөгч Алтанцэцэгээс удаа дараа туршилт хийлгэх хүсэлт тавьсныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь аливаа туршилтыг хийхийн тулд хэн нэгэн хүнд хор хохирол учруулахгүйгээр хийж болохоор байвал туршилтыг хийнэ, боломжгүй бол туршилт хийж болохгүй, хориглоно.  Хэргийн 128-129 дүгээр хуудсанд авагдсан 643 тоот шинжээчийн дүгнэлтэд замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн талаар дүгнэлт гарсан байгаа. Монгол Улсын стандартын дагуу тэмдэг, тэмдэглэгээг байрлуулаагүйгээс 2 хүний амь нас хохирсон гэсэн удаа дараагийн шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн заалтыг зөрчсөн бол захиргааны хариуцлага хүлээх арга хэмжээ авна. 2 хүний амь нас өнгөрсөн байхад захиргааны арга хэмжээ аваад өнгөрчихсөн байсан гэсэн асуудлыг ярьж байгааг ойлгохгүй байна. Гэтэл учирсан гэм хороос шалтгаалаад эрүүгийн хэрэг үүсгэх үү, захиргааны арга хэмжээ авах уу гэдэг нь тодорхой шүү дээ. Төгс зам ХХК-ийн аюулгүй ажиллагааны инженер нь энэ ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс энэ хэрэгт яллагдагчаар татагдаад явж байгаа.

          Мөн шүүх Эрүүгийн хуулийг ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь  шүүгдэгч Б, Э нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө ямар нэгэн байдлаар илэрхийлээгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

       Хэргийг тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь шүүх хуралдаанаар 2018.09.06-ны өдрийн 09 цагт эхэлж, 22 цаг 40 минутад дуусгасан. Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч Чимэг болон улсын яллагчаас шөнийн цаг буюу 22 цаг болсон учир шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргахад шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн, ял шийтгэлийн асуудлыг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болоогүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзсугай гэж шийдвэрлэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шөнийн цагаар явуулсан. Шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шүүгдэгч нарт холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс Бод ял шийтгэл оногдуулж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг зөрчиж хэргийг шийдвэрлэлээ гэж үзэж байгаа. Уг Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэж заасан.  Гэтэл Бын хувьд тухайн гэмт хэрэг гарах үед өөрөө байгаагүй, Төгс зам ХХК-ийг тухайн объект дээр гэрээний үндсэн дээр ажиллуулж байсан гэсэн гэрээ хэрэгт авагдсан байгаагаас биш тухайн объектыг хамтран үйл ажиллагаа явуулна гэсэн зүйл байхгүй. Анхан шатны шүүх хуучин Эрүүгийн хуулийн бүрэлдэхүүн хангахгүй байна гээд шинэ Эрүүгийн хуулийн 27.9 дүгээр зүйлд зааснаар тухайн гэмт хэрэг үйлдсэн эзнийг зөвхөн компани биш Бод хамааралтай юм шиг зүйлээр зүйлчилсэн. Энэ нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад хуулийг буцаан хэрэглэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Дорноговь АЗЗА ТӨХК болон Төгс-Зам ХХК-ууд авто замын барилга угсралт, засвар үйлчилгээ, автозамын арчлалт, хамгаалалт гэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг учир тухайн харилцааг зохицуулсан, автозамын салбарт дагаж мөрдөгдөж байгаа автозамын салбарын хөдөлмөр аюулгүй ажиллагаа алинд нь хамаарахыг ч тодорхойлон заасан байна. А.Б нь мөрдөн байцаалтын шатанд аюулгүй байдлыг манай компани хариуцна, дахин мэдүүлэгтээ Төгс-Зам ХХК-ийн захирал Төгсбаяр манайхыг хариуцна гээд хэлчих гэхээр нь тэгээд хэлчихсэн, манай компани тухайн обьектын аюулгүй ажиллагааг харьцуулахгүй гэж мэдүүлсэн байдаг. Гэвч дээрх дүрмийн 5.21 дүгээр зүйлд ерөнхий гүйцэтгэгч нь ажлын талбай дээр туслан гүйцэтгэгч түрээслэгчдийн оролцоотойгоор ажил гүйцэтгэхдээ 5.21.1-т тухайн үйлдвэрийн талбай дээр байгаа бүх байгууллага хувь хүний аюулгүй байдлыг хангах, арга хэмжээний төлөвлөгөөг хамтран боловсруулж харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тусгана. Гэрээ байгуулж ажиллана гэж заасан байгаа бөгөөд Дорноговь АЗЗА ТӨХК нь Төгс-Зам ХХК-тай байгуулсан гэрээний 3.2, 3.3, 3.5 гэсэн заалтуудаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг гүйцэтгэгч компани хариуцахаар гэрээнд тусган оруулсан. Мөн Төгс-Зам ХХК гэрээний хугацаа дуусчихсан гэсэн мэдүүлдэг боловч гэрээний дугаар зэрэг 3.1 тусгагдсанаар гүйцэтгэгч компанийн дүрэм стандартын дагуу чанартай барьж хүлээлгэж өгнө. Дээрх гэрээний заалтууд Барилгын тухай хуульд зааснаар баталгаат хугацаа зэргээр Төгс-Зам ХХК аюулгүй ажиллагааг хангах үүрэгтэйг харуулж байна. Гэрээнд дүрэм стандартын дагуу ажил үйлчилгээгээ явуулахыг тусгаж өгсөн байдаг.

