Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 35

 

 Б.Г, А.Б, П.Э

      нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Чимэг, шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Ж.Энхчулуун, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 67 дугаар магадлалтай, Б.Г-, А.Б-, П.Э- нарт холбогдох 201610000296 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Чимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Б-н Г,

2. Монгол Улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Автозам, барилгын инженер мэргэжилтэй, Дорноговь аймгийн “АЗЗА ТӨХК”-д захирлаар ажиллаж байсан, ам бүл 5, ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт А-н Б,

3. Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, замын инженер мэргэжилтэй, “Төгс зам” ХХК”-д инженерээр ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт П-н Э.

Б.Г- нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт 95-76 ДГО дугаартай УАЗ 2206 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчин тээврийн осол гаргаж, З.Г-, Г.Т- нарын амь насыг хохироосон,

А.Б-, П.Э- нар нь 2016 оны 10 дугаар сарын 01-нйй өдөр Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт зам засварын ажил хийхдээ ММ5:4596-2014 Монгол Улсын стандартын 4.2.22, 4.6.40 дугаар заалтуудыг зөрчиж, тэмдгийг стандартын шаардлагын дагуу хийж байршуулалгүй, аюулгүй ажиллагааны журам зөрчиж улмаар Б.Г- 95-76 ДГО дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, З.Г-, Г.Т- нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Б-, П.Э- нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруугүйд тооцож, цагаатгаж, шүүгдэгч А.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан авто зам, байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч П.Э-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан авто зам, байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч П.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Төгс зам” ХХК-аас 6,901,288 төгрөгийг, иргэний хариуцагч “Дорноговь АЗЗА” ТӨХК-аас 6,901,288 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Г.Г-  3,435,030 төгрөгийг, хохирогч З.Ж- 10,367,545 төгрөгийг тус тус олгож, хохирогч Г.Г-  нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг хохирогч З.Ж-  нэхэмжлэлийн шаардлагаас 698,455 төгрөгийг, нийт 10,698,455 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Алтанцэцэг, Г.Тунгалаг нарын давж заалдсан гомдлууд, прокурор Д.Дэлгэрбаярын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Чимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “ ... Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Б.Г-г гэм буруугүйд тооцож, цагаатгасан. Өмгөөлөгч миний хувьд өөрийн үйлчлүүлэгч Б.Г-гийн замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчөөгүй гэж үзэж байгаа бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол гаргасан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн шийдвэр гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь зааснаар ...бусад нотлох баримттай харьцуулах...аргаар нотлох баримтыг шалгана гэж зааснаар бусад нотлох баримтууд гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэгт ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй. Дан ганц жолоочийг буруутгах талаас нь магадлал гаргасан нь магадлалын тодорхойлох хэсэгт зааснаар ... Жолооч Б.Г- Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар шинжээчийн 68, 643, 196, 197 гэсэн дүгнэлт гарсан ба эдгээр дүгнэлтүүдийг хянан хэлэлцвэл... гээд хэргийг бүхэлд нь хянаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар...хэргийг бүхэлд нь хянаж үзнэ гэж заасныг зөрчсөн байна.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа: ... Эдгээр дүгнэлтүүдээс үзэхэд шүүгдэгч Б.Г-г Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж дүгнээгүй ба мөрдөгчөөс томилогдсон шинжээч нар нь хэргийн материал болон хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж тус тусын дүгнэлтээ гаргасан байх боловч дараах нөхцөл байдлууд ойлгомжгүй тодорхойгүй болжээ...гэжээ. Б.Г-гийн өмгөөлөгчийн зүгээс өмнө гарсан Дорноговь аймгийн Замын цагдаагийн байцаагч ахмад Б.Батцэвэрийн гаргасан дүгнэлт мөн 2016.11.21-ний өдрийн 643 тоот бүрэлдэхүүнтэй дүгнэлтүүдийг эс зөвшөөрч дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан. Гэтэл ХСИХ-ийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч болон замын цагдаагийн мэргэжилтнүүдийн гаргасан 2017.05.25-ны өдрийн 196 тоот дүгнэлтэд: 2016.10.19-ны өдрийн 68 тоот дүгнэлтэд жолооч Б.Г-г бүрэн бус автомашин жолоодсон гэжээ. Гэтэл 2016.11.08-ны өдөр гаргасан дүгнэлтээр батлаагүй байна ...Мөн гэрэл нь асаж байсан үгүйг тодорхойлоогүй байхад Замын хөдөлгөөний дүрмийн “9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэжээ...гэж дүгнэснээр машинд үзлэг хийлгэж 2017.08.02-ны өдрийн 4007 тоот дүгнэлт гарсан байдаг. Мөн 196 тоот дүгнэлтэд:...13 дугаар асуултад: Хар өнгийн зүйл харагдах нь бусад өнгийг бодвол хамгийн бага байдаг тул арга хэмжээ авах зайнд харагддаггүй. 15 дугаар асуултад: замын тэмдэг тэмдэглэл нь стандартын дагуу тавигдсан тохиолдолд боломжтой. 16 дугаар асуултад: Зам засварын ажил хийхдээ замын тэмдгийг стандартын шаардлагын дагуу хийж байрлуулаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан.... Үүний дараа нэмэлтээр ХСИСургуулийн шинжээчдийн бүрэлдэхүүнээр мөрдөгчийн асуусан асуултад хариулаагүй асуултдаа хариу авахаар дүгнэлт 2017.08.21-ны өдөр гаргуулсан. Дүгнэлтэд:...Тухайн автомашин цагт 60 км-ийн хурдтай явсан гэж үзвэл бүрэн зогсолтын хугацаа 3.43сек. Энэ хугацаанд 57 м зам туулж зогсоно. 80 цагт км-ийн хурдтай явсан гэж үзвэл 4.24 сек энэ хугацаанд 94 км зам туулж зогсоно. Ослын газрын бүдүүвч зургаас харахад тоормосны мөргүй байгаа нь саадыг тойрох арга хэмжээ авах боломжгүй зайнаас харсан байх магадлалтай... 2017.08.02-ны өдрийн 4007 тоот дүгнэлтэд ... шөнийн харанхуй үед, асфальт хучилттай хар өнгийн зам дээр хар өнгийн шороо мэт зүйл асгаж овоолсон, анхааруулах тэмдэг, гэрэл ойлгогч материал бүхий хашлага байрлуулаагүй зэрэг нь нэг өнгийн давхцал үүсгэж эрүүл, насанд хүрсэн хүний харах харааны боломжийг хязгаарласан шалтгаан нөхцөл бүрдүүлсэн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын хөдөлмөрийн улсын байцаагч нарын гаргасан /2 дугаар хавтас 28-29 х/ дүгнэлтэд мөн зам засварын компаниуд тэмдэг тэмдэглэгээ хийгээгүйгээс болж осол гарсан байна гэсэн байдаг. Онолын хувьд 60км/цагийн хурдтай машины тоормосны зай хар хувцас харагдахгүй. Цэнхэр хувцас 17м, улаан хувцас 24м, шар хувцас 37м, цагаан өнгийн хувцас 55м, гэрэл ойлгогчтой хувцас 130 м-ийн зайнаас харагдах боломжтой байдаг гэж байгаа нь дээрх дүгнэлтүүд хууль зүйн болон онолын хувьд үндэслэлтэй болжээ. Тиймээс миний үйлчлүүлэгч Б.Г-гийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлээс болж осол гаргаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үндэслэлтэй дүгнэлт гаргасан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Ж.Энхчулуун хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг цагаатгасан этгээдийн өмгөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасан. Хяналтын шатны шүүхэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гомдол гаргах үндэслэл байдаг. Харамсалтай нь шүүх хуралдаан дээр ярьж байгаа болон хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд энэ талаар дурдагдаагүй. Ярьж байгаа нэг үндэслэл нь хэрэгт авагдсан баримтуудыг шүүх бодит байдал тогтоох зорилгоор нэмж дүгнэсэнгүй гэж байна. Хэргийн үйл баримтын талаар ярьлаа.

