Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 56

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ө, Б.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ням-Очир,

шүүгдэгч Б.Ө,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 855 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Ням-Очирын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 46 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Б.Ө, Б.Т нарт холбогдох 201526022004 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Хойт овгийн Б-н Ө, 1980 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ........... тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: ............../,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн;

2. Баатарван овгийн Б-н Т, 1990 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................../;

Б.Ө, Б.Т нар нь “Ээгий” гэх хүнтэй бүлэглэж 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах Эко-гийн 101 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг Фитнес клубын 1.000.000 төгрөгийн үнэ бүхий Лед гэрлэн урсдаг самбарыг машин механизм ашиглан хулгайлж, бусдад бага бус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Б.Ө, Б.Т нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Баянгол дүүргийн прокурорын газраас Баатарван овогт Б-н Тд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Хойт овогт Б-н Өыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.Өыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Ө нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,

Шүүгдэгч Б.Ө. Б.Т нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Өаас 500.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Урантуулд олгож,

Б.Өт холбогдох эрүүгийн 201526022004 дугаартай хэргээс Ээгий гэгчид холбогдох 170501707 тоот эрүүгийн хэргийг тусгаарласан болохыг дурдаж,

Б.Өын эзэмшлийн 35-33 УБЕ улсын дугаартай, “Тоёота румион” загварын автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Сиди бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж,

Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Б.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх
арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Ням-Очир бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Машин механизм ашигласан гэдэг нь хэрэгт авагдсан бичлэг, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Анхан шатны шүүх машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үндэслэл хэсэгтээ дурдсан атлаа машин механизм ашигласан гэдгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй байна. Мөн Б.Тын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу. Б.Т нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд цуг явсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг ба энэ нь тогтоогдсон. Хэдий үйлдэлд нь оролцоогүй ч гэсэн өөр гэмт хэргийн шинжтэй байх магадлалтай байхад шууд хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Ө тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлага хангаагүй байна гэж дүгнэлээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ө, Б.Т нарыг “Ээгий” гэх хүнтэй бүлэглэж 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах Эко-гийн 101 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг Фитнес клубын 1.000.000 төгрөгийн үнэ бүхий Лед гэрлэн урсдаг самбарыг машин механизм ашиглан хулгайлж, бусдад бага бус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Өын үйлдлийг “бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй өөрчилснөөс гадна “машин механизм ашиглан хулгайлсан” хүндрүүлэх шинжийг хэрхэн үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Мөн анхан шатны шүүхээс Б.Тын үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгах, шүүгдэгч Б.Өыг гэм буруутайд тооцсон шийдвэрийг гаргахдаа хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн ... арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал”, 2.3-т заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт...-ыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг бичих шаардлагыг хангаагүй, хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар хэрхэн тогтоогдож байгаа болон ямар нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдаж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадалгүй “...гэмт хэрэгт оролцсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов. ...автомашинд сууж явсан нь тогтоогдож байгаа боловч энэ нь түүнийг бусадтай бүлэглэн хулгай хийсэн гэдгийг нотлохгүй байна.” гэсэн байдлаар дүгнэж хэт ерөнхийлсөн,

мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох зохицуулалт нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хэрхэн тусгагдсан талаарх зохицуулалтыг анхааралгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж “2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад хулгайн гэмт хэргийг үйлдсэн тул автомашиныг хураахгүй” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосон нь тус тус буруу болжээ.

Дээрх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул прокурор Н.Ням-Очирын бичсэн “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 855 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ө, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 855 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ө, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Ө, Б.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