        Доншен ХХК-ийн Дорноговь АЗЗА ТӨХК-тай байгуулсан гэрээний 3.2, 3.3, 3.5 дахь хэсэгт заасан заалтуудаараа ч хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ижил тусгаж өгсөн байдаг. Төгс-Зам ХХК нь тухайн өдөр зам барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан. 7 км замын эвдэрлийг засахаар зам дээр барагшин шороо асгасан байдаг бөгөөд Дорноговь АЗЗА ТӨХК-ийн захирал Б ч Төгс Зам ХХК-ийг барагшин шороог асгасныг мэдээгүй байсан байдаг. Мэдээллээгүй улмаар мэдээгүй байснаар хариуцлага хүлээх нь ч үндэслэлгүй байна. ХАБЭАТХ-ийн 8 дугаар зүйлд үйлдвэрлэлийн барилга байгууламжийг хамтран эзэмших, ашиглахад тавигдах шаардлага. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т энэ тухайгаа харилцан бие биедээ мэдээлж, аюулгүй байдлыг хангах нэгдсэн арга хэмжээг авах, 8.1.3-т энэ хуулийн 8.1.2-т заасны дагуу мэдээлээгүйн улмаас учирсан хохирлыг буруутай тал нь хариуцах гэж заасан байна. Осол хэргийн шалтгаан нөхцлийг шинжээчийн 643 тоот дүгнэлтээр Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 5 заалтыг зөрчсөн, 196 тоот дүгнэлтэд замын бүх бартаатай хэсэгт замын анхааруулах тэмдэгийг стандартын шаардлагын дагуу хийж байршуулаагүйгээс зам тээврийн осол гарсан гэж дүгнэгдсэн байгаа ба дээрх дүрмийн 15 дугаар зүйлд “Авто замыг засварлах ба арчлах үеийн аюулгүй ажиллагааны шаардлага гэсэн зүйл, хэсэгт ажлын үед хэрэглэх хаалт, хашилт, тэмдэгүүдийг замын ажил гүйцэтгэж байгаа компани тавих ба арчилж хамгаалж байна. Хучилтын суурийн эвдэрлийг засах үед засвар хийх материалыг замын засвар хийх талын хөвөөн дээр овоолж хадгална. Овоолж хадгалсан материалаас 5-10м зайд зөөврийн хаалт болон засварын ажил хийгдэж байна гэсэн тэмдэг тавих ёстой” гэж заасан байна. Эдгээрээс харахад Автозамын салбарын хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн дүрмээр тухайн объектод ажил гүйцэтгэж байсан Төгс-Зам ХХК нь Замын хөдөлгөөний дүрэм, замын тэмдэгийн стандартыг дагаж мөрдөж аюулгүй байдлыг хангахаар байна. Хэргийн бодит нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаас харахад зөрүүтэй эргэлзээтэй байдаг. Автомашинд сууж явсан гэх гэрчүүдийн мэдүүлэг, гэрч Батням нарын мэдүүлэг зөрүүтэй байдаг /фургон маркын автомашины зүүн талын гэрэл, баруун талын гэрэл асахгүй байсан гэж зөрүүтэй мэдүүлдэг/ ба автомашинаар хүн тээвэр хийх тусгай зөвшөөрөл байхгүй, техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал бүрэн хангагдаж байсан эсэх нь ч шинжээчийн дүгнэлтэд бүрэн тусгагдаагүй. Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд барагшин шорооноос цааш автомашин 60 метрт зогссон байдаг ба автомашинд сууж явсан гэрч нар автомашинаас гараад харахад шороо овоолгоотой байсныг харсан мэдүүлэг байдаг. Үүнээс харахад ч гэсэн барагшин шороо автомашины холын гэрлийн тусгалд 60 метрийн цаанаас харагдах боломжтой гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэнд хар өнгийн барагшин шороог харах боломжгүй гэж дүгнэж байгаа нь эргэлзээтэй. Шинжээчийн дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэл, хэргийн баримт материалд үндэслэгдэхээр байхад эдгээрийг үндэслэлгүй дүгнэж байгаа нь эргэлзээтэй байна. Барагшин шороо фургон маркын автомашины холын гэрэлд харагдах боломжтой эсэхийг туршилтаар тогтоох нь хэрэгт ач холбогдолтой болохоос биш дүгнэлтээр үүнийг тодорхойлох боломжгүй.

          Хуучин Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэг маань шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохоо байсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэв.

         Шүүгдэгч А.Б давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Энэ хэргийг шүүхээс шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 3-т шүүгдэгч А.Быг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автозам байгууламжийн ашиглалт засварын аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай гэж тогтоогоод улмаар 2 жилийн хугацаагаар тэнссэн юм. Миний бие өөрийгөө ямар нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байгаа бөгөөд тэр тусмаа бусдын амь насыг хохироосон хэрэгт гэм буруутай гэж шүүхээс тогтоосныг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй болно. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талын эрх ашгийг хамгаалсан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, гэмт үйлдэл үр дагаврын хоорондын шалтгаант холбоо, түүнийг мөн чанарыг огт ойлгоогүй, эсхүл ойлгохыг шүүх бүрэлдэхүүн хүсээгүйн улмаас хилсээр гэмт хэрэгт холбогдож, гэм буруутайд тооцогдлоо гэж үзээд энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд Прокуророос намайг гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасан уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бусад хүнд хор уршиг бол гэж заасан гэмт хэргийг үйлдсэн хэмээн яллах дүгнэлтдээ дурьдсан. Хуулийн энэ зүйл заалтыг тодруулбал: хуулийн энэ зүйл заалтын диспозицид гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжийг нэг бүрчлэн тодруулж заасны дотор зам засварын ажил гэсэн үг, үсэг ч байдаггүй. Мөн миний эрхэлж буй ажил, албан тушаалын талаар заасан зүйл нэгээхэн ч үгүй байдаг юм. Тухайн гэмт хэрэг гарч болзошгүй газар орон нь үйлдвэрлэлийн процесс явагдаж буй тухайн талбарт болох нь тодорхой байна. Түүнчлэн энд аж ахуйн нэгжийн дотооддоо мөрддөг аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн байхыг шаардаж байна. Энэ зүйл заалтанд заасан гэмт хэргийн шинж бүхий үйлдэл, үр дагаврын хооронд байх шалтгаант холбоог тогтоох зайлшгүй шаардлага байна. Гэтэл анхан шатны шүүхээс прокурорын яллах дүгнэлтэд заасан хууль, түүний зүйл заалтыг шууд өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шийдвэрлэлээ. Шүүх ийнхүү өөрийн дураар Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмуудыг зөрчиж, хүчин төгөлдөр болоогүй байсан Эрүүгийн хуулийг хэрэглэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага надад оногдуулснаар шүүх дараах хууль зөрчсөн алдаанууд гаргалаа.