Эрүүгийн хуулийн 27.10 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийн тухай ярих илүүц асуудал. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн бүдүүлэг алдаа гаргасан гэж өмгөөлөгчийн хувьд үздэг. Энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Яг энэ асуудлаар давж заалдах шатны шүүх магадлалдаа Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль үйлчлэх хугацаа болон хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт хийлгүй хуулийг буруу хэрэглэсэн гэж бичсэн байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн 27.10, 27.9 дүгээр зүйлд заасан хоёр зүйл ангиар зүйлчлээд шинээр бий болсон гэмт хэргийг буцааж хэрэглэсэн ноцтой алдаа байдаг.

Давж заалдах шатны шүүхийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана гэсний дагуу давж заалдах шатны шүүх хуралдаан болж анхан шатны шүүхийн гаргасан алдааг зөвтгөж, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

Өмгөөлөгчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй учир гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хавтаст хэрэгтэй бүхэлд нь танилцсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэж байгаа. Шүүгдэгч Б.Г-гийн тодорхой хэмжээний буруутай үйлдэл байсан нь нотлох баримтад авагдсан. Шинжээчийн дүгнэлтэд жолоочийн эсрэг талын гэрэл ажиллахгүй байсан талаар дурдагддаг. Харанхуй байхад дутуу гэрэлтэй машин өмнөө байсан саад тотгорыг харалгүй осол гаргасан байх боломжтой. Шинжээчийн дүгнэлтэд Б.Г-гийн 100 хувь буруугүй гэдгийг нотолсон зүйл байхгүй учраас давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бүрэн гүйцэд, үндэслэлтэй шалгаагүй байна гэдэгтэй санал нийлж байгаа. А.Б-, П.Э- нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Ямар үйлдлийн улмаас гэдэг нь тодорхойгүй, хамтад нь зам засварын ажил хийхдээ стандартын аюулгүй байдлын журам зөрчсөн гэж бүхэлд нь заасан. Гэтэл аль нь ямар үүрэг хүлээсэн гэдгийг ялгаж зааглаж өгсөн зүйл байхгүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байна уу гэдэгт дүгнэлт хийгээгүй шүүхэд шилжүүлсэн нь прокурорын буруутай үйл ажиллагаа байна гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйл болгосон нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлтэй санал нэг байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйл нь шинээр зохицуулагдсан зохицуулалт байгаа. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Чимэгийн гаргасан гаргасан гомдлыг үндэслэн Б.Г-, А.Б-, П.Э- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан зөрүүтэй нотлох баримтыг тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн төвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлдэг билээ.

Анхан шатны шүүх хэрэг гарсан байдал, оролцогч бүрийн гэм бурууд холбогдох нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлалгүйгээр хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна гэж хяналтын шатны шүүх үзэв.

Тодруулбал, анхан шатны шүүх хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийн үйл баримт, шинжээч нарын дүгнэлтийг бодитой үнэлж, зам тээврийн ослын үндсэн шалтгааныг зөв тогтоож чадалгүй, тухайн осол болоход тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Б.Г-г гэм буруугүйд тооцон цагаатгаж, А.Б-, П.Э- нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч тус бүрд ял оногдуулахгүйгээр 2 жил тэнссэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Иймд шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг

хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Чимэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 67 дугаар магадлалыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Чимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                 ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР       

                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН