Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 0002

 

 

Д.М, А.Лнарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Л.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Энхболд, Б.Отгонцэцэг,

Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 604 дүгээр захирамжтай Д.М, А.Лнарт холбогдох 1738003980051 дугаартай эрүүгийн хэргийг прокурор П.Итгэлийн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Онход овогт Д-ийн М, … оны .. дугаар сарын 16-ны өдөр төрсөн, … настай, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар:............../.

Монгол Улсын иргэн, Буурал овогт А-н Л, … оны ... дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, …. настай, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ............/.

Д.М нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн .......... сумын нутаг дэвсгэрт иргэн А.Л-тэй маргалдан улмаар түүний толгойн тус газар мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

А.Л нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 1738003980051 дугаартай хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 604 дүгээр захирамжаар яллагдагч Д.М, А.Лнарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол яллагдагч нарын урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор  П.Итгэл эсэргүүцэлдээ: ...  Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.Л-ийн мэдүүлэг /хх-ийн 18- 23-р хуудас/, гэрч С.Т-н мэдүүлэг /хх-ийн 25-28-р хуудас/, гэрч Д.Ө-н мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/, гэрч Л.Б-н мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/, гэрч Б.Саранцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/, гэрч Н.Саруулдаваагийн мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/, гэрч Б.Батцэнгэлийн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/, гэрч Л.М-н мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6-т заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг мөрдөн байцаалтаар бүрэн тогтоосон. Хохирогч А.Л  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.М ыг яллагдагчаар татах үндэслэл болсон, хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан хохирогчийн мэдүүлгээ үгүйсгэж мэдүүлэг өгсөн түүний мэдүүлэг зөрүүтэй учраас Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн эсэхийг хэлэлцүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байтал хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр өөрөөр мэдүүлсэн ба мэдүүлгийн эх сурвалжийг тодруулах гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийн зөвшөөрснөөр, эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно” гэж заасан мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар ямар нөхцөл байдлыг шалгах, хохирогч, гэрчүүдийн ямар мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох гэж байгаа нь ойлгомжгүйн дээр хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн зөрүүтэй мэдүүлгийг зөрүүг арилгах зорилгоор Л.Б, Л.М нарыг /хх-ийн 54-р хуудас/, С.Т, Б.Б нарыг /хх-ийн 56-р хуудас/, П.М, Б.Б нарыг /хх-ийн 58-р хуудас/, П.М, Н.С нарыг /хх-ийн 60-р хуудас/, П.М, Л.Б нарыг /хх- ийн 62-р хуудас/, А.Л, С.Т нарыг /хх-ийн 65-р хуудас/, А.Л, П.М нарыг /хх-ийн 68-р хуудас/, Д.Ө, Л.М нарыг /хх-ийн 71-р хуудас/ 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасан бөгөөд шаардлагатай гэж үзвэл гэрчүүдийг шүүх хуралдаад оролцуулан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг шалгах бүрэн боломжтой юм.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Иймд Д.М, А.Л нарт холбогдох хэргийн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2018/ШЗ/604 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх Д.М, А.Лнарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй гэх үндэслэлийг зааж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.М, А.Лнарт холбогдох хэрэгт ямар ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай талаар шүүгчийн захирамжид тодорхой, ойлгомжтой заагаагүй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлд заасан “...урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор ...мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно” гэж заасны дагуу хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг тодруулах, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж буцаахдаа хохирогч, гэрчүүдийн ямар мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох гэж байгаагаа шүүгчийн захирамжид тодорхой тусгаагүй байна.

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа нь заавал хийгдэх ажиллагаа биш бөгөөд мөрдөгч нь гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах зорилгоор нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан байх тул “мэдүүлгийг газар дээр нь шалгах”-аар мөрдөн шалгах  ажиллагааг хийлгэх шаардлагагүй гэж үзнэ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул прокурор П.Итгэлийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Д.М, А.Лнарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 604 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Д.М, А.Лнарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                               Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                Н.БАЯРХҮҮ