Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2017/02654

 

 

 

 

  

 

 

 

 

2017 оны 10 сарын 25 өдөр          Дугаар 181/ШШ2017/02654            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч:   Ж Ц /РД: /-ийн  нэхэмжлэлтэй,

           Хариуцагч:  З М /РД: /-т холбогдох

 

            Зээлийн гэрээний үүргийн биелэлт, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 17,853,708 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн өмгөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Жаргалсүрэн нар оролцов.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Ж.Ц нь З.М гуйлтаар өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, Хаан банкны Сэлбэ салбараас 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 30,000,000 төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй авсан.

Мөн өдрөө 29,500,000 төгрөгийг З.М шууд өгсөн. Үүнээс хойш 3 хоногийн дараа 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 29,500,000 төгрөгийн зээлийн гэрээг, хүүгүй авахгүй нөхцлөөр 2 сарын хугацаагаар байгуулсан. Гэвч зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй. Түүнээс хойш хөөцөлдөж байж 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр н.Цэцэгмаагаар дамжуулж 12,000,000 төгрөг авсан.

З.М олдохгүй байсан учир Цагдаагийн байгууллагад хандаж, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цагдаа дээр 5,000,000 төгрөг өгсөн.

Үндсэн зээлээс 12,500,000 төгрөг үлдсэн тул энэ үлдэгдэл дээрээ 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2016 оны 2 дугаар сарын 18-ны дотор буюу 3 сарын хугацаанд буцаан төлөх, ингэхдээ сарын 2,5 хувийн хүү тооцох, хугацаа хэтрүүлбэл алданги төлөхөөр тохирч гэрээ хийж, нотариатаар гэрчлүүлсэн. Үүнээс хойш 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1,700,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 360,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 400,000 төгрөгийг З.М төлсөн.

2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээнд 3,046,187 төгрөгийг З.М нь Ж.Ц төлөх, үүнд хүү тооцохгүй байхаар тохирсон нь Хаан банкнаас Ж.Ц авсан зээлдээ төлсөн эхний 2 сарын зээл, хүүгийн төлөлт юм. Энэ мөнгийг гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол гэж үзэж байгаа.

Нийт зээлийн гэрээний үлдэгдэл 12,362,500 төгрөг, хүү 309,062 төгрөг, нийт 12,671,562 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийг 50%-аар тооцоход 6,335,781 төгрөг буюу нийт 19,007,343 төгрөг болсноос шүүхэд нэхэмжил өгсний дараа төлсөн 1,223,835 төгрөгийг хасаж, одоо үлдэх 17,783,508 төгрөгийг нэхэмжилж байна. Үүний дээр З.М эрэн сурвалжлуулахад гарсан 70,200 төгрөгийг нэмнэ.

Иймд З.М нийт 17,853,708 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг шаардлагад:

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

1. 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Ж.Ц З.М 29,500,000 төгрөгийг 2 сар хүүгүй, алдангигүй зээлүүлсэн. 2 сарын хугацаанд төлж чадаагүй. З.М дахин 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 400,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,699,750 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1,700,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 360,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 12,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,223,835 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарласан тул энэ дүнг нэмж оруулсан. Тэгэхээр 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээний үлдэгдэл 2,816,420 төгрөг байгаа. З.М хувьд дээрх гэрээний дагуу зээлийн үлдэгдлийг төлөх үүрэгтэй нь үнэн. Гэвч нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрээгээр шаардаж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр 15,546,187 төгрөгийн зээлийг Ж.Ц З.М олгоогүй тул шаардах эрхгүй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө шилжүүлснээр гэрээ байгуулсан гэж үзэхээр байгаа бөгөөд ийнхүү мөнгө шилжээгүй тул үүрэг үүсэхгүй. Энэ гэрээгээр хүү, алданги шаардахаар тохирсон нь ч үндэслэлгүй. Өмнөх гэрээний үргэлжлэл гэж үзэхгүй.

3,046,187 төгрөгийг Ж.Ц Хаан банкинд төлсөн нь тогтоогддоггүй, энэ хохирлыг төлөх үүргийг З.М хүлээгээгүй.

2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хаан банкнаас авсан 30,000,000 төгрөгийн зээлээс 29,500,000 төгрөгийг З.М шилжүүлснийг нотлох баримт байхгүй. Хаан банкны зээлдэгч нь н.Одгэрэл Ж.Ц нар юм. Тэгэхээр дангаараа хүүг шаардаж байгаа нь үндэслэлгүй.

2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр мөнгө шилжүүлээгүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасныг зөрчсөн нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан тайлбар, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагч З.М холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, учирсан хохиролд нийт 25,211,750 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд шаардлагаа 17,783,508 төгрөг болгож багасгасан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг шаардлага гаргасныг нэхэмжлэгч үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.  

