| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 153/2017/00503/и |
| Дугаар | 001/ХТ2020/00394 |
| Огноо | 2020-07-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2020/00394
Г.Нийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00209 дүгээр шийдвэр,
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаар магадлалтай,
Г.Ний нэхэмжлэлтэй
“Х И С”д холбогдох
“Х И С”ийн захирлын 2017 оны 8 сарын 15-ны өдрийн Б/195 тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан багшийн ажилд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Н.Оюунчимэг нарын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Нэ, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Ж.Энхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 6 дугаар сард “Х И С”ийн Төрийн захиргааны менежментийн ангийг төгссөн. Улмаар 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс “Х И С”ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн түүх, нийгмийн ухааны тэнхимд Төрийн захиргааны менежментийн гэрээт багшаар ажилд орсон. Гэрээт багш гэдэг нь гэрээний хугацаанд магистр хамгаалсан тохиолдолд дадлагажигч багшаар дэвшүүлэн ажиллах учиртай. Би гэрээний хугацаанд багшлахын зэрэгцээ 2017 оны 6 дугаар сарын 9-нд төрийн захиргааны удирдлагын магистр хамгаалсан. Ингээд “Х И С”ийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Б/138 дугаартай тушаалаар дадлагажигч багш болсон. Гэтэл “Х И С”ийн захирлын үүрэг гүйцэтгэгч В.Сайнбаяр 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалаар “Х И С”ийн захирлын 2017 оны 06 сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай тушаалыг хүчингүй болгож миний Монгол улсын үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Би тус сургуульд багшлах хугацаандаа багшийн ёс зүй болон “Х И С”ийн дотоод дүрэм, журмыг зөрчөөгүй, ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээгээгүй. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг гаргахдаа намайг “Х И С”ийн багшид тавигдах нийтлэг шаардлага хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй гэх үндэслэлээр амарч байх хугацаанд ажлаас халсан. Би “Х И С”ийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/138 дугаартай тушаалаар дадлагажигч багш болсон тул багш сонгон шалгаруулалтад орох хууль зүйн үндэслэл байхгүй байна.Тус сургуулийн Төрийн захиргааны Менежментийн ангид 4 жил суралцаж төгссөн. Гэрээт багшаар ажиллаж байх хугацаандаа төрийн захиргааны менежментийн магистрийн зэрэг хамгаалсан. Намайг авто осолд орж 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ач заяа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед 2017 оны 8 дугаар сарын 23-нд намайг ирж уулз гэж дуудуулсан байсан. Би эмнэлэгт хэвтэж байгаа очих боломжгүй гараад очиж уулзана гэж хэлсэн. Гэтэл “Х И С”ийн захирлын үүрэг гүйцэтгэгч В.Сайнбаяр 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар намайг ажлаас халсан. Иймд ”Х И С”ийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Нэ нь “Х И С”ийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/137 дугаартай тушаалаар дадлагажигч багшаар томилогдсон байх бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр магистрын зэрэг хамгаалсан нь дадлагажигч багшаар томилогдох үедээ магистрын зэрэг хамгаалаагүй, их дээд сургуулийн багшид тавигдах шаардлага хангаагүй гэж үзэж байна. Их дээд сургуулийн багш нь багшлах эрхийн үнэмлэхтэй, магистраас доошгүй зэрэгтэй байх ёстой.Мөн нэхэмжлэгч нь ямар нэгэн сонгон шалгаруулалтанд орохгүйгээр “Х И С”ийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/137 дугаар тушаалаар дадлагажигч багшаар томилогдсон. Хөдөлмөрийн тухай хуульд ажилд авах, сонгон шалгаруулалт явуулах талаар тодорхой заагаагүй учир салбарын яамны сайдын тушаалаар баталсан зааврын дагуу “Х И С” нь өндөр мэргэшил, мэргэжилтэй хүнийг урилгаар, бусад багш ажилтныг “Х И С”ийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журмын дагуу жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхэнд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зарын сонин бусад мэдээлэл түгээх хэрэгслээр сонгон шалгаруулалт зарлаж, шалгалтын дүнг үндэслэн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ажилд авдаг. Нэхэмжлэгч Г.Нэ өөрт ногдох амралтыг эдэлсэн. Багш шинээр авах асуудлыг “Х И С”ийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ. Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д Их дээд сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна., 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар магистраас доошгүй зэрэгтэй хүний сонгон шалгаруулалтын оноог үндэслэн, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулдаг онцлог бүхий ажлын байр юм. Гэтэл нэхэмжлэгч Г.Нэ нь дээрхи хуулийн шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага мөн адил үндэслэлгүй юм гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00209 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Нийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Х И С”д холбогдох, ”Х И С”ийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тушаалын Г.Нэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Х И С”ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17,526,733 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Нэ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00209 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1,46.2.-т заасныг баримтлан “Х И С”ийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаалын Г.Нэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Г.Нийг ”Х И С”ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн томилж,ажилгүй байсан хугацааны олговор 17.526.733 /арван долоон сая таван зуун хорин зургаан мянга долоон зуун гучин гурван/ төгрөгийг ”Х И С”ийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Г.Нэд олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч “Х И С”д даалгасугай.гэж,
2 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3. гэснийг хасч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж (245583+70200)=315783 /гурван зуун арван таван мянга /төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч тал нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгчийн төлөөлөгч Г.Бадамцэцэг, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Н.Оюунчимэг нар хяналтын гомдолдоо: Магадлалыг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэг. Магадлалд “Г.Нийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны тэнхимд дадлагажигч багшаар ажиллуулахаар томилсон болох нь ажил олгогчийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаар тушаалаар нотлогдож байх тул талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл дээрх тушаал нь талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэх хууль зүйн үр дагаврыг бий болгосон байна. Ажил олгогч ажилтантай Хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй байжээ” гэж дүгнэжээ. Хариуцагч “Х И С” нь Төрийн өмчит их сургууль бөгөөд ажилтнуудын хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиас гадна салбарын харилцааг зохицуулсан Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль болон бусад холбогдох хууль, хуульчилсан актаар хөдөлмөрийн харилцаа нь мөн зохицуулагддаг. Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Их сургууль, дээд сургууль, коллежид магистр, түүнээс дээш зэрэгтэй багш заах”, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 139 дүгээр тушаалаар батлагдсан “Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаалын орон тоонд тавих нийтлэг шаардлага”-д тусгагдсан шалгуур үзүүлэлтүүдийг нэхэмжлэгч Г.Нэ нь хангаагүй байсан тул Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан “Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна” гэж заасны дагуу байнгын ажлын байранд, багшийн албан тушаалын зэрэглэлд ажиллуулах боломжгүй тул “Х И С”ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны тэнхимд 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар Хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр /1 дүгээр хавтаст хэргийн 55 тал/ ажиллуулж байсан. Талуудын хооронд байгуулагдсан Хугацаатай хөдөлмөрийн гэрээний 29-т “Гэрээний хугацаанд боловсролын зэргээ ахиулсан байх”, 35-д “магистрын зэрэггүй багш нь магистрын зэрэг хамгаалсан бол гэрээний биелэлт, ажлын тайлан, оюутнуудын сэтгэл ханамжийн судалгаа, сургалтын албанаас хийсэн мониторингийн дүн саналыг үндэслэн сонгон шалгаруулалтгүйгээр дадлагажигч багшаар үргэлжлүүлэн ажиллуулна” гэж заасан. Гэрээний хугацаанд Г.Нэ нь дээрх шаардлагыг хангаагүй учир сонгон шалгаруулалтгүйгээр дадлагажигч багшийн зэрэглэлд, байнгын ажлын байранд ажиллах боломжгүй юм. Гэтэл тухайн үед “Х И С”ийн захирлаар ажиллаж байсан М.Алтанбагана нь Б/138 дугаар тушаалаар дадлагажигч багшаар ажиллуулахаар шийдвэр гаргасан байдаг. Хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 06 сарын 01-ний өдөр дуусгавар болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж зохицуулсаны дагуу Г.