         Яллах дүгнэлтэнд дурьдсан 2002 оны Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт намайг холбогдсон эсэх асуудлаар шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй 2015 оны гэх Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн атал хүчин төгөлдөр болоогүй хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн асуудал хуулийг буруу хэрэглэсэн ноцтой алдаа боллоо. 2002 оны Эрүүгийн хуульд замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийн тухай ямар ч зохицуулалт байхгүй байсан болно. Энэ зохицуулалтыг 2015 оны Эрүүгийн хуульд тусгасан хэдий ч уг хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж, үйлчилж эхэлсэн билээ. Гэтэл энэхүү хэрэг учрал 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн оройн 22 цагийн орчимд болсон байдаг. Өөрөөр хэлбэл энэ хэрэг учралыг хүчин төгөлдөр болоогүй Эрүүгийн хуулийн дагуу гэмт хэрэгт тооцон зүйлчилж, намайг гэм буруутайд тооцох хуулийн ямар ч үндэслэл байхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой билээ. Анхан шатны шүүхийн энэхүү бүдүүлэг алдаа нь гэм буруугүй хүмүүсийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж, гэмт этгээдэд ял завшиж хуулийг биелүүлэхгүй байж хариуцлагаас зугтах боломжийг олголоо гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс надад эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсон үндэслэлийн талаар тогтоолдоо дараах байдлаар тусгасан байдаг. Тогтоолд ХСИС-ийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч болон Замын цагдаагийн албаны 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “зам барилгын ажил эрхэлж байгаа талаар замын эхлэл, төгсгөл, орохыг хориглосон тэмдэглэлээс гадна замын бүх бартаатай хэсэгт замын анхааруулах тэмдэглэлийг тавих шаардлагатай. Зам засварын ажил хийхдээ замын тэмдэгийг стандартын шаардлагын дагуу хийж байрлуулаагүйгээс шалтгаална” гэж шинжээч дүгнэсэн асуудал нь шүүхийн өмнөөс хууль зүйн дүгнэлт хийж, шинжээчээс хуулиар олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн явдал гэж үзэж байна. Автотехникийн шинжээч нь зөвхөн техникийн болон тусгай мэдлэг шаардсан асуултад хариулах үүрэгтэй болохоос бус шалтгаант холбооны талаар дүгнэлт хийх эрхгүй болно. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт, замын тэмдэг, тэмдэглэгээний талаарх стандартыг мөрдөөгүй асуудал нь шууд 2 хүний амь насыг хохироосон гэм буруутай үйлдэл гэж үзэх боломжгүй. Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд ч ийм зүйл байхгүй юм. Өөр нэг буруутгаж буй хууль Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг зөрчсөн гэжээ. Хуулийн 28.1.3-т хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент нэвтрүүлэх ажил нь ажил олгогчийн үүрэг болохыг хуульчилсан зохицуулалт байна.

        Дээрх хуулийн зүйл заалтаас үзэхэд энэ зохицуулалт нь :Ажил олгогчийн үүрэг, энэ ажиллагаа нь дотогшоо чиглэсэн өөрийн ажилтнуудаа холбогдох эрсдэлээс хамгаалахад чиглэгдсэн хөдөлмөрлөх явцад гарч болзошгүй эрсдэлүүдээс сэргийлэхэд чиглэсэн ажиллагааг зааж тусгажээ. Хуулийн ийм тодорхой хэм хэмжээ байсаар атал энэ заалтыг зөвхөн надад хамаатуулан гэмт хэрэгт холбогдуулж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн ноцтой алдаа гэж үзэж байна. Ийнхүү анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцдаа гаргасан ноцтой алдаа дутагдлыг тодорхой дурдсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2018.09.06-ны өдрийн 121 дугаар шийтгэх тогтоолд тусгасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй байхад анхан шатны шүүхээс Эд ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Төгс зам ХХК нь Зүүнбаянгаас Цагаан элсний орд хүртэлх 7.0 км авто замын барилга угсралтын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллахаар ерөнхий гүйцэтгэгч Дорноговь АЗЗА ТӨХК-тай 2014.05.26-ны өдөр №02/2014 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2014.05.26-ны өдрөөс 2014.10.01-ний өдөр дуусахаар батлагдсан боловч ажил 2014.10.30-ны өдөр дууссан. Гэрээний дагуу зам засварын ажлын гүйцэтгэл 100% хийгдэж мөн өдөр гэрээ дүгнэсэн актыг Төгс зам ХХК-ийн ерөнхий захирал Д.Төгсбаяр, ерөнхий инженер М.Бямбацогт, Дорноговь АЗЗА ТӨХК-ийн ерөнхий захирал А.Б, ерөнхий санхүүч Б.Олонбаяр нар нь тус тус гарын үсгээ зурж тамга, тэмдэгээ даран бталгаажуулсан байна. /хх-3-154/. Дээрх гэрээний 3.8 дахь заалтад 7 км замын баталгаат хугацаа 1 жил гэсэн байх бөгөөд хүлээлгэн өгсөн өдрөөс хойш тооцоход осол гарсан хугацааг тооцоход 1 жил өнгөрсөн буюу 2015.10.30-ны өдөр зам засварын баталгаат хугацаа дууссан байжээ. Иргэний хариуцагч Д.Төгсбаярын “манай компани нь уг 7 км замын ажлыг 2014.10.30-нд дуусган хүлээлгэн өгсөн юм. Манайх уг 7 км зам дээр ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгэх гэрээ хэлцэл байхгүй. Манайх 2014.10.30-нд уг 7 км замыг дуусган ерөнхий гүйцэтгэгч Дорноговь АЗЗА ТӨХК-д хүлээлгэн өгсөн байдаг ба уг замын баталгаат хугацаа нь 1 жилээр байсан. Тэгэхээр манайх уг зам дээр засвар үйлчилгээ хийх бол 2015.10.30-ны хооронд л хийх ёстой байсан юм. Уг хугацаанаас хойшхи засвар үйлчилгээг Дорноговь АЗЗА ТӨХК хариуцах ёстой гэх мэдүүлэг /3хх-174-175/, гэрч М.Бямбацогтын “манайх 2014 оны 7 км замын ажил хийж гүйцэтгээд ажлаа хүлээлгэн өгсөн байдаг юм. Тэгээд уг 7 км замын төгсгөлөөс цааш үргэлжлүүлэн 2016 онд гэрээ хийн 4.2 км зам барих ажил хийж байсан юм. Манайх тухайн үед 4.2 км зам барих ажил гүйцэтгэж байх явцад Дорноговь АЗЗА ТӨХК-ийн зүгээс манай урьд нь барьж дууссан 7 км зам дээр хэд хэдэн газарт нөхөөсний ажил байна. Тийм болохоор тэрийг манай компанийг хийгээдхээч гэсний дагуу амаар ярьж тохироод уг газар барагшин асгасан юм. Тухайн үед бол албан ёсоор бичгээр гэрээ хэлэлцэл хийсэн зүйл байхгүй, амаар ярьж тохироод тухайн ажлыг хийгээрэй гэж би инженер Эд хэлсэн юм” гэх мэдүүлэг, А.Бын яллагдагчаар өгсөн “манай байгууллагын зүгээс гэрээнд заасны дагуу хуучин тавьсан байсан 7 км замын засвар үйлчилгээ хий гэдэг шаардлагыг тавьж ажиллаж байсан. Гэхдээ бол албан ёсоор бол бичиг тоот хүргүүлж байгаагүй” гэх мэдүүлэг, 2014.10.30-ны өдөр гэрээ дүгнэсэн акт зэрэг нотлох баримтуудаар дээрх осол болсон гэх 7 км газарт тухайн компаниудын хооронд хийгдсэн албан ёсны ажлын гэрээний хугацаа дууссан, замаа хүлээлгэж өгөөд баталгаат хугацаа дууссан байжээ.

        Мөн дээрх компаниуд нь гэрээндээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасан “захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлтийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэснээр энэ нь Дорноговь АЗЗА ТӨХК-ийн хариуцах асуудал гэдэг нь тодорхой байна.

         Төгс зам ХХК нь Зүүнбаянгаас Цагаан элсний орд хүртэлх 4.2 км авто замын барилга угсралтын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллахаар ерөнхий гүйцэтгэгч Дорноговь АЗЗА ТӨХК-тай 2016.06.20-ны 52/2016 дугаарын гэрээг байгуулсан. /1 хх-ийн 231-233/, 2016.08.23-ны өдрийн 3002/36 дугаартай захирлын томилолтоор ажиллуулах тухай тушаалд “Зүүнбаянгаас Цагаан хад хүртэлх 4.2 км автозамын засвар шинэчлэлтийн ажлын төслийн багийн ахлагч авто замын инженер Т.Энхболдын томилолтын хугацаа дуусгавар болсон тул төсөл хариуцан ажиллах удирдах ажилтныг томилсугай. Төслийн багийн ахлагчаар авто замын инженер Эыг 2016.08.23-ны өдрөөс томилсугай” гэжээ.

         Зүүнбаянгаас Цагаан хад хүртэлх 4.2 км авто замын засварын талбайд уг осол хэрэг нь гараагүй байхад ямар үндэслэлээр анхан шатны шүүхээс Эыг гэм буруутайд тооцож байгаа нь ойлгомжгүй байна. Мөн 2016.08.23-ны өдрийн 3002/36 дугаартай захирлын тушаалын 3 дахь заалтад “компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ХАБЭА-н дүрэм журам, зааварчилгаа өгч ажилтан албан хаагчдын аюулгүй байдлыг анхааран ажиллах эрхийг олгосугай” гэжээ.

        Төгс зам ХХК нь Этой анх 2016.03.24-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус байгууллагад талбайн инженер албан тугаалд томилсон, улмаар 2016.08.23-ны өдөр өөр ажилд буюу ХАБЭА-ыг ажилтнаар томилохдоо Этой хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, танилцуулж гарын үсэг зуруулаагүй нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 17.1 дэх хэсэгт “ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна”. Мөн хуулийн 17.4 дэх хэсэгт “ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулж нийт ажилтныг хамруулан, шалгат авч байна” гэж тус тус заажээ. Гэтэл анхан шатны шүүхээс Төгс зам ХХК нь дээрх хуулийн заалтыг зөрчиж ХАБЭА-ын сургалт зохион байгуулж байгаагүй, Э нь ганц ч удаа сургалтанд хамрагдаагүй, ХАБЭА-н үйл ажиллагаа явуулах гэрчилгээ аваагүй ажилтныг ХАБЭА хариуцуулж, томилон ажиллуулах тухай тушаал гаргаж хууль зөрчсөн байхад анхаарч үзсэнгүй. 2016.06.20-ны өдрөөс 2017.08.10-ны өдөр хүртэлх хугацаанд Төгс зам ХХК-ийн ХАБЭА-н инженерээр Батсайхан ажиллаж байсан болох нь түүний “би 2016.06.20-ны өдрөөс 2017.08.10-ны өдөр хүртэл Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерээр ажиллаж байсан. Би бол ерөнхий чиглэлийг нь бол өгч байсан” гэх мэдүүлэг, мөн иргэний хариуцагч Төгсбаярын “ ер нь бол манай компани дээр бол Батсайхан гээд хүн хөдөлмөр хамгааллаа хариуцдаг юм. Одоо манай ажилтан нас бараад 7 хонож байна” гэсэн мэдүүлгээр нотлогддог. Зүүнбаянгаас Цагаан элсний орд хүртэлх 7 км авто замын барилга угсралтын ажлын зам засварын нөхөөс хийх явцад Э нь осол хэрэг болсон газар барагшин зам дээр асгах үүрэг өгсөн хэдий ч энэ газраас хойшоо багцаагаар 5 орчим км газарт байх зам дээр хөндлөн шороо асгаж замыг нь хааж, тэмдэг тэмдэглэгээ тавьсан байдаг. Гэтэл зам тээврийн осол гархаас өмнө Дорноговь АЗЗА ТӨХК-ийн инженер Эрдэнэбаатар нь уг далан шороог ав, тэгэхгүй бол замаар явж байгаа машин тэрэг замын хажуу руу гарахдаа замын хөвөө эвдээд байна гэсэн хууль бус шаардлагыг тавьж байсан байна. Тэр үед Э нь замын эвдрэлийг засаж дуусаад авна гэсэн хариу тайлбарыг өгч байжээ. Зам дээр хаалт хийж тавьсан шороо болон тэмдэглэгээг Дорноговь АЗЗА ТӨХК хусаж авсан нь гэрч Мөнх-Эрдэнэ, гэрч Буян-Арвижих, гэрч Бямбацогт нарын мэдүүлгээр тус тус нотлогддог. Мөн анхан шатны шүүхээс осол гарсан замыг нийтийн хэрэгцээний зам гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Зүүнбаянгаас Цагаан элсний орд хүртэлх 7 км авто замын барилга угсралтын ажил явагдаж байсан бөгөөд тухайн замыг Улсын комисс 2016.12.15-ны өдөр хүлээн авч 40/2016 дугаартай актыг үйлдсэн байна. Гэтэл анхан шатны шүүхээс шинжээч Мөнхбаяр, Дорноговь аймаг дахь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016.10.19-ний өдрийн 68, Замын цагдаагийн албаны шинжээчийн 643, ХСИС-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч болон Замын Цагдаагийн албаны 2017.05.25-ны өдрийн 196 дугаартай дүгнэлтүүдээр осол гарсан газрыг нийтийн хэрэгцээний зам гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн анхан шатны шүүхээс Монгол Улсын стандарт MNS459622014-т заасны дагуу тэмдэг тэмдэглэгээг тавих шаардлага нь улсын комисс хүлээн авч нийтийн хэрэгцээнд зориулалтын дагуу хэрэглэж байгаа автозам дээр тавигдах стандарт гэдгийг харгалзан үзсэнгүй.

        Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2, 1.3 хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

          2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь уул уурхай барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас гэж маш тодорхой заасан байна. Улсын дээд шүүхийн 2010.05.19-ний өдрийн 14 тоот тогтоолд “Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэж уулын болон уурхайн, барилгын түүнчлэн үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагад тэсэрч дэлбэрэх аюултай үйл ажиллагааг гүйцэтгэх явцад заавал дагаж мөрдвөл зохих хууль тогтоомжийг огт хэрэгжүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүйг хэлнэ” гэж тайлбарласан байна. Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэн энэхүү осол гарсан замын угсралтын ажлыг дээрх объектуудад хамаатуулан дүгнэсэн байна. Мөн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлд автозам байгууламжийн ашиглалат, засварын аюулгүй ажиллагааны журам зөрчих гэмт хэргээр зүйлчлэх нь үндэслэлтэй гэжээ. Гэтэл анхан шатны шүүх 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, мөн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь үйлдэл, эс үйлдэхүйг шинээр гэмт хэрэгт тооцсон байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эд холбогдох хэрэг нь гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

          Шүүгдэгч П.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын баяр наадмын дараагаар Зүүнбаянд ажиллахаар ирсэн. Энхболд инженер бид хоёр ажил хүлээлцэх хоорондоо тэр шороог асгуулсан. Хүний нөөц маань над руу утасдаж мэдэгдсэн юм. 4.3 км зам дээр ажилчдынхаа аюулгүй байдлыг хангаж ажиллаарай гэж утсаар ярьж хэлсэн. Өөрсдөө надад мэдэгдэхгүйгээр авсан байсан. Даш нь Эрдэнэбаатарын хэлсний дагуу авсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Жолооч орон нутагт хүн тээвэрлэх эрхээ аваагүй байсан гэж мэдүүлгээ өгсөн байсан. Шүүх үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Дорноговь аймгийн Замын цагдаагийн шинжээчийн 2016.11.21-ний өдрийн 643 дугаар дүгнэлтүүдээр Гг Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг зөрчсөн гэж гарсан боловч 2017.08.21-ний 197 дугаар шинжээчийн дүгнэлтээр дүгнэлтүүдийг үгүйсгэж гарсан байгаа. Тийм учраас анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгээр /1хх-12/ зам дээр асгасан шороо болон замын өнгө хоёр ялгагдах зүйлгүй нэг харагдаж байгаа. Харин ч гэрчүүдийн мэдүүлгээр зам дээр асгасан шороон дээр нэг зорчигч цамцаа тайлж тавьж байж дараагийн машинуудад харагдах боломжийг бий болгосон гэж гэрчүүд мэдүүлдэг. Тиймээс шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан. Зам ашиглалтанд ашиглах стандарт MNS45962014-т зам засварын ажил гүйцэтгэж байгаа компани ямар үүрэг хүлээж, яах ёстой талаар тодорхой заачихсан байдаг. Мөн Алтанцэцэг өмгөөлөгчийн яриад байгаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүү ахуйн дүрэм гэдгийг замын засвар хийж байгаа компаниуд баримтлах ёстой дүрэм байдаг. Энэ дүрмийн 15 дугаар зүйлийн 4.3.2-т уг барагшиныг асгахдаа хөвөөн дээр асгахаар заасан байгаа. 3-т нь овоолсон бол 5-10 метрийн зайд зөөврийн хаалт тавих ёстой байсан. 4-т нь хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа зам дээр асгасан бол тэр даруй, тэр өдөрт нь асгасан барагшиныг тэгшилж, аюулгүй ажиллагааг хангахаар заасан байдаг. Барагшин асгаагүй байсан бол зам тээврийн осол гарахааргүй байсан гэж үзэж байгаа. Замын цагдаагийн 463 дүгнэлтийн 4 дэх хэсэгт осол болох шалтгаан нь тухайн зам дээр зам тээврийн засварын үйл ажиллагаа хийж байсан Төгс зам ХХК нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна гэж гарч ирсэн. Үүн дээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан улсын байцаагч нарын гаргасан дүгнэлт, 2017.08.21-ний 197 дүгнэлтүүдээд үгүйсгээгүй байдаг. Осол болсон шалтгааныг зөв тодорхойлсон гэж үзэж байгаа. Тийм учраас Гг цагаатгаж, гэм буруугүйд тооцож гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэв.

