Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2016/0478/З |
Дугаар | 128/ШШ2019/0317 |
Огноо | 2019-05-24 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2019/0317
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: БХХК.
Хариуцагч: ЧД-ийн ТХТУБ Л.Э, А.Ө.
Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 350017416 дугаартай актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Е, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Л.Э, А.Ө, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, иргэдийн төлөөлөгч Б.Ө нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч БХХК-ийн захирал Т.Е шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “...Татварын улсын байцаагчийн 350017416 дугаар актын хавсралт 01-д: Татварын хяналт шалгалтаар барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх нийт 113,630.000.00 төгрөгийн зөрчил илэрч ... хууль тогтоомжийн заалтуудыг дараах байдлаар зөрчсөн болох нь тогтоогдлоо. Үүнд:
1.******* тоот регистрийн дугаартай "А ” ХХК-ийн 2012 оны 9 дүгээр сарын 30- ны өдөр бичсэн 12295384 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падааны 113.630.000.00 төгрөгийн бараа борлуулсан мэтээр бичсэн боловч Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газар шалган дээрх ажил гүйлгээ хийгдээгүй гэж тогтоогдсон байна. Энэ нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн ... заасныг зөрчсөнийг тэмдэглээд Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 29. 33. 34 дүгээр зүйлийг үндэслэн: хэмээн энэхүү актын ТОГТООХ НЬ: хэсэгт ... 113,630.000.00 төгрөгийн зөрчилд 11.363.000.00 төгрөгийн нөхөн татвар, 3,408,900,00 төгрөгийн торгууль, 4,005,457,00 төгрөгийн алданги ногдуулах нийт 18,772,017,00 төгрөгийн төлбөр тогтоож акт гардуулсан байна.
Чингэлтэй дүүргийн хэлтэстэй харилцагч манай компани нь 2012 оны 7 дугаар сарын 15-наас “Б” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр БЗД-ийн 14-р хороо, СБД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны хороолол барих гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн билээ.
Барилга хот байгуулалтын яамны харьяа төслийн нэгжийн хүрээнд орон сууцны 7-р хороо. 14-р хорооны 13-н барилгын суурийн газар шорооны ажлыг “А” ХХК-иар гүйцэтгүүлж төлбөрийг бэлэн мөнгөөр өгсөн бөгөөд, бүх гэрээ, төлбөрийн баримт бичгийг бүрдүүлж өгч, авсан болно. Уг ажил гүйцэтгэх гэрээ, холбогдох баримт, падаануудыг хэн нэгэн хүнээс гуйж, худалдаж аваагүй, хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт зохих журмын дагуу өгсөн болно.
Манай компани болон “А” ХХК-ны хооронд байгуулагдсан 2012 оны 08-р сарын 26-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр газар шорооны ажил хийж гүйцэтгүүлэн ажлын хөлс төлөхөд “А” ХХК 12295384 тоот НӨАТ падааныг бичиж өгсөн билээ.
Тухайн үед буюу 2012 оны 10 сарын 18-ны 01/12 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс “А” ХХК нь манай компанид бичиж өгсөн тэрхүү нэмэгдсэн өртгийн албан татвар падааныг шалгаж өгөх талаар хүсэлт гаргаж байсан боловч татварын хэлтсээс эрх бүхий этгээдээс бусад этгээдэд мэдээлэл өгөх боломжгүй хэмээн хариу өгсөн юм.
Хэрэв тухайн үед татварын алба “Татварын ерөнхий хууль”-д заасан татвар төлөгчид үйлчлэх, зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах үүргээ биелүүлж “А” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч мөн эсэх, нэмэгдсэн өртгийн албан татвар падаан нь хуурамч эсэх, нэмэгдсэн өртгийн албан татвар тайландаа тусгасан эсэх. талаар шалгаж тодорхой хариу өгсөн бол бидэнд ийм эрсдэл учрахгүй байсан юм.
Гэтэл одоо манай компанийг хуурамч падаан авсан, хоёр компаний хооронд ажил үйлчилгээ гүйцэтгээгүй, бараа материал худалдагдаагүй, хасагдахгүй орлогоос төлөх татварыг хассан гэж буруутгаж үндэслэлгүй акт тогтоогоод байна.
