Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00376

 

Ц.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 133/ШШ2019/00137 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар магадлалтай,

Ц.С-ын нэхэмжлэлтэй,

Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ ОНТҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.С-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргын тушаалаар аймгийн Засаг даргын тамгын газрын 3 дугаар байрны харуулаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Манай байгууллагын дарга нь намайг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ удаа дараа ажлын байран дээр ирж удирдлагатай зүй бус харьцаж танхайрсан гэж худал үндэслэлгүй зүйлээр ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир гомдол гаргаж байна. Иймд Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаартай тушаал үндэслэлгүй болохыг тогтоож намайг урьд эрхэлж байсан Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 3 дугаар байрны харуулын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.З-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Ц.С- нь 2018 оны 03 дугаар сарын 7-ны өдөр арга хэмжээ авагдахад н.Ганхүрэл гуай хамт байсан. Энэ хүнийг захиргааны 3 дугаар байранд жижүүрт гарч байхад Ц.С- нь архи авч ирээд хувааж уугаад н.Ганхүрэл гуай өөрөө хүсэлтээ өгөөд ажлаасаа халагдаад явсан. 10 дугаар сард ажлын бус цагаар засвар үйлчилгээ, өвөлжилтийн бэлтгэл хийгээд манай ажилчид бүгд байсан. Тэр үед Ц.С- нь гаднаас согтуу орж ирээд юм цохиж авч байгаа нь бичлэг дээр байгаа, миний гарыг хөхрүүлж хувцас урсан байсан. Би хүн чанар гаргаад шүүх цагдаа гэж яваагүй. Ц.С- бол ажилд сайн. Нэг гэм нь архи уухаараа хэд хоногоор уудаг. Сая халагдсаны дараа 8 хоног архи уусан. Би тушаалыг нь гаргахгүй 7 хоносон. Манай ажилчид бүгд мэдэж байгаа, би хэр зэрэг засрах бол гэж хараад байж байтал дахиад л асуудал гаргасан. Өмнө бол надтай согтуу маргалдах үед эхнэр нь ирж авсан. Би энэ хүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх зүйл, дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, Монгол улсын Ерөнхий сайдын албан даалгавар зэргийг үндэслэл болгон ажилаас халсан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга харуулын ажлыг сайжруулах талаар хурал дээр үүрэг даалгавар надад өгсөн. Ц.С- бол хамт олны дунд нэр хүнд бол сайн биш, дээрэнгүй зантай. Иймд Ц.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 133/ШШ2019/00137 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Жалайр овогтой Цэрэнпилийн Сансарыг урьд эрхэлж байсан ажил болох Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 3 дугаар байрны харуулын ажилд эгүүлэн тогтоож. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.649.280 /хоёр сая зургаан зуун дөчин ёсөн мянга хоёр зуун наян/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цэрэнпилийн Сансарт олгож. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ц.С-ын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт даалгаж. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 2.649.280 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 57.338 төгрөг нийт 127.538 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 133/ШШ2019/00137 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Жалайр овогт Цэрэнпэлийн Сансарын Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127.538 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийн буюу нэхэмжлэлийн нөхцөл байдалд тохирохгүй дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл Нийтлэг үйлчилгээ ОНТҮГ нь Ц.С-ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж маргасан бөгөөд Ц.С-ыг ажлаас чөлөөлсөн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаартай тушаалын үндэслэл нь ч мөн тухайн үндэслэл байхад давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж дүгнэн Ц.С-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн Ц.С-ыг ажлын байрандаа эсхүл ажил үүргээ гүйцэтгэж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй нотлох баримтаар нотлогдохгүй байхад таамаглал дэвшүүлэн үндэслэлгүй дүгнэлтийг хийж байгаа нь ойлгомжгүй юм. Хариуцагч талаас Ц.С-ыг зөрчил гаргасан гэж үзэж байгаа хугацаанууд нь Ц.С-ын ажил үүрэг гүйцэтгэж байсан хугацаа биш, түүний ажлын байр биш бөгөөд мөн болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно. Ц.С-ын үйлдэл нь бичлэгээр нотлогдож байна гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь тухайн бичлэгт архи согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг юугаар хэрхэн нотолж байгаа нь ойлгомжгүй, таамаглалд дэвшүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн тухайн бичлэгийг хэн хаана бичсэн хэн хаанаас хэрхэн бэхжүүлсэн нь тодорхойгүй учир хууль зерчиж цуглуулсан нотлох баримт гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.С-, Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч Ц.С-ын өмгөөлөгч Д.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Ц.С- Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргын тушаалаар Засаг даргын тамгын газрын 3 дугаар байрны харуулаар ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар ажлаас халагджээ.

Ажил олгогчийн тушаалд “...Ц.С- архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ удаа дараа ажлын байран дээр ирж удирдлагатай зүй бус харьцаж танхайрсан” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, дотоод журмын 14.3, хөдөлмөрийн гэрээний 5.2.23, 7.2.4б-д заасныг баримталжээ.

Хариуцагч тайлбартаа ноцтой зөрчлийг давтан гаргасан гэсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын бодит үндэслэлийг хуульд нийцүүлэн үнэлээгүйгээс маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүй тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч Ц.С- хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/06 тоот тушаалаар Ц.С-т согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд ирж удирдлагатай зүй бус харьцсан үндэслэлээр сануулах арга хэмжээ авсан байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч маргаагүй байна. Мөн тэрээр 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажил дээрээ согтуу ирж, удирдлагатай маргасан зөрчил гаргасан нь тогтоогджээ.

Ажилтан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ үнэнч шударгаар, зохих журмаар гүйцэтгэхээс гадна хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа зэрэг байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч Ц.С- нь Засаг даргын тамгын газрын 3 дугаар байрны харуулын ажилтай боловч 2018.10.08-ны орой байгууллагын даргын үүрэг болгосны дагуу Засаг даргын тамгын газрын 1 дүгээр байрны цонхны ажлыг хийх үед зөрчил гаргасан байна. Ажилтны үүргийг зөвхөн гүйцэтгэх ажлын хүрээ, ажлын байраар хязгаарлах боломжгүй тул Ц.С-ын үйлдлийг хөдөлмөрийн гэрээний 5.2.23-д хамааруулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээлгэх” тухай гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.С-ын өмгөөлөгч Д.А-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