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Быг энэ хэрэгт татаж эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял халдааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ хэрэг 2016.10.01-ний өдөр буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байхад гарсан хэрэг.  2002 оны Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчвөл гээд гэмт хэрэг үйлдэх талбар, орон зайг заагаад өгчихсөн, мөн журам зөрчсөний улмаас гэж байгаа, тэрнээс биш зам засвар гэдэг үг байхгүй. Ямар учраас энэ хүмүүсийг Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар гэм буруутайд тооцоод байгаа нь ойлгомжгүй. Шинжээчийн 6-7 дүгнэлт байдаг, шинжилгээний байгууллага гэдэг бол шүүхийн өмнөөс дүгнэлт өгдөг байгууллага биш, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын тогтоолын 3 дугаар хавсралтын 5 дахь зүйлийн А, Б-д  “Засварын ажил хийж байх үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1:20 гэсэн тэмдэг тавьж анхааруулах тухай замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг тавих, зорчих хэсгээс зайлуулах хэрэв боломжгүй бол тойрч гарах чиглэл тавих, нэмэгдэл улаан гэрлийг тавьж анхааруулах” гэсэн ийм 2 зохицуулалтыг зөрчсөн гэж дүгнэлтэд бичсэн байгаа. Тэгвэл энэ 2 зохицуулалтыг зөрчвөл ямар хариуцлага хүлээх юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Хүлээлгэх хариуцлага нь тухайн үед мөрдөгдөж байсан Захиргааны хариуцлагын  тухай хуулиар хариуцлага хүлээх боломж бий, энэ нь эрүүгийн шинжтэй гэмт хэрэг биш. Хууль хэрэглээний ноцтой асуудал гарч ирнэ, хэрэг учрал болох үед гэмт хэрэгт тооцоогүй байсан үйлдлийг дараа нь хүчин төгөлдөр болсон хуулиар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож анхан шатны шүүх шийдвэрлэсэн, энэ нь хууль хэрэглээний томоохон зөрчил юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах тухай холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж яриад байгаа. Энэ хэрэг учралд тухайн хуулийн зүйл заалт ерөөсөө хамаагүй. Шүүгдэгч Э, АЗЗА ХХК-ийн хооронд хөдөлмөрийн харилцаа байгаагүй. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэгддэггүй. Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсгийг зөрчсөн гэсэн удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр гараад ирчихсэн. Түүнээс харгалзан үзэх олон нөхцөлүүд байгаа. Тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд заасан жолоочийн гэж байгаад өөрөөр хэлбэл энэ гэмт хэрэг маань тусгай субъектийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Ийм тодорхой асуудлаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн. Дүгнэлтэндээ улсын яллагч Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутай гэж яллах дүгнэлт үйлдээгүй учраас цагаатгалаа гэсэн. Яллах дүгнэлтэнд Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу гэж байгаа. Шинжээчийн дүгнэлт бас тийм байгаа. Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдалд нийцсэн, хууль ёсны шударга зарчмыг удирдлага болгож хэрэг маргааныг шийдвэрлэж чадаагүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэв.

       Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төгс зам ХХК нь Зүүнбаянгаас Цагаан элсний орд хүртэлх 7 км авто замын барилга угсралтын ажлын туслах гүйцэтгэгчээр Дорноговь аймгийн АЗЗА ТӨХК-тай 2014.05.26-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээнд баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас зөрчил илэрвэл өөрийнхөө хөрөнгөөр 1 жилийн хугацаанд замыг засна гэж тус тус заасан бөгөөд зүгшрүүлэх, тохируулах эсхүл хэвийн үйл ажиллагааг ялгамжтай тодорхойлж заагаагүй учир Барилгын тухай хуульд заасан баталгаат хугацаанд хамааруулж үзэх боломжгүй гэж үзэж байна. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зүгшрүүлэх, тохируулах хугацаа нь нэг жил байна. Энэ хугацаа дууссанаас хойш хэвийн ашиглалтын хугацаа 3-аас доошгүй жил гэж зохицуулсан. Улсын комисс замыг 2016.12.15-ны өдрийн 40/2016 дугаар актаар хүлээж авсан тул энэхүү хугацаанд үүссэн хариуцлагыг хуулиар ерөнхий ажил гүйцэтгэгч хүлээхээр байна. Ажил гүйцэтгэх гэрээнд замын хөдөлгөөний дүрмийн аюулгүй байдал хангах талаар тодорхой заагаагүй. Гэрч Бямбацогт, Дашнамжил, Мөнх-Эрдэнэ, Буян-Арвижих нарын мэдүүлгээр 7 км замын эхлэл дээр шороон хаалт хийж, 1-20 анхааруулах тэмдэг тавьсан. Шороон хаалтыг ерөнхий гүйцэтгэгч АЗЗА ТӨХК-ийн ерөнхий инженер Эрдэнэбаатарын шийдвэрээр авсан гэдэг нь тогтоогдож байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 5а-д заасны дагуу зам засварын ажил үйлчилгээ хийж байх үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 1-20 тэмдгийг тавьж анхааруулах, замын хөдөлгөөг хашиж тусгаарлах үүргийг Төгс зам биелүүлсэн байна гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан нь хуулиар тодорхойлно гэж заасан тул Иргэний хууль, осол болох үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хууль, 1998 оны Авто замын тухай хууль болон 2015 оны Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн шинэчилсэн найруулга болоод 2016.02.05 оноос мөрдөгдөж байгаа Барилгын тухай хуулийн холбогдох зохицуулалтаар Төгс зам ХХК-ийн захирлыг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл тодорхойлогдоно гэж үзэж байна. Тухайн үед 2 талын байгуулсан гэрээний үндсэн хугацаа 2015 онд дууссан. Замыг хүлээлгээд өгчихсөн. Гэрээний 3.3 дахь хэсэгт заасан замын баталгаат хугацаа 2015.10.30-ны өдөр дууссан. Хугацаа дуусахад 7 км авто замын хэсэгт хяналт шалгалт хийж, гомдлын шаардлага гаргаж хандаагүй байгаа. Төгс зам ХХК-ийн захирлыг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн гэж үзэж иргэний хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй. Прокурор Э, Б нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан. Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулийн 27.9 дэх хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэж шийдвэрлэхдээ шүүгдэгч Гны орон нутгийн тээвэрлэлт хийх зөвшөөрөлгүй, хамгаалалтын бүсгүй байсан зэрэг нь тогтоогдож байхад түүнийг цагаатгаж шийдвэрлсэн нь үндэслэлгүй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

        Хэргийг хянан хэлэлцвэл Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрбаяраас: Шүүгдэгч Б.Гд холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 01-ний орой 95-76 ДГО улсын дугаартай, УАЗ 2206 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Сайншанд сумаас Хатанбулаг сумын чиглэлд зорчиж явахдаа Дорноговь АЗЗА ТӨХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Төгс зам ХХК уг зам дээр зам арчлалтын ажил гүйцэтгэж байхдаа зам засварлахаар асгасан барагшин шороог хараагүйгээс авто тээврийн осол гаргаж, З.Гиймаа, түүний хүү 1 настай Г.Тэмүжин нар нас барсан үйлдэлд Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасныг буюу аюул саад бий болсон нөхцөлд автомашиныг зогсоох, хурдыг сааруулах арга хэмжээ аваагүйн улмаас 2 хүний амь нас хохирсон буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар,

        Дорноговь АЗЗА ТӨХК-ийн захирал А.Б, Төгс зам ХХК-ийн талбайн инженер П.Э нарыг аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохирсон буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасан гэмт хэрэгт  тус тус яллуулахаар шүүхэд шилжүүлснийг Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Гг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй  байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруугүйд тооцож, түүнийг цагаатгаж,

         Шүүгдэгч А.Б, П.Э нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт нийцүүлж, шүүгдэгч А.Б, П.Э нарт тус бүр ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн тус шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2018/ШЦТ/121 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

          Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч З.Алтанцэцэг, шүүгдэгч А.Б, шүүгдэгч П.Эын өмгөөлөгч Г.Тунгалаг нарын давж заалдсан гомдлууд, прокурор Д.Дэлгэрбаярын бичсэн эсэргүүцэл зэрэгт үндэслэн тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянан хэлэлцээд анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна гэж үзэв.

        Учир нь: 1. Жолооч Б.Г Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар шинжээчийн 68, 643, 196, 197 гэсэн 4 дүгнэлт гарсан ба эдгээр дүгнэлтүүдийг хянан хэлэлцвэл:

-Дорноговь аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Батцэвэрийн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 68 тоот дүгнэлтэд /1хх-89-90/ “УАЗ 2206 маркийн 95-76 ДГО улсын дугаартай цагаан өнгийн автомашиныг жолоодож явсан Б.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.3-т заасан “жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,  “тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”  гэсэн заалтыг,  мөн дүрмийн 9-р бүлгийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж, 

-Замын Цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 643 тоот дүгнэлтэд /1хх-128-129/  “Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Батцэвэрийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй, ... УАЗ-2206 маркийн 95-76 ДГО улсын дугаарын тээврийн хэрэгсэл жолоодож явсан Батнасан овогтой Г нь МУ-ын ЗХД-ийн 9.2-р заалт “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”  гэснийг зөрчсөн, ... Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох ёстой гэж шинжээч нар үзэж байна” гэж,

-ХСИС-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхмийн эрхлэгч болон замын цагдаагийн албаны 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 196 тоот шинжээч нарын дүгнэлтэд /2хх-155-158/ “2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 68 тоот дүгнэлтэд жолооч Б.Гг бүрэн бус автомашин жолоодсон гэжээ. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 08-ны дүгнэлтээр батлагдаагүй байна. Пургон автомашины их гэрлийг хэргийн газрын үзлэгийн протоколд баруун урд гэрлийн ойр гэрэл, зүүн урд гэрлийн холын гэрэл хэвийн ажиллаж байх ба баруун урд гэрлийн холын гэрэл, зүүн урд ойрын гэрэл ажиллахгүй ... гэсэн байхад техникийн оношлогоогоор гэрлийн чийдэн шатсан эсэх, холболтоос шалтгаалан салсан эсэхийг тогтоох шаардлагатай байсан. Үүнийг тодорхойлох бүрэн боломжтой. Гэтэл энэ ажиллагаа хийгдээгүй байхад бүрэн бус автомашин жолоодсон гэх үндэслэлгүй. Мөн гэрэл асаж байсан үгүйг тодорхойлоогүй байхад ЗХД-ийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэжээ. Гэрэл асахгүй байхад саадыг харахгүйгээс мэдээгүй байх боломжтой” гэж,

-ХСИС-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч болон замын цагдаагийн албаны 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 197 тоот шинжээч нарын дүгнэлтэд “ослын газрын бүдүүвчээс харахад тормозны мөргүй байгаа нь саадыг арга хэмжээ авах боломжгүй ойрын зайнаас харсан байх магадлалтай” гэжээ.

Эдгээр дүгнэлтүүдээс үзэхэд шүүгдэгч Б.Гг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж дүгнээгүй ба мөрдөгчөөс томилогдсон шинжээч нар нь хэргийн материал болон хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлаж тус тусын дүгнэлтээ гаргасан байх боловч дараахь нөхцөл байдлууд ойлгомжгүй, тодорхойгүй болжээ.

Тухайлбал: 1. Дорноговь аймгийн Авто тээврийн Үндэсний төвийн шинжээч нарын техникийн шинжилгээгээр “... ослын өмнөх техникийн байдлыг тодорхойлох боломжгүй. ...” гэж үзсэн, мөн гэрч М.Отгонтуяа /1-р хх-ийн 52-54/ “... машин иртэл өрөөсөн нэг гэрэл нь шатсан машин ирсэн...” гэрч Ц.Батням /1-р хх-ийн 66/ “...тухайн үед жолоочийн эсрэг талын гэрэл ажиллахгүй байсан...“ , гэрч Н.Нандинцэцэг /1-р хх-ийн 41-43/ “... Зүүнбаян багаас урагш хар аспалтан замаар явж байхад зам дээр овоолсон хар шороо байсан” гэсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх  ХСИС-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхмийн эрхлэгч болон замын цагдаагийн албаны 196, 197  тоот шинжээчийн дүгнэлтэд “ЗХД-ийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна“ гэснийг мөн “гэрэл асахгүй байхад саадыг харахгүйгээс мэдээгүй байх боломжтой” гэсэн хэрэгт онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заалгүй шүүгдэгч Б.Гг гэм буруугүй гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй.

2. Замын постон дээр ажиллаж байсан цагдаагийн ажилтан  Ц.Батням /1-р хх-ийн 66/ гэрчээр өгсөн мэдүүлэгт  “...тухайн үед жолоочийн эсрэг талын гэрэл ажиллахгүй байсан...“ гэж,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 4-8/-д “...уг тээврийн хэрэгслийн баруун урд гэрлийн ойр гэрэл, зүүн урд гэрлийн холын гэрэл хэвийн ажиллаж байх ба баруун урд гэрлийн холын гэрэл, зүүн урд гэрлийн ойрын гэрэл ажиллахгүй байх ба... “ гэж тэмдэглэгдсэн байхад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 4009, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 4007 тоот шинжээчийн дүгнэлтүүдэд УАЗ-2206 маркийн 95-76 ДГО улсын дугаарын тээврийн хэрэгсэлд техникийн оношлогооны талаар тодорхойлсон ба 4007 /2хх-203/ тоот шинжээчийн дүгнэлтийн 2-т “Зүүн ойрын гэрлийн шон салсан нь ашиглалтын явцад, баруун холын гэрэл шатсан нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй гэсэн нь ойлгомжгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

3. Б.Гны яллагдагч болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлгээс үзэхэд тэрээр хот хооронд болон аймаг, сум хооронд зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг байх ба энэхүү зорчигч тээвэрлэх үйл ажиллагааг хаанаас, хэзээ олгосон тусгай зөвшөөрлийн дагуу хийсэн эсэх, шүүгдэгчид тийм эрх байгаа эсэх, хэрэв зорчигч тээвэрлэх эрхгүй этгээд байсан бол энэ нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл болох эсэх буюу гэмт хэргийн улмаас үүссэн хохиролд шалтгаант холбоотой эсэх талаарх дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.

Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд мөрдөгч, прокурор, анхан шатны шүүх нь нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

 

            4. Шүүгдэгч А.Б, П.Э нарыг прокурор 2002 оны Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар шүүгдэгч тус бүрийг яг ямар үйлдлийнх нь улмаас яллаж байгаа нь тодорхойгүй буюу тэднийг хамтад нь “замын засварын ажил хийхдээ  авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм” MNS: 4596-2014 стандартын 4.2.22, 4.6.40 дугаар заалтуудыг зөрчиж, тэмдэгийг стандартын шаардлагын дагуу хийж байршуулаагүй, улмаар Б.Г зам тээврийн осол гаргаж З.Гиймаа, Г.Тэмүүжин нарын амь насыг хохироосон буюу аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон”  гэж тодорхойлсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1, 32.10 дугаар зүйлийн 3.2-т тус тус нийцээгүй.

            Учир нь Доншен газрын тос ХХК-ийн захиалгаар Дорноговь АЗЗА ТӨХК “Зүүнбаянгаас-Цагаан элсний орд хүртэлх 22,7 км хөнгөвчилсөн хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлыг хийхээр 2012 оны 04 дүгээр сарын 10-нд гэрээ байгуулагдсан ба ерөнхий гүйцэтгэгч Дорноговь АЗЗА ТӨХК Төгс зам ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр уг замын 7,0 км хатуу хучилттай автозамын барилга угсралтын ажлыг хийлгүүлэх гэрээг 2014 оны 05 дугаар сарын 26-нд байгуулж, мөн оны 10 дугаар сарын 30-ны өдөр 7 км угсралтын ажлын гэрээгээ дүгнэсэн /3-р хх-154/ актаар хүлээлгэн өгсөн 7 км зам дээр Төгс зам  ХХК зам засварын ажлыг биечлэн гүйцэтгэж байх явцад осол гарсан нь шүүгдэгч нарын болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Эндээс үзэхэд шүүгдэгч А.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар ерөнхий гүйцэтгэгч нь Дорноговь АЗЗА ТӨХК байсан гэдэг үндэслэлээр, эсхүл тус компанийн гүйцэтгэх захирал А.Б албан тушаалтныхаа хувьд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчсөн гэж үзэж байгаа бол энэ талаархи хууль болон гэрээ, байгууллагын дотоод журамд заасан ямар үүргээ биелүүлээгүй үндэслэлийн алинаар яллагдагчаар татсан гэдэг нь яллах дүгнэлтээс тодорхойлох боломжгүй байна.

            Шүүгдэгч П.Э нь гүйцэтгэгч Төгс зам ХХК-ийн талбайн инженер албан тушаалтан болох нь хөдөлмөрийн гэрээгээр тодорхойлогдож байгаа ба шүүгдэгчийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчсөн гэж үзэж байгаа бол энэ талаархи хууль болон гэрээ, байгууллагын дотоод журамд заасан ямар үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа эсэхийг мөн тодорхойлоогүй байна.

            Энэ байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй ба 2002 оны Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 буюу Замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэгт нийцүүлж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэл болсон.

            Учир нь 2002 оны Эрүүгийн хуульд Замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих гэдэг гэмт хэрэг байхгүй байсан ба шүүгдэгч нарын үйлдэлд ял шийтгэл оногдуулахдаа  шинэ гэмт хэрэгт буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 27.9-д зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль үйлчлэх хугацаа болон хуулийг буцаан хэрэглэх тухай зохицуулалтад нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн байна.

            Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлүүдээр шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлууд, прокурорын эсэргүүцлийг тус тус хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг  дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

        Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2018/ШЦТ/121 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгч А.Бын өмгөөлөгч З.Алтанцэцэг, шүүгдэгч А.Б, шүүгдэгч П.Эын өмгөөлөгч Г.Тунгалаг нарын давж заалдсан гомдлууд, прокурор Д.Дэлгэрбаярын эсэргүүцлийг хангасугай.

         2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Г, А.Б, П.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                        А.САЙНТӨГС