“А” ХХК, “Б”ХХК-ний хооронд-2012 оны 8-р сарын 26-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдан нэг сарын турш ажил гүйцэтгэн дууссан билээ. Энэ нь ажил гүйцэтгэх гэрээ болон санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогдож байгаа.
Иймд бусдын нэмэгдсэн өртгийн албан татвар тайлангаараа хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө тайлагнаагүй буруутай үйл ажиллагааны улмаас манай компани хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэж байгаа учир Татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.
Нэмэгдсэн өртгийн албан татвар тайландаа тусгаагүй, тайлангаа өгөөгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар бусад орлогоо нууж дарагдуулсан байх магадлалтай “А” ХХК энэхүү хариуцлагыг өөрөө хүлээх нь зүйтэй гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Манай компани 40 барилга барих том төсөлд оролцохдоо 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ийм компаниудаар ажил хийлгэсэн эдгээр компаниуд нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч мөн үү шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Би хуурамч зүйл хийсэн бол өөрөө ингэж явахгүй. Би 5 жил хохирч байна. Дандаа шүүхэд дуудагдаж, ажил хийх боломжгүй байна. 2012 оны 12 дугаар сард миний хүсэлтийг хүлээн аваад шалгаж тогтоосон бол 10 тэрбум төгрөгийн хохирлын асуудал яригдахгүй байсан. Иймд маш их гомдолтой байна” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий актыг бүрэн хэмжээгээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Татварын ерөнхий газраас баталсан акт бичих дүрэм, журмаар ногдуулсан татварын улсын байцаагчийн чиг үүргийг шүүхээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн прокурорын газар болон Цагдаагийн мөрдөн байцаах газраас Татварын ерөнхий газарт 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичгээр татвар төлөгчийн татвар төлөлтийн байдалд хэсэгчлэн шалгалт хийж, гэм буруутай эсэхийг шалгуулахаар хүргүүлсэн. Гэтэл гэм буруутай эсэх, худалдан авалт хийсэн аж ахуйн нэгж бодитоор ажил хийгдсэн эсэхийг шалгалгүйгээр хүснэгтэд заагдсан бүх аж ахуйн нэгжид акт тавьсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаантай холбоотой хэрэгт хэн нь буруутай, хэнийх нь зөв гэдгийг ялгах, салгах ажлыг холбогдох байгууллагууд нь хийгээгүй. Өршөөлийн тухай хууль гарна гэсэн чиглэлийг баримтлан ерөнхий дүнгээр нь шалгасан. Мөн Сангийн яамнаас компаниудаас татварын хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг голчлон явуул гэсэн албан бичгийг хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл барилгын компанид очиж ийм нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичсэн байна. Энэ ажлыг хийсэн үү гэж огт шалгалгүйгээр татварын улсын байцаагчийн актыг тавьсан. Нэхэмжлэгч компанийн данс нэг өдөр хаагдсан байсан тул дансыг маань яагаад хаасан бэ гэж татварын байгууллагаас лавлахад танайд ийм акт гарсан гэж гэнэт танилцуулсан байдаг. Иймд маргаан таслах зөвлөл болон шүүхэд хандсан. Анхан шатны шүүхээр 3 дахь удаагаа хэргийг хэлэлцэж байна.
Нэхэмжлэгчийн зүгээс ажлаа хийлгэсэн “А” ХХК-ийн захирлыг шүүхэд хүсэлт гарган эрэн сурвалжлан олж ирүүлсэн. “А” ХХК-ийн захирал Ц.Ч нь надад хууль ёсны дагуу ч хийсэн зүйл бий, хууль ёсны бус ч зүйл бий гэж мэдүүлсэн. Мөн барилгын ажлыг хийсэн үү гэхэд барилгын суурийн нүх ухах ажлыг Нарантуул захын хойд талд болон 100 айл орчим байрлах газар хийсэн гэж хэлсэн. Хавтаст хэрэгт үүнтэй холбоотой санхүүгийн бүх баримт нь авагдсан байгаа. Барилгын суурийн ажлын машин механизмын түрээс, тээврийн, түлшний зардалд 124.993.000 төгрөгийг “Б” ХХК-ийн зүгээс өгсөн байдаг. Тус хоёр компани нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэтэл хий бичилт хийсэн гэж үзээд байгаа. “А” ХХК нь орлогын ордер дээрээ зөрүүтэй зүйл бичсэн гэдэг. Тус компани өөрийн хийсэн ажлын хөлсийг авсан орлогын ордерыг бичихдээ зөрүүтэй боловч мөнгийг авсан гэдэг нь харагдаж байгаа. “А” ХХК нь машин механизмыг түрээсэлж, шатахуунаар хангахын тулд авто цистерн хөлсөлдөг. Үүний төлбөрийг төлөхөөр авсан орлогын ордерыг бичихдээ зөрүүтэй бичсэн байх. Энэ нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй. Мөн ямар ажлууд гүйцэтгэсэн талаарх тайлангаа өгсөн байгаа. Сангийн яамнаас төслийг хянаж, баримт бүрэн бүрдсэний дараа мөнгийг өгдөг. Төслийн ерөнхий гүйцэтгэгч нь БНХАУ-ын компани байсан. Тус компанийн санхүүг Ц******* гэх хүн хариуцаж байсан. БХХК-ийн ерөнхий захирал Т.Е нь санхүүгийн баримтад маш нарийн хандаж сурсан хүн. Санхүүгийн баримтаа хянаж үзэхэд зөрүүтэй зүйлүүд байсан тул манайд өгсөн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үнэн байна уу, худлаа байна уу шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг татварын байгууллагад гаргасан байдаг. Гэтэл гадны хүнд шалгаж өгөхгүй, “А” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч мөн гэж амаар мэдэгдсэн байдаг. Татварын байгууллаас падааныг хэвлэн өгч зохион байгуулалттай үйлчлэн түүнээсээ орлого олсон байх. Үүний улмаас ажил хийгээд хохирсон компани ч байна. Эсхүл энэ падааныг чинь авч хуурамчаар ашиглая татвараас зайлсхийсэн компани ч байгаа. Манай “Б” ХХК нь бодитоор ажил гүйцэтгэсэн байна. Гэтэл бодитой хийсэн ажлыг үгүйсгэж юу ч хийгээгүй гэдэг.
Хариуцагчаас сүүл шинээр нотлох баримт өгч байна. Прокурорын тогтоолд “А” ХХК нь 10 тэрбум төгрөгийн падаанд хий бичилт хийсэн гэж байна. 10 тэрбум төгрөгийн жагсаалт нь прокурорын байгууллагаас гарсан юм биш. Энэ нь цагдаагийн байгууллагаас Татварын ерөнхий газарт жагсаалтад заасан компаниудыг шалгаад дүгнэлтээ ирүүл гэсэн бичигт хавсаргагдсан жагсаалт юм. 10 тэрбум төгрөгийн жагсаалтыг шалгаад дүгнэлтээ бичээ гэхэд шалгалгүйгээр дүгнэсэн. Тухайн үед нь шалгасан бол “Б” ХХК-ийн бодитоор хийсэн ажил нотлогдож, энэ хэргээс чөлөөлөгдөх байсан. “А” ХХК нь ийм ажил гүйцэтгэсэн гэсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа, “ Б” ХХК нь ийм худалдан авалт хийсэн гэдгээ тайлагнасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлд борлуулалт, ажил үйлчилгээ хийсэн компани нь татвараа төлнө гэж заасан. Падаан хуурамч гэдгийг “А” ХХК-ийн захирал мэдээгүй гэсэн тайлбар өгсөн. Татварын байгууллага яагаад хуурамч падаан өгөөд байдаг юм бэ. Үүнийг татварын байгууллага хариуцах ёстой болохоос биш өртөгдөж буй этгээд бүхэн хариуцлага хүлээх ёсгүй. Тодорхой нотлох баримттай, хийгдсэн ажилтай байхад ийм хууль бус ажиллагаа явагдаж байгаад бухимдалтай байна. Энэ зохион байгуулалттай асуудалд жирийн компаниуд хэлмэгдэх ёсгүй.