Нийн гэрээт багшаар ажиллах хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдсанд тооцогдоно. Нэхэмжлэгч Г.Нийг захирлын Б/138 дугаар тушаалаар дадлагажигч багшийн зэрэглэлд ажиллуулах тухай шийдвэр гарсан ч дадлагажигч багшийн ажил үүргийг гүйцэтгээгүй, хугацаатай хөдөлмөрийн гэрээний харилцаа үргэлжилсэнтэй нэхэмжлэгч нь маргаагүй. Тухайлбал: 2016-2017 оны хичээлийн жилийн багш ажилтнуудын ээлжийн амралт олгох тухай Захирлын тушаалд /1 дүгээр хавтаст хэргийн 74-75 тал/ Г.Нэд 38 хоногийн ээлжийн амралт олгосон байгаа. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т “Багшид Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндсэн 15 хоногийн амралтын хоног дээр ажлын 33 хоногийн нэмэгдэл амралт, нийт ажлын 48 хоногийн амралт олгохоор” хуульчилсан. Г.Нэ нь байнгын ажлын байранд ажиллаж байгаагүй, мөн үндсэн багшийн ажил үүргийн 80 хувьтай тэнцэх ажил үүргийг гүйцэтгэж байсан, мөн ажилласан хугацаанд нь ноогдуулан тооцож амралтын хоногийг олгосонтой нэхэмжлэгч маргаагүй. Г.Нэ нь дадлагажигч багшийн ажил үүргийг гүйцэтгээгүй учир байнгын ажлын байранд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж, ажил олгогчийг Хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Хоёр. Давж заалдах шатны шүүхээс “ажилтныг ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлүүдийн аль тохирохыг баримтлан тушаал гаргахаас гадна мөн зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх зэрэг хууль зүйн үр дагавартай. Гэтэл ажил олгогчийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй байх тул хууль ёсны зарчимд нийцээгүй байна” гэж дүгнэжээ. “Х И С”ийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалаар нэхэмжлэгч Г.Нийг тус сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны тэнхимд дадлагажигч багшаар томилсон 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай “Дадлагажигч багшаар ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болгохдоо Их дээд сургуулийн багшид тавигдах хууль, хэм хэмжээ тогтоосон актад заасан шаардлагыг зөрчсөн, эрх зүйн зөрчилтэй захиргааны акт байх тул Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйл, “Х И С”ийн дүрэмд заасан эрхийг хэрэгжүүлсэн болно. Тушаалыг тушаалаар хүчингүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг заавал үндэслэх эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар нэг сарын өмнө мэдэгдэх нь тухайлсан харилцаануудад хамаарахаар хуульчилсан байна. Иймд магадлалын дээрх дүгнэлт нь хуулийг буруу тайлбарласан байна. Гурав. Давж заалдах шатны шүүх ““Х И С”ийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаал нь нийтийн эрх зүйн хүрээнд, захиргааны эрх зүйн хэм хэмжээг баримтлан гаргасан эрх зүйн акт биш, хувийн эрх зүйн хүрээнд буюу хөдөлмөрийн харилцааны явцад ажил олгогчоос гаргасан тушаал байх тул анхан шатны шүүх захиргааны Ерөнхий хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь оновчгүй болжээ” гэж дүгнэжээ. Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, “Их сургууль, дээд сургууль, коллежийн багшид тавигдах нийтлэг шаардлага” нь Боловсролын байгууллагын харилцаанд оролцогч бүх субьектүүдийн харилцааг зохицуулах бөгөөд Их сургуулийн багшид тавигдах шаардлагыг хангаагүй хүнийг Их сургуулийн багшаар ажиллуулах нь суралцагчдын буюу нийтийн эрх ашгийг хөндсөн үр дагаварыг бий болгох тул захирлын Б/195 дугаар “Тушаалыг хүчингүй болгох тухай” тушаалаар нэхэмжлэгч Г.Нийн эрх ашиг хөндөгдөж байгаа мэт боловч нөгөө талаасаа нийтлэг эрх ашгийг хамгаалсан зохицуулалтыг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн үйл ажиллагаа юм. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00209 дүгээр шийдвэрт Захиргааны Ерөнхий хуулийг тайлбарлан дүгнэлт хийснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Г.Нэ нь “Х И С”д холбогдуулан, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, түүх, нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 17 526 733 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй ба Г.Нэ нь дадлагажигч багшаар томилогдох үедээ магистрын зэрэг хамгаалаагүй, дадлагажигч багшийн сонгон шалгаруулалтад ороогүй, багшлах эрхийн үнэмлэхгүй байсан гэж тушаалын үндэслэлээ тайлбарлажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хянаад, нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн тухайн маргааныг зохицуулсан зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээнэ.
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Г.Нэ нь “Х И С”ийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б\140 дүгээр тушаалаар гэрээт багшаар, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаар тушаалаар Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны танхимд дадлагажигч багшаар томилогдсон байна.
Г.Нийг дадлагажигч багшаар томилсон дээрх тушаалыг ажил олгогч 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар хүчингүй болгохдоо Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4.-д заасан боловсролын байгууллагын багш, ажилтны цалин хөлсний хэмжээг тогтоох, байгууллагын дотоод журам боловсруулж мөрдүүлэх гэсэн заалт, БСШУ-ны сайдын 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 139 дугаар нийтлэг журам батлах тухай тушаал, “Х И С”ийн дүрэм-ийн 3.15, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.2,5.1.3-ын а, “Х И С”ийн багшийн ажлын журмын 3.1.1, 3.5.8, 8.2 дахь заалтыг баримталжээ. Тэрээр Г.Нэ нь магистрын зэрэггүй, багшлах эрхийн үнэмлэхээ аваагүй, сонгон шалгаруулалтын журмаар томилогдоогүй байхад хууль, журам зөрчиж, өмнөх захирал хууль бус тушаал гаргасныг хүчингүй болгосон гэж хариуцагч татгалзлын үндэслэлээ тодорхойлжээ.
Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй, ажил олгогчийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5. дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн тул нэхэмжлэлийг хангах талаар давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн байна.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон ажил олгогчийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаал нь хэлбэрийн хувьд Г.Нийг дадлагажигч багшаар томилсон 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/138 дугаар тушаалыг хүчингүй болгосон байх боловч гэрээг цуцалсан, ажлаас халсан агуулгатай байна.
Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар дадлагажигч багш нь Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаалын төрөлд хамаарч, үндсэн ажилтан гэж тооцогддог байна. Мөн хуулийн 13.1-т зааснаар мэргэжлийн хичээлийг магистр, түүнээс дээш зэрэгтэй багш заана... гэж хуульчилсан тул Г.Нэ нь магистрын зэрэгтэй байх ёстой ба 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дадлагажигч багшаар томилогдох үед магистрын дипломоо аваагүй байсан боловч 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр магистрын зэрэг хамгаалсан байсан, диплом, багшлах эрхийн үнэмлэхээ 2017 оны 06 дугаар сарын 08, 09-ний өдөр авсан нь нотлогджээ.
Ажилд томилох үед магистрын зэрэг, багшлах эрхтэй болохыг нотлох баримт байхгүй байсан боловч багшлах эрх, магистрын диплом авснаас хойш ажилтныг ажлаас халсан нь үндэслэлгүй, ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ. Түүнчлэн ажил олгогч өөрөө сонгон шалгаруулалт явуулаагүй тул үүнд ажилтанг буруутгах боломжгүй талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
Гэрээт багшаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээний 29-т “Гэрээний хугацаанд боловсролын зэргээ ахиулсан байх, 35-д “магистрын зэрэггүй багш нь магистрын зэрэг хамгаалсан бол гэрээний биелэлт, ажлын тайлан, оюутнуудын сэтгэл ханамжийн судалгаа, сургалтын албанаас хийсэн мониторингийн дүн саналыг үндэслэн сонгон шалгаруулалтгүйгээр дадлагажигч багшаар үргэлжлүүлэн ажиллуулна.” гэж тус тус зааснаас үзэхэд дадлагажигч багшаар ажилд ороход заавал магистрын зэрэгтэй байх, сонгон шалгаруулалт явагдах хатуу тогтоосон журам байгаагүй байна. Энэ талаар нотлох баримтыг үнэлж чадаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
“Х И С”ийн багшийн ажлын журмын 3.3.7-д дадлагажигч багшийн зэрэглэлд ажиллах багштай 1,5-2 жилийн гэрээ байгуулах, уг гэрээг хоёр улирал хүртэл сунгаж болно гэж заасан байх ба уг журмыг баримтлахад энэ шийдвэр саад болохгүй болно.
Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Хөдөлмөрийн хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1.Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА