Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 133/ШШ2019/00137

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Үйтүмэн даргалж, хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ц.С-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: ГАА НҮОНТҮГ-т холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч Д.А, хариуцагчийн төлөөлөгч М.З, түүний өмгөөлөгч М.Энхзаяа, гэрч Ш.М, Б.Б, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  би 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай ГАА НҮОНТҮГ даргын тушаалаар аймгийн Засаг даргын тамгын газрын 3 дугаар байрны харуулаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Манай байгууллагын дарга нь намайг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ удаа дараа ажлын байран дээр ирж удирдлагатай зүй бус харьцаж танхайрсан гэж худал үндэслэлгүй зүйлээр ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир гомдол гаргаж байна. Иймд ГАА НҮОНТҮГ даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаартай тушаал үндэслэлгүй болохыг тогтоож намайг урьд эрхэлж байсан засаг даргын тамгын газрын 3 дугаар байрны харуулын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ нэхэмжлэл бол худлаа байна. Энэ нь нотлох баримттай гэрчтэй байгаа. Үүнийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр арга хэмжээ авагдахад  н.Ганхүрэл гуай бол хамт байсан. Энэ хүнийг захиргааны 3 дугаар байранд жижүүрт гарч байхад нь  нь архи авч ирээд хувааж уугаад н.Ганхүрэл гуай өөрөө хүсэлтээ өгөөд ажлаасаа халагдаад явсан. Энэ талаар тэр хүн бол  сайн мэднэ.  Гар бичмэлийг  бол Буянзаяа, Мөнхнасан, С нар нь Ерөнхий сайдыг ирсэн байхад талбай дээр орилж авир гаргасан. Энэ дээр бол би энэ гурваар гар бичмэлийг бичүүлж аваад  хэрэгт өгсөн. Нөгөө хоёр хүнийг нь дуудаад асуухад хөдөлшгүй нотлох баримт болно. Энэ гарч бичмэлийг бичихдээ бол манай нягтлан, нярав нарын өрөөнд сууж байгаад бичсэн. 10 сард бол ажлын бус цагаар засвар үйлчилгээ, өвөлжилтийн бэлтгэл хийгээд манай ажилчид бүгд байсан. Тэр үед   нь гаднаас согтуу орж ирээд юм цохиж авч байгаа нь бичлэг дээр байгаа, миний гарыг хөхрүүлж хувцас урсан байсан. Би хүн чанар гаргаад шүүх эмнэлэг дээр очиж үзүүлээгүй. Бичлэг дээр бүх зүйл нь тодорхой бичигдсэн. Энэ хүнд бол итгэл үзүүлж байсан. Аймгийн Засаг даргын тамгын газрын жолооч нар амралттай байхад хөдөө ажлаар явах шаардлагатай болсон үед нь бүрэлдэхүүнд оруулж ажиллуулж байсан. Аймгийн Засаг даргын тамгын газар шинэ машин авах гэж байна. Чи наад архи, дарсаа боль, ажлын машин дээр ажиллахад чи тохиромжтой хүн. Мэргэжилээ дээшлүүл гэж зааж зөвлөж байсан. Наадмаар Улаанбаатар хотоос хадмууд ирсэн байна. Унаа хэрэгтэй байна гэхэд нь 7171 дугаартай авто машиныг унуулж байсан. Тэр үед  нь согтуу ирсэн. Хүнийг ганцхан муу талаас нь яриад байхгүй.  бол ажилд бол сайн. Нэг гэм нь архи уухаараа хэд хоногоор уудаг. Сая халагдсаны дараа 8 хоног архи уусан. Би тушаалыг нь гаргахгүй 7 хоносон. Сая газрын албаны ажлыг санал болгосон. Манай ажилчид бүгд мэдэж байгаа, би хэр зэрэг засрах бол гэж хараад байж байтал дахиад л асуудал гаргасан. Өмнө бол надтай маргалдах үед эхнэр нь ирж авсан. Би энэ хүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх зүйл, дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, Монгол улсын Ерөнхий сайдын албан даалгавар зэргийг үндэслэл болгон ажлаас халсан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга харуулын ажлыг чангатгах талаар хурал дээр  үүрэг даалгавар өгсөн. Нэхэмжлэгчийн удаа дараа архидан согтуурч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг би бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүн бол удаа дараа ийм үйлдэл гаргасан.  бол хамт олны дунд нэр хүнд бол сайн биш, дээрэнгүй зантай. ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч  нь ГАА НҮОНТҮГ-тхолбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч  нь ГАА НҮОНТҮГ-таймгийн Засаг даргын тамгын газрын 3 дугаар байрны харуулаар ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн болох нь ГАА НҮОНТҮГ 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай “ажилд томилох тухай” тушаал, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаартай “ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 0646040 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заажээ. Нэхэмжлэгч  нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нь ыг ажлаас халсан үндэслэлээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ удаа дараа ажлын байран дээр ирж удирдлагатай зүй бус харьцаж танхайрсан тул түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь үндэслэлтэй гэж маргажээ.

Ажлаас халсан тушаалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан... бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор байна. Харин хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо тушаалд заасан үндэслэл нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий эсэх, сахилгын шийтгэл оногдуулах үед дурдсан сахилгын зөрчил нь тус бүрдээ хэрхэн тогтоогдож байсан талаарх хууль зүйн фактуудыг шүүх нотлох баримтыг үнэлэх замаар тогтоодог.

Хариуцагч нэхэмжлэгчийг ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ удаа дараа ажлын байран дээр ирж удирдлагатай зүй бус харьцаж танхайрсан гэж хэрэгт нотлох баримтаар ГАА НҮОНТҮГ даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/06 дугаартай “т арга хэмжээ авах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийтлэг үйлчилгээний газрын ажилчдын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл, хөдөлмөрийн дотоод журам, Монгол улсын Ерөнхий сайд, Монгол ардын намын дарга У.Хүрэлсүхийн Говь-Алтай аймагт ажиллах хөтөлбөр, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/126 дугаартай “төлбөр барагдуулах тухай” акт, байгууллагын нягтлан бодогч Б.Энхцэцэгийн тайлбар, CD бичлэг зэргийг ирүүлсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн ойлголтоор авч үзвэл тушаал гаргах үед зөрчил тус бүрдээ тогтоогдсон байж, уг тушаал нь үндэслэлтэй гарсан байх ёстой. Харин зөрчлүүдийг хууль болон дотоод журамд заасны дагуу буюу ажлаас халах тушаал гарахаас өмнө тогтоолгүй тушаал гаргаж, шүүхийн шатанд мэтгэлцэх замаар тогтооно гэдэг нь учир дутагдалтай юм.

Хэдийгээр тухай байгууллагын хөдөлмөрийн гэрээнд ажлын байранд архи уух зэргийг ноцтой зөрчил гэж үзэхээр заасан байгаа хэдий ч дээр дурдсанчлан энэ байдал нь сахилгын шийтгэл ногдуулах үед тогтоогдсон байх ёстой юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заажээ.

 Хариуцагчийн нотлох баримтаар гаргасан Нийтлэг үйлчилгээний газрын ажилчдын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл нь ажлын цагаар болон ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэн ажил дээр ирж аливаа зөрчил дутагдал гаргасан тохиолдолд ажлаас шууд халах арга хэмжээ авах талаар анхааруулсан хурлын тэмдэглэл байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч ын зөрчлийг хэлэлцсэн бус, үйл баримттай хамааралгүй зөрчил гаргахаас өмнөх хурлын тэмдэглэл байна.

Шүүх хуралдаанд оролцсон зохигчид болон гэрч нарын мэдүүлгээр СD-д бичигдсэн үйл явдал нь Засаг даргын тамгын газрын нэгдүгээр байрны үүдний хэсэгт болсон үйл явдал бөгөөд бичлэгт  болон М.З нар гарч байгаа нь тогтоогдож байна. Гэвч хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээний 1.2-т ажилтан Д.Сын ажиллах хэсэг, ажил үүргээ гүйцэтгэх газрыг 3-р байр гэж заасан байгаагаас үзэхэд ажилтан хөдөлмөрийн гэрээний  7.2.4-н б-д заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил тус бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай юм.

Хариуцагчийн төлөөлөгч М.З нь нэхэмжлэгчийг давтан зөрчил гаргасан  талаар тайлбарлахдаа “...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр арга хэмжээ авагдахад Ганхүрэл гуайг  3 дугаар байранд жижүүрт гарч байхад нь   нь архи авч ирж, хувааж уугаад Ганхүрэл гуай өөрөө хүсэлтээ өгөөд ажлаасаа халагдаад явсан. Энэ талаар тэр хүн бол сайн мэднэ.  Ерөнхий сайдыг ирсэн байхад талбай дээр орилж авир гаргасан, гар бичмэлийг бол Ч.Буянзаяа, Ш.Мөнхнасан,  нараар өөрсдөөр бичүүлж аваад хэрэгт өгсөн. Нөгөө хоёр хүнийг нь дуудаад асуухад хөдөлшгүй нотлох баримт болно. Энэ гарч бичмэлийг бичихдээ бол манай нягтлан, нярав нарын өрөөнд сууж байгаад бичсэн. Харин 10 сард бол ажлын бус цагаар засвар үйлчилгээ, өвөлжилтийн бэлтгэл хийгээд манай ажилчид бүгд байсан. Тэр үед  нь гаднаас согтуу орж ирээд юм цохиж авч байгаа нь бичлэг дээр байгаа. Миний гарыг хөхрүүлж,   хувцас урсан байсан. Би хүн чанар гараад шүүх эмнэлэг дээр очиж үзүүлээгүй. Бичлэг дээр бүх зүйл нь тодорхой бичигдсэн..” гэж тайлбарлаж маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ГАА НҮОНТҮГ даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар ыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байран дээр ирж удирдлагатай зүй бус харьцсан үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Дээрх тушаалд  нь гомдол гаргаагүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хүчин төгөлдөр тушаал байгаа боловч нэхэмжлэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байран дээр ирж удирдлагатай зүй бус харьцсан зөрчил гаргасан болох нь зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй тохиолдолд тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлох боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл хариуцагч Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээ орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж, тайлбар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ.

Тодруулбал хариуцагч нь нэхэмжлэгч ыг ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэн, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ удаа дараа ажлын байран дээр ирж удирдлагатай зүй бус харьцаж танхайрсан гэх зөрчлийг байгууллагын хүрээнд хамт олны хурлаар хэлэлцэж тогтоогоогүй, мөн ын гаргасан гэх зөрчлүүд тушаал гаргах үед тус бүрдээ тогтоогдсон буюу тушаал эрх зүйн үндэслэлтэй гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Мөн Монгол улсын Ерөнхий сайд, Монгол ардын намын дарга У.Хүрэлсүхийн Говь-Алтай аймагт ажиллах хөтөлбөр, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/126 дугаартай “төлбөр барагдуулах тухай” акт, байгууллагын нягтлан бодогч Б.Энхцэцэгийн тайлбар зэрэг нь уг хэрэгт шууд хамаарал, ач холбогдолгүй, Засгийн газрын 2018 оны 264 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралт, хавтаст хэргийн 60-62 дугаар хуудас дахь баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иймд нэхэмжлэгч ыг урьд эрхэлж байсан ажил буюу Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 3 дугаар байрны харуулын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч ын 2018 оны 08, 09, 10 дугаар саруудад ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 619.004 + 419.440 + 218.039 = 1.256.483 төгрөг, 1.256.483 : 3 = 418.827 төгрөг байна. Үүнээс 1 өдрийн цалинг тооцоход 418.827 : 21.5 = 19.480 төгрөг байна. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал нийт ажлын 136 хоногийн цалинг тооцож 2.649.280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 2.649.280 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 57.338 төгрөг нийт 127.538 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сыг урьд эрхэлж байсан ажил болох ГАА ЗДТГ-ын 3 дугаар байрны харуулын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ГАА НҮОНТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.649.280 /хоёр сая зургаан зуун дөчин ёсөн мянга хоёр зуун наян/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчийн С-т олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ГАА НҮОНТҮГ-т даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 2.649.280 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 57.338 төгрөг нийт 127.538 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                   Ц.ҮЙТҮМЭН