Прокурорын тогтоолд 10 тэрбум төгрөгийн зөрчилтэй падааны асуудалд “А” ХХК-ийн захирал Ц.Ч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж байгаа боловч “Б” ХХК-ийн захирал Т.Еийг дуудан асуусан нэг ч цагдаа, мөрдөн байцаагч байхгүй. Ц.Ч-аас “Б” ХХК-ийн захирал Т.Етэй хамт цагдаагийн байгууллагад дуудагдан байцаагдсан зүйл бий юу гэхэд тийм зүйл байхгүй гэж мэдүүлсэн. Т.Еийг цагдаагийн байгууллагаас нэг ч хүн дуудаж асуугаагүй. “ Б” ХХК нь тодорхой хаягтай, оргон зайлахааргүй компани юм. Тэгэхээр цагдаагийн болон прокурорын байгууллагаас уг асуудлыг шалгаж, нотлоогүй. Хий хоосон 10 тэрбум төгрөг гэж дүгнэсэн байна. Газар шорооны ажлыг бодитоор “А” ХХК-иар гүйцэтгүүлсэн. Үүнийг тус компанийн захирал Ц.Чнь өөрөө гэрчилсэн. Тэгэхээр прокурорын тогтоолоор нотлогдсон гэж хэлэхэд учир дутагдалтай юм. Жагсаалт, ерөнхий дүнгээр гэм бурууг хүлээлгэнэ гэдгийг ойлгохгүй байна. Аж ахуйн нэгж, үйлдэл бүрээр нь нотлох ёстой. Хий бичилттэй падаан гэж хардаж байгаа боловч өөрсдөө хийсвэр мөрдөн байцаалт, тогтоолыг гаргасан. Эзнийг нь асуугаагүй байж нотолчихсон гэж байгаа нь үндэслэлгүй байна. Т.Е нь гадуур анхааруулга явж байна, падаан хуурамч байх магадлалтай гэж үзээд хүсэлт гаргасан. Тэгэхээр санаатайгаар татвараас зайлсхийхийн тулд нэмэгдсэн өртгийн падааныг үгсэн хуйвалдан авсан гэм буруу байхгүй. Хүний гэм буруу, санаа зорилгыг нотолж байж акт, торгууль, ял шийтгэл ногдуулах ёстой. Маш олон оролцогч, холбогдогчтой хэргийг ерөнхийд нь базаж шийдвэрлэсэн. Энэ нь зарим компанийг хохироож байна.
“А” ХХК-ийн захирал Ц.Ч дээрх компаниудад хий бичилттэй падааныг өгсөн, гэм буруугаа хүлээсэн, хохирлыг төлөхөө илэрхийлсэн гэдэг. Тухайн этгээд би өөрөө хохирлоо төлнө гэж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төсөвт төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл борлуулалт хийсэн газар шорооны ажлыг хийсэн “А” ХХК нь хийсэн ажлаа, нэхэмжлэгч компани нь ийм худалдан авалт хийсэн тайлагнасан байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хийсэн ажил, үйлчилгээ нь санхүүгийн анхан шатны баримт, санхүүгийн тайлангаар нотлогдоогүй бол акт тавих ёстой.
Ц*******г Ц.Чнь танихгүй гэж хэлсэн учраас түүнээс мөнгө аваагүй гэж үзэж байна. Ц******* гэх хүн нь падаан дээр гарын үсэг зурсан байгаа. Гэхдээ өөрөө уулзаад мөнгийг гараар тоолж өгөхгүй. Санхүүг нь хариуцсан нярав, нягтлан бодогчтой байгаа. Тэгэхээр дээрх тайлбар нь буруу юм.
Би хариуцагчаас хувийн өш хонзон байна уу гэж асуусан. Учир нь энэ маргаан гарснаас хойш Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс “ Б” ХХК-д 8 тэрбум төгрөгийн дүгнэлт бичсэн байдаг. Т.Е нь шууд санаатайгаар татвараас зайлсхийсэн нь нотлогдохгүй байна. Иймд татварын улсын байцаагч нарын актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Татварын улсын байцаагч Л.Э, А.Ө нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг барилга угсралтын үйлчилгээ эрхлэх чиглэлээр 1 гишүүн, 93,172,800.0 төгрөгийн дүрмийн сантай, Монгол улсын иргэн Т овогтой Е-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай 1996 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр үүсгэн байгуулах шийдвэр гарсан, ******* регистрийн дугаар, улсын бүртгэлийн 2006 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 90******* тоот гэрчилгээтэй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн 2005 оны 2 дугаар сарын 4- ний өдрийн 7627 тоот гэрчилгээтэй, «Худалдаа хөгжлийн банк»-д 499097810 тоот төгрөгийн, 499097821, 499214248 тоот валютын данстай «Б» ХХК-ийн 2012 оны 9 дүгээр сарын 30-ны 1 өдрийн 12295384 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падааны шалгалтыг 35150100011 тоот томилолт, татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газрын 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 10/2-1762 тоот албан бичиг, нэмэгдсэн өртгийн албан татвар тайланг үндэслэн шалгалтыг хийв.
Тус компаний талаар Улсын Мөрдөн байцаах газар, Татварын ерөнхий газраас ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар худалдан авалт хийсэн мэдээлэл, татвар төлөгчийн ярилцлага, Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын тайлан, тус хэлтсийн хөндлөнгийн мэдээллийн сан дахь хөндлөнгийн мэдээ, зэрэг материалд үндэслэн хэсэгчилсэн шалгалт хийх явцад ******* регистрийн дугаартай “А” ХХК-с 2012 оны 09 дүгээр сарын 30-нд 12295384 тоот падаанаар 113,630,000.00 төгрөгийн ажил үйлчилгээ худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд худалдан авалтаар хасалт хийж татвар ногдуулах орлого бууруулсан зөрчил илэрсэн тул Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл «74.1.Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол...татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна; 74.1.4.тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх; 74.1.6. баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах 74.3.Энэ хуулийн ; 74.1,74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.» гэж заасныг үндэслэн 11,363,000.00 төгрөгийн нөхөн татвар, 3,408,900.00 төгрөгийн торгууль, 4,005,457.00 төгрөгийн алданги ногдуулсан” гэжээ.
Хариуцагч Л.Э шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр татварын улсын байцаагчийн актыг “Б” ХХК”-ийн захирал Т.Е нь хүлээн авсан. Хүлээн авахдаа актыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тэмдэглэл хийгдсэн байгаа. Тэгэхээр мэдэгдэхгүйгээр актыг үйлдсэн гэдэг нь үгүйсгэгдэж байна. Ажил хийсэн гэдгийг нотлох анхан шатны баримтууд байгаа гэдэг боловч бүгд үг үсэг, агуулгын хувьд зөрүүтэй баримтууд байдаг. Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэлийн стандартаар ямар ажил гүйцэтгэсэн бэ гэдгийг тодорхой заасан байх ёстой. Уг шаардлагыг анхан шатны баримтууд нь хангаагүй байсан.
2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр татварын улсын байцаагч А.Ө*******, Л.Э******* нар БХХК-ийн захиралтай ярилцлага хийсэн. Уг ярилцлагаар “А” ХХК-иас юу худалдан авсан бэ гэхэд юм худалдан аваагүй. Манайх барилга угсралтын ажил гүйцэтгэдэг бөгөөд газар шорооны ажлыг Ц******* гэх хүн хариуцан хийлгэдэг. Ц******* нь манай нягтлан бодогчоос бэлэн мөнгө авч өгсөн байна лээ. Гэхдээ кассын ордер, нэмэгдсэн албан татварын падаан авч ирсэн. Гэрээ байгаагүй учраас утсаар гэрээгээ шаардахад “А” ХХК-ийн захирал өөрөө ирээгүй хүнээр 2 ширхэг тамга дараагүй гэрээг өгч явуулсан байсан. Иймд сэжиг, таамаг төрж байсан гэсэн ярилцлага өгсөн.
Татварын улсын байцаагчийн актыг тавихдаа “Б” ХХК-ийг үйл ажиллагаа явуулаагүй, бүтээн байгуулалт хийгээгүй гэж үзээгүй. Бодитоор ажил гүйцэтгэсэн байж болно. Гэвч “А” ХХК нь бодитой үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд тус компаниас хий бичилттэй падааныг авсан гэдэг үндэслэлээр татварын улсын байцаагчийн актыг бичсэн. “А” ХХК-ийн захирал Ц.Чыг гэрчээр асуухад Ц******* гэх хүнийг танихгүй гэж хариулсан байгаа” гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч “Б” ХХК нь “А” ХХК-иас ажил үйлчилгээ авч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлж авсан гэдэг. Энэ нь нотлох баримтаар няцаагдаж байгаа.
Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтэд “А” ХХК нь 2012, 2013 онд нийт 65 татвар төлөгчид 98 ширхэг 10.160.520.897 төгрөгийн падаанд хуурамч бичилт хийж бараа, материал борлуулсан гэж хавсралтад дурдсан компаниудад өгсөн. Нэмэлт хавсралтын 18-д “Б” ХХК нь 113.630.000 төгрөгийн падаан гэж тэмдэглэгдсэн байгаа. Дээрх үнийн дүн нь өнөөдрийн хүчингүй болгуулахаар маргаж буй актад заасан үнийн дүнтэй тохирч байгаа. Уг асуудалд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2/1727 дугаар албан бичигт Ц.Ч-д холбогдох хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгт шалгагдсан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын актад “Б” ХХК нь хамрагдсан байх тул татварын улсын байцаагчийн актыг хүргүүлэв гэсэн байгаа. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн прокурорын тогтоолд Ц.Чнар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах болсныг дурдсан байдаг.
Урьдчилсан хэлэлцүүлгээр “А” ХХК-ийн захирал Ц.Чыг гэрчээр асуухад Ц******* гэх хүнийг таних уу гэхэд танихгүй, уулзаж байгаагүй, Т.Е гэх хүнтэй 2 удаа уулзсан гэж мэдүүлсэн. Тухайн үед Ц******* гэх хятад хүн ажил, үйлчилгээ авсан газруудад мөнгийг өгдөг. Мөн заавал орчуулагч оролцуулдаг байсан. Гэтэл Ц.Чнь Ц******* гэх хүнийг танихгүй Т.Етэй 2 удаа уулзсан гэсэн мэдүүлгүүдээс харахад “А” ХХК-иас авсан ажил үйлчилгээ хуурамч гэдэг нь нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан дүгнэлтдээ: “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөв шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Нэхэмжлэгч “Б” ХХК Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 350017416 дугаартай актыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг худалдааны жуучлал, гадаад худалдаа, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-ийн 2010-2014 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, “Татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу шалгалт хийж 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 350017416 тоот татварын улсын байцаагчийн актаар 11363000 төгрөгийн нөхөн татвар, 3408900 төгрөгийн торгууль, 4005457 төгрөгийн алданги нийт 18777357 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.
Хариуцагч татварын улсын байцаагчид 350017416 тоот татварын улсын байцаагчийн актыг гаргахдаа “А” ХХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бичсэн 12295384 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 113630000,00 төгрөгийн бараа борлуулж, худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох орлогыг бууруулсан нь Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газраас шалгаж дээрх ажил, гүйлгээ хийгдээгүй гэж тогтоосон талаар дүгнэж гол үндэслэлээ болгосон байна.
Харин Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газраас Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалтын удирдлага арга зүйн газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгчид 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10/2-1762 дугаар бүхий “Ц.Чнь ....”А” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг 2012-2013 оны хооронд бусдад зарж борлуулан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгт шалгагдаж байгаа тул уг эрүүгийн хэргийн хавсралтад дурдсан аж ахуйн нэгжүүд нь дээрх компаниас худалдан авалт хийсэн мэтээр татварын тайлан гаргасан эсэх асуудалд хэсэгчилсэн шалгалт хийж холбогдох акт, дүгнэлтийг гаргуулах ажлыг зохион байгуулж хариу ирүүлнэ үү.” гэсэн агуулгатай албан бичгийг[1] хүргүүлж байжээ.
“А” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Чнь уг үйлдэлдээ эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаад уг хэргийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1441 дүгээр “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор[2] Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Гэхдээ Ц.Ч НӨАТ-ын падааныг бусдад зарж борлуулан татвараас зайлсхийсэн үйлдэлд шалгагдсан хэдий ч маргаан бүхий 12295384 дугаартай НӨАТ-ын падаан дээр бичигдсэн 113630000 төгрөгийн бараа борлуулсан, ажил гүйлгээ хийгдсэн эсэхийг баримттай нотолсон гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс “А” ХХК-тай барилгын суурийн нүх ухах, тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж ажлын төлбөрт маргаан бүхий НӨАТ-ын падаан дээр бичигдсэн үнийн дүн бүхий төлбөрийг өгсөн нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч маргаан бүхий захиргааны актын үндэслэлээ НӨАТ-ын падаан нь жинхэнэ боловч хий бичилт хийгдсэн, зарлагын болон орлогын баримтуудын утга зөрүүтэй “А” ХХК-нь бодитойгоор үйл ажиллагаа явуулдаггүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ талаараа хангалттай нотлоогүй гэж дүгнэв.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль(2006 он)-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд тушаана”, 16.1.1-д “тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төсөвт төлөх” гэж зааснаар “А” ХХК нэхэмжлэгч компанийн худалдан авалтыг НӨАТ-ын тайланд тусгаж тайлагнасан болох нь Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20-5/2263 дугаар[3], 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 20-05/328 дугаар[4] албан бичгүүдээр нотлогдсон байна.
Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл болсон Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-д “энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хүн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлээ нуусан байх агуулгыг илэрхийлж байх бөгөөд харин “А” ХХК-ийн тухайд нэхэмжлэгч компанийн худалдан авалтыг тайлагнасан гэж харьяалах дүүргийн татварын хэлтсээс тодорхойлсон нь маргаан бүхий актын үндэслэл эргэлзээтэй гэж дүгнэхэд хүргэж байна.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч компанийн захирал Т.Е НӨАТ-ын падаан хуурамч эсэх асуудлаар Татварын ерөнхий газар болон дүүргийн татварын хэлтэст удаа дараа хандаж тодруулж байсан нь тэрээр орлогоо нуух, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулах зорилготой байсан гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн хариуцагч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль(2006 он)-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7,8,11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан НӨАТ-ыг түүний төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцно;”, 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид НӨАТ төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэснийг зөрчсөн гэж дүгнэн актын өөр нэг үндэслэлээ болгожээ.
Тодруулбал нэхэмжлэгч компани “А” ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр барилгын суурийн нүх ухах, тээвэрлэх ажлыг гүйцэтгүүлэхдээ нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болох орлогын ордер тасалбарт “машин механизм, түлш, шатахуун, түрээс”, бэлэн мөнгөний зарлагын баримтад “суурийн ажил, тээвэр болон түлшний зардал”, маргаан бүхий НӨАТ-ын падаан дээр “барилгын машин, түрээс, түлш” гэх мэт зөрүүтэй бичсэн нь бодитой ажил гүйцэтгэсэн гэж үзэхээргүй гэж тайлбарлажээ.
Шүүх хариуцагчийн энэхүү тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэн харин нэхэмжлэгч компани болон “А” ХХК-иудын хооронд гэрээгээр ажил бодитой хийгдсэн байж болох үндэслэлүүд байгаагийн дээр тухайн үед барилгын ажил явагдаж байсан талбай дээр гэрээт харуул хамгаалалтын ажил хариуцан ажиллаж байсан “Б м” компаний захирал гэрч Д.Н, “А” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан гэрч Ц.Чнарын мэдүүлгээр давхар нотлогдсон гэж үзлээ.
Харин барилгын ажил явагдаж байсан талбай дээр ажил гүйцэтгэсний цалин хөлс олгоход орчуулагчаар ажилласан гэрч Г.О гэрчийн мэдүүлэг өгсөн тэмдэглэлд гарын үсэг зураагүй тул энэ хэсгийг үнэлээгүй болно.
Ийнхүү дээрх байдалд дүгнэлт хийхэд хариуцагч татварын улсын байцаагчийн маргаан бүхий акт Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага ногдуулахдаа хангалттай нотлох баримтад үндэслээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 350017416 дугаартай акт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОДМАА
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр хуудас
[2] 2 дугаар хавтаст хэргийн 211 дүгээр хуудас
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 230 дугаар хуудас
[4] 2 дугаар хавтаст хэргийн 170 дугаар хуудас