| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2017/01324/и |
| Дугаар | 1871 |
| Огноо | 2017-09-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 1871
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: В.В-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б /РД:*******/
Зээлийн гэрээний үүрэгт 153 702 385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Б******* нь БНХАУ-аас төмөр замын моторын поршень худалдан авах зорилгоор нэхэмжлэгч В******* надаас 63,500 ам.доллар зээлэх хүсэлт тавьсан бөгөөд нэхэмжлэгч миний бие хариуцагч Б.Б******* болон түүний нөхөртэй олон жил бизнесийн түншүүд байсны хувьд хариуцагч Б.Б*******д итгэж 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээг БНХАУ-ын Бээжин хотод байгуулан 63,500 ам.долларыг хүүгүйгээр 2 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн мөнгийг гэрээ байгуулсан өдөр хариуцагч Б.Б*******д хүлээлгэн өгсөн. Хариуцагч Б.Б******* нь 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдөр нэхэмжлэгч В******* надад баталгаа бичиг гарган өгсөн бөгөөд тус баталгаа бичигт 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авсан 63,500 долларын 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр төлнө гэж баталгаа бичиг гаргаж өгсөн боловч хариуцагч Б.Б******* нь хоёр талын байгуулсан зээлийн гэрээ болон баталгаа бичигт заасан хугацаанд нэхэмжлэгч В******* надаас зээлж авсан 63,500 ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгч В******* миний бие удаа дараа хариуцагч Б.Б*******д хандан зээлийн гэрээний дагуу зээлсэн 63,500 ам.долларыг төлж барагдуулахыг мэдэгдэж байсан бөгөөд хариуцагч Б.Б******* нь удахгүй төлнө, төлөх гэж байна гэсээр өнөөдрийг хүртэл төлөлгүй нэхэмжлэгч В******* намайг хохироож байна. Хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэгч В******* надаас зээлсэн 63,500 ам.долларыг Монгол улсын Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны албан ёсны ам долларын төгрөгтэй тэнцэх ханш болох 2420,51 төгрөгөөр тооцож 153,702,385 төгрөгийг хариуцагч Б.Б******* нэхэмжлэгч В******* надад төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу 63,500 ам.доллар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцоход нийт 153,702,385 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд Б.Б*******гаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д ажиллаж байх хугацаандаа Малайз улсын Tenaga National Berhard компанид томилолтоор 2014 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 5-ны өдрүүдэд ажиллаад буцах замдаа Бээжин хотод сурдаг хүү Д.Г*******тайгаа уулзах зорилгоор 2 хоносон. Тухайн үед манай нөхөр Д.Д******* над руу утасдаж С*******гаас зээлсэн мөнгөө авах гэтэл Хятад улсын иргэн В*******гийн компанийн дансанд саатсан, нааш нь шилжүүлэхгүй байна гэсэн. Иймд чи тэр В*******тэй уулзаж тэдний компаниас Монгол руу шилжүүлсэн боловч буцаж орсон, саатсан мөнгөний учрыг олоод гадаад гуйвуулга дээр нь ямар нэг алдаа байна уу үзээдэх гэсэн. Би тэр шалтгаанаар В*******гийн оффист очиход тэрээр “би мөнгийг нь эхлээд шилжүүлсэн боловч буцаад орсон, одоо харин танай нөхрийн найз С*******гаас авлагатай тэрэндээ энэ мөнгийг суутгалаа” гэж хэлсэн. Энэ тухай буцаад нөхөртөө хэлэхэд манай нөхөр надад “С******* В*******тэй яриад ойлголцсон гэж байна. Ер нь бол наад мөнгө чинь Улаанбаатар төмөр зам компанитай байгуулсан гэрээний дагуу Ван вэндүсүгийн компани руу шилжсэн мөнгө, тэр хоёрын бизнесийг хийхдээ бизнес нь ашигтай, гэрээ нь хийгдсэн байгаа, харин бараа нийлүүлэхэд урьдчилсан санхүүжилт шаардлагатай гээд надаас мөнгө зээлээд гэрээний үүргээ биелүүлж бараагаа бүрэн нийлүүлчихсэн юм. Тийм учраас наад мөнгө чинь надаас зээлсэн мөнгөнийхөө тодорхой хэсгийг буцааж өгч байгаа, манайх С*******гаас авах авлага бүрэн аваагүй, дахиад ч мөнгө авах ёстой гэдгийг В*******д сайн тайлбарлаад яаралтай шилжүүлэх арга хэмжээ аваадахаа” гэсэн. Би энэ талаар В*******тэй ярилцахад тэд энэ байдлыг хүлээн зөвшөөрч байсан. Гэхдээ С*******гаас мөнгө авахад тусална гэсэн баталгаа өгвөл шилжүүлье гэсэн. Бид ярьж ойлголцсон, миний Бээжинд байх хугацаа богино, хувийн ажлуудаа амжуулах шаардлагатай байсан учир би ярилцаж ойлголцоод С*******д хэлж авлагаа авахад чинь тусална гэсэн баталгаа бичиж өг гэсэн шаардлагын дагуу бичиж өгсөн. Тухайн үед бид харилцан ойлголцож, тэр дансанд байршсан мөнгө нь өмнөх авлагатай холбоогүй тухайн үед хийсэн бизнесийн мөнгө гэдгийг хүлээн зөвшөөрөлцсөн, хүн ёсоор хандаж С*******гаас авлагаа авахад нь дэмжлэг болж хэлж өгнө гэсэн баталгаа өгч байна гэж ойлгоод В******* ч мөнгөө шилжүүлэх болоод үлдсэн. Энэ үед би В*******гээс ямар ч мөнгө бэлнээр аваагүй, мөн мөнгө шилжүүлэхэд нь ч оролцоогүй. Тухайн үед би ямар ч зээлийн гэрээ байгуулаагүй, нэг ч доллар, нэг ч төгрөг бэлнээр аваагүй. Гэтэл Хятад улсын иргэн В******* нь зээлийн гэрээ, мөнгө авсан баримтыг хуурамчаар үйлдсэн байна. Би төрийн байгууллагад ажилладаг, эрдэм судлалын ажил эрхэлдэг, ямар ч бизнс эрхэлж үзээгүй, гадаадын болон дотоодын ямар ч иргэнээс мөнгө зээлж байгаагүй байтал ийм зээлийн гэрээ, мөнгө авсан баримт хуурамчаар үйлдсэн байгаад гомдолтой байна. Хууль хяналтын байгууллага зохих журмын дагуу хуурамч бичиг баримт үйлдсэнийг нотолж хуурамч гэрээ, бичиг баримтыг баталгаажуулсан нотариат, хуурамч бичиг баримт үйлдсэн хүмүүст тодорхой хариуцлага тооцох нь зөв гэж үзэж байна гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В******* нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 153 702 385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хариуцагч Б.Б******* нь 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдөр нэхэмжлэгч В*******тэй зээлийн гэрээ байгуулан 63 500 ам долларыг хүүгүй, алдангигүй 2 сарын хугацаатай байхаар харилцан тохиролцсон зээлийн гэрээ хэрэгт авагджээ./хх-9 хуудас/
Нэхэмжлэгч В******* нь хариуцагч Б.Б*******тай 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 63 500 ам долларыг бэлнээр хүлээлгэн өгсөн, зээлийн гэрээ болон бэлэн мөнгө хүлээн авсан, баталгаа гаргаж өгсөн баримтын эх хувь байхгүй, эх хувиуд нь алга болсон, нотариатаар баталгаажуулсан хуулбар хувь нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангаж байх тул 63 500 ам доллар буюу 153 702 385 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Б.Б******* нь 2014.06.06-ны өдөр нэхэмжлэгч В*******тэй зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн гэрээ болон мөнгө хүлээж авсан гэх ямарч баримтанд гарын үсэг зураагүй, нэхэмжлэгч В******* С*******гаас авах авлагатай, уг авлагыг авахад нь туслана гэж баталгаа гаргаж уг баталгаанд гарын үсэг зурсан, зээлийн гэрээ, мөнгө авсан, өгсөн гэх ямарч баримтанд гарын үсэг зураагүй, нэг ч доллар нэхэмжлэгчээс аваагүй, хуурамч баримт үйлдэн нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч В******* нь хариуцагч Б.Б*******тай 2014.06.06-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ, зээлийн гэрээний дагуу мөнгө авсан баримтуудын хуулбар үнэн зөвийг нотариат гэрчилсэн байх бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан, мөнгө хүлээн авсан үйл баримтыг гэрчлээгүй болох нь нотариатын тамганы дардасаар тогтоогдож байна. /хх-9 хуудас / Өөрөөр хэлбэл талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан үйл баримт, гэрээний үнэн зөвийг гэрчилсэн бол нотариат гэрээний тамганы дардас дарж гэрчилнэ.
Хариуцагч зээлийн гэрээ болон мөнгө хүлээн авсан баримтанд гарын үсэг зураагүй, хуурамч баримт шүүхэд ирүүлсэн гэж тайлбарлаж байх бөгөөд дээр дурдсан зээлийн гэрээ, мөнгө хүлээн авсан баримтанд зурсан гарын үсгийн мөн эсэхийг шүүх тогтоохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилсон байх ба нэхэмжлэгч эх баримтуудыг гээгдүүлсэн, шүүхэд ирүүлэх боломжгүй гэж тайлбарлажээ. Шинжилж буй баримтын эх хувь ирүүлээгүй гэх үндэслэлээр шинжээч шинжилгээ хийхээс татгалзсан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт болох зээлийн гэрээ, мөнгө хүлээн авсан баримт, баталгаа нь хэргийн бодит үнэнийг эргэлзээгүй үнэн зөв талаас нь нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгч талаас гаргаж буй дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан шаардлагыг хэлбэрийн хувьд хангаж байгаа боловч хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авч шинжлэн судладаг билээ.
Хариуцагч маргааны зүйл болсон гэрээ болон бусад баримтуудад гарын үсэг зураагүй, баримтыг хуурамчаар үйлдсэн гэж тайлбарлаж байх тул шүүхэд уг баримтууд эх хувиараа шинжлэн судлагдснаар хэргийн бодит үнэн эргэлзээгүй, үндэслэл бүхий тогтоогдох учиртай.
Иймд нэхэмжлэгч хэргийн бодит үнэнийг тогтооход шаардагдах баримт болон нэхэмжлэлийн шаардлагаа нотлон үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-т заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт 153 702 385 төгрөг гаргуулах тухай В******* //-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 926 00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