Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 163

 

Д.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00668/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 905 дугаар шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч Д.Ц-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Р.Э-, Б.Б- нарт холбогдох

          “Дархан-Уул аймаг, Дархан сумын 14-р баг 13-р гудамж, 5 тоот амины орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн” иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ:

Нэхэмжлэгч Д.Ц- нь Дархан-Уул аймаг Дархан сум 14-р багт өөрийн эзэмшлийн газартаа хоёр айлын орон сууцны барилга барьсан. Өвөл болсон тул яаралтай гадна талын пасадны засварын ажлыг дуусгахын тулд 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Нет капитал” ББСБ-аас 20.000.000 төгрөгийг сарын 3.0 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлсэн. Хүү болон сарын төлөлт өндөр байсан учраас авсан зээлээ төлж барагдуулахын тулд нэг айлын амины орон сууцыг зарахаар “Дархан зууч” ХХК-д зар өгсөний дагуу 2015 оны 10 дугаар сард хариуцагч нар надтай холбогдож орон сууцыг үзэж 130.000.000 төгрөгөөр авахаар тохирсон. Төлбөрийн нөхцлийг хариуцагч нарын санал болгосноор мал, гүний худаг, өвөлжөө, мотоцикл оролцуулаад нийт 117.100.000 сая төгрөгөнд тооцож, үлдэгдэл 12.900.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сард надад бүрэн төлж дуусгахаар тохиролцсон.

Б.Б- нь 2015 оны 11 дүгээр сард тариа, будааны мөнгө ороод ирэхээд өгнө гэж хэлж боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл мөнгөө огт төлөхгүй байна. Мөн 25.000.000 төгрөгөнд тооцож авсан гүний худгийг очиж үзэхэд ус гардаггүй, мотор нь ажилладаггүй бөгөөд ямар ч бичиг баримтгүй байсан. Энэ талаар доголдлыг арилгахыг хэлсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй байна. Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн амины орон сууцнаас Б.Б-, Р.Э- нарыг албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндуламаас:

2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 168 м.кв талбайтай дотоод засал хийгдээгүй байрны төлбөр болох 130.000.000 төгрөгийн 90 хувь буюу 117.100.000 төгрөгийг солилцоогоор төлсөн байдаг. Д.Ц- байрны гадна талын ажлуудыг гүйцээн хийж үлдэгдэл 12.900.000 төгрөгийг бэлнээр төлөх, дотоод засварын ажлыг өөрсдөө хийхээр тохиролцсон. Байрыг хүлээлгэн өгөхдөө цахилгаан, дулаан, сантехник холбогдсон, цутгамал байр, дотоод засал нь хийгдээгүй гэж хүлээлгэн өгсөн. Байрны түлхүүрийг авснаас хойш 1 жилийн хугацаанд бид засвар хийж чадаагүй. Учир нь Дархан-Уул аймгийн хэмжээнд ган болсны улмаас ургац бүрэн алдсан, санхүүгийн боломж хүнд байсан. Анх тохиролцоо хийхэд өөрийн байр нь зээлийн барьцаанд байгаа мэтээр бидэнд ойлгуулсан. 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр уг байранд засвар хийхээр ирэхэд хонины толгой оруулж тавиад өтсөн, байр өмхийрсөн, 1 өрөөны радиатор цоорч шугамыг хаасан, өөрийнхөө гэрийн радиаторыг цооронгуут манай радиаторыг салгаж авсан, 2 дугаар давхрын дээврийн хэсэг цутгамал биш дулаалгын хөөс, паниар тавиад замаскадсан, зарим хэсгүүдэд дээврээс ус нэвтэрсэн байсан. Энэ талаар хэлэхэд анх үзэж хараад тохиролцсон, ийм л байсан гэж хэлсэн. Үүнийг хүлээн зөвшөөрсөн шалтгаан нь мэргэжлийн бус учраас анзаараагүй юм. Нэхэмжлэгч Д.Ц- худгаас ус муу гарч байна, дахин доош өрөмдүүлнэ гэж хэлсэн. Тус худаг нь социализмын үед эмчилгээ тэжээлийн цэгийн худаг буюу тэр хавийн хүн малыг усаар хангадаг байсан, ашиглаагүй удсан худгийг бид өвөлжөөний газар хувьчилж авахдаа дахин 50 метр өрөмдүүлж сэргээсэн. Тиймээс анхны бичиг баримт бидэнд байхгүй, бид шинээр худаг өрөмдүүлэн гаргасан бол бичиг баримттай байх байсан. Хамтарч хийх байсан узельд вентиль солих, ил задгай байсан цахилгааны утсуудыг эмхлэн, хамгаалалтын бүрхүүл хийж, гадна талд цахилгаан шит хийх, байшингийн гадна суурь, эмжээр хэсгийг шавардах ажлуудыг хийсэн. Д.Ц- өвөл болохоос өмнө бохирын худаг шинээр хийх ёстой шугам хөлдөнө гээд 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг аваад худгаа хийгээгүй. Үүнээс болж өгвөл шугам хөлдсөн. 2017 оны 05 дугаар сард хашаагаа барьж хаалга хийнэ мөнгө гээд нэхсэн. Бид хашаагаа эхлээд барих гэсэн. Учир нь урьдчилж мөнгө аваад хийнэ гэсэн зүйлээ хийдэггүй учир блокоор баруун талын хана хийж өрсөний дараа 700.000 төгрөг нэхэхээр нь хэд хоног хүлээж бай гэсэн. Хэд хоногийн дараа Д.Ц- руу утсаар ярьж дансаа өгчих, бид 1.000.000 төгрөг шилжүүлэх боломж гарлаа гэсэн чинь үгүй ээ, хэрэггүй бид өөрсдөө тэр мөнгийг төлсөн гэж хэлсэн. Уг байрыг манайд зарах үед амины орон сууц 8 хувийн зээлэнд хамрагддаггүй, үл хөдлөх хөрөнгө огт зарагдахгүй, барилга зогсонги, эдийн засаг хямралтай байсан. Тэд мал авсан өдрөөсөө эхлээд нядалж эхэлсэн. Солилцоо хийснээс жилийн дараа Д.Ц-ын ажилладаг “Хаан” банк амины орон сууцыг 8 хувийн зээлд хамруулж болохоор болсон тухай яриад зээл авахад туслана гэж хэлсэн. Гэсэн ч бидний сарын орлого хүрэлцээгүй, Ариг банкинд зээлтэй байсан тул дахин энэ тухай дурсаагүй. Үүнээс үзэхэд байрны 90 хувийг төлсөн, дотоод заслын ажилд 35.000.000 төгрөг зарцуулсныг үл тоон нэхэмжлэгч болон түүний эхнэр байрныхаа заслыг хийлгэчихээд шүүхэд өгч байрнаас гаргах, дараа нь засвар хийсэн байрыг маань банкинд ажилладаг давуу талаа ашиглан амины орон сууцны 8 хувийн зээлэнд хамруулан зарах боломжтой гэж тооцсон. Солилцоо хийсэн талуудын нэг тал хэтэрхий давуу эрхтэйгээр шаардсан, адил тэгш биш байгаа учраас нэхэмжлэлийг бид хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 905 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Д.Ц-ын нэхэмжлэлтэй Б.Б-, Р.Э- нарт холбогдох  Дархан-Уул аймаг, Дархан сумын 14-р баг 13-р гудамж, 5 тоот амины орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 62.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо:

            Талуудын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй. Гэрээ анх байгуулагдсан үеэс хүчин төгөлдөр бус хэлцэл байсан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсанаар өмчлөх эрх баталгаажих, түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болохоор заасан байна. Нэхэмжлэлийн шаардлага болох амины орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь нэхэмжлэгч Д.Ц-ын нэр дээр бүртгэлтэй бөгөөд хариуцагч нар тохиролцсон үнийг бүрэн төлөөгүй тул нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзэж байна. Хариуцагч нар нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгчийн өмчлөлийн амины сууцыг эзэмшиж, ашиглаж байх тул хариуцагч Б.Б-, Р.Э- нар нь хууль бус эзэмшигч юм. Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч Б.Б-, Р.Э- нарт амины орон сууцыг шилжүүлсэн тул шилжүүлсэн бүх бүх зүйлээ буцааж өгөх үр дагавар үүсч байна. Иймд хариуцагч нарыг нэхэмжлэгч Д.Ц-ын амины орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Ц- хариуцагч Д.Б-, Р.Э- нарт холбогдуулж Дархан сумын 14 дүгээр багт байрлах амины орон сууцнаас албадан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан,  хариуцагчид нь тус амины орон сууцыг хэлцлийн дагуу худалдаж аваад төлбөрийн 90 орчим хувийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага зөрүүтэй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн, анх байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үр дагавар, үүрэг үүсэх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд хянаж, болсон үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг судлан үзээд дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт тогтоогдсон үйл  баримтаас үзвэл талууд Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах  гадна болон дотор талын засварын ажил хийгдээгүй 2 айлын амины орон сууцны нэгийг нь 130.000.000 төгрөгөөр үнэлж, төлбөрийн 90 хувьд нь  117.100.000 төгрөг мал, худаг, өвөлжөө, мотоцикль өгч, үлдэгдэл 12.9000.000 төгрөгийг тухайн оны 11 дүгээр сард багтаан төлж дуусгахаар 2015 оны 10 дугаар сард амаар хэлцэл хийж тохиролцсон байна.

Мөн дотор талын заслын ажлыг худалдан авагч тал өөрийн хөрөнгөөр хийх, гадна талын засварын ажлыг худалдагч тал хийхээр харилцан тохиролцож байрны түлхүүрийг өгч авалцсан байна.

Худалдан авагч тал хэлцлээр тохиролцсон тус байрны дотоод заслын ажилд 34.042.880 төгрөг зарцуулсан байх бөгөөд энэ талаарх нотлох баримт хэргийн 27-98 дугаар талд авагдсан байна.

Мөн хэлцлээр тохиролцсон 117.100.000 төгрөгөнд тооцож  68 толгой бод мал, 549 толгой бог мал, өвөлжөө, гүний худаг, “Хонда” мотоцикль өгч авалцсан болох нь хэргийн 35, 110 дугаар талд авагдсан талуудын шүүхэд гаргаж өгсөн тооцооны баримтаар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргаж буй амины орон сууцны байршил тодорхойгүй, хэргийн 3 дугаар талд авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тодорхой хаяг бичигдээгүй буюу Дархан сумын 14 дүгээр багийн аль хэсэгт хаана гэдэг нь тодорхойгүй, 2 айлын амины орон сууцны аль хэсгийг хэлцлээр шилжүүлсэн нь тодорхойгүй, 8 дугаар талд авагдсан баталгаат ипотекийн гэрээнээс харвал маргаж буй орон сууц нь бусдын зээлийн барьцаанд байгаа эсэх, хэлцлээр шилжүүлсэн гэх малын тоо, толгой, үнэлгээ зөрүүтэй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зайлшгүй тодруулах ажиллагаа хийгдээгүй, энэ талаар хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчдийн хэн аль нь тодорхой тайлбар хийж  чадахгүй байна. Уг 2 айлын орон сууцны аль жигүүрт байгаа байр нь маргааны зүйл болж байгаа болон хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь тухайн барилгын бүхэлд нь эсхүл аль нэгт нь хамааралтай эсэхийг шүүхэд тайлбарлаагүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн  байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус тул түүний үр дагавар буюу өгсөн авсанаа буцаах шаардлага гаргаж байгаа, эсхүл гэрээний үнэнд төлсөн эд зүйл чанарын доголдолтой, мөн гэрээний үүргээ  худалдан авагч зохих ёсоор биелүүлж үлдэгдэл төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул гэрээнээс татгалзаж байгаагийн алин болохыг тодорхой болгохоос гадна худалдах худалдан авах гэрээний зүйл нь зээлийн барьцааны үүрэгтэй эсэх, гэрээгээр худалдан авагч тал гэрээний үнэнд хичнээн төгрөгний ямар эд хөрөнгийг шилжүүлсэн болох түүнийг нотолсон байдал нь хэрэгт ач холбогдолтой байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг тодорхой болоогүй байхад хэргийг хэлэлцүүлэх захирамж гаргасан  нь учир дутагдалтай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-ийн  “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалтай бүрдсэн” гэснийг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл  шүүгч хэргийн бодит байдлыг тогтооход зохих хэлбэрт орсон, ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай цугларсан гэж үзсэний эцэст хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргах байтал ямар ч тодруулах ажиллагаа хийлгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

Иймд хэргийн оролцогчдын хүсэлтээр ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, хэргийн бодит байдал болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхой болгосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 905 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Ц-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ                 

                                          ШҮҮГЧИД                                                 С.ОЮУНЦЭЦЭГ                                        

                                                                                                            Л.АМАРСАНАА