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Ж.Ц нь З.М хүсэлтээр 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 29,500,000 төгрөгийг хүүгүй зээлж, мөнгө өгснөө баталгаажуулан 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулж, 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 29,500,000 төгрөгийг хүү, алданги тооцохгүйгээр буцаан төлөх үүргийг З.М хүлээж, талууд уг гэрээг мөн өдрөө нотариатчаар гэрчлүүлсэн байна.

 

Зохигчид мөн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ж.Ц нь 12,500,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 3,046,187 төгрөгийг хүүгүйгээр зээлэх, З.М 3 сарын дараа буюу 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр зээлийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх, хэрэв хугацаа хэтрүүлбэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-аар алданги төлөхөөр тохиролцжээ.

 

Гэрээний дагуу З.М хувьд 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 12,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1,700,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 360,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 400,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,699,750 төгрөгийг тус тус төлсөн нь баримтаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбараар тогтоогдсон байна. Үүнд талууд маргаангүй болсон.

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн нөхцөл байдал, хэргийн баримтаар тогтоогдсон үйл баримт, 2 удаагийн бичгээр байгуулсан зээлийн гэрээ болон талуудын тайлбараас дараах дүгнэлтэд хүрлээ.

 

2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Ж.Ц нь 29,500,000 төгрөгийг З.М шилжүүлэн өгснөөр зохигчдын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Зээлийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигдаагүй тул шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Талууд 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан нь дээрх зээлийг буцаан төлөх хугацааг 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байхаар тогтоосон Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 283 дугаар зүйлийн 283.1-т заасан тохиролцоо гэж үзэх үндэслэлтэй.

 

Ийнхүү хугацаа тогтоосноор З.М нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийг 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр буцаан төлөх үүрэг хүлээжээ.

 

Гэвч З.М нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үүргээ зөрчиж, гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөөгүй тул талууд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаарх гэрээний үүрэг буюу зээлийн үлдэгдэл дүн болох 12,500,000 төгрөгийг төлөх хугацааг дахин тогтоож, ингэхдээ зээлийн үлдэгдэлд сарын 2,5 хувийн хүү тооцох, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хариуцлага хүлээх буюу алданги төлөхөөр тохиролцож, энэхүү тохиролцоогоо баталгаажуулан дахин гэрээ байгуулсан нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ байна.

 

Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3-т нийцсэн байна.

 

2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийн үргэлжлэл тул энэ гэрээний дагуу Ж.Ц мөнгө шилжүүлэх үүрэг хүлээхгүй болно.

 

Тэрчлэн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр өөртөө учирсан хохирол төлүүлэх зорилгоор Ж.Ц нь 3,046,187 төгрөгийг хүү тооцохгүйгээр З.М төлүүлэхээр тохирсон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.” гэж заасанд нийцсэн боловч Ж.Ц 3,046,187 төгрөгийн хохирол учирсан эсэх, З.М түүнийг төлөх үүрэгтэй эсэхэд шүүх дүгнэлт хийхэд гэрээний тохиролцоо саад болохгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч Ж.Ц нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдлийг хариуцагч З.М шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй.”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.” гэж тус тус заасан тул зээлийг буцаан төлөх үүргээ хугацаанд биелүүлээгүй зээлдэгч З.М нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 12,500,000 төгрөгт мөн өдрийн гэрээгээр тохирсон сарын 2,5 хувийн хүүг 3 сараар тооцож төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

Түүнчлэн анзын гэрээг бичгээр байгуулах шаардлага нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр хангагдсан тул зээлдүүлэгч Ж.Ц нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.

 

2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр талуудын тохиролцсон зээлийн гэрээний хугацаа 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр дуусахад З.М нь үндсэн зээл 12,500,000 төгрөг, түүний хүүд 937,500 төгрөг буюу нийт нийт 13,437,500 төлөх үүрэгтэй байжээ.

 

Гэвч З.М нь гэрээнд заасан хугацаандаа үүргээ биелүүлээгүй, хугацаа хожимдуулж, 2016 оны 2 дугаар сарын 25-аас 2016 оны 6 дугаар сарын 30-ны хооронд 8,459,750 төгрөг төлсөн байх тул шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасанд нийцүүлэн дараах байдлаар төлөгдсөн төлбөрүүдийг тооцох нь зүйтэй байна.

