Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 3

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Ахолбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Агар,

шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан,

хохирогч Г.Ө-, түүний өмгөөлөгч А.Батмандах,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 688 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Аы өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлоор Ц.Ахолбогдох эрүүгийн 2014250005570 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овгийн Ц-ийн А, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ............... ............... ............. ............... ........... тоотод оршин суух бүртгэлтэй, 1988 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, ЧД.............. регистртэй;

 

Ц.А нь Г.Ө-тай хамтран барилга барьж түүний ашгийн хуваарилалтад өс санаж буюу өс хонзонгийн болон шунахайн сэдэлтээр 2011-2014 оны хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Ө- гүйцэтгэх захиралтай УУСА /UUSA/ нэртэй компанийн тамгатай цаасыг ашиглан 2011 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Г.Ө-т 60,000 ам.долларыг 1 жил 6 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн тухай “Зээлийн гэрээ”, “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт” зэргийг хуурамчаар үйлдэн иргэний шүүхэд 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж, Г.Ө-т 60,000 ам.доллар буюу 70,009,000 төгрөгийн /1 ам.доллар=1250,15 төгрөг/ онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.А-ы үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Ц.А-холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Ц.А- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.А-ы өмгөөлөгч Я.Баярсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн яллах талын нотлох баримт болох гэрч О.Алтансувд, Б.Хоролбат нарын мэдүүлэг болон шинжээчийн 6385 тоот дүгнэлтийг үндэслэн Ц.Аыг гэм буруутайд тооцсон ба энэ хэрэгт авагдсан цагаатгах талын нотлох баримтууд болох гэрч Г.Батхишиг, түүний тэмдэглэлийн дэвтэрт хийгдсэн үзлэгиин тэмдэглэлд “Г.Ө-т 60,000 ам.доллар зээлэв” гэсэн бичээс, гэрч Ц.Баттулга, И.Мэндсайхан нарын мэдүүлгийг нотлох баримтын хүрээнд үнэлээгүй. Зээлийн гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн баримт дахь гарын үсгийн 3 удаагийн шинжилгээгээр “Г.Ө-ын гарын үсгийг дуурайлган зураагүй” гэх үйл баримт нотлогдсон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6385 тоот дүгнэлтээр “цаасны өргөний хэмжээ 0.2 мм зөрүүтэй, 2 гарын үсгийн будагч бодисын өнгө өөр, ямар нэгэн тамга тэмдэг дарагдаагүй байгаа нь нэг цаг хугацаанд үйлдэгдээгүй байх боломжтой” гэх үйл баримтыг тогтоосон ба цаасны хэмжээс зөрүүтэй байх, мөн тамга, тэмдэг дарагдаагүй байх нь тухайн баримт бичгийг хуурамч гэдгийг шууд нотлохгүй.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 09/1693 тоот албан бичиг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 04/4639 тоот албан бичгүүдээр “шинжилж буй баримт бичгийг устгахгүйгээр химийн шинжилгээ хийх боломжгүй” гэх тайлбарыг өгч байсан атлаа 6385 тоот дүгнэлтийг гаргасан тус дүгнэлтээр “гарын үсгийг дуурайлган зурсан” үйл баримт нотлогдоогүй байхад шүүх эдгээр баримтыг харьцуулан үнэлэлгүйгээр Ц.Аыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй.

Гэрч О.Алтансувд, Б.Хоролбат нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь таамаглалд үндэслэсэн, шууд нотолсон шинжгүй байхад Ц.А-ыг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, Ц.А-ыг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 11, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3221, 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1614 тоот шинжээчийн дүгнэлтүүд гарсан.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэлтсийн дарга /2 хх 129/ 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр, /3 хх 44/ 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нотлох бичиг баримтыг устгахгүйгээр химийн шинжилгээ хийх боломжгүй гэсэн.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 6385 тоот /3 хх 53/ шинжээчийн дүгнэлтэд Х.Баярмаа оролцсон бөгөөд Х.Баярмаа нь урьдны шинжилгээг гаргахад оролцсон.

Энэ дүгнэлт маш зөрүүтэй болсон нь Х.Баярмаа шинжээч нөлөөлөлд автсан гэж үзэж байна.

Гэрч Алтансувд гэх бараа материалын нярав хийдэг байсан хүн миний эсрэг гэрчийн мэдүүлэг өгсөн. Тухайн үед Алтансувд нь манай байрны борлуулалт хийж байгаа орон сууцны 4 айлаас борлуулалтын мөнгө болох 32,000 ам.доллар авсан байдгийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулсан. Гэтэл энэ хэрэг явсаар байгаад сүүлдээ миний эсрэг худал мэдүүлэг өгч байна.

Гэрч Хоролбат нь УУСА ХХК-иас 80 мк.2 байр, гаражийн хамт 15,000 ам.доллароор авсан байсныг зах зээлийн ханшаар төлөх ёстой гэдгийг Хоролбатаас миний бие шаардаж байсан. Гэтэл ийм шаардлага гаргасны төлөө эргээд миний эсрэг гэрчийн мэдүүлэг өгсөн.

Дээрх хэрэг нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байх хугацаанд 3 удаа прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон. Цагаатгах тогтоол гарахдаа миний дээрх асуудлыг судалж үзээд цагаатгасан. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс намайг цагаатгаж өгнө үү гэв. ...” гэв.

Хохирогч Г.Ө- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийнхөө итгэл үнэмшлээр нэг ч удаа гэрээ байгуулаагүй, ийм асуудал хэзээ ч болоогүй гэдгийг итгэлтэй хэлж байна. 2013 он хүртэл ямар ч харилцаагүй байж байгаад 2013 оны намар 10 сард миний ажил дээр тооцооны хуудас барьж орж ирээд “Барилгын ажлын тооцоонд алдаа дутагдал гарсан ...чи 52,000 ам.доллар илүү авчихсан байна. Миний ашиг 52,000 ам.доллар дутуу бодогдсон байна” гэж хэлсэн. Би тухайн үед “Ийм асуудал байхгүй, чи өөрийнхөө авсан зүйлийг дутуу бодоод миний авсан зүйлийг илүү бодож гаргасан байна” гэж хэлсэн.

2014 онд шүүхэд дуудагдаад яваад очтол зээлийн гэрээ, бэлэн мөнгө хүлээн авсан гэх хуурамч баримт бичиг бүрдүүлсэн байсан.

Энд хийгдсэн бэлэн мөнгөний баримт, мөнгө зээлсэн баримт нь 2016 онд гарсан шинжээчийн дүгнэлтээр “...цаасны стандарт хангаагүй, гарын үсгийг нэг цаг хугацаанд зурагдаагүй...” гэж гарсан.

Миний бие Ц.А-ыг полиграфийн шинжилгээнд оруулъя гэж цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан. Энэ шинжилгээнд би өөрөө очиж орсон. Гэтэл Ц.А нь янз бүрийн өвчний шалтгаанаар тухайн шинжилгээнд ороогүй.

Мөн Ц.А нь Баянзүрх дүүргийн прокурор, шүүхэд Надмид гэх хүнтэй хамтарч бусдын эд хөрөнгийг хуурамч бичиг баримт үйлдэж луйвардсан хэрэгт шалгагдаж байгаа. Тэгэхээр миний хувьд маш гомдолтой байна. Иймд энэ хэргийн үнэн зөвийг олж шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Г.Ө-ын өмгөөлөгч А.Батмандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6385 тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гарсан, өмнөх дүгнэлтээс өөр гарсан гэж тайлбарлаж байна. Гэтэл он, сар, өдөр, цаг хугацааны хувьд тоног төхөөрөмж сайжирсантай холбоотойгоор шинжээчийн дүгнэлт гарсан гэж тайлбарладаг. Энэ шинжээчийн дүгнэлтэд ганц асуудал нь тамганы тосон дээр зээлдэгч гэсэн үгний “З” үсэг хэвлэгдсэн байна гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Тэгэхээр тамга нь эхэлж дарагдаад дараа нь “З” үсэг нь хэвлэгдсэн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.

Ц.А “...би бүх юм аа хэвлэж, бичгийг Ө-аар гарын үсэг зуруулаад тамгалуулсан...” гэж хэд хэдэн удаа мэдүүлсэн.

Мөн тухайн шинжээчийн дүгнэлтэд мөнгө хүлээлцсэн акт А5 хэмжээтэй цаас гэж байдаг. Гэтэл тухайн бичиг нь А5 хэмжээтэй цаасны хэмжээнд хүрдэггүй бөгөөд тайрч багасгасан ба А4 хэмжээтэй цаасыг А5 болгох гэж гарын үсгийг нь тааруулах зорилготой багасгасан гэж үзэж байна. Мөн хавтас хэрэгт Жинжиймаагийн мэдүүлэг байдаг. Энэ хүн нь 2008 оноос хойш Ц.Аы ярьж байгаа газарт тийм хэвлэх болон компьютерийн үйлчилгээ байгаагүй гэдгийг мэдүүлсэн. Иймд шүүгдэгч Ц.А-ы өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Учир нь хавтас хэрэгт авагдсан баримтаар Ц.Аы гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдсон учраас хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Ц.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

 

Прокуророос “...Ц.А нь Г.Ө-тай хамтран барилга барьж түүний ашгийн хуваарилалтад өс санаж, өс хонзонгийн болон шунахайн сэдэлтээр 2011-2014 оны хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Ө- гүйцэтгэх захиралтай, УУСА /UUSA/ нэртэй компанийн тамгатай цаасыг ашиглан 2011 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Г.Ө-т 60,000 ам.долларыг 1 жил 6 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн тухай “Зээлийн гэрээ”, “Мөнгө хүлээлгэн өгсөн баримт” зэргийг хуурамчаар үйлдэн иргэний хэргийн шүүхэд 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж, Г.Ө-т 60,000 ам.доллар буюу 70,009,000 төгрөгийн /1 ам.доллар=1250,15 төгрөг/ онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн...” гэж үзэж, Ц.А-ы үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх Ц.А-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргээр зүйлчлэн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийн бодит байдалтай нийцээгүй төдийгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзлээ.  

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

 

Ц.А нь 2011 оны 6 дугаар сарын 4-ны өдрийн Зээлийн гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн баримт зэргийг иргэний хэргийн шүүхэд нотлох баримтаар өгч Г.Ө-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан /1 хх 49-66/, уг Зээлийн гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн баримтыг шүүх үнэлж,  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 7419 дугаар шийдвэр /2 хх 175-179/ гарсан байна.

 

2002 оны Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлд “...Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид ....нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг, 2015 оны Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлд “...Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг ...хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн...” гэсэн гэмт хэргийн шинжийг заажээ.

 

2011 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн Зээлийн гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн баримт зэргийг иргэний хэргийн шүүхэд нотлох баримт болгон гарган өгсөн гэх Ц.Аы үйлдэл нь хуурамч баримт бичиг үйлдэх ашиглах буюу хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг гэхээс илүүтэй шүүн таслах ажиллагааны эсрэг /хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг/ гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон ба Ц.А-ы үйлдлийг ийнхүү зүйлчлэхэд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 688 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.А-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Ц.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.ПҮРЭВСҮРЭН                      

 

ШҮҮГЧ                                                М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