Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 153

 

Ж.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00356/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 647 дугаар шийдвэртэй,

          Нэхэмжлэгч Б- овогтой Ж-ы Г-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Е- овогтой Г-ын М-д холбогдох,

          “Г.М-ын нэр дээрх өмчлөх эрхийг хүчингүй болгож,  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох” тухай иргэний хэргийг

          Хариуцагч Г.М-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа, Д.Нарангоо, хариуцагч Г.М-, хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Г-аас:

2007 оны 06 сарын 18-ны өдөр Ц.Нарантуяа түүний хүүхдүүд болох хамтран өмчлөгч М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нартай үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 000202844 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2003001920 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах, Ацетилены үйлдвэрийн зориулалттай, 1141,0 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 75.000.000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг бүрэн гүйцэт төлж, улсын бүртгэлд бүртгүүлэн 2007 оны 06 сарын 22-ны өдөр хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болно. Би өмчлөгч болсноос хойш 1 жилийн дараагаар худалдагч талтай хамааралтай хүмүүсийн дунд өв залгамжлалын болон надад худалдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар маргаан гарч, улмаар шүүхээр шийдвэрлүүлсэн байсныг 2010 оны 02 сарын 24-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 374 дүгээр шийдвэртэй Г.М-ын маргаан  бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар анх татагдан оролцох үед  мэдсэн. Г.М-ын маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай Ц.Нарантуяа, Ж.Г- бидэнд холбогдох иргэний хэргийг Дархан-Уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2010 оны 02 сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд “Хаадууд” ХХК-ийн 1998 оны 05 сарын 03-ны өдрийн 2/5 тоот тушаалыг үндэслэн Ж.Г- миний өмчлөх эрхийг хүчингүй болгож, Г.М-ыг өмчлөгчөөр тогтоож, 374 дүгээр шийдвэр гаргасан болно. 374 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд 2010 оны 04 сарын 14-ний өдрийн 40 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ж.Г- би магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан боловч мөн л дээрх үндэслэлээр 2010 оны 06 сарын 22-ны өдрийн 485 дугаар тогтоол гарган шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. Түүнээс хойш 2014 онд М.Соёл-Эрдэнэ “Хаадууд” ХХК-ийн захирал З.Мөнхбат 1998 оны 5 сарын 03-ны өдрийн 2/5 тоот тушаалыг үйлдээгүй, түүний дүү З.Мөнхтуяа хуурамчаар үйлдсэн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, уг тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ тогтоол гарсны дараа нэхэмжлэгч М.Мөнхнаран, М.Шинэ-Од, М.Тэмүүжин нар нь хариуцагчаар З.Мөнхтуяа, Г.М- нарыг татаж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд энэхүү шаардлагаасаа татгалзсан тул 2016 оны 02 сарын 26-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 383 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Мөн Г.М- нь хариуцагчаар Ж.Г-, Ц.Нарантуяа нарыг татаж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа нэхэмжлэгч тал татгалзах хүсэлт өгснийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 18-ны өдөр хүлээн авч, 464 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байсан. Иймд дээр дурдсан үйл явдал, үйл баримт болон хуулийн заалтуудаар Ж.Г- би 000202844 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2003001920 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах Ацетилены  үйлдвэрийн зориулалттай, 1141,0 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдан авч шударга өмчлөгч болсон тул уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өмчлөлдөө авсан Г.М-ын өмчлөх эрхийг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нарангоо, П.Сарантуяа нараас:

Ацетилены үйлдвэр болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хэн болохыг эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй, уг нь 3 шатны шүүх тус үйлдвэрийг Г.М-ын өмч гэж шийдвэрлэсэн. Гэтэл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг хянан хэлэлцэж дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шилжүүлэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Нэхэмжлэлээсээ татгалзсан хэрэг дээрээ Ж.Г-, Ц.Нарантуяа нар хариуцагч байсан. Шинээр илэрсэн шүүгчийн захирамжийг  2016 оны 01 дүгээр 12-ны өдөр хянасан. Үүнээс өмнө 3 шатны шүүхээр хэрэг шийдвэрлэж байхад энэ асуудлаар хэн ч гомдол гаргаагүй байсан. 2016 оны 02 дугаар 26-ны өдрийн захирамжаар  М.Шинэ-Од, М.Тэмүүжин нар нэхэмжлэлээсээ татгалзсан байсан. Улсын бүртгэл дээр энэ хэлцэл байхгүй болсныг харуулж байна. Улсын бүртгэлийн гэрчилгээтэй өөрийн нэр дээр авсан байсан энэ өмчлөл хүчин төгөлдөр юм. Г.М- татгалзсан нь энэ хэрэг дээр би өмчлөгч биш юм гэдгийг харуулж байх тул Ж.Г-ыг өмчлөгчөөр нь тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.М-аас:

Уг үйлдвэрийн өмчлөлийн асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн. Учир нь З.Мөнхбатын хууль ёсны өв завлгамжлагч болох М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нар шүүхийн 228 дугаар шийдвэрт шинэ нөхцлөөр хүсэлт гарган, улмаар хэрэг дахин хянагдахад Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1141,0 мкв бүхий улсын бүртгэлийн Ү-2003001920 дугаарт бүртгэгдсэн Ацетилены үйлдвэрийн өмчлөгч нь Г.М- намайг болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээсээ татгалзсан. Өмчлөгчөөр намайг хүлээн зөвшөөрсөн нь тухайн хөрөнгийн өмчлөлийн асуудлаар маргах, шүүхэд хандах шаардлага байхгүй болсон. 2015 оны 10 сарын 20-ны өдрийн 815 тоот тогтоолын дараа ч мөн  Г.М-  өмчлөгч болохыг хүлээн зөвшөөрсөн тул Ж.Г-ад шаардах эрх үүсэх үндэслэл байхгүй. 2011 онд Ж.Г-ын нэхэмжлэлтэй, 2001 оны 10 сарын 28-ны өдрийн З.Мөнхтуяаг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газарт холбогдох маргаан захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн ба үүнийг хуулийн хүчин төгөлдөр 2012 оны 02 тоот шийдвэр, 2013 оны 111 тоот магадлал, 2013 оны 107 тоот тогтоол байдаг. Эдгээр шийдвэр магадлал тогтоолд 2001 оны бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Энэ хөрөнгийг 2007 онд худалдаж авсан цагаасаа өнөөг хүртэл үр шимийг нь хүртэж, бүрэн ашиглаж байгаа хүн бол Ж.Г- юм. Миний бие 2010 онд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж авсан хэдий ч өнөөдрийг хүртэл зөвхөн гэрчилгээтэй л явсаар ирсэн. Үйлдвэрийг нэхэмжлэгч ашиглан эзэмшиж байгаа. Ж.Г- уг үйлдвэрийг 75.000.000 төгрөгөөр худалдан авсан ба энэ мөнгөө хэд нугалаад олсон. Харин би өмчлөгч болсон учраас Ж.Г-ын гэрээний дагуу төлсөн төлбөрийг төлөх талаар түүний зээлийн гэрээ байгуулсан Хадгаламж банк, түүний эрх хүлээн авагчид хандаж байсан. Мөн өөрт нь ч гэсэн эсвэл худалдаад ав гэж үнийн санал хэлж байсан. Хохирсон хүн бол Г.М- би болохоос Ж.Г- биш юм. Иймд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 647 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д  заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн Ү-2003001920 дугаарт бүртгэгдсэн, 1141,0 мкв талбайтай, Ацетилены үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр нэхэмжлэгч Ж.Г-ыг тогтоож,

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн Ү-2003001920 дугаарт бүртгэгдсэн, 1141,0 мкв талбайтай, Ацетилены үйлдвэрийн барилгын өмчлөгчөөр Г.М-ыг бүртгэсэн бүртгэл болон 000131446 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Ж.Г-ыг өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532.950 төгрөгөөс 140.400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 392.550 төгрөгийг Төрийн сангаас, хариуцагч Г.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Г-ад тус тус олгож шийдвэрлэжээ

Хариуцагч Г.М- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүх хэргийг шалгахдаа үнэн зөв дүгнээгүй, маргаж буй хөрөнгийн хувьд хоёр тусдаа шүүхийн шийдвэртэй нэг нь нөгөөгөөсөө хамааралтай хэргийг шийдвэрлэсэн. Шийдвэр гарахаас өмнө маргаж байгаа хөрөнгийн өмчлөгч Г.М- байсан, тухайн маргааныг  шүүх шийдвэрлэхдээ эд хөрөнгийн өмчлөх эрхийг хөндөөгүй буюу өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Г.М- өмчлөгч хэвээр байна гэсэн үг. Энэхүү магадлалын шинэ нөхцлөөр нэхэмжлэгч нар хүсэлт гарган хэргийг дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шилжүүлсэн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзан Ацетилены үйлдвэрийн өмчлөгч нь хариуцагч намайг болохыг зөвшөөрсөн тул 2006 оны 391 тоот шийдвэрээр иргэний маргаан шийдвэрлэх энэ үеийн байдалд авчирч дүгнэлт хийж чадаагүй байна. Мөн уг шийдвэрээр хөрөнгийн өмчлөгчийг өөрчлөөгүй боловч 2006 оны 1 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргаж энэ асуудлыг 2009 онд шийдвэрлэгдэн дуусах үед улсын бүртгэлд өөрчлөлт орсон тул өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Харин Улсын дээд шүүхийн 815 тоот тоогтоолын дараа өмчлөлийг нэхэмжлэгч М.Тэмүүжин, М.Шинэ-од нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Ацетилены үйлдвэрийн өмчлөлийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад дахин энэ асуудлыг шийдэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд  үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  холбогдох зүйл, заалтыг  зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн  гаргасан давж заалдсан гомдлыг  хангах үндэслэлгүй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Ж.Г- хариуцагч  Г.М-д  холбогдуулан  “Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах, Улсын бүртгэлийн  Y-2003001920 дугаарт бүртгэлтэй, 000202844 дугаар гэрчилгээтэй, Ацетилены үйлдвэрийн зориулалттай, 1141,0 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох  шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч  маргажээ.

            Шүүх  нэхэмжлэгчийн  шаардлагыг  Иргэний хуулийн  101 дүгээр зүйлийн 101.1-д  заасныг баримтлан  хангаж  шийдвэрлэсэн шийдвэрт   хариуцагч  давж заалдах гомдол гаргасныг хүлээн авч  үзэхэд:

            Хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй  үндэслэлд  “...З.Мөнхбатын хууль ёсны  өв залгамжлагч болох М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран нар  шүүхийн 228 дугаар шийдвэрээр  Ацетилены үйлдвэрийн өмчлөгчөөр намайг тогтоосныг хүлээн зөвшөөрч  нэхэмжлэлээсээ  татгалзсан..., ...намайг өмчлөгчөөр хүлээн зөвшөөрсөн...,  ...2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн  815 тоот  тогтоолын дараа ч  Г.М-ын  өмч болохыг хүлээн зөвшөөрсөн тул  Ж.Г-ад  шаардах эрх  үүсэхгүй...,  ...2011 онд  Ж.Г-ын  нэхэмжлэлтэй  2001 оны  10 дугаар сарын  28-ны өдрийн  З.Мөнхтуяаг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл,  гэрчилгээг хүчингүй болгох  шаардлага  бүхий  Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох маргаан  захиргааны хэргийн шүүхийн  2012 оны 02 тоот шийдвэр, 2013 оны  111 тоот магадлал, 2013 оны  107 тоот тогтоол байдаг...,  ...нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй”  гэж,

давж заалдах гомдлын үндэслэлд   “... маргаж буй хөрөнгийн хувьд хоёр  тусдаа  шүүхийн шийдвэртэй  нэг нь нөгөөгөөсөө  хамааралтай хэргийг шийдвэрлэлээ.,  шийдвэр гарахаас өмнө  хөрөнгийн өмчлөгч Г.М- байсан, тухайн маргааныг шүүх шийдвэрлэхдээ эд хөрөнгийн өмчлөх эрхийг хөндөөгүй буюу өмчлөгчөөр тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, шинэ нөхцлөөр хэргийг дахин  шийдвэрлэх  явцад  нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсан, ... Ацетилены үйлдвэрийн  өмчлөлийг  шийдвэрлэсэн  хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад дахин энэ асуудлыг шийдэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж “    дурдсан  байна.

Хэрэгт 1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 391 дүгээр  шийдвэр   \хх -13\

          2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн  11 дүгээр  шүүхийн тогтоол  \хх-17\

          3.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 228 дугаар шийдвэр  \хх-20\

          4.Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2009 оны 01 дүгээр  марын 21-ний өдрийн  04 дүгээр магадлал  \хх-23\

          5. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн  374 дүгээр шийдвэр  \хх-26\

          6.Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний  өдрийн 40  дүгээр магадлал  \хх-29\

           7.Улсын  Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 485 дугаар  тогтоол  \хх-36\

           8. Дээд  шүүхийн хяналтын шатны  захиргааны хэргийн шүүхийн  2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн  107 дугаар тогтоол  \хх-74 \

                    9. Сум дундын 7 дугаар шүүхийн  2014 оны 135  дугаар   шийдвэр \хх-38\

10.Сум дундын 7 дугаар шүүхийн  2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 364 дүгээр  шийдвэр  \хх-57\

           11.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны  02 дугаар сарын 26-ны  өдрийн  383 дугаар шүүгчийн захирамж  \хх-107\

           12.Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн  2016  оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 464 дүгээр  шүүгчийн захирамж  \хх-109\

           13. Дархан-Уул  аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн  2016 оны  09 дүгээр сарын 21-ний өдрийн 260 дугаар шүүгчийн захирамж  \хх-113\   авагдсан,

            Үүнээс: шүүхийн 391, 228, 391\А, 374  дүгээр шийдвэрүүд, 40 дүгээр магадлал, 485 дугаар тогтоол  Ацетилены үйлдвэрийн өмчлөлтэй холбоотой маргаан  байсан бөгөөд  Г.М-ыг  Ацетилены үйлдвэрийн өмчлөгчөөр тогтоосон  374, 40, 485 дугаар шийдвэр,  магадлал, тогтоолыг  Дээд  шүүхийн 2016 оны  01 дүгээр сарын 12-ны өдрийн  001\ШТ2016\00015 дугаар  тогтоолоор, 391 дүгээр шийдвэрийг  11 дүгээр шүүхийн тогтоолоор, 391\А дугаар шийдвэрийг  04 дүгээр магадлалаар  тус тус хүчингүй болгосон  байна.

             Захиргааны  хэргийн  хяналтын шатны шүүхийн  107 дугаар тогтоолоор  З.Мөнхтуяаг Ацетилены  үйлдвэрийн өмчлөгчөөр бүртгэж, олгосон  өмчлөх эрхийн  гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон,  Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 260 дугаар  захирамж  нь  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан  шийдвэрүүд  байна.

Ацетилены  үйлдвэрийн өмчлөгчөөр  тогтоосон  374 дүгээр шийдвэр, 40 дүгээр магадлал, 485 дугаар тогтоолыг  үндэслэж, Г.М-ыг өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ  олгосон  байх тул    Ж.Г-   шүүхэд нэхэмжлэл гаргах  эрхтэй  байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдөр  Ц.Нарантуяа, Ж.Г-  нарын дунд  Ацетилены үйлдвэрийг 75.000.000  төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ  байгуулсан, төлбөрийг  07 дугаар сарын 18-ны өдөр төлж дуусгасан байхаар  тохиролцож, Ж.Г-  үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн   байна.

Ж.Г-, Ж.Нарантуяа нарын  хийсэн Худалдах худалдан авах  гэрээ нь тухайн  хугацаандаа  болон одоо ч  хүчин төгөлдөр  хэвээр байна.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн хүчин төгөлдөр болсон 391 дүгээр шийдвэрт  үндэслэж, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд  Ц.Нарантуяа  түүний хүүхдүүд М.Шинэ-Од, М.Тэмүүжин, М.Мөнхнаран  нарыг   Ацетилены  үйлдвэрийн хамтран өмчлөгчөөр   бүртгэж, гэрчилгээ олгосон, бүртгэл үнэн зөв байхад, дундын өмчлөлийн  эд хөрөнгийг   хуулийн дагуу  зохих зөвшөөрлийг авч, захиран зарцуулж,  худалдах худалдан авах хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн  нь Иргэний хуулийн  110 дугаар зүйлийн 110.1, 128 дугаар зүйлийн 128.2.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг зөрчөөгүй  бөгөөд Ж.Г-ыг  Ацетилены  үйлдвэрийг  эзэмших эрхийг Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 114 дүгээр зүйлийн 114.1-д  заасны   дагуу  өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ.

Шүүхийн  2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 464 дүгээр шүүгчийн захирамжаар  нэхэмжлэгч Г.М-ын хариуцагч  Ж.Г-, Ц.Нарантуяа нарт холбогдуулан “...Ацетилены үйлдвэрийн  өмчлөгчөөр  тогтоолгохоор ...” гаргасан нэхэмжлэлээсээ  нэхэмжлэгч  татгалзснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон  нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Иймд  нэхэмжлэгч Ж.Г-ын  нэхэмжлэлийн үндэслэл нь  хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож, хариуцагчийн  татгалзал тайлбар нь  нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул   Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар   Ацетилены үйлдвэрийг  өмчлөх эрхтэй болохыг тогтоосон  анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл  тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн давж заалдах гомдолд  дурдсан  шүүхийн  228 дугаар шийдвэр  \хх-20\-ээр Г.М-ыг  Ацетилены  үйлдвэрийн өмчлөгчөөр тогтоосон  шийдвэр  биш юм.  Иймд   анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        О.НАРАНГЭРЭЛ 

                                   ШҮҮГЧИД                                                      С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                          С. ЭНХЖАРГАЛ