 

2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 12,500,000 төгрөг, хүү 937,500 төгрөг, алданги 7 хоногийн 437,500 /(12,500,000х0,5%)х7хон/ төгрөг буюу нийт 13,875,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс төлсөн 1,700,000 төгрөгийг тооцвол 12,175,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар хүү төлөгдсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 12,175,000 төгрөг, 61 хоногийн алданги 3,713,375 /(12,500,000х0,5%)х7хон/ төгрөг буюу нийт 15,888,375 төгрөг төлөхөөс төлсөн 3,000,000 төгрөгийг тооцвол 12,888,375 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үлдэгдэл 12,888,375 төгрөг, 1 хоногийн алданги 64,442 /(12,888,375х0,5%)х1хон/ төгрөг буюу нийт 12,952,817 төгрөг төлөхөөс төлсөн 360,000 төгрөгийг тооцвол 12,592,817 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үлдэгдэл 12,592,817 төгрөг, 22 хоногийн алданги 1,385,210 /(12,592,817х0,5%)х22хон/ төгрөг буюу нийт 13,978,027 төгрөгөөс төлсөн 1,300,000 төгрөгийг тооцвол 12,678,027 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үлдэгдэл 12,678,027 төгрөг, 3 хоногийн алданги 190,170 /(12,678,027х0,5%)х3хон/ төгрөг буюу нийт 12,868,197 төгрөгөөс төлсөн 400,000 төгрөгийг тооцвол 12,468,197 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар үлдэгдэл 12,468,197 төгрөг, 27 хоногийн алданги 1,683,207 /(12,468,197х0,5%)х27хон/ төгрөг буюу нийт 14,151,404 төгрөгөөс төлсөн 1,699,750 төгрөгийг тооцвол 12,451,654 төгрөг үлдэж байх тул хариуцагч З.М 12,451,654 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ц олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр 3,046,187 төгрөгийн хохирлыг хариуцагч З.М нэхэмжлэгч Ж.Ц төлөх үүрэг хүлээсэн байх боловч Хаан банкнаас О.О, Ж.Ц нарын зээлж авсан 30,000,000 төгрөгийн 29,500,000 төгрөгийг шууд З.М шилжүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй, Ж.Ц 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлэн авсан 29,500,000 төгрөгийг З.М 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр буцаан төлөх үүрэгтэй байхад хугацаа болоогүй үед буюу 2015 оны 5, 6 дугаар сарын 20-ны өдөр хуваарийн дагуу буцаан төлөгдсөн зээл, хүүгийн төлбөр 3,046,187 төгрөгийг З.М хариуцан төлөх хууль зүйн ямар ч үүрэггүй гэж үзнэ.

 

Иймд шүүх З.М хохиролд 3,046,187 төгрөг гаргуулах Ж.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ж.Ц нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох З.М оршин байгаа газрын хаягийг тогтоолгохоор шүүхээр эрэн сурвалжлуулж, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03331 тоот шийдвэрээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасанд үндэслэн нэхэмжлэгчээс гарсан 70,200 төгрөгийг хохиролд тооцож, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан шаардах эрхийн хүрээнд З.М гаргуулж Ж.Ц олгох үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүх З.М зээлийн гэрээний үүрэгт 12,451,654 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 70,200 төгрөг буюу нийт 12,521,854 төгрөгийг гаргуулан Ж.Ц олгож, Ж.Ц нэхэмжлэлийн багасгасан шаардлагаас үлдэх 5,261,654 төгрөгт холбогдох хэрэгсэхгүй болгов.

 

Сөрөг шаардлагын тухайд:

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хариуцагч сөрөг шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

 

Сөрөг шаардлагын үндэслэл болсон зөрчигдсөн гэх хуулийн заалт нь ямар үйлдлийг хэлцэл хийгч талуудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцогдох вэ? гэдэг тохиолдлыг зохицуулсан заалт тул уг заалт зөрчигдөх нь талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй, тодруулбал үүрэг үүсгэхгүй байх үр дагаварт хүргэхээс биш хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үр дагаварт хүргэхгүй зохицуулалтууд болно.

 

Зохигчдын хооронд хийгдсэн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр Ж.Ц мөнгө шилжүүлээгүй явдал нь уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг бүрдүүлэхгүйн гадна энэ гэрээний тохиролцоог шүүх хуульд нийцсэн гэж үзэж, түүнд үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул шүүх З.М гаргасан сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 222 дугаар зүйлийн 222.5, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан З.М 12,521,854 төгрөгийг гаргуулж Ж.Ц олгож, Ж.Ц нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,261,654 төгрөгт холбогдох хэсэг болон Ж.Ц, З.М нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох З.М сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 299,009 төгрөгөөс 284,009 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 235,680 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 15,000 төгрөгийг улсын орлогоос, 215,300 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг талууд 7 хоногийн дараа бичгээр гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хүрэлцэн ирж гардан авах, эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА